Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2021/01553

 

 

2021 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2021/01553

 

А ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2021/01487 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч А ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Э, Ш.С нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 311 143 347.47 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П , У.Э, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Э, Ш.С нар нь 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 2105018260А тоот нэмэлт зээлийн болон барьцааны гэрээг байгуулан, бизнесийн зориулалтаар 250 000 000 төгрөгийн зээл авсан. Зээлийн барьцаанд Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Нүхтийн зам гудамж, 8А тоот хаягт байршилтай Ү-2206023166 улсын бүртгэлийн дугаартай З07 м.кв талбайтай хувийн сууц барьцаалсан. Гэвч зээлдэгч нь зээл төлөх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн хугацаа хэтэрч зээлийн эргэн төлөлт огт хийгдээгүй байсаар зээлийн гэрээний хугацаа 2020 оны 6 дугаар сарын 27-ны өдөр дууссан болно. Зээлийн эргэн төлөлт хийхийг банкнаас удаа дараа шаардаж мэдэгдсэн боловч зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар үндсэн зээл 249 999 388,12 төгрөг, зээлийн үндсэн хүү 31 693 073,73 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4 359 439,06 төгрөг, нийт 286 051 900,91 төгрөгийн өртэй байгаа. Хамгийн сүүлд өгсөн депозит дансны хуулгаар нийт 500 сая төгрөгийг хэдэн сарын хэдний өдөр цувуулан авсан гэдэг нь тодорхой харагдана. Иймд дээрх бодогдсон үндсэн зээл, үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг хариуцагч нараас гаргуулж, үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулан шийдвэрлэж өгнө үү. 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар үндсэн зээл 249 999 388,12 төгрөг, зээлийн хүү 31 693 073,73 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4 359 439,06 төгрөг, нийт 286 051 900,91 төгрөг гаргуулан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн байдлаар зээлийн хүү 52 602 612 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8 541 347,35 төгрөг, нийт 25 091 446,56 төгрөгөөр нэхэмжлэлийн үнийн дүнг нэмэгдүүлж, нийт 311 143 347,47 төгрөгийг хариуцагч нараас гаргуулан өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээнд гарын үсэг зурсан бөгөөд 2105018260 дугаарын үндсэн зээлийн гэрээний зээлдэгч К ББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирал болон зээлийн гэрээнд хамтран гарын үсэг зурсан Д.Ц нар гарын үсэг зураагүй. Иймээс 2105018260 дугаарын зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтийг хүчин төгөлдөр гэж үзэхгүй байна. Мөн хариуцагч нар нь хэзээ ч А ХХК-иас 250 000 000 төгрөгийн зээлийг бодитойгоор авч байгаагүй болно. Зээлийн 249 999 388,12 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Нэмэгдүүлсэн шаардлагыг шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш нэмэгдүүлсэн. Шүүхэд нэхэмжлэл гаргасан бол түүнээс хойш нэмэгдүүлсэн шаардлага гаргах боломжгүй. Б.Э, Ш.С нар нь 250 сая төгрөгийг бодитоор аваагүй, тухайн хүний өрийг шилжүүлэн авсан байдаг. Тийм учраас 250 сая төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Тиймээс нэмэгдүүлсэн хүү болоод хүүг хүлээн зөвшөөрөхгүй. Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахдаа үндсэн зээлдэгч болох К ББСБ ХХК-ийн төлөөлөгч болон н.Ц нарыг оролцуулаагүй хийсэн учраас нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээ бол хүчин төгөлдөр бус учраас хүлээн зөвшөөрөхгүй. Зөвхөн 250 сая төгрөгийн зээлийг бол зөвшөөрч байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Э, Ш.С нараас нийт 265 418 566,2 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А ХХК-д олгож, үлдэх 45 724 781,27 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Э, Ш.С нар нь энэхүү шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Улсын бүртгэлийн Ү-2206023166 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 4 хороо, Нүхтийн зам гудамж, 8А тоот, 307 м.кв талбайтай хувийн сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.12, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч А ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 348 407 төгрөгөөс 283 407 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 64 999 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Б.Э, Ш.С нараас улсын тэмдэгтийн хураамжид 283 407 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А ХХК-д олгож, хариуцагч Б.Э, Ш.С нараас улсын тэмдэгтийн хураамжид 1 271 836 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь үнэлээгүй, бодит байдалд нийцэхгүй, үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсноос хойш үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүд хэдэн төгрөг төлөх үүрэгтэй болох талаар нотлох баримт болон тооцооллыг шүүхэд гаргаж өгөөгүй, энэ талаар нотлоогүй гэж үзсэн. Зээлийн гэрээний хугацааны тухайд 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 2105018260 тоот зээл болон барьцааны гэрээ байгуулагдсан. Зээлдэгч нарын зүгээс зарим зээлдэгч нар нь зээлийн тодорхой хэсгийг төлж зарим зээлдэгч нар нь зээлдэгчээр үлдэх талаар хүсэлт гаргасны дагуу талууд харилцан тохиролцож зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан. 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 2105018260А тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг байгуулснаар зөвхөн Б.Э, Ш.С нар зээлдэгчээр үлдэж мөн өдрөөс зээлийн нийт үлдэгдэл 250 000 000 төгрөг болж хүү, нэмэгдүүлсэн хүү 0 төгрөгөөс тооцогдож эхэлсэн. Нэмэлт гэрээгээр төлбөрийн эргэн төлөлтийн хуваарийг 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүртэл зургаан сарын хугацаатай байгуулж, энэ хугацаанд хүү 15 419 178 төгрөг нэмж төлөх байсан боловч зээлдэгч нар нь гэрээний үүргээ биелүүлж хугацаандаа эргэн төлөлтөө хийгээгүй тул үндсэн гэрээний 1.10, 1.11, нэмэлт гэрээний 3 дах хэсэгт заасны дагуу хүү, нэмэгдүүлсэн хүү үргэлжлэн бодогдож байгаа. 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргахдаа тухайн үед зээлийн үндсэн төлбөр 249 999 388 төгрөг, үндсэн хүү 31 693 073 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4 359 439 төгрөг байсан тул нийт 286 051 900 төгрөгөөр нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлд хавсаргасан баримт болох зээлийн дансны хуулгыг тухайн үеийн байдлаар гаргаж, гаргасан хүн гарын үсэг зурж тэмдэг дарж баталгаажуулсан /хх-н 19-20/ баримт хэрэгт авагдсан. Зээлийн дансны хуулга нь банкны программаас гардаг учир засвар хийх боломжгүй байдаг тул хүү, нэмэгдүүлсэн хүүний нийлбэр гардаггүй харин үндсэн төлбөр, нийт орлого, зарлагын дүн гарсан баримт байгаа.

Зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний тооцооллыг гараар хийж баримтад тооцоолол хийсэн хүн гарын үсэг зурж баталгаажуулсан баримт /хх-н 16-18/ дугаар талд авагдсан. Энэ баримтад зээлийн хэтэрсэн нийт хугацаанд оногдох хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцоолж гараар гаргаж байгаа тул банкны тамга дарагдаагүй. Хариуцагчийн зүгээс гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээ нь хүчин төгөлдөр бус гэж маргасан бөгөөд хүүний тооцоолол дээр маргаагүй. Шүүхийн хэлэлцүүлэгт зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний талаар яригдаагүй, шүүхээс энэ талаар тодруулга явагдаагүй болно. Банкны үйл ажиллагааны үндсэн зарчмын хувьд цаг хугацаанаас хамааран ашиг, алдагдал шалтгаалж байдаг онцлогтой тул шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш хэрэг хянан шийдвэрлэх хугацаа удааширсан тул 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн. Нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэх үед анх нэхэмжлэл гаргах үеийн зээлийн үндсэн хүү 31 693 073 төгрөг байсан нь 52 602 612 төгрөг болж 20 909 539 төгрөгөөр, нэмэгдүүлсэн хүү 4 359 439 төгрөг байсан нь 8 541 347 төгрөг болж 4 181 908 төгрөгөөр нэмэгдсэн байсан тул нийт 25 091 446 төгрөгөөр нэмэгдүүлсэн. Гэтэл шүүх нэмэгдүүлсэн шаардлагын талаар ямар нэгэн үнэлэлт дүгнэлт өгөөгүй. Харин нийт хэрэгсэхгүй болгосон дүн болох нэмэгдүүлсэн хүүний нийт дүн 8 541 347 төгрөгт нэмэх нь 37 183 433 төгрөгийг яаж тодорхойлж байгаа нь тодорхой бус ойлгомжгүй, бодит байдалд нийцэхгүй байна.

Зээлийн хүүний тооцоллыг дэлгэрэнгүй байдлаар задалж үзвэл гэрээнд заасан жилийн хүү нь 19,2 хувь буюу сарын хүү 1,6 хувь тул үндсэн зээлийн үлдэгдэл 249 999 388,12 төгрөгийн нэг өдрийн хүү нь 131 506,5 төгрөг болж байгаа. Анх нэхэмжлэл гаргасан 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл 156 хоног / 156*131 506,5=20 909 533,5/ төгрөгийн хүү, үүний 20 хувь 4 181 908 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү бодож нийт 25 091 446,56 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу 45 724 781,27 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн хэсэгт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч Б.Э, Ш.С нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 311 143 347.47 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

А ХХК нь 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр К СТМ ББСБ ХХК, Д.Ц, Б.Э, Ш.С нартай 2105018260 тоот зээлийн гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээгээр А ХХК нь 500 000 000 төгрөгийг, жилийн 19.20 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай хариуцагч К СТМ ББСБ ХХК, Д.Ц, Б.Э, Ш.С нарт зээлдүүлсэн болох нь хэргийн 6-8 дах талд авагдсан 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 2105018260 тоот зээлийн гэрээгээр тогтоогдсон байна. Талууд гэрээний 1.2-т зээл, түүний хүүг буцаан төлөх талаар тохиролцож зээл эргэн төлөлтийн хуваарийг хавсралт №01-ээр баталжээ. Энэхүү хуваарийн дагуу зээл, түүний хүүг төлж барагдуулаагүй нөхцөлд хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлнө гэж талууд гэрээний 1.10-т тохиролцсон байна.

 

Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр А ХХК нь К СТМ ББСБ ХХК, Д.Ц, Б.Э, Ш.С нартай 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 2105018260 тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг байгуулсан. Уг гэрээгээр Б.Э, Ш.С нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2206023166 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 4 хороо, Нүхтийн зам гудамж, 8а тоот хаягт байршилтай, 307 м.кв талбайтай хувийн сууцыг барьцаалсан болох нь хэргийн 9-11 дэх талд авагдсан 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 2105018260 тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээгээр тогтоогдсон байна.

 

Нэхэмжлэгч А ХХК нь 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хариуцагч Б.Эт 250 000 000 төгрөгийг, 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр К СТМ ББСБ ХХК-д 250 000 000 төгрөгийг тус тус шилжүүлсэн болох нь хэргийн 19-20, 73-74 дэх талд авагдсан А ХХК дах 2105018260 тоот зээлийн дансны хуулга, 2105018261 тоот депозит дансны хуулга зэрэг баримтаар нотлогджээ.

 

К ББСБ ХХК нь 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр А ХХК-д үлдэгдэл 250 000 000 төгрөгийг Б.Э, Ш.С нарт шилжүүлэх №20/03 албан бичиг, Б.Э, Ш.С нар нь зээлийн 250 000 000 төгрөгийг өөрсдийн нэр дээр шилжүүлэн авах өргөдөл, зээл шилжүүлэн авах хүсэлт гаргасан үйл баримт хэргийн 70-72 дах талд авагдсан 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн зээл хүсэх өргөдөл, зээл шилжүүлэн авах тухай хүсэлт, К ББСБ ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн №20/03 тоот албан бичгээр тогтоогдсон байна.

 

Дээрх хүсэлтийг үндэслэн талууд 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр эхний 2105018260 тоот зээлийн болон зээлийн барьцааны гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээг байгуулсан, уг 2105018260А тоот нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээгээр зээлийн өрийн үлдэгдэл 250 000 000 төгрөгийг 2020 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүртэл Ш.С , Б.Э нар зээл, түүний хүүг буцаан төлөх хуваарь хавсралт №01А-д зааснаар төлөх үүрэг хүлээсэн болох нь хэргийн 12-13 дах талд авагдсан 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2105018260А тоот зээлийн болон зээлийн барьцааны гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээгээр тогтоогдсон байна. Уг гэрээгээр зээлдэгч нар өөрчлөгдсөн, зээл эргэн төлөлтийн хуваарийг хавсралт 01/А-аар шинэчлэн баталж, энэхүү нэмэлт гэрээ нь талуудын хооронд байгуулсан 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 2105018260 тоот зээлийн гэрээний салшгүй хэсэг байна гэж тохирсон.

 

Дээрх зээл болон зээлийн барьцааны гэрээ, 2105018260А тоот зээлийн болон зээлийн барьцааны гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болж хэн аль нь гарын үсэг зурсан тул Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дах хэсэгт заасан хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ.

 

Анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэжээ.

 

Талуудын байгуулсан зээлийн гэрээнд зээл эргэн төлөх хуваарийг хавсралт №01-ээр баталж уг хуваарийг зөрчиж зээлийг төлөхгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд зээлийг төлөх хүртэл хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх талаар гэрээнд тохирсон байна. Үүний дараа дээрх зээл болон барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээг талууд байгуулахдаа зээл эргэн төлөх хуваарийг өөрчилж шинэ хуваарь гаргаж уг хуваарийг хавсралт №01/А-аар баталсан.

 

Талуудын хоорондын дээрх гэрээ нь банкны хувьд байнга хэрэглэгдэх, урьдчилан тогтоосон стандарт нөхцөл бүхий гэрээ байх бөгөөд аж ахуй эрхлэгч бус иргэнтэй байгуулсан стандарт нөхцөлийг илэрхийлсэн үг хэллэгийн утга санаа ойлгомжгүй бол түүнийг санал хүлээн авагч талд ашигтайгаар тайлбарлахаар Иргэний хуулийн 201 дүгээр зүйлийн 201.1 дэх хэсэгт зохицуулсан.

 

Талууд эхний байгуулсан зээлийн гэрээний 1.2, 1.10-т хавсралт №01-ээр баталсан зээл эргэн төлөлтийн хуваарь зөрчсөн нөхцөлд хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх талаар тохиролцсон байх боловч нэмэлт өөрчлөлтийн өөрчлөгдсөн хуваарь тогтоосон хавсралт №01/А-д дурдсан төлбөрөөс хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг хэрхэн тооцсоныг тодорхой заагаагүй байна.

 

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нараас зээл, зээлийн хүү шаардах эрхтэй байна.

 

Анхан шатны шүүх хариуцагч нар нь зээл болон зээлийн хүүг төлж барагдуулсан болох нь баримтаар тогтоогдохгүй байх тул үндсэн зээл 249 999 388,12 төгрөг, зээлийн хүү 15 419 178.08 төгрөгийг, нийт 265 418 566.2 /249 999 388.12+15 419 178.08=265 418 566.2/ төгрөгийг хариуцагч Б.Э, Ш.С нараас гаргуулж нэхэмжлэгч А ХХК-д олгож, үлдэх 45 724 781.27 /37 183 433,92+8 541 347.35=457 247 816.27/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт нийцсэн, энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Талуудын хооронд 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан 2105018260 тоот зээлийн гэрээний 1.10-д зээлдэгч энэхүү гэрээний 1.2-т заасан хуваарийн дагуу зээл, түүний хүүг төлж барагдуулаагүй нөхцөлд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн гэрээний үүрэг бүрэн биелэгдэх хүртэлх хугацаанд хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт төлнө, 1.11-т зээлдэгч зээлийн үндсэн төлбөр болон зээлийн хүүг хэсэгчлэн буюу бүрэн төлөх үүргээ биелүүлээгүй нөхцөлд үүрэг биелэгдээгүй өдрөөс эхлэн гэрээний үүргийг биелүүлж дуустал нэмэгдүүлсэн хүүг хууль болон журамд зааснаар төлөх хариуцлага хүлээх ба нэмэгдүүлсэн хүү нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж дуусах хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй байна гэж тус тус заасан бөгөөд 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2105018260 тоот зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээнд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн талаар тухайлан зааж тохиролцоогүй байна. Иймд хариуцагч нарын 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх талаар тохиролцоогүй гэх татгалзал нь үндэслэлтэй. Энэ талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй байна.

 

Түүнчлэн, хариуцагч Б.Э, Ш.С нар төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцааны зүйл болох Улсын бүртгэлийн Ү-2206023166 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 4 хороо, Нүхтийн зам гудамж, 8А тоот, 307 м.кв талбайтай хувийн сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар анхан шатны шүүх шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2021/01487 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 386 574 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дах хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ