Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2021/01616

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.Бнарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2021/01725 дугаар шийдвэртэй, Ц.Бр, Л.Гэ, Ч.Бар, Н.Сэн, Г.Тэн нарын нэхэмжлэлтэй, “Т” ХХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Эрдэнэ, нэхэмжлэгчийн нарын өмгөөлөгч А.Отгонжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Энхжин, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Батхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа. Ц.Бр, Л.Гэ, Ч.Бар, Н.Сэн, Г.Тэн нар нь “Т” ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилладаг үндсэн ажилчид юм. Тэд байгууллагын бусад ажилчидтай сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдэж, “Т” ХХК-ийн Эв санааны нэгдэл үйлдвэрчний эвлэлийг байгуулан 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлэн үйл ажиллагаа явуулж эхэлсэн ба нийт арван ажилчин нэгдэж, тус үйлдвэрчний эвлэлийн тэргүүлэгч гишүүнээр ажиллаж байсан.

Гэтэл “Т” ХХК-ийн удирдлага Ц.Бр, Л.Гэ, Ч.Бар, Н.Сэн, Г.Тэн нарыг үйлдвэрчний эвлэл байгуулсан, байгууллагын нууц задруулсан гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас нь чөлөөлсөн.

Нэхэмжлэгч нарыг ажлаас чөлөөлсөн тушаалыг гүйцэтгэх захирал Э.Оэн гаргасан байна. “Т” ХХК-ийн хуулийн этгээдийн гэрчилгээний ар талд 2018 оны 3 дугаар сард БНХАУ-ын иргэн Жао чанг гүйцэтгэх захирлаар томилсныг бүртгэсэн байгаа. 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хариуцагч байгууллагын шүүхэд ирүүлсэн 329/20 дугаартай англи, монгол хэлээр үйлдэгдсэн баримтад Жао Чанаас Э.Оэнд шүүхэд төлөөлөх эрх олгосон. Үүнээс үзвэл Жао Чан нь тухайн хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх бүрэн эрхтэй этгээд юм.

Э.Оэнд бусдыг ажлаас халах эрх байсан эсэх нь тодорхойгүй буюу хууль зүйн үндэслэлгүй тушаал гаргасан гэж үзэж байна. Улсын бүртгэлийн ерөнхий газраас хуулийн этгээдийн улсын байцаагчийн 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 1945 дугаар дүгнэлт хэрэгт авагдсан. Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирсэн албан бичигт дээрх нэр бүхий 10 хүн дотроос нэхэмжлэл гаргасан эдгээр 5 хүн нь тухайн үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажилтан буюу удирдах, зөвлөлийн албан тушаалтай гэдгийг тодорхойлсон.

Нэхэмжлэгч нарыг компанийн эсрэг үйл ажиллагаа явуулсан, нэр хүндэд халдсан гэдгийг нотлох ямар ч баримт байхгүй. Хэрэгт авагдсан үзлэг хийсэн баримтаас харвал “Т” ХХК-ийн Эв санааны нэгдэл гэх нэртэй фэйсбүүк групп дээр гарсан нийтлэл нь 2020 оны 4 дүгээр сарын 07, 09-ноос хойш бий болсон, өөрөөр хэлбэл ажлаас халснаас хойш эдгээр нийтлэлүүд гарсан.

Иймд Ц.Бр, Л.Гэ, Ч.Бар, Н.Сэн, Г.Тэн нарыг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Бр, Л.Гэ, Ч.Бар, Н.Сэн, Г.Тэн нарыг ажлаас халсан 2020 оны 4 дүгээр сарын 02, 06-ны өдрийн тушаалууд нь хууль зүйн үндэслэлтэй. Эдгээр ажилчид нь өөр компанийн буюу “Э” ХХК-ийн үйлдвэрчний эвлэлийн хороотой хамтарч компанийн нэр ашиглан хууль бус үйлдвэрчний эвлэлийн хороог байгуулахад оролцож, ажил олгогч, ажилчдыг төөрөгдүүлсэн, компанийн ажилчдыг ажил олгогчийн эсрэг турхирах үйл ажиллагаа явуулж, ажлын байрны хөдөлмөрийн хэвийн ажиллагааг алдагдуулсан.

Нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулгад дурдагдсан үйлдвэрчний эвлэл байгуулсан гэж ажлаас халагдсан гэх тайлбар нь үндэслэлгүй бөгөөд хууль бус үйлдвэрчний эвлэлийн хороо буюу хуулийн этгээд байгуулсан болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 1945 тоот дүгнэлтээр тогтоогдсон.

Иймд нэхэмжлэгч нарын байгуулсан үйлдвэрчний эвлэлийн хороо нь байгуулагдаагүй, байгуулах үйл ажиллагаа нь хууль тогтоомж зөрчсөн тул хууль бус байгууллагыг бий болгож, ажлын байран дахь хөдөлмөрийн хэвийн ажиллагааг алдагдуулсан гэж үзэж байна.

Ц.Бр, Л.Гэ, Ч.Бар, Н.Сэн, Г.Тэн нар нь Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасан ажилтан нь хууль, гэрээний дагуу шударгаар хөдөлмөрлөх, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам, аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн нийтлэг шаардлагыг сахин биелүүлэх тухай хуулиар хүлээсэн үүрэг болон тус компанитай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 13.3.2.14, 13.3.2.21-т засаан буруутай үйлдэл хийсэн үндэслэлээр ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож ажлаас чөлөөлсөн.

Мөн Ц.Бр, Л.Гэ нар Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан 30 хоногийн хугацаа хэтэрсэн. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар Ц.Бр, Н.Сэн, Г.Тэн, Л.Гэ, Ч.Бар нарыг “Т” ХХК-ийн уурхайн хэлтсийн операторын албан тушаалд тус тус эгүүлэн тогтоож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Т ХХК-иас 42,225,800 /дөчин хоёр сая хоёр зуун хорин таван мянга найман зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Брт, 44,544,000 /дөчин дөрвөн сая таван зуун дөчин дөрвөн мянган/ төгрөгийг гаргуулж Л.Гэд, 48,885,452 /дөчин найман сая найман зуун наян таван мянга дөрвөн зуун тавин хоёр/ төгрөгийг гаргуулж Ч.Барт, 34,873,740 /гучин дөрвөн сая найман зуун далан гурван мянга долоон зуун дөчин/ төгрөгийг гаргуулж Н.Сэнд, 43,362,416 /дөчин гурван сая гурван зуун жаран хоёр мянга дөрвөн зуун арван зургаан/ төгрөгийг гаргуулж Г.Тэнд тус тус олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар дээрх олговроос шимтгэл тооцон Ц.Бр, Л.Гэ, Ч.Бар, Н.Сэн, Г.Тэн нарын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогч Т ХХК-д даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Ц.Бр, Л.Гэ, Ч.Бар, Н.Сэн, Г.Тэн нар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч Т ХХК-иас 1,227,407 төгрөгийг гаргуулж, улсын төсвийн дансанд оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хариуцагч талаас шүүхэд гаргаж өгсөн баримтууд, шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг тал бүрээс нь авч үзэж, бодитойгоор үнэлж дүгнээгүй бөгөөд хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Учир нь Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаалууд нь “компанийн нэр хүндэд хохирол учруулсан үйлдэл хийсэн, мэдээлэл задруулах, компанид хохирол учруулах нөхцөл бүрдүүлсэн, энэхүү үйлдэлдээ бусад ажилчдыг өдөөн турхирах үйл ажиллагаа явуулсан” гэх үндэслэлээр гарсан бөгөөд шүүгчийн шийдвэрт дурдсанчлан үйлдвэрчний эвлэл байгуулсантай нь холбогдуулан ажлаас халаагүй.

Хөдөлмөрийн гэрээнд ямар зөрчлийг ноцтой зөрчилд тооцох талаар талууд харилцан тохиролцож тогтоосон байдаг бөгөөд ажилтан нь Хөдөлмөрийн гэрээний 13.3.2.14, 13.3.2.21-т заасан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Ажилтан нь ажил олгогчийн бизнесийн нэр хүндэд хохирол учруулах аливаа үйлдэл, эс үйлдэл хийсэн нь фэйсбүүкийн нийтлэлүүдээр тогтоогддог. Компанийн нэр хүндэд халдсан нийтлэл тавигддаг фэйсбүүк группийн админ буюу зохицуулагчаар нэхэмжлэгч нар ажилладаг болох нь баримтаар тогтоогддог.

Мөн нэхэмжлэгч нар болон нэр бүхий бусад ажилчид хамтран “Т” ХХК-ийн Эв санааны нэгдэл үйлдвэрчний эвлэлийг “хуурамч баримт бичиг” бүрдүүлж, Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчиж байгуулсан бөгөөд энэ нь 1945 дугаар дүгнэлтээр тогтоогддог.

Анхан шатны шүүх “...гомдлын хөөн хэлэлцэх хугацаа шүүхэд анх нэхэмжлэл гаргаснаар зогссон байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хууль буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

Нэхэмжлэгч талаас өөрсдийн хайхрамжгүй, буруутай үйлдлээс шалтгаалан нийт 3 удаа шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд сүүлийн удаа нэхэмжлэл гаргахдаа хуульд тусгайлан заасан хөөн хэлэлцэх хугацааг өнгөрөөж нэхэмжлэл гаргасан байдаг. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нар нь хоёр ч удаа нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангалгүйгээр шүүхэд хандсан төдийгүй гурав дахь удаагаа нэхэмжлэл гаргахдаа хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байгаа нь тухайн иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болох юм. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Эрдэнэ нь өмгөөлөгч А.Отгонжаргалтай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан ба уг гэрээнд нэр бүхий 9 иргэнд хууль зүйн туслалцаа үзүүлэхээр заасан ба Н.Сэнгийн нэр уг 9 иргэний нэрэнд байхгүй, түүнтэй хууль зүйн туслалцаа үзүүлэхээр гэрээ байгуулаагүй байдаг.

Мөн М.Шаравнямбууг өмгөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оруулахдаа нэхэмжлэгч нараас хүсэлт гаргаагүй байхад хэргийн оролцогч биш этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан. Өөрөөр хэлбэл, өмгөөлөгч А.Отгонжаргал нь ажилтан Н.Сэнгийн нэхэмжлэлтэй холбоотойгоор гэрчээс мэдүүлэг, тайлбар авах, (3-р хавтаст хэргийн 46-47 дахь тал), хариуцагчаас нотлох баримт гаргуулах хүсэлт, (2-р хавтаст хэргийн 114 дэх тал), өмгөөлөгч М.Шаравнямбуу нь нийт 10 ажилтны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд үзлэг хийлгэх, гэрчээс тайлбар, мэдүүлэг авах (3-р хавтаст хэргийн 46-47 дахь тал) зэрэг шүүхийн шийдвэр гарахад нөлөөлөхүйц бүхий ажиллагаанд оролцсон нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил болно.

Анхан шатны шүүх Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.3 дахь хэсэгт заасныг хэрэглэж, гэрээнд гарын үсэг зурах этгээд нь гүйцэтгэх захирал байх ёстой гэж үзсэн атлаа байгуулсан гэрээ нь хүчин төгөлдөр, гэрээг дуусгавар болгосон тушаал нь хууль зүйн хүчингүй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-т заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэрт дурдсанчлан Э.Оэн нь эрх бүхий этгээд биш бол хөдөлмөрийн гэрээ нь эрх бүхий этгээдтэй байгуулагдаагүй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-т заасны дагуу хүчин төгөлдөр бус, үүнээс үүдэн анхнаасаа эрх зүйн дагавар үүсгээгүй гэж үзэж, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь бүхэлдээ үгүйсгэгдэх ёстой байсан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээв.

 

Ц.Бр, Л.Гэ, Ч.Бар, Н.Сэн, Г.Тэн нар нь “Т” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

“Т” ХХК-д Ц.Б2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс, Л.Гэ 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс, Ч.Бар 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс, Н.Сэн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс, Г.Тэн 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдрөөс операторын албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан талаар талууд маргаагүй.

 

Л.Гийг “Т” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 362/20 тоот,

Ц.Бр, Ч.Бар, Н.Сэн, Г.Тэн нарыг мөн захирлын 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 372/20, 374/20, 371/20, 369/20 тоот тушаалуудаар

Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, хөдөлмөрийн дотоод журмын 13.1, 13.4, 13.4.4, 16.3, хөдөлмөрийн гэрээний 13.3.2.14, 13.3.2.21-т заасныг тус тус баримтлан компанийн бизнесийн нэр хүндэд хохирол учруулах үйлдэл хийсэн, компанийн үйл ажиллагааны эсрэг үйл ажиллагаа явуулдаг гуравдагч этгээдэд мэдээлэл задруулах, компанид хохирол учруулах нөхцөл бүрдүүлэн, энэхүү үйлдэлдээ бусад ажилчдыг өдөөн турхирах үйл ажиллагааг явуулсан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр тэдгээрийг уулын хэлтсийн операторын ажлаас чөлөөлжээ.

 

Хөдөлмөрийн гэрээний харилцааг гэрээнд заасан хугацаанаас өмнө ажил олгогчийн санаачилгаар цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д хөдөлмөрийн гэрээг хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчлийг ажилтан гаргасан гэж тодорхойлсон бол тэрээр ажилтныг ажлаас чөлөөлсөн шийдвэр гаргахдаа ажилтны гаргасан зөрчлийг тогтоосон байх учиртай.

 

Ажил олгогч нь ажилтнуудыг Хөдөлмөрийн гэрээний 13.3.2.14-д “...Ажил олгогчийн бизнесийн нэр хүндэд хохирол учруулсан, хохирол учруулахаар ямар нэгэн үйлдэл, эс үйлдэхүй хийсэн, эрх мэдлээ хэтрүүлсэн, буруугаар ашигласан”, 13.3.2.21-т “...Холбогдох хууль тогтоомжид заасан бусад гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй хийсэн” гэж заасан ноцтой зөрчлүүдийг ажилтан Ц.Бр, Л.Гэ, Ч.Бар, Н.Сэн, Г.Тэн нар гаргасан гэх байдлыг тогтоогоогүй байна.

Хариуцагч талаас ажилтныг хууль зөрчиж, хуурамч баримт ашиглан үйлдвэрчний эвлэл байгуулж, уг үйлдвэрчний эвлэлээр дамжуулан “Т” ХХК-ийн “Эв санааны нэгдэл” гэх нэртэй фэйсбүүк групп нээж улс төржсөн, компанийн үйл ажиллагааг тасалдуулахад чиглэсэн, бизнесийн нэр хүндэд халдсан бодит байдалд нийцээгүй мэдээллийг тарааж, компанийн бизнесийн нэр хүндэд хохирол учруулах үйлдэл хийсэн гэж тайлбарлаж “Т” ХХК-ийн “Эв санааны нэгдэл” гэх нэртэй фэйсбүүк /facebook/ групп хуудаст тавьсан мэдээллийг баримтаар гаргаж өгчээ.

Улсын бүртгэлийн Ерөнхий газрын улсын байцаагчийн 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 1945 тоот дүгнэлтээр хуулийн этгээдийн улсын бүртгэлд “Т” ХХК-ийн “Эв санааны нэгдэл” гэх үйлдвэрчний эвлэлийг бүртгэсэн 2020 оны 03 дугаар арын 24-ний өдрийн бүртгэл, мөн 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн улсын бүртгэлийн 200317006 тоот хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалтыг тус тус хүчингүй болгожээ. /3хх24-25/ Дээрх баримтууд нь нэхэмжлэгч Ц.Бр, Л.Гэ, Ч.Бар, Н.Сэн, Г.Тэн нарыг ямар нэгэн гэм буруутай, хууль бус үйлдэл хийсэн гэх үйлдэлд шууд хамаарахгүй. Өөрөөр хэлбэл ажилтны сахилгын зөрчил гэдэгт тооцогдох үйлдэл гэхээс илүү захиргааны үйл ажиллагааны хүрээнд буюу улсын бүртгэл хийлгэх явцад гаргасан баримт бичгийн зөрчилтэй холбоотой асуудлыг Хөдөлмөрийн гэрээний 13.3.2.14, 13.3.2.21-т заасан үндэслэлд хамаарахгүй.

 

Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг хангаж, тэдгээрийг ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор буюу Ц.Брт 42,225,800 төгрөгийг, Л.Гэд 44,544,000 төгрөгийг, Ч.Барт 48,885,452 төгрөгийг, Н.Сэнд 34,873,740 төгрөгийг, Г.Тэнд 43,362,416 төгрөгийг тус тус ажил олгогчоос гаргуулан олгож, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дугаар зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

Нэхэмжлэгч Ц.Бр, Л.Гэ, Ч.Бар, Н.Сэн, Г.Тэн нь хариуцагч байгууллагын захирлын дээрх тушаалыг эс зөвшөөрч гомдлыг шүүхэд 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хугацааны дотор байна гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

Нэхэмжлэгч Ц.Бр, Л.Гэ нар Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан 30 хоногийн хугацаа хэтрүүлж гомдол гаргасан гэх хариуцагч байгууллагын тайлбар, гомдол үндэслэлгүй байна. Учир нь Ц.Бнь 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн тушаалыг эс зөвшөөрч 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр гомдол гаргасныг шүүх 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авахаас татгалзсан, Ц.Браас нь 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр дахин нэхэмжлэл гаргасныг шүүх 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШЗ2020/09300 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон байх ба захирамжийг 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэгчид шуудангаар хүргүүлсэн, тэрээр 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдөр дахин нэхэмжлэл гаргасан байна. 

 Л.Гэ нь 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн тушаалыг эс зөвшөөрч 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр гомдол шүүхэд гаргасныг 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн захирамжаар хүлээн авахаас татгалзсан, Л.Гэ нь 2020 оны 5 дугаар сарын 09-ний өдөр зохигч нэхэмжлэл гаргасныг шүүх 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШЗ2020/09733 захирамжаар нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосныг өмгөөлөгч А.Отгонжаргал 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдөр гардан авч, Л.Гэ 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдөр дахин нэхэмжлэл гаргажээ.

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШЗ2020/09300 дугаар захирамжаар Ц.Брын нэхэмжлэлийг 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШЗ2020/09733 дугаар захирамжаар Л.Гийн нэхэмжлэлийг тус тус шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт заасныг баримталсан нь хууль хэрэглээний хувьд алдаатай боловч уг захирамжуудын үндэслэх хэсэгт “...нэхэмжлэгч шүүхэд хандан дахин нэхэмжлэл гаргахад энэхүү захирамж саад болохгүй” гэж дурдаж өгсөн нь хэргийн оролцогчийн хуулиар олгосон эрхийг хангасан гэж үзнэ.

Иймд Ц.Бр, Л.Гэ нарыг гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлж нэхэмжлэл гаргасан гэх хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээж авах боломжгүй.

 

Ц.Бр, Л.Гэ, Ч.Бар, Н.Сэн, Г.Тэн нартай ажил олгогчийн төлөөлж Э.Оэн хөдөлмөрийн гэрээ байгуулсан, Л.Гийг ажлаас халсан “Т” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 362/20 тоот, Ц.Бр, Ч.Бар, Н.Сэн, Г.Тэн нарыг мөн захирлын 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 372/20, 374/20, 371/20, 369/20 тоот тушаалуудад гүйцэтгэх захирал гэж Э.Оэн гарын үсэг зурж баталгаажуулсан талаар талууд маргаагүй боловч нэхэмжлэгч нар “төлөөлөх эрхгүй этгээд хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тушаал гаргасан” гэж, хариуцагч “ажлаас чөлөөлсөн тушаалыг эрхгүй этгээд гаргасан бол хөдөлмөрийн гэрээг байгуулсан албан тушаалтан эрхгүй болно, тэд нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй” гэж  тус тус тайлбар гаргаж маргажээ.

 

Анхан шатны шүүх Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8 дахь хэсэгт “...Гүйцэтгэх удирдлага нь Төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна...” гэж тус тус заасныг зөв хэрэглэж, ажил олгогч хуульд зааснаар зохих өөрчлөлтийг бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй тул ажлаас чөлөөлсөн тушаалыг тус компанийн эрх бүхий этгээд гаргасан гэж үзэх боломжгүй талаар дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Харин Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт зааснаар ажил олгогч ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулах үүрэгтэй юм. Ажил олгогчоос хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан агуулгаар маргаагүй тул ажил олгогч талд Э.Оэн гарын үсэг зурсныг ажил олгогч хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэж, тэдгээрийн хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээг хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь зөв болно.

 Түүнчлэн, өмгөөлөгч М.Шаравнямбууг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах хүсэлтийг нэхэмжлэгч нараас гаргаагүй, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг нэхэмжлэгч нартай байгуулагдаагүй байхад хэргийн оролцогч биш этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан гэх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

Нэхэмжлэгч нар нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар хууль зүйн туслалцаа авах эрхийн хүрээнд өмгөөлөгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцуулсан бөгөөд энэ нь хариуцагчийн эрх ашгийг зөрчсөн гэж үзэхгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд хэргийн оролцогчид өмгөөлөгч хамаарахгүй бөгөөд өмгөөлөгч нь иргэний хэргийн бие даасан оролцогч тул зөвхөн өмгөөлүүлж байгаа этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илэрхийлж хамгаалж байгаа этгээд юм.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2021/01725 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,230,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                          ШҮҮГЧИД                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                           Э.ЗОЛЗАЯА