Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2021/01553

 

                                                    ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ны

                                       нэхэмжлэлтэй иргэний хэргийн

                                                             тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Л.Атарцэцэг даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 132/ШШ2021/00303 дугаар шийдвэр,

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 214/МА2021/00012 дугаар магадлалтай,

,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ны нэхэмжлэлтэй,

,,,,,,,,,,,,,,,,,,,,,,т холбогдох

Хохирол 8,973,093 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокурор ,,,,,,,,,,,,,,,,,гийн гаргасан хяналтын гомдлоор

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Прокурор Б.Баярхүү, хариуцагчийн өмгөөлөгч М.Даваасүрэн, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Булган аймгийн Прокурорын газар нь хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,т холбогдуулан хохирол 8,973,093 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

2. Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 132/ШШ2021/00303 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.5-д заасныг баримтлан хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,оос гэм хорын хохиролд 3,696,234 (гурван сая зургаан зуун ерэн зургаан мянга хоёр зуун гучин дөрөв) төгрөгийг гаргуулж, Булган аймгийн Булган сумын Нэгдүгээр сургуульд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5,276,859 (таван сая хоёр зуун далан зургаан мянга найман зуун тавин ес) төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

3. Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 214/МА2021/00012 дугаар магадлалаар хариуцагчийн өмгөөлөгч М.Даваасүрэнгийн давж заалдсан гомдлыг хангаж, Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 132/ШШ2021/00303 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Булган аймгийн Прокурорын газраас 2021.09.27-ны өдөр хяналтын журмаар гомдол гаргасныг Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2021.10.29-ний өдрийн 001/ШХТ2021/00806 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлийг хангасан гэж үзээд хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтсон.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Булган аймгийн Прокурорын газар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ... Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.08.26-ны өдрийн 214/МА2021/00012 дугаар магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт заасныг баримтлан дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

5.1. Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй, хуулийг буруу хэрэглэж, үндэслэлгүй шийдвэрлэсэн байна. Булган аймгийн Булган сумын Нэгдүгээр бүрэн дунд сургуулийн захирал ажилтай ,,,,,,,,,,,,,,,,,,,ын ,,,,,,,,,,,,,,,,,г Булган аймгийн Засаг дарга ажилтай ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь 2017.02.17-ны өдрийн Б/11 дүгээр тушаалаар Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15 дахь заалт, Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.3 дахь заалтыг тус тус үндэслэн чөлөөлж шийдвэрлэсэн нь илтэд үндэслэлгүй болохыг ,,,,,,,,,,,,,,,,,г эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор 3,696,234 төгрөгийг Засаг даргын Тамгын газраас гаргуулж түүнд олгохоор шийдвэрлэсэн Булган аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.05.10-ны өдрийн 189 дүгээр шийдвэр, мөн оролцогчийн гомдлоор хянан хэлэлцээд давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн 2017.06.21-ний өдрийн 05 дугаартай магадлал байгаа. Булган аймгийн Засаг даргаар ажиллаж байсан ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ийн гэм буруутай үйлдлээс өндөр насны тэтгэвэр тогтоолгох 60 насанд хүрсэн хүнийг өөрийн хүсэлт гаргаагүй байхад захиргааны санаачилгаар чөлөөлж илтэд Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн буруутай үйлдлийг тогтоосон байна.

5.2. Шүүхийн дээрх шийдвэрт заасныг үндэслэн ,,,,,,,,,,,,,,,,,г Булган аймгийн Булган сумын Нэгдүгээр сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны 3,696,234 төгрөгийг, давж заалдах шатны шүүхийн магадлал гаргах хүртэл ажилгүй байсан хугацааны цалин 5,276,859 төгрөгийг тус тус олгож, нийт цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор 8,973,093 төгрөгийг Булган сумын Нэгдүгээр бүрэн дунд сургуулийн ... данснаас ,,,,,,,,,,,,,,,,,гийн Хаан банк дахь ... тоот дансанд хийж, ,,,,,,,,,,,,,,,,,д учирсан хохирлыг төрөөс барагдуулсан болох нь тогтоогдсон. Аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь дээрх үндэслэл бүхий гарсан шүүхийн шийдвэр, гэм хорын хохирол барагдуулсан баримтууд зэрэг нотлох баримтуудыг үнэлэлгүйгээр хариуцагчийн гэм буруутай үйл ажиллагааны улмаас төрд ямар хохирол учруулсныг баримтаар нотолж чадаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

5.3. Мөн Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.06.29-ний өдрийн 132/ШШ2021/00303 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.5-д заасныг баримтлан хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,оос гэм хорын хохиролд 3,696,234 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 5,276,859 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй эсэхийг бүхэлд нь хянуулах нь зүйтэй. Учир нь ,,,,,,,,,,,,,,,,,д ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор 8,973,093 төгрөгийг Булган сумын Нэгдүгээр бүрэн дунд сургуулийн ...дугаартай данснаас олгосон, өөрөөр хэлбэл анхан шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдсон 3,696,234 төгрөгөөс гадна давж заалдах шатны шүүхийн магадлал гаргах хүртэл ажилгүй байсан хугацааны цалин 5,276,859 төгрөгийг олгосон байхад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна.

5.4. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3 дахь заалтын дагуу давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгуулахаар гомдол гаргав гэжээ.

6. Хариуцагчийн өмгөөлөгч хяналтын шатны шүүх хуралдаанд “нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй, давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэлтэй” гэсэн байр суурьтай оролцов.

ХЯНАВАЛ:

7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Булган аймгийн Прокурорын газрын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй.

8. ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ны хүсэлтээр Булган аймгийн Прокурорын газраас ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,т холбогдуулан хохирол 8,973,093 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх хариуцагчаас 3,696,234 төгрөгийг гаргуулж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

9. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ “... Булган аймгийн Засаг дарга ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь ,,,,,,,,,,,,,,,,,г ажлаас чөлөөлсөн захиргааны акт гаргаж, уг шийдвэрийг шүүх хүчингүй болгож түүнийг ажилд эгүүлэн тогтоосны улмаас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 8,973,093 төгрөгийг төсвөөс төлсөн үйл баримт нь албан тушаалтны гаргасан захиргааны актын улмаас учирсан хохирол байна, Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д зааснаар  ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь төрд учирсан хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй, иймд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор 3,696,234 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй, Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 41 дүгээр зүйлийн 41.1-д зааснаар Прокурорын газар нь төрийн байгууллагын хүсэлтийг үндэслэн шүүхэд нэхэмжлэл гаргасныг буруутгах үндэслэлгүй...” гэх дүгнэлт хийсэн байна.

10. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо “... Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг нь хангаж шийдвэрлэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5. дахь хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь Засаг даргаар ажиллаж байхдаа иргэн ,,,,,,,,,,,,,,,,,г үүрэгт ажлаас нь чөлөөлснөөс болж төрд ямар хохирол учруулсан, гэм буруутай этгээдийн өмнөөс төр, бусад аж ахуйн нэгж байгууллага өөрт учирсан гэм хорын хохирлыг хариуцан арилгасан, хохирлыг Засгийн газрын нөөц  сангаас гаргуулж төрийн байгууллагад учирсан гэм хорын хохирлыг арилгасан нь нотлогдоогүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь хариуцагчийн гэм буруутай үйл ажиллагааны улмаас төрд ямар хохирол учруулсныг баримтаар нотлоогүй...” гэж дүгнэсэн.

11. Дээрхээс үзвэл, анхан шатны шүүх тухайн хэргийн хувьд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5.-д заасан урьдчилсан нөхцөл бүрдсэн гэж үзсэн бол, давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч нь хариуцагчийн буруутай үйл ажиллагааны улмаас төрд ямар хохирол учирсныг нотлоогүй тул Иргэний хуулийн уг зүйл, заалтыг хэрэглэхгүй гэж үзжээ.  

12. Прокурорын нэхэмжлэл гаргах эрхийн тухайд: ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,наас 2021.04.01-ний өдрийн 27 дугаар “Хүсэлт гаргах тухай” албан бичгээр тус аймгийн прокурорын газарт хандан “...Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1.-д “Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ” гэж хуульчилсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26, 30, 31 дүгээр зүйлийн дагуу зохигчийн төлөөлөгчөөр манай байгууллагыг төлөөлж нэхэмжлэгчээр оролцож өгнө үү” гэжээ.

13. Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.2.-т “Энэ хуулийн 103.1-д заасан гэм буруутай албан тушаалтнаар хохирлыг төлүүлэх үүргийг тухайн захиргааны байгууллагын дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж хариуцна” гэж заасан. Аймаг, эсхүл нийслэлийн Засаг даргын хувьд дээд шатны Засаг дарга гэх ойлголт угаас байхгүй тул тухайн шатны Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын алба нь уг хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д заасан этгээд гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, энэ тохиолдолд “дээд шатны дотоод аудитын нэгж байхгүй” гэж үзэхгүй тул Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.3. дахь хэсэг хамаарахгүй.

14. Захиргааны ерөнхий хууль нь 2015 онд батлагдаж, 2016.07.01-ний өдрөөс эхэлж дагаж мөрдсөн ба уг хуулийн 103 дугаар зүйлийн 103.1.-д “Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ” гэж, мөн 103.4-т “Гомдлыг хянан шийдвэрлэсэн дээд шатны захиргааны байгууллага болон шүүх хохирлыг буруутай албан тушаалтнаар төлүүлэхээр...” гэж хуульчилснаар захиргааны байгууллага өөрт учирсан хохирлоо буруутай этгээдээр төлүүлэх (нөгөө тал маргаагүй тохиолдолд), эсхүл шүүхээр шийдвэрлүүлэх (нөгөө тал маргасан тохиолдолд) боломжтой болсон байна.

15. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.-д “Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр ...”, мөн Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.“Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, ... -ээр захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно” гэж тус тус заасан байх тул ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, (захиргааны байгууллага)-аас тус аймгийн прокурорын газарт хандан шүүхэд төлөөлөх хүсэлт гаргасны дагуу прокурор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд орсныг шууд буруутгах боломжгүй. Одоогоор эдгээр шинэ хуулийн зохицуулалттай холбоотойгоор иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаан дахь прокурорын оролцоо, төлөөлөх эрхийн талаар Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбар гараагүй байна.

16. Гэвч нөгөө талаар Захиргааны ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.-д “Хуульд зааснаас бусад тохиолдолд захиргааны байгууллага хуулиар тусгайлан заасан бүрэн эрхийг бусдад шилжүүлэхийг хориглоно” гэсэн тул цаашид нэхэмжлэгч-захиргааны байгууллага өөрөө байгаа тохиолдолд прокурорыг оролцуулах шаардлагатай эсэхийг тухайн хэргийн нөхцөл байдлыг харгалзан үзэж шийдвэрлэх, мөн нэхэмжлэгч өөрийгөө төлөөлөх эрхийг бусдад олгосноор төлөөлөгч нь нэхэмжлэгч болдоггүйг (хоёр шатны шүүх шийдвэртээ “Булган аймгийн Прокурорын газрын нэхэмжлэлтэй...” гэж буруу бичсэн) анхаарах нь зүйтэй.

17. Дээрх үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн “нэхэмжлэгчийн эрх зүйн байдал эргэлзээтэй” гэсэн хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбараар (нэхэмжлэгч өөрөө магадлалыг хүлээн зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаагүй) нэгэнт хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгох боломжгүй юм. Нөгөөтэйгүүр, энэхүү хэргийн тухайд нэхэмжлэгч өөрөө шүүхэд хандсан ч хэргийн шийдэлд нөлөөлөхгүй тул “шүүхийн процесс хэмнэлттэй байх зарчим”-ын үүднээс хяналтын шатны шүүхээс маргааныг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

18. Шүүх бүрэлдэхүүн анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гэж үзэв.

19. Хэрэгт авагдсан баримтаар, хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь аймгийн Засаг даргын хувиар буюу захиргааны байгууллагын чиг үүргийг хэрэгжүүлж байх үедээ 2017.02.17-ны өдрийн Б/11 дүгээр захирамжаар Булган аймгийн Булган сумын Нэгдүгээр дунд сургуулийн захирал ,,,,,,,,,,,,,,,,,г захирлын үүрэгт ажлаас нь чөлөөлснийг Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.05.16-ны өдрийн 189 дүгээр шийдвэрээр хууль бус гэж үзэж, ,,,,,,,,,,,,,,,,,г захирлын ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөх олговор 3,696,234 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн. Уг шүүхийн шийдвэрийн дагуу аймгийн Засаг даргын 2017.09.25-ны өдрийн Б/86 дугаар захирамжаар ,,,,,,,,,,,,,,,,,д ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгохоор заасны дагуу Булган сумын Нэгдүгээр сургуулийн данснаас ,,,,,,,,,,,,,,,,,гийн дансанд 8,973,093 төгрөг шилжүүлсэн үйл баримт тогтоогджээ.

20. Хариуцагч нь аймгийн Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа төрийн (улс төрийн) албан хаагчийн хувьд Төрийн албаны тухай хуулийн (2002 оны) 4 дүгээр зүйлийн 4.1.-д заасан “...хууль дээдлэх...” төрийн албаны нийтлэг зарчим, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1.-д заасан захиргааны үйл ажиллагаа “хуульд үндэслэх” тусгай зарчмыг дагаж мөрдөх, мөн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.-т “Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана”, 41 дүгээр зүйлийн 41.2.-т “...Засаг дарга гаргасан шийдвэрийнхээ хууль зүйн үндэслэл хариуцлагыг бүрэн хүлээнэ” гэж тус тус заасны дагуу хуулиар тусгайлан олгогдсон бүрэн эрхийнхээ дагуу аливаа шийдвэр гаргахдаа “хуульд үндэслэх” зарчмыг хэрэгжүүлэх ёстой ба хэрэв хууль бус шийдвэр гаргасан бол түүний үр дагаврыг өөрөө хариуцах үүрэгтэй байна.

21. Иймээс хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь хуулиар тусгайлан олгогдсон бүрэн эрх буюу “захиргааны чиг үүрэг”-ийг хэрэгжүүлэхдээ ,,,,,,,,,,,,,,,,,г хууль бусаар (Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг буруу хэрэглэж) ажлаас чөлөөлсөн нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон, уг шийдвэрийн дагуу бодит байдал дээр захирлын ажлыг хийж гүйцэтгээгүй ,,,,,,,,,,,,,,,,,д “ажилгүй байсан хугацааны” цалинтай тэнцэх нөхөх олговрыг улсын төсвөөс олгосон тул захиргааны байгууллагад хохирол учирсан гэж үзэх үндэслэлтэй.

22. Энэ тохиолдолд нэхэмжлэгч нь (уг тогтоолын Хянавал хэсгийн 12, 13-т зааснаар) Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1.-ийн дагуу “...өөрт учирсан хохирлыг Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ”.

23. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл (эс үйлдэхүй)-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана”, 498.5.-д “Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй” гэж тус тус заажээ.

24. Нэгэнт Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1.-д “... захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ” гэж, мөн хуулийн 103.2. болон 103.3.-т хохирлыг төлүүлэх этгээдийг тодорхой заасан тул Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5.-д заасан “...гэм хорыг арилгасан байгууллага...” гэдгийг захиргааны байгууллагаас өөрт учирсан гэм хорыг арилгуулахаар шаардаж буй тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.2., 103.3.-т заасан этгээд гэж тайлбарлах нь зүйтэй. 

25. Энэхүү хэргийн тухайд, хариуцагч-төрийн албан хаагч “албан үүргээ зөрчсөн” буруутай үйлдэл буюу хууль бус шийдвэр гаргасны улмаас ,,,,,,,,,,,,,,,,,гийн хөдөлмөрлөх эрх зөрчигдөж, түүнд хохирол учирсан, уг хохирлыг хариуцагч өөрөө захиргааны байгууллагын хувьд (Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.4.) “нөхөх олговор” олгох байдлаар төсвөөс төлж арилгасан, ингэснээр тухайн захиргааны байгууллагад гэм хор учирсан бөгөөд уг хохирлыг нэхэмжлэгчээс шаардаж байх тул Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5.-д заасан урьдчилсан нөхцөл хангагдсан гэж үзнэ.

26. Тодруулбал, хариуцагч нь төрийн албан хаагчийн “хууль зүйн үндэслэл бүхий  шийдвэр гаргах” албан үүргээ зөрчиж, хууль бус шийдвэр гаргасныг (санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлийн аль нь байж болно) “гэм буруугүй” гэж үзэхгүй ба тухайн гэм буруутай үйлдлийн улмаас тодорхой иргэний хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхол (хөдөлмөрлөх эрх) зөрчигдөж, хохирол учирсан (цалин болон эрүүл мэнд, даатгалын бичилт тасалдсан), уг хохирлыг захиргааны байгууллага төсвөөс нөхөн төлж арилгасан ба хариуцагчийн буруутай үйлдэл болон гэм хорын хооронд шалтгаант холбоотой байх тул нэхэмжлэгч шаардах эрхтэй.

27. Хэрэгт цугларсан баримтаар, дээрх нөхцөл байдал хангалттай нотлогдож байхад давж заалдах шатны шүүх холбогдох баримтыг үнэлэлгүйгээр “нэхэмжлэгч нь хариуцагчийн гэм буруутай үйл ажиллагааны улмаас төрд ямар хохирол учруулсныг баримтаар нотлоогүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь буруу, энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг (уг тогтоолын Тодорхойлох хэсгийн 5.1.-5.2-т заасан) хангах үндэслэлтэй.

28. Харин уг тогтоолын Тодорхойлох хэсгийн 5.3.-т заасан “анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 5,276,859 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй эсэхийг бүхэлд нь хянуулах нь зүйтэй” (Тодорхойлох хэсгийн 5.4) гэх гомдлын тухайд, “хохирлыг шүүхийн шийдвэрт заасан хэмжээгээр гаргасан” анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй.

29. Иймд, шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 214/МА2021/00012 дугаар магадлалыг хүчингүй болгож, Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 132/ШШ2021/00303 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.  

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Л.АТАРЦЭЦЭГ

 

                            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                    Г.АЛТАНЧИМЭГ

 

                            ШҮҮГЧИД                                                          Г.БАНЗРАГЧ

 

                                                                                                       Д.ЦОЛМОН

                                                                                                        

                                                                                                       Х.ЭРДЭНЭСУВД