Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 0575

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч    Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичиг Ц.Долгормаа хөтлөн,

улсын яллагч Д.Ганчимэг,

хохирогч Х.П,

шүүгдэгч М.Б, өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 2674/,

шинжээч Т.Амартүвшин, С.Чулуунсүх нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

Б овогт Мын Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ... дугаартай, нэг хавтас хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт Мын Б нь Монгол Улсын иргэн, 1982 оны 02 дугаар сарын 27-нд Дундговь аймгийн Өлзийт суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “Ашигт малтмал газрын тосны газарт гэрээт ажилтнаар ажилладаг, ам бүл 5, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, ... тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал:

-Сүхбаатар дүүргийн шүүхийн 2001 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 62 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн  3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, Говьсүмбэр аймаг дахь Сум дундын шүүхийн 2002 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 102 дугаар шийдвэрээр 10 сар 02 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнссэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосон (РД:...).

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

М.Б нь Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Саппоро”-гийн урд талын авто зам дээр 2020 оны 3 дугаар сарын 08-ны өдөр 18 цагийн үед иргэн Х.Пийн нүүрэн тус газарт гараараа цохиж, түүний биед дээд уруулын дотор салстын шарх, зөөлөн эдийн няцрал, баруун дээд 1-р шүдний хугарал гэмтэл буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч, шинжээч нарын өгсөн мэдүүлэгт:

1.Шүүгдэгч М.Б мэдүүлэхдээ: Мөрдөгч хэргийн материалыг бүрдүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулийг зөрчсөн. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд болсон процессыг ярихад миний хэлснээр биш харин дэс дараалал, логик зэргийг алдаатай буулган бичиж, түүнийгээ нотлох баримтаар тогтоож миний эрхийг зөрчсөн.

2020 оны 3 дугаар сарын 08-ны өдрийн 17-18 цагийн орчимд эхнэрийн хамт нэгдүгээр хорооллын замаар “Саппоро-гийн урд талын автобусны буудлын харалдаа замд машинаа жолоодон явж байхад миний машины урдуур мөнгөлөг саарал өнгийн машин хурдтай орж ирсэн. Би сандарч, юу болж байгааг ойлгоогүй. Тухайн үед миний гэр бүл, Х.П болон автобусны буудал дээр байсан хүмүүс, нэгдүгээр эгнээний хүмүүст аюултай байдал үүссэн. Би самбаачилсан тулдаа осол гараагүй. Би машинаасаа буугаад осол гарсан эсэхийг шалгахад Х.П намайг гудамжны үгээр доромжилж, “сэгээ аваад зайл” гэсэн. Би “чи ямар хариуцлагагүй юм бэ” гээд түүний үйлдлээс үүдэн гарах эрсдлийг тайлбарласан. Барьцалдаж авсан зүйл байхгүй. Х.П ямар байсан бэ гэвэл нүүр нь цайж, уруул ам нь омголтсон, сандарсан байсан хэрнээ үг үйлдлээрээ намайг доромжилсон. Надад олны нүдэнд доромжлуулах сайхан санагдаагүй. Би ичсэн. Яагаад гэхээр Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөд Х.П орж ирчихээд намайг доромжилж ясыг чинь цайруулна” гэсэн. Би “чи ямар учиртай юм бэ” гэхэд над руу салаавч гаргахаар нь би гарыг нь цохисон. Нүүрэн тус газарт нь цохиогүй. Шүд гэмтэх хэмжээгээр цохиогүй. Удалгүй цагдаа нар ирж зам чөлөөл гэсэн шаардлага тавьсан. Цаг үеийн байдалтай холбогдуулан, цар тахалын үед ам руугаа салаавч хийлгүүлээд зогсох надад таатай байгаагүй. “Энэ миний ам руу цохьчихлоо, миний амнаас цус гарч байна” гэж хэлсэн. Цагдаагийн үүдэнд байхад Х.П “энэ залуу намайг гэндүүлж байгаад цохичихлоо, би энийг дийлнэ шүү дээ” гэх байдлаар онгирч байсан. Мөрдөгч Эрдэнэ-Очирын өрөөнд Х.П тэс ондоо зүйл ярьсан. Биеэ авч явж байсан байдал нь анх зам дээр байсан байдал, түүний цагдаа нарын дэргэд байсан нь тэс өөр байсан. Арайхийж амь аврагдсан мэт хоолой ам нь чичрээд, жүжиглэж эхэлсэн. Мөрдөгч намайг загнасан. Тэгээд намайг гарч бай гээд гаргаад, дараа нь дуудсан. Мөрдөгч надад “Х.П гомдол, саналгүй гээд явья, гэхдээ нэг санал тавьж байна, сая цагдаад торгуулсан байна, тус мөнгийг нь төлвөл гомдолгүй” гэж байна гэсэн. Би мөрдөгчид Х.Пийн биеэ авч яваа байдал болон хэргийн процессыг хараад, түүнийг дүгнэхэд бусдыг өдөж, хатгаж, шоглодог хүн байна, ямар нэг эрсдэл гарах вий гэж хэлсэн. Би Монгол Улсын иргэний үүргээ гүйцэтгэсэн. Хавтаст хэрэг хууль зөрчигдөж авсан учраас л би энэ талаар яриад байгаа юм. Прокурорын уншсан яллах дүгнэлт хуульд нийцээгүй, үндэслэлгүй. Яагаад гэвэл эрх мэдлээ урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгож, бусадтай үгсэн тохиролцож, нотлох баримтыг хуурамчаар цуглуулж, бусдыг гүтгэсэн нотлох баримт шүүгчийн урд байна гэж хэлэх гэсэн юм. Нотлох баримттайгаар ярихад би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдээгүй. Би гэмт хэрэг хийгээгүй гэдгээ прокурорт гурван  удаа хэлэхэд “шүд нь унасан” байна гэх нөгөө зүйлээ хэлсэн гэв.

            2.Хохирогч Х.П мэдүүлэхдээ: 2020 оны 3 дугаар сарын 08-ны өдөр “Саппоро”-гийн “Миний дэлгүүр”-ээс эхнэртээ торт, цэцэг авчихаад Гурвалжингийн гүүр рүү явах гээд машинтайгаа буцаж эргэхдээ М.Бтэй таарсан. Тэгээд М.Б машиныхаа урдуур оруулаагүй. Тэгэхээр нь би “чи ямар сүртэй юм” гэх байдлаар загнасан. М.Бийн ярьж байгаа шиг сунжирсан зүйл болоогүй. 30 секундын үйл явдал болсон. Тэгээд М.Б машинаасаа бууж ирэхэд нь би цонхоо онгойлготол маш омогтой бууж ирээд намайг цохисон. Би “уурлахаар зүйл болоогүй байхад чи ямар ууртай юм бэ, би цагдаа дуудлаа” гэхэд чи дууд гэж хэлсэн. Үйл явдал удаан болоогүй, маш хурдан болсон. М.Б машинаасаа бууж ирээд л шууд намайг цохисон. Цагдаа ирээд бичиг баримт хурааж аваад Сонгинохайрхан дүүргийн цагдаа дээр аваачсан.

            М.Б худлаа яриад байна. М.Бийн хажууд нь байсан. Мөрдөгч Эрдэнэ-Очирын өрөөнд “цохисон нь миний буруу, би буруугаа хүлээж байна” гэж хэлсэн атал өнөөдөр шал өөр худал зүйл яриад байна. Ийм зүйл байж болохгүй. Би М.Бийн ам руу ёвроогүй. Ийм хүмүүжил надад байхгүй. Цагдаагийн хэлтэст М.Б мөрдөгчийг ирээгүй байхад “чи яах гээд байгаа юм, надаас мөнгө авах гээд байгаа юм уу” гэсэн. Би хариу дуугараагүй, нэг ч үг хэлээгүй. Намайг “ямар шазууртай юм бэ” гэж хэлсэн. Удалгүй мөрдөгч Эрдэнэ-Очир ирээд шүүх эмнэлэгт үзүүлэх бичиг хийж өгөөд би шүүх эмнэлэгт үзүүлсэн. Хэд хоногийн дараа М.Б над руу залгаад “гомдол саналгүй гээд бичээд өгөөч, миний буруу” гэхээр нь “миний шийддэг асуудал биш, мөрдөгч, цагдаа нартай ярьж байгаад болъё” гээд мөрдөгчтэй ярихад “хэрэг нээгдсэн, явдаг журмаараа явна” гэсэн. Үүний дараа би дахиж М.Бтэй яриагүй. Тэгээд мөрдөгч над руу яриад дахиад шинжилгээ хийлгэхээр боллоо, дүгнэлт гарахаар ирж танилцаарай гэсэн. Дараа нь надад хөнгөн гэмтэл тогтоогдсон гэж хэлсэн. Тэр үед миний шүд идээлээд бондойчихсон байхаар нь гайхаад эмнэлэгт үзүүлэхэд надад дараа нь янзлуулж болно гэсэн. Имплант шүд хийнэ гэсэн. Би холбогдох баримтаа авсан. М.Б болсон процессоос 80-90 хувийг нь худлаа ярилаа. Би бас байсан шүү дээ. Ёвроход шүд унана гэж байхгүй шүү дээ. Миний нүүрэнд М.Б маш хүчтэй цохисон. Тухайн үед эрүү хүртэл сонин болсон. Хохиролд 50.000 төгрөг мөрдөгч Эрдэнэ-Очироор дамжуулж авсан гэв.

3.Шинжээч Т.Амартүвшин мэдүүлэхдээ: Би 2020 оны 3 дугаар сарын 08-ны өдөр үзлэг хийгээд дүгнэлтээ 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдөр гаргасан. Хохирогчийн зовиур нь шүд хөндүүртэй, уруул язарсан шархтай. Хэсэг газрын үзлэгт дээд талын уруулын баруун тал хавдсан, дотор салтад 1х8х3 см шархтай, үүдэн дээд шүд хүрэхэд эмзэглэлттэй, хөдөлгөөнгүй. Эрүүний зүүн булан эмзэглэлттэй байсан. Гэрэл зураг болон Сиди ирүүлсэн. Нарийн дүрс оношилгооны эмчид үзүүлэхэд сиди нь уншигдахгүй байсан. Мөн ирүүлсэн зургаар дүгнэлт хийх боломжгүй байсан. Гэмтэл нь нэг удаагийн цохилтоор үүсэх боломжтой. Урдаасаа ирж байгаа учраас цохилтын хүч эрүүний уг руу, цаашлаад тархиндаа нөлөөлөх боломжтой.

Олон улсын стандартаар баруун дээд 1 дүгээр шүдийг 11 дүгээр шүд гэж томъёолдог. Эдгээр нь 1, 11 гэж нэрлэж байгаа боловч нэг шүдийг хэлж байгаа юм. Бид хууль зүйн хувьд ойлгомжтой болгохыг тулд 1 дүгээр шүд гэж томьёолдог. Баруун дээд 1 дүгээр шүд гэдэг нь үүдэн дээд 1-р шүд юм. Шүдийг нар зөв дагуу дугаарладаг. Би хохирогчийг тухайн үед үзэхэд баруун дээд 1-р шүд нь эмзэглэлтэй байсан.

Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6 дугаар зүйлд “шинжлүүлэгчийн эрүүл мэнд сарниагүй, ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдаагүй, ямар нэг зовиур, эмнэл зүйн шинж илрээгүй, жижиг, биеийн нийт гадаргуугийн 1 хувиас илүүгүй зулгаралт, цус хуралт, мөн цус хуралт, зулгаралт үүсээгүй зөөлөн эдийн няцралын үед” гэмтлийн зэрэг тогтоохгүй гэж заасан. Хүний биеийн 1 хувийг гарын алганы хэмжээгээр ойлгоно. Олон Улсын батлагдсан дүрмээр гарын алганы хэмжээг хүний биеийн нэг хувь гэж үздэг. Шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д хамаарахгүй. Шарх гэдэг бол арьсны бүх давхаргыг хамарсан учраас 28 хоногт эдгэрдэг гэмтэл юм. Хохирогчид учирсан гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Хэсэг газрын гэмтэл хүнд цаанаа үйл ажиллагааны дутагдалд оруулдаг юм гэв.

4. Шинжээч С.Чулуунсүх мэдүүлэхдээ: Олон улсын нүүр ам судлал, шүдний томьёо гэж байдаг. Бүрэлдэхүүнтэй шинжээчид дүгнэлт гаргахдаа, миний бие хохирогчийн шүдний зураг буюу 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдөр авахуулсан зургийг си ди-нд буулгасныг уншсан. Гавал ясны хоёр байрлал бүхий рентген зураг байсан. Тухайн зургийг харахад 11 дүгээр шүд буюу баруун дээд 1-р шүд нь ёзоор хэсгээрээ хөндлөн хугаралтай байсан. Хугарал нь бүтцийн алдагдал үүсгэдэг. Шүдний хугарал орохгүйгээр гэмтлийн зэрэг өөрчлөгдөхгүй. Шинжээч Т.Амартүвшингийн гаргасан дүгнэлт үндэслэлтэй. Тухайн үед учирсан, бидний дүгнэлтэд тусгагдсан зовиур нь илэрсэн байсан. Олон Улсын стандартаар баруун дээд 1-р шүдийг 11 дүгээр шүд гэж томъёолдог тул 11, 1 дүгээр шүд гэдэг нь нэг шүдийг хэлж байгаа бөгөөд, өөр өөр шүд биш юм гэв.

Хоёр. Эрүүгийн ... дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан нотлох баримтууд:

1. Хохирогч Х.Пийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдөр өгсөн:

“...Би 2020 оны 3 дугаар сарын 08-ны өдөр 18 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, “Саппоро”-гийн урд төв зам дээр зүүнээс баруун тийш өөрийн машинтайгаа ганцаараа явж байгаад зүүн гар тийш эргэхийг хориглосон зам дээр урд талын зам руу эргэж ороход хоёрдугаар эгнээнээс нэгдүгээр эгнээ рүү шилжиж орох үед 21-10 улсын дугаартай машины жолооч Б нь миний машины урдуур машинтайгаа орж ирж хашиж зогссон. Машинаасаа бууж ирээд миний машин дээр ирэхээр нь юу ярих гэж байгаа юм бол гэж бодоод цонхоо онгойлгоход “чи яах гээд миний урдуур дайраад байгаа юм бэ” гэж хэлээд шууд миний нүүр рүү гараа атгаж байгаад нэг удаа цохисон. Цохиулсны дараа буйлнаас цус гарсан. Тэгээд би цагдаагийн тусгай дугаар 102 руу залгаж дуудлага өгсөн. Удалгүй замын цагдаа ирээд миний бичиг баримтыг хурааж авсан. Мөн хэв журмын цагдаа ирж Б бид хоёрыг цагдаагийн хэлтэс дээр авч ирсэн. Б гэх залуу миний машины урдуур орлоо, зам тавьж өгсөнгүй гэх шалтгаанаар намайг цохисон. Миний дээд уруулын дотор  тал нь язарсан. Эрүү угаараа хөндүүрлэж байсан. Би “Элит бридж” шүдний эмнэлэгт очиж шүдний зураг 10.000 төгрөгөөр авахуулсан. Шүүх эмнэлэгт 8000 төгрөгөөр үзүүлсэн. Би гоо сайхны эмнэлэгт уруулаа үзүүлнэ. Гарсан зардлыг нэхэмжилнэ. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9 дүгээр тал),

2. Гэрч Н.Баасансүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 3 дугаар сарын 08-ны өдөр өгсөн:

“...нөхөр Бийн хамт 18 цагийн үед гэрээсээ гараад 10 дугаар хороолол орох ажилтай явж байсан. Нөхөр машинаа бариад “Саппоро”-гийн урд зам дээр явж байхад саарал өнгийн суудлын тэрэг манай машины урдуур урсгал сөрж гарч ирээд хөндлөн явахад манай нөхөр машинаа хажуу тийш нь дараад сигналдахад уг машины жолооч манай нөхөр рүү салаавч гаргасан. Нөхөр машинаа зогсоож, аваараа татаад машинаасаа бууж уг машин дээр очоод хоорондоо юм ярьж байсан. Би машин дотроосоо хараад сууж байхад машины жолооч нь манай нөхөр рүү салаавч гаргахад нөхөр тэр залуугийн толгой руу нь нэг удаа цохисон. Би машиныхаа цонхыг онгойлгоод Бийг явъя гэж дуудсан.

Манай нөхөр Б 1982 онд Дундговь аймгийн Өлзийт суманд төрсөн. Эхээс гурвуулаа, айлын том хүүхэд ба, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Ашигт малтмал газрын тосны газарт мэргэжилтэн ажилтай. Б жаахан түргэн зантай, огцом ууртай, сайн чанар нь хүнд тусархуу, найз нөхөд, хамт олныхоо дунд нэр хүнд сайтай. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дугаар тал),

3. Шүүгдэгч М.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдөр өгсөн:

“...Би 2020 оны 3 дугаар сарын 08-ны өдрийн 18 цагийн үед машинаа унаад “Саппоро”-гийн урд зам дээр баруунаас зүүн тийш чиглэлтэй гуравдугаар эгнээнд явж байхад миний урд талд явж байсан машин тоормослоод зогссон. Би хоёрдугаар эгнээ рүү ороход саарал өнгийн суудлын тэрэг эргэхийг хориглосон туслах замаар урсгал сөрж орж ирээд миний урд хөндөлссөн. Цастай байсан учир миний машин гулгаад би баруун гар тийш нь дарж 1-р эгнээ рүү буюу автобусны буудал руу орж зогссон. Би тэр машиныг сигналдахад жолооч нь над руу салаавч гаргахаар нь машинаас бууж уг жолооч дээр очоод “яаж байгаа юм бэ” гэж хэлэхэд “чи машинаа аваад зайл” гэж хэлсэн. Би тэр залууд хандаж “би эхнэртэйгээ явж байна, чамайг мөргөөд гэмтээчихвэл яах юм бэ, эсвэл би эхнэртэйгээ гэмтвэл яах юм, чи ямар хариуцлагагүй, болгоомжгүй үйлдэл гаргаж байгаа юм бэ” гэж хэлэхэд миний урдаас хараалын үг хэлээд, над руу салаавч гаргаад, ясыг чинь цайруулна гэж хэлэхээр би тэр залууг баруун гараараа толгой руу нь нэг удаа цохисон /ёворсон/. Тэр залуугийн амнаас нь бага хэмжээний цус гарсан харагдаж байсан. Би Пийн биед гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрөхгүй байна. Хүн гэмтээх санаа зорилгоор цохиогүй. П миний урдаас баруун гараараа салаавч гаргаад миний ам руу хийх гээд байхаар нь би баруун гарын шуугаараа гарыг нь цохиод давхар нүүр рүү ёворсон. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 44 дүгээр тал),

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 3420 дугаартай дүгнэлтэд:

Хэсэг газрын үзлэгт: Дээд уруулын баруун тал хавдсан, дотор салстад 1.0х0.8х0.4 см язарсан шархтай, үүдэн дээд баруун 1-р шүд хүрэхэд эмзэглэлтэй, хөдөлгөөнгүй, эрүүний зүүн буланд дарахад эмзэглэлтэй.

2020.3.09-ны өдрийн гэмтлийн бичигт Онош: Уруулын шарх.

Ирүүлсэн СД шаардлага хангахгүй байна.

Дүгнэлт: “...Х.Пийн биед дээд уруулын дотор салстын шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой. /Шинжээч эмч Т.Амартүвшин/...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 18-19 дүгээр тал),

5. Шинжээч Т.Амартүвшингийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр өгсөн:

“...Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэдэг нь дөрвөн долоо хоног дотор бүрэн эдгэрэх гэмтэл юм. Х.Пийн биед учирсан дээд уруулын дотор салстын шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Иргэн Х.Пийн үзлэгт үүдэн дээд баруун 1-р шүд хүрэхэд эмзэглэнэ, хөдөлгөөнгүй, эрүүний зүүн буланд дарахад эмзэглэлтэй байсан. Х.Пийн авч ирсэн шүдний фото зураг шаардлага хангахгүй (дүгнэлт гаргахад) байсан. СД-г уншуулж үзэхэд бичлэггүй хоосон байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24 дүгээр тал),

6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчдийн 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 523 дугаартай дүгнэлтэд:

Болсон хэргийн товч: Яллагдагч М.Б нь Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Саппорогийн урд талын авто зам дээр 2020 оны 3 дугаар сарын 08-ны өдөр 18 цагийн үед иргэн Х.Пийн нүүрэн тус газарт гараараа цохиж, түүний биед дээд уруулын дотор салстын шарх, зөөлөн эдийн няцрал, баруун дээд 1-р шүдний хугарал гэмтэл буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан. ... гэж дурьджээ.

Хохирогчийн рентген зургийн СД-г уншуулахад: 2020-03-03-ний гавал ясны хоёр байрлалын рентген зургаар гавал яс, эрүү, хамар ясанд гэмтэлгүй, таславч мурийлтгүй, 11-р шүдний ёзоор хэсгээр хөндлөн хугаралтай харагдана.

Дүгнэлт: “...Х.Пийн биед дээд уруулын дотор салстын шарх, зөөлөн эдийн няцрал, баруун дээд 1-р шүдний хугарал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн  нөхцөлд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт  хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. Урьд гаргасан хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 3420 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Ирүүлсэн баримтаас үзэхэд Х.П нь архаг хууч өвчингүй байна. /Шинжээч эмч Ө.Сарангэрэл, Ч.Эрдэмболор, С.Чулуунсүх/...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 33-35 дугаар тал),

7. Хохирогч Х.Пийн хохирол, хор уршгийн зардал нэхэмжилсэн баримтууд (хавтаст хэргийн 63-68 дугаар тал),

8. 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн хохирогч Х.Поос “... хоёр ширхэг гэрэл зураг, нэг ширхэг Си Ди” хавсаргуулахаар...” өгснийг хүлээн авсан тухай мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 62 дугаар тал), гэрэл зураг (хавтаст хэргийн 67 дугаар тал),

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд:

            9. Шүүгдэгч М.Бийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 49 дүгээр тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн  55 дугаар тал), Сүхбаатар дүүргийн шүүхийн 2001 оны 62 дугаар таслан шийдвэрлэх тогтоол (хавтаст хэргийн 57-60 дугаар тал), Говь-Сүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 2020 оны 12 дугаарс сарын 06-ны өдрийн 102 дугаартай  М.Бийг “10 сар 2 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллах тухай” шийдвэр (хавтаст хэргийн 59 дүгээр тал), суллагдсан тодорхойлолт (хавтаст хэргийн 60 дугаар тал), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 50 дугаар тал), түүний нэр дээр тээврийн хэрэгсэл бүртгэлтэй тухай лавлагаа (хавтаст хэргийн 51 дүгээр тал), 2019 оны 10 дугаар сараас 2020 оны 02 дугаар сар хүртэлх хугацааны Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт (хавтаст хэргийн 52 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Бээс шинжээчдийн 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 523 дугаартай дүгнэлтийг нотлох баримтаас хасуулах тухай саналыг гаргасан ба, бусад оролцогчдоос шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд М.Бт холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.

Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

1.Гэм буруугийн талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгч М.Б нь Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Саппорогийн урд талын авто зам дээр 2020 оны 3 дугаар сарын 08-ны өдөр 18 цагийн үед иргэн Х.Пийн нүүрэн тус газарт гараараа цохиж, түүний биед дээд уруулын дотор салстын шарх, зөөлөн эдийн няцрал, баруун дээд 1-р шүдний хугарал гэмтлийг учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай.

Хэрэгт цугларсан баримтын хүрээнд рентген зураг, томографикийн зургийг хохирогчийн зүгээс мөрдөгчид гаргаж өгсөн учраас түүнийг үндэслэн шинжээч дүгнэлт гаргасан.  Мөн шуурхай удирдлагын дуудлагын мэдээлэл лавлагааны хуудсанд ил харагдах гэмтэл, шархгүй гэх асуудлын тухайд мөрдөгч ам доторх гэмтлийг тогтоох боломжгүй. Хохирогчид учирсан гэмтлийг ил шарх, гэмтэл гэж үзэхгүй. Эхний шинжээчийн дүгнэлтийг үнэлэлгүй, сүүлийн дүгнэлтийг үндэслэж яллах дүгнэлтдээ тусгагдсан гэмтлүүдийг дурдсан. Гэхдээ эхний шинжээчийн дүгнэлт ерөнхийдөө үндэслэлтэй. 1  дүгээр шүдэнд дарахад хавдартай, эмзэглэлтэй талаар тодорхой бичсэн, хэлсэн. Рентген зургийг уншаагүй учраас байгаа шархын хүрээнд гаргасан гэдэг. Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгчийг эрхийг хангасан. Шүүгдэгч нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримт, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцүүлэгдсэн баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон” гэсэн дүгнэлтийг;

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар шүүгдэгчийг цагаатгах байр суурьтай оролцохоо илэрхийлж, дүгнэлтдээ “Шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг мөрдөн шалгах ажиллагаагаар бүрэн тогтоогоогүй. Нотлох баримт болгож байгаа Гэмтэл согог судлалын рентген дүрс зургийг хэрэгт хавсаргасан баримтгүй, хуульд заасны дагуу бэхжүүлээгүй. Хохирогч өөрөө эмнэлгээс авсан зургаа Сидинд буулгаж мөрдөгчид өгсөн, үүнийг шинжээч уншиж чадаагүй. Иймд нотлох баримтаар үнэлэгдэлгүй орхигдсон. Хавтаст хэргийн 3 дугаар талд байгаа шуурхай удирдлагын лавлагааны хуудсанд “Х.Пийн биед ил харагдах гэмтэл, шарх байгаагүй” гэсэн тэмдэглэл байдаг. 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 3410 дугаартай дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй. Шүүхийн шинжилгээний тухай хууль, шинжилгээ хийх журам, Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасан заалтыг зөрчсөн. Шинжлүүлэгчийн эрүүл мэнд сарниагүй, ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдаагүй, ямар нэг зовиур, эмнэл зүйн шинж илрээгүй, жижиг /биеийн нийт гадаргуугийн 1 хувиас илүүгүй/ зулгаралт, цус хуралт, мөн цус хуралт, зулгаралт үүсээгүй зөөлөн эдийн няцралын үед гэмтлийн зэрэг тогтоохгүй ба, шинжээч зөвхөн гэмтлийн шинж байдал, түүнийг үүсгэсэн хүчин зүйл, хугацааг тодорхойлно гэж заасан. Шинжээч нар няцрал гэж заасан. Хохирогч гэмтэл авсны дараа эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн зүйлгүй. 2 сарын дараа эмчилгээний баримт бүрдүүлж өгсөн нь эргэлзээтэй. Дахин шинжилгээгээр эргэлзээтэй нөхцөл байдал байхад шинжээчээс мэдүүлэг аваагүй. Учир нь 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 523 дугаартай дүгнэлтээр урьд нь тогтоогдоогүй шинэ гэмтэл шүдний хугарлыг тогтоосон. Шүүх хуралдаанд шинжээч нар дүгнэлтээ шинжлэх ухааны үндэслэлтэй болон хэрэгт ач холбогдолтой талаас, оролцогчдод ойлгомжтой тайлбарлаж чадаагүй зүйл нь 11 болон 1 дүгээр шүдний ялгаа. Олон улсын стандарт, Монгол Улсын стандарт гэж юу байдаг юм, эрх зүйн баримт бичиг, актыг үндэслээгүй нь эргэлзээтэй. Си ди бичлэгийг үзэхэд шүдний хөндлөн хугарал нь энгийн нүдээр харахад ойлгогдохгүй байна. Дахин шинжээч томилоод тогтоолгох шаардлагатай байж гэх дүгнэлтэд хүрч байна. Хөнгөн гэмтэл учирсан нь тогтоогдохгүй бол шүүгдэгчийг яллах үндэслэл байхгүй. Иймд шүүхийн шатанд гэм бурууг тогтоож, хэргийг шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байна гэсэн дүгнэлтийг гаргаж мэтгэлцэв.

            Мөн шүүгдэгч М.Б нь хүний биед гэмтэл учрах хэмжээний, санаатай цохиогүй, шинжээчийн дүгнэлтийг зөвшөөрөхгүй гэж гэм буруугийн талаар маргасан.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр оролцуулах шаардлагатай оролцогч нарыг оролцуулан хэргийг хянан хэлэлцэж, шүүгдэгч М.Бийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Хэргийн үйл баримтаар шүүгдэгч М.Б, хохирогч Х.П нар нь 2020 оны 3 дугаар сарын 08-ны өдрийн 18 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт зүүнээс баруун чиглэлд Саппорогийн урд талын авто замд тус тус тээврийн хэрэгсэл жолоодон явж байсан байх ба, Шүүгдэгч М.Б нь миний машины урдуур орлоо, зам тавьж өгсөнгүй гэх шалтгаанаар иргэн Х.Пийн нүүрэн тус газарт гараараа цохиж, түүний эрүүл мэндэд дээд уруулын дотор салстын шарх, зөөлөн эдийн няцрал, баруун дээд 1 /11/-р шүдний хугарал бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт нь:

-хохирогч Х.Пийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 3 дугаар сарын 08-ны өдөр 18 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, Саппорогийн урд төв зам дээр зүүнээс баруун тийш өөрийн машинтайгаа ...явж байгаад зүүн гар тийш эргэхийг хориглосон зам дээр урд талын зам руу эргэж ороход 2-р эгнээнээс 1-р эгнээ рүү шилжих үед 21-10 улсын дугаартай машины жолооч Б нь миний машины урдуур машинтайгаа орж ирж хашиж зогссон. Машинаасаа бууж ирээд миний машин дээр ирэхээр нь юу ярих гэж байгаа юм бол гэж бодоод цонхоо онгойлгоход “чи яах гээд миний урдуур дайраад байгаа юм бэ” гэж хэлээд шууд миний нүүр рүү гараа атгаж байгаад нэг удаа цохисон. Цохиулсны дараа буйлнаас цус гарсан. ...Б гэх залуу миний машины урдуур орлоо, зам тавьж өгсөнгүй гэх шалтгаанаар намайг цохисон. Миний дээд уруулын дотор  тал нь язарсан. Эрүү угаараа хөндүүрлэж байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9 дүгээр тал) болон түүний шүүхийн  хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэлд),

-гэрч Н.Баасансүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...нөхөр Б машинаа бариад Саппорогийн урд зам дээр явж байхад саарал өнгийн суудлын тэрэг манай машины урдуур урсгал сөрж гарч ирээд хөндлөн явахад манай нөхөр машинаа хажуу тийш нь дараад сигналдахад уг машины жолооч манай нөхөр рүү салаавч гаргасан. Нөхөр машинаа зогсоож, ...бууж уг машин дээр очсон. ...жолооч нь манай нөхөр рүү салаавч гаргахад нөхөр тэр залуугийн толгой руу нэг удаа цохисон. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дугаар тал),

-шүүгдэгч М.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:

“...2020 оны 3 дугаар сарын 08-ны 18 цагийн үед машинаа унаад Саппорогийн урд зам дээр баруунаас зүүн тийш чиглэлтэй 3-р эгнээнд явж байхад миний урд талд явж байсан машин тоормослоод зогссон. Би 2-р эгнээ рүү ороход саарал өнгийн суудлын тэрэг эргэхийг хориглосон туслах замаар урсгал сөрж орж ирээд миний урд хөндөлссөн. ...тэр машиныг сигналдахад жолооч нь над руу салаавч гаргахаар нь машинаас бууж уг жолооч дээр очоод “яаж байгаа юм бэ” гэж хэлэхэд “чи машинаа аваад зайл” гэж хэлсэн. ...над руу салаавч гаргаад, ясыг чинь цайруулна гэхээр нь би тэр залууг баруун гараараа толгой руу нь нэг удаа цохисон /ёворсон/. Тэр залуугийн амнаас нь бага хэмжээний цус гарсан харагдаж байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 44 дүгээр тал),

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 3420 дугаартай дүгнэлт  (хавтаст хэргийн 18-19 дүгээр тал),

-Шинжээч Т.Амартүвшингийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 24 дүгээр тал) болон түүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэлд),

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчдийн 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 523 дугаартай “...Х.Пийн биед дээд уруулын дотор салстын шарх, зөөлөн эдийн няцрал, баруун дээд 1-р шүдний хугарал гэмтэл тогтоогдлоо. ...гэмтэл нь тухайн болсон хэргийн  нөхцөлд үүссэн байх боломжтой. ...гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт  хамаарна. ...Урьд гаргасан хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 3420 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 33-35 дугаар тал), шинжээч С.Чулуунсүхийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэлд) гэрэл зураг (хавтаст хэргийн 67 дугаар тал), хэрэгт ирүүлсэн бичлэг бүхий компакт диксийг судалсан зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Б нь мөрдөгч нотлох баримтыг хууль зөрчиж цуглуулсан, мөн шинжээчдийн 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 523 дугаартай дүгнэлтийг нотлох баримтаас хасуулах тухай хүсэлт гаргасныг,

-шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “шинжээчдийн дүгнэлт” үндэслэлгүй, шүүх хуралдаанд судалсан рентген зураг бүхий бичлэгийг мөрдөгч хэрэгт нотлох баримтаар цуглуулаагүй, хэрэгт хавсаргаж шүүхэд ирүүлсэн зөрчилтэй, шинжээчийн 3420 дугаартай дүгнэлтийг зөвшөөрөхгүй, 523 дугаартай дүгнэлт нь шинэ гэмтэл шүдний хугаралын талаар дүгнэсэн боловч шинжээч үндэслэлээ тайлбарлаж чадаагүй гэх зэрэг үндэслэлүүдээр хэргийг хэрэгсэхгүй болгож шүүгдэгчийг цагаатгах тухай дүгнэлт гаргасныг шүүх дараах тус тус үндэслэлээр хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэсэн. Үүнд:

Шүүгдэгч М.Б нь мөрдөн шалгах ажиллагаанд шинжээчийн 3420 дугаартай дүгнэлтийг эс зөвшөөрч дахин дүгнэлт гаргуулах хүсэлт гаргасныг хүлээн авч, бүрэлдэхүүнтэй шинжээчдийг томилсон, бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 523 тоот  дүгнэлтээр хохирогч Х.Пийн эрүүл мэндэд учирсан гэмтэл нь хөнгөн зэргийн гэмтэл болохыг баталж тогтоосон байна. Харин өмгөөлөгчөөс тус дүгнэлтийн хэргийн материалаас хэсэгт “...11-р шүдний ёзоор хэсгээр хөндлөн хугаралтай” гэсэн, харин дүгнэлт хэсэгт хохирогчийн “баруун дээд 1-р шүдний хугарал” гэж дүгнэснийг зөрчилтэй гэж үзсэн ба, шүүх хуралдаанд оролцсон шинжээч Т.Амартүвшин, С.Чулуунсүх нараас 11, баруун дээд 1 дүгээр шүд гэдэг нь нэг шүдийг хэлж байгаа талаар, улмаар Олон улсын нүүр ам судлалын томъёогоор баруун дээд 1-р шүдийг 11-р шүд гэж томьёолдог, харин хууль зүйн хувьд бусдад ойлгомжтой болгох үүднээс шүдийг нар зөв дагуу тоолдог бөгөөд баруун дээд үүдэн шүдийг 1-р шүд гэж нэрлэдэг талаар тайлбарласан тул шинжээчийн 523 тоот дүгнэлтийг зөрчилтэй, хууль зөрчсөн гэж үзэхгүй. Мөн өмгөөлөгчөөс шинжээчийн 3420 дугаар дүгнэлтэд тусгагдаагүй шинэ гэмтлийг шинжээчдийн 523 тоот дүгнэлтэд шинээр тогтоосон гэх ба, хэрэгт авагдсан шинжээчийн 3420 тоот дүгнэлтэд “хэсэг газрын үзлэгт баруун дээд 1-р шүд эмзэглэлтэй” гэсэн, харин Си ди шаардлага хангахгүй байна гэх талаар дурдаж, гэмтлийн зэргийг дүгнэн гаргасан, харин шинжээчдийн 523 тоот дүгнэлтийг гаргах үед хохирогч Х.П нь өмнөх Си Ди уншигдахгүй байна гэсэн учраас дахин шинээр Си Ди-нд рентген зургийг буулгаж хэрэгт өгсөн талаар мэдүүлэх ба, бүрэлдэхүүнтэй шинжээчдэд рентген зургийг гаргаж өгсөн, Си Ди-г дүрс оношилгооны эмч С.Чулуунсүх уншсан, уг Си Ди бичлэгийг үзэж дүгнэлтийг гаргасан байх бөгөөд мөн шүүх хуралдаанд шинжээч С.Чулуунсүх нь шинжээчдийн 523 тоот дүгнэлтийн үндэслэл болсон, хэрэгт хавсарган ирүүлсэн Си Ди бичлэгийг үзэж, талуудад баруун дээд 1-р шүдний хөндлөн хугарлыг рентген зураг дээр зааж, тайлбарлан мэдүүлсэн бөгөөд, шинжээчийн 3420 тоот дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзсэн, шүдний гэмтлийн талаар дурдсан байсан, харин шинжээчдийн 523 тоот дүгнэлтэд бичлэгийг үзэж, хөндлөн хугарлыг тодорхойлон тусгасан гэж мэдүүлсэн зэргээр шинжээчдийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан 3420, 523 тоот дүгнэлтийг үгүйсгэх, няцаах үндэслэл тогтоогдоогүй, нотлох баримтаас хасах үндэслэлгүй байна.

Мөн Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэгт тогтоох журмын 2.6-д заасан гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаардаггүй бөгөөд “шарх” гэмтэл нь тус заалтад хамаарахгүй тул энэ талаар гаргасан өмгөөлөгчийн дүгнэлт үндэслэлгүй юм.

Хохирогч Х.Пийн хэрэгт ирүүлсэн рентген зургийг буулгасан Си Ди нь хэрэгт эд мөрийн баримтаар бус, харин шинжээчийн дүгнэлт гаргах үндэслэл болсон бусад эх сурвалж баримт байх тул шинжээчийн дүгнэлтэд хавсарган ирүүлснийг хууль зөрчиж цуглуулсан гэж үзэхгүй. Түүнчлэн шүүгдэгч М.Б нь мөрдөн шалгах ажиллагаанд цуглуулсан, эрүүгийн хэрэгт авагдсан баримтууд нь хууль зөрчиж цуглуулсан гэж маргах боловч энэ нь бусад баримтаар тогтоогдоогүй тул шүүгдэгч М.Бийг цагаатгах үндэслэлгүй байна.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл ба, шүүгдэгч М.Б нь хохирогч Х.Пийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч М.Бийг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасан.

Шүүгдэгч М.Б нь хохирогч Х.Пийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байх ба хохирогч Х.П 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Тархины судасны үзлэг оношилгоо 40.000 төгрөгөөр, эмчилгээ 60.000 төгрөгөөр /хх63/, 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр “Төгс ялгуун” эмнэлэгт үзлэг зөвлөгөө 10.000 төгрөгөөр /хх63/, “Элит бридж” ХХК-ний “Top Dent” эмнэлэгт 2020 оны 3 дугаар сарын 9-ний өдөр 11-р шүдний рентгенд 10.000 төгрөг /хх63/ хийлгэсэн зэрэг нийт 120.000 төгрөгийн баримтыг хэрэгт ирүүлж, нэхэмжилсэн ба, үүнээс мөрдөн шалгах ажиллагааны явцад М.Б нь 50.000 төгрөгийг нөхөн төлсөн байх тул үлдэх 70.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох үндэстэй байна.

Шүүхээс шүүгдэгч М.Бийг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэр гарсаны дараа шүүгдэгч нь хохирлоо нөхөн төлөх шалтгаанаар завсарлага авах хүсэлт гаргасан, шүүх түүний хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдааныг завсарлуулсан ба, энэ хугацаанд шүүгдэгч М.Б нь хохирогч Х.Пид 80.000 төгрөгийг нөхөн төлсөн болох нь мөнгө хүлээлгэн өгсөн тухай тэдний үйлдсэн бичгээр тогтоогдсон. Иймд шүүгдэгч М.Б нь хохирогч Х.Пид энэ тогтоолоор  төлөх төлбөргүй байна.

Харин хохирогч Х.Пийн эрүүл мэндэд учирсан гэм хор арилаагүй байх тул  хохирогч нь тус гэмт хэргийн улмаас цаашид гарах хохирол, хор уршгийн зардлыг нотлох баримтыг  бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тогтоолд дурдаж шийдвэрлэв.

2. Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ “Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, өмнө нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан хувийн байдал, хохирлыг өнөөдөр төлсөн, гэм буруу дээрээ маргасан зэргийг нь харгалзан шүүгдэгч М.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.300.000 төгрөгөөр ял оногдуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар дүгнэлтдээ “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулах ялын хэмжээг багасгаж, 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү. Хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй, шүүгдэгч гэм буруугаа ойлгож байгаа, хэрвээ ялыг нь  хөнгөрүүлвэл түүний цаашдын амьдралд нөлөөлнө” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Шүүгдэгч М.Б нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Сүхбаатар дүүргийн шүүхийн 2001 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 62 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн  3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, Говьсүмбэр аймаг дахь Сум дундын шүүхийн 2002 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 102 дугаар шийдвэрээр 10 сар 02 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнссэн суллагдсан байх ба, ялын хугацаа дууссан, хуульд зааснаар түүнд нэмж нэгтгэх ялгүй байна.

Шүүхээс шүүгдэгч М.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүхээс шүүгдэгч М.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, нөгөө талаас тодорхой эрхэлсэн ажилтэй зэргийг харгалзан түүнд 1300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.300.000 төгрөгөөр торгох ял шийтгэх, шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгч М.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв. 

Харин өмгөөлөгчийн шүүгдэгчид оногдуулах торгох ялын хэмжээг багасгах тухай дүгнэлтийг гаргасан боловч гэм хор арилаагүй, улсын яллагчийн санал болгосын ялын хэмжээг багасгах нөхцөл тогтоогдоогүй тул шүүх хүлээн авах боломжгүй гэж үзсэн болно. 

3. Бусад асуудлаар

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт хавсарган ирүүлсэн нэг ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсарган үлдээж, тус хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч М.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Б овогт Мын Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бийг 1300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.300.000 (нэг сая гурван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бт оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хуульд заасан 90 (ер) хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт хавсарган ирүүлсэн хохирогч Х.Пийн гавал тархины, 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн огноотой рентген зураг бүхий нэг ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсарган үлдээсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь зааснаар хохирогч Х.П нь тус гэмт хэргийн улмаас цаашид гарах хохирол, хор уршгийн зардлыг нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч М.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт эрх бүхий этгээд нь давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч М.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.АЛТАНТУЯА