Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2024 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 001/ХТ2024/00131

 

                     

                                                     “А Э Д Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Баярмаа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 182/ШШ2024/00215 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 210/МА2024/00614 дүгээр магадлалтай,

“А Э Д Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

“Т Б” ХК-д холбогдох

2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 12/16-87 дугаартай Зээлийн гэрээгээр хүлээсэн зээлийн төлбөр төлөх үндсэн үүрэг, 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 12/17-107 дугаартай Барьцааны гэрээгээр хүлээсэн барьцааны үүрэг дуусгавар болсон болохыг тогтоолгох,

2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн №04/378 дугаар Зээлийн төлбөрт тооцон барьцаа хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээний 3.7, 3.8, 5.2-т заасан заалтуудыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох,

А Э Д Э ХХК-ийн өмчлөлийн Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, .............................хаягт байрлалтай Ү-2203..........дугаартай орон сууц, оффисын зориулалттай үл хөдлөх хөрөнгөөс үлдсэн 8169.4 м.кв талбайг барьцаанаас чөлөөлөхгүй байгаа Т Б ХК-ийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох,

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, .............................хаягт байрлалтай Ү-2203..........дугаартай орон сууц, оффисын зориулалттай үл хөдлөх хөрөнгөөс барьцаанаас чөлөөлөгдөөгүй үлдсэн 8169.4 м.кв талбай буюу хавсралт 1, хавсралт 2-т дурдсан тоот дугаар бүхий үл хөдлөх хөрөнгүүдийг 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан 12/17-107 дугаартай барьцааны гэрээний барьцаанаас чөлөөлүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ш, Б.Хнарын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Баярмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, Н.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, Б.Ш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “А Э Д Э” ХХК-аас хариуцагч “Т Б” ХК-д холбогдуулан Барьцаагаар хангагдсан үүрэг дуусгавар болсон болохыг тогтоолгох, барьцаа хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээний 3.7, 3.8, 5.2-т заасан заалтуудыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, барьцаа хөрөнгө болох орон сууц, оффисын зориулалттай үл хөдлөх хөрөнгөөс үлдсэн 8,169.4 м.кв талбайг барьцаанаас чөлөөлөхгүй байгаа “Т Б” ХК-ийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, барьцаанаас чөлөөлөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

2. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 182/ШШ2024/00215 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 160 дугаар зүйлийн 160.1, 160.1.1, Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 51 дүгээр зүйлийн 51.1.1, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Т Б ХК-д холбогдох 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 12/16-87 дугаартай Зээлийн гэрээгээр хүлээсэн зээлийн төлбөр төлөх үндсэн үүрэг, 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 12/17-107 дугаартай Барьцааны гэрээгээр хүлээсэн барьцааны үүрэг дуусгавар болсон болохыг тогтоолгох,

2021.12.27-ны өдрийн №04/378 дугаар Зээлийн төлбөрт тооцон барьцаа хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээ-ний 3.7, 3.8, 5.2-т заасан заалтуудыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох,

“А Э Д Э” ХХК-ийн өмчлөлийн Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, .............................хаягт байрлалтай Ү-2203..........дугаартай орон сууц, оффисын зориулалттай үл хөдлөх хөрөнгөөс үлдсэн 8,169.4 м.кв талбайг барьцаанаас чөлөөлөхгүй байгаа “Т Б” ХК-ийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох,

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, .............................хаягт байрлалтай Ү-2203..........дугаартай орон сууц, оффисын зориулалттай үл хөдлөх хөрөнгөөс барьцаанаас чөлөөлөгдөөгүй үлдсэн 8,169.4 м.кв талбай буюу хавсралт-1, хавсралт 2-т дурдсан тоот дугаар бүхий үл хөдлөх хөрөнгүүдийг 2017.06.09-ний өдөр байгуулагдсан 12/17-107 дугаартай барьцааны гэрээний барьцаанаас чөлөөлүүлэхийг даалгах тухай нэхэмжлэгч “А Э Д Э” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч “А Э Д Э” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 280,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дүгээр сарын 27-ны өдрийн 210/МА2024/00614 дүгээр магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 182/ШШ2024/00215 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг баримтлан Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, .............................хаягт байрлалтай, улсын бүртгэлийн Ү-2203..........дугаартай орон сууц, оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс барьцаанаас чөлөөлөгдөөгүй үлдсэн 8,169.4 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхийг хариуцагч “Т Б” ХК-д даалгасугай. гэж,

2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч “А Э Д Э” ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 280,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Т Б” ХК-аас 70,200 төгрөг, улсын орлогоос 209,800 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ш, Б.Хнар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанаар “А Э Д Э“ ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Т Б” ХК-д холбогдох хэргийг хянан хэлэлцэж тус шүүхийн 1812/ШШ2024/00215 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.  Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 216/МА2023/00003 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.

Хариуцагчийн зүгээс Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 216/МА2023/00003 дугаартай магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр энэхүү хяналтын гомдлыг гаргаж байна.

“Т Б“ ХК нь болон “Ө У Г“ ХХК, “А И” ХХК, “И” ХХК, “А Э Д Э“ ХХК нарын хооронд байгуулагдсан зээлийн төлбөрт тооцон барьцаа хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээний 3 дугаар зүйлийн 3.7-д зааснаар тус гэрээний дагуу хөрөнгийг буцаан худалдан авах баталгаа болгож, гэрээний хавсралт 1-т заасан хөрөнгийг барьцаанаас түр чөлөөлөхгүй бөгөөд энэ гэрээний 2.1-т заасан хөрөнгө гэрээний талууд болон гуравдагч этгээдэд бүрэн худалдан борлуулагдсаны дараа барьцаанаас чөлөөлөхөөр талууд харилцан тохиролцсон. Мөн гэрээний 3 дугаар зүйлийн 3.8-д “Энэ гэрээний 2.1-д заасан хөрөнгө худалдан борлуулагдах хүртэл гэрээний хавсралт-1-т заасан хөрөнгийг түр чөлөөлөхгүй байх, хөрөнгүүдийг банкны зөвшөөрөлгүй захиран зарцуулахгүй байх” гэж тухайн хөрөнгүүдийг худалдан борлуулагдах хүртэл барьцаанаас чөлөөлөхгүй байхаар харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэг “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж зааснаар аливаа этгээдүүд нь хуулийн хурээнд гэрээг чөлөөтэй байгуулах эрхтэй бөгөөд хуулийн хэм хэмжээг гэрээгээр зөрчих эрхгүй болно.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д “хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлдэл” хүчин төгөлдөр бус болохыг заасан ба хууль зөрчсөн гэдэг нь хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн, эсхүл хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хамаарах ба энэ зөрчил нь хэлцлийн эрх зүйн үндэслэлтэй байх зарчимд нийцэхгүй байхыг ойлгоно. Хууль зөрчсөн гэж хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн, эсхүл хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хамаарах ба энэ зөрчил нь хэлцлийн эрх зүйн үндэслэлтэй байх зарчимд нийцэхгүй байхыг хэлэх бөгөөд талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь уг зохицуулалтад нийцэхгүй байхыг ойлгоно. “Зээлийн төлбөрт тооцон барьцаа хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээ"-ний агуулга нь хууль зөрчөөгүй, гэрээний чөлөөт байдлын зарчмын үндсэн дээр тус хөрөнгийг худалдан борлуулагдах хүртэл барьцаанаас чөлөөлөхгүй байх, худалдан борлуулагдсаны дараа барьцаанаас чөлөөлөхөөр харилцан тохиролцож байгуулсан гэрээ нь хүчин төгөлдөр бусад тооцогдох хууль эрх зүйн үндэслэлгүй болно.

Зээлдэгч “Ө У Г” ХХК/2617749/, “А И” ХХК /5441285/, “И” ХХК /2110547/, “А Э Д Э” ХХК /6173314/-ууд нь Т Бтай байгуулсан “Зээлийн төлбөрт тооцон барьцаа хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээ”-ний дагуу өнөөдрийг хүртэл нэг ч хөрөнгө буцаан худалдаж аваагүй бөгөөд гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-т заасан хөрөнгө гэрээний талууд болон гуравдагч этгээдэд бүрэн худалдан борлуулагдаж дуусаагүй байгаа тул Т Бан дахь төлбөр бүрэн төлөгдөж дуустал Т Бны барьцаанд баталгаа болгож үлдээсэн 8,169.4 метр квадрат талбайг барьцаанаас чөлөөлөх боломжгүй болно.

Иймд Давж заалдах шатны шүүхий магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Нийт шүүгчийн хуралдааны 001/ШХТ2024/00660 дугаар тогтоолоор хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ш, Б.Хнарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хэлэлцээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтов.

ХЯНАВАЛ:

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ш, Б.Хнарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

7. Нэхэмжлэгч “А Э Д Э” ХХК нь хариуцагч “Т Б” ХК-д холбогдуулан барьцаа хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээний 3.7, 3.8, 5.2 дахь заалтуудыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, барьцаагаар хангагдсан үүрэг дуусгавар болсон болохыг тогтоолгох, барьцааны зүйл болох орон сууц, оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс үлдсэн 8,169.4 м.кв талбайг барьцаанаас чөлөөлөхгүй байгаа “Т Б” ХК-ийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “... Барьцаагаар хангагдах үүрэг өмч шилжүүлснээр дууссан, барьцаа хөрөнгийг чөлөөлөх ёстой. Зээлийн үүрэгт тооцон үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэх гэрээг дарамталж байгуулсан, хууль зөрчсөн, хүчин төгөлдөр бус хэлцэл, шүүхийн шийдвэр, магадлалаар 5,861,741,499 төгрөгийн төлбөр төлөхөөр заасан атал уг төлбөр дээр 2,000,000,000 төгрөгийг нэмж тооцон 7,861,741,499 төгрөгийн дүнтэйгээр зээлийн өр төлбөрийг тооцохоор гэрээнд тусгасан.” гэж тайлбарласан

8. Хариуцагч “Т Б” ХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, үндэслэлээ “...2019.11.06-ны өдрийн байдлаарх төлөгдөөгүй зээлийн дүнгээр буюу 5,861,741,499 төгрөг нэхэмжилсэн. ... нэхэмжлэгч шүүхээр маргаж байгаа 5,8 тэрбум төгрөг болон үлдэгдэл 2 тэрбум төгрөгийн үндсэн зээл нийт 7,8 тэрбум төгрөгт тооцон үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэх саналтайгаа удаа дараа илэрхийлсэн байдаг бөгөөд үндэслэлгүйгээр 2,0 тэрбум төгрөг нэмсэн зүйл байхгүй. ... Банк гэрээгээ цуцлаагүй, зөвхөн зээл, үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг л нэхэмжилсэн. ... Зээлийн төлбөрт тооцон барьцаа хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээг дарамталж байгуулаагүй ... гэрээний нөхцөлтэй бүрэн танилцуулсан ... талууд чөлөөтэй харилцан тохирч байгуулсан тул гэрээ хууль зөрчөөгүй. ... гэрээний дагуу 17 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийг 1 жилийн дотор буцаан худалдаж авна гэсэн боловч нэгийг ч аваагүй. “Т Б” ХК 15-ыг нь хөнгөлөлттэй нөхцлийн зээл гаргаж өөрсдөө худалдсан, 2 обьект үлдсэн, үүнийгээ өөрсдөө авна гэж хэлээд заруулдаггүй. ... эрхээ эдлээд зарах гэхээр авсан хүнд нь хохиролтой болох гээд байна. ... зээлийг хөрөнгөөрөө хаасан боловч банкны зүгээс барьцааны гэрээний үүрэг дуусгавар болоогүй гэж үзэж байгаа. .... Энэ 2 байраа буцаан авч гэрээний 3.7, 2.1 дэх заалтуудыг хэрэгжүүлбэл бусад барьцаа хөрөнгийг чөлөөлнө.” гэж хариу мэтгэлцсэн байна.

9. Анхан шатны шүүх барьцаа хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээний зарим заалтуудыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, барьцааны гэрээгээр хүлээсэн барьцааны үүрэг дуусгавар болсон болохыг тогтоолгох, барьцааны зүйл болох орон сууц, оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс үлдсэн 8,169.4 м.кв талбайг барьцаанаас чөлөөлөхгүй байгаа “Т Б” ХК-ийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхийг даалгах тухай гэсэн 4 төрлийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэж үзэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Шийдвэрт “...Талуудын хооронд хийгдсэн хэлцлийн агуулгаас үзэхэд гэрээний 2.1-т заасан хөрөнгө худалдан борлуулагдах хүртэл гэрээний хавсралт 1-д заасан хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхгүй байх, худалдан борлуулагдсаны дараа барьцаанаас чөлөөлөх талаарх харилцан тохиролцоог хууль зөрчсөн, хуулийн шаардлага хангаагүй гэх үндэслэл тогтоогдохгүй байна. ...Зохигчид зээлийн гэрээний төлбөрт тооцуулахаар барьцаалуулагч “А Э Д Э” ХХК-ийн өмчлөх эрхийн гэрчилгээтэй үл хөдлөх эд хөрөнгөөс тодорхой хөрөнгийг банкны өмчлөлд шилжүүлж, тухайн хөрөнгүүд худалдан борлогдсоны дараа гэрээний хавсралт 1-д заасан хөрөнгүүдийг барьцаанаас чөлөөлөхөөр тохиролцсон бөгөөд талуудын хооронд хуульд зааснаар зээлийн гэрээний үүрэг болон барьцааны эрх дуусгавар болсон үндэслэл тогтоогдохгүй ...” гэж дүгнэсэн.

10. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн Ү-2203..........дугаартай үл хөдлөх эд хөрөнгөөс 8,169.4 мкв талбайг барьцаанаас чөлөөлөх шаардлагыг хангасан ба магадлалд “... гэрээний үүрэг дуусгавар болсныг тогтоолгох, хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, хууль бус эс үйлдлийг тогтоолгох шаардлагуудыг барьцаанаас хөрөнгө чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл гэж үзнэ. ... Зээлийн гэрээ болон барьцааны гэрээний үүргүүд дуусгавар болсон, зээлийн төлбөрт тооцон барьцаа хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээний дагуу “Т Б” ХК нь 1,395.76 м.кв талбай бүхий 17 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөлдөө авч захиран зарцуулсан тул нэхэмжлэгч “А Э Д Э ХХК-ийн өмчлөлийн 8,169.4 м.кв талбай бүхий хөрөнгөд хамаарах аливаа барьцааны эрх дуусгавар болсон. Иймд Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, .............................хаягт байрлалтай, улсын бүртгэлийн Ү-2203..........дугаартай орон сууц, оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс барьцаанаас чөлөөлөгдөөгүй үлдсэн 8,169.4 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхийг хариуцагч “Т Б” ХК-д даалгаж шийдвэрлэх нь Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1-д нийцнэ.” гэж дүгнэсэн.

11. Хоёр шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв тогтоосон боловч хариуцагч “Т Б” ХК-ийн ипотек оршиж буй эсэх талаар зөрүүтэй дүгнэн, үл хөдлөх эд хөрөнгийн харилцааг зохицуулсан Иргэний хуулийн холбогдох зүйл, заалтыг ялгаатай тайлбарлан хэрэглэсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр гомдлыг хүлээн авч хяналтын шатны журмаар хэргийг хянах нь зүйтэй байна.

12. Нэхэмжлэгч “А Э Д Э” ХХК нь хариуцагч “Т Б” ХК-д холбогдуулан дөрвөн төрлийн шаардлага тодорхойлон анхан шатны шүүхэд нэхэмжлэлээ гаргасныг давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч гагцхүү үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэж үзэн бусад шаардлагууд буюу зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсныг тогтоолгох; үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн үүрэгт тооцон өмчлөх эрхийг шилжүүлэх агуулга бүхий хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох; ипотекийг дуусгавар болгохгүй байгаа “Т Б” ХК-ийн эс үйлдэл хууль бус болохыг тогтоолгох тухай шаардлагууд нь үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл гэж тайлбарласан нь зөв болжээ.  

13. Улмаар нэхэмжлэгч “А Э Д Э” ХХК нь ипотекоор хангагдсан үндсэн үүрэг дуусгавар болсон тул барьцааг чөлөөлөх ёстой гэж, хариуцагч “Т Б” ХХК нь үндсэн үүрэг дуусгавар болсон эсэх нь хангалтгүй, нэмэлт гэрээгээр тохирсон эд хөрөнгийг буцаан худалдан авах үүргээ биелүүлээгүй бол ипотек дуусгавар болохгүй гэж маргаж байна. Зохигчийн хооронд ипотекоор хангагдсан үндсэн үүрэг дуусгавар болсон эсэх, ипотекийг дуусгавар болгоход түүгээр хангагдсан үндсэн үүрэг дуусгавар болсон эсэх нь шууд нөлөөтэй эсэх, үндсэн үүрэг дуусгавар болсон ч түүнтэй хамааралгүй бусад нэмэлт үүргийг ипотек давхар баталгаажуулах боломжтой эсэх талаар хууль зүйн маргаан үүсжээ. 

14. Хоёр шатны шүүх “Ө У Г” ХХК нь “Т Б” ХК-тай 2016.06.30-ны өдөр 12/16-87 дугаартай зээлийн гэрээ байгуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд “А Э Д Э” ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө, “И” ХХК-ийн газар эзэмших эрхийг барьцаалсан; 3 ширхэг экскаваторыг фидуцийн гэрээний дагуу шилжүүлсэн; зээлдэгч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргаж Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 176 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг, давж заалдах шатны шүүхийн магадлалаар өөрчлөлт оруулж барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон; хяналтын шатны шүүхийн тогтоолоор магадлалыг хэвээр үлдээсэн; уг маргааныг хяналтын шатны шүүхээр хэлэлцэхээс өмнө буюу 2021.12.27-ны өдөр Зээлийн төлбөрт тооцон барьцаа хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээг “А Э Д Э” ХХК ба “Т Б” ХК-ууд байгуулсан үйл баримтыг тус тус  тогтоожээ.

15. Дээр дурдсан зээлийн гэрээний үүргийг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр 5,861,741,499 төгрөгөөр тогтоосон боловч 2021.12.27-ны өдрийн “Зээлийн төлбөрт тооцон барьцаа хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээ”-ээр барьцаа хөрөнгөөр хангах үүргийн дүнг 2,000,000,000 төгрөгөөр нэмж 7,861,741,499 төгрөг байхаар тохирсон байна. Энэ гэрээнд үндсэн үүргийн зээлдэгч, зээлдүүлэгч, барьцааны хөрөнгийн өмчлөгч нар тус тус оролцон гарын үсэг зурж, гэрээг бичгээр байгуулжээ. Энэ талаар зохигч маргаагүй, хавтаст хэрэгт авагдсан гэрээгээр дээрх нөхцөл байдал тогтоогдсон.

16. Зээлийн төлбөрт тооцон барьцаа хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээний дагуу 2016.06.30-ны өдрийн 12/16-87 дугаартай зээлийн гэрээний барьцаанд тавигдсан байсан “А Э Д Э” ХХК-ийн өмчлөлийн 19,293 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203..........дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг 3 бүлэгт хуваасан байна. Улмаар 1,395.76 м.кв талбайтай нэгдүгээр бүлэг хөрөнгийг 17 ширхэг бие даасан үл хөдлөх эд хөрөнгө болгон салган бүртгэж, дээр дурдсан 7,861,741,499 төгрөгийн зээлийн үүрэгт тооцон “Т Б” ХК-ийн өмчлөлд шилжүүлжээ. Харин хоёрдугаар бүлэг хөрөнгө болох 9,781.4 м.кв талбайтай хэсгийг барьцаанаас чөлөөлж, гуравдугаар бүлэг хөрөнгө болох 8,169.4 м.кв талбайтай хөрөнгийг нэгдүгээр бүлэгт хамаарах 17 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийг буцаан худалдаж авах хүртэл хугацаанд “Т Б” ХК барьцаалахаар тус тус харилцан тохиролцсон байна.

17. Нэхэмжлэгч нэгдүгээр бүлэгт хамаарах 17 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийг 7,861,741,499 төгрөгийн зээлийн үүрэгт тооцон “Т Б” ХК-ийн өмчлөлд нэгэнт шилжүүлсэн тул  гуравдугаар бүлэгт хамаарах хөрөнгийг барьцаанаас чөлөөлөх учиртай, эдгээр хөрөнгийг барьцаалсан нь хууль бус болсон гэж маргаж байгаа бол хариуцагч 17 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийг 7,861,741,499 төгрөгийн зээлийн үүрэгт тооцон өмчлөлдөө шилжүүлэн авснаа маргаагүй боловч эдгээр 17 хөрөнгийг буцаан худалдаж авах үүргээ биелүүлээгүй тул гуравдугаар бүлэг хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхгүй гэж маргасан.

18. Шүүх 8,169.4 мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлөх нь зөв буюу “Т Б” ХК-ийн ипотекийн эрхийг үндэслэлгүй гэж үзлээ.

Давж заалдах шатны шүүх барьцааны үүргээс үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлөхдөө түүгээр хангагдсан үндсэн үүрэг дуусгавар болсон гэж дүгнэснийг буруутгахгүй. Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаас ипотекоор хангагдсан 7,861,741,499 төгрөгийн шаардлагыг 17 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөлд шилжүүлэх замаар төлж барагдуулсан байх тул шаардлага дуусгавар болж, улмаар Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1-д заасны дагуу ипотек дуусгавар болно.

19. Гэвч давж заалдах шатны шүүх зээлийн гэрээний үүрэг дууссанаар ипотек дуусгавар болох тухай дүгнэхээс гадна зохигчийн хоорондын маргааны зүйл болсон ипотекоор хангадах шаардлага өөрчлөгдсөн байж болзошгүй талаарх мэтгэлцээнийг анхаарсангүй. Гэрээний талууд дээр дурдсан гуравдугаар бүлэг хөрөнгө болох 8,168.4 мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгөд ипотек тогтоож 17 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийг буцаан худалдан авах үүргийг хангуулахаар зорьсон нь хууль ёсны эсэхэд тухайлсан дүгнэлт өгөөгүй байна.

Тодруулбал, талууд 2021.12.27-ны өдөр Зээлийн төлбөрт тооцон барьцаа хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээ байгуулахдаа 7,861,741,499 төгрөг гаргуулах шаардлагад тооцон шилжүүлсэн 17 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийг буцааж авах үүргийг ипотекоор хангуулах шаардлага болгохоор тохирсон байна. Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.3-т үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, үүрэг гүйцэтгүүлэгч нар харилцан тохиролцож ипотекоор хангагдах шаардлагыг өөр шаардлагаар сольж болох бөгөөд өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлнэ гэж заажээ. Үл хөдлөх эд хөрөнгийг буцаан худалдан авах үүрэг нь ипотекоор хангагдах шаардлага байх боломжтой эсэхийг дүгнэх замаар талуудын хооронд Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1-д заасан шаардлагыг солих харилцаа үүссэн эсэхийг тодорхойлно.

20. Иргэний хуулийн 265 дугаар зүйлийн 265.1-д заасан эд хөрөнгө буцаан худалдан авах болзолтой хийсэн худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь эд хөрөнгийг буцаан худалдан авах үүрэг хүлээдэггүй. Энэ гэрээний дагуу бусдад худалдан авсан хөрөнгөө буцаан худалдан авах нь худалдагчийн үүрэг биш, эрх байдаг. Гэтэл энэ эрхийг барьцаагаар, тэр дундаа ипотекоор хангагдах үүрэг хэлбэрээр тохиролцсоноороо 2021.12.27-ны өдөр талуудын хооронд байгуулсан Зээлийн төлбөрт тооцон барьцаа хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээ нь Иргэний хуулийн 265 дугаар зүйлийн 265.1-д заасан гэрээ биш байна.  

Хэдийгээр талууд гэрээний агуулгаа чөлөөтэй тохирох, байгуулах этгээдээ чөлөөтэй сонгох замаар гэрээний чөлөөт байдлын зарчим үйлчлэх учиртай боловч нэгэнт бусдад төлөх үүрэгтээ тооцож, өмчлөх эрхээ туйлын утгаар шилжүүлсэн хөрөнгийг буцаан худалдан авахыг үүрэгжүүлэн тохирох нь шударга бус. Учир нь эрх шилжүүлэгч эд хөрөнгөө буцаан худалдан авах боломж хэзээ ч бүрдэхгүй байх магадлалтай. Энэ ч агуулгаар буцаан худалдан авах нь “эрх” хэлбэрээр хэрэгжих онцлогтой. Буцаан худалдан авах эрхийг “үүрэгжүүлж”, улмаар энэ үүргийг ипотекоор хангахаар зохицуулах нь Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1-д заасантай нийцэхгүй. Ипотекийн тохиолдолд түүгээр хангагдсан шаардлагыг биелүүлээгүй бол ипотекийн зүйлийг худалдан борлуулж шаардлагыг хангадаг. Гэтэл тус хэргийн тохиолдолд 17 хөрөнгийг буцаан худалдан авах үүргээ биелүүлээгүй бол ипотекийн зүйл болох гуравдугаар бүлэг хөрөнгийг худалдан борлуулах замаар шаардлагыг хэрхэн хангах байсан нь ойлгомжгүй байна. Иймд эд хөрөнгийг буцаан худалдан авах үүргээ биелүүлэх хүртэл хугацаанд ипотекийн эрх оршсоор байна гэж дүгнэх нь үндэсгүй.

21. Энэ хэрэгт худалдагч буюу 17 хөрөнгийг өмчлөх эрхээ зээлийн гэрээний үүрэгт тооцон шилжүүлсэн этгээд ийнхүү шилжүүлсэн хөрөнгөө буцаан худалдан авах хүсэл зоригоо илэрхийлсэн нь хууль бус. Гагцхүү энэ хүсэл зоригийг үүрэгжүүлж ипотекоор хангагдах шаардлага гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт алдаатай болсон. Нэхэмжлэгч эд хөрөнгөө буцаан худалдан авч чадахгүй нь илэрхий болж, үүрэг гүйцэтгүүлэгч шаардсан ч биелүүлж чадах эсэх нь өөрөөс нь хамаарахгүй байх магадлал өндөр тул хөрөнгийг заавал буцаан авахыг тулгаж, энэ шаардлагад тогтоосон ипотекийг хүчинтэй гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй. Энэ нь эрх шилжүүлэгчийн хувьд илтэд хохиролтой төдийгүй, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн талаар болон тухайн хөрөнгийг иргэний гүйлгээнд ашиглах үед гуравдагч этгээдүүдэд тодорхойгүй байдлыг үүсгэнэ. Өмчийн эрх нийтэд тодорхой байх нь зүйтэй тул буцаан худалдан авах эрхийг үүрэгжүүлж, ипотекоор хангасныг гэрээний чөлөөт байдлын зарчмаар зөвтгөн тайлбарлах боломжгүй.

22. Эдгээр үндэслэлээр зохигчийн хооронд  2021.12.27-ны өдөр байгуулсан Зээлийн төлбөрт тооцон барьцаа хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээний 3.7-д “Энэхүү гэрээний дагуу хөрөнгийг буцаан худалдан авах баталгаа болгож, гэрээний хавсралтад заасан хөрөнгийг барьцаанаас түр чөлөөлөхгүй бөгөөд энэ гэрээний 2.1-т заасан хөрөнгө гэрээний талууд болон гуравдагч этгээдэд бүрэн худалдан борлуулагдсаны дараа барьцаанаас чөлөөлөхөөр талууд тохиролцов” гэж, 3.8-д “Энэ гэрээний 2.1-д заасан хөрөнгө худалдан борлуулагдах хүртэл гэрээний хавсралт 1-д заасан түр чөлөөлөхгүй байх хөрөнгүүдийг банкны зөвшөөрөлгүй захиран зарцуулахгүй” гэсэн заалтууд Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1, 265 дугаар зүйлийн 265.1, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт нийцээгүй тул мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус байна. Иймд гэрээний хавсралт 1 хүснэгтийн 3 дугаар багананд жагсаасан 8,169.4 мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлөх замаар хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулах нь зүйтэй.

23. Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, дүгнэлтийг дээрх байдлаар дэлгэрүүлэн тайлбарлах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 -т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 210/МА2024/00614 дугаартай магадлалыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч Т Б ХХК-аас 2024.05.08-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 280,800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.             

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    П.ЗОЛЗАЯА

                  ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                    Г.АЛТАНЧИМЭГ

                                      ШҮҮГЧИД                                        Н.БАЯРМАА

                                                                                                   Д.ЦОЛМОН

                                                                                                  Х.ЭРДЭНЭСУВД