Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 183/ШШ2021/02140

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 10 сарын 07 өдөр                  Дугаар 183/ШШ2021/02140                             Улаанбаатар хот 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, шүүгч Б.Мөнхжаргал, Ж.Сэмжид нарын бүрэлдхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

          Нэхэмжлэгч: .... дүүргийн ..... дугаар хороо, .... байрлах Г ХХК /РД: ..../-ийн нэхэмжлэлтэй,

         

Хариуцагч: ..... дүүргийн ..... дүгээр хороо, .... хэсэг туул .....гудамж .... тоотод оршин суух, Д.Б /РД: ....../-д холбогдох,

 

гэм хорын хохиролд 1,768,000 төгрөг гаргуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй, 1,879,000 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.А, Б.А, хариуцагч Д.Б, түүний өмгөөлөгч Л.О, иргэдийн төлөөлөгчЛ.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ч.Нямжав нар оролцов.  

                                                                                            

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

   Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Г ХХК–ийн эзэмшлийн .... улсын дугаартай тоёота приус 20 маркийн машиныг иргэн Б.А нь унаж яваад 2021 оны 07 дугаар сарын 01-ний иргэн Д.Бын унаж явсан ..... тоёота пассо автомашинтай мөргөлдөж зам тээврийн осол гаргасан байдаг. Тухайн үед замын цагдаагийн байгууллагаас шалгаад иргэн Д.Бын 100% буруу гэж дүгнэлт гаргасан. Хариуцагч нь учруулсан хохирлоо одоо болтол барагдуулаагүй тул дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр ....-ын .... дүгээр хороо .... замд Г ХХК-ийн эзэмшлийн Тоёото пассо маркийн ..... улсын дугаартай автомашины жолооч Д.Б ЗХД-ийн 10.9 10.9. Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралт 1.3. Хэвтээ тэмдэглэлийг дараах зориулалтаар хэрэглэнэ, 1.1. хоёр буюу гурван эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлах, замын аюул бүхий хэсэгт эгнээний хилийг заах, чиглэлийн тээврийн хэрэгсэл буюу унадаг дугуйн эгнээг бусад эгнээнээс зааглах, зорчих хэсгийн орохыг хориглосон хэсгийг хязгаарлах буюу тээврийн хэрэгслийн зогсоолын хилийг тэмдэглэнэ гэсэн заалтуудыг зөрчиж Д.Аийн унаж явсан Тоёота приус 20 маркийн автомашиныг мөргөсөн нь хохирогч, холбогдогч нарын мэдүүлэг, хэргийн газрын хэмжилтийн бүдүүвч зураг, хэргийн газрын үзлэгийн зураг, тэмдэглэл, фото зураг зэрэг баримтаар тогтоогдож байх тул хариуцагч Д.Баас автомашины үнэлгээ 1,650,000 төгрөг, үйлчилгээний хураамж 83,000 төгрөг, оношилгооны төлбөр 35,000 төгрөг, нийт 1,768,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Д.Б шүүх хуралдаанд хариу тайлбарлахдаа: 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр өөрийн ажилладаг хашаа руу орох гээд зүүн гар тийш эргэх дохио өгөөд зогсож байтал өөдөөс эсрэг 2 дугаар урсгалаар явж байсан зорчигч тээврийн автобус явсан ба түүний араас 5, 6 суудлын автомашин явсан. Хамгийн эхний жолооч яв гээд гараа өргөхөөр нь олон машин хүлээлгээд яах вэ гэж бодоод зогсож байсан газраасаа хөдлөөд 3 метр орчим яваад 1 дүгээр эгнээнээс асар хурдтай  машин ирж байхыг хараад зогсоход намайг ирээд мөргөсөн. Ямар ч логикоор бодсон миний өөрийн машин 45 градус эргээд зогсоно гэж байхгүй. Миний төлбөрийг төлөхгүй байгаа шалтгаан мөргөлдсөний дараа Б.А машинаасаа гарч ирэхгүй 5,6 минут болсны дараа гарч ирсэн ба гарч ирэхдээ замын цагдаа дуудсан байсан. МУ ЗХД-ийн 12.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна, 12.2. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна, 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, 12.4. Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно гэсэн заалтуудыг зөрчсөн. Хэргийн газарт үзлэг хийсэн ахлах дэслэгч н.Ганхөлөг  биднийг согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгах ёстой байтал шалгаагүй, нэг дүгээр эгнээгээр явж байхдаа тоормос гишгэх ёстой байтал тоормос гишгээгүй, тоормос гишгэж чадаагүй шалтгаан нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байж болно, эсвэл хэт хурдтай явж байсан учраас самбаачлах хугацаа гараагүй байж болно. Цагдаа ирээд шалгалт хийж байхад Б.А нь 4-5 удаа тамхи татаж, бохь зажилж байсан. Мөн осол гарснаас хойш 3 хоногийн дараа 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Б.А над руу залгаад хэргийн газарт очсон н.Ганхөлөг дэслэгч бид хоёрыг үлээлгээгүй юу гэж асууж байсан, тухайн этгээд үлээлгэсэн эсэхийг мэдэхгүй байдалтай байсан гэж хардаж байна. МУ-ийн иргэн хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна гэж заасан боловч н.Ганхөлөг нь хэрэгт ач холбогдолтой баримт шалгахын оронд Б.Аийг хэдээс хэдэн км/ц хурдтай явсан бэ гэж асуухад 40-50 км/ц хурдтай явж байсан гэж өөрийнх нь хэлснээр хурдыг нь тодорхойлсон. Энэ үнэн бол Б.А намайг хараад зогсох боломжтой байсан. Бидний машинд арай бага эвдрэл гарах байсан. Нэхэмжлэлийн үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй. Энэ хүн 3 зөрчил гаргасан, би 2 зөрчил гаргасан гэв.

 

Хариуцагч Д.Б сөрөг нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Осол болсон үйл процессыг түрүүн дурдсан. Бидний хувьд Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн  5 заалт зөрчсөнөөс би 2 заалтыг нь зөрчсөн, Б.А замын хөдөлгөөний дүрмийн 12.1, 12.2, 12.3 гэсэн 3 заалтыг зөрчсөн. Би автомашины үнэлгээнд 1,620,000 төгрөг, үйлчилгээний хураамж 84,000 төгрөг, журмын хашаа руу авч явж хонуулсны төлбөрт 75,000 төгрөг, торгууль 100,000 төгрөгийг төлсөн нийт 1,879,000 төгрөгийг Г ХХК болон уг автомашиныг унаж явсан иргэн Б.А нараас нэхэмжилж байна гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн талаар хариу тайлбарлахдаа: Г ХХК нь 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр зээлдэгч н.Мөнхбаттай фидуцийн гэрээ байгуулсан. Тухайн зээлийн гэрээ хүчин төгөлдөр байгаа. Зээлийн гэрээний 3.2.6-д унаж явах зээлийн тухай, зээлдэгч нь барьцааны эд хөрөнгийг өөрийн хамгаалалтад авч гэрээлсэн хугацаанд бүрэн бүтэн байдлыг хангаж зээлдэгчийн буруугаас тээврийн хэрэгсэл ашиглах явцад бусдын амь нас эрүүл  мэндэд хохирол учирвал хохирлыг бүрэн барагдуулна гэж заасан учраас гэрээнд заасны дагуу  манайх нэхэмжлэлийн үнийг төлөх үндэслэл байхгүй гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                            ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэгч Г ХХК-ийн гаргасан үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Д.Бын гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч өөрт учирсан гэм хорын хохиролд 1,768,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахыг шаардсан, харин хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч Г ХХК болон Б.А нараас 1,879,000 төгрөгийг шаардсан сөрөг нэхэмжлэлийг гаргажээ.

 

Хэргийн баримтаас үзэхэд хариуцагч Д.Б 2020.07.01-ний өдөр ..... улсын дугаартай  Тоёота пассо маркийн автомашиныг жолоодож явахдаа .... улсын дугаартай Тоёота приус маркийн автомашиныг мөргөж зам тээврийн осол гаргасан, улмаар нэхэмжлэгч Г ХХК-ийн өмчлөлийн автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ 1,650,000 төгрөг гарсан болох нь Хан-Уул дүүрэг дэх Замын Цагдаагийн хэлтсийн 2020.07.01-ний өдрийн зам тээврийн осол, хэргийн газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл, Ашид билгүүн ХХК-ийн 58 тоот автомашины техникийн үнэлгээний тайлангаар, мөн хариуцагч Д.Б нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.9 дэх  заалт, дүрмийн 2 дугаар хавсралт 1.3 дахь заалтыг тус тус зөрчсөн болох нь  зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, 2020.07.27-ны өдрийн ..... дугаартай шийтгэлийн хуудас зэрэг баримтаар  тус тус тогтоогдож байна.

 

        Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.

 

            Нэхэмжлэгч нь автомашины үнэлгээ хийсэн Ашид билгүүн ХХК-ийн үйлчилгээний хөлсөнд 83,000 төгрөг,  Делта сервисийн оношлогоо хийлгэхэд 35,000 төгрөгийг тус тус төлсөн болох нь 2020.07.01-ний өдрийн Делта сервисийн ажлын хуудас, Ашид билгүүн ХХК-ийн мөнгө төлөгдсөн баримтаар тогтоогдсон байх тул автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ 1,650,000 төгрөг, үйлчилгээний хураамж 83,000 төгрөг, оношлогооны төлбөр 35,000 төгрөг нийтдээ 1,768,000 төгрөгийг нэхэмжилсэнийг хариуцагч Д.Баас гаргуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдхүүн үзлээ.

 

           Хариуцагч Д.Б зам тээврийн осолд буруугүй гэж маргадаг боловч түүнийг  Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.9 дэх  заалт, дүрмийн 2 дугаар хавсралт 1.3 дахь заалтыг тус тус зөрчсөн болохыг тогтоож, Зөрчлийн тухай хуулийн дагуу 100,000 төгрөгөөр торгосон байх бөгөөд зөрчилд шийтгэл оногдуулах тухай 2020.07.27-ны өдрийн 0021526 дугаартай шийтгэлийн хуудасыг хүлээн авсан, хуулийн хугацаанд гомдол гаргаагүй атлаа өөрийн машинд учирсан хохирол 1,620,000 төгрөг, үнэлгээний хөлс 84,000 төгрөг, машин ачилтын төлбөр 75,000 төгрөг, торгуулийн 100,000 төгрөг нийтдээ 1,879,000 төгрөгийг  Г ХХК-иас нэхэмжилсэнийг шүүх хангах  үндэслэлгүй байна.

 

         Зам тээврийн осол гарсан тухайн өдөр .... улсын дугаартай Тоёота приус маркийн автомашиныг Б.А  жолоодож явсан боловч уг автомашин нь Г ХХК-ийн өмчлөлд шилжсэн байсан болох нь .... улсын дугаартай автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээ, Г ХХК болон Б.Мөнхбат нарын хооронд байгуулагдсан 2019.10.19-ний өдрийн ..... тоот зээлийн гэрээ зэргээр тогтоогдсон, харин автомашиныг жолоодож явсан  Б.Аийг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон байна.

 

         Д.Бд холбогдуулан Б.А нь нэхэмжлэл гаргаагүй, энэ хэргийн нэхэмжлэгч биш тул сөрөг нэхэмжлэлийг Б.Ад холбогдуулан гаргасан нь үндэслэлгүй гэж үзээд Г ХХК, Б.А нараас 1,879,000 төгрөг гаргуулахыг хүссэн Д.Бын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.     

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118, 73 дугаар зүйлийг удирдлага болгон

 

                                                                                                          ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,  510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Баас 1,768,000  төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г ХХК-д  олгож, Б.А, Г ХХК нараас 1,879,000 төгрөг гаргуулахыг хүссэн Д.Бын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43,238 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн 45,000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Баас 43,238 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г ХХК-д  олгосугай.

 

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Д.ЭНХЦЭЦЭГ

 

                                             ШҮҮГЧ                                  Б.МӨНХЖАРГАЛ

                                                                                  

                                                                                       Ж.СЭМЖИД