Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2022/00036

 

 

 

 

 

 

 

 

 

Ү- ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Нямбазар, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 183/ШШ2021/01904 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ү- ХХК-ийн Д- атриум ХХК, А- ХХК-д холбогдуулан гаргасан Д- атриум ХХК-ийн А- ХХК-тай 2014 оны 5 сард байгуулсан орон сууцны барилгад хөрөнгө оруулах гэрээний шаардах эрх Ү- ХХК-д шилжсэн болохыг тогтоолгох, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол, Авто замчдын гудамж-48 дугаар байрны 1, 2, 3 тоот, улсын бүртгэлийн Ү-2203026876 дугаарт бүртгэгдсэн, 990 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг бүрдүүлж өгөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Сайнбаяр, хариуцагчийн төлөөлөгч А.Эрдэнэцэцэг, түүний өмгөөлөгч Д.Намсрайжав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ОХУ-ын Д- атриум ХХК-ийн 100 хувийн охин компани болох А- ХХК-ийн манай банктай байгуулсан 2015 оны 3 дугаар сарын 27, 2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн зээлийн гэрээний нийт үүрэг 1 363 619 903.45 төгрөгийг төлөөгүй. Улмаар Ү- ХХК нь Д- атриум ХХК-тай 2015 оны 12 сард шаардах эрх шилжүүлэх гэрээ байгуулж, тус гэрээгээр А- ХХК-тай байгуулсан 2014 оны 5 сарын 001/05-2014 тоот орон сууцны барилгад хөрөнгө оруулах гэрээний бүхий л шаардах эрхийг шилжүүлэхээр, банк зээлийн болон баталгааны өр, төлбөрөө тооцон шилжүүлэн авч буй шаардах эрхийнхээ хүрээнд үлдэгдэл хөрөнгө оруулалтыг хийж гүйцэтгэн, хөрөнгө оруулалтын гэрээнд заасан таунхаусын өмчлөх эрхийг өөрийн нэр дээр шилжүүлэн авахаар, эрх шилжүүлэгч нь энэхүү гэрээний хэрэгжих хугацаанд банктай байгуулсан дээрх гэрээнүүдийн дагуу төлөх өр төлбөрөө төлж барагдуулсан тохиолдолд банк шилжүүлэн авсан шаардах эрхээ эрх шилжүүлэгчид буцааж өгөхөөр тус тус тохиролцсон. Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.6 дах хэсэгт Шаардах эрхийг шинэ үүрэг гүйцэтгүүлэгчид шилжүүлснээр түүнтэй холбоотой бусад эрх болон түүнийг хангах арга нэгэн зэрэг шилжинэ гэж заасан. Дээрх үндэслэлийн дагуу Ү- нь шаардах эрх шилжүүлэх гэрээний 2.6-д заасан буцаах нөхцөл байхгүй болсон тул гэрээний дагуу авсан зээл, өр төлбөрийг барагдуулахаар шаардах эрхийг бүрэн шилжүүлэн авч хэрэгжүүлэх эрхтэй юм. Гэтэл шаардах эрх бүрэн шилжсэн талаар хариу ирүүлэхгүй цааргалсаар байсан тул бидний зүгээс Д- атриум ХХК-ийн удирдлагатай уулзаж, мэйл, албан бичгээр шаардлагыг удаа дараа хүргүүлсэн, Орос Улсад очиж уулзсан. Иймд Ү- болон Д- атриум ХХК-ийн хооронд 2015 оны 12 сард байгуулагдсан шаардах эрх шилжүүлэх гэрээний дагуу Д- атриум ХХК болон А- ХХК-ийн хооронд байгуулагдсан 2014 оны 5 сарын 001/05-2014 тоот орон сууцны барилгад хөрөнгө оруулах гэрээний бүхий л шаардах эрх Ү- ХХК-д бүрэн шилжсэн болохыг тогтоож өгнө үү. А- ХХК болон ОХУ-ын Д- атриум ХХК-ийн байгуулсан 2014 оны 5 дугаар сард №001/05-2014 дугаар орон сууцны барилгад хөрөнгө оруулах, орон сууцны барилгад хувь эзэмших гэрээгээр Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороолол /14230/, Автозамчдын гудамж-48 хаягт байрлах нийт 1769,99 м.кв талбайтай 1, 2, 3, 4, 5, 6 тоот бүхий орон сууцны хотхоны зургаан таун хаусны барилгад Д- атриум ХХК хөрөнгө оруулах, мөн нэмэлт гэрээгээр хөрөнгө оруулагч нь хөрөнгө оруулах обьектын барилгыг ашиглалтад оруулсны дараа нийт 884,995 кв.м талбай бүхий нийт гурван таунхаусыг эсвэл таунхасуудын нийт талбайн 50 хувь болон холбогдох газрыг зохих бүртгэлийн байгууллагуудад өмчлөн авч бүртгүүлсний дараа хамтран хөрөнгө оруулагч талд өмчлөлийг шилжүүлэн өгөх үүрэг хүлээсэн. Энэхүү орон сууцны барилгад хөрөнгө оруулах гэрээ цуцлагдсан тул дундын өмчлөлийн эд хөрөнгийг хуваах асуудал үүснэ. Энэхүү хуваах асуудлаас үүдэж, тухайн эд хөрөнгөөс өөрт оногдох хэсгээ шилжүүлэн авах хүсэл зориг илэрхийлэгдсэн гэж үзэж байна. Тухайн баригдаж буй барилгын газар нь А- ХХК-ийн эзэмшилд байдаг бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2009 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 20 дугаар захирамжаар олгогдсон нэгж талбарын 6002/0068, 18644310170400 дугаартай, гэрчилгээний №0172780 дугаартай, 2013 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 000236 231/2013 дугаар барилгын ажлыг эхлүүлэх үргэлжлүүлэх зөвшөөрөл авагдсан. А- ХХК нь хөрөнгө оруулалтыг өөрийн эзэмшлийн газар дээр барилга бариулах замаар хийсэн, А- ХХК нь Д- атриум ХХК-ийн хөрөнгө оруулалтаар барилгын ажлыг хийж гүйцэтгэсэн, А- ХХК-ийн хувьцаа эзэмшигчид болох А.Эрдэнэцэцэг, А.Энхтөр, А.Энхтуяа нарын 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар хөрөнгө оруулалтын обьектыг ашиглалтад оруулсны дараа 3 таунхаусыг А- ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхийг зөвшөөрч шийдвэрлэсэн. Тус барилга нь 2013 оны байдлаар 35 хувийн гүйцэтгэлтэй байсан бөгөөд гэрээнд заагдсаны дагуу ОХУ-ын Д- атриум ХХК нь зургаан таун хаусны барилгыг засварт хөрөнгө оруулалт хийж гүйцэтгэн, үе шатны ажлуудыг актаар хүлээн авч шийдвэрлэсэн. Барилгын ажлын гүйцэтгэл одоогийн байдлаар 90 хувийн гүйцэтгэлтэй байна. Түүнчлэн А- ХХК-ийн 2015 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 52/15 дугаар тодорхойлолтоор өмчлөлийг шилжүүлэх тухай албан бичгийг хүргүүлсэн. Тиймээс Автозамчдын гудамж-48 хаягт байрлах 1, 2, 3 тоот барилгын үнэ цэнийг 1 096 541 073 төгрөгөөр үнэлж байгаа бөгөөд шаардах эрх шилжүүлэх гэрээний дагуу Ү- нь Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол, Автозамчдын гудамж-48 хаягт байрлах 1, 2, 3 тоот барилгын өмчлөгчөөр тогтоолгох эрхтэй болно. Учир нь Ү- нь банкны эрхлэх үйл ажиллагаанаас бусад үйл ажиллагаа эрхлэх эрхгүй учир барилгад оруулсан хөрөнгө оруулалтад нь тооцож үл хөдлөх хөрөнгийг өмчлөн авахаар шаардаж байна. Иймд Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол, Автозамчдын гудамж-48 хаягт байрлах 1, 2, 3 тоот, улсын бүртгэлийн Ү-2203026876 дугаарт бүртгэлтэй 990 м.кв талбай бүхий орон сууцны барилгын өмчлөгчөөр Ү- ХХК-ийг тогтоож, өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг бүрдүүлж өгөхийг хариуцагч А- ХХК-д даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч А- ХХК-ийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ү- болон А- ХХК-ийн хооронд ямар нэгэн эрх зүйн харилцаа үүсээгүй. Нэхэмжлэгч банк ОХУ-ын Д- атриум ХХК-д ямар ч барьцаа баталгаагүй олгосон зээлээ төлүүлэх хамгийн хялбар аргыг сонгосон нь Сергеенковын А- ХХК-тай барилга хамтарч барих гэрээ, энэ гэрээг үндэслэн байгуулсан гэх шаардах эрх шилжүүлэх гэрээ, 2014 оны 5 сард Сергеенков гэдэг хүнтэй гэрээ байгуулан ажиллахад надад нэг ч ажил хүлээлгэж өгөөгүй, хэдэн төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн талаар нэг ч тооцоо нийлсэн акт үйлдээгүй. Харин ч барилгын зураг төсөл болон хууль журмынх нь дагуу барьсан байсан барилгын дээврийг миний зөвшөөрөлгүй цоолж эвдэн хохирол учруулсан. А- ХХК-ийн тэрхүү 6 таунхаус нь 2014 оноос хойш бүтэн 7 жилийн турш өнөөдрийн байдлаар ямар ч хөдөлгөөгүй олон барилгын дунд цонх нь хагарсан, дээвэр нь хуулагдчихсан байдалтай байгаа. Д- атриум ХХК болон А- ХХК-ийн хооронд байгуулагдсан орон сууцны барилгад хөрөнгө оруулах гэрээгээр Сергеенковд ганцхан эрх олгогдсон байсан. Үүрэг нь барилгыг гүйцээн бариад улсын комисст хүлээлгэж өгөх, хүлээлгэж өгснийхөө дараагаар 3 таунхаусыг авах нөхцөлтэй гэрээ байсан. Д- атриум ХХК-д байгаа нэг л эрх нь ажлаа хийж дуусгачихаад тэрхүү 3 таунхаусыг авах байтал энэ эрхээ хэрэгжүүлэх нөхцөл нь үүсээгүй бөгөөд барилга дуусаагүй, улсын комисст хүлээлгэж өгөөгүй, талууд хоорондоо тооцоо нийлээгүй, Сергеенков зүгээр л ажлаа дутуу хийгээд ажлаа хаяад алга болчихсон асуудал л үүссэн. Ү- ХХК нь надтай анх 2016 оны намар холбогдож, ОХУ-ын Д- атриум ХХК-ийн захирал Сергеенковт их хэмжээний зээл барьцаа, баталгаагүй олгоод түүнийг алдсан тухайгаа ярьж, итгэмжлэл авсан, өөрийн чинь А- ХХК-ийн дутуу барьсан барилгад хөрөнгө оруулж гүйцээн бариад, борлуулалтаас нь Сергеенковт өгсөн зээлээ хаах хүсэлтэй байна гэсэн. Ингээд 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Нийгэмлэгээс авсан гэх Орос, Монгол хэл дээр хийсэн итгэмжлэлийг и-мэйлээр, дараа нь манай дутуу барьсан барилгад хөрөнгө оруулж, барилгыг гүйцээн барих тухай гэрээний төслийг ирүүлсэн. Гэвч ирүүлсэн итгэмжлэл нь Ү- ХХК-д бус иргэн Д.Ганбаатарт олгогдсон, мөн итгэмжлэл ёсоор барилгад оруулах хөрөнгө оруулалтын төсөв болон бусад асуудлыг урьдчилан нийгэмлэгтэй зөвшилцсөн байх зэрэг нөхцөлүүд заагдсан тэдгээр нь хэрхэн хэрэгжих нь тодорхойгүй байсан зэргээс би Ү- ХХК-тай гэрээ хийхээс татгалзсан. Өмнө дурдсан үйл явдал болох хугацаанд ямар нэгэн шаардах эрх шилжүүлэх гэрээний тухай яриа огт байгаагүй, ийм гэрээ байгаа талаар банк надад хэлээгүй, үзүүлээгүй. Гэтэл тус банкны гүйцэтгэх захирлаас манай өмгөөлөгч Д.Намсрайжавын и-мэйл хаяг руу 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр мэдэгдэл ирүүлсэн бөгөөд энэ мэдэгдэлд шаардах эрх шилжүүлэх гэрээний тухай дурдаж, энэ гэрээг үндэслэн Д- атриум ХХК болон А- ХХК-ийн хооронд байгуулсан орон сууцны барилгад хөрөнгө оруулах гэрээг цуцалж, хөрөнгө оруулалтаа буцаан гаргуулах талаар дурдсан байсан. Сергеенков Орос хэлний боловсролын тал дээр сайтай боловч Монгол хэлийг огт мэддэггүй хүн бөгөөд хэзээ ч сайн дураараа Монгол хэл дээр гэрээ байгуулахгүй. Шаардах эрх шилжүүлэх гэрээ гэдэг нь 2015 оны 12 дугаар сард хийгдсэн байх атал 2016 онд Сергеенков А.Эрдэнэцэцэгтэй и-мэйлээр харилцахдаа шаардах эрхээ банканд шилжүүлсэн талаар нэг ч үг дурдаагүй, А.Эрдэнэцэцэгийн хувьд и-мэйлээр ... Хэрвээ та хэлсэн хугацаандаа ирэхгүй бол гэрээг цуцлах болно гэсэн хариуг тус тус өгсөн бөгөөд 2016 оны 4 дүгээр сард нэг талын санаачлагчаар гэрээ цуцлагдсан. Мөн 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Сергеенковын Орос Улсын хуулийн дагуу н.Ганбаатар гэх хүнд итгэмжлэлд шаардах эрх шилжүүлсэн талаар нэг ч үг үсэг байхгүй, харин ... Монголд байгаа миний өр, авлагын асуудлыг шийдээрэй, тэр барилгыг гүйцээлгэх туслан гүйцэтгэгч олох хэрэгтэй байна, үүнтэй холбоотой мөнгийг миний дансанд төвлөрүүлээрэй ... гэсэн агуулгатай итгэмжлэл байсан. Иймд нэгэнт Сергеенков гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тул түүнд 3 таунхаусыг шаардах эрх нь ч үүсээгүй, шаардах эрх шилжүүлэх гэрээ байгуулагдсан эсэх нь эргэлзээтэй, тус гэрээ байгуулагдсан талаар мэдээгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д- атриум ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ү- болон Д- атриум ХХК нарын хооронд 2015 оны 12 сард байгуулагдсан шаардах эрх шилжүүлэх гэрээний 2.1-т Эрх шилжүүлэгч нь А- ХХК-тай байгуулсан 2014 оны 5 дугаар сарын 001/05-2014 тоот Орон сууцны барилгад хөрөнгө оруулах цаашид хөрөнгө оруулалтын гэрээ гэх гэрээний бүхий л шаардах эрхээ банкинд энэхүү гэрээгээр шилжүүлж, 2.2-т Банк зээлийн болон банкны баталгааны өр, төлбөртөө тооцон энэхүү гэрээний 2.1 дэх хэсэгт заасан шилжүүлэн авч буй шаардах эрхийнхээ хүрээнд үлдэгдэл хөрөнгө оруулалтыг хийж гүйцэтгэн, хөрөнгө оруулалтын гэрээнд заасан шилжүүлэн авах таунхаусын өмчлөх эрхийг өөрийн нэр дээр шилжүүлэн авахыг зөвшөөрсөн болно. Д- атриум ХХК-ийн 100 хувийн компани болох А- ХХК нь Ү--тай байгуулсан 2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 330 000 еврогийн ЭХ-15/012 тоот зээлийн гэрээний дагуу авсан зээлийг барагдуулаагүй билээ. Учир нь хэрэгжүүлэх гэж байсан концессын төсөл нь цуцлагдсанаас болж зээлийг төлж чадаагүй болно. Орос хуулийн этгээд хийгээд хувь хүмүүс Монгол ахан дүүстэйгээ чин шударгаар харьцаж, найрамдалт харилцаа эрхэмлэж байдаг. Энэ ч үүднээс хүлээсэн үүргээ чин шударгаар биелүүлэх нь зүйн хэрэг гэж үзсэн ба төлөөлөгч надад Монгол дахь энэхүү асуудлаа бүрэн шийдэх итгэмжлэлийг үлдээсэн болно. Нэгэнт Д- атриум ХХК нь санхүүгийн чадамжгүй болсон. Тиймээс охин компанийхаа өмнөөс 100 хувь хувьцаа эзэмшигч нь батлан даалт гаргасан үүргийн хүрээнд мөн авсан зээлийг төлөх үүрэг хариуцлагыг хүлээж буйн хувьд тус гэрээний дагуу А- ХХК болон ОХУ-ын Д- атриум ХХК-ийн хооронд 2014 оны 5 дугаар сард байгуулагдсан 001/05-2014 дугаар орон сууцны барилгад хөрөнгө оруулах орон сууцны барилгад хувь эзэмших гэрээний бүх шаардах эрх Ү- ХХК-д бүрэн шилжсэн, энэ талаар ямар нэгэн маргах зүйлгүй. Иймд Д- атриум ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.8-д тус тус зааснаар нэхэмжлэгч Ү- ХХК-ийн хариуцагч А- ХХК-д холбогдуулан гаргасан Д- атриум ХХК болон А- ХХК нарын хооронд 2014 оны 5 дугаар сард байгуулагдсан №001/05-2014 дугаартай орон сууцны барилгад хөрөнгө оруулах гэрээний шаардах эрх Ү- ХХК-д шилжсэн болохыг тогтоох, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол, Авто замчдын гудамж-48 дугаар байрны 1, 2, 3 тоот, улсын бүртгэлийн Ү-2203026876 дугаарт бүртгэгдсэн, 990 м.кв талбай бүхий орон сууцны барилгын өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг бүрдүүлж өгөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5 710 860 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүх Ү- ХХК болон А- ХХК нар шаардах эрх шилжүүлэх гэрээг бичгээр байгуулсан байх ёстой мэтээр тайлбарлан хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Д- атриум ХХК болон А- ХХК-ийн хооронд 2014 оны 5 сарын 25-ны өдөр байгуулагдсан орон сууцны барилгад хөрөнгө оруулах гэрээний 1-р зүйл 6, 7, 11, 13 дугаар зүйл болон гэрээний хавсралтад заагдсан ажлыг хийж гүйцэтгэн хөрөнгө оруулсныг нотолж буй санхүүгийн баримт, А- ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн шийдвэр, компанийн тодорхойлолт, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ зэргээр хөрөнгийн 50 хувийг Д- атриум" ХХК болон А- ХХК нар өмчлөх эрхтэй бөгөөд шаардах эрх эзэмшиж байсан болно. Д- атриум ХХК болон А- ХХК-ийн хооронд 2014 оны 5 сарын 25-ны өдөр байгуулагдсан орон сууцны барилгад хөрөнгө оруулах гэрээний шаардах эрхээ шилжүүлж байгаа этгээд нь өөрөөр хэлбэл эрх шилжүүлэгч, шаардах эрх эзэмшигч нь Д- атриум ХХК болон А- ХХК, эрх шилжүүлэн авч буй тал нь Ү- ХХК тул тэдгээрийн хооронд шаардах эрх шилжүүлэх гэрээ байгуулагдах ёстой бөгөөд талууд шаардах эрх шилжүүлэх гэрээ байгуулсан. Тиймээс орон сууцны барилгад хөрөнгө оруулах гэрээний шинэ үүрэг гүйцэтгүүлэгч нь Ү- ХХК болох бөгөөд Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.8 дах хэсэгт заасан бичгээр байгуулагдсан байх гэрээний шаардлагыг хангаж байгаа болно. Тиймээс анхан шатны шүүхийн шаардах эрх шилжүүлэх гэрээг бичгээр байгуулаагүй хэмээн дүгнэж хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Анхан шатны шүүх гэрээний үүргийг шаардах эрх шилжсэн талаар А- ХХК-д мэдэгдсэн баримтгүй хэмээн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй тухайд анхан шатны шүүх Д- атриум ХХК болон А- ХХК нар эзэмшиж буй шаардах эрхээ шилжүүлэхийн тулд А- ХХК-д мэдэгдэх ёстой байсан зөвшөөрөл авах ёстой байсан мэтээр тайлбарласан нь үндэслэлгүй. Түүнчлэн шаардах эрхийг шилжүүлснийг мэдэгдээгүй нь шаардах эрх шилжүүлэх гэрээний хүчин төгөлдөр байдал, хүчинтэй эсэхэд нөлөөлөхгүй юм. А- ХХК шаардах эрх шилжсэнийг мэдээгүй бол Д- атриум ХХК болон А- ХХК-ийн өмнө үүрэг гүйцэтгэх хуулийн боломжтой юм. Гэтэл А- ХХК шаардах эрх шилжсэнийг аль 2017 онд мэдэж байсан нь 2020 оны 10 сарын 28-ны өдрийн шүүхийн үзлэгээр баталгаажуулсан Ү--ны хуульч С.Хосбаярын и-мэйл хаягаас өмгөөлөгч Д.Намсрайжавын хаягт ирүүлсэн 2017 оны 10 сарын 11-ний өдрийн мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичигт шаардах эрх шилжсэн талаар болон хөрөнгө оруулалтын гэрээг цуцлах талаар мэдэгдэл хүргүүлсэн байдгаар нотлогддог. Мөн шүүгчийн 2018 оны 11 сарын 05-ны өдрийн 183/ШШ2018/02455 дугаар захирамж буюу шүүхийн баримтаар шаардах эрх шилжсэн талаар мэдэж байсан нь тогтоогдоно. Ү- нь шинэ үүрэг гүйцэтгүүлэгчийн хувьд үүрэг гүйцэтгэгч А- ХХК-ийг хариуцагчаар татан Д- атриум ХХК болон А- ХХК-ийн хооронд 2014 оны 5 сарын 25-ны өдөр байгуулагдсан гэрээний бүхий л шаардлагыг гаргах эрхтэй юм. Нэхэмжлэгч Ү- ХХК нь Д- атриум ХХК-д холбогдуулан Ү- болон Д- атриум ХХК-ийн хооронд 2015 оны 12 сард байгуулагдсан шаардах эрх шилжүүлэх гэрээний дагуу орон сууцны барилгад хөрөнгө оруулах гэрээний бүхий л шаардах эрх Ү--нд бүрэн шилжсэн болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Д- атриум ХХК-ийн зүгээс шаардах эрх шилжүүлэх гэрээний эрх шилжих нөхцөл бүрдсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч буй талаар тайлбар гаргасан бөгөөд үүсэх үр дагаврыг ойлгож буй талаар дурдсан байдаг, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхийг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргасан байдаг. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрөлд гуравдагч этгээдийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хуульд зааснаар зөрчихгүй юм. Шаардах эрх шилжсэн болохыг тогтоолгоход А- ХХК-аас зөвшөөрөл авах шаардлага тавигдахгүй байх тул гуравдагч этгээдийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөнө хэмээн үзэж хялбаршуулсан журмаар шийдвэрлээгүй анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй байна. Түүнчлэн орон сууцны барилгад хөрөнгө оруулах гэрээ нь нэрлэгдээгүй холимог гэрээний шинжтэй бөгөөд гэрээний заалт агуулгаас үзэхэд барилгын ажлыг хийж гүйцэтгэх шинжээрээ ажил гүйцэтгэх гэрээний шинжтэй, барилгын материал, ажил гүйцэтгэлийн төлбөрийг гүйцэтгэгч өөрөө гаргаж барилга ашиглалтад орсны дараагаар барилгын 50 хувийг өмчлөн авч буй байдлаар орон сууц захиалгын гэрээ худалдах, худалдан авах гэрээний шинжтэй байна. Тодруулбал ажил гүйцэтгэлийн төлбөрийг барилгын 50 хувийн өмчлөл буюу бартераар авч буй хэрэг болно. Энэ талаарч хариуцагчийн 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн шүүх хуралдаанд асуусан асуултад ... ажил гүйцэтгэсэн хөлсний оронд нь би 3 таунхаусыг өгнө гэсэн ... гэж хариулсан хариултаас тодорхой харж болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, бодит нөхцөл байдлыг бүрэн дүгнээгүй, үндэслэлгүй гарсан байх тул шийдвэрийг хүчингүй болгон нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Ү- ХХК нь хариуцагч А- ХХК, Д- атриум ХХК-д холбогдуулан Д- атриум ХХК-ийн А- ХХК-тай 2014 оны 5 сард байгуулсан орон сууцны барилгад хөрөнгө оруулах гэрээний шаардах эрх Ү- ХХК-д шилжсэн болохыг тогтоолгох, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол, Авто замчдын гудамж-48 дугаар байрны 1, 2, 3 тоот, улсын бүртгэлийн Ү-2203026876 дугаарт бүртгэгдсэн, 990 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг бүрдүүлж өгөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Д- атриум ХХК хүлээн зөвшөөрч, хариуцагч А- ХХК нь эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ А- ХХК, Д- атриум ХХК-ийн хооронд байгуулагдсан орон сууцны барилгад хөрөнгө оруулах гэрээний бүхий л шаардах эрхийг манай компани шаардах эрх шилжүүлэх гэрээний дагуу шилжүүлэн авсан гэсэн бол хариуцагч Д- атриум ХХК нь орон сууцны барилгад хөрөнгө оруулах гэрээний шаардах эрх Ү- ХХК-д шилжсэн болохыг тогтоолгох шаардлагыг зөвшөөрсөн тайлбар гаргасан. /хх-ийн 77-78-р тал/

 

Харин хариуцагч А- ХХК-ийн зүгээс Д- атриум ХХК нь орон сууцны барилгад хөрөнгө оруулах гэрээний үүргийг бүрэн биелүүлээгүй, манай компани тус гэрээнээс татгалзсан гэж маргаж байна.

 

Хариуцагч А- ХХК нь хариуцагч Д- атриум ХХК-тай 2014 оны 5 дугаар сарын 25-ны өдөр орон сууцны барилгад хөрөнгө оруулах гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч Д- атриум ХХК нь Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороолол, Авто замчдын гудамж-48 тоот хаягт байрлах, 1769.99 м.кв талбай бүхий дуусаагүй барилгад хөрөнгө оруулж, барилгын ажлыг А- ХХК-иар гүйцэтгүүлэн 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө хүлээлгэн өгөх, хариуцагч А- ХХК нь нийт 884,995 м.кв талбай бүхий нийт 3 таунхаус эсвэл таунхаусын нийт талбайн 50 хувь болон холбогдох газрыг зохих бүртгэлийн байгууллагад бүртгүүлсний дараа Д- атриум ХХК-д шилжүүлэн өгөхөөр тохиролцсон байна. /хх-ийн 12-13-р тал/

 

Дээрх орон сууцны барилгад хөрөнгө оруулах гэрээ байгуулагдсаны дараа буюу 2015 оны 3 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэгч Ү- ХХК нь хариуцагч Д- атриум ХХК-ийн охин компани болох А- ХХК-тай зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч Ү- ХХК нь 1 000 000 000 төгрөгийг, жилийн 21,6 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээлдүүлэх, зээлдэгч А- ХХК зээлийг гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу төлөхөөр тохиролцсон, /хх-ийн 21-22-р тал/

 

Мөн 2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр дахин зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр Ү- ХХК нь 330 000 еврог жилийн 21,6 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээлдүүлэх, зээлдэгч А- ХХК нь зээлийг гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцож, нэхэмжлэгч нь зээлийн мөнгөн хөрөнгийг А- ХХК-д шилжүүлсэн болох нь талуудын тайлбар, зээлийн гэрээ, зээлийн дансны хуулга зэрэг нотлох баримтаар тогтоогджээ. /хх-ийн 25-26, 29-30, 34-35-р тал/.

 

Зээлдэгч А- ХХК нь зээлийн гэрээний үүргийг бүрэн биелүүлээгүйтэй холбоотойгоор нэхэмжлэгч Ү- ХХК нь 2014 оны 5 сард Д- атриум ХХК, А- ХХК-тай шаардах эрх шилжүүлэх гэрээ байгуулж, уг гэрээгээр эрх шилжүүлэгч /Д- атриум ХХК, А- ХХК/ тал нь А- ХХК-тай байгуулсан 2014 оны 5 сарын 001/05-2014 тоот орон сууцны барилгад хөрөнгө оруулах гэрээний бүхий л шаардах эрхийг нэхэмжлэгч Ү- ХХК-д шилжүүлэхээр тохиролцсон байна. /хх-ийн 18-19-р тал/

 

Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт Шаардах эрх шилжих тухай үүрэг гүйцэтгэгчид мэдэгдэх хүртэл үүрэг гүйцэтгэгч анхны үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэнэ гэж, мөн зүйлийн 123.2 дах хэсэгт Хууль, гэрээ буюу үүргийн мөн чанарт харшлахгүй бол шаардах эрх эзэмшигч нь гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үүрэг гүйцэтгэгчийн зөвшөөрөлгүйгээр шаардах эрхээ шилжүүлж болно гэж тус тус заажээ.

 

Шаардах эрх шилжүүлэхэд тус эрх хүчинтэй байх, эрхийг тодорхойлох болон шилжүүлэх боломжтой байх, тухайн эрх нь маргаангүй, тодорхой байх зэрэг урьчилсан нөхцөл хангагдах учиртай бөгөөд шаардах эрх шилжүүлэх гэрээ байгуулах үндэслэл болсон орон сууцны барилгад хөрөнгө оруулах гэрээний үүргийг шаардах эрх хариуцагч Д- атриум ХХК-д үүссэн тохиолдолд тус эрхийг шилжүүлэх боломжтой юм.

 

Гэтэл хариуцагч Д- атриум ХХК нь орон сууцны барилгад хөрөнгө оруулах гэрээний дагуу шаардах эрх үүсээгүй байхад гэрээний тал болох А- ХХК-д мэдэгдэлгүйгээр нэхэмжлэгч Ү- ХХК-д шаардах эрхээ шилжүүлсэн гэж үзэхээр байна. Энэ тохиолдолд дээрх хуульд зааснаар үүрэг гүйцэтгэгчийн зөвшөөрөлгүйгээр шаардах эрхийг шилжүүлэх боломжгүй тул шаардах эрх шилжүүлснийг мэдэгдээгүй нь гэрээний хүчинтэй эсэхэд нөлөөлөхгүй гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

Өөрөөр хэлбэл, хариуцагч Д- атриум ХХК нь 1769,99 м.кв талбай бүхий дуусаагүй барилгад хөрөнгө оруулж, барилгын ажлыг А- ХХК-иар гүйцэтгүүлэн 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө хүлээлгэн өгөх үүргийг хариуцагч А- ХХК-ийн өмнө гэрээгээр хүлээсэн байх боловч тус үүргийг гүйцэтгэж, барилгын өмчлөх эрхийг шаардах эрхтэй болсон гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй. Гэрээ буюу үүргийн мөн чанарт харшлах нөхцөл байдалтай байхад хариуцагч Д- атриум ХХК нь хариуцагч А- ХХК-д мэдэгдээгүйгээр шаардах эрхийг шилжүүлсэн нь Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт нийцээгүй байна. Иймд орон сууцны барилгад хөрөнгө оруулах гэрээний шаардах эрх нэхэмжлэгч Ү- ХХК-д хуулийн дагуу шилжсэн гэж үзэх боломжгүй.

 

Нэгэнт шаардах эрх хуульд заасан журмын дагуу шилжсэн гэж үзэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч Ү- ХХК нь орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг бүрдүүлж өгөхийг хариуцагчид даалгуулахаар шаардах эрхгүй. Хэдийгээр хариуцагч Д- атриум ХХК нь орон сууцны барилгад хөрөнгө оруулах гэрээний шаардах эрх Ү- ХХК-д шилжсэн болохыг тогтоолгох шаардлагыг зөвшөөрсөн тайлбар гаргасан байх боловч анхан шатны шүүх хэргийг ердийн журмаар шийдвэрлэсэн нь зөв.

Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт зааснаар хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох юм. Шаардах эрх шилжүүлэх гэрээ байгуулах үндэслэл болсон орон сууцны барилгад хөрөнгө оруулах гэрээний нэг тал болох А- ХХК нь шаардах эрх шилжсэн эсэх талаар маргаж байгаа тохиолдолд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь дээрх хуульд нийцэхгүй. Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагад үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхүй болгон шийдвэрлэсэн нь зөв боловч маргаанд хамааралтай хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй байгааг залруулан өөрчилсөн болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 183/ШШ2021/01904 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын ... 123.8-д ... гэснийг 123.2 дах хэсэгт гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5 710 860 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Г.ДАВААДОРЖ