Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2021/00732

 

2021 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2021/00732

 

 

ЕШ ХХК-ийн  нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2021/00453 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч ЕШ ХХК-ийн нэхэмжлэлтэй, УБ ЦТС ТӨХК холбогдох

Цахилгаан эрчим хүч ашигласны төлбөрт төлсөн 308 257 төгрөг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч ЕШ ХХК-ийн захирлаар ажиллаж байсан М.Гантулга нь Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 10 дугаар хороолол, Голден паркийн 107 дугаар байрны 75 тоот орон сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 1/5985 тоот тогтоолын дагуу төлбөртөө тооцон шилжүүлэн авч, 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдөр өмчлөх эрхийн гэрчилгээг авч байрыг хүлээж авсан. М.Гантулгыг хүлээн авахаас өмнө өмчлөгч Э.Монголмаа нь орон сууцыг ашиглаж байхдаа сүүлийн 2 жилийн орон сууц, цахилгааны төлбөр, сууц өмчлөгчдийн холбооны төлбөр зэрэг ашиглалтын зардлыг төлөөгүй байсан. Хариуцагч УБ ЦТС ТӨХК-аас дээрх орон сууцыг шилжүүлэн авахаас өмнөх үеийн өмчлөгч, эзэмшигчийн хоёр жил хэрэглэсэн цахилгааны төлбөрийг тухайн цаг үед нь хэрэглэгчээс шаардаж авах, төлөөгүй тохиолдолд цахилгааныг таслах, шүүхэд хандах зэргээр төлбөрөө шаардаж төлүүлэх эрх, үүргээ хэрэгжүүлээгүй байж ЕШ ХХК-ийн захирал М.Гантулгыг орон сууцыг өөрийн эзэмшилд авч, хүмүүст зарахаар байрыг үзүүлэх үеэр цахилгааныг тасалсны улмаас аргагүйн эрхэнд цахилгаанаа залгуулахын тулд өмнөх төлөгдөөгүй төлбөр болох 308 257 төгрөгийг 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр М.Гантулга захирлын үүргийн дагуу ЕШ ХХК-аас төлсөн. 2019 он хүртэл хариуцагч компанитай цахилгааны төлбөр тооцооны гэрээг ЕШ ХХК эсвэл М.Гантулга биш өмнөх өмчлөгч Монголмаа /Дамбийням/ гэдэг хүн хийсэн учраас энэ хүн үүрэг хүлээх ёстой, харин манайх биш юм. Энэ орон сууцыг хайж олж, бэлэн мөнгөөр худалдан аваагүй бөгөөд шүүхийн шийдвэрээр албадан М.Гантулгад шилжүүлж, өмнөх өмчлөгч, эзэмшигчийн хэрэглээний төлбөр зэргийг шалгах боломж олгохгүйгээр шууд л шүүхийн шийдвэр гарсан төлбөрт тооцон өгсөн. Хэрэв өөрсдөө мөнгөө төлж худалдан авсан бол төлбөр тооцоо байгаа эсэхийг нягталж шалгах байсан. Харин М.Гантулга нь өөрийн эзэмшил, өмчлөлд шилжин ирсэн өдрөөс хойших хугацааны төлбөрөө төлж байгаа болно. Энэ асуудлаар Эрчим хүчний зохицуулах хороонд гомдол гаргасан боловч гомдлыг хүлээж аваагүй учир шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй тохиолдолд хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэж заасны дагуу огт хамааралгүй төлбөрийг аргагүй байдлын улмаас хууль зүйн үндэслэлгүй төлүүлсэн учраас хариуцагч УБ ЦТС ТӨХК-аас цахилгаан эрчим хүч ашигласны төлбөрт төлсөн 308 257 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд, итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ЕШ ХХК нь урьд нь буюу 2020 оны 3 дугаар сарын 18-нд Хан-Уул дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан бөгөөд тухайн үед андуурч шилжүүлсэн учир энэ төлбөр Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 10 дугаар хороолол, Голден паркийн 107 дугаар байрны 75 тоот Дамбийням гэх хэрэглэгчийн цахилгааны төлбөр болж төлөгдсөн байна. Манай компани нь дээрх байртай ямар нэг байдлаар хамааралгүй бөгөөд хариуцагч компанид ямар нэг төлбөр төлөх үүрэг үүсээгүй гэж байсан. Гэтэл тус асуудлыг судалж үзтэл УБ ЦТС ТӨХК-ийн 70047004 дуудлагын утсанд нэхэмжлэгч ЕШ ХХК-ийн нэхэмжлэл дээр бичээстэй байгаа хуулийн зөвлөхийн утасны дугаар гэх 95956962 дугаарын утаснаас 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 17:43, 18:19, 19:33 цагуудад тус тус холбогдсон байна. Ярьсан дуудлагын ярианы бичлэг манай компани дээр хадгалаатай байдаг ба дээрх цагуудад 70047004 дугаарын утсанд дараах ярианы бичлэг байна. ЕШ ХХК-аас ярихдаа: Баянгол дүүргийн Голден парк хотхоны 107 дугаар байрны 75 тоотын хэрэглэгч байна. Мөн, тогыг нь тасалсан байна. Манайх түрээсэлсэн байгаа, -УБЦТС ТӨХК: Дамбийням гэх айл мөн үү, 308 257 төгрөг байна. Төлбөрөө төлөөд дуудлага өгөөрэй, -ЕШ ХХК: Төлбөрийг нь хаана төлөх вэ, юунд төлөх вэ?, -УБЦТС ТӨХК: 2019 оны 10 дугаар байрын 15-ны байдлаар байна, аль ч банканд төлж болно, -ЕШ ХХК: Энэ 308 257 төгрөг нь сүүлийн, өнөөдрийн байдлаар уу. Энэ төлбөрийг төлөөд танай компанид дуудлага өгөх үү. Сүүлийн 9 сарын төлбөр хэд гарсан бэ?, Танайх төлбөрийг төлж байж тогоо залгуул гэж хэлж байна уу, танайхаас тасалсан уу, төлбөрөө төлчихвөл тогоо хурдан залгах уу, хагас бүтэн сайн, шөнө оройгүй залгаж өгөх үү?, -УБЦТС ТӨХК: Тийм ээ манайхаас тасалсан. Хурдан залгана. Сүүлийн сар буюу 9 дүгээр сарын 15-аас 10 дугаар сарын 15-ны өдрийн хооронд 15 520 төгрөг гарсан байна. Дахин 2019 оны 11 дүгээр сарын 01-нд 95956962 дугаараас залгаж, -ЕШ ХХК: Баянгол дүүргийн Голден парк хотхоны 107 дугаар байрны 75 тоотын хэрэглэгч байна. Төлбөр хэдийг төлөх вэ?, УБЦТС ТӨХК: төлбөр 308 257 төгрөг байна, -ЕШ ХХК: Одоо интернэт банкаар яг одоо төлье, одоо тогоо залгуулах дуудлага өгье. Өнөөдөр амжина биз дээ. За одоо төллөө. Дахин 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 19.33 цагт 95956962 дугаараас залгаж, -ЕШ ХХК: тог залгуулах дуудлага өгөх гэсэн юм. Баянгол дүүргийн Голден парк хотхоны 107 дугаар байрны 75 тоотын хэрэглэгч байна. Төлбөрөө сая төлчихлөө интернэт банкаар, -УБЦТС ТӨХК: хэрэглэгчийн кодоо хэлнэ үү, Дамбийням гэж мөн үү, 323 452 төгрөг байна. Хэдийг аль банканд тушаасан юм бэ?, Үлдэгдлээ нэмээд тушаагаарай дуудлагыг авлаа, -ЕШ ХХК: Тийм, 308 257 төгрөг гэж хэлсэн. Тэр мөнгийг төлчихлөө. Төрийн банкны танай дансанд тушаасан. За тэг, нэмээд тушаана гэж тус тус ярьсан байсан болно. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 97 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрмийн 7 дугаар зүйлийн 7.12-т энэ дүрмийн 7.11-д заасан тодорхойлолтыг тухайн байр, орон сууц, хашаа, газрыг шинээр өмчлөгч, эзэмшигч иргэн, хуулийн этгээд шаардаж авна. Хэрэв уг тодорхойлолтыг аваагүй тохиолдолд шинээр өмчлөгч, эзэмшигч эрчим хүчний өрийг хариуцна гэж заасан тул төлбөрийг буцаан шилжүүлэх боломжгүй болно. Иймд ЕШ ХХК нь өмчлөгчийн хувьд огт хамааралгүй этгээдийн төлбөрийг аргагүйн байдлын улмаас тушаасан гэж үзэх боломжгүй бөгөөд тухайн нэхэмжлээд байгаа төлбөрөө манай компаниас бус өмнөх өмчлөгчөөс нэхэмжлэх нь зүйтэй байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч УБ ЦТС ТӨХК-аас цахилгаан эрчим хүч ашигласны төлбөрт төлсөн 308 257 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч ЕШ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9 898 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хариуцагч талын тайлбарт хөтлөгдөн дүгнэлт хийсэн нь өрөөсгөл байна. Баянгол дүүргийн 4 хороо 10 хороолол, Голден парк хотхоны 107 байрны 75 тоот хаягт байрлах орон сууцыг анхан шатны шүүх болон хариуцагчийн тайлбарлаад байгаа шиг худалдан авсан бус харин Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 102/11132017/02463 дугаар шүүгчийн захирамжийг биелүүлэх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж шүүхийн шийдвэрт заагдсан төлбөрт тооцогдон "Есөншижир" ХХК-ийн захирал М.Гантулгын өмчлөлд шилжсэн бодит нөхцөл байдлыг анхан шатны шүүх анхаарч үзсэнгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болох Цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрэм нь орон сууц зэргийг сайн дураар худалдан авч байгаа тохиолдолд талуудын эрх үүргийг тодорхойлсон учир энэ хүрээнд үйлчлэхээр харагдаж байна. Өөрөөр хэлбэл, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа зөвхөн шүүхийн шийдвэрт заагдсан төлбөр гаргуулах л чиг үүрэгтэй ажиллагаа явагддаг учир орон сууцтай холбоотой тог, цахилгааны зэрэг бусад төлбөрийг төлүүлэх чиг үүрэг хүлээдэггүй учир төлбөр авагч тал өмнөх өмчлөгчийн цахилгааны төлбөр өр төлөгдөөгүй учир барьцаа орон сууцыг хүлээн авахаас татгалзах эсвэл төлбөр төлөгчөөс нэмж төлүүлэхийг шаардах эрх байхгүй. М.Гантулга захирлыг орон сууцыг 2020 оны 3 дугаар сард хүлээн авангуут хариуцагч компани цахилгааныг тасалж, орон сууцыг худалдах зорилгоор бусдад үзүүлэх боломжгүй болгосон нь 308 257 төгрөгийн төлбөрийг сайн дураар төлөхөөс өөр аргагүй нөхцөл байдалд оруулсныг нотолно. Цахилгааны 308 257 төгрөг нь 2018 оны 11 дүгээр сараас 2019 оны 10 дугаар сар хүртэлх цахилгааны төлбөр болох нь хэрэгт авагдсан төлбөрийн баримтаар нотлогдоно. Хариуцагч компани нь цахилгааны төлбөрөө сар бүрт нь нэхэмжилж төлүүлдэг, хэрэв төлдөггүй бол тог цахилгааныг хязгаарлах. шүүхэд нэхэмжлэл гаргах зэргээр төлбөр төлүүлэх арга хэмжээ авах үүрэгтэй, эрхтэй атал тийм арга хэмжээ огт авч хэрэгжүүлээгүй үүнийг нотлох баримтгүй байгаа нь хариуцагчийн хариуцлагагүй, санаатай хууль бус үйлдэл байхад анхан шатны шүүх анхаарч үзээгүйд гомдолтой байна. Талуудын хооронд дээрх орон сууцны төлбөрийг төлөх ямар ч гэрээ хэлцэл байхгүй байхад шүүх, нэхэмжлэгчийг төлөх ёстой мэтээр дүгнэж, шийдсэн нь илт нэг талыг барьсан, үндэслэл бүхий биш шийдвэр юм. Хариуцагч компани нь тухайн цаг үед нь төлбөрөө аваагүй, ажилдаа хариуцлагатай хандаагүйн улмаас учирсан хохирлыг ямар ч буруугүй үүрэг хүлээгээгүй, цахилгааныг хэрэглээгүй гуравдагч этгээд төлөх хууль зүйн үндэслэл байхгүй, харин хариуцагч компани тухайн үеийн өмчлөгчөөс төлбөрийг төлүүлэх арга хэмжээ авах, эсвэл өөрөө эрсдэлээ үүрэх нь шударга ёсонд нийцнэ гэж үзэж байна. Иймд шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангах эсвэл дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

 Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч ЕШ ХХК нь хариуцагч УБ ЦТС ТӨХК-д холбогдуулан цахилгаан эрчим хүч ашигласны төлбөрт төлсөн 308 257 төгрөг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлэх учиртай.

 

Талуудын хоорондын маргааны зүйл нь нэхэмжлэгч хууль болон гэрээнд заасан үүрэг байхгүй тохиолдолд бусдын үүргийг гуравдагч этгээдийн хувиар гүйцэтгэсэн эсэх нь хэрэгт ач холбогдолтой байж болохоор байна.

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар нэхэмжлэгчид төлбөр төлөх үүрэг үүсээгүй байхад хариуцагч байгууллагын хувьд үндэслэлгүйгээр авсан эсэх, эсхүл нэхэмжлэгч нь өмнөх өмчлөгчийн өр төлбөрийг өөрөө зөвшөөрч төлсөн эсэх нь хуулийг зөв хэрэглэхэд шаардлагатай үйл баримт юм.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч байгууллагаас нэхэмжлэгч талтай утсаар ярьсан ярианы бичлэгийг гаргуулж шүүхээс үзлэг хийсэн боловч үзлэгийн тэмдэглэлийг хуульд заасан журмын дагуу хийгдээгүй тул шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг шийдвэрлэжээ. Хариуцагчийн тайлбарт дурдсан утсаар яригдсан гэх ярианы агуулга үзлэгийн тэмдэглэлд тусгагдаагүй тохиолдолд зөвхөн хариуцагчийн тайлбарт үндэслэн дүгнэлт хийх боломжгүй юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.2 дахь хэсэгт Үзлэг, туршилт хийх, таньж олуулах, нүүрэлдүүлэн мэдүүлэг авах зэрэг хэрэг хянан шийдвэрлэх бусад ажиллагаа гүйцэтгэхэд тэмдэглэл үйлдэнэ гэж заасан.

Дээрх байдлаар нэхэмжлэгчээс үндэслэлгүйгээр мөнгөн хөрөнгө авах хариуцагчид үүрэг үүссэн гэж үзэх эсэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдал тодорхой бус байгаа тохиолдолд давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийж өөрчлөлт оруулах боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй.

Давж заалдах шатны шүүхээс шийдвэрийг хүчингүй болгож байгаа тул нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлүүдээр дүгнэлт хийх боломжгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2021/00453 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9 898 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

Н.БАТЗОРИГ