Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2021/01598

 

 

 

 

 

2021 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2021/01598

 

 

 

хххххх ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Н.Батзориг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2021/01748 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч хххххх ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч ххххххх ХХК-д холбогдуулан гаргасан ажил гүйцэтгэх гэрээний санхүүжилтэд илүү авсан 62 012 460 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэрэнлхам, хариуцагчийн өмгөөлөгч Б.Жавхланбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч хххххх ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ххххххх ХХК-тай Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, ххххххххх төслийн А блок дахь барилгын дотор хаалгыг нийлүүлж суурилуулах ажлыг гүйцэтгүүлэхээр харилцан тохиролцсон. Манай компанийн зүгээс тогтоосон хугацаанд 62 012 460 төгрөгийн санхүүжилтийг олгосон боловч ххххххх ХХК нь хаалга дутуу нийлүүлж үүргээ зөрчсөн.

Талуудын хооронд тооцоо нийлсэн актаар ххххххх ХХК хххххх ХХК-д 62 012 460 төгрөгийн өглөгтэй гэдгийг харилцан баталсан. Хариуцагчид 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 223 тоот албан бичгээр дээрх үнийн дүнгийн хэмжээнд айлын дотор хаалга нийлүүлэх, эсхүл 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн дотор бэлнээр төлж барагдуулах тухай санал хүргүүлсэн. Иймд ххххххх ХХК-аас 62 012 460 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ххххххх ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: хххххх ХХК-тай 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах, хххххххх хотхонд 314 160 000 төгрөгийн үнийн дүн бүхий нэг бүрийн үнэ 486 000 төгрөг, 446 ширхэг дотор модон хаалга үйлдвэрлэж, суурилуулах ажлыг хийж гүйцэтгэхээр тохиролцож гэрээ байгуулсан. Гэрээний төлбөрт Американ дэнж хотхонд байрлах, 63.5 м.кв талбайтай 108 000 000 төгрөг, 3 дугаар хороололд байрлах, 40 м.кв талбай бүхий 100 000 000 төгрөг, Санто смарт хотхонд байрлалтай 61.1 м.кв талбай бүхий 128 310 000 төгрөгийн үнэ бүхий орон сууцнуудыг шилжүүлэн өгсөн.

Бидний зүгээс 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн хооронд хххххх ХХК-д 617 модон хаалгыг нийлүүлсэн. Мөн нэмэлтээр 15 755 057 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэн хүлээлгэн өгсөн. Манай компани 315 740 457 төгрөгийн үнийн дүн бүхий ажлыг хийж гүйцэтгэсэн бөгөөд хххххх ХХК нь 20 569 543 төгрөгийн төлбөрийг илүү төлсөн. Энэ үнийн дүнд тохирох ажлыг манай компани хийж гүйцэтгэн хүлээлгэн өгөх боломжтой гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ххххххх ХХК-аас 62 012 460 /жаран хоёр сая арван хоёр мянга дөрвөн зуун жаран/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч хххххх ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдгийн хураамжид урьдчилан төлсөн 468 012 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ххххххх ХХК-аас 468 012 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч хххххх ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч ххххххх ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Манай байгууллага 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр ажил гүйцэтгэх 16/29 тоот гэрээ болон гэрээний хавсралтуудыг үрэгдүүлснээс шалтгаалан нэхэмжлэгчид ор үндэсгүй их хэмжээний төлбөр төлөх нөхцөл байдал үүсээд байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгосон тооцоо нийлсэн акт нь бодит байдалд нийцсэн эсэх нь эргэлзээтэй, анхан шатны ямар баримтыг үндэслэж тооцоо нийлсэн нь тодорхойгүй байдаг.

Анхан шатны шүүхэд уг тооцоо нийлсэн актад гарын үсэг зурсан ххххххх ХХК-ийн болон хххххх ХХК-ийн нягтлан бодогч нарыг гэрчээр оролцуулах хүсэлт гаргасан. Нэхэмжлэгч нь өөрийн нягтлан бодогчийн мэдээллийг гаргаж өгөхөөс татгалзсан бөгөөд шүүхээс ххххххх ХХК-ийн нягтлан бодогчоор ажиллаж байсан Д.А гэрчээр оролцуулсан байдаг. Түүний мэдүүлэгт тооцоо нийлсэн актыг ямар нэг баримт үндэслэн гаргаагүй, нэхэмжлэгч талын үйлдсэн баримт дээр гарын үсэг зурсан, ийм тооцоо үлдсэн байсан эсэхийг тодруулаагүй, захирал тооцоо нийлэх ёстой гэж хэлж байсан, сүүлд нь буруу тооцоон дээр гарын үсэг зурснаа мэдсэн тухай хххххх ХХК-ийн нягтлан бодогчид хэлсэн зэрэг хэрэгт ач холбогдолтой үйл баримтад дүгнэлт хийгээгүй орхигдуулсан байна.

Талууд гэрээт ажлын нийт үнэлгээн дээр маргаагүй боловч гэрээт ажлын тоо ширхэг, нэг бүрийн үнэ дээр маргасан. Үүнтэй холбоотой нотлох баримт хэрэгт авагдаагүй. Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн тооцоо нийлсэн актад 601 ширхэг хаалга нийлүүлсэн, нэг бүрийн үнэ нь 440 000 төгрөг гэсэн байх боловч уг тооцоо нийлсэн акт нь хэргийн бодит байдалд нийцээгүй талаар гэрч Д.А мэдүүлсэн байдаг.

Түүнчлэн, ххххххх цогцолбор хотхоны А блокийн 1,2 дугаар орцны айлуудад хэдэн ширхэг дотор модон хаалга шаардлагатай байсан, хэдэн хаалгыг суурилуулсан эсэх, мөн модон хаалганы зах зээлийн үнийг тогтоолгохоор шинжээч томилуулах хүсэлт гаргасан боловч шүүхээс хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн. Хариуцагч өөрийн хариу тайлбар, татгалзлаа нотлох боломжийг шүүх олгоогүй, анхан шүүх нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзэж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг агуулгын хувьд хэвээр үлдээж, хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулав.

Хариуцагч ххххххх ХХК нь нэхэмжлэгч хххххх ХХК-ийн, гэрээний зарим хэсгээс татгалзаж, гэрээгээр шилжүүлсэн 62 012 460 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын 20 569 543 төгрөгт холбогдох хэсгийг зөвшөөрч, 317 хаалга нийлүүлсэн, 15 755 057 төгрөгийн нэмэлт ажил хийж, хүлээлгэн өгсөн гэх үндэслэл заан эс зөвшөөрч, маргасан байна.

Талуудын хооронд 2019 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 314 160 000 төгрөгийн үнийн дүн бүхий гэрээ байгуулагдаж, гэрээгээр ххххххх ХХК нь модон хаалга нийлүүлж, хххххх ХХК-ийн хувьд 3 ширхэг орон сууц шилжүүлж төлбөр төлөх нөхцлийг харилцан тохиролцсон болох нь тэдгээрийн тайлбараар тогтоогдсон байна. /хх-1,58, 64-68/

Дээрх гэрээний дагуу ххххххх ХХК нь хаалга, арк зэрэг бүтээгдэхүүн нийлүүлж, суурилуулж өгсөн, хххххх ХХК-аас ххххххххотхонд байрлах 64 м.кв орон сууцыг 108 000 000 төгрөгөөр, 3, 4 дүгээр хороололд байрлах 40 м.кв талбайтай орон сууцыг 100 000 000 төгрөгөөр, хххххх хотхонд байрлах орон сууцыг 33 336 310 төгрөгөөр тус тус үнэлж, нийт 336 310 000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг төлбөрт шилжүүлэн тооцсон үйл баримтыг зохигчдын тайлбарыг үндэслэн анхан шатны шүүх зөв тогтоосон, энэ талаар хэн аль нь маргаангүй.

Талууд нийлүүлсэн хаалганы тоо, ширхэг, хаалга нэг бүрийн үнэ, дутуу нийлүүлсэн үүргийн хэмжээний талаар маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын маргааны зүйл, үйл баримтын талаар зөв дүгнэлт хийсэн боловч талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг тодорхойлохдоо Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсгийн заасныг буруу тайлбарлан хэрэглэжээ. Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг үндэслэн дээрх алдааг залруулан дүгнэх боломжтой байна.

Зохигчдын тайлбараас үзвэл, гэрээний нэг тал буюу хариуцагч ххххххх ХХК-ийн хувьд модон хаалга нийлүүлэх үндсэн үүргээс гадна түүнийгээ суурилуулах дагалдах үүрэг хүлээсэн, нөгөө тал болох нэхэмжлэгч хххххх ХХК нь 3 ширхэг орон сууцыг хариуцагчийн өмчлөлд шилжүүлж өгөх үүргийг тус тус хүлээсэн байна. Гэрээний энэ нөхцөл нь арилжааны гэрээний шинжийг агуулсан байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасан харилцаа үүснэ.

Нэхэмжлэгч компани нь дээрх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, орон сууцыг шилжүүлсэн байх боловч хариуцагч компанийн хувьд модон хаалгаа бүрэн нийлүүлсэн гэх нөхцөл байдлыг нотлоогүй, нэхэмжлэгч хариуцагчийн дутуу гүйцэтгэсэн үүргийн хэмжээгээр гэрээнээс татгалзаж, гэрээгээр шилжүүлэн өгсөн орон сууцны зөрүү төлбөрийг буцаан шаардсан нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2.1-д заасанд нийцжээ. Учир нь хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээний аль нэг тал гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь харилцан буцааж өгөх үүрэгтэй. Талуудын маргааны хувьд нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзсантай холбоотойгоор шилжүүлсэн орон сууцыг хэсэгчлэн авах боломжгүй тул мөн зүйлийн 205.2.1-д зааснаар биет байдлаар бус мөнгөөр нөхөн төлөх үүрэг хариуцагчид үүснэ.

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... нэг бүрийн үнэ 440 000 төгрөгийн үнэ бүхий 601 ш модон хаалга, захирлын гэрийн хаалга 3 ширхэг, арк 1 ширхэг, нэмэлт 9 ш хаалга, нийт 274 297 539 төгрөгийн үнэ бүхий эд зүйл нийлүүлсэн, 336 310 000 төгрөгийн үнэтэй орон сууц шилжүүлсэн, зөрүү 62 012 460 төгрөг гаргуулна гэж тайлбарлаж, 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн байдлаар тооцоо нийлсэн тухай Тооцооны үлдэгдлийн баталгаа, 001 дугаартай 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэлх хугацааг хамарсан Тооцооны үлдэгдлийн баталгаа, тус компанийн 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 223 дугаартай төлбөр барагдуулах тухай албан бичиг зэрэг баримтуудыг шүүхэд гарган өгсөн байна. /хх-7, 11, 134-135/

Уг бичгийн баримтуудаас үзвэл, талууд Санхүү, эдийн засгийн сайд, Үндэсний статистикийн газрын даргын 2002 оны тушаалын хавсралтаар баталсан маягтийн дагуу зохигч компаниудын нягтлан бодогч нар 2 удаа тооцоо нийлжээ. /хх-7,134/ Тодруулбал, талууд 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийг дуусталх хугацааны тооцоог нийлж хххххх ХХК нь 65 921 200 төгрөгийн илүү төлөлттэй гарсныг харилцан батлахдаа тооцооны баримтын жагсаалт үйлдэн хариуцагч компанийн нийлүүлсэн эд зүйлийн нэгжийн үнэ, нийт дүнг тооцож /611 ширхэг хаалга, нэг бүрийн үнийг 440 000 төгрөгөөр, аркны үнэ 276 100, захирлын гэрийн хаалга 3 ширхэг, нэг бүрийн үнэ 570 900 төгрөг/ зохигч компаниудын нягтлан бодогч нар гарын үсгээ зурж, баталгаажуулсан байна. Мөн хоёр компанийн нягтлан бодогч нар 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийг дуусталх хугацааны өр төлбөрийн тооцоог дахин нийлж, ххххххх ХХК нь 62 012 460 төгрөгийн өртэй болохыг тодорхойлжээ.

Хариуцагч тал ... нэг бүр нь 486 000 төгрөгийн үнэ бүхий 446 ширхэг модон хаалга нийлүүлэхээр тохиролцсон, ... 617 ширхэг модон хаалга нийлүүлсэн, нэмэлтээр 15 755 057 төгрөгийн эд зүйл нийлүүлж, суурилуулж өгсөн, ... нийт 315 740 457 төгрөгийн үнийн дүн бүхий ажил хийсэн, 20 569 543 төгрөгийн төлбөрийг илүү төлсөн, энэ дүнд тохирох ажлыг манай компани гүйцэтгэн нэхэмжлэгчид өгөх боломжтой ... гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлажээ. Тэрээр тус компанид нягтлан бодогчоор ажиллаж байсан Д.А гэрчийн мэдүүлэг авахуулах, мөн шинжээч томилуулж, нэхэмжлэгч компанийн барьж байсан хххххххх цогцолбор хотхоны А блокийн 1, 2 дугаар орцны айлуудад хэдэн ширхэг дотор хаалга шаардлагатай байсан, хэдэн хаалга нийлүүлсэн, модон хаалганы зах зээлийн үнийг тогтоолгох хүсэлт гаргасан байна.

Шүүх хариуцагчийн гэрчээс мэдүүлэг авахуулах хүсэлтийг хангасан байх ба гэрч Д.А нь дээрх тооцооны үлдэгдлийн баталгаанд гарын үсэг зурсан үйлдлийн талаар ... тооцоо нийлнэ гэдэг анхан шатны бүх баримтыг үндэслэдэг, тухайн үед ххххххх ХХК-ийн удирдлагын даалгавраар гарын үсэг зурж, тооцоо нийлсэн ..., ... Б.У захирал тооцоогоо нийлэх ёстой хоорондоо тохирсон гэж хэлсэн, яг хэдэн төгрөгийн тооцоо нийлэх ёстой вэ гэдгийг хэлээгүй ... гэж мэдүүлсэн байна. /хх102-103/ Уг гэрчийн мэдүүлэг нь өөр баримтаар нотлогдоогүй байх тул ... захиалагчийн гаргасан тооцооллыг зөвшөөрөөгүй бол гарын үсгээ зурахгүй байх, тооцооллыг дахин хянаж үзэх боломжтой байсан байна гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.

Мөн шүүх хариуцагчийн, шинжээч томилуулах хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

Нөгөөтэйгүүр, хариуцагч компаниас 2017 онд нийлүүлж, суурилуулсан модон хаалганы тоо ширхэг, тухайн үеийн модон хаалганы зах зээлийн үнэ, ханшийг шинжээч тогтоолгохоос илүүтэйгээр хариуцагч ххххххх ХХК нь мод модон эдлэлийн үйлдвэрлэл, худалдаа явуулдаг хуулийн этгээд, татвар төлөгчийн хувьд дээрх хугацааны татварын тайлан, нягтлан бодох бүртгэлийн баримт бичиг зэрэг баримтуудаа өөрсдөө шүүхэд гаргаж, цуглуулж өгөх, шүүхийн журмаар холбогдох байгууллагаас нотлох баримт гаргуулах замаар татгалзлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нотлох үүргээ хэрэгжүүлэх боломжтой байсан гэж үзнэ.

Дээрхээс дүгнэхэд анхан шатны шүүх хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлээд хариуцагч ххххххх ХХК-аас 62 012 460 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасантай нийцсэн байна.

Иймд давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шүүх шийдвэртээ гэрчийн мэдүүлэгтэй холбоотой дүгнэлт хийгээгүй, шинжээч томилуулах хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн атлаа хариуцагч татгалзлаа нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, шүүх нотлох боломж олгоогүй, нотлох баримтыг дутуу бүрдүүлж шийдвэрлэсэн гэх үндэслэлээр гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах хуулийн үндэслэлгүй, харин анхан шатны шүүхийн шийдвэрт дээр дурдсан үндэслэлээр хууль хэрэглээний өөрчлөлт оруулахаар тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2021/01748 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 гэснийг Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 205 дугаар зүйлийн 205.2 дах гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 468 012 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ  Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ

 

Ч.ЦЭНД