Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2024 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 001/хт2024/00159

 

Х.Б-ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Н.Батзориг, Н.Батчимэг, Н.Баярмаа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 181/ШШ2024/00296 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  

2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 210/МА2024/00761 дүгээр магадлалтай,

Х.Б-ы нэхэмжлэлтэй

“О” ХХК-д холбогдох

Нэмэгдэл хөлс 2,950,366 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.П-ын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.П, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, Б.Х, өмгөөлөгч З.С, С.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Х.Б нь “О” ХХК-д холбогдуулан нэмэгдэл хөлс 2,950,366 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 181/ШШ2024/00296 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 92 дугаар зүйлийн 92.3-т зааснаар “О” ГХОХХК-аас нэмэгдэл хөлс 2,950,366 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х.Б-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 63,156 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 63,156 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 210/МА2024/00761 дүгээр магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 181/ШШ2024/00296 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “О” ХХК-д холбогдуулан гаргасан нэмэгдэл хөлс 2,950,366 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Х.Б-ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 63,156 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.П хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Х.Б-ы нэхэмжлэлтэй “О” ХХК-д холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.04.12-ны өдрийн 210/МА2024/00761 дугаартай магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг гарын хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.4-т заасан “эрх зүйн шинэ ойлголт, хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой”, мөн хуулийн 172.2.1-д “Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах” гэсэн дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.П миний бие энэхүү гомдлыг гаргаж байна.

2022.01.01-ний өдрөөс Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга хүчин төгөлдөр мөрдөгдөж, тус хуулийн 92 дугаар зүйлд Уртын ээлжийн зохицуулалт шинээр нэмэгдсэнтэй холбоотой энэхүү Хөдөлмөрийн эрхийн маргаан үүссэн ба ажилтан Х.Б- нь тус хуулийн 92.3-т заасан илүү цагийн хөлсөө тооцуулан авах эрх нь зөрчигдсөн тул нэхэмжлэл гаргасан. Гэвч давж заалдах шатны шүүхээс Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, ажилтны эрхийг зөрчсөн шийдвэр гаргаж, ажилтны хуулиар олгогдсон эрхийг дордуулсан гэж үзэж байна.

Энэхүү маргааны шийдвэрлэсэн Магадлал нь бүхэлдээ хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Тодруулбал,

Магадлалын 4.3-т “Хэргийн баримтаар нэхэмжлэгчийн ажлын өдрийн үргэлжлэл нь 12 цаг, уртын ээлжээр ажил үүрэг гүйцэтгэх хугацаа нь 14 хоног, амрах хугацаа 14 хоног болох нь тогтоогдсон тул хариуцагч нь нэхэмжлэгчийг 4 цаг илүү ажилласан хугацааг нөхөн амраасан гэж үзнэ” хэмээн дүгнэж хариуцагчийг гаргасан давж заалдах гомдолыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

4.1. Хөдөлмөрийн тухай хууль (цаашид Хууль гэх)-н 92.3-т “Уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байх бөгөөд энэ хуулийн 87 дугаар зүйлийг баримтлан энэ хуулийн 109.1-д заасны дагуу илүү цагийг тооцож нэмэгдэл хөлс олгоно” гэсэн заалттай нийцэж байгаа эсэх талаар тухайн хуулийн зохицуулалт, харилцан шүтэлцээ, логик уялдаа холбоог хуулийн системчлэлийн үүднээс авч үзвэл,

  1. Уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэлийг 12 цагаас илүүгүй байх гэж нэг өдөрт ажил гүйцэтгэх дээд хязгаарыг заасан /92.3/
  2. 12 цагаар ажиллахыг зөвшөөрсөн боловч энэ тохиолдолд Хуулийн 87 дугаар зүйлийг баримтлан ээлжээр ажиллах ажлын цагийн үргэлжлэх хугацааг 8 цагаар тооцож зөрүү цагийг илүү цагаар олгохыг шууд зааж өгсөн /92.3, 87.2/
  3. Хуулийн 87.2-т заасанчлан ээлжээр ажиллах ажлын нэг удаад ажиллах ажлын цагийг 8 цагаар тооцож зөрүү 4 цагийг 109.1-т заасны дагуу 1,5 дахин нэмэгдүүлж хөлс төлөхийг тодорхой заасан байна /92.3, 109.1/

Шүүхийн магадлалд тайлбарласнаар авч үзвэл, Хуулийн 92.3-т 87 болон 109.1 дэх хэсгийг шууд иш татаж оруулах шаардлагагүй ба Уртын ээлжийн ажилтны ажлын цагийн үргэлжлэлийг 12 цаг байхаар тогтоож, 92.4-өөр ажил амралтыг зохицуулах боломжтой байсан.

Гэтэл хуулиар тусгайлан зохицуулсан нөхцөлийг дордуулж ажилтанд хуулиар олгосон буюу 92.4-т заасан амралтыг илүү цагаар ажилласан хугацааг нөхөн амраасан хугацаа гэж механикаар тооцож багтааж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Ажилтан 14 хоногт кемпэд байрлаж ажиллаад хуулиар олгосон амралтын хугацаандаа амарсныг ажил олгогчоос тогтоож өгсөн амралт мэтээр дүгнэх боломжгүй юм.

Хөдөлмөрийн тухай хуулийн 109.1-д заасан нөхөн амрах хугацаа нь ажил олгогчоос олгох амралт байдаг ба Хуулийн 92.4-т заасан амралт нь хуулиар ажилтныг амрахад зориулж тогтоосон амралт юм. Ажил олгогч ажилтныг амрах ёстой хугацаанд нь ажилуулснаа нөхөж амраах байдлаар ажилтны эрхийг хангах ойлголтыг 92.4-т заасан амралттай ижилсүүлж түүнд багтааж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

4.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 109.1 дэх хэсэгт “Илүү цагаар ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүний дундаж цалин хөлсийг нэг аравны тав дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгоно” буюу ажилтныг нөхөн амруулаагүй бол нэмэгдэл хөлс тооцож олгохоор зохицуулсан боловч мөн хуулийн 92.4 дэх хэсэгт “Уртын ээлжээр ажиллах ажилтны нэг ээлжид ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 14 хоног, амрах хугацаа 14 хоног байна” гэж Уртын ээлжээр ажиллах ажилтны ажил, амралтын цагийг хуулиар тусгайлан хатуу тогтоож өгсөн.

Иймд уртын ээлжээр ажиллаж байгаа ажилтанд нөхөн амраах зохицуулалтыг хэрэглэх боломжгүй юм. Энэ нь ажилтанд хуулийн 109.1-д заасны дагуу илүү цагийн хөлсийг тооцож олгох талаар мөн хуулийн 92.3 дах хэсгийн зорилго тодорхой харагдана.

4.3 Хууль тогтоогчийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулиар Уртын ээлжээр ажиллах ажлын цагийг зохицуулалтыг шинээр оруулж ирэхдээ ажил амралтын цагийн харьцаа тэнцүү байх зарчмыг баримталсан нь хуулийн 92.4, 92.5 дах хэсгээс тодорхой харагдана. Тодруулбал, Ажилтан ажил үүргээ 14 хоног биечлэн гүйцэтгээд 14 хоног амрахаар зохицуулсан.

Ажилтан кемпэд 14 хоног 12 цагаар ажиллахдаа дараагийн өдрийн ажлаа хийхийн тулд амарч байгаа буюу тухайн амралтын цагийг энгийн ажлын горимоор ажиллаж, амарч байгаа ажилтантай харьцуулан тооцох боломжгүй юм. Учир нь тухайн ажилтан кемпэд байх хугацаандаа дараах нөхцөл, хязгаарын хүрээнд байдаг. Зарим хэсгээс дурдвал;

1. Амралтын цагийг өөрийн хүссэнээр нийгмийн харилцаанд шууд орох, гэр бүл, найз нөхөддөө зарцуулах боломжгүй;

2. Ажлын газарт буюу кемпэд байгаа тул бусад хамтран ажиллагч, ажил олгогчийн өмнө дүрэм журмаар тогтоосон үүрэг хүлээх, зөрчсөн тохиолдолд Хөдөлмөрийн гэрээ цуцлах хүртэл үр дагавартай;

3. Зөвхөн дараагийн ээлжийн ажлаа гүйцэтгэхийн тулд хооллох, унтаж амрах, ажил олгогчоос гаргаж өгсөн чөлөөт цагаа өнгөрөөх нөхцөл боломжийн хүрээнд байх;

4. Кемпэд гаргасан аливаа зөрчлийг ажлын байранд гаргасан зөрчилд тооцдог бөгөөд кемп нь ажил олгогчийн хяналтын хүрээнд байдаг. Иймд Уртын ээлжээр ажиллаж байгаа ажилтны ажил, амралтын цаг тэнцүү байх зарчмыг Хөдөлмөрийн тухай хуулийн 92.4-т зааж өгсөн.

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн үзэл баримтлалд ажилтны ажил, амралтын хугацаа өөрчлөгдөж байгаатай холбоотой ажилтны цалин хөлс буурах эрсдэлийг гаргахгүй байхыг анхааруулахын зэрэгцээ ажилтны илүү цагаар ажилласан ажлын цагийг хуульд заасан амрах хугацаанд нь багтааж зохицуулсан тухай тусгагдаагүйг дурдах нь зүйтэй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлд Уртын ээлжээр ажиллуулах зохицуулалт нь ажилтанд ажиллах, амрах хугацаа, илүү цагийн хөлсөө хуульд заасны дагуу авах эрхийг шууд заасан эерэг үр дагавар бүхий тусгай зохицуулалт юм.

Уртын ээлжийн зохицуулалт нь ажилтан болон ажил олгогчид сөрөг үр дагаврыг үүсгээгүй харин тэдгээрийн хөдөлмөрийн харилцааг тодорхой болгож хуульчилж өгсөн.

Иймд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.01.22-ны өдрийн 181/ШШ2024/00296 дугаартай шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.04.12-ны өдрийн 210/MA2024/00761 дугаар магадлалд өөрчлөлт оруулж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.П-ын хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024.06.13-ны өдрийн 001/ШХТ2024/00786 дугаар тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

 ХЯНАВАЛ:

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.П-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

7. Х.Б нь “О” ХХК-д холбогдуулан нэмэгдэл хөлс 2,950,366 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шаардлагын үндэслэлээ “...Хөдөлмөрийн тухай хуулиар уртын ээлжийн ажиллах, амрах хоногийг 14, 14 болгосноор нэг сард ажиллавал зохих цаг 112 цаг /8цаг*14хоног/ тул түүнээс илүү гарсан 56 цаг /нэг өдөрт 4 цаг илүү*14 хоног/-т нэмэгдэл хөлсийг олгоогүй, түүнчлэн тус байгууллага өөрийн дотоод журмаараа нэг сард 168 цагаас илүү ажилласан тохиолдолд нэмэгдэл хөлсийг олгохоор хуулиас давсан, хуульд нийцээгүй зохицуулалт хийсэн тул 2022 оны 9, 10, 11 дүгээр сарын илүү цагийн нэмэгдэл хөлс гаргуулна...” гэж тодорхойлжээ.

8. Хариуцагч “О” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч: “…ердийн ажилтан нэг өдөрт 8 цаг, сард 168 цаг ажиллах тул уртын ээлжийн ажилтан нэг сард 168 цагаас илүү ажилласан тохиолдолд илүү цагийн хөлс олгоно, мөн ажилтны үргэлжлэн амрах амралтын 14 хоногт илүү цагийг нөхөн амраасан гэж үзэх тул хуульд заасан нэмэгдэл хөлс олгох урьдач нөхцөл хангагдаагүй.” гэж маргажээ.

9. Анхан шатны шүүх “...уртын ээлжийн ажилтны хувьд 14 хоног ажиллахаар заасан тул нэг сард ажиллавал зохих цаг 112 цаг ба ... Хөдөлмөрийн тухай хуулиар тогтоож өгсөн амрах хоногт нь шингээх замаар илүү цагийг нөхөн амраасан гэж үзэх учиргүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.5-д дээрх хугацааг багасгах тохиолдолд ажил үүрэг гүйцэтгэх хугацаа, амрах хугацаа тэнцүү байхаар зааснаас үзсэн ч нөхөн амраасан гэж үзэх учиргүй. Мөн хууль тогтоогч ийнхүү 14, 14 хоногоор ажиллах горимыг хуульчлан заахдаа “илүү цагийг” нөхөн шингээх агуулгаар хэлэлцсэн байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т заасан 90 хоногийн хугацааг тоолж эхлэх тул дээр дурдсанаар холбогдох газруудад тухай бүрд гомдлоо гаргаснаар Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.7-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзнэ. ...” гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна.

10. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “...Хэргийн баримтаар нэхэмжлэгчийн ажлын өдрийн үргэлжлэл нь 12 цаг, уртын ээлжээр ажил үүрэг гүйцэтгэх хугацаа нь 14 хоног, амрах хугацаа нь 14 хоног болох нь тогтоогдсон тул хариуцагч нь нэхэмжлэгчийг 4 цаг илүү ажилласан хугацааг нөхөн амраасан гэж үзнэ. Мөн нэхэмжлэгч нь сард 168 цагаас илүү цагаар ажилласан байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байна” гэсэн дүгнэлт хийжээ.

11. Анхан болон давж заалдах шатны шүүх  ажилтныг уртын ээлжээр ажиллуулах тохиолдолд илүү цагийн хөлсийг хэрхэн тооцож олгох тухай Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөрүүтэй хэрэглэсэн нь энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д зааснаар хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үндэслэл болов.

12. Хэрэгт цугларсан  нотлох баримтаар нэхэмжлэгч Х.Б- нь хариуцагч “О” ХХК-тай  2022.07.12-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, гэрээнд зааснаар тэсэлгээчнээр ажиллаж, сарын 890,06 ам.доллартай тэнцэх хэмжээний, үндсэн цалинтай, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшууллыг холбогдох хууль тогтоомж, хамтын гэрээ, ажил олгогчийн дотоод бодлого, журмын дагуу тооцож олгох, ажилтны ажил амралтын хуваарь, өдөр цаг нь ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 14 хоног, амрах хугацаа 14 хоног  /өдөрт ажиллах цаг нь 8 цаг +ажлын шаардлагаар, ажил амралтын хуваарийг Go to Main and select relevant value/  болох нь тогтоогдсон, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 2023.06.20-ны өдөр ажилтны санаачилгаар цуцалсан тухай үйл баримт тогтоогдсон байна.

13. Зохигчийн маргааны зүйл нь ажилтныг уртын ээлжээр ажиллуулахдаа 14 хоногийн хугацаанд үүрэг гүйцэтгүүлж, 14 хоног амрааж байгаа нь нөхөн амрааж байгаа эсэх буюу энэ тохиолдолд ажилтныг илүү цагаар ажиллуулсан гэж үзэж нэмэгдэл хөлс олгох эсэх асуудал болжээ.

14. Хоёр шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.3-т заасан ажилтныг уртын ээлжээр ажиллуулах тохиолдолд илүү цагийн хөлсийг тооцож олгох  эсэх тухай зохицуулалтыг зөрүүтэй тайлбарлан хэрэглэж, анхан шатны шүүх ажилтныг 14 хоногийн хугацаагаар ажиллуулж, 14 хоног амрааж байгаа явдал нь нөхөн амрааж, илүү цагийн хөлс олгохгүй байх үндэслэл биш гэж үзсэн бол давж заалдах шатны шүүх ийнхүү амрааж байгаа нь илүү ажилласан хугацааг нөхөн амрааж байгаа тул илүү цагийн хөлс тооцохгүй гэж тус тус дүгнэжээ.

15. Давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэснээс магадлал нь Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй тул хүчингүй болгоно.

16. Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д “Ажилтныг байнга оршин суугаа газраас нь өөр, алслагдсан газар байрлуулж ажил үүрэг гүйцэтгүүлэхээр уул уурхай, олборлох салбарын ажил олгогч уртын ээлжээр ажиллуулах горим хэрэглэж болно” гэж, 92.4-т “Уртын ээлжээр ажиллах ажилтны нэг ээлжид ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 14 хоног, амрах хугацаа 14 хоног байна” гэж заажээ.

Энд зааснаас үзэхэд “уртын ээлж” гэх ойлголтыг энгийн хөдөлмөрөөс ялгаатай онцлог байдлаар тодорхойлж өгсөн байх ба уг горимыг хэрэглэх ажил олгогч нь уул уурхай, олборлох салбар байхаас гадна Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.2-т зааснаар түүнд үйлчилгээ үзүүлж байгаа аж ахуйн нэгж, байгууллага хэрэглэж болохоор байна.

17. Түүнчлэн хуульд заасан хугацааг багасгах тохиолдолд ажил үүрэг гүйцэтгэх, амрах хугацаа нь тэнцүү байхаар ажил олгогч, ажилтны төлөөлөгч харилцан тохиролцох, уртын ээлж эхлэх болон дуусахад ажил олгогч ажилтныг ажлын байранд хүргэх, буцаах хугацааг ажилласан цагт тооцох, холбогдох зардлыг ажил олгогч хариуцах эрх зүйн асуудлуудыг мөн хуулийн 92.4, 92.5, 92.6-д тус тус тусгажээ.

18. Харин Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.3-т зааснаар уртын ээлжээр ажиллуулж байгаа тохиолдолд илүү цагийг тооцож нэмэгдэл хөлс олгох талаар уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байх бөгөөд энэ хуулийн 87 зүйлийг баримтлан энэ хуулийн 109.1-д заасны дагуу илүү цагийг тооцохоор байна.

Дээрх хуульд заасан уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байх тухай асуудал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.2-т нэг ээлжийн ердийн ажлын цагийн үргэлжлэл найман цагаас илүүгүй байх, мөн хуулийн 87.3-т ажил олгогч ажилтантай тохиролцсоны дагуу хуульд өөрөөр заагаагүй бол ээлжийн ажлын цагийн үргэлжлэлийг дөрвөөс илүүгүй цагаар уртасган зохион байгуулж болохыг заасан ээлжийн ажлын цагийн журмыг тогтоосон үндсэн зарчимтай уялдсан байна.

 Улмаар Хөдөлмөрийн тухай 87 дугаар зүйлийн 87.3-т зааснаар ажил олгогч ажилтантай тохиролцсоны дагуу ээлжийн ажлын цагийн үргэлжлэлийг дөрвөөс илүүгүй цагаар уртасган зохион байгуулж байгаа тохиолдолд ажилтан долоо хоногт 40 цагаас илүү ажилласан бол түүнд илүү ажилласан цагийн хөлсийг энэ хуулийн 109.1-д заасны дагуу нэмж олгоно.

“Хуульд заасан дээрх хэм хэмжээний агуулгаас үзвэл ердийн ажил, уртын ээлжээр ажиллах аль аль тохиолдолд нэг өдөрт ажиллах илүү цагийн хязгаар нь дөрвөн цагаас илүүгүй байна гэж хуульчилсан нь ердийн эсвэл нэг ээлжийн ажлын цаг 8 цаг байхыг агуулгын хувьд давхар баталгаажуулж, илүү цагийн дээд хэмжээг 4 цагаас хэтрэхгүй болохыг тогтоосон гэж үзэхээс гадна уртын ээлжээр ажиллах горимд ердийн ажлын нэгэн адил өдрийн 8 цагийг баримтлах бөгөөд “уртын ээлж” гэх ойлголтод 12 цаг ажиллах горим хамаарахгүй учир хуулийн 92 дугаар зүйлийн 92.3-т уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэл “12 цаг” гэж бус “12 цагаас илүүгүй байна” гэж томьёолсон байна.”[1] (С.Б ба “О” ХХК, 181/2023/02950/и УДШ (иргэний хэргийн танхим)001ХТ2024/00118)

19. Хэрэгт авагдсан хариуцагч “О” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021.12.31-ний өдрийн 72 дугаар тушаалаар баталсан “ХН-Е.6.2: Ажлын цагийн тухай журам”-ын 9.2.3-т “Уртын ээлжээр ажиллах ажилтны нэг сарын дундаж ажлын цаг 168 цаг байх ба сард 168 цаг дотор ажилласан илүү цагийг ээлжийн хуваарийн дагуу амрах 14 хоногийн хугацаанд нөхөн амруулсанд тооцно. Уртын ээлжийн ажилтан сард 168 цагаас дээш цагаар ажилласан тохиолдолд тухайн хугацаанд ногдох илүү цагийн нэмэгдэл хөлсийг Цалин хөлсний журамд заасны дагуу олгоно” гэж зааснаас үзэхэд энэ нь ажилтныг илүү цаг ажиллуулсан учраас нөхөн амруулсан тухай агуулгатай байх боловч тийнхүү үзэх үндэслэлгүй болно.

Учир нь дээр дурдсанаар хуулийн утга санаа нь нэг ээлжид 14 хоног ажиллуулах, ингэхдээ илүү цагаар ажиллуулах бол өдөрт 4 цагаас илүүгүй байх, харин амрах хугацааг 14 хоног гэж тогтоосныг илүү цагийг нөхөн амраах замаар тооцож 14 хоног гэсэн хугацааг тогтоосон гэж үзвэл Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.3-т уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байх бөгөөд энэ хуулийн 87 дугаар зүйлийг баримтлан энэ хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д заасны дагуу илүү цагийг тооцож нэмэгдэл хөлс олгохоор тухайлан зохицуулах шаардлагагүй байсан.

Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д заасан “нөхөн амруулаагүй бол” гэх ойлголтыг уртын ээлжийн ажилтанд ажил амралтын цагийн харьцааг тоон утгаар нь /168:336/ тайлбарлаж хэрэглэх боломжгүй нь тус хуулийн 92.3-т заасан зохицуулалтаар тодорхой харагдана.

Үүнийг “хуулийн системчлэлийн үүднээс авч үзвэл, хуульд уртын ээлжид 14 хоногийн амрах хугацааг заасан нь 14 хоногийн турш нэг ээлжээр ажилласантай холбоотой байх ба харин илүү цагийг нь нөхөн амруулаагүй учраас нэмэгдэл хөлс олгох үр дагаврыг тусдаа 92 дугаар зүйлийн 92.3-т заасан хэм хэмжээгээр хуульчилсан байх ба хуулийн 92.4-т нэг ээлжид 14 хоног тасралтгүй ажилласан учраас нөхөн амруулахыг зохицуулсан бол илүү цагийн үр дагаврыг хуулийн 92.3-т тус тус ялгамжтай зохицуулжээ.

Үүргийн эрх зүйн үндсэн зарчмуудын нэг болох солилцооны зүй ёсны зарчмын хүрээнд уртын ээлжийн ажилтны 14 хоногийн турш тусгай дэгийн хүрээнд ажиллах, амрах нөхцөл байдлыг 14 хоногийн амралтаар тэнцвэржин тооцогдох боломжгүй учраас хуулийн 92.3-т заасан зохицуулалтаар илүү цагийн асуудлыг давхар шийдвэрлэсэн байна.”[2] (С.Б ба “О” ХХК, 181/2023/02950/и УДШ (иргэний хэргийн танхим)001ХТ2024/00118)

20. Дээрхийг нэгтгэн дүгнэвэл уртын ээлжээр ажиллах ажилтны амрах хугацаа 14 хоног байгааг илүү цагаар ажилласныг нөхөн амрааж байгаа гэж үзэх үндэслэлгүй буюу уртын ээлжээр ажиллаж буй ажилтны нэг сарын дундаж ажлын цаг 168 цаг байгаа нь сард ердийн ажлын, өдрийн 8 цагаар ажиллахтай адил, ажлын цагийн нормыг зөрчөөгүй, хэтрээгүй боловч энэ нь уртын ээлжээр ажилласан ажилтны илүү цагийг үгүйсгэхгүй ба илүү цагийн хувьд хуулийн 92 дугаар зүйлийн 92.3-т заасан хэм хэмжээгээр нөхөн зохицуулсан гэж үзнэ.

21. Энэ утгаараа хариуцагчийн “... сард 168 цаг дотор ажилласан бөгөөд илүү цагийг 14 хоногийн хугацаанд нөхөн амруулсанд тооцно...” гэсэн агуулга бүхий татгалзал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.3-т заасан хэм хэмжээнд нийцээгүй, үндэслэлгүй байна.

22. Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.8-д “Уртын ээлжээр ажиллах ажилтны ажил, амралтын цагийн горим, уртын ээлжээр ажилласны нэмэгдэл зэргийг хамтын гэрээ, салбарын хамтын хэлэлцээрээр тогтооно” гэж заасан бөгөөд хариуцагчийн хувьд Хамтын гэрээ болон ХН-Г1.1:Цалин хөлсний журам зэргээр зохицуулж тухайлбал нэхэмжлэгчийн цалин хөлс нь үндсэн цалин, илүү цаг 1,5-олговор, хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлийн нэмэгдэл, уртын ээлжийн нэмэгдэл, засвар үйлчилгээний зогсолтгүй үйл ажиллагааны олговор, уурхайн цогцолборт ирэх, буцах цагийн нэмэгдлээс бүрдэх, хамтын гэрээний 2.14, 2.15, 2.16-д шөнийн ээлжийн нэмэгдэл хөлс дундаж цалин хөлсийг 1,2 дахин, уртын ээлжийн ажилтан нийтээр амрах баярын өдөр ажилласан тохиолдолд үндсэн цалинг 2 дахин, уртын ээлжийн нэмэгдэл үндсэн цалингийн 13 хувиар, хоол унааны нэмэгдэл 500,000 төгрөг байхаар тохирчээ.

23. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Х.Б-ы илүү цагийн хөлсийг 2022 оны 9 дүгээр сард нийт 204 цаг үүнээс 56 цаг (168 цагаас илүү хэсгийг тооцож олгосон), 10 дугаар сард 96 цаг (илүү цаг байхгүй), 11 дүгээр сард 168 цаг үүнээс 56 цаг (168-112) тус тус илүү ажилласан хөлсийг тооцон олгоогүй байдал тогтоогдсон гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 2,950,366 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хэргийн баримтад үндэслэсэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт “Илүү цагаар ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүний дундаж цалин хөлсийг нэг аравны тав дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгоно” гэж заасныг болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021.12.06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ыг зөрчөөгүй байна.

24. Эдгээр үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 210/МА2024/00761 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 181/ШШ2024/00296 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.П-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                П.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД                                                                    Н.БАТЗОРИГ

                                                                                         Н.БАТЧИМЭГ

                                                                                         Н.БАЯРМАА

                                                                                         Д.ЦОЛМОН