Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2021/01692

 

 

2021 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2021/01692

 

Г ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Байгалмаа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2021/02140 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Г ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.Б-д холбогдох гэм хорын хохиролд 1 768 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 1 879 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А , хариуцагч Д.Б , хариуцагчийн өмгөөлөгч Л.О , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар сөрөг нэхэмжлэлийн талаар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г ХХК-ийн эзэмшлийн 40-49 УБЛ улсын дугаартай тоёота приус 20 маркийн автомашиныг Б.А нь унаж яваад 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Д.Б ын унаж явсан 51-65 УНК тоёота пассо автомашинтай мөргөлдөж зам тээврийн осол гаргасан байдаг. Тухайн үед замын цагдаагийн байгууллагаас шалгаад Д.Б-ын 100 хувь буруу гэж дүгнэлт гаргасан. Хариуцагч нь учруулсан хохирлоо одоо болтол барагдуулаагүй тул дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсангийн замд Гарааны парамейр ХХК-ийн эзэмшлийн Тоёото пассо маркийн 51-65 УНК улсын дугаартай автомашины жолооч Д.Б Замын хөдөлгөөний дүрмийн 10.9, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралт 1.1, 1.3 дахь заалтуудыг зөрчиж Д.А-ийн унаж явсан Тоёота приус 20 маркийн автомашиныг мөргөсөн нь хохирогч, холбогдогч нарын мэдүүлэг, хэргийн газрын хэмжилтийн бүдүүвч зураг, хэргийн газрын үзлэгийн зураг, тэмдэглэл, фото зураг зэрэг баримтаар тогтоогдож байх тул хариуцагч Д.Б аас автомашины үнэлгээ 1 650 000 төгрөг, үйлчилгээний хураамж 83 000 төгрөг, оношилгооны төлбөр 35 000 төгрөг, нийт 1 768 000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Г ХХК нь 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр зээлдэгч н.М-тай фидуцийн гэрээ байгуулсан. Тухайн зээлийн гэрээ хүчин төгөлдөр байгаа. Зээлийн гэрээний 3.2.6-д унаж явах зээлийн тухай, зээлдэгч нь барьцааны эд хөрөнгийг өөрийн хамгаалалтад авч гэрээлсэн хугацаанд бүрэн бүтэн байдлыг хангаж зээлдэгчийн буруугаас тээврийн хэрэгсэл ашиглах явцад бусдын амь нас эрүүл мэндэд хохирол учирвал хохирлыг бүрэн барагдуулна гэж заасан учраас гэрээнд заасны дагуу манайх нэхэмжлэлийн үнийг төлөх үндэслэл байхгүй гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдөр өөрийн ажилладаг хашаа руу орох гээд зүүн гар тийш эргэх дохио өгөөд зогсож байтал өөдөөс эсрэг 2 дугаар урсгалаар явж байсан зорчигч тээврийн автобус явсан ба түүний араас 5, 6 суудлын автомашин явсан. Хамгийн эхний жолооч яв гээд гараа өргөхөөр нь олон автомашин хүлээлгээд яах вэ гэж бодоод зогсож байсан газраасаа хөдлөөд 3 метр орчим яваад 1 дүгээр эгнээнээс асар хурдтай автомашин ирж байхыг хараад зогсоход намайг ирээд мөргөсөн. Ямар ч логикоор бодсон миний өөрийн машин 45 градус эргээд зогсоно гэж байхгүй. Миний төлбөрийг төлөхгүй байгаа шалтгаан мөргөлдсөний дараа Б.А автомашинаасаа гарч ирэхгүй 5, 6 минут болсны дараа гарч ирсэн ба гарч ирэхдээ замын цагдаа дуудсан байсан. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.2, 12.3, 12.4 дэх заалтуудыг зөрчсөн. Хэргийн газарт үзлэг хийсэн ахлах дэслэгч н.Ганхөлөг биднийг согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгах ёстой байтал шалгаагүй, нэгдүгээр эгнээгээр явж байхдаа тоормос гишгэх ёстой байтал тоормос гишгээгүй, тоормос гишгэж чадаагүй шалтгаан нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байж болно эсвэл хэт хурдтай явж байсан учраас самбаачлах хугацаа гараагүй байж болно. Цагдаа ирээд шалгалт хийж байхад Б.А нь 4-5 удаа тамхи татаж, бохь зажилж байсан. Мөн осол гарснаас хойш 3 хоногийн дараа 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Б.А над руу залгаад хэргийн газарт очсон н.Ганхөлөг дэслэгч бид хоёрыг үлээлгээгүй юу гэж асууж байсан, тухайн этгээд үлээлгэсэн эсэхийг мэдэхгүй байдалтай байсан. Монгол Улсын иргэн хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна гэж заасан боловч н.Ганхөлөг нь хэрэгт ач холбогдолтой баримт шалгахын оронд Б.А ийг хэдээс хэдэн км/ц хурдтай явсан бэ гэж асуухад 40-50 км/ц хурдтай явж байсан гэж өөрийнх нь хэлснээр хурдыг нь тодорхойлсон. Энэ үнэн бол Б.А намайг хараад зогсох боломжтой байсан. Бидний машинд арай бага эвдрэл гарах байсан. Нэхэмжлэлийн үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй. Энэ хүн 3 зөрчил гаргасан, би 2 зөрчил гаргасан.

Бидний хувьд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5 заалт зөрчсөнөөс би 2 заалтыг нь зөрчсөн. Б.А Замын хөдөлгөөний дүрмийн 12.1, 12.2, 12.3 гэсэн 3 заалтыг зөрчсөн. Би автомашины үнэлгээнд 1 620 000 төгрөг, үйлчилгээний хураамж 84 000 төгрөг, журмын хашаа руу авч явж хонуулсны төлбөрт 75 000 төгрөг, торгууль 100 000 төгрөгийг төлсөн нийт 1 879 000 төгрөгийг Г ХХК болон уг автомашиныг унаж явсан иргэн Б.А нараас нэхэмжилж байна гэжээ.

 

Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт: Д.Б нь 2 дугаар эгнээнээс 1 дүгээр эгнээ рүү орох нь буруу үйлдэл хийж 1 дүгээр эгнээнд явж байгаа автомашин мөргөсөн тул Д.Б ыг буруутай гэж үзэж байна. Тухайн үеийн замын зураас нь урт үргэлжилсэн байна уу, тасархайтай байна уу гэдгийг харах нь зүйтэй. Сөрөг нэхэмжлэлээр өөрт учирсан гэм буруутай мөнгөө нэхэмжлэгчээс шаардах нь буруу гэж үзэж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Б аас 1 768 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г ХХК-д олгож, Б.А , Г ХХК нараас 1 879 000 төгрөг гаргуулахыг хүссэн Д.Б ын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43 238 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн 45 000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Б аас 43 238 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Осол болох үед Б.А жолооч ганц ч удаа зогсоох оролдлого хийж тормоз гишгэж чадаагүй нь самбаачилж тормоз гишгэх завдал болоогүй, хэт хурдтай явсан учир, согтууруулах ундаа хэрэглэсэн согтуу явж байсан байж болзошгүй гэж хардах хардлага төрүүлж байна. Б.А ийн унаж явсан 40-49 УБЛ дугаартай Приус 20 маркийн автомашин нь дүүгийнх нь өмчлөлд байдаг бөгөөд зээлийн барьцаанд тавигдсан, унах нөхцөлтэйгээр гэрээлж, Г ХХК-ийн эзэмшилд түр шилжсэн автомашин байсан. Б.А , Г ХХК-ийн 2 удаагийн нэхэмжлэлд намайг очиж мөргөсөн мэтээр гүтгэж бичсэнийг би зөвшөөрөхгүй. Шалгалт хийхээр хэргийн газарт ирсэн цагдаа дэслэгч Б.Ганхөлөг хэрэгт онцын холбогдолгүй хэмжилтүүд хийж биднийг ойртуулахгүй хөөж, шалгасан дүр эсгэж шийдвэр гаргаж, Б.А ийг 40-50 км цагийн хурдтай явсан байх гэж өөрөө хэлсээр байхад дүгнэлтдээ 28 км цагийн хурдтай явсан гэж бичсэн нь энэ хэрэг удааширч өдийг хүрэх шалтгаан болж байна. Мөн хэргийн газарт хоёр жолоочийг согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгах ёстой байтал драгер үлээлгэж шалгаагүй нь Б.А тэй үгсэн тохирсон танил талуудын тохироо ч байж магадгүй. Тухайн үед Б.А согтууруулах ундаа хэрэглэсэн байж болзошгүй хэд хэдэн хардлага байна. Үүнд тормоз гишгэхийг сэтгэж тоормозлоогүй, мөргөлдсөний дараа автомашинаасаа гарч ирэлгүй 5-6 минут болсон нь архиа гаргах оролдлого хүлээж хийсэн байж болох, үлээлгэж болохгүй гэж Б.Ганхөлөг дэслэгчтэй үгссэн байж болох, ойр ойрхон 5, 6 удаа тамхи татаж бохь зажилж байсан, мөргөлдсөнийхөө маргааш нь 16 цагийн орчимд Б.А над руу утсаар залгаж Балжаа ахаа та, бид хоёрыг өчигдөр тэр цагдаа үлээлгээгүй гэж үү гэж асууж байсан нь тухайн үеийг мэдрэх мэдрэлийн чадварыг гэрчилж байна. Б.А ийг олон удаа тамхи татаж, бохь зажилж байсныг дэргэд байсан олон хүмүүс гэрчилдэг. Миний хувьд сэтгэл зүйн хүнд сааталд орсон байсан учир анзаараагүй. Мөн хүнийг гүжирдэх эрх надад байхгүй. Хан-Уул дүүргийн тээврийн цагдаагийн газрын хэрэг бүртгэгч ахлах дэслэгч Б.Б-д хэргийн материалууд очсон байсан. Тухайн үед би хөдөө зайлшгүй явах буяны ажил гарсан тул техникийн шинжээч томилж дахин шалгаж, Б.А ийн явсан хурдны хэмжээг тогтоож өгөөч гэсэн өргөдөл, хүсэлт гаргаж, ахлах хэрэг бүртгэгч н.Д-д өгч, учир явдлыг яриад 2020 оны 8 дугаар сарын 02-3-нд шилжих шөнө 03 цагт Говь-Алтай явж ирээд эргэн уулзахад камер байхгүй учир хурдны хэмжээг тогтоох боломжгүй гэсэн хариу өгч намайг 100 хувь буруутай гэсэн шийдвэрийг Б.Г-ийн дүгнэлтээр гаргаж, 100 000 төгрөгөөр торгуулсан.

Хэргийн газарт шалгалт хийсэн дэслэгч Б.Г-ийн замын хөдөлгөөний ослын талаар ямарч үндэслэлгүйгээр шалгалт хийж, хэт нэг талыг барьсан шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хан-Уул дүүргийн Тээврийн цагдаагийн газар техникийн шинжээч томилж Б.А ийн хурдны хэмжээг камергүй гэсэн шалтгаанаар тогтоож өгөөгүй. Б.А бид хоёрын мөргөлдөх явцад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5 дах заалт зөрчигдсөн. Д.Б ын тухайд 10, 9 дүгээр зүйл, хавсралтын 1.1 дэх заалтыг зөрчсөн. Харин Б.А ийн тухайд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1, 12.3, 12.4 дэх заалтуудыг зөрчиж, зөрчилд эзлэх хувь 40х60 болж Б.А илүү буруутай. Анхан шатны шүүхийн гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул гомдол гаргасан. Анхан шатны шүүхэд Г ХХК-ийн зүгээс нөлөөлсөн байж магадгүй. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1, 12.3, 12.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн байхад хэргийг шийдвэрлэхдээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудаас хэрэгт холбогдуулан авч үздэг заалт, үздэггүй заалтууд гэж байдаг мэтээр миний гаргасан 2, 3 зөрчлийг зөрчилд үзэж намайг 100 хувь буруутайгаар, Б.А ийг ямар ч зөрчил гаргаагүй мэтээр шийдвэрлэсэн нь үнэнд үл нийцэхгүй. Монгол Улсын Үндсэн хуульд Монгол Улсын иргэн хууль шүүхийн өмнө ижил тэгш эрхтэй гэж хуульчилсан. Энэхүү хэргийг шийдвэрлэхэд Б.А ийн гаргасан зөрчлүүд нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд нарийвчлан заагдсан заалтууд мөн тул хэрэгт холбогдуулан шалгаж, бидний харилцан нэхэмжилсэн нь мөнгөн дүнг адилтган тооцож зөрүү болох 111 000 төгрөгийг надад олгож, хохирол барагдуулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч Г ХХК нь хариуцагч Д.Б-д холбогдуулан гэм хорын хохиролд 1 768 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч Г ХХК, Б.А нараас 1 879 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

Хариуцагч Д.Б нь 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдөр замын хөдөлгөөнд оролцон 51-65 УНК улсын дугаартай Тоёота пассо маркийн автомашиныг жолоодож явахдаа нэхэмжлэгч Г ХХК-ийн өмчлөлийн 40-49 УБЛ улсын дугаартай Тоёота приус маркийн автомашинтай мөргөлдөж зам тээврийн осол гарсан болох нь хэргийн 12-18 дахь талд авагдсан Хан-Уул дүүрэг дэх Замын Цагдаагийн хэлтсийн 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн зам тээврийн осол, хэргийн газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл, 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 0021526 дугаар шийтгэлийн хуудас зэрэг бичгийн баримтаар тогтоогдсон байна.

 

Дээрх зам тээврийн ослын улмаас Г ХХК-ийн өмчлөлийн автомашин гэмтэж 1 650 000 төгрөгний хохирол учирсан болох нь хэргийн 21 дэх талд авагдсан А ХХК-ийн 58 тоот автомашины техникийн үнэлгээний тайлангаар тогтоогдсон бөгөөд энэ үнэлгээнд талуудын хэн аль нь маргаагүй болно.

 

Хариуцагч нь зам тээврийн осол гарахад хэн аль нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн буруутай тул хохирлыг нөхөн төлөхгүй гэж маргасан байна.

 

Хэргийн баримтаар дээрх зам тээврийн осол гарахад хариуцагч Д.Б ыг Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.9 дэх заалт, дүрмийн 2 дугаар хавсралт 1.3 дахь заалтыг тус тус зөрчсөн буруутай болохыг осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг болон зам тээврийн осол хэргийн газрын үзлэгээр тогтоон улмаар тэмдэглэл үйлдэж бэхжүүлсэн бөгөөд энэ талаар хариуцагч гомдол гаргаагүй болно.

 

Хариуцагч Д.Б ын хууль бус буруутай үйлдлийн улмаас зам тээврийн осол гарсан тул түүний гаргасан зөрчилд Хан-Уул дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 0021526 дугаартай зөрчлийн хуудсаар 100 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ. Уг шийдвэрт хуульд заасан хугацааны дотор хариуцагч гомдол гаргаагүй тул энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Хариуцагч Д.Б нь зам тээврийн осол гарахад нэхэмжлэгч Г ХХК-ийн өмчлөлийн автомашиныг жолоодон явсан Б.А Замын хөдөлгөөний дүрмийн 3 заалтыг зөрчсөн буруутай гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотолсонгүй.

 

Хариуцагч Д.Б нь 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдөр замын хөдөлгөөнд оролцон тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн хууль бус үйлдлийн улмаас нэхэмжлэгч Г ХХК-ийн өмчлөлийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж гэм хор учруулсан буруутай байна.

 

Нэхэмжлэгч Г ХХК нь автомашины хохирлын үнэлгээ хийсэн А ХХК-ийн үйлчилгээний хөлсөнд 83 000 төгрөг, Делта сервисийн оношлогоо хийлгэхэд 35 000 төгрөгийг төлсөн болох нь хэргийн 19-20 дахь талд авагдсан 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Делта сервисийн ажлын хуудас, А ХХК-д мөнгө төлсөн баримтаар тогтоогджээ.

 

Ийнхүү хариуцагч Б.Б-ын санамсар болгоомжгүй хууль бус үйлдлийн улмаас нэхэмжлэгч Г ХХК-ийн өмчлөлийн автомашиныг мөргөж хохирол учруулсан нь шалтгаант холбоотой байна.

 

Иймд анхан шатны шүүх хариуцагч Д.Б аас автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ 1 650 000 төгрөг, үйлчилгээний хураамж 83 000 төгрөг, оношлогооны төлбөр 35 000 төгрөг, нийт 1 768 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г ХХК-д олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж заасантай нийцжээ. Энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Анхан шатны шүүх Б.А нь Д.Б-д холбогдуулан нэхэмжлэл гаргаагүй, Б.А нь нэхэмжлэгч биш тул Б.А ид холбогдуулан сөрөг нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй гэж үзэж Г ХХК, Б.А нараас 1 879 000 төгрөг гаргуулах тухай Д.Б ын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй бөгөөд хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна. Иймд энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1 дэх хэсэгт зааснаар иргэдийн төлөөлөгч нь хэргийг анхан шатны журмаар шүүх бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд оролцох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар гэм хорын хохиролтой хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд оролцож байгаагийн хувьд тэрээр мөн хуулийн 86 дугаар зүйлийн 86.2.4-т зааснаар хэргийн үйл баримт, зохигчдын гэм буруугийн талаар дүгнэлт гаргах эрхтэй ба анхан шатны шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч оролцож дүгнэлт гаргасан байх боловч шүүх иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг шүүхийн шийдвэрт тусгаагүйг нэмж залруулах боломжтой. Энэ нь шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэл болохгүй юм.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2021/02140 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43 238 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дах хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ