Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 102/ШШ2021/01449

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 102/ШШ2021/01449

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэлийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 1-р хороонд оршин суух Б овогт Ц-ийн Т-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүргийн 4-р хороонд оршин суух, Б овогт Т-ийн Б,

 

Хариуцагч: Баянгол дүүргийн 4-р хороонд оршин суух, Х овогт С-ын О нарт холбогдох орон сууц чөлөөлүүлэхийг хүссэн, Ц.Т-д холбогдох үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хууль ёсны эзэмшигч, өмчлөгч А.Э-д шилжүүлэхийг даалгахыг хүссэн А.Э-гийн бие даасан шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Х , Т.У , хариуцагч Т.Б, хариуцагч С.О гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч Г.Х шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүү хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Т нь Ү-2 дугаартай Баянгол дүүргийн 4-р хороо.0 тоот 44.51 м.кв 2 өрөө орон сууцыг найз Х.Б-аас худалдан авч 2019.03.20-ны өдөр хууль ёсны өмчлөгч болсон. Тухайн үед худалдан авсан байранд нь Т.Б, С.О гэх хүмүүс амьдарч байсан бөгөөд Х.Б-аас энэ хүмүүсийн талаар асуухад удахгүй байрыг чөлөөлж өгнө'' гэж хэлсэн. Гэтэл найз Х.Б нь гэнэт нас барж, Т.Б, С.О нарыг байр чөлөөлж өгөхийг шаардсан боловч өнөөдрийг хүртэл чөлөөлж өгөөгүй. Ц.Т-ийн хууль ёсны өмчлөх эрхийг зөрчиж байгаа тул Иргэний хуулийн 106-р зүйлд заасан шаардах эрхээ хэрэгжүүлж Баянгол дүүргийн 4-р хороо, 0-р байрны 0 тоот 2 өрөө орон сууцнаас Т.э, С.О нарыг албадан чөлөөлж, өмчлөх эрхийг хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч Т.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай ээж А.Э 2013 онд Н ХХК-тай байрны гэрээ байгуулсан. Тэр үед би энэ компанид ажиллаж байсан юм. 2015 онд Баянгол дүүргийн 25-р хороо, 304-98 тоот байрыг ашиглалтад орохоор нь гэрээ байгуулсан. Байрыг нэр дээрээ шилжүүлэх болоход Н ХХК-ийн захирал Р нь Х.Эрдэнэбат гэх хүнээс мөнгө зээлсэн, мөнгөө өгөөгүй байсан тул энэ хүний нэр дээр байрны чинь гэрчилгээг гаргая гэсэн. Түүнээс хойш Р нь мөнгөө өгөөгүй. Энэ байрны өмчлөгч нь би юм. Байрны гэрчилгээг Х.Э шилжүүлж өгнө гээд өдий хүргэсэн юм. Энэ байрны өмчлөгч нь н.Э биш, хамгийн анх манайх гэрээ байгуулсан. Одоо Х.Э Америк явсан, мөнгө зээлээд барьцаанд үлдээсэн байдаг. Миний өмчлөлийн байр тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Б нь 2013 онд Н ХХК-д ажиллаж байсан. Н ХХК нь Баянгол дүүргийн 25 дугаар хороо, Үйлдвэрийн бүс гудамж, Энхтайваны өргөн чөлөө, 0 дүгээр байрны 0 тоот 44.51 м.квадрат 2 өрөө байрыг худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Т.Б, С.О нар нь энэ байрны төлбөрийг төлж өгөөч гэж ээждээ хэлсэн байдаг. А.Э нь М ХХК-тай зохиомжит барилга захиалан бариулах гэрээ байгуулж, компанийн дансанд 34 050 000 төгрөг шилжүүлсэн. Гэтэл 2015 оны 5-р сарын 14-ний өдөр Р нь энэ байрны гэрчилгээг би өөрийн нэр дээр гаргаж, хүнээс мөнгө зээлж барьцаалаад буцааж өгье гэсэн. Үүнийг Э зөвшөөрсөн. А.Р-д итгээд хүлээж байтал 2020 оны 7-р сард Ц.Т, Б гэж хүмүүс ирээд энэ манай байр гэж хэлсэн байдаг. Өвлөх эрхийн гэрчилгээ, төлбөр төлж барагдуулах тухай, 2015 оны 12-р сард 45 сая төгрөгийг хүүтэй нь 50 сая төгрөг болгож төлж барагдуулна гэсэн Р-ын утасны зураг, Х.Э-ын нэр дээрх үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, Р зээлээ төлөөд байрыг буцаан шилжүүлж авах тухай зураг, Р, Ц.Т нарын хооронд байгуулсан зээл зээлийн хүү төлж үл хөдлөх хөрөнгийг буцаан шилжүүлэх тухай хэлцлийг үзүүлсэн байдаг. Н.Б н.Р-тай уулзаад юу ярьж байсан талаарх бичгийг эх хувиар нь үзүүлсэн. 2014 оны 11-р сарын 24-ний өдөр 2014 онд Р, Э нар энэ байрыг бартераар авах болсон тул дахин гэрээ байгуулж, 1 м.кв үнийг 1 700 000 төгрөгөөр тооцож, урьдчилгаа 60 хувийг төлнө гэж заасны дагуу 58 000 000 төгрөгийг төлсөн. А.Э нь хүүхдүүддээ зориулж авч өгсөн, мөнгийг нь төлсөн байр тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Ц.Т, н.Б нар нь байр авах зорилго байгаагүй, мөнгөө өсгөж авах зорилгоор Ц.Т нь Б-ээс 40 000 000 төгрөг зээлснээ хэлсэн гэв.

 

Гуравдагч этгээд А.Э шүүхэд гаргасан бие даасан шаардлагадаа: А.Э 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр М ХХК-тай Захиалгаар зохиомжлогдсон байр барих, бариулах тухай гэрээ байгуулж, Баянгол дүүрэг, 4 хороо, Үйлдвэрийн төвийн бүс, Энхтайвны өргөн чөлөө, 0 байр, 0 тоот хаягт байрлах 44.51 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны үнэнд 2015 оны 1-р сарын 29-ний өдөр хүртэл 75 667 000 төгрөгийг төлж, орон сууцны түлхүүр гардан авч, өнөөдрийг хүртэл эзэмшилдээ байлгаж байгаа болно. М ХХК нь гэрээ байгуулснаас хойш барилгын цахилгаан, дохиолол холбоог хийж гүйцэтгэсэн Р гэх залууд үлдэгдэл төлбөрөө өгөөрэй, 3 ширхэг байр бартераар өгч байгаагийн нэг нь таны байр, улсын комисс хүлээж авсан үед байрны гэрчилгээг гаргаж өгнө гэж хэлээд гурвалсан гэрээ байгуулсан. Төлбөрөө бүрэн төлсөн боловч М ХХК, Р нарын хэн нь ч гэрчилгээг гаргаж өгөөгүй. Гэтэл Р өөрийн нэр дээр гэрчилгээг гаргаад, зээл авч барьцаанд тавьсан, удахгүй гэрчилгээг чинь өгнө гэж итгүүлж байсан юм. А.Э уг маргаан бүхий орон сууцыг худалдан авсан гэх Х.Э, Х.Б, Ц.Т нарыг огт танихгүй болно. Иймд худалдагч М ХХК болон Р нар нэг эд хөрөнгийг хэд хэдэн этгээдэд худалдсан байх тул Иргэний хуулийн 250 дугаар зүйл, 250.1-д зааснаар худалдсан Баянгол дүүрэг, 4 хороо, Үйлдвэрийн төвийн бүс, Энхтайвны өргөн чөлөө, 0 байр, 0 тоот хаягт байрлах 44.51 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг хамгийн түрүүнд А.Э эзэмшилдээ авсан худалдан авагч тул эзэмшилдээ шилжүүлэн авах давуу эрхтэй болохыг тогтоолгох шаардлага гаргаж байна гэжээ.

 

Гуравдагч этгээд А.Э шаардлагаа өөрчлөхдөө: А.Э нь Баянгол дүүрэг 4 хороо, Үйлдвэрийн төвийн бүс, Энхтайваны өргөн чөлөө, 0 байр, 0 тоот хаягт байрлах 44.51 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 2013 оны 11 сарын 21-ний өдөр М ХХК тай Захиалгаар зохиомжлогдсон байр барих, бариулах тухай гэрээ байгуулж, 75 667 000 төгрөгөөр худалдан авч , 2015 онд ашиглалтад ороход түлхүүрээ гардан авч, өнөөдрийг хүртэл эзэмшиж байна. Ц.Т нь 2019 оны 3-р сарын 20-ны өдөр Х.Б гэгчтэй энэ байрыг 30 сая төгрөгөөр худалдан авсан Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ хийсэн байна. Ц.Т нь Х.Б-т өгсөн 30 сая төгрөгөө 40 сая болгон өсгөж авах зорилгоор маргаан бүхий орон сууцыг Үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ хийж, нэр дээрээ бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 56-р зүйлийн 56.1.3-д зааснаар зээлийн гэрээг халхавчлах зорилгоор үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ хийсэн байна. Үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээний 3.1-д ... гэрээ байгуулах үед бусдад худалдагдаагүй, барьцаалагдаагүй, битүүмжлэгдээгүй, хөлслүүлээгүй, түрээслүүлээгүй өмчлөлийн ямар нэгэн маргаангүй... гэх байдлаар өмчлөлийн хувьд огт маргаангүй үл хөдлөх хөрөнгө худалдан авсан гэж худал мэдүүлж, хуурамч баримт бүрдүүлэн улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. Гэтэл шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Тухайн үед миний худалдан авсан байранд Б, О гэх хүмүүс амьдарч байсан гэжээ. Ц.Т нь өөртөө тусалж Х.Б-аас биш, харин Б, О нараас асууж мэдэх боломжтой байсан байна. Иргэний хуулийн 255 дугаар зүйл, 255.1-д зааснаар эд хөрөнгийн доголдлын талаар мэдэж байсан буюу мэдэх боломжтой байсан байна. Маргаан бүхий орон сууц Х.Б-ийн өмчлөлийнх биш гэдгийг мэдэж байсан учраас 2 өрөө орон сууцыг нэг өрөө байрны үнэд хүрэхгүй 30 сая төгрөгөөр худалдан авсан байна. Иргэний хуулийн 109 дүгээр зүйл, 109.3-д зааснаар Ц.Т нь улсын бүртгэлд бүртгүүлсэн ч маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч гэж тооцогдохгүй байна. Ц.Т Иргэний хуулийн 56.1-д зааснаар 255.1, 109.3-д заасныг зөрчиж гэрээ байгуулсан, өмчлөгч нь өөр хүн болохыг мэдсээр байж зориуд худалдан авсан мэт гэрээ байгуулж, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан, мөн 56.1.3-д зааснаар зээлийн гэрээг халхавчилсан хэлцэл хийсэн байна. Иймд дээрхи 2019 оны 3 сарын 20-ны өдөр Х.Б, Ц.Т нарын хооронд байгуулагдсан Үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйл, 56.4-т зааснаар эрх ашиг нь зөрчигдсөн сонирхогч этгээдийн хувьд шаардлага гаргаж байгаа болно. Бие даасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ

 

Гуравдагч этгээд А.Э шүүхэд гаргасан бие даасан шаардлагаа өөрчилж, нэмэгдүүлэхдээ: ...Нэхэмжлэгч Ц.Т-ийн 2019 оны 3-р сарын 20-ны өдөр Х.Б-тай байгуулсан 30 сая төгрөгний үнэ бүхий Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56-р зүйлийн 56.1.1, 56.1.-т зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг хууль ёсны эзэмшигч өмчлөгч А.Э-д шилжүүлж өгөхийг Ц.Т-т даалгаж өгнө үү гэжээ.

 

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Э нь 2013 оны 11-р сарын 21-ний өдөр М ХХК-тай захиалгаар зохиомжит байр бариулах тухай гэрээ байгуулж, энэ 2 өрөө байрыг 75 677 000 төгрөгөөр худалдан авч, 2015 онд байрандаа орсон. Ц.Т 2019 оны 3-р сарын 20-ны өдөр Х.Б гэгчтэй А.Э-ийн байрыг 30 000 000 төгрөгөөр худалдаж авсан мэтээр гэрээ хийж, зөвхөн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг нэр дээрээ шилжүүлж авсан байдаг. Ц.Т гэрчилгээг шилжүүлж аваад 2019 оны 9-р сарын 25-ны өдөр н.Р-той уулзаад барьцаанд тавьсан, маргаан бүхий байрыг худалдаж авсан тул 40 000 000 төгрөг хүүтэй нь өгвөл гэрчилгээг буцаан шилжүүлнэ гэсэн хэлцэл байгуулсан. Зөвхөн 30 000 000 төгрөгөө өсгөж авах зорилгоор үл хөдлөх хөрөнгө худалдан авах гэрээ байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3-т зааснаар зээлийн гэрээг халхавчлах зорилгоор хийсэн хүчин төгөлдөр бус гэрээ байгуулсан. Үл хөдлөх худалдан авах гэрээний 3.1-д гэрээ байгуулах үед бусдад худалдагдаагүй, барьцаалагдаагүй, битүүмжлэгдээгүй, түрээслээгүй өмчлөлийн ямар нэг маргаангүй гэж заасан байдаг. Өмчлөлийн хувьд огт маргаангүй мэт худал мэдүүлээд улсын бүртгэлд бүртгүүлсэн. Энэ байранд н.О Т.Б нар амьдарч байсныг мэдэж байсан. Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1-д зааснаар эд хөрөнгийн доголдлын талаар мэдэж байсан буюу мэдэх боломжтой байсан, байрыг Б-ийн өмчлөлийнх биш гэдгийг мэдэж байсан. Ц.Т Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 255 дугаар зүйлийн 255.1, 109 дүгээр зүйлийн 109.3-т заасныг зөрчиж гэрээ байгуулж нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан, 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар зээлийн гэрээг халхавчилсан хэлцэл хийсэн. Иймд 2019 оны 3-р сарын 20-ны өдөр н.Б, Ц.Т нарын хооронд байгуулсан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3, 56.4-т зааснаар хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож, А.Э-д өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлж өгөхийг даалгаж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, гэрчийн мэдүүлгүүдийг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Т нь Т.Б, С.О нарт холбогдох орон сууцны хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийг, гуравдагч этгээд А.Э нь Ц.Т-т холбогдох үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулж, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг А.Э-д шилжүүлэхийг даалгахыг хүссэн бие даасан шаардлагыг тус тус гаргажээ. Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Иргэн Х.Э нь М ХХК-тай Захиалгаар зохиомжлогдсон байр барих, бариулах тухай гэрээ байгуулж Баянгол дүүргийн 4-р хороо,0 байрны 2-р орцны 9-р давхрын 0 тоот 44.51 м.кв талбай бүхий 2 өрөө сууцыг бариулах, байрны үнэнд 75 667 000 төгрөгийг төлөхөөр тохирсон байх ба үнийг бүрэн төлснөөр түүнд 2015 оны 5-р сарын 14-ний өдөр улсын бүртгэлийн Ү-24 дугаарт бүртг эдсэн, өмчлөх эрхийн 000 тоот гэрчилгээ олгогдсон /хх 73-87/ байна.

 

Өмчлөгч нь 2018 оны 11-р сарын 23-ны өдөр Х.Б-тай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж өөрийн өмчлөлийн сууцаа 30 сая төгрөгөөр худалдсан байх ба өмчлөх эрх Х.Б-т шилжиж түүнд өмчлөх эрхийн 000677253 тоот гэрчилгээ /хх 88-96/ олгогджээ.

 

Харин өмчлөгч Х.Б нь 2019 оны 3-р сарын 20-ны өдөр Ц.Т-тэй Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж өөрийн өмчлөлийн сууцаа 30 сая төгрөгөөр худалдсан байх ба Ц.Т-т өмчлөх эрхийн 000705474 тоот гэрчилгээ /хх 4-5, 67-71, 101-103/ олгогдсон, өмчлөгч байна.

 

Хэдийгээр гэрээнд худалдсан үнийг 30 сая төгрөг гэж тусгасан боловч худалдагч Х.Б нас барсан, 2019 оны 9-р сарын 30-ны өдөр түүний эхнэр Г.Э-ийн ХААН банкны 50 тоот дансанд 40 сая төгрөгийг Э.Б-ийн данснаас шилжүүлсэн, өөрөөр хэлбэл, 2 өрөө суцыг 70 сая төгрөгөөр худалдан авсан нь Ц.Т, Э.Б нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ, ХААН банкны дансны хуулга /хх 54-56/, гэрч Э.Б ...Т байр авах гээд мөнгө дутаад надаас 40 сая төгрөг зээлсэн, түүнийг би 2 хуваагаад Э-ийн дансанд шилжүүлсэн гэсэн мэдүүлэг /хх 213-215/, гэрч Г.Э-ийн ...энэ байр миний нөхөр Х.Б-ийн нэр дээр бүртгэлтэй байсан, Ц.Т-т байраа худалдсан, үлдэгдэл 40 сая төгрөг авах ёстой байсан, нөхөр 2019 оны 8-р сарын 24-нд нас барсан, 40 сая төгрөгийг 2 хуваагаад 9-р сарын 30-нд миний дансанд шилжүүлсэн...гэсэн мэдүүлгээр /хх 210-212/ тус тус тогтоогджээ.

Дээрх хэлцлүүд нь хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж, хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмнөх өмчлөгчийн эрх дуусгавар болж, шинэ өмчлөгчийн буюу Ц.Т-ийн өмчлөх эрх үүсч, өмчлөгчөөр бүртгэгдсэн, Иргэний хуулийн 183-р зүйлд зааснаар улсын бүртгэл үнэн зөв байна.

 

Өмчлөгч нь ХААН банктай байгуулсан 2019 оны 4-р сарын 2-ны өдрийн Зээлийн болон барьцааны гэрээгээр өмчлөлийн орон сууцаа барьцаанд /хх 104-121/ бариулжээ.

 

Харин Ц.Т нь өөрийн өмчлөлийн сууцаа Т.Б, С.О нарын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй, хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ ...ээж А.Э нь Н ХХК-иас худалдан авсан, өмчлөгч... гэж маргадаг боловч А.Э өмчлөгч болох нь баримтаар тогтоогдоогүй байна.

 

Бие даасан шаардлагын тухайд:

 

А.Э нь 2013 оны 11-р сарын 21-ний өдөр М ХХК-тай Захиалгаар зохиомжлогдсон байр барих, бариулах тухай гэрээ байгуулж, Баянгол дүүргийн 4-р хороо, Үйлдвэрийн төвийн бүс, Энхтайваны өргөн чөлөө, С блок, 0 тоот 44.51 м.кв талбай бүхий 2 өрөө сууцыг бариулах, байрны урьдчилгаа 34 050 150 төгрөг төлөх, байр ашиглалтанд ороход 41 616 850 төгрөг нийт 75 667 000 төгрөгийг төлөхөөр /хх 19-22/ тохирчээ.

 

Гэрээний үүрэгт захиалагч нь 2013 оны 11-р сарын 22-ны өдөр 34 050 150 төгрөгийг М ХХК-д бэлнээр төлсөн /хх 236/ нь кассын орлогын ордер баримтаар тогтоогдсон, бусад төлбөрийг төлсөн нь тогтоогдоогүй, нөгөөтэйгүүр, захиалагч, ажил гүйцэтгэгч нар гэрээний үүргээ биелүүлсэн эсэх талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

 

М ХХК нь Н ХХК-тай 2014 оны 5-р сарын 14-ний өдөр Барилга угсралтын ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх гэрээ байгуулж, тус компаний ажилчдын 165 айлын орон сууцны барилгын дотор цахилгаан, холбооны дохиоллын ажлыг гүйцэтгүүлэх, ажлын хөлсөнд 50 айлын орон сууын А блокийн 44.51 м.кв талбай бүхий 2 сууц, бусад 2 сууцны хамт шилжүүлэхээр тус тус /хх 132-142/ тохирчээ.

 

Харин Н ХХК нь 2014 оны 11-р сарын 24-ний өдөр А.Э-тай Орон сууцны захиалгын гэрээ байгуулж, Баянгол дүүргийн 4-р хороо, 10-р хороолол, Түвшин өргөө цогцолбор хотхоны С блокийн 8-р давхарын 98 тоот 44.51 м.кв талбай бүхий 2 өрөө сууцыг 75 667 000 төгрөгөөр худалдахаар тохирсон /хх 127-131/ байна.

 

А.Э нь 2014 оны 12-р сарын 2-ны өдрөөс 2015 оны 12-р сарын 1-р сарын 21-ний хугацаанд 24 000 000 төгрөгийг ХААН банкны 52, 56 тоот дансанд /хх 23-26, 169-171/ тус тус шилжүүлсэн байх ба 52 дугаар данс нь иргэн З-нх, 56 дугаар данс нь иргэн А.Р-ын данс болох нь гэрч А.Р-ын мэдүүлгээр тогтоогдсон, эдгээр дансанд мөнгө шилжүүлсэн талаар гуравдагч этгээд маргаагүй.

 

Нөгөө талаас, А.Р нь А.Э-тай 2020 оны 6-р сарын 14-нд Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний нэмэлт гэрээ байгуулсан /хх 18/ байх ба энэ гэрээгээр 2013 оны 8-р сард байгуулсан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнд нэмэлт оруулж, А.Э-г төлбөрөө бүрэн төлснийг баталгаажуулж, А.Р нь улсын бүртгэлийн гэрчилгээг 2020 оны 7-р сарын 1-ний дотор гаргаж өгөхөөр үүрэг хүлээжээ.

 

Дээрх гэрээ хэлцлээс үзвэл А.Э-тай байгуулсан гэрээний зүйл нь өөр өөрөөр тусгагдсан, өөрөөр хэлбэл, байрны дугаар А, С блок, 2 өрөө сууц нь 8, 9 давхарт байрлах зэргээр зөрүүтэй, түүнчлэн Н ХХК-тай 2014 оны 11-р сарын 14-ний өдөр байгуулсан гэрээнээс өөрөөр гэрээ байгуулаагүй, 2013 оны 8-р сард байгуулсан ямар нэг гэрээ хэрэгт авагдаагүй, Н ХХК-тай байгуулсан гэрээнд иргэн А.Р нэмэлт гэрээ байгуулах эрхтэй гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Х.Б, Ц.Т нар нь 2019 оны 3-р сарын 20-ны өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээг хууль зөрчсөн, эсхүл зээлийн гэрээг халхавчлан хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж маргаагүй бөгөөд хэлцэл хүчин төгөлдөр тул өмчлөх эрх шилжиж, улсын бүртгэлд бүртгэгдсэн гэж үзнэ.

 

Гэрч А.Р ... А.Э-д 98 тоот байрыг зарсан, байрны мөнгөө бүрэн төлсөн байсан...байрыг нь барьцаанд тавиад Х.Э-аас 30 сая төгрөг зээлсэн...Э манай компаний баталгаагаар АНУ явсан...явсныхаа дараа байраа чөлөөлж авмаар байна, ах Б-аа итгэмжлэл явуулна...Б надаас мөнгөө мөнгөө нэхэж хэд хэдэн удаа ярьсан...Т-ийг дагуулж ирээд түүнээс мөнгө зээлчихье, чи мөнгийг нь өгөөд байраа аваарай гэсэн...мөнгийг нь өгөөд байрны ордерийг буцаан шилжүүлнэ гэсэн тохироо хийсэн боловч Т-ийн мөнгийг өгч чадаагүй.../хх 224-235/ гэсэн мэдүүлэг нь Ц.Т, А.Р нарын 2019 оны 9-р сарын 27-ны өдрийн хэлцэлд үзлэг хийсэн тэмдэглэлээр бэхжүүлсэнтэй тохирсон /хх 63-65/ байна.

 

Нөгөө талаас, хэргийн 219-220 дахь талд авагдсан үзлэгийн тэмдэглэлд тусгагдсан Ц.Т, Э.Б нарын хооронд хийгдсэн Баталгаа гэх баримт нь тэдгээрийн зээлийн гэрээтэй холбоотойгоос гадна гэрч Э.Б нь зээлийг буцааж төлсөн талаар /хх 213/ мэдүүлжээ. Баталгааны талаар гэрээний талууд маргаагүй болно.

 

Ц.Т, Х.Б нар нь худалдах, худалдан авах гэрээ байгуулахдаа Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3-т заасан хууль зөрчсөн, нийтээр хүээн зөвшөөрсөн зан заншлыг зөрчсөн, зээлийн гэрээг халхавчлах зорилгоор хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцлийг хийсэн, гэрээний 3.1-д гэрээ байгуулах үед бусдад худалдагдаагүй, барьцаалагдаагүй, битүүмжлэгдээгүй, түрээслээгүй өмчлөлийн ямар нэг маргаангүй, гэрээ хийх үед С.О, Т.Б нар амьдарч байсан нь өмчлөлийн талаар маргаантай гэх үндэслэлд хамаарахгүй, Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1-д заасан эд хөрөнгийн доголдол нь гэрээ хэлцлийг хүчин төгөлдөр бус байх үндэслэл болохгүйгээс гадна энэ хуулийн 109 дүгээр зүйлийн 109.3-т заасныг зөрчсөн нь нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зан суртахууны хэм хэмжээг зөрчсөн гэх үндэслэл болохгүй гэж дүгнэлээ.

 

Нөгөө талаас, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх улсын бүртгэлд бүртгэгдсэнээр үүсдэг бөгөөд Ц.Т-ийн өмчлөх эрхийн гэрчилгээг А.Э-д шилжүүлж өгөхийг даалгах бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Харин А.Э нь Н ХХК болон А.Р нартай хийсэн гэрээ, түүний үр дагаварыг арилгуулахаар шаардах эрхтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 115.2.3 дахь хэсэг, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 106-р зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баянгол дүүргийн 4-р хороо, Үйлдвэрийн төвийн бүс, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 0-р байрны 0 тоот 2 өрөө сууцыг Т. Б, С.О, түүний гэр бүлийн гишүүдийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлсүгэй.

 

2.Иргэний хуулийн 56-р зүйлийн 56.1.1, 56.1.3 дахь хэсэг, 56-р зүйлийн 56.4 дэх хэсэгт заасныг баримтлан Ц.Т, Х.Б нарын хооронд байгуулагдсан 2019 оны 03-р сарын 20-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэхийг даалгахыг хүссэн А.Э-ийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөг, гуравдагч этгээд А.Энхтуяагийн төлсөн 378 150 төгрөгийг тус тус улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч Т.Б, С.О нараас 70 200 төгрөг гаргуулж Ц.Т-т олгосугай.

 

Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА