Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 27

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                     Д.Эын нэхэмжлэлтэй иргэний

                                                          хэргийн тухай

 

 

            Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 129/ШШ2017/00607 дугаар шийдвэртэй

Д.Эын нэхэмжлэлтэй

Н.Мөд холбогдох

ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 3 633 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

хариуцагчийн төлөөлөгч Г.Эын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн

шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.С, хариуцагчийн төлөөлөгч Г.Э, нарийн бичгийн дарга Б.Мөнх-Өлзий нар оролцов.     

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон түүний төлөөлөгч нарын гаргасан тайлбарт:

“Н.Мө нь 2013.09.23-ны өдөр “АЗЗА” ХХК-ий захирал Б-ийн өрөөнд Д.Этай уулзаад Архангай аймгийн Тариат сумын төвд биеийн тамирын талбай байгуулахаар тохиролцсны дагуу Д.Э уг талбайг 2013.09.23-2013.10.24-нийг хүртэл 31 хоногийн хугацаатай барьж дуусган сумын комисст хүлээлгэн өгсөн. Д.Э анх 5 000 000 төгрөгөөр тухайн биеийн тамирын талбайг байгуулъя гэсэн боловч Н.Мө нь уг ажлын хөлсийг 3 500 000 төгрөг гэсний үндсэн дээр тэд ажлын хөлсийг 3 500 000 төгрөгөөр тохиролцсон байдаг. Ажлын хөлсөнд урьдчилсан байдлаар 1 500 000 төгрөгийг өгөөд үлдэгдлийг ажлын үр дүнг хүлээн авсны дараа өгнө гэж тохиролцсон. Ажлын гүйцэтгэлийн явцад Н.Мө Д.Эад 1 500 000 төгрөгийг төлж, үлдэгдэл 2 000 000 төгрөгийг ямар нэгэн байдлаар төлөөгүй бөгөөд одоо нэхэмжилж байгаа. Н.Мө Д.Эад 1 500 000 төгрөг өгснийг Д.Э ажлын хөлсний урьдчилгаа гэж ойлгосон. Мөн биеийн тамирын талбайг байгуулахад Н.Мө нь ажлын гүйцэтгэлд нөлөөлөхөөр ямар нэгэн бараа материал гаргаагүй. Тэгээд Д.Э нь өөр тоглоомын талбай байгуулах зорилгоор хадгалж байсан 56 уут цементээ гаргаж Мы хийлгэсэн биеийн тамирын талбайг байгуулахад ашигласан. Иймд Н.Мөы хийлгэсэн биеийн тамирын талбайд оруулсан өөрийн цементийн үнээ нэхэмжилж байгаа. Уг ажлыг хийхэд 56 уут цемент орсон бөгөөд нэг бүрийн үнэ нь 13 000 төгрөг, нийт үнэ нь 728 000 төгрөг болсон. Тийм учраас цементийн үнэ 728 000 төгрөг, 8 ширхэг дүнзний үнэ 200 000 төгрөг нэмэгдээд нийт 2 918 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах ёстой гэж үзэж байна. Мөн шүүх хуралдаантай холбогдуулан гаргасан зардал, бодит хохирлыг /байр, хоол, унаа, тээвэр, бусад зардал 705 000 төгрөг/ нэмж, нийт 3 633 000 төгрөгийг нэхэмжилж байна. Дүнз ажил гүйцэтгэх гэрээтэй холбоогүй, урьд нь өгсөн байдаг. Н.Мө Д.Э нарын хооронд байгуулагдсан гэрээ нь ажил  гүйцэтгэх гэрээ байсан. Хүйтэн орсон учраас дараа жилийн 1 дүгээр сард сумын Засаг дарга ажлын үр дүнг хүлээж авсан. Гүйцэтгэсэн ажлаа сумын Засаг даргад Д.Э өөрөө хүлээлгэн өгсөн. “Чонотын хөндий” ХХК,  Н.Мө нар 2012 онд гэрээ хийсэн боловч Д.Э биеийн тамирын талбайг 2014.09 сард хийсэн байдаг. Энэ нь гэрч Б-гийн мэдүүлгээр нотлогддог. Гэрээний маргаантай холбоотой хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байдаг нь үнэн. Ажил 2014 онд хийгдсэн учраас гурван жилийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй. Өнгөрсөн хугацаанд Д.Э нь Н.Мөаас мөнгөө авахаар хэд хэдэн удаа утсаар ярьж байсан. Хэрэв хөөн хэлэлцэх хугацаа яригдах тохиолдолд Д.Э нь Н.Мөаас гэрээний үүргийг хэд хэдэн удаа шаардаж байсан тул хөөн хэлэлцэх хугацаа Иргэний хуулийн 79.1-д зааснаар тасалдсан. Үүргийн гүйцэтгэлийг хойшлуулснаар хөөн хэлэлцэх хугацааг сэргээн тоолох Иргэний хуулийн зохицуулалт байдаг. Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1 дэх хэсгийг шүүх анхааран үзэхийг хүсч байна.  Хариуцагч тал хөөн хэлэлцэх хугацааг яриад байгаа нь хариу тайлбараа хүлээн зөвшөөрч байна гэсэн утга санаа харагдаж байна. Тухайн ажлыг хэзээ гүйцэтгэсэн нь гэрчийн мэдүүлгээр зөрүүтэй байгаа. Биеийн тамирын талбай байгуулах ажлыг “АЗЗА” ХХК-ий зургаан хүнээр Д.Э хийлгэсэн. Хариуцагч тал хоёр хүнээр ажил гүйцэтгүүлсэн гэж ярьж байна. Энэ талаар Б гэдэг хүн хамт ажил гүйцэтгэж байсан учраас тодорхой мэдүүлдэг. Хэрэв хоёр хүнээр ажил гүйцэтгүүлсэн бол ажил гүйцэтгэх хугацаа хойшлогдоно. Д.Э нь “Чонотын хөндий” ХХК байдаг талаар мэдээгүй. Хариуцагч тал “Н.Мө хариуцагч биш, Н.Мө, Д.Э нарын хооронд гэрээ байгуулагдаагүй” гэж ярьж байна. Д.Э, Н.Мө нар харилцан тохиролцсныг Н.Мө хариу тайлбартаа бичсэн төдийгүй энэ нь АЗЗА ХХК-ий захирал Баясгалангийн тодорхойлолт, гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байна. Гэрчид хууль сануулдаг. Чонотын хөндий ХХК Н.Мөаар Тариат суманд биеийн тамирын талбай хийлгэхээр тохиролцсны үндсэн дээр Н.Мө нь Д.Эаар уг ажлыг гүйцэтгүүлэхээр тохирсон гэдэг нь хамгийн энгийн байдлаар харагдаж байна. Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд гэрээний маргаан үүссэн гэж үзэж байна. Архангай аймгийн Тариат сумын “Эрүүл амьдрал” биеийн тамирын талбайг Д.Э байгуулж эдийн баялгийг бүтээсэн гэдгийг нотолсон уг талбайг байгуулахад ажилласан Баттуяа гэдэг хүний мэдүүлэг байдаг. Д.Эын гүйцэтгэсэн ажил гэдэг нь үнэн учраас үлдэгдэл мөнгийг нэхэмжлэх нь зүйтэй гэж үзэж байгаа. Иргэний хуулийн 344.1-д зааснаар ажлын хөлсний хэмжээ, төлөх арга, журам, хугацааг талууд харилцан тохиролцож болно. Мөн уг хуулийн 346.1-д зааснаар талууд өөрөөр тохиролцоогүй бол ажлыг бүрэн гүйцэтгэж, ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үед хөлс төлнө. Гэтэл 3 500 000 төгрөгийн хөлсийг өнөөдрийг хүртэл бүрэн төлөөгүй байгааг үүргээ биелүүлээгүй байна гэж үзэж байна. Тиймээс үлдэгдэл мөнгөө нэхэмжилж байна. Хариуцагч талаас цуглуулсан нотлох баримт хангалтгүй байна. Хариуцагч Н.Мө өөрөө өнөөдрийн шүүх хуралдаанд ирж үнэн худлыг нотлох ёстой байсан. Монгол Улсын Иргэний хуулийн 1.2-д зааснаар Д.Э зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр  шүүхэд хандсан. Тухайн ажил гүйцэтгэх гэрээ нь хуульд заасан үндэслэлээр аман хэлбэрээр хийгдсэн байна. Мөн Иргэний хуулийн 195.1-д зааснаар  гэрээний саналыг тэр дор нь хүлээн зөвшөөрч гэрээ байгуулагдсан байна гэж үзэж байна. Гэрээ байгуулсан учраас энэ хоёр хүний хооронд шаардах эрх үүсч байна. Шүүх хуралдааны явцад шинжлэн судалсан нотлох баримтуудыг шүүх шударгаар үнэлж иргэний эрх, ашиг сонирхлыг хамгаалахыг хүсч байна.” гэжээ.

 

Хариуцагч болон түүний төлөөлөгчийн гаргасан хариу тайлбарт:

“Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь 2012 оны намар Тариат сумын төвд биеийн тамирын талбай байгуулах тендерийн ажлыг Улаанбаатар хотын Чонотын хөндий ХХК гүйцэтгэхээр болж тус компаний захирал Д.Б Тариат сумын Засаг даргатай гэрээ байгуулсан. Миний бие Чонотын хөндий ХХК-ийн захиралтай уг ажлыг хийхээр тохиролцсон ба Д.Эад энэ тухайгаа АЗЗА компаний захирлын өрөөнд ярьсан нь үнэн. Тухайн үед Д.Э нь тус суманд сургуулийн биеийн тамирын талбай байгуулах ажилтай, хамтдаа хийе гэсэн. Гэхдээ бид ажлын хөлс тохироогүй. Тухайн үед мөнгөний хэрэгтэй гэхээр нь Д.Бын надад бэлнээр өгсөн 4 000 000 төгрөгөөс 1 500 000 төгрөгийг Д.Эад, 100 000 төгрөгийг эхнэр Д-д нь өгсөн. Үлдсэн 2 400 000 төгрөгөөс 780 000 төгрөгөөр нь Тариат суманд амьдардаг С.Ж-оос 1 тонныг нь 130 000 төгрөгөөр буюу тухайн үеийн зах зээлийн үнээр бодож 6 тонн цемент худалдан авч, үлдэх 1 620 000 төгрөгийг Тариат сумаас авч ажиллуулсан дөрвөн хүний хөлсөнд өгсөн. Д.Б надад өөр хөлс мөнгө ч өгөөгүй. Тухайн ондоо намар орой болж хүйтэн орсон гээд Тариат сум ч компаний ажлыг хүлээж аваагүй. Дараа жил нь хүлээлгэн өгсөн эсэх, дутуу зардлаа авсан эсэхийг мэдэхгүй. Тэр үед Д.Э яг адилхан гадаа талбай байгуулж байсан. Маргаан болоод байгаа биеийн тамирын талбай дээр Д.Э ажлын хүч оруулаагүй, хэлцэл хийгээгүй. 8 ширхэг дүнз мод нь биеийн тамирын талбайд ороогүй. Намайг Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн Хануй Инж хороололд хувийн орон сууц барихад Д.Э нь найз нөхдийн харилцаатай байхдаа 8 ширхэг дүнзийг бэлэглэж байсан учраас энэ маргаантай холбоогүй. Гэхдээ бэлгээ буцаана гэвэл өөр хэрэг байх. Энэ нь цаг хугацааны хувьд тухайн үйл явдлаас бүр өмнө болж өнгөрсөн асуудал. Биеийн тамирын талбай байгуулахад 8 ширхэг дүнз хэрэглэсэн гэдэг нь гэрчийн мэдүүлгээр тогтоогдоогүй байдаг. Энэ тухай нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хөөн хэлэлцэх хугацаанд ач холбогдол өгч байгаа. Гурван жилийн хугацаанд Н.М-аас Д.Э нь ямар нэгэн байдлаар тухайн хохирлыг гаргуулъя гэж нэхэмжилсэн талаархи нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байдаг. Тийм учраас хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад нэхэмжлэл гаргасан гэж үзэж байна. Гэрч Ч.Б-гийн мэдүүлэгт Н.Мө, Д.Э хоёр юу ярилцсан талаар мэдэхгүй гэсэн байдаг. Тийм учраас бүрэн нотолж байгаа гэрчийн мэдүүлэг биш. Мөн Б гэдэг гэрчийн мэдүүлэг байгаа.” гэжээ.

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 129/ШШ2017/00607 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 227 дугаар зүйлийн 227.1, 227.3-т заасныг баримтлан хариуцагч Н.Мөаас 2 303 500 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Эад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 329 500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61 650 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Мөаас улсын тэмдэгтийн хураамж 51 806 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Эад олгож шийдвэрлэжээ.

 

 

 

Хариуцагчийн төлөөлөгч Г.Эын давж заалдах журмаар гаргасан гомдолд:

 “Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 607 тоот шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Н.Мөы итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э миний бие гомдол гаргаж байна. Учир нь Н.Мө, Д.Э нарын хооронд  ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэж шүүх дүгнэсэн. Гэтэл Д.Э нь Н.Мөд хийсэн ажлаа биетээр хүлээлгэж өгөөгүй байхад ажлын хөлс гэж 2 000 000 төгрөгийг Н.Мөаас гаргуулж Д.Эад олгож шийдвэрлэсэн нь буруу. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг буруу шийдвэрлэсэн учир түүнтэй уялдаж гарч буй нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хамт Улаанбаатар хотоос ирж буцсан шатахууны зардал 303 500 төгрөгийг гаргуулсан нь буруу болсон гэж гомдож байна. Шүүх Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.3 дахь заалтыг зөрчиж шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл Д.Э нь Н.Мөд хийсэн гэх тоглоомын талбайг хүлээлгэж өгөөгүй байгаа нь нотлох баримтаас харагдаж байхад түүнд үндэслэлгүйгээр ажлын хөлс 2 000 000 төгрөг, зардал 303 500 төгрөг, нийтдээ 2 303 500 төгрөгийг олгож шийдвэрлэсэн нь буруу тул хэргийг бүхэлд нь хянуулж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулахаар давж заалдах гомдол гаргаж байна” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул давж заалдах журмаар гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

Д.Э нь Н.М-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний хөлс болон материалын үнэтэй холбоотой 2 928 000 төгрөг гаргуулахаар шаардан нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх шатанд гарсан зардалтай холбоотой 705 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн үнийн дүнг 3 633 000 төгрөг болгон нэмэгдүүлжээ.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, хариуцагч биш, хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан, гэрээ байгуулагдаагүй гэж маргажээ.

 

2012.05.28-ны өдөр Архангай аймгийн Тариат сумын Засаг даргын зөвлөл болон Чонотын хөндий компаний хооронд байгуулагдсан Архангай аймгийн Тариат суманд хэрэгжих “Эрүүл амьдрал” дэд төслийн ажил гүйцэтгүүлэх гэрээгээр Чонотын хөндий компани нь Архангай аймгийн Тариат сумын Суман багийн Дэлийн ар хороололд талбайн дотор талын цэвэр зай нь 20м х 10м хэмжээтэй сагсан бөмбөгийн гадаа талбай шинээр барьж тохижуулах ажлыг хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулсан байх ба Чонотын хөндий компани нь гэрээнд заасан ажлыг Н.Мөаар гүйцэтгүүлэхээр тохиролцжээ. Харин Н.Мө нь уг ажлыг Д.Э-аар гүйцэтгүүлэхээр, гэрээт ажлын хөлс 3 500 000 төгрөгийг хариуцагч төлөхөөр тохиролцож, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн болон ажлын хөлс 1 500 000 төгрөгийг нэхэмжлэгч авсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон.

 

Хариуцагч биш, хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан, гэрээ байгуулагдаагүй гэж хариуцагч тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна. Ийнхүү хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг баримтаар няцааж, үгүйсгэж чадаагүй байх тул анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгт авагдсан баримтын хэмжээнд хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм.

 

Хэрэгт авагдсан А.Б-гийн “Д.Э нь ажлын хөлсөө 5 сая төгрөг, Н.Мө нь 3,5 сая гэж ярилцаж байсан” гэх тодорхойлолт /х-1, х-91/, гэрч Д.Ж-ын “Гэхдээ 3 500 000 төгрөг гэж сонссон санагдаж байна” гэх мэдүүлэг /х-1, х-200/, хариуцагч Н.Мөы “Тухайн үед мөнгөний хэрэгтэй гэсний улмаас Д.Б надад бэлнээр 4 000 000 төгрөг өгснөөс 1 500 000 төгрөгийг Д.Эад, 100 000 төгрөгийг эхнэр Дашдаваад нь өгсөн” /х-1, х-14, 117/, “Ингэж тохирсны дараа Д.Э ахыг санал болгож 3,5 сая төгрөгөөр хийе гэж тохирсон” гэх тайлбар /х-1, х-216/ зэргээр хариуцагч нь нэхэмжлэгчид ажлын хөлсийг бүрэн хүлээлгэн өгөөгүй үйл баримт тогтоогдож байх тул дээрх нотлох баримтуудаар тогтоогдсон дутуу хөлс 2 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болжээ.

 

56 уут цементийн үнэ 728 000 төгрөг, 8 ширхэг дүнзний үнэ 200 000 төгрөгийг  Д.Э ажил гүйцэтгэхдээ хэрэглэсэн гэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдон 705 000 төгрөгийн зардал гаргасан гэж тус тус нэхэмжилсэн боловч нэхэмжлэгч нь өөрийн цемент болон дүнзээр ажил гүйцэтгэсэн нь, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлаас 401 500 төгрөгт холбогдох хэсэг нь нотлох баримтаар нотлогдохгүй байх тул эдгээр мөнгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн ч нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ улсын тэмдэгтийн хураамж нэмж төлөөгүй байхад түүнийг нэхэмжлэгчээр нөхөн төлүүлээгүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 129/ШШ2017/00607 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад “нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 11 428 төгрөг гаргуулан улсын орлогод” гэж нэмэн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, давж заалдах журмаар гаргасан хариуцагч Н.Мөы итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эын гомдлыг хангахгүй орхисугай.  

 

2. Хариуцагч Н.Мөы давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр төлсөн 51 806 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн          167.5-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.             

 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Т.ДАВААСҮРЭН

 

                             ШҮҮГЧИД                                         Д.БЯМБАСҮРЭН

 

                                                                                       В.ЦЭЦЭНБИЛЭГ