Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 183/ШШ2021/01891

 

      2021 оны 09 сарын 06 өдөр                     Дугаар 183/ШШ2021/01891                        Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн ............. тоотод байрлах “Е” ХХК /РД:0000000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн ............. байрлах “УБЦТС” ТӨХК /РД:00000000/-д холбогдох,

цахилгаан эрчим хүч ашигласны төлбөрт төлсөн 308.257 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Г,  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Отгон-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Е” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:: Нэхэмжлэгч “Е” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан М.Г нь Баянгол дүүргийн ............... тоот орон сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 1/5985 тоот тогтоолын дагуу төлбөртөө тооцон шилжүүлэн авч, 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр өмчлөх эрхийн гэрчилгээг авч байрыг хүлээж авсан. М.Г-ыг хүлээн авахаас өмнө өмчлөгч Э.М нь орон сууцыг ашиглаж байхдаа сүүлийн 2 жилийн орон сууц, цахилгааны төлбөр, сууц өмчлөгчдийн холбооны төлбөр зэрэг ашиглалтын зардлыг төлөөгүй байсан. Хариуцагч “УБЦТС” ТӨХК-аас  дээрх орон сууцыг шилжүүлэн авахаас өмнөх үеийн өмчлөгч, эзэмшигчийн хоёр жил хэрэглэсэн цахилгааны төлбөрийг тухайн цаг үед нь хэрэглэгчээс шаардаж авах,  төлөөгүй тохиолдолд цахилгааныг таслах, шүүхэд хандах зэргээр төлбөрөө шаардаж төлүүлэх эрх, үүргээ хэрэгжүүлээгүй байж “Е” ХХК-ийн захирал М.Г-ыг орон сууцыг өөрийн эзэмшилд авч, хүмүүст зарахаар байрыг үзүүлэх үеэр цахилгааныг тасалсны улмаас аргагүйн эрхэнд цахилгаанаа залгуулахын тулд өмнөх төлөгдөөгүй төлбөр болох 308.257 төгрөгийг 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр М.Г захирлын үүргийн дагуу “Е” ХХК-аас төлсөн. 2019 он хүртэл хариуцагч компанитай цахилгааны төлбөр тооцооны гэрээг “Е” ХХК эсвэл М.Г биш өмнөх өмчлөгч М /Д/ гэдэг хүн хийсэн учраас энэ хүн үүрэг хүлээх ёстой, харин манайх биш юм. Энэ орон сууцыг хайж олж, бэлэн мөнгөөр худалдан аваагүй  бөгөөд шүүхийн шийдвэрээр албадан М.Г-д шилжүүлж, өмнөх өмчлөгч, эзэмшигчийн хэрэглээний төлбөр зэргийг шалгах боломж олгохгүйгээр шууд л шүүхийн шийдвэр гарсан төлбөрт тооцон өгсөн. Хэрэв өөрсдөө мөнгөө төлж худалдан авсан бол төлбөр тооцоо байгаа эсэхийг нягталж шалгаад төлбөрийг нь төлүүлээд юм уу, төлбөрийг нь суутган авч үлдэх байсан. Хариуцагч байгууллагаас өмнөх хэрэглэгчийн төлбөрийг төлүүлэх арга хэмжээ авсан зүйл байхгүй байна. Харин М.Г нь өөрийн эзэмшил, өмчлөлд шилжин ирсэн өдрөөс хойших хугацааны төлбөрөө төлж байгаа болно. Энэ асуудлаар Эрчим хүчний зохицуулах хороонд гомдол гаргасан боловч гомдлыг хүлээж аваагүй учир шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй тохиолдолд хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэж заасны дагуу огт хамааралгүй төлбөрийг аргагүй байдлын улмаас хууль зүйн үндэслэлгүй төлүүлсэн учраас хариуцагч “УБЦТС” ТӨХК-аас  цахилгаан эрчим хүч ашигласны төлбөрт төлсөн 308.257 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч “УБЦТС” ТӨХК-ийн шүүхэд урьд гаргасан хариу тайлбарыг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Е ХХК-ийн нэхэмжилсэн энэхүү төлбөр нь Баянгол дүүргийн ................... тоот Д гэх хэрэглэгчийн цахилгааны төлбөр болж төлөгдсөн байна. Манай компани нь дээрх байртай ямар нэг байдлаар хамааралгүй бөгөөд хариуцагч компанид ямар нэг төлбөр төлөх үүрэг үүсээгүй гэж үзэж байсан. Гэтэл тус асуудлыг судалж үзтэл “УБЦТС” ТӨХК-ийн 70047004 дуудлагын утсанд нэхэмжлэгч “Е” ХХК-ийн нэхэмжлэл дээр бичээстэй байгаа хуулийн зөвлөхийн утасны дугаар гэх 00000000 дугаарын утаснаас 2019 оны 11 дүгээр  сарын 01-ний өдрийн 17:43, 18:19, 19:33 цагуудад тус тус холбогдсон байна. Ярьсан дуудлагын ярианы бичлэг манай компани дээр хадгалаатай байдаг ба дээрх цагуудад 70047004 дугаарын утсанд дараах ярианы бичлэг байна. –“Е” ХХК-аас ярихдаа: “Баянгол дүүргийн ............ тоотын хэрэглэгч байна. Мөн, тогыг нь тасалсан байна. Манайх түрээсэлсэн байгаа”, -УБЦТС ТӨХК: Д гэх айл мөн үү, 308.257 төгрөг байна. Төлбөрөө төлөөд дуудлага өгөөрэй”, -“Е” ХХК: Төлбөрийг нь хаана төлөх вэ, юунд төлөх вэ?, -“УБЦТС” ТӨХК: 2019 оны 10 дугаар байрын 15-ны байдлаар байна, аль ч банканд төлж болно, -“Е” ХХК: Энэ 308257 төгрөг нь сүүлийн, өнөөдрийн байдлаар уу. Энэ төлбөрийг төлөөд танай компанид дуудлага өгөх үү. Сүүлийн  9 сарын төлбөр хэд гарсан бэ?, Танайх төлбөрийг төлж байж тогоо залгуул гэж хэлж байна уу, танайхаас тасалсан уу, төлбөрөө төлчихвөл тогоо хурдан залгах уу, хагас бүтэн сайн, шөнө оройгүй залгаж өгөх үү?, -“УБЦТС” ТӨХК: Тийм ээ манайхаас тасалсан. Хурдан залгана. Сүүлийн сар буюу 9.15-аас 10-15-ны хооронд 15.520 төгрөг гарсан байна. Дахин 2019 оны 11 дүгээр сарын 01-нд 00000000 дугаараас залгаж, -“Е” ХХК: Баянгол дүүргийн ........... тоотын хэрэглэгч байна. Төлбөр хэдийг төлөх вэ?, -“УБЦТС” ТӨХК: төлбөр 308.257 төгрөг байна, -“Е” ХХК: Одоо интернэт банкаар яг одоо төлье, одоо тогоо залгуулах дуудлага өгье. Өнөөдөр амжина биз дээ. За одоо төллөө. Дахин 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 19.33 цагт 00000000 дугаараас залгаж, -“Е” ХХК: тог залгуулах дуудлага өгөх гэсэн юм. Баянгол дүүргийн ............... тоотын хэрэглэгч байна. Төлбөрөө сая төлчихлөө интернэт банкаар, -“УБЦТС” ТӨХК: хэрэглэгчийн кодоо хэлнэ үү, Д гэж мөн үү, 323.452 төгрөг байна. Хэдийг аль банканд тушаасан юм бэ?, Үлдэгдлээ нэмээд тушаагаарай дуудлагыг авлаа, -“Е” ХХК: Тийм, 308257 төгрөг гэж хэлсэн. Тэр мөнгийг төлчихлөө. Төрийн банкны танай дансанд тушаасан. За тэг, нэмээд тушаана гэж тус тус ярьсан байсан болно. Иймээс андуурч тушаагдсан  төлбөр биш бөгөөд өөрөө сайн дураар хүлээн зөвшөөрч төлбөрийг төлсөн болох нь нотлогдож байна. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 97 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрмийн 7 дугаар зүйлийн 7.12-т энэ дүрмийн 7.11-д заасан тодорхойлолтыг тухайн байр, орон сууц, хашаа, газрыг шинээр өмчлөгч, эзэмшигч иргэн, хуулийн этгээд шаардаж авна. Хэрэв уг тодорхойлолтыг аваагүй тохиолдолд  шинээр өмчлөгч, эзэмшигч эрчим хүчний өрийг хариуцна гэж заасан тул төлбөрийг буцаан шилжүүлэх боломжгүй болно. Иймд “Е” ХХК нь  өмчлөгчийн хувьд огт хамааралгүй этгээдийн төлбөрийг аргагүйн байдлын улмаас тушаасан гэж үзэх боломжгүй бөгөөд тухайн нэхэмжлээд байгаа төлбөрөө манай компаниас бус өмнөх өмчлөгчөөс нэхэмжлэх нь зүйтэй байна гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбарыг сонсож, хариуцагчаас гаргаж өгсөн сиди буюу компакт дискэнд үзлэг хийж, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад              

                                                                                                      ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч “Е” ХХК нь хариуцагч “УБЦТС” ТӨХК-аас цахилгаан эрчим хүч ашигласны төлбөрт төлсөн 308.257 төгрөг гаргуулахаар шаардаж байх ба шүүх уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэсгүй гэж үзлээ.

             Баянгол дүүргийн 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ2017/02463 дугаар шүүгчийн захирамжаар “Е” ХЗХорооны нэхэмжлэлтэй Э.М-д зээлийн гэрээний үүрэгт 49.760.200 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийн зохигчид нэхэмжлэлийн шаардлагаас 48.000.000 төгрөгийн хэмжээнд эвлэрэн хэлэлцэж, хариуцагч Э.М нь 48.000.000 төгрөгийг 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн дотор нэхэмжлэгч “Е” хадгаламж зээлийн хоршоонд төлж барагдуулах, төлбөрийг дурдсан хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгө болох Баянгол дүүргийн .......... тоот хаягт байрлах 31 м.кв талбайтай орон сууцаар хангуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

            Тус хэргийн хариуцагч Э.М нь шүүгчийн захирамжид үүргээ сайн дураар биелүүлээгүй учир Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг биелүүлэх явцад  төлбөр төлөгч Э.М-гаас үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянгол дүүргийн ............ тоот хаягт байрлах 31 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг төлбөрт тооцон шилжүүлэх хүсэлт  гаргасны дагуу Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 1/5985 дугаар албан бичгээр дээрх орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг төлбөр авагч “Е” хадгаламж зээлийн хоршооны эрх хүлээн авагч М.Г-ын нэр дээр шилжүүлэн өгчээ.

            Дээрх маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн авсан этгээд болох М.Г нь нэхэмжлэгч “Е” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаандаа буюу 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр “Е” ХХК-аас Баянгол дүүргийн 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ2017/02463 дугаар шүүгчийн захирамжаар дагуу “Е” ХЗХоршооны Э.М-гаас  48.000.000 төгрөгийн зээлийн төлбөрт тооцон шилжүүлэн авахаас өмнө  Баянгол дүүргийн ............. тоот хаягт байрлах 31 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны цахилгааны төлбөр 308.257 төгрөгийг төлж барагдуулсан болох нь зохигчийн тайлбар, төлбөр төлсөн баримтаар нотлогдож байна.

            Нэхэмжлэгч “Е” ХХК-аас Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй  тохиолдолд хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэж заасан учир огт хамааралгүй,  этгээдийн төлбөрийг аргагүйн байдлын улмаас төлүүлсэн учраас хариуцагч “УБЦТС” ТӨХК-аас цахилгаан эрчим хүч ашигласны төлбөрт төлсөн 308.257 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсан бол “УБЦТС” ТӨХК нь “Е” ХХК-ийн нэхэмжлэл дээр бичээстэй байгаа хуулийн  зөвлөхийн утасны дугаар гэх 00000000 дугаарын утаснаас удаа дараа  холбогдон дээрх орон сууцны төлбөрийг  төлж барагдуулсны үндсэн дээр цахилгаан эрчим хүчийг залгуулсан. Цахилгааны эрчим хүч хэрэглэх дүрэмд зааснаар орон сууцны  өмчлөгч, эзэмшигч, хуулийн этгээд нүүхдээ цахилгааны эрчим хүч хэрэглэсэн тооцоогоо хийж дуусгаж, энэ тухай тодорхойлолтыг хангагчаас авна. Хэрэв уг тодорхойлолтыг аваагүй тохиолдолд  шинээр өмчлөгч, эзэмшигч эрчим хүчний өрийг  хариуцна гэж заасан тул төлбөрийг буцаан шилжүүлэх боломжгүй бөгөөд тухайн төлбөрөө манай компаниас бус өмнөх өмчлөгчөөс нэхэмжлэх нь зүйтэй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна.

            Хариуцагчийн татгалзал үндэстэй гэж шүүх дүгнэв.

        Нэхэмжлэгч “Е” ХХК-аас  цахилгааны  өр төлбөрийг хүлээн авсан цахилгааны эрчим хүчээр хангагч байгууллагыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэн хариуцагч “УБЦТС” ТӨХК-аас  төлөгдсөн төлбөр болох 308.257 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй байна.

       Зохигчдын хооронд цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулагдаагүй боловч  нэхэмжлэгч “Е” ХХК-аас 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хариуцагч “УБЦТС”ТӨХК-д Баянгол дүүргийн ............. тоот хаягт байрлах 31 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны цахилгааны эрчим хүчний төлбөр болох 308.257 төгрөгийн өр төлбөрийг сайн дураар өөрөөр мэдэж төлсөн  болох нь хариуцагчийн тайлбар, сиди буюу компакт дискэнд үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр тогтоогдож байх бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээ чөлөөлөгдсөн байх тул Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-т зааснаар нэхэмжлэгч “Е” ХХК нь Баянгол дүүргийн .............. тоот хаягт байрлах 31 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг өмчилж, эзэмшиж байсан этгээдээс дээрх зардлаа нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй.

            Түүнчлэн нэхэмжлэгч “Е” ХХК-аас 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн .............. тоот хаягт байрлах 31 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны цахилгааны эрчим хүчний төлбөр болох 308.257 төгрөгийн өр төлбөрийг төлөх үед Засгийн газрын 2001 оны 263 дугаар тогтоолоор батлагдсан Цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрэм үйлчилж байсан байх бөгөөд уг дүрмийн 43 дугаар зүйлд байр, орон сууц, хашаа, газар өмчлөгч, эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нүүн шилжихдээ цахилгаан эрчим хүч хэрэглэсэн тооцоогоо хийж дуусган, энэ тухай тодорхойлолтыг хангагчаас авсан байна. Энэ тодорхойлолтыг тухайн байр, орон сууц, хашаа, газрыг шинээр өмчлөгч, эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага шаардан авна. Хэрэв уг тодорхойлолтыг аваагүй тохиолдолд  шинээр өмчлөгч эрчим хүчний өрийг хариуцна гэж заасан байх тул орон сууцны өмчлөгчтэй огт хамааралгүй этгээд, аргагүй байдлын улмаас цахилгааны өр төлбөрийг тушаасан гэж үзэх боломжгүй гэсэн хариуцагчийн татгалзал үндэслэлтэй байна.

        Иймд хариуцагч “УБЦТС” ТӨХК-ийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд харин орон сууцыг урьд өмчилж, эзэмшиж байсан этгээдэд холбогдуулж нэхэмжлэл гаргахад энэ шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9898 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч “УБЦТС” ТӨХК-аас цахилгаан эрчим хүч ашигласны төлбөрт төлсөн 308.257 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч “Е” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9898 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.МӨНХБАЯР