Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2021/01519

 

 

 

 

 

2021 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2021/01519

 

 

 

 

 

 

                                           Д.Ннэхэмжлэлтэй

                                                 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2021/01555 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.Нхариуцагч МУЭМЯанд холбогдуулан гаргасан тушаалыг хууль бусд тооцож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснөөр тооцуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Баасан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Туяа, Э.Цэрэнчунт, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Д.Н нь 2021 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл мэргэжлээрээ 30 дах жилдээ ажиллаж, 2007 оноос хойш ...... ерөнхий захирлын албыг хашиж ирсэн. Монгол улсад Ковид-19 бүртгэгдсэн сүүлийн саруудад халдварт өвчинтэй тэмцэх, таслан зогсоох үйлсэд мэргэжлийн зүгээс ажилласан. 2021 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн Эрүүл мэндийн сайдын Б/01 дүгээр тушаалаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа Өргөө амаржих газарт 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр амаржсан эх, нярайг шилжүүлэн авах явцад Халдварт өвчин судлалын үндэсний төв алдаа гаргасан гэх үндэслэлээр Д.Нг 2021 оны 1 дүгээр сарын 21-ний өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Уг тушаалыг гаргахдаа улс төрийн, жагсаал цуглааны шаардлагаас эмээж  сандруу хандсан. Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйл нь Засгийн газрын яамдын сайд нарын бүрэн эрхийн асуудал байхад Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Д.Нд хамааруулж ажлаас халах шийдвэр гаргасан, энэ нь хэрхэн нотлогдож байгаа нь тодорхойгүй. Ажлаас нь чөлөөлсөн тушаалд ерөнхий зүйл, баталж нотлогдоогүй зүйлийг үндэслэж буруутгасан. Халдварт өвчин судлалын үндэсний төвийн дүрэм, коронавируст халдварын үеийн журмын дагуу Өргөө амаржих газарт амаржсан эх нь коронавируст халдварын анхдагч хавьтал, вирусийн эерэг шинжилгээтэй болохыг тогтоож Халдварт өвчин судлалын үндэсний төвд ирүүлэн эмчлэх шаардлагатай талаар Нийслэлийн Өргөө амаржих газрын захирал Г.Бд 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 10:50 минутад төвийн эмнэлгээс шалтгаалах халдварын тасгийн халдвар судлаач М.Цутсаар мэдэгдэж эмнэлгээс гарах амаржсан эхийг тусгаарлах, эмнэлэг хооронд шилжүүлэх бэлтгэл хангуулахыг 6 цагийн өмнө мэдэгдсэн. Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 17:20 минутад их эмч Б.П, жолооч Э.Э нар түргэн тусламжийн машинаар Коронавирусын халдвар авсан эхийг авчран, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ажилтнууд Эрүүл мэндийн тухай хууль, Халдварт өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх талаар тогтоосон журмыг мөрдөн ажиллаж, эхийг нярайн хамт Халдварт өвчин судлалын үндэсний төвд ирүүлэн эмчилсэн. Мэдээллийн хэрэгслээр дөнгөж амаржсан нялх биетэй эхийг гадуур хувцасгүй, бараг нүцгэн шахуу Халдварт өвчин судлалын үндэсний төвд авчирсан тухай мэдээлсэн. Энэ үйл ажиллагаа ёс зүй, энэрэнгүй бус байдал гэдгийг хувьдаа ойлгож байна. Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс алдаа гаргаагүй. Эмнэлгийн журмын дагуу дөнгөж төрсөн нялх биетэй эхийг нярайн хамт хувцасгүй шахам машинд суулгасан байдалд Д.Нг буруутгах үндэслэлгүй. Эрүүл мэндийн сайдын тушаалд Халдварт өвчин судлалын төв алдаа гаргасан гэж нотлогдоогүй зүйлийг үндэслэл болгосон. Монгол улсын үндсэн хуулийн 16 дугаар заалтыг зөрчин тушаал гаргасан. Уг тушаалыг гарахаас өмнө Д.Нтэй уулзаж тайлбар аваагүй,  амаржих газрын ажилтнуудын буруутай үйлдлийг Халдварт өвчин судлалын үндэсний төвд хамруулсан нь Эрүүл мэндийн сайд асан Т.Мхууль дээдэлж ажилладаггүй үйл ажиллагаанаас эх үүсвэртэй.

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн үйл ажиллагаанд хамааралгүй асуудлаар ажлаас халахдаа Д.Нмэргэжил, чадвар энэ чиглэлээр олон жил ажилласан сүүлийн жилд Монгол улсад бүх нийтийг хамарсан халдварт өвчинтэй хамт олноороо зүтгэж ирсэн ажлын үр дүн, Монгол улсад Коронавирус тархсан өнөөгийн нөхцөл байдал зэргийг үл харгалзсан. Иймд эрүүл мэндийн сайдын 2021 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн Б/01 дүгээр тушаалыг хууль бусд тооцож, Д.Нг Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Ерөнхий захирлын ажилд эргүүлэн тогтоож, 2021 оны 1 дүгээр сарын 21-ний өдрөөс шүүхээр маргааныг шийдвэрлэх хүртэлх хугацааны цалин хөлсийг гаргуулж, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснөөр тооцуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт: Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа Өргөө амаржих газарт 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр амаржсан эх, нярайг Халдварт өвчин судлалын үндэсний төвд шилжүүлэх, зөөвөрлөх явцад алдаа гарсантай холбогдуулан Засгийн газрын түвшин бүрт холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцсон. Халдварт өвчин судлалын үндэсний төвийн тандалт судалгааны багийн үйл ажиллагааг удирдан чиглүүлж, зохион байгуулах, арга зүйгээр хангах үүргээ Д.Н биелүүлээгүй учир хөдөлмөрийн гэрээ, үр дүнгийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод заасан хариуцлага тооцож үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т хуульд өөрөөр заагаагүй бол өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төрийн байгууллага, албан газрын бүтэц, дүрмийг баталж, дарга эрхлэгч, захирлыг томилж, чөлөөлнө гэж заасан. Эрүүл мэндийн сайд нь Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирлыг эрүүл мэндийн сайд томилж, чөлөөлнө. 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр Өргөө амаржих төвөөс Халдварт өвчин судлалын үндэсний төвд өвчтөн шилжүүлэх явцдаа алдаа гарсантай нь холбогдуулан бусад удирдах албан тушаалтнуудын хамт албан үүргээ биелүүлээгүй гэдэг үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн. Тухайн өвчтөнг зөөвөрлөсөн ХӨСҮТ-ийн эмч н.П өөрийн фэйсбүүк хуудсаараа буруутай, өвчтөн зөөвөрлөх явцдаа алдаа гаргасан гэж буруугаа хүлээсэн байдаг. Нэхэмжлэгчийн алдаатай, буруутай үйлдэл болох нь тогтоогдсон. Эрүүл мэндийн сайд өөрийн эрх хэмжээний хүрээнд хуулийн дагуу тушаал гаргасан. Уг асуудалтай холбоотойгоор Монгол улсын засгийн газар, Ерөнхий сайд, Эрүүл мэндийн сайд эрүүл мэндийн байгууллагуудынхаа өмнөөс хариуцлага хүлээж огцорсон. Иймд нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Нг Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ерөнхий захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч МУЭМЯнаас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт нийт 17 002 897 /арван долоон сая хоёр мянга найман зуун ерэн долоо/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Нд олгож, хариуцагч МУЭМЯанд ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлөхийг даалгаж, нэхэмжлэгч Д.Ннэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч МУЭМЯнаас улсын тэмдэгтийн хураамжид 313 164 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Цэрэнчунтын давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг эс зөвшөөрч байна. 2021 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн Эрүүл мэндийн сайдын Б/01 дугаар тушаалын 1 дэх хэсэгт “ ... амаржсан эх, нярайг шилжүүлэн авсан Халдварт өвчин судлалын үндэсний төв алдаа гаргасан тул” гэж ажлаас чөлөөлөх үндэслэлийг бичсэн байхад шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн зүйл, заалтыг тушаалд тусгаагүй учир сахилгын зөрчил гаргасан нь тогтоогдоогүй гэж үзсэн. Шүүгч хэргийг шийдвэрлэхдээ Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа Өргөө амаржих газарт 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр амаржсан эх, нярайг Халдварт өвчин судлалын үндэсний төвд шилжүүлэх, зөөвөрлөх явцад алдаа гаргасантай холбогдуулан Засгийн газрын түвшин бүрт холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцсон тухай үйл баримтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1 дэх хэсэгт заасан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлүүдтэй холбон дүгнэлт хийлгүй зөвхөн Эрүүл мэндийн сайдын Д.Нг ажлаас чөлөөлсөн тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг дурдаагүй гэдэг шалтгаанаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Д.Н нь Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ерөнхий захирлын хувьд доод албан тушаалтныхаа ажлыг хянах, эмнэлгийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, удирдлага арга зүйгээр хангаж ажиллах үүрэгтэй. Д.Нтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3.4.27-д “хууль, дүрэм, журам, тогтоомж, стандарт нь хэрэгжих боломжгүй, үйлчлүүлэгчийн эрх ашигт нийцэхгүй байгаа тохиолдолд түүнийг өөрчлүүлэх тухай саналаа холбогдох хууль, тогтоомжийн дагуу ажил олгогчид тавина” гэж заасны дагуу тэрээр Эмнэлэг болон тасаг хооронд үйлчлүүлэгч шилжүүлэх журам, түүний хэрэгжилтэд хяналт тавих үүрэг хүлээсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Д.Н хариуцагч МУЭМЯанд холбогдуулан ажлаас халсан тушаалыг хууль бусд тооцож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлэх нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч “ ... нэхэмжлэгч нь байгууллагын удирдлагын хувьд мэргэжлийн үйл ажиллагаа явуулах чиг үүргээ хэрэгжүүлээгүй, эмнэлэг хооронд өвчтөн шилжүүлэх журам зөрчсөн ...” гэж үгүйсгэж маргажээ.

 

Эрүүл мэндийн сайдын 2021 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн Б/01 дугаар тушаалаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа Өргөө амаржих газарт 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр амаржсан эх, нярайг эмнэлэг хооронд шилжүүлэхдээ Халдварт өвчин судлалын үндэсний төв алдаа гаргасан гэх үндэслэлээр тус төвийн ерөнхий захирал Д.Нг үүрэг ажлаас нь чөлөөлжээ. /хх6/

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ хэргийн 34-39, 113-114 дүгээр талд авагдсан “Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Эмнэлэг болон тасаг хооронд үйлчлүүлэгч шилжүүлэх журам, нэхэмжлэгчийн ажлын байрны тодорхойлолтыг үндэслэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Эмнэлэг болон тасаг хооронд үйлчлүүлэгч шилжүүлэх журам нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөгдсөн цаг хугацаанаас хойш буюу 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдөр батлагджээ. Нэхэмжлэгчийн ажлын байрны тодорхойлолт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дах хэсэгт заасан эх хувь буюу нотариатаар гэрчлэгдсэн хувь байх шаардлагыг хангаагүй, хариуцагч байгууллагын хуулбар үнэн тэмдэгтэй байна.

Нэхэмжлэгч нь “ .., Халдварт өвчин судлалын үндэсний төвийн дүрэм, халдварт өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх талаар тогтоосон журмыг баримтлан ажилласан ..,” гэж, хариуцагч тал “Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлагдсан өвчтөн зөөвөрлөх журмын дагуу эмнэлгүүд өөрсдөө нарийвчилсан дүрэм гаргаж, түүнийг дагаж мөрдүүлэх үүрэгтэй” гэж тайлбарлаж байх боловч эдгээр баримтууд нь хэрэгт авагдаагүй байна.

Талуудын маргаад байгаа дээрх баримтууд хэрэгт ач холбогдолтой байхад шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасны дагуу холбогдох ажиллагааг хийж гүйцэтгээгүй байна.  

Нэхэмжлэгчийг Халдварт өвчин судлалын үндэсний төвд ажиллаж байх цаг хугацаанд эмнэлэг хооронд өвчтөн шилжүүлэхэд ямар дүрэм, журам мөрдөгдөж байсан, уг дүрэм, журмыг хэрэгжүүлэхэд нэхэмжлэгч хэрхэн хяналт тавьж ажилласан зэргийг тодруулж, талуудыг мэтгэлцүүлэх шаардлагатай.

Дээрх үйл баримтыг тодруулахгүйгээр давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааныг шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

 

  1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2021/01555 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.     

                         

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ч.ЦЭНД

 

                                           ШҮҮГЧИД                                    Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                                А.МӨНХЗУЛ