Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 216/МА2018/00015

 

   Д.Ц нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Тэгшсуурь даргалж, шүүгч О.Однямаа, шүүгч Х.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 134/ШШ2018/00127 дугаар шийдвэртэй,

 Нэхэмжлэгч:  Говьсүмбэр аймгийн С сумын  дугаар баг,  гэх газар нутаглах, Б /РД:/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Говьсүмбэр аймгийн С сумын  дүгээр баг,  гудамжны  дүгээр байрны  тоотод оршин суух, УБТЗ С тасагт  ажилтай Д /РД:, утас: /-д холбогдох

гэм хорын хохирол 2 316 096 төгрөг, үнэлгээний төлбөр 145 000 төгрөг, нотариатын төлбөр 8 500 төгрөг, нийт 2 469 596 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, хэргийг  шүүх 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Ц, хариуцагч Н.Г, нарийн бичгийн дарга Б.А нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын дүгээр баг,  дугаар байрны -- тоот байрлалтай 2 өрөө орон сууц нь Ц миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө бөгөөд манайх уг байрандаа 2017 оны 07 сард 4 сая гаруй төгрөгийн зардлаар бүрэн засвар хийсэн. Засварын ажил хийхээс өмнө дээд айлаас удаа дараа ус алддаг байсан бөгөөд яг засвар хийснээс хойш 6 сарын дараа буюу 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс 20-ны шилжих шөнө уг байрны тоотод оршин суугч буюу дээд айлаас шөнийн 01 цаг 40 минутаас 02 цаг 40 минутын хооронд паар нь задарсаны улмаас бүтэн 1 цагийн туршид даралттай халуун ус их хэмжээгээр алдаж, жижиг өрөө, гал тогоо болон том өрөөний булангаар их хэмжээний ус орж, жижиг өрөө болон гал тогооны өрөөнд байсан бүх зүйл усанд автсанаас жижиг өрөөний обой тэр чигээрэй хуурч, гал тогооны өрөө одоог хүртэл гэрэлгүй байгаа. Үүнээс гадна жижиг өрөөнд байсан сар шинийн бэлэг сэлт норж, мөн гоёлын үйтэн хуараар өнгөлсөн хурган дээл норж дотор хурганы арьс нь хатуурч даргар болсон бөгөөд гадна өнгө нь өмсөж болохооргүй өнгөө алдсан, хүүхдийн давхар орны сүрлэн 2 матрас нэвт норж хатаах боломжгүй болж хөгцөрснийг хаясан болно. Гал тогооны өрөөнд байсан гурил будаа хүнс хэрэглэхээргүй болж хаясан. Мөн жижиг өрөөнд шкафанд байсан бүх хувцас хунар болон дэвсээтэй хивс, хуйлсан хивс бүгд норж олон хоног оруулж, гарган хатаасан. Хөнжил гудас бүгд норсон. Ус алдах үед уг айл болон манай гэрт том хүмүүс байгаагүй хүүхдүүд байсан. Дээд айлын охин орж ирж ямар байдалтай болсныг газар дээр нь харсан байдаг. Мөн УБТЗ-ын харъяа Чойр өртөөн дэх Барилга орон сууцны 3 дугаар ангийн 2 ажилтан газар дээр нь ирж ажиллан ус алдалтыг зогсоох арга хэмжээг авсан бөгөөд тухайн айлаас шалтгаалсан ус алдалт гэдгийг мэдэгдсэн. Энэхүү үйл явдал болсноос хойш дээд айл болох 06 тоот байрны эзэн Г хохирлыг барагдуулж, засвар хийж өгөхөөр тохиролцсон. Сар шинийн баяр дөнгөж болоод удаагүй байсан тул гэр орны тохь тухтай байдал алдагдаж, ах дүү хамаатан садны хүмүүсийг ёс заншлын дагуу гэр орондоо оруулж цайлах, шинэлэх, өрөө тасалгааны эд хогшлийг том жижиг өрөөнөөс сэлгэн байршуулах зэрэг хүндрэлтэй асуудлууд тулгарсан тул засварын ажлыг шуурхай /чанартай/ хийлгэх шаардлагатай байсан. Ингээд хариуцагч нь ганц жижиг өрөөнд 2018 оны 03 дугаар сарын 03-аас 14-ны хооронд обой нааж, шал шахаж, таазанд 1 уут затирка татсан боловч тэр нь эргэж ховхрон унаж байгаа байдал, чанар муутай обой нааж, шалыг гарнизгүй суулгасан. Мөн гал тогооны өрөөнд ямар ч засвар хийгээгүй зэрэгт гомдолтой байгаа бөгөөд гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд гэм хор учруулахаас өмнөх байдалд байсан шиг орон байр эд хөрөнгийг маань сэргээж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэж байна. Дээрх нөхцөл байдлын улмаас бид учирсан хохирлыг арилгуулахаар шүүхэд хандах шийдвэрт хүрч, мэргэжлийн үнэлгээний байгууллагад хандсанаар Итгэлт-Эйстимейт ХХК-ийн үнэлгээчин 2018 оны 04 сарын 26-ны өдөр Улаанбаатар хотоос Говьсүмбэр аймагт ирж ажиллан, надтай гэрээ байгуулан манай орон сууц, эд хөрөнгөнд учирсан хохиролд үнэлгээ тогтоон, холбогдох дүгнэлтийг гаргасан. Үнэлгээний тайланд паркетин шалны үнэлгээг хийгээгүй тул миний бие мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр тогтоосон мөнгөн төлбөр дээр гал тогооны өрөөний паркетин шалны төлбөрийг нэмэгдүүлэн нэхэмжлэхээр тооцоолсон болно. Иймд хариуцагч Г-өөс гэм хорын хохирол 2 316 096 төгрөг, үнэлгээний төлбөр 145 000 төгрөг, нотариатын төлбөр 8 500 төгрөг, нийт 2 469 596 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие эхнэрийн хамт 2018 оны 02 сарын 20-ны өдөр Солонгос улсад байсан. 20-оос 21-ний шилжих шөнө паар задарч ус алдсан. Үүний улмаас доод айл болох 02 тоотод ус алдуулсан. Ус алдсаныг тэр даруйд охин бидэнд мэдэгдсэн. Тэр даруй орон сууцны ажилчдад мэдэгдэж арга хэмжээ авсан боловч асар хүчтэй даралттай ус богино хугацаанд ихээр гоожсон. 21-ний өглөө айлын эзэн Ц утсаар ярьж, уучлалт гуйж хохирлыг барагдуулж өгнө гэж хэлсэн боловч өдөр болгон орж ирж хүүхдүүд загнаад байсан. Тиймээс ирэх хугацааг 360 000 төгрөг төлж наашлуулан ирсэн. Ирсэн даруйдаа байрыг орж үзэхэд хана, тааз нь чийгтэй байсан учир хатааж байж засварыг хийж өгье гэсэн боловч үгүй манайх ийм юманд амьдарч чадахгүй. Одоо хийлгэнэ гэсээр байгаад хийлгэсэн. Засвар хийх үед би болон засвар хийх хүн нойтон, засварын чанар муу хийгдэнэ гэж анхааруулж байсан. Засварт замын зардал 60 000 төгрөг, ажилчны хөлс 300 000 төгрөг, обой 74 000 төгрөг, шал 168 000 төгрөг гэх мэт зардал гарсан. Тухайн үед айлын эзэн үстэй дээл гэж ярьж байгаагүй хэзээ норсныг би мэдэхгүй. Засварын дараа цахилгаанчин, шалны гарниз, хийлгэхээр хүн авчирсан боловч эхний удаа хүнгүй таарсан. Дахин ирэхэд гэрийн эзэн байхгүй, насанд хүрээгүй хүүхэд байсан тул больсон. Иймд би Ц-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар хариуцагч Н.Г гэм хорын хохирол 888 750 /найман зуун наян найман мянга долоон зуун тавин/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Ц олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 580 846 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 54 464 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 25 880 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Ц олгож, давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.Ц давж заалдах гомдолдоо: Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.07.06-ны өдрийн 134/ШШ2018/00127 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Тус шийдвэрийн үндэслэх хэсгийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр төлөх үүрэгтэй гэж заасан бөгөөд хариуцагч Н.Гантөмөр тус үүргээ бүрэн биелүүлээгүй гэж нэхэмжлэгч миний зүгээс үзэж шүүхэд хандсан.

Нэхэмжлэгч Д.Ц миний бие засварын ажил үр дүнгүй болсон учир дахин засварлуулах шаардлагатай хэмээн “Итгэлт Эстимейт” ХХК-аар хохирлын үнэлгээний тайланг гаргуулсан гэж анхан шатны шүүхийн шийдвэрт бичсэн. Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлж дүгнэсэн байдал нь нэхэмжлэгч миний эрхийг доголдуулж байна гэж үзэж байна. Учир нь “Итгэлт Эстимейт” ХХК-ний үнэлгээний тайланд жижиг өрөөнд хийсэн засварын ажлын эд хөрөнгө болох шалны үнэ тусгагдаагүй бөгөөд хариуцагч Н.Г зөвхөн жижиг өрөөнд хагас дутуу хийсэн засвар нь миний орон байрыг хохирол учрахаас өмнөх байсан байдалд нь сэргээн засаж өгч чадаагүй тул хохирлыг арилгуулах мөнгөн төлбөрийг тодорхойлуулахаар мэргэжлийн үнэлгээний байгууллагын бодит үнэлгээг тогтоолгосон. Засварын зардал 1 580 846 төгрөгийг хариуцагч Н.Г хариуцах үндэслэлгүй гэж анхан шатны шүүхээс үзжээ. Энэ нь Иргэний хуулийн 510 дугаар зүйлд заагдсан гэм хор учруулсан этгээдийг хүлээх үүргээс чөлөөлсөнтэй дүйцэхүйц шийдвэр байх тул хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүрэн хангуулж өгнө үү гэжээ. 

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Д.Ц анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч  давж заалдах журмаар ... шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлж дүгнэсэн байдал нь миний эрхийг доголдуулсан, засварын зардал 1 580 846 төгрөгийг хариуцагчийг хариуцах үндэслэлгүй гэж үзсэн нь гэм хор учруулсан этгээдийг хүлээх үүргээс чөлөөлсөнтэй дүйцэхүйц шийдвэр байх тул зөвшөөрөхгүй гэсэн агуулга бүхий гомдол гаргасны дагуу хэргийг  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай уулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу бүхэлд нь хянан үзлээ.

Анхан шатны шүүх нь маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт цугларсан нотлох баримтууд болон талуудын тайлбарыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг бүрэн хэрэгжүүлээгүйгээс шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай Хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар ...үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж давж заалдах шатны  шүүх дүгнэв.

Учир нь хэргийн материалаас үзэхэд: Нэхэмжлэгч Д.Ц өмчлөлийн орон сууц болох Говьсүмбэр аймгийн С сумын  дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах  дугаар байрны 2 өрөө байранд 2018 оны 02 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө уг байрны тоотод оршин суугч буюу нэхэмжлэгчийн дээд давхарын айл болох хариуцагч Н.Г орон сууцнаас халуун ус алдсаны /халаалтын босоо шугам задарч/  улмаас нэхэмжлэгчийн гэрийн эд хогшил гэмтсэн, хана, таазны шохой болон обой хууларсан зэргээр гэм хор учирсан, мөн Чойр дахь Барилга орон сууцны 3-р ангийн 2 ажилтан газар дээр нь ирж ус алдалтыг зогсоох арга хэмжээ авсан, улмаар нэхэмжлэгч нь Итгэлт-Эстимэйт ХХК-тай гэрээ байгуулж, хохирлын үнэлгээ тогтоолгосон, хариуцагч нь нэхэмжлэгчийн хүсэлтээр жижиг өрөөнд нь засвар хийсэн гэх үйл баримт нь хэрэгт авагдаж  шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хохирлын үнэлгээний тайлан /хх-8-31/, гэрч А.М, С.Ц-А, Д.Э нарын мэдүүлэг, талуудын тайлбар зэргээр  тогтоогдож байх ба талууд энэ талаар маргаагүй, хариуцагч гэм буруутай болохоо үгүйсгээгүй  байна.

Нэхэмжлэгч Д.Ц нь өөрийн эд хөрөнгөд учирсан хохирлыг тооцуулах зорилгоор хөрөнгийн үнэлгээний Итгэлт-эстимейт  ХХК-иар 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 26/018 тоот  дүгнэлтийг гаргуулсан байх бөгөөд тухайн дүгнэлтэд хохирлын үнэлгээний нэгдсэн дүн  /эд хөрөнгийг  засварлах, цэвэрлэх, солих/  нийт 2 181 096  төгрөг гэж үнэлгээг гаргажээ. /хх-9-22/.

Хариуцагч нь Итгэлт-эстимейт ХХК-ний үнэлгээний талаар ямар нэгэн санал хүсэлтийг шүүхэд гаргаагүй, уг үнэлгээг үгүйсгэсэн баримт хэрэгт авагдаагүй байна.

Анхан шатны шүүх нь Итгэлт-Эстимейт ХХК-ийн орон сууцанд учирсан эд хөрөнгийн хохирлыг үнэлсэн үнэлгээний тайланд тусгагдсан тавилга эд хогшилын хохирол буюу үстэй дээл, орны матрас, модон эдлэл, гал тогооны өрөөний шал нийт 735 250 төгрөг, мөн гэм хор учирсантай холбоотойгоор нэхэмжлэгчээс гарсан зардал буюу үнэлгээ хийлгэсний төлбөр 145 000 төгрөг, нотариатын төлбөр 8 500 төгрөг, нийт 888 750 төгрөгийг  хэрэгт авагдсан үнэлгээний тайлан /хх-6-22/, үнэлгээчний хөлс төлсөн орлогын баримт, нотариатын зардал төлсөн баримтууд /хх-23/ зэрэг нотлох баримтуудыг үндэслэн гэм хорын хохирол болон зардалд гаргуулахаар шийдвэрлэжээ.   

Энэ нь Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д заасан “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр,төрөл,чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэсэн заалтад нийцээгүй  байна.

Учир нь хэдийгээр хариуцагч Н.Г орон сууцны халаалтын босоо шугам задарсны улмаас халуун ус алдсан байх боловч энэ нь Сууц, өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.4, Орон сууцны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т зааснаар  хариуцагч нь өөрийн орон сууцны доторхи халаалтын босоо шугамыг бүрэн бүтэн байлгах үүргээ биелүүлээгүйгээс уг шугам эвдэрч ус алдаж, улмаар бусдын эд хөрөнгөд хохирол учирсан болох нь  тогтоогдож байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т зааснаар хариуцагч Н.Г нь уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, гэм буруутай. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

Харин хариуцагч нь өөрийн гэм бурууг ойлгож, мөн нэхэмжлэгчийн шаардсанаар   жижиг өрөөнд  нь тодорхой хэмжээний засвар хийж өгсөн болох нь талуудын тайлбар, гэрч Н.Э мэдүүлэг зэргээр тогтоогдож байх ба тэрээр уг засварын ажилд 602000 төгрөгийн зардал гарсан гэж тайлбарласныг  нэхэмжлэгч үгүйсгээгүй  болно.

Иймд нэхэмжлэгчийн гэм хорын хохиролд нэхэмжилсэн 2 469 596 төгрөгөөс 602000 төгрөгийг хасаж, 1 867 596 төгрөгийг  хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байх тул нэхэмжлэгчийн энэ талаарх гомдлыг хангаж,  анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Говьсүмбэр  аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 134/ШШ2018/00127 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...”888 750 төгрөгийг” гэснийг “1 867 596 төгрөгийг” гэж, ... “1 580 846 төгрөгийг” гэснийг “602 000 төгрөгийг” гэж , шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын ... хариуцагчаас “25 880 төгрөгийг” гэснийг “49 372 төгрөгийг” гэж  тус тус өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.  

 

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар  нэхэмжлэгч Д.Ц давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40 244 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай. 

 

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны  шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Г.ТЭГШСУУРЬ

                                           ШҮҮГЧИД                           О.ОДНЯМАА

                                                                                         Х.БАЙГАЛМАА