Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 181/ШШ2021/01487

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 08 сарын 04 өдөр

                          181/ШШ2021/01487

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “А” ХХК/РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б.Э/РД: /,

 

Хариуцагч: Ш.С/РД: / нарт холбогдох,

 

311 143 347.47 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Пүрэвдорж, У.Энхтайван, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баярсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сэлэнгэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч “А” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Пүрэвдорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн Б.Э, Ш.С нар нь 2020 оны 01 дугаар сарын 20-ны өдөр 2105018260А тоот нэмэлт Зээлийн болон Барьцааны гэрээг байгуулан, бизнесийн зориулалтаар 250,000,000/хоёр зуун тавин сая/ төгрөгийн зээл авсан билээ. Зээлийн барьцаанд Хан-Уул дүүрэг, 4-р хороо, Нүхтийн зам гудамж, 8А тоот хаягт байршилтай Ү-2206023166 улсын бүртгэлийн дугаартай З07.м.кв талбайтай хувийн сууц барьцаалсан.

Гэвч зээлдэгч нь зээл төлөх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг 2020 оны 04 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн хугацаа хэтэрч зээлийн эргэн төлөлт огт хийгдээгүй байсаар зээлийн гэрээний хугацаа 2020 оны 06-р сарын 27-ны өдөр дууссан болно. Зээлийн эргэн төлөлт хийхийг банкнаас удаа дараа шаардаж мэдэгдсэн боловч зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар үндсэн зээл 249,999,388.12/хоёр зуун дөчин есөн сая есөн зуун ерин есөн мянга гурван зуун наян найман төгрөг арван хоёр мөнгө/ төгрөг, зээлийн үндсэн хүү 31,693,073.73/гучин нэгэн сая зургааг зуун ерэн гурван мянга далан гурван төгрөг далан гурван мөнгө/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,359,439.06/дөрвөн сая гурван зуун тавин есөн мянга дөрвөн зуун гучин есөн төгрөг зургаан мөнгө/, нийт 286,051,900.91/хоёр зуун наян зургаан сая тавин нэгэн мянга есөн зуун төгрөг ерэн нэгэн мөнгө/ төгрөгийн өртэй болоод байна. Хамгийн сүүлд өгсөн депозит дансны хуулгаар нийт 500 сая төгрөгийг хэдэн сарын хэдний өдөр цувуулан авсан гэдэг нь тодорхой харагдана.

Иймд дээрх бодогдсон үндсэн зээл, үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг хариуцагч нараас гаргуулж, үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулан шийдвэрлэж өгнө үү.

Нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагадаа: Тус шүүхэд “А’’ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Э/РД: ХП72080671/, Ш.С/РД: Ч372011766/ нарт холбогдох иргэний хэрэг тус шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаа бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс ИХШХШТХуулийн 26.2 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байна. Үүнд:

Нэхэмжлэл гаргах үед 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар үндсэн зээл: 249,999,388.12/хоёр зуун дөчин есөн сая есөн зуун ерэн есөн мянга гурван зуун наян найман төгрөг 12 мөнгө/ төгрөг, зээлийн хүү 31,693,073.73/гучин нэгэн сая зургаан зуун ерэн гурван мянга далан гурван төгрөг 73 мөнгө/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,359,439.06/дөрвөн сая гурван зуун тавин есөн мянга дөрвөн зуун гучин есөн төгрөг 06 мөнгө/ төгрөг, нийт 286,051,900.91/хоёр зуун наян зургаан сая тавин нэгэн мянга есөн зуун төгрөг 91 мөнгө/ төгрөг гаргуулан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн байдлаар зээлийн хүү 52,602,612/тавин хоёр сая зургаан зуун хоёр мянга зургаан зуун арван хоёр/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8,541,347.35/найман сая таван зуун дөчин нэгэн мянга гурван зуун дөчин долоон төгрөг 35 мөнгө/ төгрөг, нийт 25,091,446.56/хорин таван сая ерэн нэгэн мянга дөрвөн зуун дөчин зургаан төгрөг 56 мөнгө/ төгрөгөөр нэхэмжлэлийн үнийн дүнг нэмэгдүүлж, нийт 311,143,347.47/гурван зуун арван нэгэн сая нэг зуун дөчин гурван мянга гурван зуун дөчин долоон төгрөг 47 мөнгө/ төгрөгийг хариуцагч нараас гаргуулан өгнө үү.гэв.

 

Хариуцагч Б.Э, Ш.С нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баярсайхан шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тус шүүхэд гаргасан “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй, зээлийн гэрээний үүрэгт 286,051,900.91/хоёр зуун наян зургаан сая тавин нэгэн мянга есөн зуун төгрөг ерэн нэгэн мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай, хариуцагч Б.Э, Ш.С нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баярсайхан би тайлбарыг гаргаж байна.

Хариуцагч нар нь 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээнд гарын үсэг зурсан бөгөөд 2105018260 дугаарын үндсэн зээлийн гэрээний зээлдэгч “Кредит СТМ ББСБ” ХХК-ийн Гүйцэтгэх захирал болон зээлийн гэрээнд хамтран гарын үсэг зурсан Дариймын Цолмон нар гарын үсэг зураагүй.

Иймээс 2105018260 дугаарын зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтийг хүчин төгөлдөр гэж үзэхгүй байна. Мөн хариуцагч нар нь хэзээ ч “А” ХХК-иас 250,000,000 төгрөгний зээлийг бодитойгоор авч байгаагүй болно.

Нэгдүгээрт манай зүгээс зээлийн 249.999.388,12 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Нэмэгдүүлсэн шаардлагыг шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш нэмэгдүүлсэн байгаа. Нэмэх гээд байгаа бол өнөөдрийг хүртэл дахин нэмэхгүй яасан юм бэ? Нэгэнт шүүхэд нэхэмжлэл гаргасан бол түүнээс хойш нэмэгдүүлсэн шаардлага гаргах боломжгүй. 2-рт Б.Э, Ш.С нар нь 250 сая төгрөгийг бодитоор аваагүй, тухайн хүний өрийг шилжүүлэн авсан байдаг. Тийм учраас 250 сая төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Тиймээс нэмэгдүүлсэн хүү болоод хүүг хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад гэхээр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахдаа үндсэн зээлдэгч болох Кредитех СТМ ББСБ ХХК-ийн төлөөлөгч болон н.Цолмон нарыг оролцуулаагүй хийсэн учраас нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээ бол хүчин төгөлдөр бус учраас хүлээн зөвшөөрөхгүй. Зөвхөн 250 сая төгрөгийн зээлийг бол зөвшөөрч байна.

Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                            

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч “А” ХХК хариуцагч Б.Э, Ш.С нарт холбогдуулан үндсэн зээл 249 999 388.12/хоёр зуун дөчин есөн сая есөн зуун ерэн есөн мянга гурван зуун наян найман төгрөг арван хоёр мөнгө/ төгрөгийг, зээлийн хүүнд 52 602 612/тавин хоёр сая зургаан зуун хоёр мянга зургаан зуун арван хоёр/ төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүнд 8 541 347.35/найман сая таван зуун дөчин нэгэн мянга гурван зуун дөчин долоон төгрөг гучин таван мөнгө/ төгрөгийг, нийт 311 143 347.47/гурван зуун арван нэгэн сая нэг зуун дөчин гурван мянга гурван зуун дөчин долоон төгрөг дөчин долоон мөнгө/ төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Б.Э, Ш.С нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баярсайхан 250 000 000/хоёр зуун тавин сая/ төгрөгийн зээлийг бодитойгоор авч байгаагүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч нь 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр “Кредитех СТМ ББСБ” ХХК, иргэн Д.Цолмон, хариуцагч нартай 2105018260 дугаар Зээлийн гэрээ/цаашид “Гэрээ” гэх/ болон 2105018260 дугаар Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ/цаашид “Барьцааны гэрээ” гэх/ байгуулсан болох нь Гэрээ болон Барьцааны гэрээгээр тогтоогдож байна.

 

Гэрээний 1-ийн 1.1, 1.2, 1.11, 2-ын 2.2-т зааснаар нэхэмжлэгч нь 500 000 000/таван зуун сая/ төгрөгийг, жилийн 19.20/арван ес зууны хорь/ хувийн хүүтэй, 24/хорин дөрөв/ сарын хугацаатай, үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тохиолдолд зээлийн үндсэн хүүгийн 20/хорь/ хувиас хэтрэхгүй нэмэгдүүлсэн хүү тооцохоор “Кредитех СТМ ББСБ” ХХК, иргэн Д.Цолмон, хариуцагч нарт шилжүүлэх, “Кредитех СТМ ББСБ” ХХК, иргэн Д.Цолмон, хариуцагч нар нь Гэрээний Хавсралт №01-т дурдсан хугацаанд зээл, түүний хүүг төлөхөөр харилцан тохиролцсон болох нь Гэрээ болон Зээл, зээлийн хүүг буцаан төлөх хуваариар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хариуцагч Б.Эт 250 000 000/хоёр зуун тавин сая/ төгрөгийг, 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр “Кредитех СТМ ББСБ” ХХК-д 250 000 000/хоёр зуун тавин сая/ төгрөгийг шилжүүлсэн болох нь “А“ ХХК дахь 2105018260 дугаар Зээлийн дансны хуулга болон 2105018261 дугаар Депозит дансны хуулгаар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 415 дугаар зүйлийн 451.1-т “... зээл олгох гэрээгээр ... мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө ... хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан.

 

Зохигчийн байгуулсан Гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт нийцсэн байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Зохигчид 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулсан болох нь 2105018260 тоот зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ/цаашид “Нэмэлт, өөрчлөлт” гэх/-ээр тогтоогдож байна.

 

Тус Нэмэлт, өөрчлөлтийн 1-ийн 1.1, 1.2-т зааснаар зээлийн өрийн үлдэгдэл 250 000 000/хоёр зуун тавин сая/ төгрөгийг хариуцагч Ш.С, Б.Э нар Зээл, түүний хүүг буцаан төлөх хуваарь Хавсралт №01А-д зааснаар төлөх үүрэг хүлээсэн болох нь Нэмэлт, өөрчлөлтөөр тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т “гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан ... бол талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурах ... нөгөө тал хүлээн авснаар;”, 451 дүгээр зүйлийн 451.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээг бичгээр хийнэ.” гэж заасан.

 

Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2, 451 дүгээр зүйлийн 451.2 дахь хэсэгт зааснаар Нэмэлт, өөрчлөлтөд “Кредитех СТМ ББСБ” ХХК-ийг төлөөлөх эрх бүхий этгээд, иргэн Д.Цолмон нар гарын үсэг зураагүй байх боловч Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1 дэх хэсэгт зааснаар Нэмэлт, өөрчлөлт нь хүчин төгөлдөр байна.

 

Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1-т “Нэгэнт үүссэн үүргийн харилцааг гэрчлэх гэрээг хүчин төгөлдөр гэж тооцоход үүрэг гүйцэтгэгч нь үүргийг хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр мэдэгдсэн байвал зохино.” гэж заасан.

 

Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1 дэх хэсэгт зааснаар “Кредитех СТМ ББСБ” ХХК нь 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр “А” ХХК-д үлдэгдэл 250 000 000/хоёр зуун тавин сая/ төгрөгийг Б.Э, Ш.С нар луу шилжүүлэх № 20/03 албан бичиг, Б.Э, Ш.С нар нь зээлийн 250 000 000/хоёр зуун тавин сая/ төгрөгийг өөрсдийн нэр дээр шилжүүлэн авах өргөдөл, зээл шилжүүлэн авах хүсэлт гаргаж байсан болох нь 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Зээл хүсэх өргөдөл, Зээл шилжүүлэн авах тухай хүсэлт, “Кредитех СТМ ББСБ” ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн № 20/03 дугаар албан бичгээр тогтоогдож байна.

 

Зохигчид Нэмэлт, өөрчлөлтөөр Гэрээний хугацаанд өөрчлөлт оруулаагүй байх ба үндсэн зээл болох 500 000 000/таван зуун сая/ төгрөгийн зээлийн үлдэгдэл зээл 250 000 000/хоёр зуун тавин сая/ төгрөгийг, хүүний хамт Хавсралт 01А-д заасан хувиарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцсон болох нь Нэмэлт, өөрчлөлт болон Хавсралт 01А-аар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас үндсэн зээл 249 999 388.12/хоёр зуун дөчин есөн сая есөн зуун ерэн есөн мянга гурван зуун наян найман төгрөг арван хоёр мөнгө/ төгрөгийг, зээлийн хүүнд 52 602 612/тавин хоёр сая зургаан зуун хоёр мянга зургаан зуун арван хоёр/ төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүнд 8 541 347.35/найман сая таван зуун дөчин нэгэн мянга гурван зуун дөчин долоон төгрөг гучин таван мөнгө/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.

 

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т “Зээлдэгч ... төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү ... нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.”, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1-т “... банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.”, 24 дүгээр зүйлийн 1-т “Зээлийг ашигласан хугацаанд гэрээнд заасан хэмжээгээр тооцсон ... зээлийн үнэ нь зээлийн хүү болно.гэж заасан.

 

Гэрээний хугацаа 2020 оны 6 дугаар сарын 27-ны өдөр дуусгавар болсон байх боловч нэхэмжлэгч нь хариуцагч нар Гэрээний хугацаа дуусгавар болсноос хойш хүүнд хэдэн төгрөгийг, мөн нэмэгдүүлсэн хүүнд хэдэн төгрөгийг төлөх үүрэгтэй болохыг нотолсон нотлох баримт болон тооцооллыг шүүхэд гаргаж өгөөгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь нэмэгдүүлсэн хүү, хэтэрсэн хугацааны хүү нэхэмжилсэн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа нотлохгүй байх тул хариуцагч нараас хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг гаргуулах үндэслэлгүй байна.

 

Гэрээ болон Нэмэлт, өөрчлөлтөд зааснаар хариуцагч нар нь 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүртэл 250 000 000/хоёр зуун тавин сая/ төгрөгийн хүүнд 15 419 178.08/арван таван сая дөрвөн зуун арван есөн мянга нэг зуун далан найман төгрөг найман мөнгө/ төгрөгийг төлөх үүрэгтэй болох нь Гэрээ болон Нэмэлт, өөрчлөлт, Хавсралт 01А-ээр тогтоогдож байна.

 

Хариуцагч нар нь 15 419 178.08/арван таван сая дөрвөн зуун арван есөн мянга нэг зуун далан найман төгрөг найман мөнгө/ төгрөгийг төлж барагдуулсан болох нь баримтаар тогтоогдохгүй байх тул Иргэний хуулийн 415 дугаар зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нараас хүүнд нийт 15 419 178.08/арван таван сая дөрвөн зуун арван есөн мянга нэг зуун далан найман төгрөг найман мөнгө/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдсэн 37 183 433.92/гучин долоон сая нэг зуун наян гурван мянга дөрвөн зуун гучин гурван төгрөг ерэн хоёр мөнгө/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч нь үндсэн зээлийн төлбөрт 249 999 388.12/хоёр зуун дөчин есөн сая есөн зуун ерэн есөн мянга гурван зуун наян найман төгрөг арван хоёр мөнгө/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байх ба хариуцагч нар нь үндсэн зээлийг төлж барагдуулсан болох нь баримтаар тогтоогдохгүй байх тул Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нараас үндсэн зээлийн төлбөрт 249 999 388.12/хоёр зуун дөчин есөн сая есөн зуун ерэн есөн мянга гурван зуун наян найман төгрөг арван хоёр мөнгө/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нараас нийт 265 418 566.2/249999388.12+15419178.08=265418566.2/ /хоёр зуун жаран таван сая дөрвөн зуун арван найман мянга таван зуун жаран зургаан төгрөг хоёр мөнгө/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх 45 724 781.27/37183433,92+8541347.35=457247816.27/ /дөчин таван сая долоон зуун хорин дөрвөн мянга долоон зуун наян нэгэн төгрөг хорин долоон мөнгө/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлага гаргажээ.

 

Гэрээний үүргийн гүйцэтгэлд хариуцагч нар нь Улсын бүртгэлийн Ү-2206023166 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 4 хороо, Нүхтийн зам гудамж, 8А тоот, 307 м.кв талбайтай хувийн сууцыг барьцаалуулсан болох нь Барьцааны гэрээний хуулбараар нотлогдож байна.

 

Зохигчид 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Барьцааны гэрээнд нэмэлт, өөрчлөлт/цаашид “Нэмэлт, өөрчлөлт-2” гэх/ оруулсан болох нь Нэмэлт, өөрчлөл-2-оор тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1-т “... үүрэг гүйцэтгүүлэгч тодорхой үл хөдлөх эд хөрөнгө барьцаалахыг ипотек гэнэ.”, 166 дугаар зүйлийн 166.1-т “Ипотек нь улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ.” гэж заасан.

 

Зохигчийн байгуулсан Барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1, 165 дугаар зүйлийн 165.1, 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт нийцсэн байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1-т “Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд ... үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй.”, 175 дугаар зүйлийн 175.1-т “... энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй ... тохиолдолд ... үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана.” гэж заасан.

 

Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар нь ипотекийн шаардлагыг хангах хугацааг хэтрүүлсэн болох нь Гэрээ болон Нэмэлт, өөрчлөлт, Хавсралт 01А-ээр тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар нь энэхүү шийдвэрт заасан төлбөр төлөх үүргээ сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны зүйл болох Улсын бүртгэлийн Ү-2206023166 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 4 хороо, Нүхтийн зам гудамж, 8А тоот, 307 м.кв талбайтай хувийн сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлтэй байна.

 

Шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Э, Ш.С нараас нийт 265 418 566.2/хоёр зуун жаран таван сая дөрвөн зуун арван найман мянга таван зуун жаран зургаан төгрөг хоёр мөнгө/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “А” ХХК-д олгож, үлдэх 45 724 781.27/дөчин таван сая долоон зуун хорин дөрвөн мянга долоон зуун наян нэгэн төгрөг хорин долоон мөнгө/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Э, Ш.С нар нь энэхүү шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Улсын бүртгэлийн Ү-2206023166 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 4 хороо, Нүхтийн зам гудамж, 8А тоот, 307 м.кв талбайтай хувийн сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

  1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Э, Ш.С нараас нийт 265 418 566.2/хоёр зуун жаран таван сая дөрвөн зуун арван найман мянга таван зуун жаран зургаан төгрөг хоёр мөнгө/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “А” ХХК-д олгож, үлдэх 45 724 781.27/дөчин таван сая долоон зуун хорин дөрвөн мянга долоон зуун наян нэгэн төгрөг хорин долоон мөнгө/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Э, Ш.С нар нь энэхүү шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Улсын бүртгэлийн Ү-2206023166 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 4 хороо, Нүхтийн зам гудамж, 8А тоот, 307 м.кв талбайтай хувийн сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.12, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч “А” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 348 407 төгрөгөөс 283 407 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 64 999 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Б.Э, Ш.С нараас улсын тэмдэгтийн хураамжид 283 407 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “А” ХХК-д олгож, хариуцагч Б.Э, Ш.С нараас улсын тэмдэгтийн хураамжид 1 271 836 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан   сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ХИШИГБАТ