Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 221/МА2017/0043/з

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Номуулин даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгч Г.*******, түүний өмгөөлөгч С.Ичинхорлоо нарыг оролцуулан хийж, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 36 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, Г.*******ын нэхэмжлэлтэй, Увс аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 36 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.3, 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.*******ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Увс аймгийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” А/448 дугаар захирамжийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, нэхэмжлэгч Г.*******ыг урьд эрхэлж байсан Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн төсвийн Ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлс, ээлжийн амралтын олговорт         5 170 326 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч Г.*******т олгуулахаар шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “Г.*******ын Увс аймгийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн "Сахилгын шийтгэл ногдуулах" тухай А/448 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн төсвийн ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, ээлжийн амралтын олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 36 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан байна. Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан журмын 2.1 дэх хэсэгт зааснаар төрийн жинхэнэ албан хаагч нь тухайн оны үр дүнгийн гэрээний төслөө боловсруулан нэгжийн менежерт танилцуулах, Төрийн жинхэнэ албан хаагчийн үр дүн мэргэжлийн түвшнийг үнэлж дүгнэх журмын 4.1.2, 4.1.3 дахь хэсэгт зааснаар менежерээс өгсөн чиглэлийг баримталж гэрээ байгуулах ёстой.

Мөн журмын 4.3.1 дэх хэсэгт зааснаар гэрээний төсөлд тусгагдсан асуудал бүрээр санал солилцож тохиролцсоны үндсэн дээр гэрээнд гарын үсэг зурж эрх бүхий этгээд тэмдэг дарж баталгаажуулснаар гэрээ хүчин төгөлдөр болдог бөгөөд хүчин төгөлдөр болсон гэрээ 3% үйлдэгдэж эрх бүхий албан тушаалтан, нэгжийн менежер өөрт нь олгогдсон байх ёстой.

Нэхэмжлэгч Г.******* нь төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд дээрх журмын дагуу үр дүнгийн гэрээгээ боловсруулах нэгжийн менежерийн өгсөн чиглэлийн дагуу дахин боловсруулах санал солилцох үйл ажиллагаанд оролцоогүй, 2016 онд үр дүнгийн гэрээ хийлгүй ажилласан, хагас жилээр ч ажлын тайлангаа тавилгүй явж ирсэн нь хууль журмаар олгогдсон албаны үүргээ биелүүлээгүй гэж үзэх бүрэн үндэслэлтэй байх тул түүнд Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасан сахилгын шийтгэл ногдуулсан юм.

Гэтэл шүүх хэргийг шийдвэрлэхдээ “Г.******* нь 2016 оны үр дүнгийн гэрээний төслөө боловсруулж нэгжийн менежерт өгсөн болон өөрийнх нь тайлбар, гэрч Ч.Энхбаяр “хэлтсийн мэргэжилтнүүд бүгдээрээ үр дүнгийн гэрээний төслөө боловсруулж өгснийг хүлээн авч танилцсан”, гэрч Б.Энхбаяр “би өөрийнхөө гэрээг бичиж байтал төсвийн ерөнхий нягтлан бодогч Г.******* миний гэрээг хамтад нь өгчих гээд надад өгснийг би хэлтсийн даргад өөрийн гэрээний хамт оруулж өгсөн” гэх мэдүүлгээр нотлогдсон байна” гээд Г.*******ыг үр дүнгийн гэрээний төслөө боловсруулж өгөх үүргээ биелүүлсэн гэж дүгнэсэн нь үндэслэл муутай байна. Үүнд:

  1. Хэрэгт Г.*******ын боловсруулж өгсөн гэх үр дүнгийн гэрээ авагдаагүй.
  2. Гэрч Ч.Энхбаяр нь хэлтсийн мэргэжилтнүүдийн боловсруулж өгсөн гэрээний төсөлтэй танилцсан гэх боловч яг Г.*******ын гэрээний төсөлтэй танилцсан эсэх, танилцсан бол чиглэл өгч буцаасан, эсвэл гэрээний асуудал бүрээр санал солилцож баталгаажуулсан эсэх, уг гэрээ буюу төсөл яагаад олдохгүй байгаа талаар мэдүүлээгүй.
  3. Төрийн сангийн хэлтсийн мэргэжилтнүүд бүгд үр дүнгийн гэрээ хийсэн эсэх, энэ нь ямар албан тушаалтанд хадгалагдаж гэрээний биелэлтэнд хяналт тавигдаж байгаа, уг албан тушаалтанд байгаа үр дүнгийн гэрээний дотор Г.*******ын боловсруулж өгсөн гэрээний төсөл байгаа эсэхэд шүүх үзлэг хийгээгүй.
  4. Г.******* 2016 оны хагас жилээр үр дүнгийн гэрээний биелэлтийг гаргаж тайлагнасан эсэх зэргийг бүрэн гүйцэд шалгаж тогтоохгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байна.

Иймд Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 36 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд шүүхийн шийдвэрийг хянан үзээд гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Маргаан бүхий акт болох 2016 онд төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээ байгуулж ажиллаагүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч Г.*******т төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулж шийдвэрлэсэн Увс аймгийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” А/448 дугаар захирамж нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3, 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасантай нийцээгүй байх ба энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна. Тодруулбал,

Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-д “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журмыг хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага тогтооно”, Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх дүгнэх журам”-ын 2.3-д “Менежер нь ... дараа оны гэрээ байгуулах үүрэгтэй”, 8.1-д “Менежер нь гэрээ байгуулах болон дүгнэхээс татгалзсан, эсхүл төрийн жинхэнэ албан хаагч нь гэрээнд заасан хугацаанд менежерт гэрээний биелэлтээ тайлагнаагүй, гэрээний төслөө өгөөгүй тохиолдолд холбогдох тал байгууллагынхаа дээд шатны удирдах албан тушаалтан болон Төрийн албаны зөвлөл, түүний салбар зөвлөлд харьяаллын дагуу гомдол гаргаж болно...” гэж тус тус зааснаас үзэхэд төрийн жинхэнэ албан хаагчтай үр дүнгийн гэрээ байгуулах үүргийг тухайн бүтцийн нэгжийн дарга хүлээсэн байна. Өөрөөр хэлбэл, Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын хувьд Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга төрийн жинхэнэ албан хаагч нартай үр дүнгийн гэрээ байгуулах үүрэгтэй байна.

Гэтэл захиргааны албан тушаалтан төрийн жинхэнэ албан хаагчтай үр дүнгийн гэрээ байгуулах дээрх журамд заасан үүргээ биелүүлээгүй атлаа 2016 онд төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээ байгуулж ажиллаагүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч Г.*******т сахилгын шийтгэл ногдуулсан нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 /Энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна/ 26.1.З /төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах/, 27 дугаар зүйлийн 27.2-т /Төрийн жинхэнэ албан хаагч дараах нэмэгдэл баталгаагаар хангагдана/ 27.2.1 /энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.З-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх/-д заасныг тус тус зөрчжээ.

Нэхэмжлэгч Г.******* нь 2016 оны үр дүнгийн гэрээний төслийг Санхүү төрийн сангийн хэлтсийн даргад танилцуулж, мөн журмын 2.1-д заасан гэрээний төслөө боловсруулж, танилцуулах үүргээ биелүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсоноос гадна менежерээс түүнийг гэрээний төслөө өгөөгүй гэсэн үндэслэлээр дээд шатны удирдах албан тушаалтан болон Төрийн албаны зөвлөл, түүний салбар зөвлөлд гомдол гаргаж байгаагүй байна. Тухайлбал, гэрч Ч.Энхбаярын “...манай хэлтсийн мэргэжилтнүүд бүгд үр дүнгийн гэрээгээ төсөл хэлбэрээр оруулж ирсэн...” гэх, гэрч Б.Энхбаярын “...Г.******* ... миний гэрээг хамтад нь өгчих гээд надад өгснийг би хэлтсийн даргад мөн хамтад нь оруулж өгсөн” гэх мэдүүлгүүдээр нэхэмжлэгчээс 2016 оны үр дүнгийн гэрээний төслийг боловсруулж, Санхүү төрийн сангийн хэлтсийн даргад өгсөн нь тогтоогдож байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Ч.Энхбаяр нь яг Г.*******ын гэрээний төсөлтэй танилцсан эсэх, танилцсан бол чиглэл өгч буцаасан, эсвэл гэрээний асуудал бүрээр санал солилцож баталгаажуулсан эсэх, уг төсөл яагаад олдохгүй байгаа талаар мэдүүлээгүй” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй юм.

Мөн төрийн сангийн хэлтсийн мэргэжилтнүүд бүгд үр дүнгийн гэрээ хийсэн эсэх, энэ нь ямар албан тушаалтанд хадгалагдаж гэрээний биелэлтэд хяналт тавигдаж байгаа талаар нотлох баримтыг цуглуулах нь тус захиргааны хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй бөгөөд шүүхээс шаардлагатай бичгийн нотлох баримтыг цуглуулахаар Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын Хүний нөөцийн бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтэн Д.Лхамхүүгийн баримт бичигт 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр үзлэг хийсэн байх тул энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

Ийнхүү захиргааны эрх бүхий албан тушаалтан буюу менежер 2016 оны үр дүнгийн гэрээ байгуулах үүргээ биелүүлээгүй байхад түүнийг хагас жилээр ажлын тайлангаа тавиагүй нь хууль журмаар олгогдсон албаны үүргээ биелүүлээгүй гэж буруутгах боломжгүй юм.

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 36 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
  3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

                                                      ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

            ШҮҮГЧ                                                          О.НОМУУЛИН

            ШҮҮГЧ                                                          Э.ЛХАГВАСҮРЭН

            ШҮҮГЧ                                                          Г.БИЛГҮҮН