Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2021/01661

 

2021 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2021/01661

 

 

М.Э-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Н.Батзориг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2021/01333 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч М.Э-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Х-д холбогдох орон сууц, автомашины өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Болд-Эрдэнэ, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Амар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Наранцэцэг, Г.Х- нар Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороонд байрлах, Шаргал худалдааны төвийг барьж байгаа, хөрөнгө оруулалт шаардлагатай гэж хүсэлт тавьсаны дагуу 2014 оны 6 дугаар сарын 05-ны өдөр 235,000 ам.долларыг 10 хувийн хүүтэй зээлж зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн төлбөр нийт 258,500 ам.долларыг тэд төлөөгүй. Гэрээний 2.5 гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд Д.Наранцэцэгийн эзэмшлийн 15-03 УБВ улсын дугаартай BMW Х5 маркийн автомашин, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг, Оргил хотхоны 4 дүгээр байрны 3 тоот хаягт байрлах Г.Х-гийн өмчлөлийн орон сууцыг М.Э-д шилжүүлэн өгөхөөр тохиролцсон. 2014 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн зээлийн гэрээ байгуулагдсанаас хойш бид зээлийг хэрхэн яаж төлөх талаар удаа дараа уулзаж ярилцахад ...манай нөхөр нас барсан, ажил явдал гарсан учраас хугацаа хойшлуулж өгөөч... гэсэн. Мөн 2014 оны 12 дугаар сард орон сууцыг суллаж өгнө гэсэн боловч өмчлөх эрхийг шилжүүлж өгөөгүй. Д.Наранцэцэг нь үл хөдлөх эд хөрөнгө болон автомашиныг шилжүүлж өгөхөд татгалзахгүй, хүү Г.Х- байхгүй байгаад байна гэдэг байсан. Д.Наранцэцэг нь орон сууцаа хүлээлгэн өгсөн боловч хэд хоногийн дараа цоожийг нь сольсон ба түүнээс хойш холбоо барьж чадаагүй. Г.Х- нь хорих ангид ял эдэлж байгаа. Иймд М.Э-ыг 15-03 УБВ улсын дугаартай BMW Х5 маркийн автомашин, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206005890 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг, Оргил хотхон, 4 дүгээр байрны 3 тоот хаягт байрлах, 244 м.кв талбайтай, хувийн орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Э-ыг танихгүй, уулзаж байгаагүй. Түүнтэй зээлийн гэрээ байгуулж мөнгөн хөрөнгө аваагүй. М.Э- нь намайг хорих ангид байгааг далимдуулан эд хөрөнгийг авах гэсэн үйлдэл гаргаж байна гэжээ.

Шүүх: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар Д.Наранцэцэгт холбогдох автомашин, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлагаасаа нэхэмжлэгч М.Э- татгалзсаныг баталж,

Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар Г.Х-д холбогдох 15-03 УБВ улсын дугаартай BMW Х5 маркийн автомашин, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206005890 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг, Оргил хотхон, 4 дүгээр байрны 3 тоот хаягт байрлах, 244 м.кв талбайтай, хувийн орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай М.Э-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч М.Э-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,000,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, М.Э-аас 2,750,815 төгрөг гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнээд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн нь үндэслэлгүй. М.Э- нь Д.Наранцэцэг нас барсан, Г.Х- ял эдэлж байгааг мэдэх боломжгүй, мөн зээлийн төлбөрийн талаар хүлээн зөвшөөрч баталгаа гаргасан нь хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан нөхцөл байдал үүссэн. Мөн үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой шаардлага гаргасан байхад хөөн хэлэлцэх хугацааг буруу тооцож гаргасанд гомдолтой байна. Д.Наранцэцэг, Г.Х- нар зээлийн төлбөрийг төлж чадахгүй бол өмчлөх эрхээ шилжүүлж өгөхөөр тохиролцсон, мөн шүүх барьцааны гэрээ байхгүй байхад барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах байсан талаар дүгнэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

М.Э- 235,000 ам.долларыг буцаан авч чадахгүй хохирч байхад хариуцагчийн тайлбарыг зөв гэж дүгнэж нэхэмжлэгч талаас өгсөн гэрээнүүд, баталгааг нотлох баримтаар үнэлэлгүй нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй гэж дүгнэсэнд гомдолтой байна.

Хариуцагч Г.Х- нь баталгаа гаргахдаа зурсан гарын үсгээ миний гарын үсэг биш гэж маргаж байснаа сүүлд шинжилгээ хийлгэхээс татгалзаж байгаа нь өөрийн гарын үсгээ хүлээн зөвшөөрсөн байхад нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Ковид-19 халдвар авсан этгээдийн нэгдүгээр хавьтагч болсон тул шинжилгээ өгөхөөр хүлээж байгаа талаар шүүхэд мэдэгдэж, онлайнаар оролцох боломж байгаа эсэхийг тодруулсан боловч шүүх хүлээж аваагүй нь мэтгэлцэх зарчмыг зөрчсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж талуудын хооронд үүссэн маргаанд хамаарах Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч М.Э- нь хариуцагч Д.Наранцэцэг, Г.Х- нарт холбогдуулан Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг Оргил хотхон 4 дүгээр байрны 3 тоот хаягт байрлах 244 м.кв талбай бүхий хувийн сууц болон 13-05 УБВ улсын дугаартай, BMW X5 маркийн автомашины өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан боловч Д.Наранцэцэг нь 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нас барсан гэх үндэслэлээр түүнд холбогдох шаардлагаасаа татгалзаж, хэрэгт авагдсан зээлийн гэрээ болон баталгаа гэх баримтуудыг үндэслэн хариуцагч Г.Х-гаас шаардсаныг зээлийн гэрээ байгуулж, гарын үсэг зураагүй, нэхэмжлэгчээс мөнгө зээлж авч байгаагүй гэж маргажээ.

Нэхэмжлэгч нь Д.Наранцэцэг, Г.Х- нар 2014 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн зээлийн гэрээгээр 10 хувийн хүүтэй зээлсэн нийт 235,000 ам.долларыг төлөөгүй, уг төлбөрийг төлөөгүй тохиолдолд орон сууц болон автомашин шилжүүлэн өгөхөөр тохиролцож Г.Х- нь баталгаа гаргасан тул түүнээс шаардах эрхтэй гэж тайлбарласан боловч дараах үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх боломжгүй байна.

Хэргийн 9 дүгээр талд ... зээлдүүлэгч М.Э- нь зээлдэгч Д.Наранцэцэгт 2013 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн хэлцлийн дагуу зээлдэгч талд 110,000 ам.долларыг, 2013 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 25,000 ам.долларыг, 2014 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 100,000 ам.доллартай тэнцэх 179,100,000 төгрөг, нийт 235,000 ам.доллар болсныг харилцан тооцоо нийлж тохиров. Энэхүү гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлдэгч нь өөрийн өмчлөлийн 15-03 УБВ улсын дугаартай, BMW Х5 маркийн автомашин, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг, Оргил хотхон, 4 дүгээр байрны 3 тоот хаягт байрлах Г.Х-гийн өмчлөлийн орон сууцыг М.Э-д шилжүүлэн өгөхөөр тохиролцов зээлдүүлэгч М.Э-, зээлдэгч Д.Наранцэцэг, баталгаа гаргасан Г.Х- гэсэн гарын үсэг бүхий 2014 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн зээлийн гэрээний хуулбар хувь авагджээ.

Хариуцагч Г.Х- хэрэгт авагдсан зээлийн гэрээнд баталгаа гаргаж гарын үсэг зураагүй гэж марган, энэ гэрээний талаар мэдэхгүй гэж үгүйсгэсэн нөхцөлд нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа үндэслэж буй зээлийн гэрээ, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулан гаргаж өгөх үүрэгтэй. Гэвч талуудын маргаж буй зээлийн гэрээний эх хувь хэрэгт авагдаагүй ба энэ талаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2014 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн зээлийн гэрээний эх хувь олдохгүй байгаа тул нотлох баримтаар гаргаж өгөөгүй гэж тайлбарласан. /хх-151-152/

Түүнчлэн, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасны дагуу М.Э-аас Д.Наранцэцэг, Г.Х- нарт мөнгийг бэлнээр болон дансаар шилжүүлсэн гэх баримт хэрэгт авагдаагүй учраас талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх боломжгүй. Энэ талаар шүүх дүгнэсэн нь хуульд нийцжээ.

Шүүх 2014 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн зээлийн гэрээнд Баталгаа гаргасан: Гантулгын Хангай гэх бичвэрт зурагдсан гарын үсэг, 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Баталгаа гэх бичвэр, уг баталгаанд зурагдсан гарын үсэг нь Г.Х-н гарын үсгийн бичвэртэй тохирч байгаа эсэхийг тогтоолгохоор Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг шинжээчээр томилсон. /хх-107-108/

Шинжээч нь Г.Х-н гарын үсэг, бичгийн хэвийн чөлөөт, харьцангуй чөлөөт загваруудыг ирүүлээгүй, ирүүлсэн гарын үсгийн болон бичгийн хэвийн загварууд нь адилтгалын шинжилгээ тоон болон чанарын шаардлага хангахгүй гэх үндэслэлээр шинжилгээ хийхээс татгалзсан. Мөн зохигчдын хэн аль нь шинжээч томилуулах хүсэлтээсээ тус тус татгалзжээ. /хх-120, 134,135/

Иймээс 2014 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн зээлийн гэрээний хуулбар хувь, 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Г.Х- би энэ байрыг 5 хоногийн дотор М.Э-ын нэр дээр шилжүүлж өгнө. Баталгаа гаргасан Г.Х- гэх баримтыг үндэслэн М.Э- болон Д.Наранцэцэг нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан, 235,000 ам.долларын үүрэгт хариуцагч Г.Х- баталгаа гаргасан гэж эргэлзээгүй дүгнэж нэхэмжлэгчийг Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг Оргил хотхон 4 дүгээр байрны 3 тоот хаягт байрлах 244 м.кв талбай бүхий хувийн сууц болон 13-05 УБВ улсын дугаартай, BMW X5 маркийн автомашины өмчлөгчөөр тогтоох хууль зүйн үндэслэлгүй болно.

Мөн нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааны талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг үндэслэл бүхий гэж үзэхгүй. Учир нь: хэрэгт зээлийн гэрээний эх хувь авагдаагүй, мөнгөн хөрөнгийг хэзээ хэрхэн шилжүүлсэн нь тогтоогдоогүй тодорхой бус тул шүүх шаардах эрхийн хугацааны талаар хууль зүйн дүгнэлт өгөх боломжгүй юм.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрөө хэрэгт авагдсан баталгаа гэх баримтад бичигдсэн бичвэрийг Г.Х- бичсэн эсэхэд шинжээч томилуулах хүсэлтээсээ татгалзсан, зээлийн гэрээний хуулбар хувийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй тул зээлийн гэрээ болон баталгааг үнэлээгүй гэх гомдол үндэслэлгүй. /хх- 9, 90, 135/

Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Болд-Эрдэнэд 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 10 цаг 00 минутад товлогдсон шүүх хуралдааны товыг мэдэгдсэн бөгөөд тэрээр шүүх хуралдаанд оролцох боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаантай талаар нотлох баримтыг ирүүлээгүй байна. Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгч түүний эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт байгаагаас дүгнэвэл мэтгэлцэх зарчмыг зөрчсөн гэж үзэхгүй. /хх-149/

 

Дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2021/01333 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргах улсын тэмдэгтийн хураамж 1,000,000 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн төлсөн 2,750,815 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ

Д.БАЙГАЛМАА