Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2021/01699

 

 

2021 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2021/01699

 

А.Хын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 181/ШШ2021/01726 дугаар шийдвэртэй

А.Хын нэхэмжлэлтэй хариуцагч С.Дд холбогдох

25 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхцэцэг, түүний өмгөөлөгч Л.Оюун-Эрдэнэ, хариуцагчийн өмгөөлөгч Б.Гэрэл-Очир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

Нэхэмжлэгч А.Х шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Би 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр С.Дтай худалдах, худалдан авах гэрээ байгуулж, түүний эзэмшлийн Сүхбаатар дүүрэг, 14-р хороо, 7 буудал, худалдаа үйлчилгээний хаягт байрлах 44 мкв талбайтай газрыг худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн хамт 25 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохирсон. Би гэрээ байгуулсан өдрөө буюу 2018 оны 05 дугаар сарын 31-нд өөрийн Хаан банкны 5033156465 тоот данснаас 23 000 000/хорин гурван сая/ төгрөгийг С.Дын Хаан банкны 5037226146 тоот данс руу шилжүүлж, үлдэх 2 000 000/хоёр сая/ төгрөгийг С.Дд бэлнээр хүлээлгэн өгсөн. Дээрх гэрээний дагуу газар болон үл хөдлөх хөрөнгийг өөрийн нэр дээр шилжүүлэх хүсэлтээ газрын албанд гаргахад шилжүүлэх боломжгүй газар байна гэсэн хариу өгсөн. Ингээд С.Дтай байгуулсан гэрээнээсээ татгалзаж, өгсөн мөнгөө буцаан авах шаардлагыг удаа дараа тавьсан боловч удахгүй буцааж төлнө гэсэн атлаа өдийг хүртэл нэг ч төгрөг буцааж төлөөгүй байна. Би 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр С.Дтай уулзаж, 25 000 000 төгрөгөө буцаан төлөхийг шаардахад одоогоор буцаан төлөх боломжгүй байна, эвлэрлийн журмаар шийдвэрлүүлээд, 21 000 000 төгрөгийг сар бүр боломжоороо хувааж төлье гээд буцаан төлөхөө илэрхийлсэн баталгааг бичгээр гаргаж өгсөн. 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд хандан С.Даас 21 000 000 төгрөг гаргуулах тухай өргөдөл гаргасан. Гэвч С.Д нь 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд хүрэлцэн ирээд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлсэн тул эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтад хүрээгүй. Иймд хариуцагч С.Даас 25 000 000 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282 950 төгрөгийн хамт гаргуулан нэхэмжлэгч А.Х надад олгож, намайг хохиролгүй болгож өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. гэжээ.

Хариуцагч С.Д шүүхэд болон хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Тус шүүхэд иргэн А.Хын С.Дын нэхэмжлэлийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ хийж, нотариатчаар батлуулж, уг гэрээний дагуу газар болон үл хөдлөх хөрөнгийг өөрийн нэр дээр шилжүүлэх хүсэлтээ газрын албанд гаргахад шилжүүлэх боломжгүй гэсэн хариу өгсөн байсан. Уг газар нь тухайн үедээ 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүртэлх хугацаанд хүчинтэй байсан. Ийм учраас миний бие тухайн газрыг шилжих боломжгүй гэдгийг өмнө нь мэдэх боломжгүй байсан, тухайн үедээ эрхийн доголдолгүй гэж үзэж, гэрээнд өөрийн хүсэл зоригоо илэрхийлсэн. Энэ хариуг тодорхой хугацааны дараа өгсөн. А.Х гэрээ байгуулагдсан өдрөөс эхлэн тухайн обьектод 2018 оны 05 дугаар сарын 31-нээс 2019 оны 05 дугаар сарын 31-ний хүртэл нэг жилийн хугацаанд тасралтгүй үйл ажиллагаа явуулсан, эхний саруудад өөрөө ажиллуулж байгаад сүүлийн саруудад бусдад түрээслүүлсэн. Түрээсээ А.Х өөрийн хаан банкны 5033156465 тоот дансаар 2019 оны 05 дугаар сар хүртэл түрээсийн төлбөрийг авч байсан. Тухайн хугацаанд авч байсан түрээсийн нийт мөнгөн дүнгийн талаарх мэдээлэл нь энэ дансны хуулгаар харагдах тул энэ дансны хуулгыг гаргуулахыг шүүхээс хүсч байна. А.Х надаас буцаалтын мөнгийг нэхэхэд би А.Хын хаан банкны 5033156465 тоот данс руу 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 635 000 төгрөгийг шилжүүлсэн. Газрын эрх шилжүүлэхэд татварын албанд төлөх 195 000 төгрөгийг тухайн өдөр А.Хд бэлнээр өгсөн. 2018 оны 9-10 сарын үед А.Хаас байрыг түрээсэлж байсан түрээслэгч нар нь дотроо архи дарс ууж, хуушуурынхаа тогоог залгаатай нь орхисны улмаас гал гарсан. Хажуу талынх нь хүмүүс шөнийн 12 цагт над руу утасдаж мэдэгдсэн, би 102 руу дуудлага өгч, тухайн үед цагдаагийн бүрэлдэхүүн ирж шинжилгээ хийгээд явсан. Энэ байрыг буцаан хэвийн болгохдоо 800 000 төгрөгийн засвар хийж байсан. /Замаска, эмульс, обой, гэрлийн утас, нэмэх гэрэл тус бүр 3-н ширхэгийг сольсон, ажлын хөлстэйгээ нийт 800 000 төгрөг болсон. Иймд гаргасан нэхэмжлэлээс 15 000 000 сая төгрөгийг хүлээн зөвшөөрч байна, харин үлдсэн 10 000 000 төгрөгийг дээрх шалтгааны улмаас хүлээн зөвшөөрөхгүй байна. А.Х нь энэ гэрээний үүргээ өөрөө биелүүлээгүй юм шиг санагдаж байна. 2021 оны 05 дугаар сард хугацаа дуусна гэдгийг өөрөө мэдсээр байж 3 жилийн хугацаанд ажиллуулсан. Тийм учраас энэ хугацаанд нэхэмжлээд байгаа 25 000 000 төгрөгийг өөрөө олж авах боломж байсан гэж харж байгаа юм. Гэтэл өөрөө 2019 оны 05 дугаар сараас хойш утас нь ч холбогдохгүй алга болж байгаад 2021 оны 03 дугаар сард гэнэт гарч ирээд нэхэмжлэл гаргасан байгаа. Тийм учраас би энэ нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. гэжээ.

ШҮҮХ: Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5, 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Даас нийт 24 365 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Хд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.Х хариуцагч С.Даас нийт 25 000 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлээс 635 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 106 дугаар зүйлийн 106.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч А.Хын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 282 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Даас улсын тэмдэгтийн хураамжид нийт 279 775 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Хд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч С.Д давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Нэхэмжлэгч нь 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэл гаргасныг мэдэж, хариу тайлбараа өгсөн. Үүний дараа хэргийн материалтай танилцахаар очсон боловч корана гарсан учраас удаан хугацаагаар өрөөнд байлгах боломжгүй гэж хэлсэн тул хэргийн материал бүрэн танилцуулалгүй өрөөнөөс гарахыг шаардсан. Мөн А.Хаас газар төлөлтөнд төлсөн 195 000 төгрөгийг баримтаар гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасан боловч шүүгчийн туслах таны гаргасан хүсэлт буруу, болохгүй байна гээд буцаасан. Шүүгчийн туслах 2021 оны 6 дугаар сарын сүүлээс 8 дугаар сар хүртэл амарсан. Амраад ажилдаа ороход нь хүсэлтээ авч очсон боловч мөн буцаасан. Тухайн үед хөдөө явах ажил гарсан тул яваад ирж болно, хурал зарлах болоогүй гэсэн. Ингээд хөдөө явж, 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн орой ирэхэд маргааш шүүх хуралтай болохыг мэдсэн. Ингээд хэргийн материалтай бүрэн танилцаж, сөрөг нэхэмжлэл гаргаж чадалгүй шүүх хуралдаанд оролцсон. Иймд анхан шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25,26 дугаар зүйлд заасан эрхийг эдлүүлээгүй, хууль зөрчсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

Нэхэмжлэгч А.Х нь хариуцагч С.Дд холбогдуулан 25 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч 15 000 000 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх 10 000 000 төгрөгийг эс зөвшөөрчээ.

Зохигчид 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулж, уг гэрээгээр Сүхбаатар дүүрэг, 14 хороо, 7 буудал худалдаа үйлчилгээний хаягт байрлах 44 м.кв талбайтай эзэмших эрхтэй газрыг 44 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай хувийн сууцны хамт шилжүүлэхээр харилцан тохиролцсон үйл баримтын талаар хэн аль нь маргаагүй байна.

Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байхад шүүх нэрлэгдээгүй гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь хууль хэрэглээний хувьд зөрчилтэй болжээ.

Нэрлэгдээгүй гэрээ нь талууд хүсэл зоригоо тодорхой илэрхийлж гэрээний эрх чөлөөний зарчмын хүрээнд чөлөөтэй байгуулсан, Иргэний хуульд нэрлэн заагаагүй гэрээний гол нөхцлийн талаар илэрхийлсэн байдгаараа онцлогтой. Харин зохигчдын хооронд үүссэн худалдах, худалдан авах гэрээний харилцааг нэрлэгдээгүй гэрээ гэж үзэх боломжгүй.

Талуудын тайлбараар орон сууцыг газар эзэмших эрхийн хамт шилжүүлэхээр тохиролцсон, хэлцэл хийсэн гэх үйл баримт дээр маргаагүй.

Иргэний хуулийн 252 дугаар зүйлийн 252.1 дэх хэсэгт Худалдсан эд хөрөнгийн хувьд гуравдагч этгээд өөрийн эдлэх эрхийн талаар худалдагчид гомдлын шаардлага гаргахааргүй бол эрхийн доголдолгүй эд хөрөнгө гэнэ гэж, мөн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй гэж заажээ.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээ цуцлагдсан буюу нэхэмжлэгч худалдан авсан эд хөрөнгийн эрхийг шилжүүлэх боломжгүй байгаатай холбоотойгоор гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлж өгсөн зүйлийг буцаан авахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, уг асуудлаар талууд маргасан байхад анхан шатны шүүх гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирол гэсэн агуулгаар шийдвэрлэсэн нь хууль зүйн хувьд үндэслэл муутай болсон байна.

Мөн анхан шатны шүүх худалдах, худалдан авах гэрээний дагуу өмчлөх эрх болон эзэмших эрх шилжүүлэх ажиллагаанууд хийгдэх боломжгүй байсан буюу эрхийн доголдолтой нөхцөл байдал үүссэн эсэхийг тодруулах шаардлагатай.

Түүнчлэн, гэрээний зүйл одоо хэний эзэмшилд байгаа нь талуудын тайлбар, баримтаар тогтоогдохгүй байна. Маргааны зүйл болох Сүхбаатар дүүрэг, 14 хороо, 7 буудал худалдаа үйлчилгээний хаягт байрлах 44 м.кв талбайтай эзэмших эрхтэй газрыг 44 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай хувийн сууц нь одоо хэний эзэмшилд байгаа, ямар хугацаанд нэхэмжлэгчийн эзэмшилд байсан гэх үйл баримтуудыг тодруулснаар Иргэний хуулийн зохих зохицуулалтуудад хамаарах урьдчилсан нөхцөл бүрдэх ёстой.

 

2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдааныг явуулах боломжтой гэдгээ илэрхийлсэн байх тул анхан шатны шүүхээс хариуцагчийн өмгөөлүүлэх эрхийг зөрчөөгүй байна. Харин хариуцагч С.Дд хэргийн материалыг танилцуулах ажиллагааг хийлгүй хэргийг шийдвэрлэж, хэргийн оролцогчийн эрхийг зөрчжээ. /хх.53-61/

Давж заалдах шатны шүүхээс дээрх зөрчлийг арилгах, хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааны үйл баримт, хууль хэрэглээний хувьд дүгнэлт хийх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.1.7 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 181/ШШ2021/01726 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 282 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Ц.ИЧИНХОРЛОО