Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2021/01801

 

 

 

 

 

2021 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2021/01801

 

У.Бы

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2021/02062 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч У.Бы хариуцагч Т.Нт холбогдуулан гэрээний бус үүрэгт 2 216 982 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Отгонбаяр, хариуцагч Т.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Буд нь У.Бы өмчлөлийн 8107 УНК улсын дугаартай приус 20 маркийн автомашиныг авто ломбардад унаж явах нөхцөлтэйгөөр зээлийн барьцаанд тавихын тулд автомашины өмчлөх эрхийг ломбардад түр шилжүүлж өгдөг юм байна гэж тээврийн хэрэгслийг худалдах, гэрээ байгуулах, гэрээнд төлөөлөн гарын үсэг зурах эрх бүхий итгэмжлэлийг 2020 оны 02 дугаар сард хийлгэн авсан. Уг итгэмжлэлийн зорилго нь зээлийн барьцааны зорилгоор тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг авто ломбардад зээлийн гэрээний хугацаанд шилжүүлэх зорилготой байснаас тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг бусдад бүр мөсөн шилжүүлэх зорилго, хүсэл зориг байгаагүй. Гэвч Т.Буд нь тэрхүү итгэмжлэлийг ашиглан, тэр өдрөө буюу 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 8107 УНК улсын дугаартай приус 20 маркийн тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг өөрийн эгч Т.Нт шилжүүлж, Т.Н нь 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр барьцааны зорилгоор тус тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг Тайгын булаг кредит ХХК-д шилжүүлж Тайгын булаг кредит ХХК /Сайн авто ломбард/-аас 2 000 000 төгрөг зээлж авчээ. Улмаар Т.Н нь 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдөр зээлийн гэрээний хугацааг дахин сунгасан бөгөөд зээлийн төлөлтийг огт төлөөгүй, 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар 2 216 982 төгрөгийн зээлийн төлбөрийн үлдэгдэлтэй байсан. Иймд нэхэмжлэгч нь Т.Нийн төлөх ёстой дээрх өр, төлбөр 2 216 982 төгрөгийг түүний өмнөөс Тайгын булаг кредит ХХК-д төлж барагдуулсан тул Т.Нээс 2 216 982 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. 81-07 УНК улсын дугаартай, приус 20 маркийн тээврийн хэрэгслийг ломбардад тавиад зээл авахаас өмнө Т. Буд нь нэхэмжлэгчийн Хаан банкны 5020404492 тоот дансанд 12 дугаар сарын 17-ны өдөр 730 000 төгрөг, 01 дүгээр сард дахин 1 000 000 төгрөг, 1 890 000 төгрөг, нийт 3 360 000 төгрөгийг шилжүүлсэн. Нэхэмжлэгч нь ажил төрөл явуулах хэрэгтэй байна, дэмжлэг үзүүлээч гэж бэлэн мөнгө болон тоног төхөөрөмжийн туслалцаа гэх мэт маш их зүйл Т.Будаас авсан. Нэхэмжлэгч нь өөрөө зөвшөөрөөд Т.Будад машинаа өгч явуулсан бөгөөд тухайн автомашиныг сайн ломбардын барьцаанд тавьж 2 000 000 төгрөгийн зээлийг нэмж авсан. Нэхэмжлэгч нь Т.Будад хамтарч ажиллах санал тавьж, хөрөнгө оруулалт оруулаач гэж мөнгө төгрөгийн тусламж авсны дараа ажил төрөл нь явагдаад эхний орлого орж ирсэн үед орлогоо тэнцүү хуваана гэж байснаа татгалзсан учир Т.Буд хөрөнгө оруулалт хийсэн мөнгө болон тоног төхөөрөмжөө буцааж авсан, бэлэн мөнгөө буцааж авах боломжгүй байсан учир тэрхүү ломбардад тавьсан 2 000 000 төгрөгийн зээлээ өөрөө төлөөрэй гэдэг байдлаар хэлж орхисон. Зээлийн хугацаа хэтэрсэн асуудлын тухайд өөрөө зээлийн тухай мэдэж байсан ч төлөхгүй удсан учраас зээлийн хугацаа нь хэтэрсэн тул хариуцагч талд хамаагүй. Т.Буд анх энэ машиныг итгэмжлэл хийлгэж авсан байсан учраас өөрийнхөө нэр дээр шилжүүлж болохгүй байсан тул эгчийнхээ нэр дээр шилжүүлж зээл авсан.Хамгийн анх 2020 оны 02 дугаар сард өмнө Т.Будын нэр дээр нэхэмжлэгчийн машиныг тавьсан байсан. Тэр зээл төлөгдөж дууссан, хариу тайлбараа бичиж өгөхдөө андуураад энэ тухай бичиж өгсөн байна. Энэ хэргийн хувьд 2021 оны 02 дугаар сарын зээлийн асуудал бөгөөд нэхэмжлэлдээ цаг хугацааг нь алдаж бичсэн байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 491 дүгээр зүйлийн 491.6, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Т.Нээс 2 216 982 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч У.Бд олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50 430 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 50 430 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагч давж заалдах гомдолдоо: У.Быг Т.Н нь сайн танихгүй. Төрсөн дүү Т.Буд нь У.Бтай найз нөхдийн харилцаатай ба ажил хэрэг болон бусад зүйлүүдэд нэг нэгэндээ тусалдаг байсан. Т.Н нь 81-07 УНК улсын дугаартай Приус 20 маркийн тээврийн хэрэгслийг ломбардад тавьж зээл авсан зүйл байхгүй. Дүү Т.Буд нь У.Баас худалдах, гэрээ байгуулах, гэрээнд төлөөлөн гарын үсэг зурах, бүртгэлийн байгууллагад өмчлөх эрх шилжүүлэх үйлдэлд төлөөлөх үйлдэл хийх бүрэн эрхийг надад 1 жилийн хугацаатай олгосон.Тайгын булаг кредит ХХК-ийн сайн авто ломбардад барьцаалах гэсэн юм би У.Бы итгэмжлэлтэй учир өөрийн нэр дээр шилжүүлэх боломжгүй байна. Таны нэр дээр шилжүүлж байгаад сайн авто ломбардад барьцаанд тавих гэсэн юм гэж гуйсан учир дүүгийнхээ хүсэлтээр өөрийн нэр дээр шилжүүлж өгч зээл авч өгсөн. Уг зээлийн 2 000 000 төгрөгийг огт аваагүй ба дүү Т.Буд нь авсан. Нэхэмжлэгч У.Бтай дүү Т.Буд нь юу гэж тохиролцсон болон юу ярьсан ямар учраас итгэмжлэл хийж өгсөн талаар огт мэдэхгүй. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч У.Б нь хариуцагч Т.Нт холбогдуулан түүний Тайгын булаг кредит ХХК-д төлөх ёстой зээлийн төлбөр 2 216 982 төгрөгийг түүний өмнөөс төлж барагдуулсан тул 2 216 982 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хх1-2/

 

У.Баас түүний өмчлөлийн 81-07 УНК улсын дугаартай Приус 20 маркийн тээврийн хэрэгслийг худалдах, гэрээ байгуулах, гэрээнд төлөөлөн гарын үсэг зурах эрх бүхий итгэмжлэлийг Т.Будад 2020 оны 02 дугаар сард олгосон үйл баримтын талаар талууд маргаангүй.

 

Т.Буд нь дээрх итгэмжлэлээр 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр уг тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг өөрийн эгч Т.Нт шилжүүлж, /хх7/ Т.Н нь 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр фидуцын гэрээгээр өмчлөх эрхийг Тайгын булаг кредит ХХК-д шилжүүлж, уг Тайгын булаг кредит ХХК /Сайн авто ломбард/-аас 2 000 000 төгрөг зээлж авсан /хх5/ тухай бичгийн баримт хэрэгт авагджээ.

 

Т.Н нь 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдөр зээлийн гэрээний хугацааг сунгасан бөгөөд зээлийн төлөлтийг төлөөгүй, 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар 2 216 982 төгрөгийн зээлийн төлбөрийн үлдэгдэлтэй байсан болох нь хэрэгт авагдсан барьцаат зээлийн тооцооны хуудас, депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэргээр тогтоогдсон./хх 5-6/

 

Нэхэмжлэгч У.Б нь хариуцагч Т.Нийн дээрх 2 216 982 төгрөгийн зээлийн төлбөрийн үлдэгдлийг төлж дуусгасан болох нь зохигчдын тайлбар, депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогджээ./хх6/

 

У.Б нь зээл, хүүгийн төлбөрт 2 216 982 төгрөг төлж барагдуулан автомашиныг барьцаанаас чөлөөлж, өөрийн өмчлөлд буцаан шилжүүлж авсан үйл баримтад талууд маргахгүй байна. Дээрх үйл баримтын хувьд анхан шатны шүүхээс зөв дүгнэсэн.

 

Харин анхан шатны шүүх маргаантай харилцаанд хамаарах хуулийг буруу тайлбарлан хэрэглэсний давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэх боломжтой гэж үзлээ. Тухайлбал анхан шатны шүүхээс талуудын хоорондын харилцааг гэрээний бус үүрэг гэж ерөнхийлөн дүгнэснээс гадна Иргэний хуулийн 491 дүгээр зүйлийн 491.6 дах хэсгийг шаардах эрхийн үндэслэлд хамааруулан хэрэглэсэн нь буруу юм. Бусдын ашиг сонирхлыг хамгаалахын тулд нэн даруй шаардлагатай арга хэмжээ авсан этгээд үүрэг гүйцэтгэхтэй холбогдон гарсан зайлшгүй зардлыг ашиг сонирхлоо хамгаалуулсан этгээдээс шаардах эрхийн үндэслэлийг тодорхойлсон уг заалт бусдын өмнөөс гэрээний үүргийг гүйцэтгэсэн талуудын харилцаанд хамаарахгүй болно.

 

Мөн бусдын хөрөнгийг өөртөө үндэслэлгүйгээр шилжүүлэн авсан харилцаанд хамаарах Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх заалт нь нэхэмжлэгчийн шаардах эрхэд хамааралгүй юм. Учир нь нэхэмжлэгч нь мөнгийг Т.Нт шилжүүлсэн гэж нэхэмжлэл гаргаагүй.

 

Хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч У.Б нь Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт зааснаар Т.Нийн өр төлбөрийг төлсөн байх бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг Т.Н нь Тайгын булаг кредит ХХК-ийн өмнө зээл төлөх үүргээс чөлөөлөгджээ. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасныг баримтлан өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Харин 81-07 УНК дугаартай автомашиныг ломбардад тавьж зээл авахаас өмнө Т.Буд нь нэхэмжлэгчийн дансанд тодорхой хэмжээний мөнгө шилжүүлж байсан, хамтарч ажилласан гэх нөхцөл байдал нь хариуцагч Т.Нт хамааралтай асуудал биш юм. Т.Н нь өөрийн өмчлөлд авсан байсан уг тээврийн хэрэгсэлтэй холбоотой аливаа шаардах эрхээ хэрэгжүүлэхэд энэ шийдвэр саад болохгүй. Энэ хэргийн хувьд нэхэмжлэгч У.Б нь Т.Нийн зээлийг төлсөн асуудлаар шийдвэр гарсан болно. Түүнчлэн, анхан шатны шүүх шүүхийн шийдвэрт тавигдах хууль зүйн техникийг анхаараагүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг ойлгомжтой тодорхойлж тусгаагүй байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2021/02062 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Иргэний хуулийн 491 дүгээр зүйлийн 491.6, 492 дугаар зүйлийн 492.1.1 гэснийг Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50 425 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Ш.ОЮУНХАНД