Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2021/01786

 

Б.Бгийн нэхэмжлэлтэй

 

иргэний хэргийн тухай

 

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, шүүгч А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2021/02969 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Бгийн хариуцагч Б.Жд холбогдуулан гаргасан орон сууцыг чөлөөлүүлэх нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Б.Ж, гуравдагч этгээд Т.Чнарын гаргасан гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Оюунтунгалаг, хариуцагч Б.Ж, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Т.Ч, Р.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцсон.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Миний бие ...бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч юм. Уг орон сууцанд Б.Ж хууль бусаар оршин сууж байгаа тул орон сууцнаас албадан чөлөөлөн шийдвэр гаргаж өгнө үү. Р.Бнь уг орон сууцны төлбөрт Б.Ж 10 000 000 төгрөг өгсөн, өөр мөнгө өгөөгүй, ажилчдын цалин тавих хэрэгтэй байна, уг байрыг нэр дээрээ шилжүүлээд барьцаанд тавиад өгөөч гэж гуйсан. Одоогоор банкинд 63 000 000 төгрөгийн үлдэгдэл зээл байгаа. Р.Бнь зээлийн төлөлтийг төлсөн гэж байгаа боловч манай дүү анхны төлөлтийг хийж байсан. Дараагийн төлөлтүүдийг төлөхгүй байсан тул дүүгийнхээ машиныг заруулж байж төлсөн.Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

 

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь миний ээж Т.Чнь 2016 оны 8 дугаар сард зээлдэгч Р.Б 2 өрөө орон сууц худалдан авахаар харилцан тохиролцож гэрээ байгуулан 35 000 000 төгрөг шилжүүлсэн. 2020 онд СӨ ХХК-тай байгуулсан гэрээний дагуу ажлын хөлсөнд авах 2 өрөө дээрх орон сууцыг өгөхөөр харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Энэ гэрээг байгуулахдаа нэмж 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 40 000 000 төгрөгийг Р.Б өгсөн. Энэ үед Р.БСӨ ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Өсөхжаргалтай байгуулсан ажил хийх гэрээний нэмэлт 20/214 тоот гэрээг 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан байсан ба энэхүү гэрээгээр .... 75 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг барилга угсралтын ажил бүрэн дуусгавар болсноор эзэмшил дээр нь шилжүүлэн өгөх нөхцөлтэйгөөр байгуулсан байсан. Дээрх гэрээний дагуу орон сууцыг 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр надад хүлээлгэн өгсөн. Гэтэл Р.Бнь бидэнд мэдэгдэлгүй орон сууцыг Б.Бгийн нэр дээр шилжүүлсэн, банкинд барьцаанд тавьсан байсан. Орон сууцны гэрчилгээгээ хүлээж байтал банкнаас нэхэмжлэл ирсэн. Үүнийг Р.Б лавлахад 12 сар гэхэд төлнө гэж хэлээд өнөөдрийг хүрсэн. Манай талаас 65 000 000 төгрөгийг төлөөд байраа авах санал тавьсан боловч өмгөөлөгч нь зөвшөөрөөгүй гэжээ.

 

 

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Т.Чшүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр миний бие өмгөөлөгч В.Ганболдыг гэрчээр оролцуулан хэлцэл хийсэн. Хамгийн сүүлд 40 000 000 төгрөгийг төлөөд түлхүүрээ авч, орон сууцанд нүүж орсон. Хэлцэлд Т.Ч нэр дээр гэрчилгээг шилжүүлнэ гэж бичсэн. Миний бие 2016 онд 35 000 000 төгрөг, 2020 онд 40 000 000 төгрөг өгсөн, нийт 100 000 000 гаруй төгрөгийг төлсөн. Гэтэл орон сууцны гэрчилгээг өөр хүний нэр дээр гаргаад банкны барьцаанд тавьсан байна. Р.Бнь банкны зээлийг өөрөө төлөөд явж байгаа гэж тайлбарладаг. Гэтэл сүүлийн 2 сарын зээлийн төлбөрөө төлөөгүй байна гэжээ.

 

 

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Р.Бшүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2020 онд Москва хороололд 15 давхар барилга барих гэрээ байгуулж, гэрээний дагуу барьсан. Тухайн барилгын гэрээний 30 хувьд бартерд нь маргаан бүхий орон сууцыг үнэлээд 150 000 000 төгрөгийн байрыг өгсөн. Ажил дуусаагүй байхад байраа урьдчилж аваад зарж борлуулах, ажилчдынхаа цалинг гүйцээж өгөх гэдэг утгаар байраа урьдчилж өгсөн. Т.Ч, Б.Ж нартай гэрээ байгуулж, орон сууц өгөх ёстой байсан. Орон сууцыг 50 м.кв-аар тооцон тухайн үедээ 35 000 000 төгрөг авсан. Түүнийхээ хүүг нь тооцоод 50 м.кв дээр нь одоо байгаа байрных нь 25 м.кв-н зөрүүд 40 000 000 төгрөг аваад байранд оруулсан. Барилгын ажил удаашралтай явагдаж байсан тул захиалагч компанийн хүсэлтээр 3 давхрын ажил буюу 13, 14, 15 давхрын ажлыг өөр компани гүйцэтгэсэн. Иймээс бартерын 150 000 000 төгрөгийн байрны 30 хувийн төлбөрийг би төлөхөөр болсон. Тухайн үед ажилчдынхаа цалинг тавьж чадахгүй байсан тул бартерын байраа өөр хүний нэр дээр шилжүүлээд зээл авахаас өөр аргагүйд хүрсэн. Ингээд Б.Бг гуйж, бараа нэр дээр нь шилүүлэн зээл авахуулсан. Зээлийн эргэн төлөлтийг миний бие өөрөө төлж байсан бөгөөд 8,9 дүгээр сарын төлөлтийг хийгээгүй байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хангагдах үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Бгийн өмчлөлийн .... 2 өрөө орон сууцыг хариуцагч Б.Жгийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, нэхэмжлэгч Б.Бд олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Жгаас 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Бд олгож шийдвэрлэжээ.

 

 

 

Хариуцагч Б.Ж, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Т.Чнар давж заалдах журмаар гаргасан гомдолд: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүх хэрэг маргааныг хянан хэлэлцээд нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна. Бид 2018 оны 8 дугаар сард Р.Бямбарагчаагаас орон сууц худалдан авахаар урьдчилан тохиролцож 35 000 000 төгрөгийг бэлнээр өгсөн. Ингээд Р.Бнь 2020 онд СӨ'' ХХК-тай байгуулсан гэрээний дагуу ажлын хөлсөнд авах 2 өрөө байрыг бидэнд өгөхөөр харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Бид энэхүү гэрээг байгуулахдаа 2020 оны 5 дугаар сарын 29-ны өдөр нэмж 40 000 000 төгрөгийг Р.Б өгсөн. Тухайн үед гэрээ байгуулах болсон шалтгаан нь Р.Бнь дээр дурдсан барилгын компанитай Ажил хийх гэрээний нэмэлт 20/214 тоот гэрээ-г байгуулсан байсан бөгөөд энэхүү гэрээгээр Р.Бнь ажлын төлбөртөө тооцон ........ 75 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг авахаар тохиролцсон байсан. Р.Бнь дээрх орон сууцыг ашиглалтад ороход нь үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг Т.Ч нэр дээр гаргаж өгнө гэж байсан. Гэтэл байр ашиглалтад орж гэрчилгээг гаргах болоход Б.Б гэж хүний нэр дээр гэрчилгээ гаргасан байсан. Шалтгаан нь Р.Бнь ажилчдын цалин тавих зорилгоор Б.Бгийн нэр дээр орон сууцыг шилжүүлж, зээл авсан байсан. Уг зээлийн төлөлтийг Р.Бтөлж байгаа. Уг орон сууцны жинхэнэ өмчлөгч нь Б.Ж юм. Түүнчлэн, Б.Ж шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох тухай хүсэлтийг гаргасан боловч хүсэлтийг хангалгүй, шүүх хуралдааныг үргэлжлүүлсэнд гомдолтой байна. Мөн шүүх хуралдаанд гэрчээр ........ нар оролцсон боловч шүүх гэрчүүдийн мэдүүлгийг хэрхэн үнэлж байгаа нь ойлгомжгүй, энэ талаар шүүхийн шийдвэрт тусгаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх, эсхүл дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч Б.Б орон сууц хууль бус эзэмшлээс чөлөөлөх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Жд холбогдуулан гаргажээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг хариуцагч Б.Ж, гуравдагч этгээд Т.Чнар эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байна.

 

Зохигчид 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээ байгуулан шүүхэд ирүүлжээ. Уг гэрээгээр хариуцагч Б.Ж болон гуравдагч этгээд Т.Чнараас нэхэмжлэгч Б.Бд 86 420 000 төгрөгийг 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр бүрэн төлж барагдуулсан, нэхэмжлэгч Б.Б нь орон сууц хууль бус эзэмшлээс чөлөөлөх нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, .... 75 м.кв талбайтай орон сууцыг Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний дагуу иргэн Э.О-ийн өмчлөлд 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн дотор шилжүүлэхээр харилцан тохиролцжээ. Талуудын тохиролцоо нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

 

Зохигчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд эвлэрэх эрхтэй тул давж заалдах шатны шүүхээс эвлэрлийг батлан шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4, 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2021/02969 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч Б.Ж болон гуравдагч этгээд Т.Чнараас нэхэмжлэгч Б.Бд 86 420 000 төгрөгийг 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр бүрэн төлж барагдуулсан, нэхэмжлэгч Б.Б нь .... 75 м.кв талбайтай орон сууц хууль бус эзэмшлээс чөлөөлөх нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, .......... 75 м.кв талбайтай орон сууцыг Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний дагуу иргэн .....Э-ийн өмчлөлд 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн дотор шилжүүлэх-ээр харилцан тохиролцож, эвлэрэн хэлэлцсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар гуравдагч этгээд Т.Ч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү магадлалыг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол албадан гүйцэтгэхийг зохигчдод тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар зохигчид хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, мөн тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

 

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

 

 

А.МӨНХЗУЛ