Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 181/ШШ2021/01555

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 08 сарын 12 өдөр

                          181/ШШ2021/01555

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Д.Н/РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Монгол улсын Э яаманд холбогдох,

 

Тушаалыг хууль бусд тооцож, ажилд эгүүлэн тогтоолгох, 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс шүүхээр маргааныг шийдвэрлэх хүртэлх хугацааны цалинг гаргуулах, 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс хойш ажилгүй байсан хугацааг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснөөр тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Баасан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Дашравдан, Д.Туяа, Э.Цэрэнчунт, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сэлэнгэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Д.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “1. Д.Н би Анагаах ухааны дээд сургуулийг эрүүл ахуйч тархвар судлаач мэргэжлээр төгссөн. 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл мэргэжлийн дагуу 30 дахь жилдээ ажиллаж байна. 2007 оноос хойш Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ерөнхий захирлын албыг хашиж ирсэн бөгөөд энэ хугацаанд Монгол улсад бүх нийтийг хамарсан H1N1, SARS, Улаанбурхан өвчний дэгдэлт, 2019 оноос Ковид-19 өвчний тохиолдлуудад хорио цээрийн дэглэм тогтоох, бүх нийтээр халдварт өвчинтэй тэмцэх ажлыг миний бие хамт олны хүчин туслалцаа, Э яамны удирдлага дор гүйцэтгэж уг цар тахлыг таслан зогсоох, хүн ардыг эмчлэн сэргийлэх үүргийг хариуцлагатай гүйцэтгэж ирсэн юм. Үүнийг Э яамны өмнөх удирдлагууд сайтар мэдэж байгаа. КОВИД-19 өвчний дэгдэлт Монгол улс дотооддоо алдах хүртэл энэ ажил зохих үр дүнтэй байсны нэг баримт бол Монгол улс 10 сарын турш Коронавирусыг алдахгүй, хорио цээрийн дэглэмийг Улсын онцгой комисстой хамтран тандалт судалгааг хийж, журам дэглэмийг мөрдөн ажиллаж байсан. Монгол улсад КОВИД-19 бүртгэгдсэн сүүлийн саруудад бид халдварт өвчинтэй тэмцэх, таслан зогсоох үйлсэд мэргэжлийн зүгээс бүхий л боломжуудыг дайчлан ажилласан ба миний хувьд ажил амралтын цагийн журмыг үл хайхран Хүн ардын эрүүл мэндийн төлөө 2019, 2020 онуудад ээлжийн амралтаа эдлэхгүйгээр зүтгэж ирсэн. Үүнийг маань хамт олон, Улсын онцгой комисс, Э яамны өмнөх бүх удирдлагууд сайтар мэддэг, үнэлдэг болно. Миний хувьд өөрийн хариуцсан Халдварт өвчин судлалын үндэсний төвийг удирдахдаа мэргэжэл, ёс зүйн ямар нэгэн алдаа гаргахгүйгээр ажилласан.

2. Би эмчийнхээ өргөсөн тангарагт үнэнч байж, үүрэгт ажлаа үнэнчээр биелүүлж, гүйцэтгэж ирсэн. 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан намайг ажлаас халах тушаал гаргасныг мөн өдрийн 11 цагт Э яамны ажилтан С.Батбаатар, Б.Буянтогтох, Д.Мөнхцэцэг, Э.Отгоншагай нар надад танилцуулж ажлыг маань дэд захирал Д.Наранзулд хүлээлцүүлсэн. Эрүүл мэндийн сайдын тушаалд “Нийслэлийн Эрүү мэндийн газрын харьяа “Өргөө амаржих” газарт 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр амаржсан эх, нярайг шилжүүлэн авах явцад Халдварт өвчин судлалын үндэсний төв алдаа гаргасан тул тус төвийн ерөнхий захирал Д.Нг 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй” гэж дурдсан. Ингэхдээ Монгол улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалтыг үндэслэн Эрүүл мэндийн сайдын Б/01 дүгээр тушаалыг гаргажээ. Миний хувьд эл тушаалыг үл зөвшөөрч байгаа боловч төрийн ажлыг, ялангуяа Коронавирусын хорио цээрийн дэглэмтэй үед ажил саатуулахгүйн тулд ажлаас халах тушаалыг хүлээн авч ерөнхий захирлын үүрэгт ажлыг хүлээлгэн өгч хүлээлцүүлсэн.

3. Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайханы 2021 оны 01 дүгээр сарын 21-ний Б/01 дүгээр тушаалыг би дараах үндсэлээр үл зөвшөөрч шудрага шүүхэд хандаж байна. Эл тушаалаар миний эрх, эрх чөлөө хохирч би ажилгүйчүүдийн эгнээнд шилжээд байна.Эл тушаалыг сайд асан гаргахдаа улс төрийн, жагсаал цуглааны шаардлагаас эмээж бачуу сандруу байдлаар хандсан юм. Монгол улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйл бол Монгол улсын Засгийн газрын яамдын сайд нарт олгогдсон байдаг бүрэн эрхийн асуудал байхад тус яамны харьяа Халдварт өвчин судалын үндэсний төвийн ерөнхий захирал Д.Нд хамааруулгак" ажлаас халах шийдвэр гаргасан, энэ нь хэрхэн нотлогдож байгаа нь тодорхойгүй байна. Эл тушаалыг гардан авсан өдрөөс хойш Д.Н намайг хөдөлмөрийн тухай хуулийн ямар үндэслэлээр халав гэдгийг ойлгохгүй байна. Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайхан намайг ажлаас халах болсон үндэслэлээ нотолж тогтоох нь тодорхой. Гэтэл тушаалд нь “Халдварт өвчин судлалын үндэсний төв алдаа гаргасан тул Д.Нг ажлаас нь чөлөөлсүгэй” гэсэн ерөнхий зүйл, баталж нотлогдоогүй зүйлээр буруутгав.

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн өөрийн дүрэм, Коронавируст халдварын үеийн журмын дагуу “Өргөө амаржих” газарт амаржсан эх нь коронавируст халдварын анхдагч хавьтал, энэ вирусийн эерэг шинжилгээтэй болохыг тогтоож уг хүнийг Халдвар өвчин судлалын үндэсний төвд ирүүлэн эмчлэх шаардлагатайг Нийслэлийн Өргөө амаржих газрын захирал Г.Баясгаланд 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 10:50 минутад төвийн эмнэлгээс шалтгаалах халдварын тасгийн халдвар судлаач М.Цолмон утсаар мэдэгдэж эмнэлгээс гарах амаржсан эхийг тусгаарлах, эмнэлэг хооронд шилжүүлзх бзлтгэл хангуулахыг 6 цагийн өмнө мэдэгдсэн. Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 17:20 минутад их эмч Б.Пүрэвсүрэн, жолооч Э.Эрдэнэдаваа нарыг түргэн тусламжийн машинтай илгээж Коронавирусын халдвар авсан эхийг авчруулсан энэ бүх үйл ажиллагааг Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ажилтнууд бид бүхэн Эрүүл мэндийн тухай хууль, Халдварт өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх талаар тогтоосон журмыг мөрдөн ажиллаж, шинжилгээний эерэг хариу гарсан эхийг нярайн хамт Халдварт өвчин судлалын үндэсний төвд ирүүлэн эмчилж байна. Эх, нярайн бие сайн байгаа мэдээллийн хэрэгслээр дөнгөж амаржсан нялх биетэй эхийг гадуур хувцасгүй, бараг нүцгэн шахуу Халдварт өвчин судлалын үндэсний төвд авчирсан тухай мэдээлсэн. Энэ үйл ажиллагаа ёс зүй, энэрэнгүй бус байдал гэдгийг би хувьдаа ойлгож байна. Эл байдалд Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан алдаа байхгүй. Эмнэлгийн журмын дагуу сая төрсөн нялх биетэй эхийг нярайн хамт хувцасгүй шахам машинд суулгасан байдал Д.Н намайг буруутгах үндэслэлгүй байна. Намайг ажлаас халах Эрүүл мэндийн сайдын тушаал нь Халдварт өвчин судлалын төв алдаа гаргасан хэмээн батлагдаж нотлогдоогүй зүйлийг үндэслэл болгосон байна.

Монгол улсын үндсэн хуулийн 16-р зүйлд гэм буруу нь шүүхээр тогтоогдоогүй тохиолдолд хүнийг гэм буруутайд тооцохгүй гэсэн заалтыг зөрчин Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайхан гэм бурууг тогтоохгүйгээр төрийн төмөр нүүрийг надад харуулаад байна. Эл тушаал гарахаас өмнө захирал Д.Н надтай уулзаж тайлбар тодотгол аваагүй амаржих газрын ажилтнуудын буруутай үйлдлийг Халдварт өвчин судлалын үндэсний төвд мухар сохроор хамруулсан нь сайд асан Т.Мөнхсайхан түүний багийн улс төржсөн, хууль дээдэлж ажилладаггүй уйл ажиллагаанаас эх үүсвэртэй. Д.Н би хөдөлмөрийн гэрээний дагуу Эрүүл мэндийн сайдын тушаал гарч ажилладаг төрийн үйлчилгээний удирдах ажилтан мөн тул намайг ажлаас халахдаа хөдөлмөрийн гэрээг цуцлахгүй, хөдөлмөрийн тухай хуулийн 40, 41-р зүйлд заасан ямар үндэслэлээр ажлаас халж байгааг орхигдуулсан юм. Төрийн албаны тухай хуульд намайг ажлаас халах асуудал хөдөлмөрийн тухай хуульд зааснаар шийдвэрлэгдэх нь тодорхой. 2017 оноос үйлчлэх төрийн албаны тухай хуульд энэ талаар тодорхой заалт бий. Д.Н намайг ажлаас халсан сайд асан Т.Мөнхсайханы 2021 оны 01 дүгээр сарын 21- ний өдрийн Б/01 дүгээр тушаалд миний хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн гэрээг цуцлах ажлаас халах асуудлаар ямар ч заалт байхгүй байна.

Зөвхөн Монгол улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 4-т буй сайдын бүрэн эрхийг үндэслэсэн юм. Энэ нь Эрүүл мэндийн сайдын эрх мэдэлд бүх зүйл байгаа гэсэн буруу ойлголтоос эхлэлтэй. Т.Мөнхсайхан сайд нь халдварт өвчинтэй тэмцэх арга зүйн мэдлэг, менежмент дутагдснаас буруу шийдвэр бидэнд өгөх, мэргэжлийн салбарын хувьд бидний тайлбарыг үл ойшоох хандлага гаргаж гаргаж байсан юм. Энэ талаарх тодорхой баримтуудыг цаашид дурьдаж болно.

Эрүүл мэндийн сайдын 2021 оны Б/01 дүгээр тушаалд буй заалтаас үзэхэд Д.Н миний бие ямар зөрчил гаргасан бэ гэдэг нь тодорхойгүй байна. Хуульд буй заалтаас үзэхэд хөдөлмөрийн гэрээнд заасан үүрэг, ажил байдлын тодорхойлолт хуулиар тогтоосон албаны үүрэг биелүүлээгүй, удирдлагын даалгаврыг биелүүлээгүй сахилгын болон захиргааны зөрчил гаргасан нөхцөлд хөдөлмөрийн гэрээг цуцалж Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирлын ажлаас халах журамтай тушаалд энэ бүхэн тодорхойгүй, түүнийг шалгаж тогтоосон нь тодорхойгүй байна. Хэн нэгэн албан тушаалтан намайг ажлаас халахаас өмнө надтай эсхүл манай хамт олонтой уулзаж ажлаас халах болон буруутай гэх үйл ажиллагааг шалган тогтоох ёстой санагдана. Монголчуудын хэл соёлд алах хүний амыг асуу, үхүүлэх хүний үгийг сонс гэдэг үг байдгийг үргэлжид би санаж явдаг билээ.

Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайхан Д.Н намайг нотлогдож тогтоогдоогүй, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн үйл ажиллаганд хамааралгүй асуудлаар ажлаас халахдаа миний мэргэжил, чадвар энэ чиглэлээр олон жил ажилласан сүүлийн жилд Монгол улсад бүх нийтийг хамарсан халдварт өвчинтэй хамт олныхоо хамт зүтгэж ирсэн ажлын үр дүн, Монгол улсад Коронавирус тархсан өнөөгийн нөхцөл байдал зэргийг үл харгалзсанд би гомдолтой явдагийг дурьдая.

Эрүүл мэндийн сайдын хувьд хууль дээдлэх, хуулийн дагуу үйл ажиллагаа явуулах нь ойлгомжтой. Үүнийг үл биелүүлснээс халдварт өвчинтэй тэмцэх ажилд хор хохирол, эрсдэл үүсэх магадлалтай тул ИХШХ тухай хуулийн 62-р зүйл, Монгол улсын иргэний хуулийн 9-р зүйлд заасан үндэслэл журмаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

1. Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайханы 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Б/01 дүгээр тушаалыг хууль бусад тооцож, Д.Н намайг Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Ерөнхий захирлын ажилд эргүүлэн тогтоолгох;

2. 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс шүүхээр маргааныг шийдвэрлэх хүртлэх хугацааны цалинг Э яамнаас гаргуулах;

3. Д.Н миний 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс хойш ажилгүй байсан хугацааг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснөөр тооцуулах зэрэг байна.гэв.

 

Нэхэмжлэгч Д.Нгийн өмгөөлөгч Л.Баасан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би үйлчлүүлэгчийн хүсэлтээр энэ хэрэгт оролцож байгаа бөгөөд энэ хэрэг бол иргэний хэргийн харьяаллын хэрэг байгаа. Д.Н бол Хөдөлмөрийн тухай хуулийн 129-т заасан хугацаанд шүүхэд хандсан. Гэхдээ шүүхэд хандсан Д.Нгийн эрх бол Үндсэн хуульд заасан эрх эрх чөлөөгөө зөрчигдсөн гэж үзэж гаргасан хууль ёсны үйл ажиллагаа байгаа. Бусдууд чинь бүгд ажлаа өгсөн байхад чи ганцаараа би буруугүй гэдэг байдлаар зэмлэх мэрэх хандлага ажиглагдаж байна. Д.Нг ажлаас халсан тэр үеийн эрхэм сайд Т.Мөнхсайханы 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Б01 тоот тушаал бол дараах байдлаар МУ-ын хуулиудыг илтэд зөрчсөн гэж үзэж байна. ЗГТХ-ийн 24-т сайд нарын эрх хэмжээ байдаг бөгөөд түүнийг үгүйсгэхгүй. Гэхдээ эрх хэмжээгээ хэрэгжүүлэхдээ Хөдөлмөрийн тухай хууль болон бусад хууль, Корона вирусийн тухай 2020 оны хуулийг барих ёстой. Гэтэл Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх,  тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг буруулах тухай 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн хуулийн 17 дугаар зүйл, тэр дундаа яамны хуульчид хэлж л байна. Хөдөлмөрийн тухай хуулийн ямар ч заалт байхгүй. Ингэснээрээ хамтран ажиллаж байгаа баг, УДШ-ийн 2006 оны 33 дугаар тогтоолд Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйлийг тайлбарлахдаа 17.1-т ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлахад Хөдөлмөрийн тухай хуулийн  40.1-т заасан үндэслэлүүдийн аль нэгийг баримталсан байвал зохино. Энэ хүн бол Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа. Хариуцагч тайлбартаа ч энэ тухай хэлсэн байгаа. Тийм бол тушаал дээрээ дээрх үндэслэлээ оруулахгүй яасан юм. Б01 тоот тушаалд хөдөлмөрийн гэрээний 4.9 гэж заасан байгаа шигээ Хөдөлмөрийн тухай хуулийн ийм ийм ноцтой зөрчлийг оруулаагүй байна. Үнэндээ ийм зүйл заалт байхгүй байгааг харвал хууль ёсны тушаал гарсан гэж үзэхгүй. Хөдөлмөрийн  хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлахад мөн УДШ-ийн 33 дугаар тогтоолын 15.5-т ажил олгогчийн итгэл найдварыг алдсан буруутай үйлдэл эс үйлдэхгүйг байгууллагын хууль санхүүгийн болон хяналтын эрх бүхий комиссын шалгалтаар нотолж тогтоосон байх ёстой. Гэтэл ийм баримт хэрэгт байхгүй. Эрүүл мэндийн сайдын хяналтын алба, мэргэжлийн хяналтын албаны дүгнэлт баримт байхгүй. Зүгээр цочиж бачимдсандаа тушаал гаргасан. Тэр битгий хэл ёс зүйгүй тайлбар хийдэг. Огцорсноо мэдэгдчихээд дараа нь явж л байдаг. Энэ мэт улс төржсөн, сайд хүнд ийм гутамшигтай зүйл байдаг юм уу. Уучлаарай. Хуралдааны тэмдэглэлд чухалчлан бичээрэй. Д.Нд Т.Мөнхсайхан сайдын “чадахгүй бол наад ажлаа өг, муу новш минь, чам шиг муу новшийг мэдэхгүй юм байна, чам шиг хүн ХӨСҮТ-ийн дарга гэж юу байдаг юм бэ” гэсэн байдаг. ЗГ-ын гишүүн хүн иймэрхүү байдлаар асуудалд хандаж тушаал гаргасан байгаа. Энэ тушаалыг ямар ч хуульгүйгээр зөвхөн ЗГТХ-ийн 24 дүгээр зүйлийг баримталсан байна.” гэв.

 

Хариуцагч Монгол Улсын Э яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Туяа шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эрүүл мэндийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Туяа би тус шүүхэд хянан хэлэлцэгдэж буй Д.Нгийн нэхэмжпэлтэй Эрүүл мэндийн сайдад холбогдох иргэний хэрэгт дараах тайлбарыг хүргүүлж байна.

Нэхэмжпэгч Д.Н нь 2013 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс Эрүүл мэндийн хөдөлмөрийн гэрээ байгуулан Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ерөнхий захирлаар ажиллаж эхэлсэн.

Нийслэлийн эрүүл мэндийн газрын харъяа “Өргөө” амаржих газарт 2021 оны 1 сарын 19-ний өдөр амаржсан эх, нярайг Халдварт өвчин судлалын үндэсний төвд шилжүүлэх, зөөвөрлөх явцад алдаа гарсантай холбогдуулан Засгийн газрын түвшин бүрт холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцсон.

Дээрх үйл ажиллагааг хэрэгжүүлсэн Халдварт өвчин судлалын үндэсний төвийн тандалт судалгааны багийн үйл ажиллагааг удирдан чиглүүлж, зохион байгуулах, арга зүйгээр хангах үүргээ Д.Н нь биелүүлээгүй учир хөдөлмөрийн гэрээ, үр дүнгийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод заасан хариуцлагыг тооцож үүрэгт ажлаас чөлөөлсөн Эрүүл мэндийн сайдын 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Б/01 дугаар тушаал нь үндэслэлтэй байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Манайхаас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Нэхэмжлэгч хэрэгт хамааралгүй тайлбар гаргалаа гэж дүгнэж байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийнхээ үндэслэлд ЗГТХ-ийн 24 дүгээр зүйл бол МУ-ын ЗГ-ын яамдын сайд нарт холбогдсон байдал бүрэн эрхийн асуудал байхад тус яамны харьяа ХӨСҮТ-ийн Д.Нд хамааруулан ажлаас халах шийдвэр гаргасан гэдэг байдлаар бичсэн байна. Тэгэхээр ЗГТХ-ийн 24 дүгээр зүйлийн 24.4-т хуульд өөрөө заагаагүй бол өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төрийн байгууллага, албан газрын бүтэц, дүрмийг баталж, дарга эрхлэгч, захирлыг томилж, чөлөөлнө гэсэн байдаг. ХӨСҮТ бол манай харьяа байгууллага. ХӨСҮТ-ийн захирлыг манай эрүүл мэндийн сайд томилж, чөлөөлдөг. 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Өргөө амаржих төвөөс ХӨСҮТ-д өвчтөн шилжүүлэх явцад алдаа гарсантай нь холбогдуулан бусад удирдах албан тушаалтнуудын хамт албан үүргээ биелүүлээгүй гэдэг үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Нэхэмжлэгч тайлбартаа хэлэхдээ өс хонзонтой байсан, энэ байдалтай нь харшилдсан гэдэг байдлаар тайлбарлаж байна. Энэ бол тухайн үед улс орон даяар хүлээн зөвшөөрөгдсөн асуудал байсан. Тухайн өвчтөнг зөөвөрлөсөн ХӨСҮТ-ийн эмч н.Пүрэвсүрэн өөрийн фэйсбүүк хаягаасаа “би буруутай, миний буруу, би өвчтөн зөөвөрлөх явцдаа алдаа гаргасан. Миний буруутай үйл ажиллагаанаас болоод алдаа дутагдал гарсан. Намайг уучлаач” гэдэг байдлаар өөрөө буруугаа хүлээсэн байдаг. Тэгэхээр өөрийнх нь алдаа буруутай үйлдэл гэдэг нь тогтоогдсон. Дээр нь сайдад намайг ажлаас халах тушаал гаргах эрх хэмжээ байхгүй байхад намайг ажлаас халсан гэдэг агуулга харагдаад байна. Тэгэхээр нь энэ бол сайдын өөрийнх нь эрх хэмжээний асуудал бөгөөд үүний дагуу ийм тушаал гаргасан, хуулийн дагуу хийгдсэн гэж хэлмээр байна.” гэв.

 

Хариуцагч Монгол Улсын Э яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Дашравдан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ЭМЯ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/01 тушаал бол хууль ёсны үндэслэл бүхий тушаал гарсан. Хууль зүйн хувьд хүн бүрт шаардах эрх байдаг. Д.Н гэдэг хүний ажлын байр бол Төрийн албаны тухай хуулиараа Төрийн үйлчилгээний албан тушаал гэж тайлбарлан хэлж байгаа. Төрийн үйлчилгээний албан тушаалтныг хэн чөлөөлж, томилох эрх ЗГТХ-д зааснаар сайдын эрх хэмжээнд байдаг. Дээр нь Төрийн албаны тухай хуулийн 4.4-т Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай болон бусад хуулиар зохицуулна гэснээр Иргэний хэргийн шүүхэд өгч, шүүхээс харьяаллын маргаан мөн гэж үзэж шүүхийн хэлэлцүүлэг явж байна. Энэ өөрөө хөдөлмөрийн эрх зүйн харилцаа мөн гэж тайлбарлаж байгаа боловч сайдын тушаал хууль ёсны үндэслэлгүй, Хөдөлмөрийн хуулийг бариагүй гэж тайлбарлаж байгаа ч энэ бол хөдөлмөрийн эрх зүйн харилцааны маргаан мөн юм. Сайдын тушаалын алдаа гаргасан гэдэг үндэслэлийг зааж байгаа юм бол заавал тушаал дээр ноцтой алдаа гаргасан гэдэг үгийг, заавал тэр хуулийн 40.1.4-т заасныг хууль ёсны үндэслэл бүхий биш гэж тайлбарлаж байгаа бол хууль ёсны үндэслэлгүй байна. Бүрэн эрх нь байгаа учраас энэ хүнийг алдаа гаргасан гэж үзэж тушаалаар чөлөөлж байгаа юм. Өмгөөлөгч Л.Баасан гуай хэргийн үйл баримттай холбоогүй хувь хүн рүү чиглэсэн байдлаар тайлбар гаргаж байгаад ёс зүйн хувьд сонин санагдаж байна. Т.Мөнхсайхан сайдын хэлсэн ярьсан, хоорондоо ярьсан зүйлүүд, хавтас хэрэгт авагдаагүй, хэрэгт ямар ч хамааралгүй зүйлийг шүүхийн хэлэлцүүлэгт ярьж байгаад нь харамсаж байна. Нэхэмжлэгч өөрөө ч мөн улс төржсөн гэж хэллээ. Энэ бол Монгол Улсад хариуцлагын тогтолцоо байх уу, байхгүй юу гэдэг тухай асуудал үүссэн ард түмний эсэргүүцэл тэмцэл, үгээ хэлсэн том үйл явдал байсан юм. Гэтэл тэр үйл баримтад хохирсон хүн өөрөө буруутан ч болсон юм шиг үгийг хамаагүй хэлж байгаад үнэхээр харамсалтай байна. Монгол Улсад хариуцлага, хариуцлагын тогтолцоо байх юм уу, ажил албан тушаалтай хүмүүс ажилдаа хариуцлагатай байх юм уу, ажилдаа чин сэтгэлээ гаргаж хийх  юм уу энэ асуудалтай холбоотой МУ-ын бүхэл бүтэн засгийн газар огцорсон, МУ-ын ерөнхий сайд огцорсон, Эрүүл мэндийн сайд нь эрүүл мэндийн байгууллагуудынхаа өмнөөс хариуцлагаа хүлээгээд огцорсон хувьсгалын шинжтэй үйл явдал болсон. Гэтэл үүнийг улс төржсөн, би ганц буруугүй мэтээр ярьж байгааг үнэндээ ойлгохгүй байна. Энэ бол алдаа дутагдалд нь тохирсон хариуцлага хүлээлгэсэн тушаал байгаа. Тийм болохоор энэ бүгдийг харгалзан үзэж, Э яамны зүгээс нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү, тушаал үндэслэлтэй гэж үзэж байгаа учраас бид цалин хөлстэй холбоотой тайлбар өгөхгүй.” гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Д.Н хариуцагч Монгол Улсын Э яаманд холбогдуулан 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Б/01 дүгээр тушаалыг хууль бусд тооцож, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ерөнхий захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс шүүхээр маргааныг шийдвэрлэх хүртэлх хугацааны цалинд 17 002 897/арван долоон сая хоёр мянга найман зуун ерэн долоо/ төгрөгийг гаргуулах, 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс хойш ажилгүй байсан хугацааг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснөөр тооцуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Монгол Улсын Э яам нь Халдварт өвчин судлалын үндэсний төвийн тандалт, судалгааны багийн үйл ажиллагааг удирдан чиглүүлж, зохион байгуулах, арга зүйгээр хангах үүргээ Д.Н нь биелүүлээгүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргасан.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн гэрээний дагуу Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ерөнхий захирлаар ажиллаж байсан болох нь зохигчийн тайлбар, № А0348972 нийгмийн даатгалын дэвтрийн болон Хөдөлмөрийн гэрээний хуулбар, 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Б/01 дугаар тушаалын хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь Монгол Улсын Засгийн Газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалтыг үндэслэн Халдварт өвчин судлалын үндэсний төв алдаа гаргасан гэх үндэслэлээр Д.Нг 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр ажлаас чөлөөлсөн болох нь хариуцагчийн 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Б/01 дугаар Д.Нг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай тушаалын хуулбараар тогтоогдож байна.

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1-т “Засгийн газрын гишүүн энэ хууль ... бусад актаар олгосон бүрэн эрхтэй. Түүний дотор:”, 4-т “хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төрийн байгууллага ... дарга /эрхлэгч, захирал/-ыг томилж, чөлөөлнө;” гэж заасан.

 

Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т “Үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн тухай хууль, энэ хууль ... бусад актаар тогтооно.”, 14 дүгээр зүйлийн 14.1-т “Төрийн үйлчилгээний албан тушаалд төрийн үйлчилгээг адил тэгш ... төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах чиг үүрэг бүхий хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах дараахь албан тушаал хамаарна:”, 14.1.2-т “боловсрол ... эрүүл мэнд ... зэрэг төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын дарга, захирал ... гүйцэтгэх, туслах албан тушаал;” гэж заасан.

 

Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр төрийн эрүүл мэндийн үйлчилгээний байгууллагад ажиллаж байсан байх тул нэхэмжлэгчийн ажиллаж байсан албан тушаал нь төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд хамаарна.

 

Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь төрийн үйлчилгээний албан тушаал эрхэлдэг байсан байх тул түүний эрх зүйн байдлыг Төрийн албаны тухай хуулиас гадна Хөдөлмөрийн тухай хуулиар тогтооно.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т “Хөдөлмөрийн гэрээг дараахь үндэслэлээр цуцална:”, 38.1.2-т “ажил олгогч санаачилсан.”, 40 дүгээр зүйлийн 40.1-т “Хөдөлмөрийн гэрээг ... ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно:” гэж заасан.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь ажил олгогчийн хувьд ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг зөвхөн тухайн хуульд заасан үндэслэлээр цуцална.

 

 Хариуцагчийн 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Б/01 дугаар тушаалд нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, нэхэмжлэгчийг ажлаас халсан хууль зүйн үндэслэлийг буюу Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг огт тусгаагүй байна.

 

Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т “Төрийн албанд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ардчилсан ёс, шударга ёс ... хууль дээдлэх зарчмаас гадна дараахь зарчмыг баримтална:”, 11 дүгээр зүйлийн 11.1-т “Төрийн улс төрийн албан тушаалд ... дараахь албан тушаал хамаарна:”, 11.1.5-д “Монгол Улсын Засгийн газрын гишүүн;” гэж заасан.

 

Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 11 дүгээр зүйлийн 11.1, 11.1.5 дахь заалтад зааснаар хариуцагч нь төрийн албанд баримтлах хууль дээдлэх зарчмын дагуу нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр цуцлах үүрэгтэй.

 

Хариуцагч нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан ямар зөрчил гаргасан болохыг 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Б/01 дугаар тушаалд тусгаагүй байх ба нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан сахилгын зөрчил гаргасан болох нь тогтоогдохгүй байна.

 

Хариуцагч нь 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр амаржсан эх, нярайг шилжүүлэн авсан Халдварт өвчин судлалын үндэсний төв алдаа гаргасан гэх үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас халсан нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгч өвчтөн зөөвөрлөх удирдлагаар хангаж байсан хүний хувьд хөдөлмөрийн гэрээг шууд зогсоох үндэслэл бий болсон гэж маргаж байна.

 

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн “Эмнэлэг болон тасаг хооронд үйлчлүүлэгч шилжүүлэх журам”-ын 10-т “Коронавирүсийн халдварын улмаас шаардлагатай тусламж үйлчилгээг өвчтөнд үзүүлэх зорилгоор төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлэгт шилжүүлэх/шилжүүлэн авчрах тохиолдолд тухай эмнэлэгүүдийн ЭТҮЭдэд Захирлуудын зөвшилцсөнөөр шилжүүлэх ...” гэжээ.

 

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн “Эмнэлэг болон тасаг хооронд үйлчлүүлэгч шилжүүлэх журам”-ын 10-т зааснаар коронавирүсийн халдварын улмаас төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлэгт өвчтөн шилжүүлэх ажлыг эмнэлгийн тусламж үйлчилгээ эрхэлсэн дэд захирал хариуцдаг болох нь “Эмнэлэг болон тасаг хооронд үйлчлүүлэгч шилжүүлэх журам”-ын хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэгч нь өвчтөн зөөвөрлөх удирдлагаар хангаж байсан гэх тайлбар үндэслэлгүй болох нь “Эмнэлэг болон тасаг хооронд үйлчлүүлэгч шилжүүлэх журам”-ын хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь Монгол Улсын Засгийн Газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалтыг үндэслэн нэхэмжлэгчийг Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ерөнхий захирлын албан тушаалаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол ... олгоно.”, 128 дугаар зүйлийн 128.1-т “Дараахь маргааныг шүүхээр хянан шийдвэрлэнэ:”, 128.1.2-т “ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан ... гомдол;” гэж заасан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1, 128.1.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчийг Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ерөнхий захирлын албан тушаалд эгүүлэн тогтоох үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч нь Б/01 дүгээр тушаалыг хууль бусд тооцуулах шаардлага гаргасан байх боловч тус шаардлагыг бие даасан шаардлага гэж үзэхгүй ба учир нь шүүх нэхэмжлэгчийг ажлаас халсан тушаалыг хууль зүйн үндэслэлгүй болохыг тогтоосон тул уг тушаал нь цаашид эрх зүйн үр дагавар үүсгэхгүй болно.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас нэхэмжлэгч нь 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах үндэслэлтэй.

 

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын дагуу тооцоход нэхэмжлэгчийн нэг сарын дундаж цалин хөлс 3 002 519/2568931+1865959+4572668=9007558, 9007558:3=3002519/ /гурван сая хоёр мянга таван зуун арван ес/ төгрөг, нэг өдрийн цалин хөлс 139 652/3002519:21.5=139652/ /нэг зуун гучин есөн мянга зургаан зуун тавин хоёр/ төгрөг болох нь № А0348972 нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хүртэл ажлын 16/арван зургаа/ хоног, 6/зургаа/ сар ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт хариуцагчаас нийт 20 249 546/16х139652=2234432, 6х3002519=18015114, 2234432+18015114=20249546/ /хорин сая хоёр зуун дөчин есөн мянга таван зуун дөчин зургаа/  төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байх боловч нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 17 002 897/арван долоон сая хоёр мянга найман зуун ерэн долоо/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байх тул хариуцагчаас олговорт нийт 17 002 897/арван долоон сая хоёр мянга найман зуун ерэн долоо/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

          Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т “Ажил олгогч ... ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй.” гэж заасан.

         

          Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгах нь зүйтэй байна.

 

Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Нг Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ерөнхий захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч Монгол Улсын Э яамнаас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт нийт 17 002 897/арван долоон сая хоёр мянга найман зуун ерэн долоо/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Нд олгож, хариуцагч Монгол Улсын Э яаманд ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлөхийг даалгах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1, 160.1.1 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

  1. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Нг Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ерөнхий захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч Монгол Улсын Э яамнаас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт нийт 17 002 897/арван долоон сая хоёр мянга найман зуун ерэн долоо/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Нд олгож, хариуцагч Монгол Улсын Э яаманд ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлөхийг даалгасугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч Д.Нгийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Монгол Улсын Э яамнаас улсын тэмдэгтийн хураамжид 313 164 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

             

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                С.ХИШИГБАТ