Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 181/ШШ2021/01726

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны09 сары 22 өдөр

                         181/ШШ2021/01726

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: А.Х/РД: /-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: С.Д/РД: /-д холбогдох, 

 

25 000 000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхцэцэг, хариуцагч С.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сэлэнгэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч А.Х шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “А.Х миний бие 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр С.Дтай түүний эзэмшлийн Сүхбаатар дүүрэг, 14-р хороо, 7 буудал, худалдаа үйлчилгээний хаягт байрлах 44 мкв талбайтай газрыг худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн хамт 25 000 000/хорин таван сая/ төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан юм.

Би гэрээ байгуулсан өдрөө буюу 2018 оны 05 дугаар сарын 31-нд өөрийн Хаан банкны 5033156465 тоот данснаас 23 000 000/хорин гурван сая/ төгрөгийг С.Дын Хаан банкны 5037226146 тоот данс руу шилжүүлж, үлдэх 2 000 000/хоёр саятөгрөгийг С.Дд бэлнээр хүлээлгэн өгсөн.

Дээрх гэрээний дагуу газар болон үл хөдлөх хөрөнгийг өөрийн нэр дээр шилжүүлэх хүсэлтээ газрын албанд гаргахад “шилжүүлэх боломжгүй газар байна” гэсэн хариу өгсөн. Ингээд С.Дтай байгуулсан гэрээнээсээ татгалзаж, өгсөн мөнгөө буцаан авах шаардлагыг удаа дараа тавьсан боловч “удахгүй буцааж төлнө” гэсэн атлаа өдийг хүртэл нэг ч төгрөг буцааж төлөөгүй байна.

Би 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр С.Дтай уулзаж, 25 000 000 төгрөгөө буцаан төлөхийг шаардахад “одоогоор буцаан төлөх боломжгүй байна, эвлэрлийн журмаар шийдвэрлүүлээд, 21 000 000 төгрөгийг сар бүр боломжоороо хувааж төлье” гээд буцаан төлөхөө илэрхийлсэн баталгааг бичгээр гаргаж өгсөн.

Ингээд С.Дын эвлэрүүлэн зуучлагчид хандаж шийдвэрлүүлэх хүсэлтийг харгалзан үзэж, 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд хандан С.Даас 21 000 000 төгрөг гаргуулах тухай өргөдөл гаргасан. Гэвч С.Д нь 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд хүрэлцэн ирээд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлсэн тул эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтад хүрээгүй. Иймд шүүхэд хандан С.Даас 25 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж байна.

Хариуцагч С.Даас 25 000 000/хорин таван саятөгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282 950 /хоёр зуун наян хоёр мянга есөн зуун тавин/ төгрөгийн хамт гаргуулан нэхэмжлэгч А.Х надад олгож, намайг хохиролгүй болгож өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.” гэв.

 

Хариуцагч С.Д шүүхэд гаргасан хариу тайлбар болон хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тус шүүхэд иргэн А.Хын С.Д миний нэр дээр гаргасан гэрээний үүргийн гүйцэтгэлд 25 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ хийж, нотариатчаар батлуулж, уг гэрээний дагуу газар болон үл хөдлөх хөрөнгийг өөрийн нэр дээр шилжүүлэх хүсэлтээ газрын албанд гаргахад “шилжүүлэх боломжгүй” гэсэн хариу өгсөн байсан. Уг газар нь тухайн үедээ 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүртэлх хугацаанд хүчинтэй байсан. Ийм учраас миний бие тухайн газрыг шилжих боломжгүй гэдгийг өмнө нь мэдэх боломжгүй байсан, тухайн үедээ эрхийн доголдолгүй гэж үзэж, гэрээнд өөрийн хүсэл зоригоо илэрхийлсэн. Энэ хариуг тодорхой хугацааны дараа өгсөн. Х гэрээ байгуулагдсан өдрөөс эхлэн тухайн обьектод 2018 оны 05 дугаар сарын 31-нээс 2019 оны 05 дугаар сарын 31-ний хүртэл нэг жилийн хугацаанд тасралтгүй үйл ажиллагаа явуулсан, эхний саруудад өөрөө ажиллуулж байгаад сүүлийн саруудад бусдад түрээслүүлсэн.

Түрээсээ А.Х өөрийн хаан банкны 5033156465 тоот дансаар 2019 оны 05 дугаар сар хүртэл түрээсийн төлбөрийг авч байсан. Тухайн хугацаанд авч байсан түрээсийн нийт мөнгөн дүнгийн талаарх мэдээлэл нь энэ дансны хуулгаар харагдах тул энэ дансны хуулгыг гаргуулахыг шүүхээс хүсч байна.

Х надаас буцаалтын мөнгийг нэхэхэд би Хын хаан банкны 5033156465 тоот данс руу 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 635 000 төгрөгийг шилжүүлсэн.

Газрын эрх шилжүүлэхэд татварын албанд төлөх 195 000 төгрөгийг тухайн өдөр Хд бэлнээр өгсөн.

2018 оны 9-10 сарын үед Хаас байрыг түрээслэж байсан түрээслэгч нар нь дотроо архи дарс ууж, хуушуурынхаа тогоог залгаатай нь орхисны улмаас гал гарсан. Хажуу талынх нь хүмүүс шөнийн 12 цагт над руу утасдаж мэдэгдсэн, би 102 руу дуудлага өгч, тухайн үед цагдаагийн бүрэлдэхүүн ирж шинжилгээ хийгээд явсан. Энэ байрыг буцаан хэвийн болгохдоо 800 000 төгрөгийн засвар хийж байсан. /Замаска, эмульс, обой, гэрлийн утас, нэмэх гэрэл тус бүр 3-н ширхэгийг сольсон, ажлын хөлстэйгээ нийт 800 000 төгрөг болсон/

Иймд гаргасан нэхэмжлэлээс 15 000 000 сая төгрөгийг хүлээн зөвшөөрч байна, харин үлдсэн 10 000 000 төгрөгийг дээрх шалтгааны улмаас хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэрээг талууд тэгш эрхийн үндсэн дээр бусдын дарамт шахалт болон бусад хүчин зүйлийн нөлөөлөлд авталгүй, хүсэлт зоригоо бүрэн илэрхийлж байгуулсан гэх мэт заасан байна. Гэтэл А.Х нь энэ гэрээний үүргээ өөрөө биелүүлээгүй юм шиг санагдаж байна. 2021 оны 05 дугаар сард хугацаа дуусна гэдгийг өөрөө мэдсээр байж 3 жилийн хугацаанд ажиллуулсан. Тийм учраас энэ хугацаанд нэхэмжлээд байгаа 25.000.000 төгрөгийг өөрөө олж авах боломж байсан гэж харж байгаа юм. Гэтэл өөрөө 2019 оны 05 дугаар сараас хойш утас нь ч холбогдохгүй алга болж байгаад 2021 оны 03 дугаар сард гэнэт гарч ирээд нэхэмжлэл гаргасан байгаа. Тийм учраас би энэ нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч А.Х хариуцагч С.Даас 25 000 000/хорин таван сая/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч С.Д нь 15 000 000/арван таван сая/ төгрөгийг хүлээн зөвшөөрч байна, 10 000 000/арван сая/ төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.Х хариуцагч С.Даас нийт 25 000 000/хорин таван сая/ төгрөгийг гаргуулах нэхэмжлэлээс 635 000/зургаан зуун гучин таван мянга/ төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

          Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

          Зохигчид 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулсан болох нь Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

          Тус Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний 1, 3-ын 3.9-д зааснаар хариуцагч нь Сүхбаатар дүүрэг, 14-р хороо, 7 буудал худалдаа үйлчилгээ хаягт байрлах 44/дөчин дөрөв/ м.кв эзэмших эрхтэй газрыг 44/дөчин дөрөв/ м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай хувийн сууцны хамт нэхэмжлэгчид шилжүүлэхээр харилцан тохиролцсон болох нь зохигчийн тайлбар, Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний хуулбараар тогтоогдож байх ба зохигчид энэ үйл баримтын талаар мараагүй болно.

 

          Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5-д “Энэ хуулиар зохицуулаагүй ... гэрээний үндсэн шинж, хэлбэрийг илэрхийлсэн өвөрмөц агуулга бүхий гэрээг нэрлэгдээгүй гэрээ гэнэ. Нэрлэгдээгүй гэрээнд энэ хуулийн үүргийн тухай нийтлэг үндэслэл хамаарна.” гэж заасан.

 

          Зохигчийн байгуулсан тус Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5 дахь хэсэгт заасан нэрлэгдээгүй гэрээний шинжтэй байх тул нэрлэгдээгүй гэрээ/цаашид “Гэрээ” гэх/ гэж үзнэ.

 

Зохигчид Сүхбаатар дүүрэг, 14-р хороо, 7 буудал худалдаа үйлчилгээ хаягт байрлах 44/дөчин дөрөв/ м.кв эзэмших эрхтэй газрын эзэмших эрх болон, мөн хаягт байрлах 44/дөчин дөрөв/ м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай хувийн сууцыг нийт 25 000 000/хорин таван сая/ төгрөгөөр үнэлж, нэхэмжлэгч нь хариуцагчид 25 000 000/хорин таван сая/ төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн болох нь зохигчийн тайлбар, Хаан банкин дахь 5033156465 дугаар депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчид нийт 25 000 000/хорин таван сая/ төгрөгийг шилжүүлсэн болох нь зохигчийн тайлбар, Хаан банкин дахь 5033156465 дугаар депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь Гэрээний 3-ын 3.1-т зааснаар газрыг өөрийн хүсэлтээр, харилцан тохиролцож шилжүүлсэн гэж маргаж байна.

 

Хариуцагчийн “... “шилжүүлэх боломжгүй” гэсэн хариу өгсөн байсан ...” гэх тайлбараар хариуцагч нь Сүхбаатар дүүрэг, 14-р хороо, 7 буудал худалдаа үйлчилгээ хаягт байрлах 44/дөчин дөрөв/ м.кв эзэмших эрхтэй газар болон, мөн хаягт байрлах 44/дөчин дөрөв/ м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай хувийн сууцыг нэхэмжлэгчийн эзэмшил, өмчлөлд шилжүүлэн өгөөгүй болох нь тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй.” гэж заасан.

 

Зохигчид Гэрээ байгуулснаас хойш 3/гурав/ жилийн хугацаа өнгөрчээ.

 

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчид Гэргээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэх хангалттай хугацаа тогтоосон гэж үзэх ба нэхэмжлэгч Гэрээнээс татгалзсан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т “Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал ... орох байсан орлогыг хохиролд тооцно.” гэж заасан.

 

Нэхэмжлэгч нь Сүхбаатар дүүрэг, 14-р хороо, 7 буудал худалдаа үйлчилгээ хаягт байрлах 44/дөчин дөрөв/ м.кв эзэмших эрхтэй газрын эзэмших эрх болон, мөн хаягт байрлах 44/дөчин дөрөв/ м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай хувийн сууцны төлбөрт хариуцагчид нийт 25 000 000/хорин таван сая/ төгрөгийг шилжүүлсэн болох нь зохигчийн тайлбар, Хаан банкин дахь 5033156465 дугаар депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгчид 24 365 000/25000000-635000=24365000/ /хорин дөрвөн сая гурван зуун жаран таван мянга/ төгрөгийн хохирол учирсан гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас 24 365 000/хорин дөрвөн сая гурван зуун жаран таван мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгч тухайн объектыг бусдад түрээслүүлсэн, энэ байранд засвар хийж байсан гэж тайлбарлаж байх боловч тухайн асуудлаар нэхэмжлэгчид холбогдуулан сөрөг нэхэмжлэл гаргаагүй тул тухайн асуудлаар эрх нь зөрчигдсөн гэж үзвэл шүүхэд мэдүүлэх эрх нээлттэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүх Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5, 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Даас нийт 24 365 000/хорин дөрвөн сая гурван зуун жаран таван мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Хд олгох нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

  1. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5, 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Даас нийт 24 365 000/хорин дөрвөн сая гурван зуун жаран таван мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Хд олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.Х хариуцагч С.Даас нийт 25 000 000/хорин таван сая/ төгрөгийг гаргуулах нэхэмжлэлээс 635 000/зургаан зуун гучин таван мянга/ төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 106 дугаар зүйлийн 106.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч А.Хын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 282 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Даас улсын тэмдэгтийн хураамжид нийт 279 775 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Хд олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан   сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ХИШИГБАТ