Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дашхүүгийн Цолмон |
Хэргийн индекс | 181/2021/00829/И |
Дугаар | 001/ХТ2024/00153 |
Огноо | 2024-06-18 |
Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2024 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 001/ХТ2024/00153
С ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 181/ШШ2024/00211 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 210/МА2024/00658 дугаар магадлалтай,
С ын нэхэмжлэлтэй,
“Г ” ХХК болон тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлд холбогдох
Ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай үндсэн нэхэмжлэл,
2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 5,326,709 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С , түүний өмгөөлөгч С , нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч С нь хариуцагч “Г ” ХХК болон тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлд холбогдуулан ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 5,326,709 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.
2.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 181/ШШ2024/00211 дүгээр шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн/-ийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан хариуцагч “Г” ХХК болон тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлд холбогдох ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай С ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.8, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч С т холбогдох 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 5,326,709 төгрөгийг гаргуулах тухай хариуцагч “Г ” ХХК болон тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.3, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 170,377 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 210/МА2024/00658 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 181/ШШ2024/00211 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Г ” ХХК болон тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлд тус тус холбогдох ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай С ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж, тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.3, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 170,377 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 531,311 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулсугай.” гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С ы хяналтын журмаар гаргасан гомдолд: Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.01.15-ны өдрийн 181/ШШ2024/00211 тоот шийдвэр болон Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.04.01-ний өдрийн 210/МА2024/00658 тоот магадлалыг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр дараах гомдлыг гаргаж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэргийн үйл баримтыг үнэн зөв дүгнээгүйн улмаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэж байна. Анхан шатны шүүх талуудын хооронд Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөдөлмөрийн харилцаа үүссэн гэж дүгнэсэн боловч давж заалдах шатны шүүх талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн хэмээн шүүхүүд хэргийн үйл баримтад өөр өөр дүгнэлт хийн хуулийг зөрүүтэй тайлбарлаж хэрэглэсэн. Талуудын хооронд Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 4.1.1 дэх хэсэгт заасан хөдөлмөрийн харилцаа бий болсон байхад давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан хэмээн дүгнэсэн нь хуульд нийцээгүй байна. Учир нь ажилтан С ыг ажил олгогч “Г ” ХХК нь 2017.04.10-ны өдөр ТУЗ-ийн нарийн бичгийн даргаар томилж 2019.05.01-ний өдөр хүчин төгөлдөр хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан. ТУЗ-ийн нарийн бичгийн дарга нь байнгын ажлын байр тул хөдөлмөрийн гэрээнээс бусад гэрээгээр ажиллах боломжгүй. Мөн ажилтныг 2021.01.08-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор үүрэгт ажлаас нь чөлөөлөхөд өөр ажил давхар эрхэлж байсан гэх үйл баримт тогтоогдоогүй байхад хууль бусаар ажлаас чөлөөлсөн. Нэгэнт талуудын хооронд хөдөлмөрийн харилцаа бий болсон бол тус хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох буюу хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажил олгогч нь Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хөдөлмөрийн хэм хэмжээг баримтлах ёстой. Гэтэл ажил олгогчийн шийдвэр /тогтоол/ нь Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-д нийцээгүй буюу ажил олгогчийн санаачилгаар ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцлах тохиолдолд хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 40.1 дэх хэсэгт заасан аль нэг үндэслэлийг заавал зааж түүнийгээ ажлаас чөлөөлөх тогтоол, шийдвэртээ тусгах ёстой. Мөн ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт ажилтныг ажлаас чөлөөлөх болсон үндэслэлтэй тохирч байх ёстой. Гэтэл ажил олгогчийн зүгээс ямар үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж буйг тогтоолдоо тусгаагүйгээс гадна сахилгын шийтгэл оногдуулж буй хэлбэр, хэд хоногийн хугацаанд, хэзээ, хэнд ажлаа хэрхэн хүлээлгэж өгөх зэрэг зайлшгүй тусгахаар хуульд тухайлан заасан шаардлага буюу ажилтны мэдэх шаардлагатай зүйлсийг ажлаас чөлөөлөх тухай тогтоолд тусгаагүй байгаа нь С ыг ажлаас чөлөөлсөн “Г ” ХХК-ийн ТУЗ-ийн 2021.01.28-ны өдрийн 09 тоот тогтоол хууль бус болохыг илтгэж байна. Иймд тус тогтоолыг хууль бус болохыг тогтоож, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж, энэ хугацааны цалин хөлстэй тэнцэхүйц олговрыг олгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
5.Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн 2024.06.06-ны өдрийн хуралдааны 001/ШХТ2024/00705 тогтоолоор нэхэмжлэгчийн өмгөөлөгч С ы хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзжээ.
ХЯНАВАЛ:
Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, “...ТУЗ-ийн нарийн бичгийн даргыг чөлөөлөх, томилох эрх нь Компанийн тухай хууль, компанийн дүрэм болон Төрийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн ТУЗ-ийн ажиллах нийтлэг журамд зааснаар ТУЗ, түүний даргын эрхэд хамаардаг. ...С ыг ТУЗ-ийн гишүүдийн саналыг үндэслэн ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлтэй. Нэхэмжлэгч нь тус компанийн ТУЗ-ийн нарийн бичгийн даргын ажилд томилогдсоноос 6 сарын дараа “Э ” ХХК-ийн охин компани болох “Ш ” ХК-ийн ТУЗ-ийн нарийн бичгийн даргын ажилд давхар томилогдож 2020.11.30-ны өдөр хүртэл хугацаанд ажиллаж, цалин авдаг байсан. Хоёр талд байнгын ажлын байранд зэрэг ажиллах боломжгүй. ТУЗ-ийн нарийн бичгийн дарга нь үндсэн ажилтан биш” гэж маргажээ.
7. Хариуцагч талаас нэхэмжлэгчид холбогдуулан 2019.05.01-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 5,326,709 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж, “...С нь энэ гэрээг үндэслэн нэхэмжлэл гаргаж байгаа боловч гэрээг байгуулах үед гүйцэтгэх захирлаар Ц ажиллаж байхад “Э” ХХК-ийн Тэргүүн дэд захирлаар ажиллаж байсан С-тай Г ХХК-ийн байнгын ажлын байранд хийгддэг хөдөлмөрийн гэрээ байгуулсан нь эрх зүйн чадамжгүй хүчин төгөлдөр бус хэлцэл юм. С нь 2021.02.10-ны өдөр компанийн захиргаа, хүний нөөцийн албанд хандсан “... хагалгаанд орох болсон тул 6 сарын цалин хөлстэй тэнцэх буцалтгүй тусламж хүссэн өргөдөл”-дөө эрүүл мэндийн байдлыг тодорхойлсон баримт хавсаргаагүй байхад гүйцэтгэх захирал асан С 2021.02.25-ны өдрийн ... тоот тушаалаар түүнд 3 сарын цалинтай тэнцэх буцалтгүй тусламж олгох шийдвэр гаргасны дагуу ... 5,326,709 төгрөгийг үндэслэлгүйгээр шилжүүлсэн. Гүйцэтгэх захирал С нь хууль, дүрэм, журамд заасан бүрэн эрхийн хүрээнд ажиллаагүй, эрх мэдлээ хэтрүүлсэн...” гэжээ.
Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж, “...4 жил гаруй ажиллуулж байснаа одоо хөдөлмөрийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж байгаа нь үндэслэлгүй. Бодит байдалд гэрээ хэрэгжиж, хөдөлмөрийн харилцаа үүсээд Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу ажиллах орчин болон техник хэрэгслээр ханган, цалин хөлсийг нь өгдөг байсан, ......ТУЗ-ийн 2021.01.28-ны өдрийн хурал дээр урамшуулал олгох талаар яригдсан бөгөөд 5,326,709 төгрөг нь ТУЗ-ийн тогтоолоор олгогдсон урамшуулал, амралтын мөнгө ...”. гэсэн тайлбар гаргасан байна.
8. Анхан шатны шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ дараахь дүгнэлтийг хийсэн байна.
8.1. Компанийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт ...нарийн бичгийн даргыг ТУЗ-ийн даргын санал болгосноор ТУЗ томилно гэж, “Г ” ХХК-ийн дүрмийн 8 дугаар зүйлийн 8.2.2-т ТУЗ нь Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлд заасан эрхийг эдлэхээс гадна, компанийн жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг батлах эрхтэй гэж тус тус заасан. ...ТУЗ нь 2021.01.28-ны өдрийн ээлжит хурлаар хэлэлцэх бусад асуудлын хүрээнд С ын “Ш ” ХК-ийн ТУЗ-ийн нарийн бичгийн даргын ажлыг давхар гүйцэтгэж, цалин хөлс авсан байдлыг танилцуулж, цаашид түүнтэй хамтарч ажиллах талаар санал хураахад 8 гишүүн дэмжсэнээр С ыг мөн өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсөн шийдвэр нь Компанийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2, 80.5 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр болсон ба “Г” ХХК-ийн ТУЗ-ийн хуралд “Э” ХХК-ийн төлөөллийг хэрэгжүүлэгчийн баримтлах удирдамжийн 2.8.2-т “...дотоод хянан шалгагч, нарийн бичиг нарын жилийн эцсийн урамшууллын талаар шалгаж, холбогдох хууль, журамд нийцүүлэн шийдвэрлэх” гэж заасантай харшлаагүй гэсэн үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгожээ.
8.2. Сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо “...нэхэмжлэгчтэй хөдөлмөрийн гэрээ байгуулагдах үед С нь тус компанийн гүйцэтгэх захирал байсан гэж үзэхээргүй байх ба түүнд ажил олгогчийг төлөөлж, ажилтантай ийнхүү хэлцэл хийх эрх олгогдсон баримт нотолгоо хэрэгт авагдаагүй, ... тэрээр 2017.04.15-наас 2021.01.28-ны өдөр хүртэл хугацаанд ТУЗ-ийн нарийн бичгийн даргын ажил үүргийг гүйцэтгэж, цалин хөлс авч байсан бөгөөд ийнхүү хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан байдлыг нь хүлээн зөвшөөрч, ТУЗ-ийн ээлжит хурлаар авч хэлэлцсэн зэргээс үзвэл Иргэний хуулийн 53 дугаар зүйлийн 53.1 дэх хэсэгт зааснаар дээрх гэрээг хүчин төгөлдөр гэж үзэхээр байна” гэж дүгнэсэн, түүнчлэн тус компанийн ТУЗ-ийн 2021.02.10-ны өдрийн 15 дугаар тогтоолоор ТУЗ-ийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан С , дотоод хянан шалгагчаар ажиллаж байсан А нарын ажлын үр дүнг харгалзан 3 сарын урамшуулалтай дүйцэхүйц хэмжээний мөнгөөр урамшуулахаар, урамшууллыг холбогдох журмын дагуу олгохыг Гүйцэтгэх захирал /С/-д үүрэг болгож, уг урамшууллыг олгосон байх тул нэхэмжлэгчээс Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасны дагуу дээрх мөнгийг буцаан шаардах үндэслэлгүй гэж үзжээ.
9. Давж заалдах шатны шүүх “...анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв боловч талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг буруу тодорхойлсныг залруулах боломжтой. ...гэрээний чиг үүрэг зорилго, гэрээгээр хүлээсэн талуудын эрх үүрэг, гэрээний шинж зэргийг харьцуулан дүгнэвэл зохигчдын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр, хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй ба мөн хуулийн 364 дүгээр зүйлийн 364.2 дахь хэсэгт Гэрээнд хугацаа тогтоогоогүй буюу ажил, үйлчилгээний онцлог, зорилгоос шалтгаалан хугацаа заагаагүй бол гэрээний талууд тохиролцон хэдийд ч гэрээг дуусгавар болгож болно гэж заасан. Иймд “Г ” ХХК-ийн ТУЗ нь Компанийн тухай хуульд заасан эрх хэмжээний хүрээнд нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээг дуусгавар болгосон гэж үзэх үндэслэлтэй” гэсэн дүгнэлт хийсэн. Сөрөг нэхэмжлэлийн тухайд “...талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг давж заалдах шатны шүүх хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн тул анхан шатны шүүх талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний харилцаа хүчин төгөлдөр гэж дүгнэснийг залруулан дүгнэв” гэжээ.
10. Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд үүссэн маргаанд хууль хэрэглээний өөр өөр дүгнэлт хийсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгч С ы хяналтын журмаар гаргасан гомдлыг шүүх хуралдаанаар хэлэлцүүлж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.
11. Анхан шатны шүүх талуудын хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн агуулгаар сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон атлаа ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох үндэслэл, журмын талаарх хуулийн зохицуулалтыг хэрэглэлгүйгээр ТУЗ-ийн шийдвэрийг Компанийн тухай хууль болон дүрэмд нийцсэн гэж дүгнэн үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад шаардлагад нийцсэнгүй. Давж заалдах шатны шүүх талуудын хооронд үүссэн харилцааг Иргэний хуулийн 369 дүгээр зүйлд заасан хөлсөөр ажиллах гэрээ гэж үзэхдээ ТУЗ-ийн нарийн бичгийн даргын ажлын байрыг “байнгын ажлын байр” биш болохыг дүгнээгүй, нөгөөтэйгүүр ТУЗ-ийн шийдвэрийг Иргэний хуулийн 364 дүгээр зүйлийн 364.2 дахь хэсэгт “...гэрээнд хугацаа заагаагүй бол гэрээний талууд тохиролцон хэдийд ч гэрээг дуусгавар болгож болно гэж заасантай нийцсэн” гэж дүгнэсэн боловч хэрэгт “талууд тохиролцсон” тухай баримт авагдаагүй байна.
12. Хяналтын шатны шүүхээс хэрэгт цугларсан баримтын хүрээнд дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангана.
12.1. Зохигчийн хооронд үүссэн маргааны гол агуулга нь Компанийн ТУЗ-ийн нарийн бичгийн даргын ажлын байранд ямар төрлийн гэрээ байгуулагдсан тухай байх бөгөөд гэрээний харилцааг хэрхэн тодорхойлсноос шалтгаалан нэхэмжлэлийн шаардлагыг хангах эсэх нь үндэслэлтэй шийдвэрлэгдэнэ. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь нэхэмжлэгчийн ажлын байрыг байнгын ажлын байр биш гэсэн үндэслэлээр маргасан
Компанийн тухайд эрх барих дээд байгууллага нь хувьцаа эзэмшигчдийн хурал бөгөөд хурлын чөлөөт цагт компанийн эрх барих байгууллага нь ТУЗ байна. ТУЗ нь нарийн бичгийн даргатай байх ба түүнд Компанийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.8-д зааснаар компанийн засаглалын чиглэлээр сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан байх шаардлага тавигдсан байна. Мөн хуулийн 82 дугаар зүйлд ТУЗ-ийн нарийн бичгийн даргын гүйцэтгэх чиг үүргийг, 84 дүгээр зүйлийн 84.1-д зааснаар нарийн бичгийн дарга нь компанийн эрх бүхий албан тушаалтанд хамаарах ба улмаар 84.5-д “Компанийн эрх бүхий албан тушаалтан компанитай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд өөрөөр заагаагүй бол албан тушаалаасаа өөрчлөгдсөнөөс хойш гурван жилийн туршид энэ хуулийн 84.4.6-д заасан үүргийг хүлээнэ” гэж, 97 дугаар зүйлийн 97.5, 98 дугаар зүйлийн 98.2-т компанийн баримт бичгийг хадгалах, хувьцаа эзэмшигчдэд мэдээлэл өгөх зэрэг өдөр тутмын гүйцэтгэх эрх, үүргийг тусгайлан зохицуулсан байна.
Компанийн тухай хуулийн дээрх зохицуулалт болон хэрэгт авагдсан ажлын байрны тодорхойлолт, нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ зэргээс үзэхэд энэ албан тушаалыг ТУЗ-ийн өдөр тутмын үйл ажиллагааг тасралтгүй явуулах үүрэг бүхий байнгын ажлын байр гэж дүгнэх үндэслэлтэй. Иймээс байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс өөр төрлийн гэрээ байгуулахыг Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 24 дүгээр зүйлийн 24.1-д хориглосон байх тул нэхэмжлэгч С ын хөдөлмөрийн гэрээг үндэслэлгүй цуцалсан гэсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл хуульд нийцэж байх бөгөөд энэ гэрээг Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэл, журмаар дуусгавар болгох учиртай. Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн хариуцагч компанийн ТУЗ-ийн 2021.01.28-ны өдрийн 09 дүгээр тогтоол Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй байх тул ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангана.
12.2. Хариуцагч нь “...нэхэмжлэгчийг тус компанийн ТУЗ-ийн нарийн бичгийн даргын ажилд томилогдсоноос 6 сарын дараа “Э” ХХК-ийн охин компани болох “Ш ” ХК-ийн ТУЗ-ийн нарийн бичгийн даргын ажилд давхар томилогдож 2020.11.30-ны өдөр хүртэл хугацаанд ажиллаж, цалин авдаг байсан. Хоёр талд байнгын ажлын байранд зэрэг ажиллах боломжгүй” гэсэн үндэслэлийг ажлаас чөлөөлөх шалтгаан болсон гэх боловч аль хуулийн ямар үндэслэлээр ийм шийдвэр гаргаснаа тайлбарлаагүй.
Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 26 дугаар зүйлээр хэд хэдэн ажил, үүргийг зэрэг гүйцэтгэх буюу хөдөлмөрийн зэрэгцсэн гэрээ байгуулж болохыг ажилтанд зөвшөөрсөн байхаас гадна мөн хуулийн 28 дугаар зүйлд заасан тохиолдолд хэд хэдэн ажил олгогчид нэгэн зэрэг ажиллахыг хориглосон зохицуулалт үйлчилж байсан. Хариуцагч нь С ыг үндсэн ажил олгогчоос зөвшөөрөл аваагүй, эсхүл хуулийн хориглосон заалтыг зөрчсөн тухай тайлбар болон баримтыг шүүхэд ирүүлээгүй, татгалзлаа хуульд заасан журмаар нотолж чадаагүй байна. Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч нь 2020.11.30-ны өдөр хүртэл өөр компанид ажиллаж, улмаар тухайн ажлаас чөлөөлөгдөн хөдөлмөрийн харилцаа нь дуусгавар болсон байхад 2021.01.28-ны өдөр ТУЗ-ийн дээрх шийдвэрийг гаргасан нь цаг хугацааны хувьд өнгөрсөн нөхцөлд үндэслэсэн нь ойлгомжгүй юм.
Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгч нь “...өөр байгууллагад ажиллахдаа үндсэн ажил олгогчоос зөвшөөрөл авсан, ...хуулийн дагуу мэдүүлэх урьдчилсан мэдүүлэг, ашиг сонирхлын зөрчлийн талаар холбогдох байгууллагад мэдүүлсэн” гэсэн тайлбарыг хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан, түүнчлэн нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 28 дугаар зүйлд зааснаар зэрэгцсэн хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллаж болохгүй гэсэн гэсэн нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдсонгүй.
13. Дээр дурдсанаар нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн шийдвэр хууль бус тул С ыг хариуцагч компанийн ТУЗ-ийн нарийн бичгийн даргын ажилд эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан 2021.01.28-ны өдрөөс 2024.06.18-ны өдөр хүртэлх хугацааны цалинтай тэнцэх олговрыг олгох үндэслэлтэй. Хэрэгт авагдсан нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн баримтаар ажилтны дундаж цалин хөлсийг тооцож, ажилгүй байсан хугацааны олговорт /нэг өдрийн 106,484 төгрөг*40 сар,15 хоног/ нийт 91,043,900 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох, үүнээс даатгал болон татварын асуудлыг хуульд заасан журмаар шийдвэрлэхийг хариуцагчид даалгахаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулав.
14. Анхан болон давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон байх бөгөөд энэ талаар давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргаагүй байх тул энэ талаар хяналтын шатны шүүхээр хэлэлцүүлээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 210/МА2024/00658 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 181/ШШ2024/00211 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч С ыг “Г” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн нарийн бичгийн даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт нийт 91,043,900 төгрөгийг хариуцагч “Г” ХХК-аас гаргуулан нэхэмжлэгч С т олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох бичилт хийхийг даалгаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасугай” гэж, шийдвэрийн 3 дахь заалтын “57 дугаар зүйлийн 57.1, 57.3” гэснийг “56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1” гэж, “үлдээсүгэй” гэснийг “үлдээж, хариуцагч “Г” ХХК-аас 613,169 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр төлсөн 531,311 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ
ШҮҮГЧИД Н.БАТЧИМЭГ
Н.БАЯРМАА
Д.ЦОЛМОН
Х.ЭРДЭНЭСУВД