Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 183/ШШ2021/02062

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 10 сарын 01 өдөр                           Дугаар 183/ШШ2021/02062                                  Улаанбаатар хот

 

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сонгино хайрхан дүүргийн 1 дүгээр хороо, толгойт ХХ дугаар гудамж, ХХ тоотод оршин суух, Б овогт У-ийн Б /рд:КЖ85000000/-ы нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаа ХХ дугаар гудамж, ХХ тоотод оршин суух, Б овогт Т-ын Н /рд:КЖ76000000/-т холбогдох, 

 

Гэрээний бус үүрэгт 2 216 982 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

                               

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч У.Б, түүний өмгөөлөгч Ш.О /ШТЭҮД-ХХХХ/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.З нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

           

Нэхэмжлэгч У.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Т.Б нь У.Б миний өмчлөлийн АА 0Х УНК улсын дугаартай Приус 20 маркийн авто машиныг ломбардад тавиад зээл авъя гээд “...авто ломбардад унаж явах нөхцөлтэйгөөр зээлийн барьцаанд тавихын тулд автомашины өмчлөх эрхийг ломбардад түр шилжүүлж өгдөг юм байна” гэж итгүүлэн тээврийн хэрэгслийг худалдах, гэрээ байгуулах, гэрээнд төлөөлөн гарын үсэг зурах эрх бүхий итгэмжлэлийг 2020 оны 02 дугаар сард хийлгэн авсан байдаг. Уг итгэмжлэлийн зорилго нь зээлийн барьцааны зорилгоор тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг авто ломбардад зээлийн гэрээний хугацаанд шилжүүлэх зорилготой байснаас тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг бусдад бүр мөсөн шилжүүлэх зорилго, хүсэл зориг байгаагүй. Гэвч Т.Б нь тэрхүү итгэмжлэлийг ашиглан, Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.3-т заасныг зөрчиж, тэр өдрөө буюу 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр АА 0Х УНК улсын дугаартай Приус 20 маркийн тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг өөрийн эгч Т.Н-т шилжүүлж, хариуцагч Т.Н маргааш нь буюу 2020 оны 02 дугаар сарын 21-ны өдөр барьцааны зорилгоор тус тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг Т кредит ХХК-д шилжүүлж  Т кредит ХХК /С авто ломбард/-аас 2 000 000 төгрөг зээлж авсан байна. Улмаар хариуцагч Т.Н нь 2021 оны 3 дугаар сарын 04-ны өдөр зээлийн гэрээний хугацааг дахин сунгасан бөгөөд зээлийн төлөлтийг огт төлөөгүй, 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар 2 216 982 төгрөгийн зээлийн төлбөрийн үлдэгдэлтэй байсан. Иймд миний бие хариуцагч Т.Н-ийн төлөх ёстой дээрх өр, төлбөр е2 216 982 төгрөгийг түүний өмнөөс Т кредит ХХК-д төлж барагдуулсан тул Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-т зааснаар Т.Н-ээс 2 216 982 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв. .

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. 81-07 УНК улсын дугаартай, Приус 20 маркийн тээврийн хэрэгслийг ломбардад тавиад зээл авахаас өмнө би нэхэмжлэгчийн Хаан банкны 50ХХХХХХ тоот дансанд 12 дугаар сарын 17-ны өдөр 730 000 төгрөг, 01 дүгээр сард дахин 1 000 000 төгрөг, 1 890 000 төгрөг, нийт 3 360 000 төгрөгийг шилжүүлсэн. Нэхэмжлэгч нь ажил төрөл явуулах хэрэгтэй байна, дэмжлэг үзүүлээч гэж бэлэн мөнгө болон тоног төхөөрөмжийн туслалцаа гэх мэт маш их зүйл надаас авсан. Нэхэмжлэгч нь өөрөө зөвшөөрөөд надад машинаа өгч явуулсан бөгөөд тухайн автомашиныг С ломбардын барьцаанд тавьж 2 000 000 төгрөгийн зээлийг нэмж авсан. Нэхэмжлэгч надад хамтарч ажиллах санал тавьж, надад хөрөнгө оруулалт оруулаач гэж мөнгө төгрөгийн тусламж авсны дараа ажил төрөл нь явагдаад эхний орлого орж ирсэн үед орлогоо тэнцүү хуваана гэж байснаа татгалзсан учир би хөрөнгө оруулалт хийсэн мөнгө болон тоног төхөөрөмжөө буцааж авсан, бэлэн мөнгөө буцааж авах боломжгүй байсан учир би тэрхүү ломбардад тавьсан 2 000 000 төгрөгийн зээлээ өөрөө төлөөрэй гэдэг байдлаар хэлж орхисон байдаг. Зээлийн хугацаа хэтэрсэн асуудлын тухайд өөрөө зээлийн тухай мэдэж байсан ч төлөхгүй удсан учраас зээлийн хугацаа нь хэтэрсэн тул надад хамаагүй асуудал. Би анх энэ машиныг итгэмжлэл хийлгэж авсан байсан учраас өөрийнхөө нэр дээр шилжүүлж болохгүй байсан тул эгчийнхээ нэр дээр шилжүүлж зээл авсан байгаа. Хамгийн анх 2020 оны 02 дугаар сард өмнө өөрийнхөө нэр дээр нэхэмжлэгчийн машиныг тавьсан байсан. Тэр зээл төлөгдөж дууссан, хариу тайлбараа бичиж өгөхдөө андуураад энэ тухай бичиж өгсөн байна. Энэ хэргийн хувьд 2021 оны 02 дугаар сарын зээлийн асуудал бөгөөд нэхэмжлэлдээ цаг хугацааг нь алдаж бичсэн байна” гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч У.Б нь хариуцагч Т.Н-т холбогдуулан гэрээний бус үүрэгт 2 216 982 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасныг хариуцагч эс зөвшөөрчээ. 

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Хэргийн баримтаар, нэхэмжлэгч У.Б нь 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр өөрийн өмчлөлийн АА 0Х УНК улсын дугаартай Приус 20 маркийн тээврийн хэрэгслийг худалдах, гэрээ байгуулах, гэрээнд төлөөлөн гарын үсэг зурах, бүртгэлийн байгууллагад өмчлөх эрх шилжүүлэх үйлдэлд төлөөлөх үйлдэл хийх бүрэн эрхийг Т.Б-д 1 жилийн хугацаатай олгосон, улмаар маргаан бүхий автомашин мөн өдрөө хариуцагч Т.Н-ийг өмчлөлд шилжсэн, 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Т.Н тус автомашиныг Тайгын булаг ХХК-ийн С авто ломбардад барьцаалж, 2 000 000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй зээлж авсан, У.Б нь зээл, хүүгийн төлбөрт 2 216 982 төгрөг төлж барагдуулан автомашиныг барьцаанаас чөлөөлж, өөрийн өмчлөлд буцаан шилжүүлж авсан үйл баримт тогтоогдох бөгөөд талууд энэ асуудлаар маргаагүй.

 

Харин хариуцагч нь “...У.Б ажил төрөл явуулах хэрэгтэй байна, дэмжлэг үзүүлээч гэж бэлэн мөнгө болон тоног төхөөрөмжийн туслалцаа гэх мэт зүйл надаас авсан. Гэтэл хамтарч ажиллах явцад эхний орлого орж ирсэн үеэс орлогоо тэнцүү хуваана гэж байснаа татгалзсан учир би хөрөнгө оруулалт хийсэн тоног төхөөрөмжөө буцааж авсан, харин бэлэн мөнгөө буцааж авах боломжгүй байсан учир ломбардад тавьсан 2 000 000 төгрөгийн зээлээ өөрөө төлөөрэй гэж хэлж орхисон” гэх тайлбараа баримтаар нотлоогүй, энэ талаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, түүний 2020 оны 12 дугаар сарын 27, 2021 оны 01 дүгээр сарын 19, 24-ний өдрүүдэд У.Бд мөнгө шилжүүлсэн гэх үйл баримт нь хэрэгт хамааралгүй, цаг хугацааны хувьд дээрх барьцаат зээлийн гэрээ байгуулагдахаас өмнө байх тул хариуцагчийн тайлбар татгалзал үндэслэлгүй.

 

Нэхэмжлэгч У.Б өөрийн өмчлөлийн эд хөрөнгийн барьцаанаас чөлөөлүүлэхээр Т.Н-ийн зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийг түүний өмнөөс биелүүлсэн нь хариуцагч Т.Н-ийн эрх, ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөөгүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь хэн нэгэн этгээдийн зөвшөөрөлгүйгээр, түүний ашиг сонирхлын төлөө, өөрийн эд хөрөнгө болон эрх ашигт бодитоор учирч болзошгүй гэм хорыг урьдчилан зайлуулах зорилгоор үйл ажиллагаа явуулсныг буруутгах боломжгүй, нэхэмжлэгчийн уг үйлдэл нь хариуцагчид илтэд ашигтай, мөн тухайн сонирхогч этгээд өөрөө хийх байсан хэмжээ, хэлбэрээр хийгдсэн байна.

 

Иймд шүүх Иргэний хуулийн 491 дүгээр зүйлийн 491.6-д “Бусдын үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэсэн этгээд үүрэг гүйцэтгэхтэй холбогдон гарсан зайлшгүй зардлыг нөхөн төлөхийг ашиг сонирхлоо хамгаалуулсан этгээдээс шаардах эрхтэй”, 492 дугаар зүйлийн 492.1-д “Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй: 492.1.1-д “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” гэж тус тус заасныг баримтлан хариуцагчаас 2 216 982 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, ийнхүү шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50 430 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 50 430 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон, ТОГТООХ нь:                                                                                                             

 

1. Иргэний хуулийн 491 дүгээр зүйлийн 491.6, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Т.Н-ээс 2 216 982  төгрөг гаргуулж, нэхэмжлэгч У.Бд олгосугай.

 

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50 430 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 50 430 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.МӨНГӨНТУУЛ