Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 134/ШШ2018/00127

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Наранчимэг даргалж, шүүгч П.Цогзолмаа, Ц.Наранчимэг нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ц-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Г-д холбогдох

гэм хорын хохирол 2 316 096 төгрөг, үнэлгээний төлбөр 145 000 төгрөг, нотариатын төлбөр 8 500 төгрөг, нийт 2 469 596 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц, хариуцагч Г, иргэдийн төлөөлөгч Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чанцалдулам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц нь хариуцагч Г-ээс гэм хорын хохирол 2 316 096 төгрөг, үнэлгээний төлбөр 145 000 төгрөг, нотариатын төлбөр 8 500 төгрөг, нийт 2 469 596 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

Нэхэмжлэгч Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, 95 дугаар байрны -- тоот байрлалтай 2 өрөө орон сууц нь Ц миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө бөгөөд манайх уг байрандаа 2017 оны 07 сард 4 сая гаруй төгрөгийн зардлаар бүрэн засвар хийсэн. Засварын ажил хийхээс өмнө дээд айлаас удаа дараа ус алддаг байсан бөгөөд яг засвар хийснээс хойш 6 сарын дараа буюу 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс 20-ны шилжих шөнө уг байрны 06 тоотод оршин суугч буюу дээд айлаас шөнийн 01 цаг 40 минутаас 02 цаг 40 минутын хооронд паар нь задарсаны улмаас бүтэн 1 цагийн туршид даралттай халуун ус их хэмжээгээр алдаж, жижиг өрөө, гал тогоо болон том өрөөний булангаар их хэмжээний ус орж, жижиг өрөө болон гал тогооны өрөөнд байсан бүх зүйл усанд автсанаас жижиг өрөөний обой тэр чигээрэй хуурч, гал тогооны өрөө одоог хүртэл гэрэлгүй байгаа. Үүнээс гадна жижиг өрөөнд байсан сар шинийн бэлэг сэлт норж, мөн гоёлын үйтэн хуараар өнгөлсөн хурган дээл норж дотор хурганы арьс нь хатуурч даргар болсон бөгөөд гадна өнгө нь өмсөж болохооргүй өнгөө алдсан, хүүхдийн давхар орны сүрлэн 2 матрас нэвт норж хатаах боломжгүй болж хөгцөрснийг хаясан болно. Гал тогооны өрөөнд байсан гурил будаа хүнс хэрэглэхээргүй болж хаясан. Мөн жижиг өрөөнд шкафанд байсан бүх хувцас хунар болон дэвсээтэй хивс, хуйлсан хивс бүгд норж олон хоног оруулж, гарган хатаасан. Хөнжил гудас бүгд норсон. Ус алдах үед уг айл болон манай гэрт том хүмүүс байгаагүй хүүхдүүд байсан. Дээд айлын охин орж ирж ямар байдалтай болсныг газар дээр нь харсан байдаг. Мөн УБТЗ-ын харъяа Чойр өртөөн дэх Барилга орон сууцны 3 дугаар ангийн 2 ажилтан газар дээр нь ирж ажиллан ус алдалтыг зогсоох арга хэмжээг авсан бөгөөд тухайн айлаас шалтгаалсан ус алдалт гэдгийг мэдэгдсэн. Энэхүү үйл явдал болсноос хойш дээд айл болох 06 тоот байрны эзэн Г хохирлыг барагдуулж, засвар хийж өгөхөөр тохиролцсон. Сар шинийн баяр дөнгөж болоод удаагүй байсан тул гэр орны тохь тухтай байдал алдагдаж, ах дүү хамаатан садны хүмүүсийг ёс заншлын дагуу гэр орондоо оруулж цайлах, шинэлэх, өрөө тасалгааны эд хогшлийг том жижиг өрөөнөөс сэлгэн байршуулах зэрэг хүндрэлтэй асуудлууд тулгарсан тул засварын ажлыг шуурхай /чанартай/ хийлгэх шаардлагатай байсан. Ингээд хариуцагч нь ганц жижиг өрөөнд 2018 оны 03 дугаар сарын 03-аас 14-ны хооронд обой нааж, шал шахаж, таазанд 1 уут затирка татсан боловч тэр нь эргэж ховхрон унаж байгаа байдал, чанар муутай обой нааж, шалыг гарнизгүй суулгасан. Мөн гал тогооны өрөөнд ямар ч засвар хийгээгүй зэрэгт гомдолтой байгаа бөгөөд гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд гэм хор учруулахаас өмнөх байдалд байсан шиг орон байр эд хөрөнгийг маань сэргээж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэж байна. Дээрх нөхцөл байдлын улмаас бид учирсан хохирлыг арилгуулахаар шүүхэд хандах шийдвэрт хүрч, мэргэжлийн үнэлгээний байгууллагад хандсанаар Итгэлт-Эйстимейт ХХК-ийн үнэлгээчин 2018 оны 04 сарын 26-ны өдөр Улаанбаатар хотоос Говьсүмбэр аймагт ирж ажиллан, надтай гэрээ байгуулан манай орон сууц, эд хөрөнгөнд учирсан хохиролд үнэлгээ тогтоон, холбогдох дүгнэлтийг гаргасан. Үнэлгээний тайланд паркетин шалны үнэлгээг хийгээгүй тул миний бие мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр тогтоосон мөнгөн төлбөр дээр гал тогооны өрөөний паркетин шалны төлбөрийг нэмэгдүүлэн нэхэмжлэхээр тооцоолсон болно. Иймд хариуцагч Г-өөс гэм хорын хохирол 2 316 096 төгрөг, үнэлгээний төлбөр 145 000 төгрөг, нотариатын төлбөр 8 500 төгрөг, нийт 2 469 596 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие эхнэрийн хамт 2018 оны 02 сарын 20-ны өдөр Солонгос улсад байсан. 20-оос 21-ний шилжих шөнө паар задарч ус алдсан. Үүний улмаас доод айл болох 02 тоотод ус алдуулсан. Ус алдсаныг тэр даруйд охин бидэнд мэдэгдсэн. Тэр даруй орон сууцны ажилчдад мэдэгдэж арга хэмжээ авсан боловч асар хүчтэй даралттай ус богино хугацаанд ихээр гоожсон. 21-ний өглөө айлын эзэн Ц утсаар ярьж, уучлалт гуйж хохирлыг барагдуулж өгнө гэж хэлсэн боловч өдөр болгон орж ирж хүүхдүүд загнаад байсан. Тиймээс ирэх хугацааг 360 000 төгрөг төлж наашлуулан ирсэн. Ирсэн даруйдаа байрыг орж үзэхэд хана, тааз нь чийгтэй байсан учир хатааж байж засварыг хийж өгье гэсэн боловч үгүй манайх ийм юманд амьдарч чадахгүй. Одоо хийлгэнэ гэсээр байгаад хийлгэсэн. Засвар хийх үед би болон засвар хийх хүн нойтон, засварын чанар муу хийгдэнэ гэж анхааруулж байсан. Засварт замын зардал 60 000 төгрөг, ажилчны хөлс 300 000 төгрөг, обой 74 000 төгрөг, шал 168 000 төгрөг гэх мэт зардал гарсан. Тухайн үед айлын эзэн үстэй дээл гэж ярьж байгаагүй хэзээ норсныг би мэдэхгүй. Засварын дараа цахилгаанчин, шалны гарниз, хийлгэхээр хүн авчирсан боловч эхний удаа хүнгүй таарсан. Дахин ирэхэд гэрийн эзэн байхгүй, насанд хүрээгүй хүүхэд байсан тул больсон. Иймд би Ц-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц нь хариуцагч Г-өөс гэм хорын хохирол 2 316 096 төгрөг, үнэлгээний төлбөр 145 000 төгрөг, нотариатын төлбөр 8 500 төгрөг, нийт 2 469 596 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

Хариуцагч Г нь ...ус алдуулснаас болж хохирол учруулснаа би бүрэн хүлээн зөвшөөрч байгаа. Ц хана, тааз нь чийгтэй байхад заавал одоо засвараа хийлгэнэ гэсээр байгаад хийлгэсэн. Үүнээс болж засвар үр дүнгүй болсныг би хариуцахгүй, харин одоо үлдэгдэл засвар болох жижиг өрөөний граниз, гал тогооны өрөөний паркетан шал, обой гүйцээж наах зэргийг хийж өгнө, мөн хүүхдийн орны матрасыг авч өгнө, үстэй дээлний талаар тухайн үед огт ярьж байгаагүй учраас хариуцахгүй хэмээн тайлбарлана.

Нэхэмжлэгч Ц нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг -- дугаар байрны -- тоот орон сууцыг өмчлөгч мөн болох нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн 000203-- дугаартай гэрчилгээгээр тогтоогдож байгаа тул өөрт учирсан гэм хорын хохирлоо гэм хор учруулсан этгээдээс шаардах эрхтэй.

Хариуцагч Г нь өөрийгөө Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг 95 дугаар байрны -- тоот орон сууцны хууль ёсны өмчлөгч мөн гэж тайлбарлаж байгаа бөгөөд энэ талаарх улсын бүртгэлийн гэрчилгээ хэрэгт авагдаагүй хэдий ч хариуцагч талаас энэ талаар тайлбарлаж маргаагүй тул түүнийг тухайн орон сууцны өмчлөгч гэж үзэв.

            Хариуцагч Г-ийн өмчлөлийн Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг 95 дугаар байрны -- тоот орон сууцны халаалтын босоо шугамнаас 2018 оны 02 дугаар сарын 19-20-ны өдөр шилжих шөнө ус алдаж доод айл болох нэхэмжлэгч Ц-н гэрт ус нэвтрэн эд хөрөнгөнд нь хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан Бизнес, үл хөдлөх, хөдлөх хөрөнгийн үнэлгээ, зөвлөх үйлчилгээний Итгэлт-Эстимэйт ХХК-ийн хохирлын үнэлгээний тайлан, фото зургууд, СД бичлэг, зохигчдын маргаангүй тайлбар зэргээр тогтоогдож байна.

Хариуцагч Г нь Сууц, өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.4-т зааснаар өмчлөгч өөрийн сууцны доторхи засвар, үйлчилгээний бүх зардлыг хариуцах, Орон сууцны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т зааснаар оршин суугч нь инженерийн шугам сүлжээнд эвдрэл гэмтэл гарсан тохиолдолд тухай бүр эрх бүхий мэргэжлийн байгууллагад мэдэгдэж, засварлуулах үүрэгтэй гэснээр өөрийн орон сууцны доторхи халаалтын босоо шугамыг бүрэн бүтэн байлгах үүргээ биелүүлээгүйгээс уг шугам эвдэрч ус алдаж, улмаар бусдын эд хөрөнгөнд хохирол учирсан болох нь тогтоогдож байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т зааснаар бусдын эд хөрөнгөд хууль бусаар болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан этгээд буюу хариуцагч Г нь уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, гэм буруутай байна.

Мөн Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хорирлыг мөнгөөр төлөх үүрэгтэй.

Нэхэмжлэгч Ц нь засварын ажил үр дүнгүй болсон учир дахин засварлуулах шаардлагатай хэмээн Итгэлт-Эстимейт ХХК-аар хохирлын үнэгээний тайлан гаргуулж, засварын зардал болон бусад эд хөрөнгөд учирсан хохирол шаардснаас шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан дүгнэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үндэслэл нь:

Гэрчийн мэдүүлэг болон талуудын тайлбаруудаас дүгнэхэд гэм хор учруулсан этгээд буюу хариуцагч Г нь орон сууцыг засварлах үүргээ хэрэгжүүлсэн гэж үзэхээр байна.

Учир нь хариуцагч Г нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ус алдсанаас хойш нэхэмжлэгч Ц-ийн орон сууцны ус алдсан өрөөнүүдийн хана, таазыг засварлаж, жижиг өрөөний хананд обой нааж, шалыг нь сольж, гэм хор учруулахаас өмнөх байдалд нь сэргээсэн болох нь гэрч Э-ийн мэдүүлэг болон талуудын маргаангүй тайлбараар нотлогдож байна.

Түүнчлэн орон сууцны хана, таазыг чийгтэй байхад нь засвар хийвэл амархан хуурч унаж дахин засварлах эрсдэл үүсч болзошгүй гэдгийг тухайн үед нь нэхэмжлэгч Ц-д хариуцагч Г, гэрч Э нар сануулсаар байтал хүлээн зөвшөөрч завсарлуулсны дараа учирсан гэм хорын хохирол буюу засварын зардал 1 580 846 төгрөгийг хариуцагч Г хариуцах үндэслэлгүй.

Харин тавилга эд хогшилын хохирол буюу үстэй дээл, орны матрас, модон эдлэл, гал тогооны өрөөний шал нийт 735 250 төгрөг, мөн гэм хор учирсантай холбоотойгоор нэхэмжлэгчээс гарсан зардал буюу үнэлгээ хийлгэсний төлбөр 145000 төгрөг, нотариатын төлбөр 8500 төгрөг нь хэрэгт авагдсан үнэлгээний тайлан,үнэлгээчний хөлс төлсөн орлогын баримтууд, нотариатын зардал төлсөн Е баримт зэргээр тогтоогдож байх тул нийт 888 750 төгрөгийг хариуцагч Г-өөс гаргуулж нэхэмжлэгч Ц-д олгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 54 464 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийг хангасан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж болох 25 880 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц-д олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар хариуцагч Г-өөс гэм хорын хохирол 888 750 /найман зуун наян найман мянга долоон зуун тавин/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 580 846 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 54 464 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 25 880 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ              Б.НАРАНЧИМЭГ

                                  ШҮҮГЧИД             П.ЦОГЗОЛМАА

                                                                   Ц.НАРАНЧИМЭГ