Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 202/МА2018/00030

 

2018            10              03                                           202/МА2018/00030

 

Ц.Н-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч А.Сайнтөгс, Ерөнхий шүүгч Н.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 136/ШШ2018/00309 дугаар шийдвэртэй, 

Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн .......сумын 3 дугаар багт оршин суух, 1979 онд төрсөн, 38 настай, эмэгтэй, Их хонгор овогт Ц-ийн Н /РД:ЕВ79111..../-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь аймгийн ....... сумын 1 дүгээр багт оршин суух, 1978 онд төрсөн, 40 настай, эрэгтэй, И овогт Ш-ийн Б /РД:ЕВ78022.../-т холбогдох

Эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Алтанцэцэгийн давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ю.Нямсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Алтанцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.Н би 2001-2003 онд Ш.Б-тай гэр бүл болохоор дотно харилцаатай байсан. Энэ үед Б гэр бүлээсээ салаад аав ээжийнхээ дэргэд ирсэн байсан. Гэвч хэсэг хугацааны дараа өмнөх гэр бүлтэйгээ амьдрах шийдвэр гаргаад явснаар том хүү П-ыг 2002 оны 6 дугаар сарын 6-нд төрүүлээд үлдсэн. Энэ үеэс хойш 16 жил өнгөрчээ. Түүнээс хойш гэр бүлтэй болохоор хүнтэй танилцсан боловч ах дүү эцэг эхийн зүгээс эцэггүй хүүхэдтэй, хүнтэй суулгахгүй гэж хориглосноор 3 хүүхэдтэй болоод олон хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэй болсон. Амьдралд ганцаардаж хүүхдүүдийн сургууль, аж ахуйн зардалд өөрийн хамаг чадлаар зүтгэсээр өдий хүрлээ. Зах зээлийн хатуу хөтүүг амсаж амьдралд туйлдаж байна. Хүү П-ыг ....... аймгийн ТМС-т явуулсан боловч сургалтын төлбөрийг дийлэхгүйн улмаас гаргасан. Иймд Ш.Б-аас хүү Н.П-ын эцэг мөн болохыг тогтоож, хүүхдийн тэтгэлгийг олгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Ш.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие .....сумын малчин .......овогтой М-тай 2001 онд гэр бүл болон амьдарч байна. Н-тай 2001-2003 онд гэр бүл болохоор дотно харилцаатай байгаагүй тул П миний хүүхэд биш гэв. 

Анхан шатны шүүх: Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т зааснаар 2002 оны 06 дугаар сарын 06-ны өдөр төрсөн хүү Н.П-ыг эцэг нь И овогт Ш-ийн Б мөн болохыг тогтоож,

Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т зааснаар 2002 оны 06 дугаар сарын 06-ны өдөр төрсөн хүү Н.П-ыг эцэг Ш.Б-аар тэжээн тэтгүүлэхээр тэтгэлэг тогтоож,

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хариуцагч Ш.Б-аас сар бүр 11-16 нас /суралцаж  байгаа бол 18 нас/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр 2002 оны 06 дугаар сарын 06-ны өдөр төрсөн хүү Н.П-д хүүхдийн тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Б-аас улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Н-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-т зааснаар хариуцагч Ш.Б-аас нэг жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлгийн нийлбэр дүнгээс улсын тэмдэгтийн хураамж тооцож, 48665 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Алтанцэцэг давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.П-ыг эцэг Ш.Б-аар тэжээн тэтгүүлэхээр тэтгэлэг тогтоон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Н.П-ын суралцаж байгаа эсэх нь эргэлзээтэй, бодитой нотлогдсон зүйлгүй, хэрэгт энэ талаар авагдсан баримт байдаггүй. П нь 2002 оны 06 дугаар сарын 06-ны өдөр төрсөн байдаг ба 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 16 насанд хүрсэн нь төрсний гэрчилгээний хуулбараас харагддаг. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн агуулгадаа...П-ыг сургуулиас нь гаргасан гэж дурдсан. Мөн Говьсүмбэр аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвөөс П-ыг “Хүнд машин механизмын оператор”-ын ангид суралцдаг, 1 жилийн чөлөө авсныг тодорхойлсон байгаа боловч уг баримтаас харахад П нь 2017-2018 оны хичээлийн жилээс чөлөө авсан байгаа ба 2018 оны хичээлийн эхний жилийн хугацаанд уг чөлөөний асуудал дууссан, П сурч байгаа эсэх, бодитой нөхцөл байдлыг хэрэгт тодорхойлуулах шаардлагатай байдаг. Нэхэмжлэгч Н нь ИХШХШТХуульд заасны дагуу шүүхэд үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй бөгөөд П сургуулиасаа гарсан, 2018 оны хичээлийн жилд сургуульдаа яваагүй, хөдөө малаа маллаад байж байгааг зохигчид бүгд мэддэг. Анхан шатны шүүх хуралдаан болох үеэр сургуулиас нь холбогдох материалыг авах гэсэн боловч авч чадаагүй, Багийн засаг даргын тодорхойлолт нь хурлын дараа ирсэн байдаг. Энэ тодорхойлолтоор П, ээж, 3 дүүгийн хамт хөдөө амьдардаг гэдэг нь харагддаг. Анхан шатны шүүх зөвхөн чөлөө авсан гэдэг тодорхойлолтыг үндэслэж шийдвэрлэсэн нь буруу тул хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ю.Нямсүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхээс Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар 11-16 нас хүртэл суралцаж байгаа бол 18 настай хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг олгоно гэсэн заалтыг үндэслэн Н.П-д хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Хуульд суралцаж байгаа бол 18 нас хүртэл тэтгэлэг олгоно гэж заасан. Давж заалдах шатны шүүхэд дахин нотлох баримтыг шинээр гаргаж өгөх боломжгүй байдаг тул бид нар хуралдаан дээр үзүүлэх үүднээс энэ тодорхойлолтыг дахиж авсан. 2017.10.30-ны өдрөөс 2018.10.30-ны өдөр хүртэл жилийн чөлөө авсан юм билээ. 2018.10.30-ны өдрөөс сургуульдаа эргэж орж байгаа гэсэн тодорхойлолтыг өгсөн ба суралцаж байгаа гэсэн хуулийн шаардлагыг хангаж байгаа гэж үзэж байгаа тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

            Нэхэмжлэгч Ц.Н нь хариуцагч Ш.Б-т холбогдуулан хүү Н.П-ын эцэг болохыг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Ш.Б эс зөвшөөрч хүү Н.П-ыг өөрийн хүүхэд биш, тэтгэлэг төлөхгүй гэж маргажээ.

            Анхан шатны шүүх Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ш.Б нь хүү Н.П-ын эцэг мөн болохыг тогтоож, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүүхдийн тэтгэлгийг тогтоож шийдвэрлэснийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Алтанцэцэг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргажээ.

            Гомдлыг үндэслэн хэргийг бүхэлд нь хянан үзвэл анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан  хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байна.

            Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч Ц.Н, хариуцагч Ш.Б нар нь 2001-2003 онд дотно харилцаатай байснаас 2002 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүү Н.П төрсөн /хх-5/ бөгөөд хүү Н.П нь хариуцагч Ш.Б-ын төрсөн хүүхэд мөн болох нь Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 7064 тоот шинжээчийн дүгнэлтээр /хх23-24/ тогтоогджээ.

            Иймд Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар эцэг эх нь насанд хүрээгүй хүүхдээ ... тэжээн тэтгэх үүрэгтэй тул анхан шатны шүүх Гэр бүлиийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар хүү Н.П-ыг суралцаж байгаа гэж үзэн түүнийг эцэг Ш.Б-аар тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзнэ.

            Энэ нь хэрэгт авагдсан Говьсүмбэр аймаг дахь Уул уурхайн жишиг Политехникийн коллежийн  2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн тодорхойлолт /хх-8/ бичгийн нотлох баримтаар хүү Н.П нь тус сургуулийн хүнд машин механизмын оператор мэргэжлийн ангид суралцаж байгаад жилийн чөлөө авсан болох нь тогтоогдсон байх ба түүнийг суралцдаггүй гэж үзэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

            Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Алтанцэцэгийн “хүүхэд суралцаж байгаа нь тогтоогдоогүй байхад 16 нас хүрсэн хүүхдэд тэтгэлэг тогтоосон нь буруу” гэсэн агуулга бүхий давж заалдсан гомдол үндэслэлгүй тул хангахгүй орхиж, харин анхан шатны шүүхийн шийдвэрт дараах үндэслэлээр өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

            Үүнд анхан шатны шүүх ийнхүү хүүхдийн тэтгэлгийг тогтоож шийдвэрлэхдээ хүү Н.П-ыг 11-16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас/ гэж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй болсон ба хүү Н.П нь 2002 оны 06 дугаар сарын 06-ны өдөр төрсөн буюу шүүхийн шийдвэр гарах үед  16 насанд хүрсэн байгааг анхаараагүй нь буруу байна.

            Хүү Н.П нь хүүхдийн тэтгэлэг тогтоох үед нэгэнт 16 насанд хүрсэн, тэрээр одоо суралцаж байгаа тул түүнийг 18 нас хүртэл эцэг Ш.Б-аар тэжээн тэтгүүлэх нь зүйтэй тул энэ үндэслэлээр шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дугаар заалтад хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 136/ШШ2018/00309 дугаар шийдвэрийн 3 дугаар заалтыг “Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хүү Н.П-ыг 18 нас хүртэл сар бүр амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Ш.Б-аар тэжээн тэтгүүлсүгэй.” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Алтанцэцэгийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны  шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.      

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

 

                         ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     Н.БОЛОРМАА

                                           ШҮҮГЧИД                                    А.САЙНТӨГС

                                                                                                Н.БАТЧИМЭГ