Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 183/шш2021/01748

 

 

 

 

 

2021 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 183/ШШ2021/01748

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  Н ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Э-д ХХК-д холбогдох,

 

Ажил гүйцэтгэх гэрээний санхүүжилтэд илүү авсан 62.012.460 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э, хуралдааны нарийн бичгийн даргаар М.Золзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.О шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Н ХХК нь *** дүүргийн 26 дугаар хороо, *** апартмент төслийн А блокын айлын дотор хаалгыг нийлүүлэх, суурилуулах ажлыг гүйцэтгүүлэхээр харилцан тохиролцсон. Улмаар талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээний үүдэлтэй шаардах эрх, үүрэг үүссэн бөгөөд мөн хуулийн 343.1-т зааснаар гүйцэтгэгч тал болох Э ХХК нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч тал болох Н ХХК нь уг ажлын үр дүнг хүлээн авч, тохирсон хөлс төлөх үүргийг хүлээсэн. Манай компанийн зүгээс тогтоосон хугацаанд санхүүжилтыг гүйцэтгэгч талд бүрэн олгосон. Гэтэл Э ХХК нь манай компаниас хүлээн авсан нийт санхүүжилтээс 62.012.460 төгрөгийн хаалга дутуу нийлүүлж үүргээ зөрчсөн. Талуудын хооронд тооцоо нийлсэн актаар Э ХХК Н ХХК-д 62.012.460 төгрөгийн өглөгтэй гэдгийг харилцан баталсан байдаг. Үүний дараа манай компанийн зүгээс 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 223 тоот албан бичгээр дээрх үнийн дүнгийн хэмжээнд айлын дотор хаалга нийлүүлэх, хэрвээ боломжгүй бол 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн дотор бэлнээр төлж барагдуулах тухай санал хүргүүлсэн ч өнөөдрийг хүртэл хугацаанд хаалга нийлүүлээгүй, мөнгөн дүнг ч төлөөгүй нөхцөл байдал үүсээд байна. Иймд гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбогдуулан Н ХХК-иас илүү хүлээн авсан санхүүжилт болох 62.012.460 төгрөгийг Э ХХК-иас гаргуулж, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан ба гүйцэтгэгч Э ХХК нь гэрээнд заасан  тогтоосон хугацаанд ажлыг хүлээлгэн өгөх үүргийг, захиалагч Н ХХК ажлыг хүлээн авч, төлбөр төлөх үүргийг хүлээсэн. НХХК нь 714 ширхэг хаалгыг нэг бүр нь 440.000 төгрөгийн үнээр нийт 314.000.000 төгрөгийн модон хаалгыг *** аппартмент хотхоны А блок-д суурилуулах үүрэг хүлээж, төлбөрт нь өөрийн өмчлөл, ашиглалтын 3  орон сууцыг шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл манай компанийн зүгээс гэрээнд заасан санхүүжилтийг 100 хувь бартераар олгосон. *** хотхонд байрлах, 108.000.000 төгрөгийн өртөг бүхий 64 м.кв орон сууц, 3,4 дүгээр хороололд байрлах, 100.000.000 төгрөгийн үнэтэй орон сууц, *** аппарментэд байрлах 33.336.310 төгрөгийн үнэлгээтэй, нийт 336.3100.000 төгрөгийн үнэтэй орон сууцыг бартераар олгосон. Анхнаасаа бартераар тооцоогоо хийхээр тохирсон тул тухайн орон сууцнуудын зах зээлийн үнээр л өгсөн. *** аппартмент хотхонд зөвхөн А блокоор тогтохгүй, Б С блокыг үргэлжлүүлэн барьж байсан тул дахин дотор хаалгыг Э ХХК-иас авна, тооцоо илүү гарсан ч дараагийн байранд тооцох боломжтой гэж үзэж байсан юм билээ. Гэвч тэдний хооронд дахин гэрээ байгуулагдаагүй. Талууд хоёр удаа тооцоо нийлсэн байдаг. Эхний тооцоог 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр нийлж, уг тооцоо нийлсэн актаар Эвт-Үүд ХХК нь Н ХХК 65.921.200 төгрөгийн өглөгтэй гэдгийг талууд зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан. Энэ тооцоо нийлсэн акт дээр хэдэн хаалга, хэдэн төгрөгөөр гүйцэтгэсэн гэдэг нь тодорхой харагддаг. Өөрөөр хэлбэл гүйцэтгэгч Э ХХК нь 440.000 төгрөгийн үнэтэй, 601 ширхэг хаалгыг хугацаандаа нийлүүлж нэмээд захирлын гэрийн хаалга 3 ширхэг, арк 1 ширхэг, нэмэлт хаалга 9 ширхэг  гээд 270.000.000 төгрөгийн ажил хийж гүйцэтгэж, 65.921.000 төгрөг үлдсэн. Үүнээс хойш гүйцэтгэгч Оргил хотхоны баруун талд 4 ширхэг хаалгыг 2.387.430  төгрөгөөр,  Алтай хотхоны  хойно Хос өргөө хотхонд 3 ширхэг хаалгыг 1.521.305 төгрөгөөр нийлүүлсэн. Энэ нийлүүлсэн үнийн дүнг хасаад 62.012.460 төгрөгийн өрийн үлдэгдэлтэй байна. Үүнийг 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр дахин тооцооны үлдэгдлийг баталгаажуулж, Э ХХК нь Н ХХК-д 62.012.460 төгрөгийн өглөгтэй гэдгийг хүлээн зөвшөөрч, нягтлн бодогч нар гарын үсгээ зурсан. Хамгийн сүүлд Н ХХК-ийн захирал н.О илүү төлсөн 62.012.460 төгрөгтөө хаалга нийлүүл, эсвэл мөнгийг төл гэсэн 223 тоот албан бичгийг 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хүргүүлсэн боловч хариу ирүүлээгүй, хаалга нийлүүлээгүй, мөнгийг өгөөгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч компани нь Э ХХК 3 ширхэг орон сууцаа шилжүүлж, тооцоо нийлэх үед хариуцагч тал үнийн дүнг хүлээн зөвшөөрч, маргахгүй байсан, гэтэл шүүх дээр ирээд л хаалганы тоо  дүн дээр маргаж байгааг гайхаж байна. Иймд Н ХХК-иас санхүүжилтэд илүү төлсөн 62.012.460 төгрөгийг Э ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Э ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.У шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Э ХХК нь Н ХХК-тай 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Н ХХК-ийн барьж буй *** дүүргийн 26 дугаар хороонд байрлах, *** апартмент хотхонд 314.160.000 төгрөгийн үнийн дүн бүхий нэг бүрийн үнэ 486.000 төгрөг, 446 ширхэг дотор модон хаалга үйлдвэрлэж, суурилуулах ажлыг хийж гүйцэтгэхээр тохиролцож гэрээ байгуулсан. Н ХХК гэрээний төлбөрт **** хотхонд байрлах, 63.5 м.кв талбайтай 108.000.000 төгрөгийн үнэ бүхий орон сууц, 3 дугаар хороололд байрлах, 40 м.кв талбай бүхий 100.000.000 төгрөгийн үнэ бүхий орон сууц, **** хотхонд байрлалтай 61.1 м.кв талбай бүхий 128.310.000 төгрөгийн үнэ бүхий орон сууцнуудыг шилжүүлэн өгсөн. Манай компанийн зүгээс 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн хооронд Н  ХХК-д 617 дотор модон хаалгыг нийлүүлсэн болно. Мөн манай компани Н  ХХК-д нэмэлтээр 15.755.057 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэн хүлээлгэн өгсөн. Н  ХХК-ийн гэрээний төлбөрт тооцон хүлээлгэн өгсөн орон сууцнууд нь гэрээт ажлын үнийн дүнгээс 22.150.000 төгрөгөөр илүү байсан бөгөөд энэ үнийн дүнд тохирох ажлыг манай компаниар хийж гүйцэтгүүлэх боломжтой талаар өмнө нь мэдэгдэж байсан. Манай компанийн зүгээс Н  ХХК-д нийт 315.740.457 төгрөгийн үнийн дүн бүхий ажлыг хийж гүйцэтгэсэн бөгөөд Н ХХК нь 20.569.543 төгрөгийн төлбөрийг илүү төлсөн байгаа тул энэ үнийн дүнд тохирох ажлыг манай компани хийж гүйцэтгэн хүлээлгэн өгөх боломжтой байна гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Н  ХХК нь Э ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний санхүүжилтэд илүү авсан 62.012.460 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Хэрэгт цугларсан бичгийн баримтууд болон зохигчдын тайлбар мэдүүлгийг үндэслэн шүүх дараахь хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Э ХХК нь Н ХХК-ийн захиалгаар 714 ширхэг хаалгыг нэг бүр нь 440.000 төгрөгийн үнээр нийт 314.000.000 төгрөгийн модон хаалгыг нийлүүлэх, төлбөрт нь захиалагч Н ХХК гэрээнд тохирсноор ширхэг орон сууцыг шилжүүлэхээр тохирч, санхүүжилтийг 100 хувь бартераар олгож, гэрээний үүргээ биелүүлсэн, харин гүйцэтгэгч Э ХХК хаалгыг дутуу нийлүүлсэн, тооцоо нийлсэн актаар 62.012.460 төгрөгийн өрийн үлдэгдэлтэйг хүлээн зөвшөөрсөн, дээрх үнийн дүнгийн хэмжээнд хаалга нийлүүлэх, боломжгүй бол үнийг төлөх санал хүргүүлсэн ч хүлээж аваагүй тул шүүхэд хандсан гэж тайлбарлан дээрх нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.

 

Харин хариуцагч Э  ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу үүргээ биелүүлж, нэг бүр нь 486.000 төгрөгийн үнэ бүхий 617 ширхэг дотор модон хаалгыг нийлүүлсэн, захиалагчаас 20.569.543 төгрөг илүү төлсөн байгаа бөгөөд уг үнийн дүнд тохирох ажлыг хийж гүйцэтгэх боломжтой, үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа болно.

 

Нэхэмжлэгч Н  ХХК нь Э  ХХК-тай 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 16/29 тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулж,*** дүүргийн 26 дугаар хороо, *** апартмент хотхоны А блокын айлын дотор хаалгыг захиалгын дагуу үйлдвэрлэж, суурилуулах ажлыг хийж гүйцэтгэх, ажлын нийт хөлс 314.160.000 төгрөг байх, төлбөрийг 100 хувь бартераар олгохоор харилцан тохиролцсон гэх ба гэрээг нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр хэрэгт өгөөгүй байна.

 

Учир нь зохигчид гэрээний гол нөхцөлийн талаар тохирч гэрээг бичгээр байгуулсан, нэхэмжлэгч Н  ХХК-ийн удирдлага гэрээнд гарын үсэг зурж, тамга дарж, гүйцэтгэгч Э  ХХК-ийн удирдлагаар гарын үсэг зуруулж, баталгаажуулахаар тус компанийн нягтлан бодогч хоёр хувь гэрээг авч явсан гэх боловч гэрээг буцаан авчирч өгөөгүйгээс нэхэмжлэгч тал хэрэгт хуулбар хувийг өгч, хариуцагчаас шаардлага хангасан хувийг гаргуулах хүсэлт гаргасан байна.

 

Хариуцагч Э  ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.У  талуудын хооронд байгуулсан дээрх гэрээ болон гэрээний 4 хавсралт нь тус компанид нягтлангаар ажиллаж байсан Д.А-т хадгалагдаж, гаргаж өгөхийг удаа дараа шаардсан боловч гаргаж өгөөгүй гэх үндэслэлээр Д.А-с гаргуулах хүсэлт гаргаснаар шүүгчийн 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 838 тоот захирамжаар хариуцагч Э ХХК болон гэрч Д.А  нараас гэрээг хавсралтын хамт гаргуулах, 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 3343 тоот захирамжаар гэрч Д.А-с дээрх гэрээг хавсралтын хамт албадан гаргуулахыг даалгаж шийдвэрлэсэн байна.

 

Гэвч тус компанид нягтлан бодогчоор ажиллаж байсан Д.А  ажлаас гарахдаа компанийн ажилтанд үлдээсэн, өөрт нь байхгүй талаар тайлбарласан, хариуцагчийн төлөөлөгч өөрөө мэдэхгүй байна, захирамж биелэгдэх боломжгүй гэж дүгнэн шүүгчийн 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 4186 тоот захирамжаар 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 838 дугаар захирамжийн 2 дахь заалт, 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 3343 тоот захирамж 3 дахь заалтыг тус тус хүчингүй болгосон байна.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т ...Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ... гэж заасан ба талууд ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан, гүйцэтгэгч нь орон сууцны дотор хаалгыг захиалгын дагуу үйлдвэрлэж, суурилуулах, ажлын нийт хөлс 314.160.000 төгрөг байх, төлбөрийг 100 хувь бартераар төлөхөөр тохирсон талаар талууд маргаагүй, харин хаалганы тоо ширхэг, нэг бүрийн үнэн дээр маргаж байгаа болно.

 

Өөрөөр хэлбэл Н ХХК нь 716 ширхэг модон хаалгыг нэг бүрийн үнэ 440.000 төгрөгөөр тохирч захиалсан гэж, Э  ХХК нь нэг бүр нь 486.000 төгрөгийн үнэ бүхий 617 ширхэг дотор модон хаалгыг нийлүүлэхээр тохирсон гэж тус тус маргаж, хариуцагчийн өмгөөлөгч нь Н  ХХК-ийн барьж буй *** дүүргийн 26 дугаар хороонд байрлах, Санто смарт цогцолбор хотхоны А блокийн 1,2 дугаар орцны айлуудад хэдэн ширхэг дотор хаалга шаардлагатай байсан, хэдэн хаалга нийлүүлсэн талаарх баримтыг гаргуулах, модон хаалганы зах зээлийн үнийг тогтоолгохоор шинжээч томилуулах хүсэлт гаргасан боловч шүүх нотлох баримт гаргуулах хүсэлтийг хүлээн авч, шинжээч томилуулах хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн болно.

 

Учир нь хаалганы нийт дүн 314.160.000 төгрөг байхаар тохирч, гэрээний төлбөрт *** хотхонд байрлах, 63.5 м.кв талбайтай 108.000.000 төгрөгийн үнэ бүхий орон сууц, 3 дугаар хороололд байрлах, 40 м.кв талбай бүхий 100.000.000 төгрөгийн үнэ бүхий орон сууц, *** хотхонд байрлалтай 61.1 м.кв талбай бүхий 128.310.000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг бартераар шилжүүлсэн, түүнчлэн талууд тооцоо нийлсэн акт үйлдсэн байна.

 

Талуудын хооронд тооцооны үлдэгдлийн баталгаа №001 гэх баримт үйлдэгдсэн байх ба нэг талаас нэхэмжлэгч Н  ХХК-ийн нягтлан бодогч Г.Ц , нөгөө талаас төлөгч байгууллага болох Э  ХХК-ийн нягтлан бодогч Д.А  нар байгууллага хооронд 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийг дуустал хугацаанд өгч авалцсан зүйлээ хоёр байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангуй бүртгэлийн бичилтээр нэг бүрчлэн нийлж үзэхэд Э  ХХК нь 62.012.460 төгрөгийн өртэй гарсныг харилцан батлав гээд гарын үсэг зурж, санхүүгийн тамга дарж баталгаажуулсан байна.

 

Мөн дээрх тооцоо нийлсэн актад анхан шатны баримт байгаа эсэхийг тодруулахаар шүүгчийн захирамж гарсан ба нэхэмжлэгчээс хаалга нийлүүлж, суулгасантай холбоотой тооцоо нийлсэн актнаас өөр нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт байхгүй гэх ба 2017 оны 01 дүгээр сарын 09-ний байдлаарх тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримтыг ирүүлж, зураг төслийн дагуу тус блок барилгад 714 ширхэг хаалга суугдах ёстойгоос Э ХХК нь *** хотхоны А блокод 601 ширхэг хаалга суулгасан талаар шүүхэд өгсөн тодорхойлолтод дурджээ.

 

Нэхэмжлэгчийн нотлох баримтаар ирүүлсэн тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримт нь тооцооны үлдэгдлийн баталгаа №001 гэх баримтын өмнө үйлдэгдсэн байх бөгөөд тооцооны баримтын жагсаалтад 601 ширхэг хаалга, нэг бүрийн үнэ 440.000 төгрөг, нийт 264.440.000 төгрөг, захирлын гэрийн хаалга 3 ширхэг нэг бүрийн үнэ 570.900 төгрөг, нийт 1.712.700 төгрөг, 276.100 төгрөгийн үнэтэй арк 1 ширхэг, 9 ширхэг хаалга, нэг бүрийн үнэ 440.000 төгрөг, нийт 3.960.000 төгрөг, нийт дүн 270.388.800 төгрөг, нөат-ын 10 хувь тооцож, 245.808.000 төгрөгөөс бартераар шилжүүлсэн 3 орон сууцны үнэ 336.310.000 төгрөгнөөс хасахад 65.921.200 төгрөгийн үлдэгдэл гарсныг 2017 оны 01 дүгээр сарын 09-ний байдлаар тооцоо нийлж, Н  ХХК-ийн нягтлан бодогч Б.Б , Э  ХХК-ийн нягтлан бодогч Д.А  нар гарын үсэг зурж, санхүүгийн тамга дарж баталгаажуулсан байна.

 

Өөрөөр хэлбэл гүйцэтгэгч тал гэрээний хугацаанд 601 ширхэг модон хаалга нийлүүлсний дараа нэмэлтээр 9 ширхэг хаалга, захирлын гэрийн хаалга Алтай хотхоны хойно Хос өргөө 2-т 1.521.305 төгрөгийн үнэтэй 3 ширхэг хаалга, Оргилын баруун талд 2.387.434 төгрөгийн үнэтэй 4 ширхэг хаалга буюу нийт 9.857.434 төгрөгийн хаалга нийлүүлснээр үлдэгдэл нь 62.012.461 төгрөг болсон нь хоёр компанийн хооронд нийлсэн тооцооны үлдэгдлийн баталгаанууд, Н  ХХК-ийн нягтлан бодогч Д.О-ын гаргасан тооцооны баримтуудаар тус тус тогтоогдож байна.

 

Хариуцагч Э  ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу нэг бүр нь 486.000 төгрөгийн үнэ бүхий 617 ширхэг дотор модон хаалгыг нийлүүлэхээр тохирч, гэрээний үүргээ биелүүлсэн гэж тайлбарлаж байх боловч тэр талаар нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй, нотлох баримтаар тогтоогдохгүй байна..

 

Нөгөө талаар Э  ХХК анхнаасаа нэг бүр нь 486.000 төгрөгийн үнэ бүхий 617 ширхэг дотор модон хаалгыг нийлүүлэхээр тохирсон бол талууд хоёр удаа тооцоо нийлж, акт үйлдэхэд хэдэн ширхэг модон хаалга нийлүүлэх байсан, нэг бүрийг хэдэн төгрөгөөр хийлгэхээр тохирсон, түүнээс хэдийг нийлүүлж хэд дутсан, эсвэл үүргээ бүрэн биелүүлсэн эсэх талаар тооцоо нийлэх үед гаргах, захиалагчийн гаргасан тооцооллыг зөвшөөрөөгүй бол гарын үсгээ зурахгүй байх, тооцооллыг дахин хянаж үзэх боломж байсан байна.

 

Иймд хариуцагч Э  ХХК модон хаалгыг дутуу нийлүүлж, гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй байх тул ажил гүйцэтгэх гэрээний санхүүжилтэд илүү авсан 62.012.460 төгрөгийг Э  ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгч Н  ХХК-д олгох нь зүйтэй гэж үзэв.

 

2021 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 09.30 цагт товлогдсон шүүх хуралдаанд хариуцагч хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгч талаас хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлт гаргасан боловч шүүх хэргийн оролцогчийн тэгш байдал, мэтгэлцэх зарчим, хариуцагчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг тус тус хангахаар шүүх хуралдааныг хойшлуулж, 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 13.30 цагт товлож, хариуцагчийн өмгөөлөгчид 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдөр шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч дахин шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, ямар шалтгаанаар ирээгүй талаар шүүхэд мэдэгдээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т зааснаар хэрэгт цугларсан баримтуудыг үндэслэн хэргийг хариуцагчийн эзгүйд шийдвэрлэсэн ба хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй талаар бичгээр мэдэгдсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э  ХХК-иас 62.012.460 /жаран хоёр сая арван хоёр мянга дөрвөн зуун жаран/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н  ХХК-д олгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдгийн хураамжид урьдчилан төлсөн 468.012 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э ХХК-иас 468.012 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н  ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ДАВААСҮРЭН