Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2021/01676

 

 

 

 

 

 

 

 

 

У т т с ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШШ2021/01840 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч У т т с ХХК-ийн хариуцагч Н.С, Ш.Ц нарт холбогдуулан гаргасан санхүүгийн түрээсийн гэрээний үүрэгт 2 151 130 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Н.Сын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чимэд, хариуцагч Н.С, хариуцагчийн өмгөөлөгч Ө.Одончимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Стай 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр санхүүгийн түрээсийн гэрээ байгуулсан. Уг гэрээгээр компани нь Н.Ст 13-70 УНР улсын дугаартай Хьюндай аксент маркийн автомашиныг такси үйлчилгээний зориулалтаар ашиглуулахаар шилжүүлж, Н.С нь тогтсон хугацаанд автомашиныг түрээслэж, түрээсийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд бүрэн төлснөөр автомашиныг өөрийн өмчлөлд шилжүүлэн авах эрх, үүргийг тус тус хүлээсэн. Гэрээ нь 33 сар буюу 2 жил 9 сарын хугацаатай, 14 000 000 төгрөгийг, 2 хувийн хүүтэйгээр байгуулагдсан. Түрээсийн төлбөрийг 1 сарыг ажлын 22 хоногоор тооцож, сард 550 000 төгрөг буюу өдрийн 25 000 төгрөгийг түрээсийн төлбөрт төлдөг байсан. Хариуцагч Ш.Ц нь Н.Стай байгуулсан санхүүгийн түрээсийн гэрээний үүргийг Н.С биелүүлэхгүй бол өөрийн хөрөнгөөр санхүүгийн түрээсийн гэрээний үүргийг гүйцэтгэхээр манай компанитай баталгааны гэрээ байгуулсан. Түрээслэгч нь гэрээний хугацаанд түрээсийн төлбөрийн 10 хоногийн 250 000 төгрөгийн төлбөртэй болсон учраас гэрээний 11.2.1-т зааснаар 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр автомашиныг хүлээн авах акт үйлдээд автомашиныг түр хураан авч, түрээслэгчид түрээсийн төлбөрөө төлөх 30 хоногийн хугацаа олгосон. Уг хугацаанд хариуцагч түрээсийн төлбөрөө нэг ч төлөөгүй учраас 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр гэрээг цуцалж, дуусгавар болгосон. Нэхэмжлэгч гэрээний хугацаанд түрээсийн төлбөрийн үлдэгдэл төлбөр 250 000 төгрөг, засварын төлбөрийн үлдэгдэл 1 365 430 төгрөг, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн торгууль 71 200 төгрөг, сэлбэгийн төлбөр 864 500 төгрөг, нийт 2 551 130 төгрөгийн төлбөртэй болсон байгаагаас түүний барьцаанд байршуулсан 400 000 төгрөгийг засварын төлбөрөөс хасаж тооцоод 2 151 130 төгрөгийг хариуцагч нараас нэхэмжилсэн. Шүүх хуралдааны явцад 120 000 төгрөгийн засвар давхардсан учраас нэхэмжлэлийн шаардлагаа 120 000 төгрөгөөр багасгаж, нийт 2 031 130 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү. Дээрх төлбөрүүдийг Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1, 312.4, 315 дугаар зүйлийн 315.1, 227 дугаар зүйлийн 227.1 Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх авахад эвдрэл гэмтэлтэй, замасктай автомашин байсан, 4 дугуй нь дөрвүүлээ өөр автомашин би хүлээж авсан. Автомашиныг хүлээж авахад ямар нэгэн явах эд ангийн болон комьпютерийн оношилгоонд оруулаагүй. Одоо надаас машины өр төлбөр, засварын мөнгө гэх нэхэмжилсэн байна. Хүлээж авсан автомашинаа тэр хэвээр нь буцааж өгсөн. Нийтийн тээвэрт явж байгаа автомашин мэдээж хариуцагч компанийн баталгаат засварын төвөөр орж үйлчлүүлдэг. Мөн хэргийн 14, 15, 29 дүгээр талд Н.Сын У т т с ХХК-аас машиныг хүлээж авсан, хүлээлгэн өгсөн баримт авагдсан. Н.Сын өмнөх жолооч машинаа хүлээлгэж өгсөн тэр тэмдэглэл дээр Н.Сын буцаагаад машин хүлээлгэж өгөхөд байсан яг тэр эвдрэл нь тэр хэвээр байгаа. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, харин барьцааны 400 000 төгрөгөөс торгууль болон түрээсийн дутуу төлбөрийг суутгаж авахыг хүлээн зөвшөөрнө, бусад хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1, 312.4, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Саас 1 224 630 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч У т т с ХХК-д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 806 500 төгрөгийн шаардлагыг, хариуцагч Ш.Цд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 49 369 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Саас улсын тэмдэгтийн хураамжинд 33 941 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч У т т с ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагч Н.С давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Тухайн 13-70 УНР дугаартай автомашинд засвар, үйлчилгээ хийсэн баримтгүй байхад үндэслэлгүйгээр 1 224 630 төгрөг нэхэмжилсэн. Өмнөх жолоочоос мөн адил засвар үйлчилгээний мөнгө нэхэмжилж авсан ч засвар хийгдээгүй. Энэ талаар нотолгоо байхгүй. Автомашиныг хүлээж авахад эвдрэл, гэмтэлтэй байсан. Энэ талаар нотлох баримт байхад шүүх үнэлээгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч У т т с ХХК нь хариуцагч Н.С, Ш.Ц нарт холбогдуулан санхүүгийн түрээсийн гэрээний үүрэгт төлбөр 250 000 төгрөг, засварын зардал 1 365 430 төгрөг, замын хөдөлгөөний дүрмийн зөрчлийн торгууль 71 200 төгрөг, сэлбэг 864 500 төгрөг, нийт 2 551 130 төгрөгөөс барьцаанд үлдээсэн 400 000 төгрөгийг суутгаж, үлдэх 2 151 130 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хх1-2/

 

Талууд 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Автомашины санхүүгийн түрээсийн гэрээ байгуулж, уг гэрээгээр түрээслүүлэгч У т т с ХХК нь БНСУ-ын Хьюндай компанид 2011 онд үйлдвэрлэгдсэн Элентра маркийн KMNTDT41BABU218501 арлын дугаар бүхий суудлын автомашиныг түрээслэгч Н.Ст 1 сарын 550 000 төгрөгөөр, 33 сарын хугацаатай түрээслүүлэх, уг хугацаа дуусахад өмчлөх эрхийг шилжүүлэх нөхцлийг харилцан тохиролцсон байна. /хх6-8/

 

Гэрээний хуваарийн дагуу мөнгийг төлж дууссан тохиолдолд тээврийн хэрэгсэл нөгөө талын өмчлөлд шилжих талаарх энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

 

Дээрх гэрээний зүйлийг хариуцагч Н.С нь 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээлгэн өгсөн үйл баримт хэргийн 13-15 дахь талд авагдсан Автомашин хүлээлцэх акт гэсэн баримтаар тогтоогдсон ба талууд энэ талаар маргаагүй. Талууд гэрээнээс татгалзаж, гэрээний зүйл болох автомашиныг буцаасан байна.

Харин гэрээний зүйл болох автомашинд гэмтэл гарсны улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан эсэх нь маргааны зүйл болжээ.

 

Хариуцагч Н.С гэрээний дагуу төлбөр төлөх үүргээ зөрчсөнтэй холбогдуулан талууд гэрээг цуцалж, нэхэмжлэгч автомашиныг буцаан авсан үйл баримт талуудын тайлбар, автомашин хүлээлцэх актаар тогтоогдож байна. Гэрээ цуцлагдсантай холбоотойгоор учирсан хохирлын хүрээнд торгуулийн төлбөрт төлсөн 70 000 төгрөгийг хариуцагч Н.Саас гаргуулж шийдвэрлэсэн нь зөв байх боловч автомашины засварт зарцуулсан 1 304 630 төгрөгийг гаргуулж шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлээгүй байна.

 

Тодруулбал, хариуцагч Н.С нь гэрээний зүйл болох автомашиныг 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр буцаан хүлээлгэн өгөх үед их биений гадна сэвний тэмдэглэгээ хэсэгт дурдсан ...1.зүүн хормой... гэмтэл нь 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр автомашиныг хүлээн авах үед ...зүүн хормой хонхойсон... гэсэн байдлаар тусгагдсан байгааг анхан шатны шүүх анхаараагүй байна. Иймд энэхүү эвдрэл гэмтлийг хариуцагч гэрээний зүйлд учруулсан гэж үзэх боломжгүй байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээний зүйлийг хүлээн авах актад тусгагдсан 6 төрлийн эвдрэл гэмтлээс урд крылоны хаалт 63 000 төгрөг, хөөсөнцөр 49 000 төгрөг, урд тэвш 350 000 төгрөг, урд нүүр 70 000 төгрөг, торгуульд төлсөн 70 000 төгрөг, 10 хоногийн түрээсийн дутуу төлбөр 250 000 төгрөг, нийт 852 000 төгрөгийн бодит хохирлын зардлаас хариуцагчийн дэнчинд төлсөн 400 000 төгрөгийг хасч /хх 15, 17, 22, 38-39/, үлдэх 452 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шүүхийн шийдвэрийн 1 дэх заалтад өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШШ2021/01840 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг ...Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 264 дүгээр зүйлийн 264.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Саас 452 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч У т т с ХХК-д олгож, үлдэх 2 099 130 төгрөг болон хариуцагч Ш.Цд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай. гэж, 2 дахь заалтын ...33 941 төгрөг... гэснийг ...14 210 төгрөг... гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч Н.Сын давж заалдах журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 49 368 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Д.ЦОГТСАЙХАН