Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 00027

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

             Нарийн бичгийн дарга                         Ч.Ариунсайхан

 Улсын яллагч                                       Э.Энхбат

 Хохирогч                                                   Б.Пүрэвдалай

 Иргэний нэхэмжлэгч                             Н.Ганхүлэг

 Шүүгдэгчийн өмгөөлөгч                       А.Хандмаа

                         Шүүгдэгч                                             Ч.Бат-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Ч.Бат-Эрдэнэд холбогдох 201718020017 тоот эрүүгийн хэргийг хянан  хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол улсын иргэн, 1975 оны 03 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд  боловсролтой, Гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9 дүгээр баг, Партизаны 68 тоотод оршин суух хаягийн улсын бүртгэлтэй, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /МЗ:75032272/ Бүрд овогт Чойжилийн Бат-Эрдэнэ.

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

 

Ч.Бат-Эрдэнэ нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 01 дүгээр сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө 01 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэр буюу “Спирт бал бурам” ХХК-ийн урд талын төв зам дээр өөрийн эзэмшлийн HYUNDAI Sonata-2 маркийн “90-87” СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын ЗХД ийн 2.7, 8.2 дахь заалтыг зөрчин эсрэг урсгал сөрж өөдөөс ирж явсан “Toyota Vitz” маркийн “10-31” СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, зам тээврийн осол гаргаж, уг тээврийн хэрэгслийг жолоодож явсан иргэн Б.Пүрэвдалайгийн бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Бат-Эрдэнэ мэдүүлэхдээ: ... 2017 оны 01 дүгээр сарын 09-ны орой 19 цагийн үед гэртээ байж байхад Хажидмаа гэдэг найз маань дуудахаар нь өөрийн эзэмшилийн HYUNDAI Sonata-2 маркийн “90-87” СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодоод очиж аваад явах гэтэл Хажидмаа найз дээрээ очъё гэхээр нь төмөр замын хойно найз дээр нь очоод бид гурав хамт байж байтал Хүрлээ гээд нөхөр нь ирсэн. Би Хүрлээтэй 1 шил 100 граммын ерөөл архи уусан. Тэгээд би машинаа асаагаад Спиртын үйлдвэрийн урд байх зам руу ороод явж байсан. Тэгтэл урдаас машин замруу орж ирж байхыг харсан, Хажидмаа намайг хурдаа хасаарай гэж хэлэхээр нь амжих байх гэж бодсон. Тэр машин гэрлээ шилжүүлэхгүй байхаар нь би машины гэрлээрээ дохисон. Хол юм шиг харагдахаар нь амжаад гарчихна гээд бодтол Пүрэвдалайгийн машинтай мөргөлдсөн. Миний буруу. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Пүрэвдалай мэдүүлэхдээ: ... 2017 оны 01 дүгээр сарын 09-ны орой Спиртийн үйлдвэрийн урд талын уулзвараас “Toyota Vitz” маркийн “10-31” СЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодоод төв зам руу дохио өгөөд ороод хойшоо ээжийнхрүүгээ явж байсан. Тэгтэл өөдөөс HYUNDAI Sonata-2 маркийн машин орж ирээд мөргөсөн. Тэгээд машинаасаа буух гэтэл хөл мэдээгүй болсон байсан. Ингээд цагдаа, эмнэлэг дуудаад түргэний машинаар нэгдсэн эмнэлэгт ирээд хөлөндөө гипс хийлгээд маргааш нь Улаанбаатар хот руу явсан, надад учирсан гэмтлийг эмчлүүлэхэд гарсан зардал одоог хүртэл төлөгдөөгүй байгаа гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт Иргэний нэхэмжлэгч Н.Ганхүлэг мэдүүлэхдээ: ... Би “Toyota Vitz” маркийн “10-31” СЭА улсын дугаартай авто машиныг худалдаж аваад 2 жил болж байна. Тэгээд би энэ машинаа унаж байгаад намар нурууны хагалгаанд орох шаардлагатай болохоор нь машинаа унаж чадахгүй юм чинь гэж бодоод хүү Б.Пүрэвдалай, түүний эхнэрт нь унаж бай гээд өгсөн юм гэв.

Мөрдөн байцаалтанд Хохирогч Б.Пүрэвдалай мэдүүлэхдээ: … 2017 оны 01 дүгээр сарын 09-10-нд шилжих шөнө 01 цагийн үед би найзынхаасаа гараад замын хойшоо ээжийнх рүү явах гээд төв бетонон зам руу орох гээд урд древень талаас зам руу орох гээд дохио өгөөд хартал Спиртийн үйлдвэрийн уулзвар өнгөрөөд нэг машин баруун тийш чиглэлтэй явж байсан дохио өгөхгүй байхаар нь чигээрээ явах юм байна гэж бодоод би зүүн тийш буюу баруун гар тийш эргэх дохио өгөөд эгнээ байрандаа ортол нөгөө машин өөдөөс ирээд шууд мөргөсөн ослын дараа машинаас буух гэтэл зүүн талын хөл мэдээгүй хөдөлгөөнгүй болчихсон тэгээд удалгүй эмнэлэг цагдаа ирсэн... Би уг нь эгнээ байрандаа явж байсан тэгтэл Ч.Бат-Эрдэнэ машинтайгаа миний явж байсан эгнээ буюу эсрэг урсгалд орж ирээд миний машиныг мөргөсөн. Би гомдолтой байна хохирлоо нэхэмжилнэ гэх мэдүүлэг /ХХ-ийн 26-28-р хуудас/

Мөрдөн байцаалтанд Иргэний нэхэмжлэгч Н.Ганхүлэг мэдүүлэхдээ: ... “Toyota Vitz” маркийн “10-31” СЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. 2016 онд өөрийн хүү Б.Пүрэвдалайд ажилдаа явахдаа хэрэглэж бай гэж өгсөн. Би машинаа нэхэмжилнэ гэх мэдүүлэг /ХХ-ийн 30 дугаар хуудас/

            Мөрдөн байцаалтанд Гэрч Ж.Хажидмаа мэдүүлэхдээ: … Ч.Бат-Эрдэнэ Спиртийн үйлдвэрийн уулзвар өнгөрөөд зам голлоод эсрэг урсгал сөрөөд хурдтай яваад байсан тэгэхээр нь би өөдөөс чинь машин ирж байна чи эгнээндээ яваа хурдаа хасаач гэсэн Ч.Бат- Эрдэнэ мэдэж байна ш дээ гээд байсан. Тэгээд өөдөөс ирж байсан машинтай мөргөлдсөн....Ч.Бат-Эрдэнэ пивоноос уугаагүй сүүлд Хүрэлбаатарыг ирэхэд Ерөөл нэртэй архи уусан гэх мэдүүлэг /ХХ-ийн 34-р хуудас/

            Мөрдөн байцаалтанд Гэрч Г.Хүрэлбаатар мэдүүлэхдээ: .... Ч.Бат-эрдэнэ Спиртийн үйлдвэрийн уулзвар өнгөрөөд зам голлоод эсрэг урсгал сөрөөд жоохон хурдтай яваад байсан. Гэхдээ би хянах самбарыг нь хараагүй хальтиргаатай байгаа шүү зөөлөн яваарай гэж хэлээд эхнэрээ үнсээд эргээд хартал өөдөөс ирж байсан машинтай мөргөлдсөн... Намайг очиход архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг би мэдэхгүй байна намайг очсоны дараа бид 2 тус бүр Ерөөл нэртэй шилтэй архийг уучихаад хөдөлсөн гэх мэдүүлэг /Хх-ийн 36-р хуудас/

       2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт № 48

       1. Б.Пүрэвдалайгийн биед зүүн хөлийн дунд чөмөгт ясны далд хугарал гэмтэл тогтогдлоо.

        2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэдэх боломжтой 2017-01-09-10-нд шилжих шөнө зам тээврийн ослын үед үүсэх боломжтой.

        3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэх дүгнэлт /ХХ- ийн 44-р хуудас/

        2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн №985 дугаартай Шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1. Шинжилгээнд ирүүлсэн Ч.Бат-Эрдэнэ эрэгтэй 42 настай гэж хаягласан цусан 3,0 промилли спиртийн агууламж илэрсэн.

2. Цусанд илэрсэн 3,0 промилли спиртийн агууламж нь согтолтын хүнд зэрэгт хамаарна гэх дүгнэлт /ХХ-ийн 62-р хуудас/

2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн №06 дугаартай Шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1. HYUNDAI Sonata-2 маркийн “90-87” СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Бүрд овогт Чойжилын Бат-Эрдэнэ нь МУ-ын ЗХД-ийн 2.7. Жолоочид дор дурьдсан зүйлийг хориглоно. А/Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох. в. Тээврийн хэрэгсэл байрлан явах. 8.2. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэт түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэснийг зөрчсөн гэх дүгнэлт /ХХ-ийн 65-р хуудас/

           Ашид билгүүн ХХК-ийн авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ №1418 /ХХ-ийн 67-р хуудас/, Согтуурал шалгасан тэмдэглэл /ХХ-ийн 9-р хуудас/, Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /ХХ-ийн 3-4-р хуудас/, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /ХХ-ийн 5-р хуудас/, Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /ХХ-ийн 22-23-р хуудас/

           Мөрдөн байцаалтанд Ч.Бат-Эрдэнэ мэдүүлэхдээ: ... Уг тээврийн хэрэгсэл нь гэрлээ шилжүүлэхгүй байсан би гэрлээ шилжүүл гээд гэрлээрээ дохиод байсан боловч гэрлээ шилжүүлээгүй тэгэхээр нь би уг тээврийн хэрэгслээс өмнө амжаад урагшаа замаас буучих юм байна гэж бодоод зүүн гар тийшээгээ дартал “Toyota Vitz” маркийн “10-31” СЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн гэх мэдүүлэг /ХХ-ийн 80-р хуудас/

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: оршин суугаа багийн Засаг даргын тодорхойлолт /ХХ-ийн 82 дугаар хуудас/, иргэний үнэмлэхний хуулбар /ХХ-ийн 81 дүгээр хуудас/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхээс Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1-д “Шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагаа нь зөвхөн шүүгдэгчийн хувьд, гагцхүү түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ч.Бат-Эрдэнэ нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 01 дүгээр сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө 01 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэр буюу “Спирт бал бурам” ХХК-ийн урд талын төв зам дээр өөрийн эзэмшлийн HYUNDAI Sonata-2 маркийн “90-87” СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын ЗХД ийн 2.7, 8.2 дахь заалтыг зөрчин эсрэг урсгал сөрж өөдөөс ирж явсан “Toyota Vitz” маркийн “10-31” СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, зам тээврийн осол гаргаж, уг тээврийн хэрэгслийг жолоодож явсан иргэн Б.Пүрэвдалайгийн бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Пүрэвдалайгийн мэдүүлэгт: ... HYUNDAI Sonata-2 маркийн машин орж ирээд мөргөсөн. Тэгээд машинаасаа буух гэтэл хөл мэдээгүй болсон байсан гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт Иргэний нэхэмжлэгч Н.Ганхүлэгийн мэдүүлэгт: ... Би “Toyota Vitz” маркийн “10-31” СЭА улсын дугаартай авто машиныг худалдаж аваад 2 жил болж байна. Тэгээд би энэ машинаа унаж байгаад намар нурууны хагалгаанд орох шаардлагатай болохоор нь машинаа унаж чадахгүй юм чинь гэж бодоод хүү Б.Пүрэвдалай, түүний эхнэрт нь унаж бай гээд өгсөн гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтанд Хохирогч Б.Пүрэвдалайгийн мэдүүлэгт: … Ч.Бат-Эрдэнэ машинтайгаа миний явж байсан эгнээ буюу эсрэг урсгалд орж ирээд миний машиныг мөргөсөн гэх мэдүүлэг /ХХ-ийн 26-28-р хуудас/,

Мөрдөн байцаалтанд Иргэний нэхэмжлэгч Н.Ганхүлэгийн мэдүүлэгт: ... 2016 онд өөрийн хүү Б.Пүрэвдалайд ажилдаа явахдаа хэрэглэж бай гэж өгсөн. Би машинаа нэхэмжилнэ гэх мэдүүлэг /ХХ-ийн 30 дугаар хуудас/,

           Мөрдөн байцаалтанд Гэрч Ж.Хажидмаагийн мэдүүлэгт: … Ч.Бат-Эрдэнэ пивоноос уугаагүй сүүлд Хүрэлбаатарыг ирэхэд Ерөөл нэртэй архи уусан гэх мэдүүлэг /ХХ-ийн 34-р хуудас/,

           Мөрдөн байцаалтанд Гэрч Г.Хүрэлбаатарын мэдүүлэгт: ... Намайг очиход архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг би мэдэхгүй байна. Намайг очсоны дараа бид хоёр тус бүр Ерөөл нэртэй шилтэй архийг уучихаад хөдөлсөн гэх мэдүүлэг /ХХ-ийн 36-р хуудас/,

            2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт № 48 /ХХ- ийн 44-р хуудас/, 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн №985 дугаартай Шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 62-р хуудас/, 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн №06 дугаартай Шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 65-р хуудас/, Ашид билгүүн ХХК-ийн авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ №1418 /ХХ-ийн 67-р хуудас/, Согтуурал шалгасан тэмдэглэл /ХХ-ийн 9-р хуудас/, Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /ХХ-ийн 3-4-р хуудас/, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /ХХ-ийн 5-р хуудас/, Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /ХХ-ийн 22-23-р хуудас/ гэх болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 144, 146, 147 дугаар зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Иймд шүүгдэгч Ч.Бат-Эрдэнийг согтуугаар Монгол Улсын ЗХД-ийн 2.7, 8.2 дахь заалтыг зөрчин эсрэг урсгал сөрж, өөдөөс ирж явсан “Toyota Vitz” маркийн “10-31” СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, зам тээврийн осол гаргаж, уг тээврийн хэрэгслийг жолоодож явсан иргэн Б.Пүрэвдалайгийн бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байна гэж үзэн энэ зүйл ангиар зүйлчлэн шийдвэрлэх нь зүйтэй байх ба ял оногдуулахдаа хуульд заасан хорих ялыг оногдуулах, хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн тул эдлэх ялыг нь жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх үндэслэлтэй байна.

Прокуророос шүүгдэгч Ч.Бат-Эрдэнийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон, зам тээврийн осол гаргаж иргэн Б.Пүрэвдалайгийн бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч Ч.Бат-Эрдэнээс хавтаст хэрэгт авагдсан хохирлын баримтуудыг үндэслэн бусдын эд хөрөнгө, эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 908878 төгрөг гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Пүрэвдалайд, 740000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Н.Ганхүлэг нарт олгох нь зүйтэй байна.

Харин хохирогчийн нотлох баримтаар хавтаст хэрэгт гаргаж өгсөн 47200 төгрөгний хоолны зардлын баримт нь он сар өдөр бичигдээгүй тул үнэлэх боломжгүй /ХХ-н 101-р хуудас/, 148000 төгрөгний архи, спирт авсан нь хохиролд  хамаарахгүй /ХХ-н 107-р хуудас/, цаашид гарах эрүүл мэнд болон сэтгэл санааны хохиролд 6000000 төгрөг, гэнэтийн ослоос болж нөхрөө эмнэлэгт сахихад ажилгүй байсан 7 хоногийн орлого 700000 төгрөг тус тус нэхэмжилсэн нь нотлох баримтаар тогтоогдоогүй, хавтаст хэрэгт авагдсан ХААН банк, ХАС банкны харилцагчийн дансны хуулгаар дээрхи хохирлыг тогтоох боломжгүй тул шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй байна. Хохирогч, иргэний нэхэмжлэгч нар энэ гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг тогтоолд дурьдах нь зүйтэй байна.       

Шүүгдэгч Ч.Бат-Эрдэний үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.3 дах хэсэгт зааснаар хүндэвтэр гэмт хэргийн ангилалд хамаарч, гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, хэргээ шударгаар хүлээн мэдүүлж байгаа боловч бусдад учирсан хохирол төлбөрөө бүрэн төлж барагдуулаагүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд зааснаар хорих ялыг тэнсэж хянан харгалзах хугацаа тогтоох боломжгүй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, Ч.Бат-Эрдэний №347840 дугаартай жолооны үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэх, энэ хэрэгт битүүмжилсэн HYUNDAI Sonata 2 маркын 90-87 СЭҮ дугаартай Ч.Бат-Эрдэний тээврийн хэрэгслийг ШШГЕГазрын харъяа Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь ШШГАлбанд шилжүүлж уг тээврийн хэрэгсэлийн үнийн дүнгээс хохирол төлбөр гаргуулж хохирогч Б.Пүрэвдалайд, иргэний нэхэмжлэгч Н.Ганхүлэг нарт олгох нь зүйтэй зэргийг тус тус дурьдаад

 

Монгол улсын Эрїїгийн Байцаан Шийтгэх хуулийн  283, 284, 286, 290 дїгээр зїйлийн 290.3, 294, 295, 296 дугаар зїйлийн 296.1, 297 дугаар зїйлийн 297.1, 298 дугаар зїйлїїдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Бүрд овогт Чойжилийн Бат-Эрдэнийг согтуугаар хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөнөөс бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-д зааснаар Ч.Бат-Эрдэнийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жил 06 /зургаан/ сарын хугацаагаар хасч, 01 /нэг/ жил 02 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д заасныг баримтлан Ч.Бат-Эрдэнэд оногдуулсан 01 жил 02 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүдэгч Ч.Бат-Эрдэнэ  нь цагдан хоригдсон хоноггүйг дурьдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, мөн хуулийн 505 дугаар зүйлийн  505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Ч.Бат-Эрдэнээс бусдын эд хөрөнгө, эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 908878 төгрөг гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар баг 47-1-1 тоотод оршин суух Боржигон овогт Батмөнхийн Пүрэвдалайд, 740000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг Депогийн 11 тоотод оршин суух Боржигон овогт Нас-Очирын Ганхүлэгт тус тус олгосугай.

 

6. Хохирогч, иргэний нэхэмжлэгч нь энэ зам тээврийн ослоос учирсан  гэмтэлийг цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарах болон гарсан зардалаа тухай бүрт нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 330 дугаар зүйл 330.1.3-д заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Ч.Бат-Эрдэний №347840 дугаартай “В,С” ангилалын жолоодох эрхийн үнэмлэхийг тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан шийтгэх тогтоолын хамт тухайн шийдвэрийг гүйцэтгэвэл зохих шийдвэр гүйцэтгэлийн  албанд хүргүүлж, энэ тухай прокурорт мэдэгдэхийг шүүгчийн туслах Г.Мэндбаярт даалгасугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1-д зааснаар энэ хэрэгт битүүмжилсэн HYUNDAI Sonata 2 маркын 90-87 СЭҮ дугаартай Ч.Бат-Эрдэний тээврийн хэрэгслийг ШШГЕГазрын харьяа Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь ШШГАлбанд шилжүүлж уг тээврийн хэрэгсэлийн үнийн дүнгээс 908878 төгрөгт холбогдох хэсгийг гаргуулж хохирогч Б.Пүрэвдалайд, 740000 төгрөгт холбогдох хэсгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Н.Ганхүлэгт тус тус олгосугай.

9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.Бат-Эрдэнэд урьд авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилөн энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, түүний эдлэх ялыг нь 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн тоолсугай.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-д  зааснаар шүүхийн тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.    

           

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг  гардуулснаас  хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн  Давж заалдах шатны  шүүхэд гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих  эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                              Ж.ЭРДЭНЭБАТ.