Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 183/шш2021/01333

 

 

 

 

 

2021 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 183/ШШ2021/01333

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: М.Э нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: д.н

 

Хариуцагч: Г.Х  нарт холбогдох,

 

Орон сууц, автомашины өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ц , хариуцагч Г.Хангай, хариуцагчийн өмгөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Солонго нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М.Э  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2014 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Д.Н , Г.Х нартай зээлийн гэрээ байгуулж, 235.500 ам.доллар зээлсэн. Д.Н , түүний хүү Г.Хангай нар *** дүүргийн 13 дугаар хороонд байрлах, Шаргал худалдааны төвийг барьж байгаа, хөрөнгө оруулалт шаардлагатай гэж хүсэлт тавьсаны дагуу 235.000 ам.долларыг 10 хувийн хүүтэй зээлсэн, одоо нийт 258.500 ам.долларын зээлийг хариуцагч нар нь төлөөгүй байна. Зээлийн гэрээний 2.5 дахь хэсэгт гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд Д.Н  эзэмшлийн ***** УБВ улсын дугаартай BMW Х5 маркийн автомашин, Г.Х  өмчлөлийн *** дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг, ** хотхоны 4 дүгээр байрны 3 тоот орон сууцыг тус тус М.Э  надад шилжүүлж өгөхөөр тохиролцсон. 2014 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн зээлийн гэрээ байгуулагдсанаас хойш бид зээлийг хэрхэн яаж төлөх талаар удаа дараа уулзаж ярилцдаг байсан. Манай нөхөр нас барсан, ажил явдал гарсан учраас хугацаа хойшлуулж өгөөч гэж байсан. Мөн 2014 оны 12 дугаар сард байраа суллаж өгнө гэсэн боловч өнөөдрийг хүртэл өмчлөх эрх шилжүүлж өгөхгүй байна. Гэрээ хийж, мөнгө авснаас хойш Д.Н  нь үл хөдлөх эд хөрөнгө болон автомашиныг шилжүүлж өгөхөд татгалзахгүй, хүү Г.Х байхгүй байгаад байна гэдэг байсан. Д.Н надад орон сууцаа хүлээлгэн өгсөн боловч хэд хоногийн дараа цоожийг нь сольсон ба түүнээс хойш утас нь холбогдохгүй болсон. Одоо аль алинтай нь холбогдож чадахгүй байгаа ба хүү Г.Х  нь 409 дүгээр хаалттай хорих ангид ял эдэлж байгаа юм байна. Иймд М.Э  намайг Д.Н  нэр дээр бүртгэлтэй ***  УБВ улсын дугаартай BMW Х5 маркийн автомашин, Г.Х  нэр дээрх эрхийн улсын бүртгэлийн Ү-2206005890 дугаарт бүртгэлтэй, *** дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг, ***  хотхон, 4 дүгээр байрны 3 тоот хаягт байрлах, 244 м.кв талбайтай, хувийн орон сууцны өмчлөгчөөр тус тус тогтоож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ц  нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Д.Н нас барсан болох нь Улсын бүртгэлийн төв архивын лавлагаагаар тогтоогдож, улмаар нэхэмжлэгч тал Д.Н  холбогдох шаардлагаас татгалзаж шүүхэд хүсэлтээ бичгээр өгсөн байгаа. Хариуцагч Г.Х нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байна. Г.Х  хувьд зээлийн гэрээ болон баталгаа гэх баримтад зурсан гарын үсгээ минийх биш гэж маргадаг. Гарын үсэг нь мөн биш эсэхийг шинжилгээ хийлгэж тогтоолгоё гэсэн боловч уг хүсэлтээсээ татгалзсан. Үүнийгээ дэмжээд Д.Н  банкны гүйлгээ хийсэн баримтуудыг гаргаж өгсөн. /Хавтаст хэргийн 92-96 дугаар талд/ Зээлийн гэрээнд зурагдсан гарын үсэг хариуцагч Д.Н  гарын үсэг мөн эсэх нь эргэлзээтэй гэж тайлбарладаг. Д.Н  нь анх Шаргал худалдааны төвийн барилгад хөрөнгө оруулалт дутаж байна гээд М.Э  мөнгө зээлж, тэдний хооронд зээлийн харилцаа үүссэн байдаг. Нэхэмжлэл гаргах үеийн ханшаар 718.573.130 төгрөгийг хариуцагчаас авч чадахгүй нөхцөл байдал үүссэн байгаа юм. Тухайн үнийн дүн дээр талууд маргахгүй гэж гэрээгээр тохирсон. Гэрээний 7 дугаар зүйл дээр зөрүү тооцож, хөрөнгөө шилжүүлье гэж тухайн үед автомашин, орон сууцыг зээлийн барьцаанд тавьж баталгаа гаргасан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох гол баримт нь хавтаст хэргийн 9 дүгээр талд авагдсан зээлийн гэрээ бөгөөд гэрээний 5,6 дахь заалтууд дээр баталгаа гаргасан, гэрээний 5 дугаар заалтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан. Эдгээр тайлбаруудаас харахад М.Э  эрх ашиг хөндөгдсөн. Эдгээр нөхцөл байдал үүссэн байхад Г.Х  М.Э  танихгүй байх боломжгүй. Нэхэмжлэгч М.Э зээлийн гэрээний дагуу эрхээ эдлэх буюу автомашин, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргасныг буруутгах үндэслэлгүй. Дээрх баримттай холбоотой эрхээ хэрэгжүүлж байгаа хэлбэр юм. Нөгөө талаасаа хариуцагч нар зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй. Дээрхээс дүгнэж үзэхэд нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдсөн гэдэг нь харагдаж байна. Хавтаст хэргийн 24 дүгээр хуудсанд авагдсан хариуцагч Д.Н нас барсны лавлагаа болон Авто тээврийн үндэсний төвийн лавлагаа мөн Нотариатчдын танхимаас ирсэн лавлагаа зэрэг баримтуудаас харахад өмчлөх эрх Д.Н  ээж н.Ө  руу шилжсэн боловч хамгийн сүүлд Авто тээврийн үндэсний төвийн лавлагаагаар тухайн автомашин Д.Н  өмчлөлд байдаг. Иймд нэхэмжлэгчийн зүгээс шаардах эрхтэй гэж үзэж байгаа. Хавтаст хэргийн 90 дүгээр талд хариуцагч Г.Х  өөрийн гараар бичсэн баталгаа авагдсан байдаг. Мөн 91 дүгээр хуудсанд маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ авагдсан. Уг баталгааг хариуцагч Г.Х  бичээгүй гэж тайлбарлаж шинжээч томилж бичгийн хэв таарч байгаа эсэхийг тогтоолгох гэхэд хүсэлтээсээ татгалзсан. Яагаад татгалзсан гэвэл Г.Х  бичгийн хэвийг ирүүлээгүй гэж татгалзсан ба хариуцагч талаас хүсэлтээсээ татгалзсан. Иймд нэхэмжлэгчийн зүгээс шаардах эрхтэй ба дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагаа нотолж байна. Иймд **** УБВ улсын дугаартай BMW Х5 маркийн автомашин, *** дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг, ***  хотхон, 4 дүгээр байрны 3 тоот хаягт байрлах, 244 м.кв талбайтай, хувийн орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч М.Э  тогтоож өгнө үү гэв.

 

Хариуцагч Г.Х  шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би нэхэмжлэгч М.Э  огт танихгүй. Нэг ч удаа уулзаж байгаагүй. Түүнтэй зээлийн гэрээ байгуулж, гарын үсэг зурж байгаагүй. Мөн түүнээс мөнгө зээлж авч байгаагүй. Нэхэмжлэгч нь намайг шоронд байгааг далимдуулан миний эд хөрөнгийг авах гэсэн үйлдэл гэж ойлгож байна гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Э  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй байгаа, нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзэж байна. Талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж зээлийн гэрээ гэх баримтыг нэхэмжлэгчээс ирүүлсэн боловч уг баримтыг үнэлэх боломжгүй байгааг шүүх анхаарч үзээсэй гэж хүсч байна. Хариуцагч Г.Х  өөрийн гарын үсгийг 2014 оны зээлийн гэрээнд зурагдсан гарын үсэгтэй харьцуулж үзэхэд шал өөр харагдаж байсан. Уг үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхтэй холбоотой зээлийн гэрээ нь хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангаагүй байна. Хариуцагч Г.Х  баталгаа гаргагч гэж үзэж байна уу, зээлдэгч үзэж байна уу, ямар учраас дээрх хоёр хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох гэж байгааг асуухад тодорхой хариулт хэлээгүй, нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлээ нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбарлаж чадсангүй. Г.Х  дээрх зээлийн гэрээн дээр гарын үсгээ зураагүй. Бид гарын үсгийн шинжилгээ хийлгэхээр хүсэлт гаргасан ба 2021 оны байдлаар гарын үсгээ зурж шинжилгээнд явуулсан. Гэтэл Г.Х 2014 онд зурагдсан гарын үсгийн загвар олдохгүй, 2014, 2021 оны гарын үсгийг харьцуулах боломжгүй тул шинжээч томилуулах хүсэлтээсээ татгалзсан. Нэхэмжлэгч Г.Х мөнгө өгснөө нотлоогүй, зээлийн гэрээтэй холбоотой баримт огт гаргаж өгөөгүй байна. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр гэрээ байгуулсанд тооцно гэж заасан дагуу шаардлагаа нотлоогүй, нотлох чиг үүргээ хэрэгжүүлээгүй, зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн үү, үгүй юу гэдэг асуудлыг шийдэх ёстой болов уу. Нэхэмжлэгч М.Э  хариуцагч Г.Х огт уулзаж байгаагүй гэдгээ хэлдэг. Д.Н  банкин дээр гүйлгээ хийсэн баримт болон тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ байгуулсан баримт байдаг. Уг баримтаас харахад Д.Н  2014 онд байгуулсан гэх зээлийн гэрээн дээр зурсан гарын үсэг шиг харагдахгүй байна. Талуудын хооронд байгуулсан гэх зээлийн гэрээний эх хувь нь байхгүй, Иймд М.Э нь Г.Х  нэр дээрх хөрөнгийг авах зорилгоор хуурамч нотлох баримт үйлдсэн нь харагдаж байна. Хэрвээ зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэж байгаа бол гэрээтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Түүнчлэн Д.Н  нас барсан, Г.Х  шийтгэх тогтоолоор өвлөх эрхээ хасуулсан учраас Д.Н  эд хөрөнгүүд эмээгийнх нь нэр дээр шилжсэн. Эмээ нь 2016 онд нас барсан ба одоо Д.Н  эд хөрөнгийн талаар хамаатнууд нь маргадаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.10 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл бүрдсэн байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М.Э  нь хариуцагч Д.Н  Г.Х  нарт холбогдуулан автомашин, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Хэрэгт цугларсан бичгийн баримтууд болон зохигчдын тайлбар мэдүүлгийг үндэслэн шүүх дараахь хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч нарыг зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул гэрээний 2.5-д заасны дагуу Д.Н өмчлөлийн **** УБВ улсын дугаартай BMW Х5 маркийн автомашин, Г.Х өмчлөлийн *** дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг, **** хотхон, 4 дүгээр байрны 3 тоот хаягт байрлах орон сууцны өмчлөгчөөр тус тус тогтоолгох шаардлага гаргасан бөгөөд хариуцагч Д.Н  нь 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нас барсан болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн төв архивын 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 101/008237 дугаар нас барсны бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож, нэхэмжлэгч тал Д.Н  холбогдох шаардлагаас татгалзаж, хариуцагч Г.Х  холбогдуулсан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.

 

Иймд нэхэмжлэгч М.Э  хариуцагч Д.Н  холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсныг баталж шийдвэрлэх зүйтэй.

 

Харин хариуцагч Г.Х  нь М.Э огт танихгүй, түүнтэй зээлийн гэрээ байгуулаагүй, зээл аваагүй, ямар нэгэн тохиролцоо хийгээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа болно.

 

Хавтаст хэргийн 9 дүгээр талд авагдсан зээлийн гэрээнд... 1. Зээлдүүлэгч нь 2013 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн хэлцлийн дагуу зээлдэгч талд 110.000 ам.доллар хүлээлгэж өгсөн болно. 2. 2013 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр зээлдэгчид 25.000 ам.доллар хүлээлгэн өгсөн болно. 3. 2014 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 100.000 ам.доллартай тэнцэх 179.100.000 төгрөгийг нэмэж нийт зээлийн хэмжээ 235.000 ам.доллар болсныг харилцан тооцоо нийлж тохиров. Зээлдэгч тал 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор 235.000 ам.долларыг 10 хувийн хүү 23.500 ам.доллар, нийт 258.500 ам.долларыг төлөхөө амлав. Энэхүү гэрээний 2.4-т заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлдэгч нь өөрийн өмчлөлд байх **** УБВ улсын дугаартай BMW Х5 маркийн автомашин, хүү Г.Х  нэр дээр байх *** дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг, **** хотхон, 4 дүгээр байрны 3 тоот хаягт байрлах орон сууцыг М.Э шилжүүлэн өгөхөөр тохиролцов зээлдүүлэгч М.Э , зээлдэгч Д.Н  баталгаа гаргасан Г.Х  гэж гарын үсгээ зурсан байна.

 

Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээнээс харахад зээлдүүлэгч М.Э нь зээлдэгч Д.Н , баталгаа гаргасан гэх Г.Х нарт 3 удаа хувааж мөнгө зээлүүлсэн, эхний хоёр зээлийг өмнө нь өгсөн, 3 дахь зээлийг дараа нь өгч, 3 зээлийн гэрээний үүрэгт хүүгийн хамт нийт 258.500 ам.долларыг төлөхөө зээлдэгч амлаж, төлөөгүй тохиолдолд автомашин, орон сууцыг зээлдүүлэгч М.Э  шилжүүлэн өгөхөөр тохиролцсон дагуу нэхэмжлэгч М.Э  хариуцагч нарыг үүргээ биелүүлээгүй гэж уг зээлийн гэрээний дагуу өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргаж байгаа энэ тохиолдолд шүүх энэхүү гэрээний хүчин төгөлдөр байдалд дүгнэлт хийх нь зүйтэй.

 

Хавтаст хэргийн 9 дүгээр талд авагдсан 2014 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн дээрх зээлийн гэрээний эх хувь байхгүй, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь уг гэрээ олдохгүй байна гэж гаргаж өгөөгүйгээ тайлбарлаж байх ба тэгвэл хожим буюу гэрээний талууд болох үндсэн зээлдэгч Д.Н  нас барсан, баталгаа гаргасан гэх Г.Х  хаалттай хорих ангид ял эдэлж байсан энэ үед /2020 оны 4 дүгээр сарын 07/-ны өдөр уг гэрээг нотариатч хэрхэн баталсан нь ойлгомжгүй байна.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т ... Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ... гэж, 282 дугаар зүйлийн 282.4-т ...Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр гэрээ байгуулсанд тооцно... гэж зааснаар зээлдүүлэгч нь мөнгийг зээлдэгч нарт хэрхэн шилжүүлснээ нотлох үүрэгтэй бөгөөд уг гэрээний дагуу 235.000 ам.долларыг өгсөн талаарх баримтыг нэхэмжлэгч шүүхэд гаргаж өгөөгүй, тэдний хооронд 2014 оны 6 дугаар сарын 05-ны өдөр зээлийн гэрээ бодитоор байгуулагдсан эсэх нь эргэлзээ төрүүлж байна.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь зээлдэгч мөнгө авснаа маргахгүй хүлээн зөвшөөрсөн тул мөнгө шилжүүлсэн баримтыг шүүхэд өгөөгүй гэж тайлбарлаж байх боловч гэрээний нэг тал болох үндсэн зээлдэгч нас барсан, уг гэрээнд баталгаа гаргасан гэх Г.х М.Э огт танихгүй, түүнтэй зээлийн гэрээ байгуулаагүй, зээл аваагүй, ямар нэгэн тохиролцоо хийгээгүй гэж маргаж байгаа энэ тохиолдолд шаардлагаа нотлох нь нэхэмжлэгчийн үүрэг юм.

 

Түүнчлэн уг зээлийн гэрээнээс харахад баталгаа гаргасан гэх хэсэгт гарын үсэг зурсан Г.Х нь мөнгийг авсан эсэх, эсвэл түүний ээж Д.Н  мөнгийг авч, төлөөгүй тохиолдолд хүү нь хөрөнгөөрөө хариуцах, эсвэл хөрөнгөө зээлийн гэрээний үүрэгт шилжүүлэх эсэх нь талуудын хооронд байгуулсан дээрх гэрээнээс тодорхой харагдахгүй байх ба нэхэмжлэгч буюу зээлдүүлэгч мөнгийг шилжүүлэн өгснөө нотолж байж, шаардах эрхээ хэрэгжүүлэх юм.

 

Нөгөө талаар зээлдэгч нь 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор үүргээ биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэх, шилжүүлэн өгөхдөө худалдах, худалдан авах гэрээ байгуулахаар талууд гэрээндээ тохиролцсон байх боловч энэхүү гэрээний үүргийг хариуцагч биелүүлсэн эсэх, биелүүлээгүй бол төлбөрөө хэрхэн шаардаж, улмаар гэрээнд тохирсноор худалдах, худалдан гэрээг байгуулсан эсэхтэй холбоотой баримтыг ирүүлээгүй байна.

 

Өөрөөр хэлбэл дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч зээлдэгч нараас зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, эсвэл зээлээ төлж чадахгүй тохиолдолд хожим хүлээн зөвшөөрч зээлийн төлбөрт хөрөнгөө шилжүүлэхээр тохирч болох боловч гэрээнд тохирсноор худалдах, худалдан гэрээгээ байгуулж хүсэл зоригоо илэрхийлснээр өмчлөгчөөр тогтоолгох шаардах эрх үүсэхээр байна.

 

Мөн М.Э  нь зээлдэгч нарт 2013 оны 6 дугаар сарын 16, 2013 оны 9 дүгээр сарын 28, 2014 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр тус тус мөнгө зээлүүлж, 2014 оны 6 дугаар сарын 05-ны өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулж баталгаажуулсан, зээлдэгч нар 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөхөө амласан, Д.Н  2014 оны 12 дугаар сарын 30-ны дотор 250.00 ам.доллар төлнө, төлөхгүй бол байраа шилжүүлнэ гэж, Г.Х  2014 оны 10 дугаар сарын 23-ны дотор байраа шилжүүлж өгнө гэж тус тус бичиж өгсөн гэж тайлбарлах боловч нэгэнт зээлдэгч нар үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэгчийн хуулиар олгосон эрх ашгийг хөндсөн тохиолдолд шүүхэд нэхэмжлэлээ гаргах эрх нь нээлттэй байсан ба энэ эрхээ хэрэгжүүлээгүй 2020 оны 04 дүгээр сарын 08-нд нэхэмжлэлээ гаргасан байна.

 

Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-т ...Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх баталгаа гаргах, буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана... гэж зааснаар тэр талаарх баримтыг ирүүлээгүй, нотлох баримтаар тогтоогдохгүй байх бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлтэй байна.

 

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Г.Х холбогдох автомашин, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай М.Э нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч М.Э  анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 1.000.000 төгрөгийг төлж үлдэх 2.750.815 төгрөгийг хойшлуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, улсын тэмдэгтийн хураамжийн үлдэгдэл 2.750.815 төгрөгийг хойшлуулж шийдвэрлэжээ.

 

Д.Н , Г.Х  нарт холбогдох өмчлөгчөөр тогтоолгох тухай М.Э  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 2.750.815 төгрөгийг М.Э  гаргуулж, улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар Д.Н  холбогдох автомашин, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлагаасаа нэхэмжлэгч М.Э  татгалзсаныг баталсугай.

 

2.Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар Г.Х  холбогдох **** УБВ улсын дугаартай BMW Х5 маркийн автомашин, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206005890 дугаарт бүртгэлтэй, *** дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг, *** хотхон, 4 дүгээр байрны 3 тоот хаягт байрлах, 244 м.кв талбайтай, хувийн орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай М.Э нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М.Э  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.000.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, М.Э 2.750.815 төгрөг гаргуулж, улсын орлогод оруулсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай 

                                 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ДАВААСҮРЭН