Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 132/ШШ2021/00303

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, шүүгч О.Одончимэг, шүүгч Р.Үүрийнтуяа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар, 

 Нэхэмжлэгч: Булган аймгийн ******* газрын нэхэмжлэлтэй,

 Хариуцагч:  ******* холбогдох

 Хохирол 8.973.093 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2021/00186/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Сувдаа, хариуцагчийн өмгөөлөгч М.*******, иргэдийн төлөөлөгч Н.******* /цахимаар/, нарийн бичгийн дарга М.Энхмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Булган аймгийн ******* газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Булган аймгийн Булган сумын ******* бүрэн дунд сургуулийн захирал ажилтай Лханаажавын *******г Булган аймгийн Засаг дарга ажилтай З.******* нь 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б/11 дугаартай захирамжаар Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2 дахь заалт, 40 дүгээр зүйлийн 40.1.3 дахь хэсгийг тус тус үндэслэн чөлөөлж шийдвэрлэжээ.

Уг шийдвэрийг Л.******* эс зөвшөөрч Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд аймгийн Засаг даргын захирамжаар ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн тул тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг гаргасан байна.

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 189 дугаартай шийдвэрээр Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Лханаажавын *******г Булган аймгийн Булган сумын ******* сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор 3.696.234 /Гурван сая зургаан зуун ерэн зургаан мянга хоёр зуун гучин дөрөв/ төгрөгийг Булган аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулж, нэхэмжлэгч Л.*******д олгохоор шийдвэрлэжээ.

            Шүүхийн дээрх шийдвэрт заасныг үндэслэн Л.*******г Булган аймгийн Булган сумын ******* сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор 8.973.093 /найман есөн зуун далан гурван мянга ерэн гурван/ төгрөгийг Булган сумын ******* бүрэн дунд сургуулийн 100041415101 дугаартай данснаас Л.*******гийн Хаан банкин дахь 5270272809 тоот дансанд хийсэн байна.

Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д “Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ" гэж заасан тул төсвөөс гарсан мөнгийг буруутай албан тушаалтнаас гаргуулах нь зүйтэй.

Иймд эрх бүхий албан тушаалтны хууль бус шийдвэрийн улмаас төрийн ашиг сонирхол зөрчигдөж, төрд бодит хохирол учирсан гэж үзэн Булган аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албанаас 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр ирүүлсэн хүсэлт болон өөрийн санаачилгаар ******* тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 41 дүгээр зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2, 31 дүгээр зүйлүүдэд заасны дагуу иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоор ******* нэхэмжлэл гаргаж байна.

Л.******* нь хариуцагчаас шүүхийн шийдвэрийн дагуу, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 3.696.234 төгрөгийг хариуцагчаас гарган төлүүлэхээр заасан байх ба Булган аймгийн Булган сумын ******* сургуулийн 100041415101 дугаартай данснаас Л.*******гийн Хаан банкин дахь 5270272809 тоот дансанд хийсэн 8.973.093 төгрөгийг Булган аймгийн Булган сумын иргэн З.*******оос гаргуулж, Булган аймгийн Булган сумын ******* сургуулийн 100041415101 дугаартай дансанд оруулж өгнө үү.

******* нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.4 дэх хэсгүүдэд заасан үндэслэлээр улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхөөр байх тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Хууль бус шийдвэрийн улмаас Булган аймгийн Булган сумын 1 дүгээр сургуулийн захирал Л.******* ажлаас чөлөөлөгдсөн. Энэ нь үндэслэлгүй болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгосон. Уг хэрэг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж байх үед ажилгүй байсан хугацааны нөхөн олговор 3.696.234 төгрөг байсан бол дараагийн шатны шүүх хуралдаанаар хэлэлцэх, түүнийг эгүүлэн албан тушаалд нь томилох хүртэл хугацаанд тооцогдсон мөнгөн дүн 8.973.093 төгрөг болсон. Булган сумын 1 дүгээр сургууль бол төрийн байгууллага. Түүнд төсөвлөгдсөн цалингийн сангаас нөхөн олговор буцаан олгогдсон баримт хэрэгт хавсаргагдсан. Тийм учраас Төрийн сан, Татварын хэлтэст хохирлын төлбөрийг гаргаж өгнө гэдэг нь өрөөсгөл ойлголт юм. Хаана хохирол учирсан байна түүнээс нэхэмжилнэ. Мөн хариуцагчийн тайлбараар ******* байгууллагыг уг эрх ашгийг төлөөлөх ёсгүй гэж байна. ******* байгууллагын тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлд ******* байгууллага төрийг төлөөлж оролцохоор хуульчилсан байдаг. Үүний дагуу дээд шатны ******* байгууллагаас шүүх хуралдаанд төлөөлж оролцох Прокурорыг томилсон албан бичиг ирсэн. Үүнийг төлөөлөл гэж ойлгож болно. Мөн хохирол барагдуулсан мөнгө нь төсөвт суусан байсан тул төрд хохирол учраагүй, болгоомжгүй хэлбэрээр хийгдсэн үйлдэл гэж тайлбарласан нь үндэслэлгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т зааснаар ажлаас чөлөөлөх үндэслэл тодорхой байна. Хөдөлмөрийн насны дээд хязгаар 60 нас байхаар заасан ба 60 нас хүртэл ажиллах боломжтой. Бусад нөхцөлд өөрийн хүсэлтийн дагуу ажлаас чөлөөлөх боломжтой. Гэвч өөрийн хүсэлтгүйгээр ажлаас чөлөөлснөөр алдаа гарсан байна гэ

Хариуцагч З.******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Булган аймгийн ******* газраас гаргасан 8.973.093 төгрөг гаргуулж, Булган аймгийн Булган сумын 1 дүгээр сургуулийн 100040035010 дансанд оруулах агуулгатай шаардлага бүхий нэхэмжлэлийг миний бие эс зөвшөөрч, дараах хариу тайлбарыг гаргаж байна.Үүнд:

1.******* нэхэмжлэл гаргах эрхийн талаар:

Булган аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б/11 дүгээр захирамжийн улмаас төрийн ашиг сонирхол зөрчигдөж, төрд бодит хохирол учирсан гэж үзэж “******* тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 41 дүгээр зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2, 31 дүгээр зүйлд заасныг баримтлан нэхэмжлэл гаргажээ.

Аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албанаас аймгийн ******* газарт хүргүүлсэн 2021 оны 04 дүгээр 01-ний өдрийн 26 дугаар албан бичигт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26, 30, 31 дүгээр зүйлд заасны дагуу манай байгууллагыг төлөөлж зохигчийн төлөөлөгчөөр оролцож өгнө үү” гэжээ.

Тэгэхээр энэ албан бичиг, прокурорын нэхэмжлэл, доод шатны прокурорт олгосон итгэмжлэл /албан бичиг/ зэрэгт дурдсан үндэслэл, тайлбараас үзэхэд аймгийн ******* газар нь аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албыг төлөөлж нэхэмжлэл гаргаж байна уу, эсхүл төрийг төлөөлж өөрийн санаачилгаар нэхэмжлэл гаргаж байна уу гэдэг нь зөрчилтэй байгааг шүүх юуны өмнө анхаарч үзэхийг хүсье.

Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.3-д “... хохирлыг нөхөн төлүүлэх үүргийг төрийн аудитын байгууллага хариуцна” гэж зааснаас үзвэл Төрийн аудитын байгууллага нэхэмжлэл гаргах /аймгийн Засаг даргын дэргэдэх СХАА биш/. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д “... гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй гэж зааснаас үзвэл ******* сургууль нэхэмжлэл гаргах, Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т “Төрийн албаны төв байгууллага ... төрд учирсан хохирлын төлөлтөд хяналт тавьж, ... төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана” гэж зааснаас үзвэл Төрийн албаны зөвлөл нэхэмжлэл гаргах эрхтэй байхаар тус тус заасан.

Өөрөөр хэлбэл ажилтны ажилгүй байсан хугацаанд харгалзах цалинг хохирол гэж үзвэл хэнд учирсан, ямар эх үүсвэрээр төлж барагдуулсан зэргээс хамаараад шаардах эрх нь өөр өөр этгээдэд байхаар хуулиудад нарийвчлан зохицуулсан байна.

Гэтэл прокурорын байгууллага нь ******* тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллын хүсэлтээр, ... иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, оролцоно”, 41 дүгээр зүйлийн 41.1-д “Төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл, ... гаргана" гэж ерөнхий зохицуулалтыг баримтлан нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй. Аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт аудитын алба нь Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн  103.3-д заасан төрийн аудитын байгууллага биш.

2.Төрд учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр төлүүлнэ” гэх асуудалд

Прокурор нь дээрх шаардлага бүхий нэхэмжлэл гаргах үндэслэлээ. Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д “Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ”, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д “Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй” гэсэн заалтад холбогдуулжээ.

Эдгээр хуулийн заалтаар “төрд учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр буцаан төлүүлэх”-д /шийдвэр гаргасан этгээд нь өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан, б/ гэм буруу ба хохирлын хэмжээ нь шүүхээр тогтоогдсон байх, в/ гэм хорыг арилгасан байгууллага хохирлыг шаардах нөхцөлүүд бүрдсэн байх шаардлагатай.

Харин миний хувьд Булган аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдсон гэж үзэж, 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б/11 дүгээр захирамжаар Булган сумын 1 дүгээр сургуулийн захирлаар ажиллаж байсан Л.*******г ажлаас нь чөлөөлж байсан.

Ингэхдээ түүний ажлыг шалгасан ажлын хэсгийн илтгэх хуудас болон түүний дагуу аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсээс судалж танилцуулсан хууль зүйн үндэслэлийг баримталж, шийдвэр гаргасан /энэ талаар захирамжийн хяналтын дагалдах хуудас нотолно/ учраас шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр шийдвэр гаргаж гэм хор учруулсан гэж үзэхгүй байна.

Өөрөөр хэлбэл захирамжид баримтласан хуулийн зүйл заалтыг Засаг даргын Тамгын газрын холбогдох хэлтэс мэргэжилтэн судлан боловсруулж, захирамжийн төсөл боловсруулдаг журамтай. Мөн уг захирамжийг гаргахад оролцсон, хууль зүйн үндэслэлийг боловсруулсан төрийн албан хаагчид ч хариуцлага хүлээх зарчмыг Захиргааны ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-29.4 дэх хэсэгт заасныг анхаарна уу.

3.Нэхэмжлэлийн үнийн дүнгийн талаар

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн шийдвэрийн “ТОГТООХ нь” 1-д "... 3.696.264 төгрөгийг Булган аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулж нэхэмжлэгч Г.*******д олгосугай” гэсэн байтал нэхэмжлэлд “8.973.093 төгрөг” гэж нэхэмжилсэн нь үндэслэлгүй.

Шүүхийн шийдвэрт “Булган аймгийн Засаг даргын Тамгын газраас 3.696.264 төгрөг гаргуулах”-аар заасан бол прокурор “Булган сумын ******* сургуулийн дансанд оруулах”-ыг шаардсан нь ойлгомжгүй байна.

Өөрөөр хэлбэл Л.*******гийн ажилгүй байсан хугацааны цалинд олгосон 3.696.264 төгрөгийг аймгийн Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/79, 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн Б/86 дугаар захирамжаар аймгийн  ******* сургуулийн  төсвөөс олгосон болох нь тус сургуулийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн төлбөрийн хүсэлт гэхдээ үнийн дүнг захирамжаас зөрүүтэй бичсэнээр нотлогдоно.

Л.*******д дээрх байдлаар олгосон цалинг прокурор төрд учирсан хохирол гэж тодорхойлохдоо аймгийн Засаг даргын Тамгын газар болон сургуулийн алиных нь төсвийн, ямар зардлаар гарсан болох, тэдгээр байгууллагын төсөвт дээрх үнийн дүнгээр авлага үүсгэсэн эсэхийг тодорхойлох баримтыг шүүхэд гаргаж ирүүлээгүй.

Учир нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5-д зааснаар төсвийн шууд захирагч нь батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах эрхтэй ба Засгийн газрын 2015 оны 24 дүгээр тогтоолоор баталсан Төрийн сангийн үйл ажиллагааны журамд зааснаас төсвийн байгууллагын зарлагын гүйлгээг холбогдох зориулалт, эдийн засгийн ангиллаар, байгууллагын баталгаат гарын үсгээр шилжүүлдэг.

Хоёр шатны шүүхийн шийдвэр, аймгийн Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/79 дугаартай захирамжийн дагуу 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн Б/86 дугаар захирамжийн дагуу олгосон мөнгө төсөвт нэгэнт батлагдсан мөнгө байсан учраас төсвийн шууд захирагч нь түүний дагуу зарцуулсан гэж ойлгож байна.

Өөрөөр хэлбэл дээрх мөнгийг олгохын тулд төсөвт тодотгол хийх, нэмэлт зардал гаргах, өр авлага үүсгэх зэргээр зориулалтын бус төсөв зарцуулаагүй тул төрд учирсан хохирол гэж үзэхгүй байна.

Мөн үүнийг төрд учирсан хохирол гэж үзэж буй бол татварын хэлтсийн, эсхүл орон нутгийн холбогдох Төрийн сангийн дансанд шилжүүлэх ёстой байтал “Булган сумын нэгдүгээр сургуулийн дансанд олгох” гэж дурдсан нь “төрийг төлөөлөн нэхэмжлэл гаргах, төрд учирсан хохирлыг нэхэмжлэх” эрх, зарчимд нийцээгүй үйлдэл болжээ гэж үзэж байна.

Иймд Булган аймгийн ******* газрын нэхэмжлэл гаргасныг, гаргасан нэхэмжлэлийг тус тус зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Булган аймгийн ******* газар нь хариуцагч З.*******т  холбогдуулан хохирол 8.973.093 төгрөг гаргуулах  шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.

Нэхэмжлэгч Булган аймгийн ******* газар нь нэхэмжлэлийн үнлэслэлээ “Булган аймгийн Засаг даргаар ажиллаж байсан З.******* нь 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б/11 дугаартай захирамжаар Булган аймгийн Булган сумын ******* бүрэн дунд сургуулийн захирал ажилтай Лханаажавын *******г Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2 дахь заалт, 40 дүгээр зүйлийн 40.1.3 дахь хэсгийг тус тус үндэслэн захирлын үүрэгт ажлаас чөлөөлсныг Л.******* эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх Л.*******г Булган аймгийн Булган сумын ******* бүрэн дунд сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор 3.696.234 төгрөгийг гаргуулж, Л.*******д олгохоор шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрээр тогтоосон цалин дээр ажилдаа орох хүртэл хугацаагаар тооцсон цалинг нэмж нийт 8.973.093 төгрөгийг Булган сумын 1 дүгээр сургуулийн данснаас Л.*******гийн дансанд шилжүүлсэн тул үндэслэлгүй шийдвэр гаргаж төрд хохирол учруулсан албан тушаалтан З.*******оос 8.973.093 төгрөгийг гаргуулна” гэж,

Хариуцагч З.******* нь татгалзлын үндэслэлээ “ ******* байгууллага нь нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд биш, Л.*******г ажлаас халах шийдвэр гаргахад Засаг даргын шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдэл нөлөөлсөн гэж үзэх боломжгүй, шүүхийн шийдвэрээр 3.696.264 төгрөгийг Булган аймгийн Засаг даргын Тамгын газраас олгохоор шийдвэрлэсэн байхад 8.973.093 төгрөгийг Булган сумын 1 дүгээр сургуулийн дансанд оруулах гэж нэхэмжлэлд дурдсан, цалингийн сангаас цалинг олгосон, төсвийг зориулалтын бусаар зарцуулаагүй тул төрд учирсан хохирол гэж үзэхгүй” гэж  тус тус тайлбарлан маргажээ.

Хариуцагч З.******* нь Булган аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б/11 дугаартай захирамжаар Булган аймгийн Булган сумын ******* бүрэн дунд сургуулийн захирал ажилтай Лханаажавын *******г Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2 дахь заалт, 40 дүгээр зүйлийн 40.1.3 дахь хэсгийг тус тус үндэслэн захирлын үүрэгт ажлаас чөлөөлжээ.

Л.******* нь уг захирамжийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч, тус шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 189 дугаартай шийдвэрээр Булган аймгийн Булган сумын ******* сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөх олговор 3.696.234 /гурван сая зургаан зуун ерэн зургаан мянга хоёр зуун гучин дөрөв/ төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ./хх-ийн 25-28/

Булган аймгийн Засаг даргын 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн Б/86 дугаартай захирамжаар Л.*******д ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгохоор зааж, Булган сумын ******* сургуулийн төсвөөс олгохыг тус сургуулийн санхүүд зөвшөөрч Л.*******гийн ХААН банкан дахь 570272809 дугаартай дансанд Булган сумын ******* сургуулийн 100041415101 дугаартай данснаас 8.973.093 төгрөг шилжүүлсэн болох нь Булган аймгийн Засаг даргын 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн Б/86 дугаартай захирамжийн хуулбар, 549 дугаартай төлбөрийн хүсэлт, цалингийн тооцоолол зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 22-24/

Хариуцагч, түүний өмгөөлөгч нар Булган аймгийн Засаг даргын дэргэд ажилладаг ажлын аппаратууд эрхийн актыг боловсруулж, Хууль зүйн хэлтэс хуулийн үндэслэлийг хянаж, хуульд нийцэж байна гэж үзсэн асуудлыг Засаг даргад танилцуулж, Засаг дарга гарын үсэг зурж баталгаажуулдаг бөгөөд Засаг даргын шууд санаатай болон илтэд болгоомжгүй үйлдэл нөлөөлсөн гэж үзэх боломжгүй, уг захирамжийг гаргахад оролцсон, хууль зүйн үндэслэлийг боловсруулсан төрийн албан хаагчид ч хариуцлага хүлээх зарчимтай гэж тайлбарласан.

Монгол улсын Засаг захиргааны нэгж түүний удирдлын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана” гэж, 29.3-т “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл сум, дүүргийн Засаг даргын захирамжийг аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжийг Ерөнхий сайд тус тус өөрчлөх буюу хүчингүй болгоно” гэж тус тус заасан.

Дээрх хуулийн зүйлээс үзвэл Засаг дарга Л.*******г ажлаас халсан захирамжийг гаргахад Засаг даргын дэргэд ажилладаг ажлын албыг буруутай гэж үзэх боломжгүй.

Тодруулбал засаг дарга өөрийн гаргасан шийдвэртээ хариуцлага хүлээх бөгөөд Засаг дарга үндэслэлгүй шийдвэр гаргасан болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон байна.

Шүүхийн шийдвэрт ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговрыг Булган аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулахаар шийдвэрлэсэн хэдий ч Засаг дарга З.*******ийн 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн Б/86 дугаартай захирамжаар Л.*******д ажилгүй байсан хугацааны цалинг Булган сумын ******* сургуулийн төсвөөс олгохыг тус сургуулийн санхүүд зөвшөөрсөн шийдвэрийг Засаг дарга өөрөө гаргасан байгаа нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбарыг үгүйсгэж байна.  

Булган аймгийн Засаг дарга З.******* нь Л.*******г ажлаас чөлөөлсөн захиргааны акт гаргаж, уг шийдвэрийг шүүх хүчингүй болгож түүнийг ажилд эгүүлэн тогтоосны улмаас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 8.973.093 төгрөгийг төсвөөс төлсөн үйл баримт нь албан тушаалтны гаргасан захиргааны актын улмаас учирсан хохирол байна.

Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д “Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ” гэж, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д “энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй” гэж тус тус заасан байх тул З.******* нь төрд учирсан хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй байна.

Иймд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор 3.696.234 төгрөгийг гаргуулан Булган аймгийн Булган сумын ******* сургуульд олгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

******* тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно” гэж, 41 дүгээр зүйлийн 41.1-д” “Төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл, тайлбар, гомдол гаргана” гэж тус тус заасан.

Дээрх хуульд зааснаар ******* газар нь төрийн байгууллагын хүсэлтийг үндэслэн шүүхэд нэхэмжлэл гаргасныг буруутгах үндэслэлгүй болно.

Хариуцагч З.*******т шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгч хариуцагчийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэх хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.5-д заасныг баримтлан хариуцагч З.*******оос гэм хорын хохиролд 3.696.234 /гурван сая зургаан зуун ерэн зургаан мянга хоёр зуун гучин дөрөв/ төгрөгийг гаргуулж, Булган аймгийн Булган сумын ******* сургуульд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5.276.859 /таван сая хоёр зуун далан зургаан мянга найман зуун тавин ес/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 74.089 /далан дөрвөн мянга наян ес/ төгрөгийг гаргуулж, Төрийн санд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд ирж тогтоолыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.МЯГМАРСҮРЭН

 

              ШҮҮГЧИД                                    О.ОДОНЧИМЭГ

 

                                                                     Р.ҮҮРИЙНТУЯА