Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 183/ШШ2021/01904

 

2021 оны 09 сарын 08 өдөр                           Дугаар 183/ШШ2021/01904                             Улаанбаатар хот

 

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн ................. тоотод байрлах, ҮХОБ ХХК /рд:0000000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн ............. тоотод байрлах, А ХХК /рд:0000000/,

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн .............. тоотод байрлах, ОХУ-ын Д ХХНийгэмлэг /рд:000000000/ нарт холбогдох,

Д ХХН болон А ХХК нарын хооронд 2014 оны 5 дугаар сард байгуулагдсан №001/05-2014 дугаартай “Орон сууцны барилгад хөрөнгө оруулах гэрээ”-ний шаардах эрх ҮХОБ ХХК-д шилжсэн болохыг тогтоолгож, Сүхбаатар дүүргийн ............ 1, 2, 3 тоот, улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэгдсэн, 990 м.кв талбай бүхий орон сууцны барилгын өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг бүрдүүлж өгөхийг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.С, хариуцагч А ХХК-ийг итгэмжлэлгүй төлөөлөх эрхтэй этгээд болох А.Э, хариуцагчийн өмгөөлөгч Д.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч ҮХОБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэгдүгээр шаардлагын тухайд, ОХУ-ын “Д” ХХН-ийн 100 хувь охин компани болох "А” ХХК-ийн манай банктай байгуулсан 2015 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 1 000 000 000 төгрөгийн зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 63 974 445,41 төгрөг, зээлийн хүү 9 336 225.99 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 832 368,33 төгрөг, нийт 75 143 069,73 төгрөг, 2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 330 000 еврогийн ЭХ-15/012 тоот зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 330 000 евро, зээлийн хүү 88 077,93 евро, нэмэгдүүлсэн хүү 14 529,40 евро, нийт 432 607,33 евро буюу 1 269 408 340,57  төгрөг, 2015 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 1 000 000 000 төгрөгийн ГБ-15/001 тоот Банкны гүйцэтгэлийн баталгааны гэрээний шимтгэл 19 068 493,15 төгрөг, нийтдээ гурван гэрээний үүрэгт 1 363 619 903,45  төгрөгийн өглөгийг төлөөгүй. Улмаар ҮХОБ ХХК нь Д ХХН-тай 2015 оны 12 дугаар сарын шаардах эрх шилжүүлэх гэрээ байгуулж, тус гэрээгээр А ХХК-тай байгуулсан 2014 оны 5 дугаар сарын 001/05-2014 тоот “Орон сууцны барилгад хөрөнгө оруулах гэрээ”-ний бүхий л шаардах эрхийг шилжүүлэхээр, банк зээлийн болон баталгааны өр, төлбөрөө тооцон шилжүүлэн авч буй шаардах эрхийнхээ хүрээнд үлдэгдэл хөрөнгө оруулалтыг хийж гүйцэтгэн, Хөрөнгө оруулалтын гэрээнд заасан Тын өмчлөх эрхийг өөрийн нэр дээр шилжүүлэн авахаар, эрх шилжүүлэгч нь энэхүү гэрээний хэрэгжих хугацаанд банктай байгуулсан дээрх гэрээнүүдийн дагуу төлөх өр төлбөрөө төлж барагдуулсан тохиолдолд банк шилжүүлэн авсан шаардах эрхээ эрх шилжүүлэгчид буцааж өгөхөөр тус тус тохиролцсон. Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.6-д "Шаардах эрхийг шинэ үүрэг гүйцэтгүүлэгчид шилжүүлснээр түүнтэй холбоотой бусад эрх болон түүнийг хангах арга нэгэн зэрэг шилжинэ ” гэж заасан. Дээрх үндэслэлийн дагуу “ҮХОБ” нь шаардах эрх шилжүүлэх гэрээний 2.6-д заасан буцаах нөхцөл байхгүй болсон тул гэрээний дагуу авсан зээл, өр төлбөрийг барагдуулахаар шаардах эрхийг бүрэн шилжүүлэн авч хэрэгжүүлэх эрхтэй юм. Гэтэл шаардах эрх бүрэн шилжсэн талаар хариу ирүүлэхгүй цааргалсаар байсан тул бидний зүгээс Д ХХН-ийн удирдлагатай уулзаж, майл, албан бичгээр шаардлагыг удаа дараа хүргүүлсэн, Орос улсад очиж уулзаж байсан. Иймд ҮХОБ болон Д ХХН-ийн хооронд 2015 оны 12 дугаар сард байгуулагдсан “Шаардах эрх шилжүүлэх” гэрээний дагуу Д ХХН болон А ХХК-ийн хооронд байгуулагдсан 2014 оны 5 дугаар сарын 001/05-2014 тоот “Орон сууцны барилгад хөрөнгө оруулах гэрээ”-ний бүхий л шаардах эрх ҮХОБ ХХК-д бүрэн шилжсэн болохыг тогтоож шийдвэрлэж өгнө үү. Хоёрдугаар шаардлагын тухайд, А ХХК болон ОХУ-ын Д ХХН нарын байгуулсан 2014 оны 5 дугаар сард №001/05-2014 дугаар “Орон сууцны барилгад хөрөнгө оруулах, орон сууцны барилгад хувь эзэмших гэрээ”-ээр Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн ........ хаягт байрлах нийт 1769,99 м.кв талбайтай 1, 2, 3, 4, 5, 6 тоот бүхий орон сууцны хотхоны зургаан Тны барилгад Д ХХК хөрөнгө оруулах, мөн нэмэлт гэрээгээр хөрөнгө оруулагч нь хөрөнгө оруулах объектын барилгыг ашиглалтад оруулсны дараа нийт 884,995 кв.м талбай бүхий нийт гурван Тыг эсвэл таунхасуудын нийт талбайн 50% болон холбогдох газрыг зохих бүртгэлийн байгууллагуудад өмчлөн авч бүртгүүлсний дараа хамтран хөрөнгө оруулагч талд өмчлөлийг шилжүүлэн өгөх үүрэг хүлээсэн. Энэхүү Орон сууцны барилгад хөрөнгө оруулах гэрээ цуцлагдсан тул дундын өмчлөлийн эд хөрөнгийг хуваах асуудал үүснэ. Энэхүү хуваах асуудлаас үүдэж, тухайн эд хөрөнгөөс өөрт оногдох хэсгээ шилжүүлэн авах хүсэл зориг илэрхийлэгдсэн гэж үзэж байна. Тухайн баригдаж буй барилгын газар нь А ХХК-ийн эзэмшилд байдаг бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2009 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 20 дугаар захирамжаар олгогдсон нэгж талбарын 00000//00000, 0000000000000 дугаартай, гэрчилгээний №0000000 дугаартай, 2013 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 000236 231/2013 дугаар барилгын ажлыг эхлүүлэх үргэлжлүүлэх зөвшөөрөл авагдсан. А ХХК нь хөрөнгө оруулалтыг өөрийн эзэмшлийн газар дээр барилга бариулах замаар хийсэн, А ХХК нь Д ХХН-ийн хөрөнгө оруулалтаар барилгын ажлыг хийж гүйцэтгэсэн, А ХХК-ийн хувьцаа эзэмшигчид болох А.Э, А.Эн, А.Эт нарын 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар Хөрөнгө оруулалтын объектыг ашиглалтад оруулсны дараа 3-н Тыг А ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхийг зөвшөөрч шийдвэрлэсэн. Тус барилга нь 2013 оны байдлаар 35 хувийн гүйцэтгэлтэй байсан бөгөөд Гэрээнд заагдсаны дагуу ОХУ-ын Д ХХН нь зургаан Тны барилгыг засварт хөрөнгө оруулалт хийж гүйцэтгэн, үе шатны ажлуудыг актаар хүлээн авч шийдвэрлэсэн. Барилгын ажлын гүйцэтгэл одоогийн байдлаар 90 хувийн гүйцэтгэлтэй 1 096 541 төгрөгийн нийт хөрөнгө оруулалт хийгдсэн байна. Түүнчлэн А ХХК-ийн 2015 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 52/15 дугаар тодорхойлолтоор өмчлөлийг шилжүүлэх тухай албан бичгийг хүргүүлсэн. Тиймээс .......... хаягт байрлах 1, 2, 3 тоот барилгын үнэ цэнийг 1 096 541 073 төгрөгөөр үнэлж байгаа бөгөөд шаардах эрх шилжүүлэх гэрээний дагуу ҮХОБ нь Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн ................ хаягт байрлах 1, 2, 3 тоот барилгын өмчлөгчөөр тогтоолгох эрхтэй болно. Учир нь ҮХОБ нь банкны эрхлэх үйл ажиллагаанаас бусад үйл ажиллагаа эрхлэх эрхгүй учир барилгад оруулсан хөрөнгө оруулалтад нь тооцож үл хөдлөх хөрөнгийг өмчлөн авахаар шаардаж байна. Иймд Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн ........... хаягт байрлах 1, 2, 3 тоот Улсын бүртгэлийн 000000000, үл хөдлөх эд хөрөнгийн Ү-0000000000 дугаар 990 м.кв талбай бүхий орон сууцны барилгын өмчлөгчөөр ҮХОБ ХХК-ийг тогтоож, өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг бүрдүүлж өгөхийг хариуцагч А ХХК-д даалгаж өгнө үү” гэв.

 

Хариуцагч Д ХХН-ийн шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...ҮХОБ болон Д ХХН нарын хооронд 2015 оны 12 дугаар сард байгуулагдсан Шаардах эрх шилжүүлэх гэрээний 2.1 дэх хэсэгт заалтаар Эрх шилжүүлэгч нь А ХХК-тай байгуулсан 2014 оны 5 дугаар сарын 001/05-2014 тоот Орон сууцны барилгад хөрөнгө оруулах цаашид Хөрөнгө оруулалтын гэрээ гэх гэрээний бүхий л шаардах эрхээ банкинд энэхүү гэрээгээр шилжүүлж, 2.2 дахь заалтаар Банк зээлийн болон Банкны баталгааны өр, төлбөртөө тооцон энэхүү гэрээний 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан шилжүүлэн авч буй шаардах эрхийнхээ хүрээнд үлдэгдэл хөрөнгө оруулалтыг хийж гүйцэтгэн, Хөрөнгө оруулалтын гэрээнд заасан шилжүүлэн авах Тын өмчлөх эрхийг өөрийн нэр дээр шилжүүлэн авахыг зөвшөөрсөн болно. ...Д ХХН-ийн 100 хувийн компани болох Монгол Улсын А ХХК нь ҮХОБтай байгуулсан 2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 330 000 еврогийн ЭХ-15/012 тоот зээлийн гэрээний дагуу авсан зээлийг барагдуулаагүй билээ. Учир нь хэрэгжүүлэх гэж байсан концессын төсөл нь цуцлагдсанаас болж зээлийг төлж чадаагүй болно. Орос хуулийн этгээд хийгээд хувь хүмүүс Монгол ахан дүүстэйгээ чин шударгаар харьцаж, найрамдалт харилцаа эрхэмлэж байдаг. Энэ ч үүднээс хүлээсэн үүргээ чин шударгаар биелүүлэх нь зүйн хэрэг гэж үзсэн ба төлөөлөгч надад Монгол дахь энэхүү асуудлаа бүрэн шийдэх итгэмжлэлийг үлдээсэн болно. Нэгэнт Д ХХН нь санхүүгийн чадамжгүй болсон. Тиймээс охин компанийхаа өмнөөс 100 хувь хувьцаа эзэмшигч нь батлан даалт гаргасан үүргийн хүрээнд мөн авсан зээлийг төлөх үүрэг хариуцлагыг хүлээж буйн хувьд тус гэрээний дагуу  А ХХК болон ОХУ-ын Д ХХН-ийн хооронд 2014 оны 5 дугаар сард байгуулагдсан 001/05-2014 дугаар Орон сууцны барилгад хөрөнгө оруулах орон сууцны барилгад хувь эзэмших гэрээний бүх шаардах эрх ҮХОБ ХХК-д бүрэн шилжсэн, энэ талаар ямар нэгэн маргах зүйлгүй. Иймд Д ХХН-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.

 

Хариуцагч А ХХК-ийн шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний итгэмжлэлгүй төлөөлөх эрхтэй этгээд болох А.Э, өмгөөлөгч Д.Н нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...ҮХОБ болон А ХХК хоёрын хооронд ямар нэгэн эрх зүйн харилцаа үүсээгүй. Нэхэмжлэгч банк ОХУ-ын Д ХХН-д ямар ч барьцаа баталгаагүй олгосон зээлээ төлүүлэх хамгийн хялбар аргыг сонгосон нь С-ын А ХХК-тай барилга хамтарч барих гэрээ, энэ гэрээг үндэслэн байгуулсан гэх Шаардах эрх шилжүүлэх гэрээ. 2014 оны 5 дугаар сард С гэдэг хүнтэй гэрээ байгуулан ажиллахад надад нэг ч ажил хүлээлгэж өгөөгүй, хэдэн төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн талаар нэг ч тооцоо нийлсэн акт үйлдээгүй. Харин ч барилгын зураг төсөл болон хууль журмынх нь дагуу барьсан байсан барилгын дээврийг миний зөвшөөрөлгүй цоолж эвдэн хохирол учруулсан. А ХХК-ийн тэрхүү 6 Т нь 2014 оноос хойш бүтэн 7 жилийн турш өнөөдрийн байдлаар ямар ч хөдөлгөөгүй олон барилгын дунд цонх нь хагарсан, дээвэр нь хуулагдчихсан байдалтай байгаа. Д ХХН болон А ХХК-ийн хооронд байгуулагдсан орон сууцны барилгад хөрөнгө оруулах гэрээгээр Сд ганцхан эрх олгогдсон байсан. Үүрэг нь барилгыг гүйцээн бариад Улсын комисст хүлээлгэж өгөх, хүлээлгэж өгснийхөө дараагаар 3 Т-ыг авах нөхцөлтэй гэрээ байсан. Д ХХН-д байгаа нэг л эрх нь ажлаа хийж дуусгачхаад тэрхүү 3 Т-ыг авах байтал энэ эрхээ хэрэгжүүлэх нөхцөл нь үүсээгүй бөгөөд барилга дуусаагүй, улсын комисст хүлээлгэж өгөөгүй, талууд хоорондоо тооцоо нийлээгүй, С зүгээр л ажлаа дутуу хийгээд ажлаа хаяад алга болчихсон асуудал л үүссэн. ҮХОБ ХХК нь надтай анх 2016 оны намар холбогдож, ОХУ-ын Д ХХН-ийн захирал С-т их хэмжээний зээл барьцаа, баталгаагүй олгоод түүнийг алдсан тухайгаа ярьж, итгэмжлэл авсан, өөрийн чинь А ХХК-ийн дутуу барьсан барилгад хөрөнгө оруулж гүйцээн бариад, борлуулалтаас нь С-т өгсөн зээлээ хаах хүсэлтэй байна гэсэн. Ингээд 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Нийгэмлэгээс авсан гэх орос, монгол хэл дээр хийсэн итгэмжлэлийг и-мэйлээр, дараа нь манай дутуу барьсан барилгад хөрөнгө оруулж, барилгыг гүйцээн барих тухай гэрээний төслийг ирүүлсэн. Гэвч ирүүлсэн итгэмжлэл нь ҮХОБ ХХК-д бус иргэн Д.Г-т олгогдсон, мөн итгэмжлэл ёсоор барилгад оруулах хөрөнгө оруулалтын төсөв болон бусад асуудлыг урьдчилан нийгэмлэгтэй зөвшилцсөн байх зэрэг нөхцөлүүд заагдсан тэдгээр нь хэрхэн хэрэгжих нь тодорхойгүй байсан зэргээс би ҮХОБ ХХК-тай гэрээ хийхээс татгалзсан. Өмнө дурдсан үйл явдал болох хугацаанд ямар нэгэн шаардах эрх шилжүүлэх гэрээний тухай яриа огт байгаагүй, ийм гэрээ байгаа талаар банк надад хэлээгүй, үзүүлээгүй. Гэтэл тус банкны гүйцэтгэх захирлаас манай өмгөөлөгч Д.Н-ын и-мэйл хаяг руу 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр мэдэгдэл ирүүлсэн бөгөөд энэ мэдэгдэлд шаардах эрх шилжүүлэх гэрээний тухай дурдаж, энэ гэрээг үндэслэн Д ХХН болон А ХХК нарын хооронд байгуулсан орон сууцны барилгад хөрөнгө оруулах гэрээг цуцалж, хөрөнгө оруулалтаа буцаан гаргуулах талаар дурдсан байсан. С орос хэлний боловсролын тал дээр сайтай боловч монгол хэлийг огт мэддэггүй хүн бөгөөд хэзээ ч сайн дураараа монгол хэл дээр гэрээ байгуулахгүй. Шаардах эрх шилжүүлэх гэрээ гэдэг нь 2015 оны 12 дугаар сард хийгдсэн байх атал 2016 онд С А.Э-тэй и-мэйлээр харилцахдаа шаардах эрхээ банканд шилжүүлсэн талаар нэг ч үг дурдаагүй, А.Э-ийн хувьд и-мэйлээр “...Хэрвээ та хэлсэн хугацаандаа ирэхгүй бол гэрээг цуцлах болно” гэсэн хариуг тус тус өгсөн бөгөөд 2016 оны 4 дүгээр сард нэг талын санаачлагчаар гэрээ цуцлагдсан. Мөн 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдөр С-ын Орос улсын хуулийн дагуу н.Г гэх хүнд итгэмжлэлд шаардах эрх шилжүүлсэн талаар нэг ч үг үсэг байхгүй, харин ...Монголд байгаа миний өр, авлагын асуудлыг шийдээрэй, тэр барилгыг гүйцээлгэх туслан гүйцэтгэгч олох хэрэгтэй байна, үүнтэй холбоотой мөнгийг миний дансанд төвлөрүүлээрэй...” гэсэн агуулгатай итгэмжлэл байсан. Иймд нэгэнт С гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тул түүнд 3 Тыг шаардах эрх нь ч үүсээгүй, шаардах эрх шилжүүлэх гэрээ байгуулагдсан эсэх нь эргэлзээтэй, тус гэрээ байгуулагдсан талаар мэдээгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү “ гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ҮХОБ ХХК нь хариуцагч А ХХК, ОХУ-ын Д ХХНийгэмлэгт тус тус холбогдуулан Д ХХН болон А ХХК нарын хооронд 2014 оны 5 дугаар сард байгуулагдсан №001/05-2014 дугаартай “Орон сууцны барилгад хөрөнгө оруулах гэрээ”-ний шаардах эрх ҮХОБ ХХК-д шилжсэн болохыг тогтоолгож, Сүхбаатар дүүргийн ............ 1, 2, 3 тоот, улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэгдсэн, 990 м.кв талбай бүхий орон сууцны барилгын өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч А ХХК эс зөвшөөрч маргасан, хариуцагч ОХУ-ын Д ХХНийгэмлэг нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн агуулга бүхий тайлбар гаргасан.

 

          Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн тохиолдолд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр хуульчилсан бөгөөд энэ тохиолдолд гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөхгүй байх учиртай тул шүүх дээрх нөхцөл байдлыг тодруулахаар хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хэргийн баримт, талуудын тайлбараар, 2015 оны 3 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэгч ҮХОБ ХХК болон ОХУ-ын "А” ХХК-ийн хооронд зээлийн гэрээ байгуулагдаж, 1 000 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай, 21.6 хувийн хүүтэй, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээлдүүлсэн, 2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, 330 000 еврог мөн нөхцөл, хугацаагаар зээлдүүлсэн, дээрх гэрээнүүдийн үүрэг дуусгавар болоогүй үйл баримт,

2014 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хариуцагч А ХХК болон ОХУ-ын Д ХХНийгэмлэгийн хооронд “Орон сууцны барилгад хөрөнгө оруулах гэрээ” байгуулагдаж, уг гэрээгээр Д ХХК нь А ХХК-ийн барьж, ашиглалтад оруулж буй Сүхбаатар дүүргийн ........ хаягт байрлах нийт 1769,99 м.кв талбай бүхий зургаан Т-ны дуусаагүй барилгын ажилд хөрөнгө оруулах, барилгыг ашиглалтад оруулсны дараа нийт 884,995 кв.м талбай бүхий нийт гурван Т, эсвэл таунхасуудын нийт талбайн 50% болон холбогдох газрыг зохих бүртгэлийн байгууллагуудад бүртгүүлсний дараа хамтран хөрөнгө оруулагч талд шилжүүлэн өгөхөөр талууд тохиролцсон үйл баримт тус тус тогтоогддог.

 

Нэхэмжлэгч ҮХОБ ХХК нь А ХХК-ийг хариуцагчаар тодорхойлж шүүхэд хандан нэхэмжлэлийн шаардлага гаргасан үндэслэлээ “.... ОХУ-ын “Д” ХХН-ийн 100 хувь охин компани болох "А” ХХК нь манай банктай байгуулсан 2015 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн зээлийн гэрээ, мөн өдрийн Банкны гүйцэтгэлийн баталгааны гэрээний шимтгэл, 2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн зээлийн гэрээний үүрэг нийт 1 363 619 903,45 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй. Улмаар дээрх үүргээ биелүүлэхээр Д ХХН нь манай банктай 2015 оны 12 дугаар сард Шаардах эрх шилжүүлэх гэрээ байгуулж, тус гэрээгээр А ХХК-тай байгуулсан 2014 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн “Орон сууцны барилгад хөрөнгө оруулах гэрээ”-ний бүхий л шаардах эрхийг шилжүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлага гаргасан” гэж тайлбарласан.

 

Хариуцагч “...ҮХОБ болон А ХХК хоёрын хооронд ямар нэгэн эрх зүйн харилцаа үүсээгүй. Нэхэмжлэгч банк ОХУ-ын Д ХХН-д ямар ч барьцаа баталгаагүй олгосон зээлээ төлүүлэх хамгийн хялбар аргыг сонгосон нь С-ын А ХХК-тай барилга хамтарч барих гэрээ, энэ гэрээг үндэслэн байгуулсан гэх Шаардах эрх шилжүүлэх гэрээ. 2014 оны 5 дугаар сард С гэдэг хүнтэй гэрээ байгуулан ажиллахад надад нэг ч ажил хүлээлгэж өгөөгүй, хөрөнгө оруулалт хийсэн талаар нэг ч тооцоо нийлсэн акт үйлдээгүй. Харин ч барилгын зураг төсөл болон хууль журмынх нь дагуу барьсан байсан барилгын дээврийг миний зөвшөөрөлгүй цоолж эвдэн хохирол учруулж, 6 Т нь 2014 оноос хойш өнөөдрийг хүртэл ямар ч хөдөлгөөгүй олон барилгын дунд цонх нь хагарсан, дээвэр нь хуулагдчихсан байгаа. Д ХХН болон А ХХК-ийн хооронд байгуулагдсан орон сууцны барилгад хөрөнгө оруулах гэрээгээр Сд ганцхан эрх олгогдсон байсан. Үүрэг нь барилгыг гүйцээн бариад Улсын комисст хүлээлгэж өгөх, хүлээлгэж өгснийхөө дараагаар 3 Т-ыг авах нөхцөлтэй гэрээ байсан. Гэтэл үүргээ биелүүлээгүй, барилга дуусаагүй, улсын комисст хүлээлгэж өгөөгүй, талууд хоорондоо тооцоо нийлээгүй, С зүгээр л ажлаа дутуу хийгээд ажлаа хаяад алга болчихсон тул С-т 3 Т-ыг шаардах эрх нь ч үүсээгүй. Иймд ҮХОБны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж маргасан.

 

Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д “Шаардах эрх шилжих тухай үүрэг гүйцэтгэгчид мэдэгдэх хүртэл үүрэг гүйцэтгэгч анхны үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэнэ” гэж, 123.8-д “Хууль буюу гэрээнд заасан хэлбэрээр хийх хэлцлийн хувьд шаардах эрхийг шилжүүлэхдээ уг хэлцлийг хийсэн хэлбэрээр шилжүүлнэ” гэж тус тус заажээ.

 

Хуулийн дээрх заалтаар, 2015 оны 12 дугаар сард байгуулагдсан Шаардах эрх шилжүүлэх гэрээний эрх шилжүүлэгч тал болох Д ХХН болон эрх шилжүүлэн авагч тал болох ҮХОБ ХХК нар тус гэрээ байгуулагдсан талаар үүрэг гүйцэтгэгч А ХХК-д мэдэгдэх, улмаар 2014 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хариуцагч А ХХК болон ОХУ-ын Д ХХНийгэмлэгийн хооронд “Орон сууцны барилгад хөрөнгө оруулах гэрээ” байгуулагдсан хэлбэрээр, ҮХОБ нь А ХХК-тай бичгээр гэрээ байгуулсан байх шаардлага тус тус тавигдаж байгаа юм.

 

Гэтэл хэргийн зохигч талууд буюу нэхэмжлэгч ҮХОБ ХХК болон хариуцагч А ХХК-ийн хооронд дээрх хэлбэрээр хэлцэл байгуулагдаагүй, шаардах эрхийг гэрээгээр шилжүүлээгүй, гэрээний үүргийг шаардах эрх шилжсэн талаар А ХХК-д мэдэгдсэн баримтгүй байх тул Д ХХН болон А ХХК-ийн хооронд 2014 оны 5 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан гэрээний үүргийг шаардах эрх ҮХОБ ХХК-д шилжсэн гэж дүгнэх боломжгүй байна.

Иймд нэхэмжлэгчид нэгэнт шаардах эрх үүсээгүй тул, Сүхбаатар дүүргийн ............ 1, 2, 3 тоот, улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэгдсэн, 990 м.кв талбай бүхий орон сууцны барилгын өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг бүрдүүлж өгөхийг хариуцагчаас шаардах эрхгүй гэж шүүх дүгнэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.  

 

Шүүх хэргийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэсэн, хариуцагч тал шаардах эрх шилжүүлэх гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул шүүх шаардах эрх шилжүүлэх гэрээ байгуулагдсан эсэх, мөн монгол хэл дээр байгуулагдсан нь хуульд нийцсэн эсэх, 2015 оны 3 дугаар сарын 27, 2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдрүүдэд ҮХОБ ХХК болон ОХУ-ын "А” ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээний талаар болон 2014 оны 5 дугаар сарын 25-ны өдөр А ХХК болон ОХУ-ын Д ХХНийгэмлэгийн хооронд байгуулагдсан орон сууцны барилгад хөрөнгө оруулах гэрээ цуцлагдсан эсэх талаар, хариуцагч ОХУ-ын Д ХХНийгэмлэгээс Б.Б-д олгогдсон итгэмжлэлийн хүчин төгөлдөр байдлын талаар ямар нэг дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болохыг, энэхүү шийдвэр нь гэрээний талууд дээрх гэрээний үүргийн биелэлттэй холбоотой шаардлага гаргахад саад болохгүйг тус тус дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.8-д тус тус зааснаар нэхэмжлэгч ҮХОБ ХХК-ийн хариуцагч А ХХК-д холбогдуулан гаргасан Д ХХН болон А ХХК нарын хооронд 2014 оны 5 дугаар сард байгуулагдсан №001/05-2014 дугаартай “Орон сууцны барилгад хөрөнгө оруулах гэрээ”-ний шаардах эрх ҮХОБ ХХК-д шилжсэн болохыг тогтоож, Сүхбаатар дүүргийн ............ 1, 2, 3 тоот, улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэгдсэн, 990 м.кв талбай бүхий орон сууцны барилгын өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг бүрдүүлж өгөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5 710 860 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.МӨНГӨНТУУЛ