Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 183/ШШ2021/01840

 

 

 

2021 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 183/ШШ2021/01840

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                    

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

             Нэхэмжлэгч:УБТТС ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

           Хариуцагч: Н.С

  Хариуцагч: Ш.Ц нарт холбогдох

 

           Санхүүгийн түрээсийн гэрээний үүрэгт 2 151 130 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

           Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Ч, түүний өмгөөлөгч Б.Т, харицуагч Н.С, Ш.Ц, хариуцагч нарын өмгөөлөгч Ө.О, нарийн бичгийн дарга Т.Нарантүвшин нар оролцов.

                                     ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэхэмжлэгч УБТТС ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани Н.Стай 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр санхүүгийн түрээсийн гэрээ байгуулсан. Уг гэрээгээр компани нь Н.Ст 00-00 УНР улсын дугаартай Хьюндай аксент маркийн автомашиныг такси үйлчилгээний зориулалтаар ашиглуулахаар шилжүүлж, Н.С нь тогтсон хугацаанд автомашиныг түрээслэж, түрээсийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд бүрэн төлснөөр автомашиныг өөрийн өмчлөлд шилжүүлэн авах эрх, үүргийг тус тус хүлээж, гэрээ байгуулсан. Гэрээ нь 33 сар буюу 2 жил 9 сарын хугацаатай, 14 000 000 төгрөгийн төлбөртэй, 2 хувийн хүүтэйгээр байгуулагдсан. Түрээсийн төлбөрийг сарын ажлын 22 хоногоор тооцож, сард 550 000 төгрөг буюу өдрийн 25 000 төгрөгийг түрээсийн төлбөрт төлдөг байсан. Хариуцагч Ш.Ц нь Н.Стай байгуулсан санхүүгийн түрээсийн гэрээний үүргийг Н.С биелүүлэхгүй бол өөрийн хөрөнгөөр санхүүгийн түрээсийн гэрээний үүргийг гүйцэтгэхээр манай компанитай баталгааны гэрээ байгуулсан. Уг гэрээг байгуулсан учраас түүнийг хариуцагчаар татсан оролцуулсан байгаа. Түрээслэгч нь гэрээний хугацаанд түрээсийн төлбөрийн 10 хоногийн 250 000 төгрөгийн төлбөртэй болсон учраас гэрээний 11 дүгээр зүйлийн 11.2.1-т зааснаар 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр автомашиныг хүлээн авах акт үйлдээд автомашиныг түр хураан авсан. Ингээд түрээслэгчид түрээсийн төлбөрөө төлөх 30 хоногийн хугацаа олгосон байдаг. Уг хугацаанд хариуцагч түрээсийн төлбөрөө нэг ч төлөөгүй учраас 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр гэрээг цуцалж, дуусгавар болгосон. Ингээд нэхэмжлэгч гэрээний хугацаанд түрээсийн төлбөрийн үлдэгдэл төлбөр 250 000 төгрөг, засварын төлбөрийн үлдэгдэл 1 365 430 төгрөг, замын хөлөлгөөний дүрэм зөрчсөн торгууль 71 200 төгрөг, сэлбэгийн төлбөр 864 500 төгрөг, нийт 2 551 130 төгрөгийн төлбөртэй болсон байгаагаас түүний барьцаанд байршуулсан 400 000 төгрөгийг засварын төлбөрөөс хасаж тооцоод 2 151 130 төгрөгийг хариуцагч нараас нэхэмжилсэн. Харин сая шүүх хуралдааны явцад 120 000 төгрөгийн засвар давхардсан учраас нэхэмжлэлийн шаардлагаа 120 000 төгрөгөөр багасгаж, нийт 2 031 130 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү. Дээрх төлбөрүүдийг Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1, 312.4, 315 дугаар зүйлийн 315.1, 227 дугаар зүйлийн 227.1 Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжилж байна гэв.

Хариуцагч Н.С, Ш.Ц болон түүний өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Анх авахад эвдрэл гэмтэлтэй, замасктай автомашин байсан, 4 дугуй нь хүртэл дөрвүүлээ өөр тийм машин би хүлээж авсан. Хүлээж авахад гэрчээр дуудъя гэж байгаа хүн маань хамт байсан. Тэгээд яваандаа солиод болчихдог гэсэн зүйл тухайн үедээ надад хэлж байсан. Машиныг хүлээж авахад ямар нэгэн явах эд ангийн болон комьпютерийн оношилгоонд оруулаагүй. Нэг агуулахад зогсож байхад нь авч байсан. Тэгээд одоо эргээд надаас машины өр төлбөр, ийм ч засварын мөнгө, тийм ч засварын мөнгө гэсэн баримтууд гаргаж ирээд нэхээд байна. Хүлэээж авахад ямар машин авсан би тэрүүгээр нь буцааж өгсөн. Нийтийн тээвэрт явж байгаа машин чинь мэдээж УБТТС компанийн тэр баталгаат засварын төвөөр орж үйлчлүүлдэг л байх. Тавхан сар унахад ийм их гүйлт гүйсэн, хохирол учирсан гэдэг хүн итгэх аргагүй юм яриад гүтгээд байгааг би гайхаад байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн хавтаст хэргийн 14, 15, 29 дүгээр талд Н.Сын УБТТС компаниас машиныг хүлээж авсан, хүлээлгэн өгсөн баримт байгаа. Н.Сын өмнөх жолооч машинаа хүлээлгэж өгсөн тэр тэмдэглэл дээр Н.Сын буцаагаад машин хүлээлгэж өгөхөд байсан яг тэр эвдрэл нь тэр чигээрээ байгаа. Эднийх ерөөсөө ингэж ажлаас гарсан хүмүүсээсээ мөнгө аваад, тэгээд тэр чигтээ эвдэрхий машинаа өгөөд явдаг ийм л дүр зурагтай байна гэж харагдаад байна. Тийм учраас нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, харин барьцааны 400 000 төгрөгөөс торгууль болон түрээсийн дутуу төлбөрийг суутгаж авахыг хүлээн зөвшөөрнө, бусад хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлав.

            ҮНДЭСЛЭХ нь:

 Нэхэмжлэгч УБТТС ХХК нь /УБТТС/ хариуцагч Н.С, Ш.Ц нарт холбогдуулан түрээсийн гэрээний үүрэг болон гэрээ цуцласнаас учирсан хохирлын нийт 2 151 130 төгрөг гаргуулахаар шаардсныг шүүх хуралдааны явцад засварын зардлыг 120 000 төгрөгөөр багасгаж, нийт 2 031 130 төгрөг гаргуулахаар шаарджээ.

 

Шүүх хариуцагч Ш.Цд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Н.Ст холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Улаанбаатар такси транспорт сервис ХХК, Н.С нарын хооронд 2017 оны 10 сарын 02-ны өдөр 00-00-000 тоот Автомашины санхүүгийн түрээсийн гэрээ бичгийн хэлбэрээр байгуулагдаж, уг гэрээгээр түрээслэгч Н.С нь 2010 онд үйлдвэрлэсэн Хьюндай маркын 00-00 УНМ улсын дугаартай автомашиныг 2017 оны 10 сарын 02-ны өдрөөс 33 сарын хугацаатайгаар, такси үйлчилгээний зориулалтаар эзэмшиж ашиглаж, нэг сарын түрээсийн төлбөрт 550 000 төгрөг /хоногт 25 000 төгрөг/-ийг гэрээнд заасан хугацааны туршид төлөх, түрээслүүлэгч нь гэрээний хугацаа дуусахад түрээслэгчийн өмчлөлд нь уг автомашиныг шилжүүлэхээр харилцан тохиролцсон байна./хх-ийн 6-9/

 

Дээрх гэрээний баталгаа болгож Баталгааны гэрээг 2017 оны 9 сарын 27-ны өдөр Ш.Цтэй байгуулсан байх ба уг гэрээгээр 00-00-000 тоот Санхүүгийн түрээсийн гэрээний гүйцэтгэлийг бүрэн хангахаар тохиролцжээ. /хх-ийн 10/

Хариуцагч Н.С нь 2017 оны 10 сарын 02-ны өдөр уг автомашиныг хүлээн авч эзэмшиж, ашиглаж байгаад 2018 оны 02 сарын 27-ны өдөр хүлээлгэн өгсөн болох нь зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Зохигчид энэ асуудлаар маргаагүй байна. /хх-ийн 14-15/

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1-д заасан Санхүүгийн түрээсийн гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр түрээслүүлэгч нь гэрээнд заасан хугацаагаар түрээслэгчийн ашиглалтад эд хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь тогтмол хугацаанд түрээсийн төлбөр төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж, 312.4-т Түрээслэгч гэрээний хугацаа дуусахад гэрээний зүйлийн элэгдэл, хорогдол болон нийт өртгийг барагдуулсан бол санхүүгийн түрээсийн гэрээний зүйлийг худалдан авах, эсхүл хөлслөх эрх, үүрэгтэй байж болно. гэжээ.

Дээрхээс дүгнэхэд талуудын хооронд гэрээний үүргээ биелүүлээгүйгээс маргаан үүсч, улмаар нэхэмжлэгч УБТТС ХХК нь гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, төлөгдөөгүй түрээсийн төлбөрийг, хохирлын хамт шаардсан байна.

Хариуцагч Н.С нь нэхэмжлэгч байгууллага нь ажилчдынхаа эрх ашгийг хүндэлж үздэггүй, эвдэрхий машин өгчихөөд түрээсээ шаарддаг, анх хүлээлгэж өгөхдөө оношилгоонд оруулж хүлээлгэж өгөөгүй, машиныг хүлээлгэж өгөхөд тийм хэмжээний засвар үйлчилгээ хийхээр эвдэрсэн зүйл байгаагүй, барьцааны мөнгийг дутуу төлбөр болон торгуулийн мөнгөнд суутгаж авахад татгалзахгүй, бусад төлбөрийг зөвшөөрөхгүй. гэж тайлбар гаргаж, маргасан байна.

 

Хэрэгт авагдсан баримтаар болон зохигчдын тайлбар зэргээс 2010 онд үйлдвэрлэсэн Хьюндай маркын 00-00 УНМ улсын дугаартай автомашиныг хариуцагч Н.С нь нэхэмжлэгч УБТТС ХХК-д буцаан хүлээлгэн өгч, талууд акт үйлдэж, гарын үсэг зурж баталгаажуулсан байна. Уг актад уг автомашины эвдрэл гэмтлийг тодорхой заасан байх ба засвар үйлчилгээг М Х А ХХК-аар гүйцэтгүүлж, нийт 2 229 930 төгрөгийг төлсөн талаарх зарлагын баримтыг хэрэгт ирүүлжээ./хх-ийн 14-16/

 

Хавтаст хэргийн 21-35 дугаар талд авагдсан М Х А ХХК-ийн засвар үйлчилгээний нэхэмжлэхэд сэлбэг болон засвар үйлчилгээний ажлын хөлс нийт 2 229 930 төгрөгийн үнийн дүн /хөнгөлөлттэй/ бичигдсэн байх ба эдгээрт талуудын актаар баталгаажуулснаас бусдыг нь хариуцагчаас хохиролд тооцон нэхэмжилсэн нь үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаас актаар тогтоосон хэмжээний буюу 1 304 630 төгрөгийн /262 890+1 041 740/ хэмжээнд тооцох үндэслэлтэй байна./хх-ийн 21/

 

Тодруулбал, гэрээг цуцалж байгаа тохиолдолд нэхэмжлэгч тал уг автомашиныг буцаан авч, дахин өөр этгээдэд түрээслүүлэх нөхцөл байдал үүсэх ба уг машины актаар тогтоосноос бусад техникийн хэвийн байдлыг хангах үүрэг нь нэхэмжлэгчид байх бөгөөд комьютер засвар, оношлогоо, дугуй солих засвар үйлчилгээний зардлыг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн нь үндэслэлгүй юм.

 

Харин хариуцагч Н.С нь дутуу төлсөн 10 хоногийн түрээсийн төлбөрт 250 000 төгрөг, торгуульд төлсөн 71 2,00 төгрөг, нийт 320 000 төгрөгийг төлөхөөр тайлбар гаргаж байх тул дээрх шаардлагыг хангах үндэслэлтэй.

 

Харин нэхэмжлэгч нь хариуцагч Ш.Цгээс баталгааны гэрээ байгуулсан үндэслэлээр дээрх төлбөрийг хариуцуулахаар шаардсан нь үндэслэлгүй бөгөөд Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.1-т үүрэг гүйцэтгэгчийн хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар гуравдагч этгээд үүрэг гүйцэтгүүлэгчид баталгаа гаргаж болно гэж, мөн хуулийн 234.4-т үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг баталгаа гаргагчаас үл маргах журмаар шаардана. гэж заажээ.

 

Эдгээрээс үзэхэд нэхэмжлэгч нь баталгаа гаргагчаас ямар хэмжээний үүрэг шаардаж байгаа нь тодорхойгүй, түүнчлэн хариуцагч Н.Саас төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн тул хариуцагч Ш.Цд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Дээрхээс дүгнэхэд нэхэмжлэлийн шаардлагаас засварт зарцуулсан 1 304 630 төгрөг, түрээсийн дутуу төлбөрийн 250 000 төгрөг, торгуулийн 71 200 төгрөг, нийт 1 624 630 төгрөгөөс барьцааны 400 000 төгрөгийг хасаж тооцож, үлдэгдэл 1 224 630 төгрөгийг хариуцагч Н.Саас гаргуулан нэхэмжлэгч УБТТС олгож, илүү нэхэмжилсэн 806 500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1, 312.4, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Саас 1 224 630 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчУБТТС ХХК-д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 806 500 төгрөгийн шаардлагыг, хариуцагч Ш.Цд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 49 369 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Саас улсын тэмдэгтийн хураамжинд 33 941 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч УБТТС ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ