Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 101/ШШ2021/02969

 

 

 

 

 

 

 

 

 

 

    2021 о      10 с       04 ө

Дугаар          101/ШШ2021/02969

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

*******,*******,*******,*******,*******,*******,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг,*******,*******,, оршин суух, Боржигон овогт Бат-Эрдэнийн Жавхлан /РД:СК91080218/-д холбогдох,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Баянзүрх дүүрэг, 25 хороо, 97/4 байр оршин суух, Төмөрпүрэв овогтой Чагцалдулам /РД:СК70030707/,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Баянзүрх дүүрэг, 28 хороо, Хужир булангийн 14 гудамж 777 тоотод оршин суух, Равдандорж овогтой Бямбарагчаа /РД:ХА67011292/,

 

Орон сууцыг чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Оюунтунгалаг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Алтанцэцэг, хариуцагч Б.Жавхлан, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Т.Чагцалдулам, Р.Бямбарагчаа, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Р.Бямбарагчаагийн өмгөөлөгч В.Ганболд, нарийн бичгийн дарга Б.Үүрийнцолмон нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч Б.Батцэрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Оюунтунгалаг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Батцэрэн миний бие Баянзүрх дүүргийн*******,*******, /13374/, 97/4 байр, байрлах, Ү-2204092828 бүртгэлд бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч юм. Гэтэл орон сууцанд Б.Жавхлан гэгч амьдарч байгаа бөгөөд түрээсийн гэрээ хийх тухай шаардлага тавихаар хүлээн зөвшөөрөхгүй, нүүн гарах шаардлага тавихаар мөн хүлээн авахгүй суусаар байна. Иймд уг этгээдийг Ү-2204092828 улсын бүртгэлд бүртгэлтэй орон сууцнаас албадан чөлөөлөн шийдвэр гаргаж өгнө үү.

Р.Бямбарагчаа гэх хүн бид хоёроос байрыг барьцаанд тавиад өгөөч гэж гуйж байх үед Р.Бямбарагчаа энэ Б.Жавхлан гэдэг айл надад мөнгөө 100 хувь төлөөгүй, зүгээр байж байгаа айл, та нар барьцаанд тавиад өгөөч, энэ хүмүүс надад 10,000,000 төгрөг өгсөн өөр мөнгө өгөөгүй. Мөнгөө өгөхөөр нь зээлийг суллаад өгье гэж гуйсаар байгаад зээл авсан. Ажилчдынхаа цалинг, Т.Баттөгс, Р.Оюунцэцэг нарт ажлынх нь хөлсийг өгөхгүй бол болохгүй байна, би барьцаанд тавья гэхээр банканд өртэй учир болохгүй байна, та хоёр туслаач гэхээр нь тусалчхаад өнөөдөр банканд маш их асуудалтай байхад энэ хүн тоохгүй байгаа. Би ээжээс чинь хүртэл гуйсан энэ байрыг манайх гэж байгаа бол мөнгийг нь төлөөч гэхэд надад ямар хамаатай юм, Р.Бямбарагчаатайгаа ярь гэж хэлж байсан. Р.Бямбарагчаагийн хэлснээр танайхыг 10,000,000 төгрөг өгсөн гэхээр анхны өмгөөлөгчдөө хэлэхэд 10,000,000 төгрөг төлсөн юм бол тэр айл чинь бараг түрээсээр байгаа юм биш үү гэж ойлгосон болоод нэхэмжлэлд бичсэн байх. Банкны зээлд 63,000,000 гаруй төгрөг байгаа. Гэхдээ Р.Бямбарагчаа би өөрөө төлсөн гээд байгаа боловч анхны төлөлтийг нь манай дүү хийж өгсөн. Дараагийн төлөлтүүдийг төлөхгүй байж байгаад дүүгийнхээ машиныг заруулж байж төлсөн. Р.Бямбарагчаа хэдэн сарын дараа төлсөн. Төлөхдөө сар бүрийн 17-ны өдөр төлөх ёстой мөнгийг хэзээ ч 17-ны өдөр нь төлж байгаагүй. Байр худалдан авсан бол татварын буцаан авалтад 6 сая орчим төгрөг авдаг юм байна лээ, түүнийг Р.Бямбарагчаа өгнө гэж амласан. Би бүх хохирлоо барагдуулна. Яагаад гэхээр энд миний төлсөн мөнгө байгаад байна, үүнийг хэн төлөх вэ. Р.Бямбарагчаа төлж чадахгүй учир байрыг чөлөөлүүлж дараагийн асуудлаа бид шийднэ. Бид эвлэрэх талаар зөндөө ярьсан боловч Т.Чагцалдулам зөвшөөрөөгүй, дахин эвлэрлийн талаар ярилцах боломжгүй” гэв.

 

Хариуцагч Б.Жавхлан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь миний ээж Т.Чагцалдулам нь 2016 оны 8-р сард зээлдэгч Р.Бямбарагчаатай 2 өрөө байр авахаар харилцан тохиролцож гэрээ байгуулан 35,000,000 төгрөг шилжүүлсэн. Энэ гэрээний дагуу байрыг олгоогүй бөгөөд 2020 онд “Сүмт-өргөө” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу ажлын хөлсөнд авах 2 өрөө дээрх байрыг өгөхөөр харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Энэ гэрээг байгуулахдаа нэмж 2020 оны 5-р сарын 29-ний өдөр 40,000,000 төгрөгийг Р.Бямбарагчаад өгсөн.

Энэ үед Р.Бямбарагчаа “Сүмт-өргөө” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Өсөхжаргалтай байгуулсан “Ажил хийх гэрээний нэмэлт 20/214 тоот” гэрээг 2020 оны 2-р сарын 14-ний өдөр байгуулсан байсан ба энэхүү гэрээгээр БЗД-ийн 25-р хороо 13-р хороолол 97/4-р байр 14-р давхрын 77а тоот буюу 75 м.кв хэмжээтэй 2 өрөө орон сууцыг барилга угсралтын ажил бүрэн дуусгавар болсноор эзэмшил дээр нь шилжүүлэн өгөх нөхцөлтэйгөөр байгуулсан байсан. Энэ гэрээ болон Р.Бямбарагчаатай байгуулсан гэрээний дагуу надад дээрх байрыг хүлээлгэн өгч би гэр бүлийн хамт 2020 оны 5-р сарын 29-ний өдөр уг байранд орсон. Байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг мөн ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлыг гүйцэтгэж дуусгаад миний ээж Т.Чагцалдуламын нэр дээр шилжүүлэн өгөх гэрээ хийсэн болно. Гэтэл энэхүү гэрээгээ зөрчиж байр өмчлөгч буюу худалдан авагч бид нарт мэдэгдэлгүй Р.Бямбарагчаа нь иргэн Батжаргалын Батцэрэнгийн нэр дээр гаргуулж банкны барьцаанд тавьсан байсныг бид нар сүүлд Б.Батцэрэнгийн манай хаалган дээр наасан бичгээс мэдсэн. Чухам яагаад, ямар учраас Б.Батцэрэнгийн нэр дээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулж, банканд барьцаанд тавьсан асуудлыг бид нар огт мэдэхгүй байна. Иймд гэрээний дагуу 77а тоот байрыг Р.Бямбарагчаатай гэрээ байгуулсан худалдан авсан жинхэнэ өмчлөгч нь миний ээж Т.Чагцалдулам болон Б.Жавхлан бид нар болно. Иймд дээрх нөхцөл байдал болон гэрээнүүдээс дүгнэж үзэхэд нэхэмжлэгч Б.Батцэрэн нь түрээсийн гэрээг байгуулах болон байрнаас гарах шаардлага тавих үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Би Солонгос улсад 2016 онд ажиллаж байхдаа Р.Бямбарагчаа гэх миний эмээгийн дүүгийн нөхөр байгаа. Энэ хүн байр барьж байгаа миний дүү ашиглалтад орохоор нь аваарай гээд 50 м.кв байрыг 35,000,000 төгрөгөөр авахаар тохиролцсон. Тухайн үед мөнгөө төлөөд гэрээгээ байгуулаад байраа худалдаж авсан. Би 2020 оны 02 сард Солонгос улсаас ирээд би ирчихлээ байр маань хаана байна вэ гэхэд Баянзүрх дүүргийн 25-р хороо Сэлбэ хотхон 97/4 байр 75 м.кв байр байна, ах нь энэ 7 сар гэхэд энэ байрыг барьж дуусаад гэрчилгээг нь өөрийнхөө нэр дээр авна миний дүү нүүгээд орчих зөрүү 25 м.кв-г нь 1,800,000 төгрөгөөр тооцоод 40,000,000 төгрөг өгөөд нүүгээд орчих, ах нь 7 сар гэхэд ажлаа дуусгаад гүйцэтгэгч компаниасаа бартераар авч байгаа учир түүнийгээ шилжүүлээд чиний нэр дээр шилжүүлж өгье гэж хэлээд би 40,000,000 төгрөг шилжүүлээд 05 сарын 29-ний өдөр гэр бүлээрээ нүүж орсон байдаг. Б.Батцэрэн гээд нэхэмжлэл гаргасан хүнийг тухайн үед би огт танихгүй, зүс мэдэхгүй хүн байсан. 2020 оны 05 сарын 29-ний өдрөөс хойш энэ байранд амьдарч ирсэн. Тэгэхэд Б.Батцэрэн гэх хүн нэг ч удаа ирж байгаагүй, байрыг ирж хараагүй. Гэрчилгээгээ хэзээ гарах вэ гэж Р.Бямбарагчаа ахаас байнга тодруулж асуудаг байсан. Тэгэхэд ахынх нь ажил дуусахгүй байна, 7 сард дуусах байсан ч 8 сард болчихлоо ажлаа дуусгаад гэрчилгээг чинь гаргаж өгье гэсэн. Хүлээгээд байтал 9 сар болоод гэрчилгээ яагаад гарахгүй байна гэтэл ах нь ажлаа дуусгаад шилжүүлнэ гэж хэлсэн. 10 сар гараад байж байтал манайд нэхэмжлэл ирсэн. Р.Бямбарагчаатай зээлийн гэрээтэй танай гэрчилгээ гарсан, бид нар нийлээд гэрчилгээг чинь банканд тавьсан Р.Бямбарагчаа мөнгөө төлөхгүй байна гэсэн утгатай нэхэмжлэл ирсэн. Гайхаад юу болов гээд судалтал Б.Батцэрэн гэх хүний нэр дээр шилжүүлээд банкны барьцаанд тавьсан байсан. Дотор нь хүн амьдарч байхад нэг ч хүн ирж шалгаагүй байж яаж банкны барьцаанд тавьсан бэ гэхэд Р.Бямбарагчаа ах танай гэрчилгээ гарах гэж байна гэж яриад Р.Оюунцэцэг гээд дүүг нь банкны эдийн засагчтай явуулсан. Эдийн засагчтайгаа бас хуйвалдсан байсан. Танай гэрчилгээ гарах гэж байна м.кв-г нь хэмжих гэж байна гээд орж ирээд зураг дараад гарсан. Тэгээд гэрчилгээ гарах гэж байна гээд байж байтал нэхэмжлэл ирсэн. Банканд 65,000,000 төгрөгөөр тавьсан байна энэ чинь юу болоод байна гээд асуухад ах нь 12 сар гэхэд төлнө гэж явсаар өнөөдрийг хүрсэн. Өмгөөлөгч гэх мэтээр хэцүү асуудлууд гарах юм байна гэхэд ах төлөөд өгнө, би мөнгийг нь төлөөд байрыг нь шилжүүлээд өгнө гэсэн. Илүү хохирсон тал нь манай тал болчхоод байна. Байраа 100 хувь төлөөд авсан, одоо нэмээд байрыг 65,000,000 төгрөгөөр барьцаанд тавьчихсан. Би нэхэмжлэгч талд санал тавиад байгаа. Манайх 65,000,000 төгрөгийг төлье тэгээд шилжүүлээд авъя гэсэн саналаа тавьсан. Өмгөөлөгч нь зөвшөөрөхгүй байгаа” гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Т.Чагцалдулам шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн 25-р хороо 97/4 байр 77а тоот бол 2020 оны 05 сарын 29-ний өдөр би Р.Бямбарагчаатай хэлцэл хийж В.Ганболд өмгөөлөгч гэрчээр оролцоод хэлцэл хийж өгч авалцсан. Сүүлийн мөнгө болох 40,000,000 төгрөгийг өгөөд байрны түлхүүрийг аваад, нүүж ороод хэлцэл дээрээ тамга дарсан байгаа. Энэ бол найдвартай гэрчилгээг нь гарахад Т.Чагцалдуламын нэр дээр шилжүүлнэ гээд бичсэн байгаа. Урьд нь 2016 онд 35,000,000 төгрөг, 2020 онд 40,000,000 төгрөг өгсөн. 2016 оны 35,000,000 төгрөг мөн гэрээтэй байгаа хэрэв байраа өгөхгүй бол хүүтэй төлнө гэсэн гэрээтэй байдаг. Энэ тооцоогоо бүгдийг нь тооцоход нийтдээ 100,000,000 гаруй төгрөг болж байгаа юм байна. Өгсөн авсан дээрээ гарын үсэг зураад гэрчтэйгээр хэлцэл хийсэн учир бидний өмч гэж бодож явж байсан. Гэтэл гэрчилгээг нь өөр хүний нэр дээр гаргаад банкны барьцаанд тавьсан байдаг. Банкны барьцаанд 8 сард тавьсан гэтэл 05 сараас эхлэн амьдарч байсан. Банк ирж шалгадаг энэ хүмүүсийн өмч мөн үү гэдгийг шалгадаг, өөрсдийн нүдээр ирж хардаг, зургийг нь дардаг. Гэтэл тийм юм болоогүй, банк нь ч авчихдаг, энэ хүмүүс нь ч тавьчихдаг үүнийг нь бид мэдээгүй ийм асуудал гарсан. Энэ байрыг манай хүүхдийн өмч гэж бодож байна. Албадан гаргах хуулийн үндэслэл байхгүй. Яагаад гэхээр энэ хүмүүс гүжирдэж байна. Б.Жавхлан гэдэг хүн түрээсэлж байсан, түрээсээ төлөхгүй байна гэж нэхэмжлэлдээ бичсэн байдаг. Хэрэв түрээс байсан бол түрээсийн гэрээ байх ёстой гэтэл тийм зүйл байхгүй. Тийм учраас манай хүүхдийг гүжирдээд түрээсээ төлөхгүй байна албадан гарга гэсэн байна. Энэ чинь гэрээ байгуулсан, түлхүүрээ аваад амьдарч байгаа ийм байр. Гэтэл банкны барьцаанд тавьчихсан байгаа нь ямар үндэслэлтэй вэ, банк энэ хүний өмч мөн эсэхийг очиж үзэхгүйгээр хэзээ ч авдаггүй. Хууль бус гэж үзэж байна. Р.Бямбарагчаа хэлэхдээ би өөрөө төлөөд явж байгаа гэдэг .Хэдэн төгрөг төлөөд явж байгааг нь бид 2 мэдэж байгаа. Сүүлийн 2 сарыг нь төлөөгүй, бусад бүх төлбөрийг Р.Бямбарагчаа төлсөн байгаа. Ийм байхад энэ байр хэний өмч вэ, яагаад Р.Бямбарагчаа мөнгийг нь төлж байгаа гэдгийг нарийн шалгах ёстой гэж бодож байна. Хэрэв энэ хүмүүсийн мөнгө мөн байсан бол энэ хүмүүс өөрсдөө төлөөд явах ёстой. Гэтэл яагаад Р.Бямбарагчаа төлөөд байна, анх яаж тохирсон байна гэдгийг нарийн шалгаж өгөөсэй гэж хүсэж байна гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Р.Бямбарагчаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайх 2020 онд Москва хороололд 15 давхар барилга барих гэрээ байгуулаад түүнийгээ барьсан. Тэр барилгын гэрээний 30 хувьд бартерд нь Баянзүрх дүүргийн 25-р хороо Сэлбэ хотхон 97/4 байр 75 м.кв байрыг 1 м.кв-г 2,000,000 төгрөгөөр үнэлээд 150,000,000 төгрөгийн байрыг өгсөн. Гэхдээ ажил дуусаагүй байхад байраа урьдчилж аваад зарж борлуулах, ажилчдынхаа цалинг гүйцээж өгөх гэдэг утгаар байраа урьдчилж өгсөн. Би өмнө нь Т.Чагцалдулам, Б.Жавхлан нартай гэрээ байгуулаад 2 өрөө байрны өглөгтэй байсан. Тэр байраа 50 м.кв-аар тооцон тухайн үедээ 35,000,000 төгрөг авсан байсан. Түүнийхээ хүүг нь тооцоод 50 м.кв дээр нь одоо байгаа байрных нь 25 м.кв-н зөрүүд 40,000,000 төгрөг аваад байранд оруулсан. Ажил хийж байх явцад манай захиалагч компани сүүлийн 3 давхрын ажил буюу 13, 14, 15 давхрын ажлыг танайх удаашралтай байна, наадмын өмнө ажлаа дуусгах шаардлагатай байна тиймээс танайхыг зөвшөөрвөл өөр компани оруулаад 3 хоногт 1 давхрыг гаргамаар байна гэсэн тэгээд би ажилчидтайгаа ярьж байгаад сүүлийн 3 давхрыг хийгээгүй. Сүүлийн 3 давхрын ажлыг хийгээгүй учраас бартерын 150,000,000 төгрөгийн байрны 30 хувийн сүүлийн 3 давхрын мөнгийг би төлөх болсон. Тэгж байж 15 давхар барилгаа барьж дууссаны дараа 30 хувиараа төлөгдөж дуусах ёстой байсан. Сүүлийн 3 давхрыг манай компани хийж чадаагүй учир өмнөх 10, 11 давхрын мөнгийг өгөөгүй байж байгаад түүнээсээ суутгаад авсан. Байрыг нь өгсөн учир суутгах нь зөв. Тэгээд 10 давхраас эхлээд сүүлийн 3 давхрын мөнгийг төлсөн учраас би ажилчдын цалингийн өрөнд орсон. Ажилчдын цалингийн өрөнд орсон учраас бартерд олгогдсон байрыг ямар нэгэн байдлаар банкны барьцаанд тавиад 50, 60 ажилчдын цалинг өгөхгүй бол болохгүй юм байна гэж бодсон. Амьдарч байгаа хүмүүс нь манай эхнэрийн хамаатны хүмүүс байсан. 1, 2 хүнтэй учраа олж болох байх, 50, 60 хүн цалингаа нэхээд ийм хүнд байдалд байж байхаар энэ байраа барьцаанд тавья гэж шийдсэн. Би өөрөө зээл авахаар банканд хандахад өмнө нь хэвийн бус зээлтэй байсан учир надад зээл олгох боломжгүй байсан. Өөрийн бригадын дарга Т.Баттөгс, Р.Оюунцэцэг хоёртой уулзаад та нарын мөнгийг өгөхийн тулд энэ байрыг барьцаанд тавих хэрэгтэй, надад зээл гарахгүй байгаа учраас та нарт таньж мэддэг зээл гаргаад өгөх хүн байна уу гэхэд энэ 2 эгч Р.Оюунтунгалаг, хүргэн ах Б.Батцэрэн нарыг надтай уулзуулсан. Би тухайн үед Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотын төв цэвэрлэх байгууламжийн ажлыг хийж байсан. Тэр ажил сайн явж байсан, 2020 оны 11 сар гэхэд 85,000,000 төгрөгийн ажил үлдсэн түүнийгээ хийж дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байсан. Тэдэнтэй уулзаад хэрэв зээл гаргаад өгвөл энэ ондоо багтаагаад буюу цаад талын хугацаа нь энэ онд гэж хэлсэн. Тэр ажилд Т.Баттөгс хамт ажиллаж байсан. Энэ ажлаа сайн явна гэж тооцоод Б.Батцэрэнг гуйгаад Б.Батцэрэнгийн нэр дээр байраа шилжүүлээд зээл авахуулсан. Гэхдээ байр шилжүүлэхдээ эдгээр хүмүүсээс нэг ч төгрөг гаргуулаагүй, нотариаттай уулзаад 30,000,000 төгрөгөөр худалдаж, худалдан авч байгаа дүр эсгэж түүнийхээ 2 хувийн үйлчилгээний шимтгэлд 600,000 төгрөгийг би өөрөө төлсөн. Түүнээс хойш санхүүжилт ороогүй учир эхний 1, 2 сарын зээлийн төлбөрийг төлж чадахгүй байж байгаад сүүлд нь нөхөж төлсөн. Түүнээс хойш сар бүр би өөрөө төлж байгаа, сүүлийн 8 дугаар сар, 9 дүгээр сарын төлбөрийг төлөөгүй байгаа. Эрүүгийн хэргийн материалд энэ талаарх баримт авагдсан. Тэдгээр баримтыг авч ирж өгөх гэсэн боловч Эрүүгийн хэргийн шүүхэд коронавирус гарсан гээд хөл хориотой байсан учир авч ирж чадсангүй. Надад байсан сүүлийн 2 сарын төлөлтийн нэг нь шаардлага хангахгүй гэж өмгөөлөгч хэлсний дагуу өгсөнгүй, нэг нь өнөөдрийн гаргаж өгсөн баримт. Бид нарын хооронд тохирсноор зөвхөн ажилчдын цалинг олгох, Т.Баттөгс нар өөрсдийн цалинг авахын тулд хүн олж өгье гээд эгч, ах хоёроо олж өгсөн. Эдгээр хүмүүсийн тусламжтай ажилчдын цалингаа олгосон нь үнэн. Гэхдээ бидний хооронд тохирсон тохироо бол би зээлээ төлөөд дууссаны дараа байраа буцаан миний нэр дээр шилжүүлэхээр тохиролцсон байсан. Нэхэмжлэлдээ дурдсан түрээсэлж байгаа хүмүүс түрээсээ төлөхгүй байна, албадан гаргуулах гэсэн нь үндэслэлгүй гэж бодож байна. Энэ байрны өмчлөгч нь Б.Жавхлан байх ёстой. Сүүлийн 2 сарын төлбөр төлөгдөөгүй, өмнө нэхэмжлэгч талын төлснийг нөхөн төлсөн баримт болон сар бүр төлж байсан баримтууд байгаа. Ковидын нөхцөл байдал дуусахаар авна гэж шүүгчийн туслахтай нь ярьсан байгаа” гэв.

 

Шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбар, гэрч нарын мэдүүлэг болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Батцэрэн хариуцагч Б.Жавхланд холбогдуулан “орон сууцнаас чөлөөлүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч тал “Р.Бямбарагчаагаас худалдаж авсан” гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Баянзүрх дүүрэг, 25-р хороо, 13-р хороололны 77а тоот 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч нь Б.Батцэрэн мөн болох нь эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, нэхэмжлэгчийн тайлбар, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Р.Бямбарагчаагийн тайлбар зэргээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Б.Батцэрэн Баянзүрх дүүрэг, 25-р хороо, 13-р хороололны 77а тоот 2 өрөө орон сууцаа барьцаалж, Төрийн банк ХХК-иас хэрэглээний зориулалтаар 65,000,000 төгрөгийг жилийн 21.6 хувьтай зээлж, уг орон сууцаа барьцаалуулсан болох нь нэхэмжлэгч талын тайлбар, зээлийн гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь зэргээр тогтоогдож байна.

Р.Бямбарагчаа 2020 оны 5 сарын 29-ний өдөр иргэн Т.Чагцалдуламд Баянзүрх дүүрэг, 25-р хороо, 13-р хороололны 77а тоот 2 өрөө орон сууцыг худалдах, байрны гэрчилгээ гарах үед өмчлөлд нь шилжүүлэхээр тохиролцоод түүнээс нийт 40,000,000 төгрөгийг шилжүүлэн авч 2020 оны 8 сарын 6-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 000806194 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ Р.Бямбарагчаад олгогдоход тус үл хөдлөх хөрөнгийг Т.Чагцалдуламын өмчлөлд шилжүүлэхгүйгээр буюу урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өөрт ашигтай давуу байдлыг бий болгон Т.Чагцалдуламд 40,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт Р.Бямбарагчааг гэм буруутайд тооцож, түүнийг 1,000,000 төгрөгөөр торгож шийтгэсэн болох нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 2021/ШТ/627 дугаартай шийтгэх тогтоолоор тогтоогдож байна.

Дээрх шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон байх ба талууд энэ талаар маргаагүй.

Хариуцагч Б.ЖавхлангийнР.Бямбарагчаагаас худалдаж авсан” гэх тайлбар нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 2021/ШТ/627 дугаартай шийтгэх тогтоол, Т.Чагцалдуламын “залилуулсан” гэх гомдлоо хуулийн байгууллагад гаргаж шалгуулж, шийдвэрлүүлсэн үйлдлээр няцаагдаж байх ба Т.Чагцалдулам, Б.Жавхлан нар нь Р.Бямбарагчаагаас 40,000,000 төгрөгөө иргэний журмаар нэхэмжлэх эрх нь нээлттэй байна.

Хариуцагч болон Т.Чагцалдулам нарын “худалдан авсан” гэх тайлбараар Б.Жавхлан болон Т.Чагцалдулам нарыг маргаан бүхий орон сууцны өмчлөгч гэж үзэх үндэслэлгүй.

Р.Бямбарагчаа банкнаас зээл авах зорилгоор  Баянзүрх дүүрэг, 25-р хороо, 13-р хороололны 77а тоот 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг Б.Батцэрэнд худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн болох нь зохигчдын тайлбар, зээлийн гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваариар тогтоогдож байх ба зохигчид энэ талаар маргаагүй.

“Р.Бямбарагчаад банк зээл олгох боломжгүй нөхцөл байдалтай байсан, түүнд ажилчдын цалинд зарцуулах мөнгө байхгүйн улмаас банкнаас зээл авах зорилгоор маргаан бүхий орон сууцыг Б.Батцэрэнгийн өмчлөлд шилжүүлж, улмаар Б.Батцэрэн 65,000,000 төгрөгийг банкнаас зээлж Р.Бямбарагчаад өгөх, Р.Бямбарагчаа зээл 65,000,000 төгрөгийг бүрэн төлсний дараа Б.Батцэрэн маргаан бүхий орон сууцыг Р.Бямбарагчаагийн нэр дээр буцаан шилжүүлэх, Б.Батцэрэн орон сууцын өмчлөгчөөр бүртгүүлж, улмаар зээл авч өгснийхөө төлөө тодорхой хэмжээний мөнгө авах талаар харилцан тохиролцсон” гэж нэхэмжлэгч тал болон Р.Бямбарагчаа нар тайлбарлаж байх ба уг тайлбар нь хэрэгт авагдсан баримтууд, хэргийн үйл баримттай нийцэж байна.

Б.Жавхлан, Т.Чагцалдулам, Р.Бямбарагчаа нар нь маргаан бүхий орон сууцыг өмчлөх эрхтэй гэж тайлбарлаж байгаа хэдий ч Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.2-т “хэрэв бүртгэлийг бүртгүүлэх эрхгүй этгээдийн нэрээр хийлгэсэн бол энэхүү бүртгэлийн үр дүнд эрх болон эрх зүйн байдлын хувьд хохирч байгаа этгээд бүртгэлд нэр нь байгаа этгээдээс бүртгэлийн тэмдэглэлд өөрчлөлт оруулахыг шаардаж болно” гэж заасны дагуу бүртгэлийн байгууллагад хандаагүй, түүнчлэн уг орон сууцны өмчлөгчөөр бүртгэсэн бүртгэлийг хууль бус болохыг тогтоосон баримт байхгүй байна.

Р.Бямбарагчаа нь Б.Жавхлангаас мөнгө авахын тулд уг орон сууцыг худалдах зорилгоор эзэмшүүлсэн, одоо Б.Жавхлан гэр бүлийн хамт уг орон сууцыг эзэмшиж, чөлөөлж өгөхгүй байгаа болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

           

Б.Батцэрэн Төрийн банкнаас авсан 65,000,000 төгрөгөөс Р.Бямбарагчаагийн данс уруу, Т.Баттөгсийн данс уруу хэд хэдэн төгрөг шилжүүлсэн нь тодорхойгүй хэдий ч, энэ нь нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагад хамааралгүй, Р.Бямбарагчаагийн данс уруу болон түүний зөвшөөрснөөр Т.Баттөгсийн данс уруу хуваан шилжүүлсэн болох нь зохигчдын тайлбар, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

Б.Батцэрэнгийн зээлд Р.Бямбарагчаа мөнгө төлсөн баримтыг хэрэгт өгсөн боловч нийт хэдэн төгрөг төлсөн нь тодорхойгүй хэдий ч энэ нь нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагад хамааралгүй гэж үзэв.

Р.Бямбарагчаа нь маргаан бүхий орон сууцыг худалдах зорилгогүй, Б.Батцэрэн худалдан авах зорилгогүй, Б.Батцэрэн нь орон сууцны үнэд мөнгө төлөөгүй зэрэг тогтоогдож байх боловч хэргийг шийдвэрлэх үеийн байдлаар маргаан бүхий 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчийг Б.Батцэрэнгээс өөр этгээдийг буюу хариуцагч Б.Жавхлан, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Р.Бямбарагчаа, Т.Чагцалдулам нарыг гэж үзэх үндэслэл бичгийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 2021/ШТ/627 дугаартай шийтгэх тогтоол гарч, хүчин төгөлдөр болсноос хойш Б.Жавхланг маргаан бүхий орон сууцыг хууль бусаар эзэмшиж байгаа гэж үзэхээр байна.

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгч Б.Батцэрэн нь өөрийн өмчлөлийн орон сууцаа бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй гэж дүгнэн, Баянзүрх дүүрэг, 25-р хороо, 13-р хороололны 77а тоот 2 өрөө орон сууцыг хариуцагч Б.Жавхлангийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлөхөөр шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Батцэрэнгийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 25-р хороо, 13-р хороололны 77а тоот 2 өрөө орон сууцыг хариуцагч Б.Жавхлангийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, нэхэмжлэгч Б.Батцэрэнд олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Жавхлангаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Батцэрэнд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                  Д.БАТЦЭЦЭГ