Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 183/шш2021/01725

 

 

 

 

 

2021 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 183/ШШ2021/01725

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  Ц.Б,

 

Нэхэмжлэгч: .Л.Г,

 

Нэхэмжлэгч: Ч.Б.,

 

Нэхэмжлэгч: . Н.С.,

 

Нэхэмжлэгч: Г.Т. нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: .Т ХХК-д холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э., нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ш., А.О., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Э., Д.Э, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Золзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж төлөөлөгч С.Э , өмгөөлөгч М.Ш , А.О  нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Б , Л.Г  Ч.Б , Н.С , Г.Т  нар нь Т    ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилладаг үндсэн ажилчид юм. Тэд байгууллагын бусад ажилчидтай сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдэж, Т  ХХК-ийн Эв санааны нэгдэл үйлдвэрчний эвлэлийг байгуулан 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлэн үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Нийт арван ажилчин нэгдэж, тус үйлдвэрчний эвлэлийн тэргүүлэгч гишүүнээр ажиллаж байсан. Гэтэл Т  ХХК-ийн удирдлага Ц.Б , Л.Г , Ч.Б , Н.С , Г.Т  нарыг илт хууль бус үндэслэлээр буюу үйлдвэрчний эвлэл байгуулсан, байгууллагын нууц задруулсан гэж ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас нь халсан. Т  ХХК-ийн удирдлага Хөдөлмөрийн тухай хууль, Монгол Улсын Үндсэн хууль, Үйлдвэрчний эвлэлийн эрхийн тухай хуулийг тус тус зөрчиж, үндэслэлгүйгээр ажлаас халсанд гомдолтой байна. Нэхэмжлэгч нарыг ажлаас чөлөөлсөн тушаалыг гүйцэтгэх захирал Э.О  гаргасан байна. Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлд компанийн гүйцэтгэх удирдлагын эрх хэмжээг зааж өгсөн. Хавтаст хэргийн 20-21 дэх талд авагдсан хариуцагч Т  ХХК-ийн хуулийн этгээдийн гэрчилгээний ар талд 2018 оны 3 дугаар сард Ж  гэх БНХАУ-ын иргэнийг гүйцэтгэх захирлаар томилсныг бүртгэсэн байгаа. 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хариуцагч байгууллагын шүүхэд ирүүлсэн 329/20 дугаартай англи, монгол хэлээр үйлдэгдсэн баримтад Ж -аас Э.О-д шүүхэд төлөөлөх эрхийг бусдад төлөөлөх эрхтэйгээр олгосон. Үүнээс үзвэл Ж  нь тухайн хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх бүрэн эрхтэй этгээд байна. Иймд Э.О  нь бусдыг ажилд авах, ажлаас халахтай холбоотой ямар нэгэн үйлдэл хийх эрхгүй гэж үзэж байна. Э.О-г гүйцэтгэх захирлаар улсын бүртгэлд бүртгүүлээгүй бол Компанийн дүрэмд тусгах эсвэл ямар нэгэн хэмжээгээр тухайн байгууллагын Төлөөлөн удирдах зөвлөл байхгүй бол /хувьцаа эзэмшигчдийн хурал/-тай байгуулсан гэрээ хэлцэл байх ёстой. Үүнтэй холбоотой баримт хавтаст хэрэгт авагдаагүй. Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8-д гүйцэтгэх удирдлага нь Төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулж болно гэж заасан. Э.О-д ажлаас халах эрх байсан эсэх нь тодорхойгүй буюу хууль зүйн үндэслэлгүйгээр тушаал гаргасан гэж үзэж байна. Улсын бүртгэлийн ерөнхий газраас хуулийн этгээдийн улсын байцаагчийн 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 1945 дугаартай дүгнэлт хавтаст хэрэгт авагдсан. Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирсэн албан бичигт дээрх нэр бүхий 10 хүн дотроос нэхэмжлэл гаргасан эдгээр 5 хүн нь тухайн үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажилтан буюу удирдах, зөвлөлийн албан тушаалтай гэдгийг тодорхойлсон. Иргэний хуулийн 27 дугаар зүйлд хуулийн этгээд үүсгэн байгуулагдсанаар эрх зүйн чадамжтай болж, дуусгавар болсноор чадамж нь дуусдаг. Гэтэл өнөөдрийн байдлаар Т  ХХК-ийн Эв санааны нэгдэл үйлдвэрчний эвлэлийн эрх зүйн чадамж дуусгавар болоогүй. 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр хариуцагч шүүхэд өгсөн тайлбартаа эдгээр ажилчдыг ажлаас халах үед хууль бусаар үйлдвэрчний эвлэл байгуулсан гэж худал ташаа мэдээлэл гаргасан гэж ирээдүйг зөгнөж тайлбарласан. Компанийн үйл ажиллагааны эсрэг үйл ажиллагаа явуулдаг гуравдагч этгээдэд мэдээлэл задруулсан гэдгийг ажлаас халах үндэслэл болгосон. Гэтэл эдгээр ажилчид нь оператор буюу хүнд даацын том оврын машин барьдаг. Компанийн эсрэг үйл ажиллагаа хийж нэр хүндэд халдсан гэдгийг нотлох ямар ч баримт байхгүй. Хэрэгт авагдсан үзлэг хийсэн баримтаас харвал Т  ХХК-ийн Эв санааны нэгдэл гэх нэртэй фэйсбүүк групп дээр гарсан нийтлэл нь 2020 оны 4 дүгээр сарын 07, 09-ноос хойш бий болсон, өөрөөр хэлбэл ажлаас халсанаас хойш эдгээр нийтлэлүүд гарсан. Дээрх ажилчид сэтгэгдлээ бичсэний төлөө Т  ХХК-ийн эрх ашиг, нэр хүндэд ямар хохирол учирсан бэ гэдэг сонин, ямар нэгэн байдлаар хохирол амсаагүй. Энэ 10 ажилчны үйлдлээс болж үйл ажиллагаа нь зогсоогүй, компани дампуурсан зүйл байхгүй. 2020 онд тт ХХК-иас Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах салбарт албан тоот хүргүүлсэн. Үүнийг 2020 оны 4 дүгээр сарын 13-наас 14-ний өдрүүдэд жагсаал цуглаан хийх хүсэлт гаргасан гэдэг. Гэтэл цар тахлаас болж жагсаал цуглаан болоогүй. Хоёр гэрчээс асуухад лоозон барьж жагсаал цуглаан хийгээгүй гэдэг. Эдгээр ажилчид бусдыг өдөөн турхирсан бичлэг нийтэлсэн, өөрсдийн сэтгэгдэл бичсэн гэх боловч хүмүүс дуудаж яриа өгсөн зүйл байхгүй. Хариуцагчийн зүгээс 2020 оны 2 дугаар сард гэрээний нэмэлт өөрчлөлт буюу та нар ямар нэгэн байдлаар гуравдагч этгээдтэй эвлэлдэн нэгдэхгүй зөвхөн дотооддоо эвлэлдэн нэгдэх үүрэгтэй гэж тайлбарласан нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэд өөрсдөө сайн дураараа эвлэлдэн нэгдэх үндсэн эрхийг нь зөрчсөн байна. Мөн Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 4, 5, 6 дугаар зүйлд заасан эрхүүдийг нь хязгаарласан. Н.А гэрч хэлэхдээ эсрэг үйл ажиллагаа явуулдаг, Эв санааны нэгдэл үйлдвэрчний эвлэлд нэгдэж болохгүй. Иймээс гарын үсгээ зур гэсэн. Хэрвээ гарын үсгээ зураад энэ үйлдвэрчний эвлэлд нэгдвэл ажлаас чинь хална гэсэн. Иймээс нэр бүхий 10 хүн нийлээд үйлдвэрчний эвлэл байгуулъя, ажилчдын эрх ашгийг хамгаалъя гээд явж байсан. Эдгээр ажилчдыг халсан гол шалтгаан нь Үйлдвэрчний эвлэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т үндсэн ажлаасаа чөлөөлөгдөөгүй үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажилтныг өөрийн болон сонгосон хамт олны зөвшөөрөлгүй өөр ажилд шилжүүлэх, ажил олгогчийн санаачилгаар халах, түүнд сонгуульт үүрэгтэй нь холбоогдуулан сахилгын шийтгэл оногдуулахыг хориглоно гэж заасан. С.Э-н хувьд тус үйлдвэрчний эвлэлийн тэргүүлэгчээр ажилладаг бөгөөд янз бүрийн мэдээ мэдээлэл тараасан буруутай бол өөрөө хариуцлагаа хүлээнэ, эдгээр ажилчдад ямар ч буруу байхгүй. Иймд Ц.Б, Л.Г, Ч.Б, Н.С, Г.Т  нарыг урьдхи ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Ц.Б, Л.Г, Ч.Б , Н.С , Г.Т  нарыг ажлаас халсан 2020 оны 4 дүгээр сарын 02, 06-ны өдрийн тушаалууд нь хууль зүйн үндэслэлтэй эдгээр ажилчид нь өөр компанийн буюу Эрдэнэс Тавантолгой ХХК-ийн үйлдвэрчний эвлэлийн хороотой хамтарч компанийн нэр ашиглан хууль бус үйлдвэрчний эвлэлийн хороог байгуулахад оролцож ажил олгогч, ажилчдыг төөрөгдүүлсэн, компанийн ажилчдыг ажил олгогчийн эсрэг турхирах үйл ажиллагаа явуулж, ажлын байрны хөдөлмөрийн хэвийн ажиллагааг алдагдуулсан. Нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулгад дурдагдсан үйлдвэрчний эвлэл байгуулсан гэж ажлаас халагдсан гэх тайлбар нь үндэслэлгүй бөгөөд хууль бус үйлдвэрчний эвлэлийн хороо буюу хуулийн этгээд байгуулсан болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 1945 тоот дүгнэлтээр тогтоогдсон. Иймд нэхэмжлэгч нарын байгуулсан гэж байгаа үйлдвэрчний эвлэлийн хороо нь байгуулагдаагүй, байгуулах үйл ажиллагаа нь хууль тогтоомж зөрчсөн шинжтэй тул бид хууль бус байгууллагыг бий болгож ажил олгогчийг төөрөгдүүлсэн, ажлын байран дэх хөдөлмөрийн хэвийн ажиллагааг алдагдуулсан гэж үзэж байна. Ц.Б , Л.Г , Ч.Б , Н.С , Г.Т нар нь Хөдөлмөрийн тухай хуулийн 6.2-т заасан ажилтан нь хууль, гэрээний дагуу шударгаар хөдөлмөрлөх, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам, аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн нийтлэг шаардлагыг сахин биелүүлэх тухай хуулиар хүлээсэн үүргээ болон тус компанитай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 13.3.2.14-д заасан Компанийн бизнесийн нэр хүндэд хохирол учруулах үйлдэл хийсэн, 13.3.2.21-т заасан холбогдох хууль тогтоомжид заасан бусад буруутай үйлдэл хийсэн үндэслэлээр ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож ажлаас халсан. Ажил олгогчийн хувьд ажилтантай байгуулсан гэрээнд ямар зөрчлийг ноцтой зөрчилд тооцох вэ гэдгийг тодорхой заасан. Тухайлбал ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 14.2.14-т тухайн ажилтан нь ажил олгогчийн бизнесийн нэр хүндэд хохирол учруулах үйлдэл хийсэн, компанийн эсрэг үйл ажиллагаа явуулж байгаа гуравдагч этгээдэд мэдээлэл өгсөн, энэ үйлдэлдээ бусад ажилчдыг өдөөн турхирах үйл ажилагаа явуулсан гэх заалтад хамаарч ноцтой зөрчил гаргасан тул хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Ажил олгогчийн зүгээс яагаад дээрх зөрчлүүдийг гаргасан гэж үзэж байгаа вэ гэхээр манай компанийн 150 ажилчин хурал хийсэн гэсэн хуурамч бичиг баримт үйлдүүлээд компанид ажилладаггүй этгээдтэй нийлж, үйлдвэрчний эвлэл байгуулсан. Энэ үйлдвэрчний эвлэлээ байгуулсаны дараа 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр үйлдвэрчний эвлэлийн нэрээр фэйсбүүк хуудас нээсэн. Уг хуудсанд ажилчдын хөдөлмөрлөх эрхтэй холбоотой ажиллах нөхцлийг сайжруулах, цалин мөнгө нэмэгдүүлэх талаар нэг ч шаардлага тавиагүй. Харин эсрэгээрээ улс төржсөн, компанийн үйл ажиллагааг тасалдуулахад чиглэсэн, бизнесийн нэр хүндэд халдсан байнгын худал мэдээлэл тараасан. Тухайлбал манай захиалагч компани болох тт  ХХК-ийг татан буулгах, Т ХХК-ийг Монголоос гарга, Хятадын хөрөнгө оруулалттай Т  ХХК нь тт ХХК-тай нийлж, Монголын төрийн өмчит тт ХК-ийг бойкодолж, мөн хулгай хар мөртэй зэрэг нийтлэлээр Хятадын хөрөнгө оруулалттай компанийн уурхайн орлогч даргын дүү тт ХХК-д эдийн засагч хийж байна, Хятадын гар хөл болсон хүний нөөцийн дарга н.Б  гэх зэрэг зүй бус үг хэллэгтэй компанийн нэр хүндэд халдсан худал хуурмаг мэдээлэл байнга тараах болсон. Бизнесийн нэр хүнд гэдэг ойлголтыг компани үйл ажиллагаа явуулах явцдаа олж авсан нийгмийн үнэлгээ юм. Халдах үйлдэл нь бодит байдалд нийцээгүй мэдээллийг аливаа хэлбэрээр түгээсэн байхыг ойлгоно. Гэтэл уг ажилтнууд нь хууль зөрчсөн үйлдвэрчний эвлэл байгуулж, уг үйлдвэрчний эвлэлээр дамжуулан нэр хүндэд халдах, компанийн үйл ажиллагаанд саад учруулах мэдээллийг түгээж байсан нь бизнесийн нэр хүндэд халдах нөхцлийг бүрдүүлсэн. Ажилчид үйлвэрчний эвлэл байгуулахдаа манай компанид ажилладаггүй С.Эгэдэг хүнийг тэргүүнээр томилсон. С.Э  нь тт ХК-ийн хүсэлтээр манай компанийг ажиллаж эхэлснээс хойш хууль бусаар тендер авсан, хууль зөрчигч мэтээр нотлогдоогүй худал мэдээллүүдийг олон нийтийн хэрэгслээр удаа дараа гаргаж байсан. Энэ нь өнөөдөр нотлох баримтаар авагдсан хэвлэлийн бага хурлын мэдээлэл болон фэйсбүүк хуудсанд хийгдсэн үзлэгийн баримтаар тогтоогдоно. Өөрөөр хэлбэл энэ хүний үйлдэл нь тт  ХК-ийн туслан гүйцэтгэгчээс манай компанийг гаргах, үйл ажиллагааг зогсооход чиглэгдэж байсан. Т  ХХК-ийн Эв санааны нэгдэл үйлдвэрчний эвлэлийн даргаар томилогдсоноосоо хойш тухайн ажилтнуудыг давхар оролцуулан дандаа ажилчдын эрх ашигтай холбоотой биш, улс төржсөн компанийн эсрэг үйл ажилагааг зогсоох худал мэдээлэл түгээж байсан. Үйлвэрчний эвлэл байгуулсны дараа өнөөдөр нотлох баримтаар өгсөн тт ХХК-иас 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр өгсөн бичгээр 2020 оны 4 дүгээр сарын 13, 14-ний өдрүүдэд тт ХК болон Т  ХХК-ийн Эв санааны нэгдэл гэх 2 үйлдвэрчний эвлэл жагсаал цуглаан хийгээд байна. Үүн дээр яаралтай арга хэмжээ ав, хууль зөрчиж байна гэсэн. 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр тт ХК-иас энэ үйл явдал үүсээд үйл ойлголцолд хүрч байгаа тул уурхай руу нэвтрүүлэхгүй байх, үйл ажиллагааг түр зогсоож байна гэсэн агуулгатай бичиг ирсэн. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч талын яриад байгаа шиг ямар ч хохирол учраагүй, ямар ч үйл ажиллагаа доголдоогүй гэсэн баримт байхгүй. Энэ үйл явдлын хор уршгаар тухайн үед ээлжээ солилцох гэж байсан ажилчдын автобусыг хааж 30 цагийн хугацаанд сул зогсолт үүсч, ажлаа эхлүүлж чадахгүй нөхцөл байдал үүсч байсан. Энэ нь фэйсбүүк хуудаснаас авагдсан нотлох баримтуудаас жагсаал цуглаан хийж байгаа нь зурагнуудаас харагдана. Эрдэнэс Тавантолгой майнинг ХК-иас ирсэн албан бичгээр жагсаал цуглаан хийсний хор уршгаар уурхай зогсоход хүрч байсан баримтууд байна. Бид зүгээр ажлаа хийгээд явж байсан хүнийг ажлаас халаагүй. Өнөөдөр компанийн ажилтан гэж явж байгаа бол компанийн эрх ашгийн төлөө үйл ажиллагааг нь хэвийн явуулахын тулд ажилтан бүр хичээх ёстой. Нэг хүний үйлдлээс нийт компанийн эрх ашиг нөлөөлдөг. Тухайн үед үйлдвэрчний эвлэлийн тавьж байсан шаардлага нь тт ХК захиалагч компанийн үйл ажиллагааг тэр чигт нь зогсоож татан буулгах, Т  ХХК нь Хятад компани хууль бусаар тендер авсан зогсооё гэдэг шаардлага тавьж байсан. Хэрвээ компанийн үйл ажиллагаа зогсвол тэр ажилтан ч гэсэн ажилгүй болно. Нэхэмжлэлд дурдаад байгаа шиг үйлдвэрчний эвлэл байгуулсан гэдэг шалтгаанаар ажилчныг халаагүй, халах ч боломжгүй. Тухайн үед үнэхээр үйлдвэрчний эвлэл байгуулсан гэж үзэж байвал Хөдөлмөрийн тухай хууль, Үйлдвэрчний эвлэлийн эрхийн тухай хуульд заасны дагуу ажил олгогчид хууль ёсны шаардлагын дагуу ажилтны хөдөлмөрлөх эрхтэй холбоотой хөдөлмөрлөх нөхцөл сайжруулахтай холбоотой шаардлагууд тавих ёстой байсан. Гэтэл нэг ч удаа ийм шаардлага тавьж байгаагүй. Мөн хөөн хэлэлцэх хугацааны асуудал яригдаж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан 30 хоногийн хугацаа хэтэрсэн гэж үзэж байна. Үүнд Ц.Б , Л.Г  нар орох юм, нөгөө 3 нь хугацаандаа нэхэмжлэлээ гаргасан. Ц.Б , Л.Г  нар эхний удаа 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй гэж 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Дараагийн удаа нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь нэхэмжлэлд С.Э-н өмнөөс хуурамчаар гарын үсэг зураад нэхэмжлэл гаргасан байсан учир Ц.Б  2020 оны 6 дугаар сарын 23-ны өдөр, Л.Г  2020 оны 7 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох шүүгчийн захирамж гарсан. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2-т зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргасан бол хөөн хэлэлцэх хугацаа тоологдоно. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусах хүртэл бусад хэлбэрээр үргэлжилнэ. Мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.7-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр тоолно гэж заасны дагуу хөөн хэлэлцэх хугацааны тасалдал, шинээр тоолох үндэслэл бий болсон. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан уг хугацаа өнгөрсний дараа дээрх хоёр ажилтан нэхэмжлэл гаргасан. Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Ц.Б , Л.Г , Ч.Б , Н.С , Г.Т  нар нь Т  ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай шаардлага гаргасныг шүүх дараахь хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Ц.Б 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Т  ХХК-ийн гүйцэтгэх захирлын 416/18 дугаар тушаалаар оператораар томилогдон, тус компанитай хөдөлмөрийн гэрээ байгуулж, нэг сарын цалин 1.760.000 төгрөг байхаар харилцан тохиролцож ажиллаж байсан байх бөгөөд Т  ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 372/20 дугаар тушаалаар,

Л.Г 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Т ХХК- гүйцэтгэх захирлын 471/17 дугаар тушаалаар оператораар томилогдон, тус компанитай хөдөлмөрийн гэрээ байгуулж, нэг сарын цалин 1.870.000 төгрөг байхаар харилцан тохиролцож ажиллаж байсан байх бөгөөд Т ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 362/20 дугаар тушаалаар,

Ч.Б 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Т ХХК-тай гүйцэтгэх захирлын а/261/17 дугаар тушаалаар оператораар томилогдон, тус компанитай хөдөлмөрийн гэрээ байгуулж, нэг сарын цалин 1.870.000 төгрөг байхаар харилцан тохиролцож ажиллаж байсан байх бөгөөд Т ү ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 374/20 дугаар тушаалаар,

Н.С  2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Т  ХХК- гүйцэтгэх захирлын 462/17 дугаар тушаалаар оператораар томилогдон, тус компанитай хөдөлмөрийн гэрээ байгуулж, нэг сарын цалин 1.870.000 төгрөг байхаар харилцан тохиролцож ажиллаж байсан байх бөгөөд Т ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 371/20 дугаар тушаалаар,

Г.Т 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Т  ХХК- гүйцэтгэх захирлын 116/18 дугаар тушаалаар оператораар томилогдон тус компанитай хөдөлмөрийн гэрээ байгуулж, нэг сарын цалин 1.870.000 төгрөг байхаар харилцан тохиролцож ажиллаж байсан байх бөгөөд Т ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 369/20 дугаар тушаалаар тус тус тэдэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, ажлаас нь чөлөөлсөн байна.

 

Ц.Б , Ч.Б , Н.С , Г.Т нар Т  ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай 372/20, 374/20, 371/20, 369/20 дугаар тушаалыг 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр, Л.Г  Т ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай 362/20 дугаар тушаалыг 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр тус тус гардан авч, тушаалыг эс зөвшөөрч нэхэмжлэлээ 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т ...Ажилтан ажлаас буруу халсан тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана... гэсэн хуулийн заалттай нийцэж байна.

 

Нэхэмжлэгч Ц.Б , Л.Г , Ч.Б , Н.С , Г.Т  нар нь компанийн бусад ажилчидтай сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдэж, Т  ХХК-ийн Эв санааны нэгдэл үйлдвэрчний эвлэлийг байгуулан, Т  ХХК-ийн Эв санааны нэгдэл гэх нэртэй фэйсбүүк групп нээж, сэтгэгдлээ бичсэний төлөө компанийн бизнесийн нэр хүндэд хохирол учруулах үйлдэл хийсэн, компанийн дотоод нууц мэдээллийг гадагш задруулсан гэж ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй, хуульд нийцээгүй тушаал гаргасан гэж тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.

 

Харин ажил олгогч Т  ХХК нь Ц.Б , Л.Г , Ч.Батбаатар, Н.С , Г.Т  нарыг хууль зөрчсөн үйлдвэрчний эвлэл байгуулж, уг үйлдвэрчний эвлэлээр дамжуулан Т ХХК-ийн Эв санааны нэгдэл гэх нэртэй фэйсбүүк групп нээж улс төржсөн, компанийн үйл ажиллагааг тасалдуулахад чиглэсэн, бизнесийн нэр хүндэд халдсан бодит байдалд нийцээгүй мэдээллийг тарааж, компанийн бизнесийн нэр хүндэд хохирол учруулах үйлдэл хийсэн, компанийн үйл ажиллагааны эсрэг үйл ажиллагаа явуулдаг гуравдагч этгээдэд мэдээлэл задруулах, компанид хохирол учруулах нөхцөл бүрдүүлэн, энэхүү үйлдэлдээ бусад ажилчдыг өдөөн турхирах үйл ажиллагааг удаа дараа явуулсан ноцтой зөрчил гаргасан гэж хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, ажлаас чөлөөлсөн нь хуульд нийцсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа болно.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ...Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан... бол хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохоор хуульчилсан ба Ц.Б  нарын нэр бүхий 5 ажилтанг тус компанитай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 13.3.2.14, 13.3.2.21-т заасан заалтыг зөрчсөн гэж ажил олгогчийн санаачлагаар тэдэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан нь үндэслэл бүхий болж чадаагүй байна.

 

Тодруулбал, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гэдэгт ...Ажлын байр, гүйцэтгэх ажлын онцлогт тохируулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг ажилтан, ажил олгогч нар харилцан тохиролцож, тухайн зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд тусгасан байхыг... ойлгох бөгөөд талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 13.3.2.14-д ...Ажил олгогчийн бизнесийн нэр хүндэд хохирол учруулсан, хохирол учруулахаар ямар нэгэн үйлдэл, эс үйлдэхүй хийсэн, эрх мэдлээ хэтрүүлсэн, буруугаар ашигласан..., 13.3.2.21-т ...Холбогдох хууль тогтоомжид заасан бусад гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй хийсэн... гэх хэт ерөнхий заалтыг баримталсан байхаас гадна эдгээр ажилчдыг Т  ХХК-ийн эв санааны нэгдэл үйлдвэрчний эвлэлийг байгуулах ажиллагаанд оролцож, уг төрийн бус байгууллагын үйл ажиллагааг дэмжиж үзэл бодлоо илэрхийлэх, улмаар Т  ХХК-ийн Эв санааны нэгдэл үйлдвэрчний эвлэл нэртэй фэйсбүүк /facebook/ групп нээж ажиллуулсан үйлдлийг хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчилд хамааруулан ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байна.

 

Түүнчлэн талууд бичгээр байгуулсан хөдөлмөрийн гэрээндээ ажил олгогчийг төлөөлөх эрхтэй албан тушаалтан, эсхүл түүний эрх олгосны дагуу зохих албан тушаалтан гарын үсгээ зурж, тамгаар баталгаажуулах ёстой юм. Нэхэмжлэгч нарыг ажилд томилсон тушаал хэрэгт авагдаагүй ч тэдний нийгмийн даатгалын дэвтэрт компанид ажилд орж, ажлаас халагдсныг тэмдэглэсэн байх бөгөөд ажил олгогчийг төлөөлж, гүйцэтгэх захирал гэх Э.О  ажилчидтай хөдөлмөрийн гэрээ байгуулж, гарын үсгээ зуржээ.

 

Хэрэгт авагдсан Т ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнээс харахад 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдөр тус компанийн гүйцэтгэх захирлаар Ч , 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Ж , улмаар 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдөр захирлаар Ж томилсныг тус тус бүртгэсэн байна.

 

Тухайн үед тус компанийн гүйцэтгэх захирлаар Э.О ажиллаж байсан гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар тайлбарлаж байх ба хэдийгээр Э.О-г гүйцэтгэх захирал байсныг нотлох баримт байхгүй ч тэрээр ажилчидтай хөдөлмөрийн гэрээ байгуулж, компанийн тамга тэмдэг дарагдсан, улмаар ажилчид түүнтэй байгуулсан гэрээний үндсэн дээр компанид оператораар ажиллаж, цалин олговор авч байсан нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Дээрх ажилчдыг компанийн дэргэд Эв санааны нэгдэл үйлдвэрчний эвлэл байгуулж, үйлдвэрчний эвлэлийн гишүүн нэрийн дор компанийн бизнесийн нэр хүндэд хохирол учруулах үйлдэл хийсэн, компанийн үйл ажиллагааны эсрэг үйл ажиллагаа явуулдаг гуравдагч этгээдэд мэдээлэл задруулах, компанид хохирол учруулах нөхцөл бүрдүүлэн, энэхүү үйлдэлдээ бусад ажилчдыг өдөөн турхирах үйл ажиллагааг удаа дараа явуулсан ноцтой зөрчил гаргасан гэж гүйцэтгэх захирал Э.О ажлаас чөлөөлөх тушаалыг гаргажээ.

 

Нэхэмжлэгч нар дээрх тушаалыг эс зөвшөөрч ажилчдын эрх ашгийг зөрчсөн, ажлаас чөлөөлсөн тушаал нь үндэслэлгүй гарсан гэж маргаж, ажилдаа эгүүлэн тогтоолгох шаардлага гаргаж байгаа энэ тохиолдолд шүүх ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэлийг хянахын зэрэгцээ дээрх тушаалыг гаргасан этгээдийг тухайн байгууллагыг төлөөлөх эрхтэй этгээд мөн эсэхэд дүгнэлт хийх учиртай.

 

Хэдийгээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар ажлаас чөлөөлсөн тушаалыг эрхгүй этгээд гаргасан бол хөдөлмөрийн гэрээг байгуулсан албан тушаалтан эрхгүй болно, тэд нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй гэж тайлбарлаж байх боловч тухайн компанийн эрх бүхий албан тушаалтан хэн болох, ямар ажил үүргийн хуваарьтай, гэрээ байгуулах эрхтэй эсэхийг Төлөөлөн удирдах зөвлөл, байхгүй бол /хувьцаа эзэмшигчдийн хурал/-тай байгуулсан гэрээ хэлцлийн үндсэн дээр шийдвэрлэж, улмаар бүртгэлийн байгууллагад зохих өөрчлөлтийг хийлгэх үүрэгтэй тул холбогдох байгууллагад бүртгүүлээгүйд ажилтныг буруутгах үндэслэлгүй юм.

 

Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.3-т ...Хувь хүн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж байгаа тохиолдолд уг этгээд компанийн гүйцэтгэх захирал байна... гэж, 83.8.-д ...Гүйцэтгэх удирдлага нь Төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна... гэж тус тус заасан байх ба ажилчдыг ажлаас чөлөөлсөн тушаалыг тус компанийн эрх бүхий этгээд гаргаагүй байх тул дээрх тушаал хуульд нийцээгүй гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч Ч.Б  2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 372/20 дугаар тушаалыг, Л.Г  2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 362/20 дугаар тушаалыг эс зөвшөөрч, нэхэмжлэлээ 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр шүүхэд гаргасныг шүүх 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байна.

 

Үүний дараа нэхэмжлэгч Ч.Б  2020 оны 5 дугаар сарын 07-ны өдөр дахин нэхэмжлэл гаргаж, 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосныг 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэгчид шуудангаар хүргүүлж, тэрээр нэхэмжлэлээ 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдөр дахин гаргасан, Л.Г 2020 оны 5 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэл гаргаж, 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосныг өмгөөлөгч А.О  2020 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, Л.Г нь нэхэмжлэлээ 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдөр дахин гаргажээ.

 

Дээрхээс дүгнэхэд нэхэмжлэгч Ч.Б  2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 372/20 дугаар, Л.Г-ийн шүүхэд гаргасан 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 362/20 дугаар тушаалын үндэслэлийг хянуулах асуудлыг дээрх шүүгчийн захирамжуудаар эцэслэн шийдвэрлээгүйгээс гадна дээрх гомдлын хөөн хэлэлцэх хугацаа шүүхэд анх нэхэмжлэл гаргаснаар зогссон байна.

 

Иймд нэхэмжлэгч Ц.Б , Н.С,  Г.Т , Л.Г , Ч.Б нарыг ТХХК-ийн уулын хэлтсийн операторын албан тушаалд эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж үзэв.

 

Монгол Улсын Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 тоот тушаалын 7 дугаар зүйлийн а-д зааснаар Ц.Б-ын нийгмийн даатгалын дэвтрийн сүүлийн гурван сарын цалингийн дундаж /2.313.667+2.704.667+2.808.000/=7.826.334 төгрөгийг гуравт хувааж нэг сарын цалин 2.608.778 төгрөг, /2.608.778:21.5/= нэг өдрийн цалин 121.338 төгрөг болж байх ба 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл 16 сар 4 хоногоор тооцож /2.608.778x16/=41.740.448 төгрөг, /121.338x4/=485.352 төгрөг, нийт /41.740.448+485.352/=42.225.800 төгрөгийг Ти ти жи ви си өү ХХК-иас гаргуулж, Ц.Б-т,

Л.Г-ийн нийгмийн даатгалын дэвтрийн сүүлийн гурван сарын цалингийн дундаж /2.743.334+2.704.667+2.808.000/=8.256.001 төгрөгийг гуравт хувааж нэг сарын цалин 2.752.000 төгрөг, /2.752.000:21.5/= нэг өдрийн цалин 128.000 төгрөг болж байх ба 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл 16 сар 4 хоногоор тооцож, /2.752.000x16/=44.032.000 төгрөг, /128.000x4/=512.000 төгрөг, /44.032.000+512.000/=44.544.000 төгрөгийг Т  ХХК-иас гаргуулж, Л.Г-д,

Ч.Б  нийгмийн даатгалын дэвтрийн сүүлийн гурван сарын цалингийн дундаж /2.719.334+3.614.000+2.727.334/=9.060.668 төгрөгийг гуравт хувааж нэг сарын цалин 3.020.222 төгрөг, /3.020.222:21.5/= нэг өдрийн цалин 140.475 төгрөг болж байх ба 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл 16 сар 4 хоногоор тооцож /3.020.222x16/=48.323.552 төгрөг, /140.475x4/=561.900 төгрөг, /48.323.552+561.900/=48.885.452 төгрөгийг Т ХХК-иас гаргуулж, Ч.Б -т,

Н.С-гийн нийгмийн даатгалын дэвтрийн сүүлийн гурван сарын цалингийн дундаж /2.014.334+2.164.000+2.285.335/=6.463.669 төгрөгийг гуравт хувааж нэг сарын цалин 2.154.556 төгрөг, /2.154.556:21.5/= нэг өдрийн цалин 100.211 төгрөг болж байх ба 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл 16 сар 4 хоногоор тооцож /2.154.556x16/=34.472.896 төгрөг, /100.211x4/=400.844 төгрөг, нийт /34.472.896+400.844/=34.873.740 төгрөгийг Т  ХХК-иас гаргуулж, Н.С-д,

Г.Т-ийн нийгмийн даатгалын дэвтрийн сүүлийн гурван сарын цалингийн дундаж /2.164.000+3.153.667+2.719.334/=8.037.001 төгрөгийг гуравт хувааж нэг сарын цалин 2.679.000 төгрөг, /2.679.000:21.5/= нэг өдрийн цалин 124.604 төгрөг болж байх ба 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл 16 сар 4 хоногоор тооцож /2.679.000x16/=42.864.000 төгрөг, /124.604x4/=498.416 төгрөг, нийт /42.864.000+498.416/=43.362.416 төгрөгийг Т ХХК-иас гаргуулж, Г.Т-д тус тус олгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Дээрх олговроос шимтгэл тооцон, Ц.Б , Л.Г , Ч.Б , Н.С , Г.Т  нарын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогч Т  ХХК-д даалгаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дахь хэсэгт заасныг тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар Ц.Б, Н.С, Г.Т, Л.Г, Ч.Б нарыг Т ХХК-ийн уурхайн хэлтсийн операторын албан тушаалд тус тус эгүүлэн тогтоосугай.

 

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Т  ХХК-иас 42.225.800 /дөчин хоёр сая хоёр зуун хорин таван мянга найман зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Б, 44.544.000 /дөчин дөрвөн сая таван зуун дөчин дөрвөн мянган/ төгрөгийг гаргуулж Л.Г-д, 48.885.452 /дөчин найман сая найман зуун наян таван мянга дөрвөн зуун тавин хоёр/ төгрөгийг гаргуулж Ч.Б-т, 34.873.740 /гучин дөрвөн сая найман зуун далан гурван мянга долоон зуун дөчин/ төгрөгийг гаргуулж Н.С-д, 43.362.416 /дөчин гурван сая гурван зуун жаран хоёр мянга дөрвөн зуун арван зургаан/ төгрөгийг гаргуулж Г.Т-д тус тус олгосугай.

 

3.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар дээрх олговроос шимтгэл тооцон Ц.Б, Л.Г, Ч.Б, Н.С, Г.Т нарын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогч Т ХХК-д даалгасугай.

 

4.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Ц.Б, Л.Г, Ч.Б, Н.С, Г.Т нар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч Т ХХК-иас 1.227.407 төгрөгийг гаргуулж, улсын төсвийн дансанд оруулсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсанаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ДАВААСҮРЭН