Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 982

 

 

 

 

 

 

    2020             8               6                                        2020/ДШМ/982

 

 

    М.Б-т холбогдох эрүүгийн

         хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Н.Батсайхан, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Х.Онолт,

шүүгдэгч М.Б-ийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 2020/ШЦТ/575 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Б-ийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн М.Б-т холбогдох эрүүгийн 2008013520468 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржгин овгийн Маамын Б-, 19.. оны .. дугаар сарын 27-ны өдөр Дундговь аймгийн Өлзийт суманд төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, ................, Ашигт малтмал газрын тосны газарт мэргэжилтэн ажилтай, ам бүл ............ хамт ..................... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ....................../;

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2001 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 62 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.3-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, жирийн дэглэмтэй хорих ангид ял эдэлсэн.

М.Б- нь Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Саппорогийн урд талын зам дээр 2020 оны 3 дугаар сарын 8-ны өдрийн 18 цагийн үед иргэн Х.Б-ийн нүүрэн тус газарт гараараа цохин түүний биед дээд уруулын дотор салстын шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл, баруун дээд 1 дүгээр шүдний хугарал гэмтэл буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: М.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч М.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.300.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.Б-т оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар М.Б- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт хавсарган ирүүлсэн хохирогч Х.Б-ийн гавал тархины, 2020 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн огноотой рентген зураг бүхий нэг ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсарган үлдээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Х.Б- нь тус гэмт хэргийн улмаас цаашид гарах хохирол, хор уршгийн зардлыг нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж  шийдвэрлэжээ.

Шүүгдэгч М.Б-ийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... 1. Өмгөөлөгч би, “Шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг мөрдөн шалгах ажиллагаагаар бүрэн тогтоогоогүй, нотлох баримт болгож байгаа Гэмтэл согог судлалын рентген дүрс зургийг хэрэгт хавсаргасан баримтгүй, хуульд заасны дагуу бэхжүүлээгүй. Хохирогч өөрөө эмнэлгээс авсан зургаа сидинд буулгаж мөрдөгчид өгсөн, үүнийг шинжээч уншиж чадаагүй. Иймд нотлох баримтаар үнэлэгдэлгүй орхигдсон. Хавтас хэргийн 3 дугаар талд байгаа шуурхай удирдлагын лавлагааны хуудсанд “Х.Б-ийн биед ил харагдах гэмтэл, шарх байгаагүй” гэсэн тэмдэглэл байдаг. 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 3410 дугаартай дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй. Шүүхийн шинжилгээний тухай хууль, шинжилгээ хийх журам, Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасан заалтыг зөрчсөн. Шинжлүүлэгчийн эрүүл мэнд сарниагүй, ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдаагүй, ямар нэгэн зовиур, эмнэл зүйн шинж илрээгүй, жижиг /биеийн нийт гадаргуугийн 1 хувиас илүүгүй/ зулгаралт үүсээгүй, зөөлөн эдийн няцралийн үед гэмтлийн зэрэг тогтоохгүй ба шинжээч зөвхөн гэмтлийн шинж байдал, түүнийг үүсгэсэн хүчин зүйл, хугацааг тодорхойлно гэж заасан. Хохирогч гэмтэл авсны дараа эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн зүйлгүй. 2 сарын дараа эмчилгээний баримт бүрдүүлж өгсөн нь эргэлзээтэй. Дахин шинжилгээгээр эргэлзээтэй нөхцөл байдал байхад шинжээчээс мэдүүлэг аваагүй. Учир нь, 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 523 дугаартай дүгнэлтээр урьд нь тогтоогдоогүй шинэ гэмтэл шүдний хугарлыг тогтоосон. Шүүх хуралдаанд шинжээч нар шинжлэх ухааны үндэслэлтэй болон хэрэгт ач холбогдолтой талаас, оролцогчдод ойлгомжтой тайлбарлаж чадаагүй зүйл нь 11 болон 1 дүгээр шүдний ялгаа. Олон улсын стандарт, Монгол улсын стандарт гэж юу байдаг юм, эрх зүйн баримт бичиг, актыг үндэслээгүй нь эргэлзээтэй. Сиди бичлэгийг үзэхэд шүдний хөндлөн хугарал нь энгийн нүдээр харахад ойлгогдохгүй байна. Дахин шинжээч томилоод тогтоох шаардлагатай байж гэх дүгнэлтэд хүрч байна. Хөнгөн гэмтэл учирсан нь тогтоогдохгүй бол шүүгдэгчийг яллах үндэслэл байхгүй гэж шүүхэд мэтгэлцсэн үндэслэлийг шүүх хүлээж аваагүй нь шүүх хэргийн бодит байдлыг тал бүрээс нь бүрэн хянаж шалгаж ямар нэгэн эргэлзээгүй байдлыг тогтоох үүргийг хангаагүй гэж үзэж байна.

2. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад улсын яллагчаас хэрэгт авагдаагүй, баримтыг заасан “хэрэгт цугларсан баримтын хүрээнд рентген зураг, томографийн зургийг хохирогчийн зүгээс мөрдөгчид гаргаж өгсөн учраас түүнийг үндэслэн шинжээч дүгнэлт гаргасан” гэсэн дүгнэлтийг үндэслэсэн юм. Мөрдөн шалгалтын явцад хохирогчоос “хоёр ширхэг фото зураг, шүдний томографикийн зураг гэж гаргаж өгсөн, түүнийг мөрдөгч хүлээн авсан тэмдэглэл үйлдэж бэхжүүлсэн, сиди-г шинжээч уншиж чадаагүй болон энэ баримтыг хаанаас, хэнээс гаргуулан авсан, мөрдөгч яагаад үзлэг хийгээгүй талаар хохирогч, улсын яллагч тайлбарлаагүй бөгөөд томографикийн зургийг авахуулсан гэж хохирогч мэдүүлж байсан боловч шүүхэд гаргаж өгөөгүй билээ.

3. Шүүхээс “шинжээчийн дүгнэлт гаргах үндэслэл болсон бусад эх сурвалж баримт байх тул шинжээчийн дүгнэлтэд хавсарган ирүүлснийг хууль зөрчиж цуглуулсан гэж үзэхгүй” гэсэн шинжээч нотлох баримтыг хаанаас, хэнээс гаргуулан авсан, яагаад хохирогчийн мөрдөн шалгах ажиллагаанд гаргаж өгсөн сиди-г нотлох баримтад үнэлэхгүй талаар үндэслэл бүхий дүгнэлт гараагүй нь ойлгомжтой. Шинжээчийн 523 дугаартай дүгнэлтэд хохирогчийн гаргаж өгсөн “хохирогчийн рентген зургийг сиди уншуулахад” гэж бичсэн нь шүүхийн хийсэн дүгнэлтээс өөр байгаа, өөрийн өгсөн сиди мөн эсэхэд эргэлзсэн байдалтай байсан. Шүүхийн үзэж байгаагаар шинжээч энэхүү сидиг “дүгнэлт”-д хавсаргасан гэсэн дүгнэлт бодит байдалтай тохирохгүй, зөрүүтэй байгаа нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхэд “мэдэгдээгүй” хуурамч нотлох баримт гарч ирсэн гэх үндэслэл байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч, прокурор, хэргийн оролцогчид энэхүү сиди-нд үзлэг хийж бэхжүүлж аваагүй гэж үзэхээр байна.

4. Шүүхээс “хохирогчид учирсан гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн 3420 дугаартай, бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 523 дугаартай дүгнэлтүүд, хохирогчийн “... 11 дүгээр шүдний ёзоор хэсгээр хөндлөн хугаралтай”, “баруун дээд 1 дүгээр шүдний хугарал” гэж шинжээч нар өөр өөрөөр дүгнэсэн, шүүх хуралдаанд оролцсон шинжээч Т.Амартүвшин, С.Чулуунсүх нараас 11, баруун дээд 1 дүгээр шүд гэдэг нь нэг шүд, Олон улсын нүүр ам судлалын томъёогоор баруун дээд 1 дүгээр шүдийг 11 дүгээр шүд гэж томъёолдог, харин хууль зүйн хувьд бусдад ойлгомжтой болгох үүднээс шүдийг нар зөв дагуу тоолдог бөгөөд баруун дээд үүдэн шүдийг 1 дүгээр шүд гэж нэрлэдэг талаар тайлбарласан боловч “нотлох баримтын эх сурвалжаа заагаагүй байхад шүүх тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан дүгнэлтийг үгүйсгэх, няцаах үндэслэл гэж үзсэн нь учир дутагдалтай, эргэлзээтэй гэж үзнэ.

5. Шүүх “мөн Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасан гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй бөгөөд “шарх” гэмтэл нь тус заалтад хамаарахгүй тул энэ талаар гаргасан өмгөөлөгчийн дүгнэлт үндэслэлгүй юм” гэсэн дүгнэлт нь хэт нэг талыг барьсан Шүүхийн шинжилгээний тухай хуулийн дагуу томилогдсон шинжээч нар Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн А/216/422 дугаартай тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2 дугаар зүйлийн 2.6-д “Шинжлүүлэгчийн эрүүл мэнд сарниагүй, ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдаагүй, ямар нэг зовиур, эмнэл зүйн шинж илрээгүй, жижиг  /биеийн нийт гадаргуугийн 1 хувиас илүүгүй/ зулгаралт, цус хуралт, мөн цус хуралт, зулгаралт үүсээгүй зөөлөн эдийн няцралын үед гэмтлийн зэрэг тогтоохгүй ба шинжээч зөвхөн гэмтлийн шинж байдал, түүнийг үүсгэсэн хүчин зүйл, цаг хугацааг тодорхойлно”, 4 дүгээр зүйлийн 13 /Зөөлөн эд/ “Биеийн нийт гадаргуугийн 1 хувь хүртэлх талбайг хамарсан” Тайлбар: “Биеийн нийт гадаргуугийн 1 хувь гэж шинжлүүлэгчийн гарын алгатай адил хэмжээг ойлгоно” гэснийг тус тус зөрчиж гаргасан байхад шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзнэ. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв. 

            Прокурор Х.Онолт тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч М.Б- нь хохирогч Х.Б-ийн биед халдсан үйл баримт нь хэрэгт авагдсан баримтууд болон хохирогч, гэрч нарын мэдүүлгээр нотлогдон тогтоогдсон. Хохирогчийн биед халдсан үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 3410 дугаартай шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон. Энэ дүгнэлтийг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гомдол гаргасан. Хүсэлтийн дагуу дахин шинжээч прокуророос томилсны дагуу 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 523 дугаартай шинжээчийн дүгнэлт гарсан. Уг хоёр дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь тогтоогдсон. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс нэгдүгээр шүдний хугарал гэх гэмтэл өмнөх дүгнэлтэд дурдагдаагүй байтал дараагийн дүгнэлтэд тусгагдсан байгааг эргэлзээтэй гэж үзээд байна. Шүүх хуралдаанд уг дүгнэлтүүдийг гаргасан шинжээч Амартүвшин болон Чулуунсүх нар оролцож мэдүүлэг өгсөн. Нэгдүгээр шүдний хугарлыг өмнөх дүгнэлтэд яагаад дурдаагүй болохоо тайлбарлахдаа “өмнөх дүгнэлтийг гаргах үед өгсөн рентген зураг чанарын шаардлага хангахгүй байсан. Дахин шинжээч томилох үед баримтуудыг дахин гаргаж өгсөн учраас нотлох баримтуудад үндэслэж нэгдүгээр шүдний хугарал гэх гэмтлийг тогтоосон” гэсэн байдаг. Мөн 11 болон 1 дүгээр шүд гэдэг нь нэг шүдийг хэлж байгаа юм гэдэг. Иймд ямар нэгэн эргэлзээ байхгүй. Шүүгдэгч М.Б-ийн үйлдсэн гэмт хэрэг нь хавтас хэрэгт авагдсан баримтаар хангалттай тогтоогдсон тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

            Шүүгдэгч М.Б- нь Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Саппорагийн урд талын зам дээр 2020 оны 3 дугаар сарын 8-ны өдрийн 18 цагийн үед хохирогч Х.Б-той маргалдаж, улмаар нүүрэн тус газар гараараа цохиж, эрүүл мэндэд нь дээд уруулын дотор салстын шарх, зөөлөн эдийн няцрал, баруун дээд 1 дүгээр шүдний хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

            хохирогч Х.Б-ийн “Би 2020 оны 3 дугаар сарын 08-ны өдөр 18 цагийн үед Саппорагийн урд төв зам дээр зүүнээс баруун тийш өөрийн машинтайгаа ганцаараа явж байгаад зүүн гар тийш эргэхийг хориглосон зам дээр урд талын зам руу эргэж ороход хоёрдугаар эгнээнээс нэгдүгээр энгээ рүү шилжиж орох үед 20-10 улсын дугаартай машины жолооч Б- нь миний машины урдуур машинтайгаа орж ирж хашиж зогссон. Машинаасаа бууж ирээд миний машин дээр ирэхээр нь юу ярих гэж байгаа бол гэж бодоод цонхоо онгойлгоход “чи яах гээд миний урдуур дайраад байгаа юм бэ” гэж хэлээд шууд миний нүүр рүү гараа атгаж байгаад нэг удаа цохьсон. Цохиулсны дараа буйлснаас цус гарсан. ...” /хх 9/,

            гэрч Н.Баасансүрэнгийн “... нөхөр Б-ийн хамт 18 цагийн үед гэрээсээ гараад 10 дугаар хороолол орох ажилтай явж байсан. Нөхөр машинаа бариад Саппорагийн урд зам дээр явж байхад саарал өнгийн суудлын тэрэг манай машины урдуур урсгал сөрж гарч ирээд хөндлөн явахад манай нөхөр машинаа хажуу тийш нь дараад сигналдахад уг машины жолооч манай нөхөр рүү салаавч гаргасан. Нөхөр машинаа зогсоож, аваараа татаад машинаасаа бууж уг машин дээр очоод хоорондоо юм ярьж байсан. Би машин дотроосоо хараад сууж байхад машины жолооч нь манай нөхөр рүү салаавч гаргахад нөхөр тэр залуугийн толгой руу нь нэг удаа цохьсон. Би машиныхаа цонхыг онгойлгоод Б-ийг явъя гэж дуудсан” /хх 12/,

            яллагдагч М.Б-ийн “...Би 2020 оны 3 дугаар сарын 8-ны өдрийн 18 цагийн үед машинаа унаад Саппорагийн урд зам дээр баруунаас зүүн тийш чиглэлтэй гуравдугаар эгнээнд явж байхад миний урд талд явж байсан машин тоормослоод зогссон. Би хоёрдугаар эгнээ рүү ороход саарал өнгийн суудлын тэрэг эргэхийг хориглосон туслах замаар урсгал сөрж орж ирээд миний урд хөндөлссөн. Цастай байсан учир миний машин гулгаад би баруун гар тийш нь дарж нэгдүгээр эгнээ рүү буюу автобусны буудал руу орж зогссон. Би тэр машин руу чигналдахад жолооч нь над руу салаавч гаргахаар нь машинаас бууж уг жолооч дээр очоод “яаж байгаа юм бэ” гэж хэлэхэд “чи машинаа аваад зайл” гэсэн. Би тэр залууд хандаж “би эхнэртэйгээ явж байна, чамайг мөргөөд гэмтээчихвэл яах юм бэ, эсвэл би эхнэртэйгээ гэмтвэл яах юм бэ” гэхэд миний урдаас хараалын үг хэлээд салаавч гаргаад, ясыг чинь цайруулна гэж хэлэхээр нь би тэр залууг баруун гараараа толгой руу нь нэг удаа цохьсон /ёворсон/. Тэр залуугийн амнаас нь бага хэмжээний цус гарсан харагдаж байсан” /хх 44/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 3420 дугаартай актын “...Х.Б-ийн биед дээд уруулын дотор салстын шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой” гэсэн дүгнэлт /хх 18-19/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч нарын 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 523 дугаартай хэргийн материалаар хийсэн дүгнэлтийн “...Х.Б-ийн биед дээд уруулын дотор салстын шарх, зөөлөн эдийн няцрал, баруун дээд 1 дүгээр шүдний хугарал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Урьд гаргасан хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 3420 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна” /хх 33-35/ гэх дүгнэлт зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

            Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч оролцогч нарыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч М.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч М.Б-ийн хүч хэрэглэсний улмаас хохирогч Х.Б-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор шүүгдэгч М.Б-т 1300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.300.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, учруулсан хор хохирол, хувийн байдал нь тохирчээ.

Шүүгдэгч М.Б-ийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатараас “...биеийн нийт гадаргуугийн 1 хувиас илүүгүй зулгаралт үүссээгүй, зөөлөн эдийн няцралын үед гэмтлийн зэрэг тогтоох ёсгүй. Хохирогч нь гэмтэл авсны дараа 2 сарын дараа баримт гаргаж өгсөн нь эргэлзээтэй. 11 болон 1 дүгээр шүдний аль нь гэмтсэн болохыг тогтоогоогүй. Хохирогчийн гаргаж өгсөн гэх рентген болон томографийн зургийг хэрэгт бэхжүүлээгүй зэргээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэсэн утга агуулгатай давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах хууль зүйн боломжгүй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Учир нь, Анхан шатны шүүх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын мэтгэлцээнийг үндэслэн дүгнэлт гаргасан шинжээчдийг оролцуулж, дүгнэлтийнх нь талаар тайлбарлуулж, хэрэгт авагдсан нотлох баримтуудтай харьцуулан дүгнэж, “11 болон 1 дүгээр шүд нь баруун дээд үүдэн нэгдүгээр шүдийг болохыг, анхны дүгнэлтээр тухайн шүд нь хүрэхэд эмзэглэлтэй гэж тэмдэглэсэн байсныг, дүгнэлтээр тогтоогдсон гэмтэл нь гэмт хэрэг үйлдэгдэх үед үүсэх боломжтой болох”-ыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд заасан журмын дагуу нотлох баримтыг шалгаж үнэлж, шүүгдэгч М.Б-ийг гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдэрлэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 2020/ШЦТ/575 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Б-ийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөл сөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 М.АЛДАР

ШҮҮГЧ                                                                                    Н.БАТСАЙХАН

ШҮҮГЧ                                                                        Б.ЗОРИГ