Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 182/ШШ2021/01135

 

 

 

 

 

 

 

  2021        05          24                                              182/ШШ2021/01135

 

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Цолмон даргалж, шүүгч Ж.Цэнгэл, Т.Энхтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Д.Бнэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Жанин Д.Сүхбаатарын талбай 7, НЗДБУБХЗид холбогдох,

 

Нийслэлийн засаг даргын 2015 оны 12 сарын 01-ний өдрийн А/933 дугаар захирамжийн Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газарт олгосон хэсгийг хүчингүй болсоны улмаас учирсан хохиролд 113 672 750 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Батмөнх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Одхүү, иргэдийн төлөөлөгч Д.Хэрлэнчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золбоо нар оролцов.

 

                                                                                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

 

              Нэхэмжлэгч Д.Бшүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Д.Бминий бие 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн Нийтийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 84 дүгээр тогтоолоор Баянзүрх дүүрэг, 1 дугаар хороо, 14 дүгээр байрны баруун талд хүүхдийн тоглоомын талбайн тохижилт бүхий газар доорх авто зогсоол барих төслийн санал асуулга явуулж холбогдох баримт бичгийг бүх хууль тогтоомжийн дагуу бүрдүүлж, шат шатны олон байгууллагаар дэмжигдэж 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Нийслэлийн Ерөнхий Төлөвлөлтийн газрын хурлаар орж дэмжигдсэн тул тус оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Нийслэлийн Засаг Даргын А/933 тоот захирамж гарсан билээ.

              Үүнээс хойш тус төсөлтэй холбоотой бичиг баримт, санхүүгээ бүрдүүлэн 2016 оны 9 дүгээр сард ажлаа эхлүүлэх гэсэн боловч ашиг сонирхолын зөрчилтэй 3-н гэр бүл гарч ирж ажилд саад хийн улмаар Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаснаар тус бүтээн байгуулалтын ажил зогссон юм. Шүүхийн шатны үйл ажиллагаа 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн МУ-ын дээд шүүхийн 152 дугаар тогтоол гарч Нийслэлийн Засаг даргын А/933 тоот захирамжийг хүчингүй болгосон. Үүнээс үүдэн 2015 оноос хойш хийсэн, бодсон, зарцуулсан бүхэн маань үгүй болов. Нийслэлийн Засаг даргын алдаатай бодлого захирамжаас болж хохирсон. Түүнээс  хойш Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдөр миний хохиролыг барагдуулж өгөхийг хүссэн нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. /Тус захирамжинд Нийслэлийн засаг даргад өөрт нь хандах шаардлагатай гэсэн байсан юм./ Нийслэлийн засаг даргад хандсан боловч уг хэргийг хуулийн байгууллагад хандах нь зүйтэй гэсэн хариу хүлээн авсан юм. Дахин Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдүүлэх  хэрэгтэй гэсэн  шийдвэр  гарав. Нийслэлийн Засаг даргын А/933 дугаар тогтоолыг  хүчингүй болгосноор  энэ захирамжын  дагуу бэлдсэн бичиг баримт, эд материалын хохиролын жагсаалт буюу нийт 113,672,750 төгрөг болсон байна.  

Миний  бие Монгол Улсын хууль  зүй,  дотоод  хэргийн  яамнаас  уг хэрэгт  холбогдох Нийтийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын “Авто зогсоол  барих, төлөвлөх  журам  батлах  тухай”  84 дүгээр тогтоол  болон  175 дугаар  тогтоолуудын  лавлагааг  авсан  боловч  Захиргааны  хэм хэмжээний  актын  бүртгэлд  бүртгэлгүй  байсан  юм. Энэ нь төр захиргааны байгууллагууд  хоорондын уялдаа холбоогүй ажиллаж, нэгнийхээ гаргасан шийдвэрийг нөгөөх нь цуцалдаг, шалгадаггүйн улмаас би болон манай гэр бүлийг  хохиролд орууллаа. Энэ төсөл ажилд  би  бүхий л хүчин чармайлт, цаг хугацаа, эд хөрөнгөө гаргасан боловч эцсийн эцэст ямар ч үр дүнд хүрээгүйгээр зогсохгүй эд материал, сэтгэл санааны хохиролд орлоо. Мөн төсөл хэрэгжих явцад оршин суугчдын эсэргүүцэлтэй тулгарч хэрэгжээгүй. Нийслэлийн засаг дарга түүний харъяа байгууллагууд нь 175 тогтоолоор гаргах байтал 84 гаргасан. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолыг бүртгүүлээгүй байдаг. Иймд НЗДтөсөл ажилд зарцуулсан 113,672,750 төгрөгийг гаргуулж өгнө үү”гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Одхүү шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Иргэн Д.Б-дНийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/933 дугаар захирамжаар 1921 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар тохижилт бүхий газар доорх авто зогсоолын зориулалттайгаар олгосон байдаг. Уг газар дээр Нийслэлийн Засаг даргын дээрх захирамж, НЗДБУБХЗийн 2013-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 175 дугаар тогтоолоор батлагдсан Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшилийн гудамж, талбайд авто зогсоол төлөвлөх, барьж байгуулах журам”, Баянзүрх дүүргийн 3асаг даргын Тамгын газартай 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан 01 дугаартай хамтран ажиллах гэрээг үндэслэн Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар /хуучин нэрээр/-аас 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 20/1/10 дугаартай архитектурт төлөвлөлтийн даалгавар олгож, загвар зургийг баталсан.

Уг газар доорх авто зогсоолын газартай холбоотой асуудлаар Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны 18 дугаар байрны иргэд оршин суугчид гомдол гаргаж, иргэн М.Амуударъяа нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн 3асаг даргад холбогдох захиргааны хэрэг хянан хэлэлцэгдэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/933 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн “Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайд авто зогсоол төлөвлөх, барьж байгуулах журам”-ын 3 дугаар зүйлийн гуравт энэхүү асуудлыг зааж өгсөн байдаг бөгөөд 3.2-т орон сууцны хороолол дундах барилгажаагүй талбайд авто зогсоол барих тохиолдолд мэдээлэл бүхий самбарыг барилгажих талбайд 7-оос доошгүй хоног байршуулан оршин суугчдаас бичгээр санал авсан байх гэсэн. Өөрөөр хэлбэл төсөл санаачлагч этгээд нь өөрийн сонгосон талбай дээрээ төсөл хэрэгжүүлэх саналаа иргэдэд танилцуулах зорилгоор самбар байршуулж санал авах талаар тусгасан. “Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайд авто зогсоснод төлөвлөх, барьж байгуулах журам”-д санал авах хувийн талаар тусгасан зохицуулалт байхгүй бөгөөд, уг хувь саналыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 5/14 тогтоолоор батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам”-н 4 дүгээр бүлэг /Барилга барих үйл ажиллагаанд иргэн, хуулийн этгээдийн оролцоог хангах, саналыг тусгах/-ийн 4.10-т Зөвлөлийн хуралд төлөөллөө оролцуулаагүй, саналаа ирүүлээгүй тохиолдолд тухайн байршилд барилгажихыг дэмжиж саналаа өгсөнд тооцно гэж заасны дагуу тухайн саналаа ирүүлээгүй өгөөгүй иргэдийн саналыг дэмжсэнд тооцсон.

Гэвч уг асуудал нь иргэн Д.Бөөрийн төслийг танилцуулах, мөн иргэдтэй зөвшилцөж чадаагүйгээс Захиргааны хэргиин шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Хариуцагчийн зүгээс иргэн Д.Б-долгосон захиргааны актуудыг хууль, дүрэм журамд нийцүүлж олгосон тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Иргэдийн төлөөлөгч Д.Хэрлэнчимэг шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Нийслэлийн засаг даргын буруутай үйл ажиллагаа гэж үзэж байгаа тул нэхэмжлэгч Д.Батмөнхийн төсөл ажилд зарцуулсан зардлаас нотлогдож байгаа хэсгийг гаргуулах нь зөв гэж үзэж байна” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Бхариуцагч Нийслэлийн Засаг даргад холбогдуулан Нийслэлийн засаг даргын 2015 оны 12 сарын 01-ний өдрийн А/933 дугаар захирамжийн Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газарт олгосон хэсгийг хүчингүй болсоны улмаас учирсан хохиролд 113 672 750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ...Нийслэлийн засаг дарга Баянзүрх дүүргийн Тамгын газарт Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо 14 дүгээр байрны баруун талд “тохижилт бүхий газар доорх авто зогсоолын” зориулалтаар газар олгохдоо хуульд нийцүүлэн гаргаагүйгээс шүүх уг газрын эзэмших эрхийг хүчингүй болгосон. Иймд 2015 оны А/933 дугаар захирамжийн улмаас төсөл ажилд 113 672 750 төгрөг зарцуулж хохирсон тул НЗДгаргуулна гэж,

 

Хариуцагч татгалзлын үндэслэлээ...Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр Нийслэлийн засаг даргын А/933 дугаар захирамжийн Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газарт эзэмшүүлсэн хэсгийг хүчингүй болгосон. Энэ захирамжийн хуулийн үндэслэлийн талаар шүүх шийдвэрлэсэн тул маргаад байх зүйлгүй, харин нэхэмжлэгч Д.Бнь төсөл ажилд тодорхой хэмжээнд зардал гаргасан гэдгийг ойлгож байгаа хэдий ч нэхэмжилж байгаа зардлууд нь нотлох баримтын шаардлага хангасан эсэхэд эргэлзээтэй гэж үзэж байна гэв.

 

Хэрэгт дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нийслэлийн засаг даргын 2015 оны 12 сарын 01-ний өдрийн А/933 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газарт тус дүүргийн 18 дугаар хороо 14 дүгээр байрны баруун талд 1921 м.кв талбай бүхий газрыг “тохижилт бүхий газар доорх авто зогсоолын” зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэх мөн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар нь Нийслэлийн газрын албатай  2016 оны 06 сарын 27-ны өдөр Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, 2016 оны 07 сарын 03-ны өдөр Төрийн байгууллагын газар эзэмших эрхийн 000438777 тоот гэрчилгээ олгожээ. /хх186-189/

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга болон төсөл хэрэгжүүлэгч Д.Бнарын хооронд 2016 оны 05 сарын 12-ны өдөр 2016/01 тоот “Хамтран ажиллах гэрээ” байгуулсан байна. /хх190-194/

Уг гэрээгээр Нийслэлийн засаг даргын 2015 оны А/933 тоот захирамжийг үндэслэн Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 14 дүгээр байрны баруун талд 1921 м.кв талбай бүхий газарт төсөл хэрэгжүүлэгч Д.Бөөрийн хөрөнгөөр авто зогсоолын барилга байгууламжийг барьж байгуулах, уг гэрээ 2016 оны 05 сарын 12-ний өдрөөс 2017 оны 06 сарын 05-ны өдөр хүртэл үргэлжлэхээр заасан бөгөөд талууд гарын үсэг зурж баталгаажсан нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасан хамтран ажиллах гэрээний шинжийг агуулсан хэлцэл байна.

Улмаар Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас төсөл хэрэгжүүлэгч Д.Б-дБаянзүрх дүүргийн 18 дугаар хороо 14 дүгээр байрны баруун талд барилга угсралтын ажил гүйцэтгэх тухай 0001978 232/2016 дугаар зөвшөөрлийг 2016 оны 09 сарын 14-ний өдөр олгожээ.  /хх56/

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 сарын 21-ний өдрийн 128/ШШ2017/0864 дугаар шийдвэрээр Нийслэлийн засаг даргын 2015 оны 12 сарын 01-ний өдрийн А/933 дугаар захирамжийн Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газарт эзэмшүүлсэн 1921 м.кв хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн ба уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ. /хх14-23/

Дээрх шийдвэр хүчин төгөлдөр болсноор Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газартай байгуулсан нэхэмжлэгч Д.Батмөнхийн 2016 оны 05 сарын 12-ны өдрийн 2016/01 тоот хамтран ажиллах гэрээ хэрэгжээгүй болох нь зохигч талуудын тайлбараар тогтоогдож байгаа бөгөөд энэ тухайд зохигчид маргахгүй байна. 

           

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газартай байгуулсан нэхэмжлэгч Д.Батмөнхийн 2016/01 тоот хамтран ажиллах гэрээ хэрэгжээгүй нь Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 сарын 01-ний А/933 дугаар захирамжийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт эзэмшүүлсэн хэсэг хүчингүй болсонтой холбоотой байна. 

Тодруулбал хамтран ажиллах тухай 2016/01 тоот гэрээнд зааснаар  Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газар нь уг газрыг эзэмших эрхтэй нөхцөлд тухайн хамтран ажиллах гэрээ хэрэгжихээр байжээ.

Гэтэл Нийслэлийн засаг дарга газар эзэмшүүлэх тухай А/933 дугаар захирамж гаргахдаа холбогдох хууль болон дүрэм, журмын заалтыг баримтлаагүй эс үйлдэхүйн улмаас уг захирамж хүчингүй болсон нь хамтран ажиллах гэрээний талууд буруугүй гэж үзнэ.

Нэхэмжлэгч Д.Бнь хамтран ажиллах гэрээнд зааснаар нийслэлийн барилга, хот байгуулалтын асуудал эрхэлсэн эрх бүхий байгууллагаас архитектур төлөвлөлтийн даалгавар авах, эх загвар зургийг батлуулах, холбогдох техникийн нөхцөл авч, ажлын зураг боловсруулан, магадлал хийлгэх, авто зогсоолын барилга угсралтын ажил эхлүүлэх үргэлжлүүлэх зөвшөөрөл авах гэх зэрэг зардлыг бүрэн хариуцана гэж заасан бөгөөд энэхүү ажлыг гүйцэтгэх явцад газар эзэмших эрхийг хүчингүй болгосноор түүнд учирсан эд хөрөнгийн хохирол нь Нийслэлийн засаг даргын А/933 дугаар захирамжийн эс үйлдэхүйтэй шалтгаант холбоотой байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар өөрт учирсан хохирлыг шаардах эрхтэй байна. 

Хариуцагч тал шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тул гэм буруугийн талаар маргаагүй харин нэхэмжлэлийн шаардлага 113 672 750 төгрөгийн хохирол нь уг захирамжаар хийж гүйцэтгэсэн ажилтай хамааралтай эсэх мөн баримтууд нь нотлох баримтын шаардлага хангах эсэх талаар маргасан.

Иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой бөгөөд учруулсан хохирлыг арилгуулах замаар хамгаалахаар байна.

 

Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа  гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж заажээ.

Нийслэлийн засаг даргын А/933 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн Тамгын газарт 1921 м.кв газрыг  “тохижилт бүхий газар доорх авто зогсоол” барих зориулалтаар олгосон болох нь дээрх баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд нэхэмжлэгч нь авто зогсоол барихад шаардагдах зураг төсөл боловсруулах болон  эрх бүхий байгууллагад төлбөр төлөх, бичиг хэргийн зардал зэрэгт төлсөн төлбөрүүд нь уг захирамжтай хамааралтай бөгөөд захирамжийн улмаас учирсан хохирол гэж үзэх үндэслэлтэй байна.

Харин хэрэгт авагдсан баримтуудаас нотлох баримтын шаардлага хангасан хохирлыг гаргуулах бөгөөд энэ талаар шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн  хариуцагч Нийслэлийн засаг даргын гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч Д.Б-дхохирол учирсан, харин хохирлоос нотлох баримтын шаардлага хангасан  холбоотой хэсгийг гаргуулах нь зүйтэй гэж дүгнэлт гаргасныг харгалзан үзлээ. 

Иймд нэхэмжлэгч Д.Батмөнхийн 113 672 750 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо 14 дүгээр байрны баруун талд “ тохижилт бүхий газар доорх авто зогсоолын” зориулалтаар төслийг хэрэгжүүлэхэд зарцуулсан дараах хохирлыг гаргуулах нь зүйтэй байна. Үүнд:

Нэхэмжлэгч Д.Бнь АСХС ХХК-тай 2016 оны 07 сарын 26-нд газар доорх авто зогсоолын барилгын иж бүрэн зураг төсөл боловсруулах 25 000 000 төгрөгийн гэрээ байгуулсан, гэрээний дагуу төлбөр төлсөн баримтгүй боловч тухайн зураг төсөлп магадлал хийгдэж баталгаажуулсан мөн нотлох баримтаар хэрэгт эх хувиар ирүүлсэн тул уг зураг төслийн үнэ 25 000 000 төгрөг, Инженер геологийн судалгааны ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт 12 000 000 төгрөг, тэг тэнхлэгийн акт болон тоон мэдээллийг хот байгуулалтын мэдээллийн санд  төлсөн 828 750 төгрөг, хашааны  төмрийн үнэ 11 300 000 төгрөг, эскиз боловсруулах гэрээний дагуу төлсөн 3 300 000 төгрөг, усны техникийн нөхцөлийн үнэ 170 000 төгрөг, АСХС-текникийн нөхцөлийн үнэ 165000 төгрөг, цэг тэмдэгтийн актын үнэ 175 000, цахилгааны зургийн үнэ 300 000 төгрөг, хайгуулын зургийн үнэ 300 000 төгрөг, барилгын хөгжлийн төв 1 040 630 төгрөг, пластик дизайнд төлсөн зургийн үнэ 150 000 төгрөг, бичиг хэргийн зардалд төлсөн 400 000 төгрөг тус тус төлсөн нь зарлагын баримтаар, хүлээн авсан турхй гарын үсэг зурсан байдлаар тус тус тогтоогдож байх тул нийт 55 129 380 төгрөгийг гаргуулах нь зүйтэй байна.  / 51-55, 63,66,68,76,67,/

Харин өмгөөлөгчид төлсөн 18 000 000 төгрөг, харуул хамгаалалтын гэрээний үнэ 20 000 000 төгрөг, хашаа барих ажилчдын зардал, хяналтын гэрээ, тээврийн зардал, самбарын үнэ, зохиогчийн хяналт, гэрчилгээний үнэ, 3д зурагны үнэ зэрэг нийт 58 543 370 төгрөгийг төлсөн баримтгүй буюу нотлох баримтгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч нь хэрэгт Есөн хангай аудит ХХК-ийн 2019 оны 10 сарын 03-ны өдрийн 19/46 дугаар 113 672 750 төгрөгийн үнэлгээ бүхий хараат бус аудиторын тайланг гаргасан бөгөөд уг тайланд төсөл ажилд хамааралтай зардал 85 739 380 төгрөг, хамааралгүй зардал 26 170 000 төгрөг, зөрүү 1 763 370 төгрөг...төсөлд хамааралтай 85 739 380 төгрөгөөс төлбөр төлсөн баримттай 30 859 380 төгрөг гэсэн дүгнэлтийг нотлох баримтаар өгсөн боловч тухайн дүгнэлтийг бичмэл нотлох баримтын хүрээнд үнэлж, харин шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

        ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар НЗД55 129 380 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Б-долгож, нэхэмжлэлийн шаардлагаас 58 543 370 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 726 314 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагч НЗДтэмдэгтийн хураамж 433 597 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Б-долгосугай. 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                                   

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                                                                             Б.ЦОЛМОН

 

 

                        ШҮҮГЧ                                   Ж.ЦЭНГЭЛ

 

                                   

                                                                        Т.ЭНХТУЯА