Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2021/01288

 

 

Ц.Т-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2021/01449 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ц.Т-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Т.Б , С.О нарт холбогдох орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй, үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, А.Э-д орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэхийг даалгах тухай бие даасан шаардлагатай иргэний хэргийг хариуцагч нарын болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А-ийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.У , хариуцагч Т.Б , хариуцагч С.О ийн болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Т нь Ү-2205058894 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Үйлдвэрийн төвийн бүс, Энхтайваны өргөн чөлөө, 304 дугаар байрны 98 тоот 44.51 м.кв 2 өрөө орон сууцыг найз Х.Б-с худалдан авч 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хууль ёсны өмчлөгч болсон. Тухайн үед худалдан авсан байранд нь Т.Б , С.О гэх хүмүүс амьдарч байсан бөгөөд Х.Б-с энэ хүмүүсийн талаар асуухад удахгүй байрыг чөлөөлж өгнө'' гэж хэлсэн. Гэтэл найз Х.Б нь гэнэт нас барж, Т.Б , С.О нарыг байр чөлөөлж өгөхийг шаардсан боловч өнөөдрийг хүртэл чөлөөлж өгөөгүй. Ц.Т-ийн хууль ёсны өмчлөх эрхийг зөрчиж байгаа тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлд заасан шаардах эрхээ хэрэгжүүлж Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Үйлдвэрийн төвийн бүс, Энхтайваны өргөн чөлөө, 304 дүгээр байрны 98 тоот 2 өрөө орон сууцнаас Т.Б , С.О нарыг албадан чөлөөлж, өмчлөх эрхийг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Т.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай ээж А.Э 2013 онд Н ХХК-тай орон сууцны гэрээ байгуулсан. Тэр үед би энэ компанид ажиллаж байсан. 2015 онд Баянгол дүүргийн 25 дугаар хороо, 304-98 тоот орон сууцыг ашиглалтад орохоор нь гэрээ байгуулсан. Орон сууцыг өөрийн нэр дээр шилжүүлэх болоход Н ХХК-ийн захирал А.Р нь Х.Э гэх хүнээс мөнгө зээлсэн, мөнгөө өгөөгүй байсан тул энэ хүний нэр дээр орон сууцны гэрчилгээг гаргана гэсэн. Түүнээс хойш А.Р нь мөнгөө өгөөгүй. Энэ орон сууцны өмчлөгч нь би юм. Орон сууцны гэрчилгээг Х.Э шилжүүлж өгнө гээд өдий хүргэсэн. Энэ байрны өмчлөгч нь н.Э биш, хамгийн анх манайх гэрээ байгуулсан. Одоо Х.Э Америк явсан, мөнгө зээлээд барьцаанд үлдээсэн байдаг. Миний өмчлөлийн орон сууц тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч С.О ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Б нь 2013 онд Н ХХК-д ажиллаж байсан. Н ХХК нь Баянгол дүүргийн 25 дугаар хороо, Үйлдвэрийн бүс гудамж, Энхтайваны өргөн чөлөө, 304 дүгээр байрны 98 тоот 44.51 м.кв 2 өрөө байрыг худалдах- худалдан авах гэрээ байгуулсан. Т.Б , С.О нар нь энэ орон сууцны төлбөрийг төлж өгөөч гэж ээждээ хэлсэн байдаг. А.Э нь Материал импекс ХХК-тай зохиомжит барилга захиалан бариулах гэрээ байгуулж, компанийн дансанд 34 050 000 төгрөг шилжүүлсэн. Гэтэл 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдөр А.Р нь уг орон сууцны гэрчилгээг би өөрийн нэр дээр гаргаж, хүнээс мөнгө зээлж барьцаалаад буцааж өгье гэсэн. Үүнийг Э зөвшөөрсөн. А.Р-д итгээд хүлээж байтал 2020 оны 7 дугаар сард Ц.Т , Э.Б гэж хүмүүс ирээд энэ манай байр гэж хэлсэн байдаг. Өвлөх эрхийн гэрчилгээ, төлбөр төлж барагдуулах тухай, 2015 оны 12 дугаар сард 45 сая төгрөгийг хүүтэй нь 50 сая төгрөг болгож төлж барагдуулна гэсэн А.Р ын утасны зураг, Х.Э ын нэр дээрх үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, А.Р зээлээ төлөөд байрыг буцаан шилжүүлж авах тухай зураг, А.Р , Ц.Т нарын хооронд байгуулсан зээл, зээлийн хүү төлж үл хөдлөх хөрөнгийг буцаан шилжүүлэх тухай хэлцлийг үзүүлсэн байдаг. Э.Б А.Р тай уулзаад юу ярьж байсан талаарх бичгийг эх хувиар нь үзүүлсэн. 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 2014 онд А.Р , А.Э нар уг орон сууцыг бартераар авах болсон тул дахин гэрээ байгуулж, 1 м.кв үнийг 1 700 000 төгрөгөөр тооцож, урьдчилгаа 60 хувийг төлнө гэж заасны дагуу 58 000 000 төгрөгийг төлсөн. А.Э нь хүүхдүүддээ зориулж авч өгсөн, мөнгийг нь төлсөн байр тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Ц.Т , Э.Б нар нь орон сууцыг авах зорилго байгаагүй, мөнгөө өсгөж авах зорилгоор Ц.Т нь Э.Б-с 40 000 000 төгрөг зээлснээ хэлсэн гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд А.Э , түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан бие даасан шаардлагадаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Э нь 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр М ХХК-тай захиалгаар зохиомжит байр бариулах тухай гэрээ байгуулж, энэ 2 өрөө байрыг 75 677 000 төгрөгөөр худалдан авч, 2015 онд байрандаа орсон. Ц.Т 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Х.Б гэгчтэй А.Э гийн байрыг 30 000 000 төгрөгөөр худалдаж авсан мэтээр гэрээ хийж, зөвхөн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг нэр дээрээ шилжүүлж авсан байдаг. Ц.Т гэрчилгээг шилжүүлж аваад 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр А.Р той уулзаад барьцаанд тавьсан, маргаан бүхий байрыг худалдаж авсан тул 40 000 000 төгрөг хүүтэй нь өгвөл гэрчилгээг буцаан шилжүүлнэ гэсэн хэлцэл байгуулсан. Зөвхөн 30 000 000 төгрөгөө өсгөж авах зорилгоор үл хөдлөх хөрөнгө худалдан авах гэрээ байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3-т зааснаар зээлийн гэрээг халхавчлах зорилгоор хийсэн хүчин төгөлдөр бус гэрээ байгуулсан. Үл хөдлөх худалдан авах гэрээний 3.1-д гэрээ байгуулах үед бусдад худалдагдаагүй, барьцаалагдаагүй, битүүмжлэгдээгүй, түрээслээгүй өмчлөлийн ямар нэг маргаангүй гэж заасан байдаг. Өмчлөлийн хувьд огт маргаангүй мэт худал мэдүүлээд улсын бүртгэлд бүртгүүлсэн. Энэ байранд С.О , Т.Б нар амьдарч байсныг мэдэж байсан. Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1-д зааснаар эд хөрөнгийн доголдлын талаар мэдэж байсан буюу мэдэх боломжтой байсан, байрыг Х.Б ийн өмчлөлийнх биш гэдгийг мэдэж байсан. Ц.Т Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 255 дугаар зүйлийн 255.1, 109 дүгээр зүйлийн 109.3-т заасныг зөрчиж гэрээ байгуулж нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар зээлийн гэрээг халхавчилсан хэлцэл хийсэн. Иймд 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Х.Б , Ц.Т нарын хооронд байгуулсан үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3, 56.4-т зааснаар хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож, А.Э-д өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлж өгөхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Үйлдвэрийн төвийн бүс, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 304 дүгээр байрны 98 тоот 2 өрөө сууцыг Т.Б, С.О , түүний гэр бүлийн гишүүдийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3 дах хэсэг, 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт заасныг баримтлан Ц.Т , Х.Б нарын хооронд байгуулагдсан 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэхийг даалгахыг хүссэн А.Э гийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөг, гуравдагч этгээд А.Э гийн төлсөн 378 150 төгрөгийг тус тус улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч Т.Б , С.О нараас 70 200 төгрөг гаргуулж Ц.Т т олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч нарын болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байх шаардлага хангаагүй, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлэлгүйгээр хариуцагч, гуравдагч этгээд нарыг илтэд хохироож нэг талыг барьж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх Ц.Т ийг маргаан бүхий 2 өрөө орон сууцыг 70 сая төгрөгөөр худалдан авсан гэж буруу дүгнэсэн. /Шийдвэрийн 5 дах тал үндэслэх нь хэсгийн доороосоо 1 дэх догол мөрөнд/ Гэтэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар 30 сая төгрөг өгсөн нь тогтоогдохгүй байхад тогтоогдож байгаа мэтээр буруу дүгнэлт гаргахдаа дараах нотлох баримтуудыг байхгүй мэтээр орхигдуулсан байна.

Хэргийн 219-220 дах талд авагдсан Баталгаа нэртэй баримтад дурдсанаар А.Р нь Ц.Т т 40 сая төгрөг өгөх ёстой байсан байхад анхан шатны шүүх Ц.Т маргаан бүхий орон сууцны үнэд 70 сая төгрөг өгсөн гэж бодит амьдралд хэрэгжих боломжгүй дүгнэлт хийсэн. 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Ц.Т Х.Б нарын хооронд байгуулагдсан үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдах авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д зааснаар зээлийн хэлцлийг халхавчлах зорилгоор хийгдсэн гэдэг нь 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Ц.Т А.Р нарын хооронд байгуулагдсан зээл, зээлийн хүү төлж, Ү-202205058894 дугаартай үл хөдлөх хөрөнгийг буцаан шилжүүлж авах тухай хэлцэл, 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Ц.Т өөс Э.Б-д өгсөн Баталгаа нэртэй баримтуудаар нотлогдож байхад үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдах авах гэрээг хүчин төгөлдөр гэрээ гэж буруу дүгнэсэн.

Анхан шатны шүүх Ц.Т маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг 70 сая төгрөгөөр худалдан авсан гэсний 30 сая төгрөгийг нотлох баримтгүй байхад өгсөн мэтээр дүгнэсэн мөртлөө А.Э нотлох баримтаа гаргаж өгсөөр байтал нотлогдохгүй гэж дүгнэж хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан гэж үзэж байна. Тус шийдвэрийн 6 дах тал доороосоо 3 дах догол мөрөнд, Гэрээний үүрэгт захиалагч нь 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 34 050 150 төгрөгийг Материал импекс консракшн ХХК-д бэлнээр төлсөн /хх-236/ нь кассын орлогын ордер баримтаар тогтоогдсон бусад төлбөрийг төлсөн нь тогтоогдоогүй \1 дах талд, эхний мөрөнд, А.Э нь 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 2015 оны 01 дүгээр сарын 21-ний хугацаанд 24 000 000 төгрөгийг Хаан банкны 506320692, 5063189076 тоот дансанд /хх-23-26, 169-171 / тус тус шилжүүлсэн байх ба 506320692 тоот данс нь иргэн Золжаргалынх, 5063189076 тоот данс нь иргэн А.Р ын данс болох нь А.Р ын мэдүүлгээр тогтоогдсон, ...А.Э г төлбөрөө бүрэн төлснийг баталгаажуулж, А.Р нь улсын бүртгэлийн гэрчилгээг 2020 оны 7 дугаар сарын 01-ний дотор гаргаж өгөхөөр үүрэг хүлээжээ, ...Н ХХК-тай байгуулсан гэрээнд иргэн А.Р нэмэлт гэрээ байгуулах эрхтэй гэж үзэх үндэслэлгүй байна гэх зэргээр А.Э Материал импекс констракшн ХХК болон туслан гүйцэтгэгч Н ХХК-ийн захирал А.Р од нийт 64 050 150 төгрөг төлсөн нь дансны хуулга болон баримтаар, үлдэгдэл 13 507 350 төгрөгийг бэлнээр төлсөн гэх А.Р ын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг орхигдуулан, хэт нэг талыг барьж, бусад төлбөрийг төлсөн нь тогтоогдоогүй гэж нотлох баримтыг эргэлзээгүй үнэн зөв талаас нь үнэлээгүй байна.

Гэрч А.Р мэдүүлэгтээ Түвшин өргөө хотхоны бүх цахилгаан холбоо дохиоллыг манай компани хийсэн юм, ажлын хөлсөндөө бартераар 4 байр авсан..., эхний 5063186076 данс нь миний данс, нөгөө нь Золзаяа гэдэг манай туслах, гүйцэтгэх захирлын данс, заримыг нь бэлэн өгсөн, тэр нь манай санхүүгийн тайлан, нягтлангийн бүртгэл зэрэгт байгаа. Материал импекс ХХК-д ажил гүйцэтгээд орон сууц авсан, үүнтэй холбоотой ажлын гэрээ байгаа гэх мэдүүлэг, 2014 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн Материал импекс ХХК, Н ХХК-ийн хооронд байгуулсан Барилга угсралтын ажил гүйцэтгэх гүйцэтгүүлэх гэрээ-нд Нирваан кинг ХХК-ийг төлөөлж захирал А.Р гарын үсэг зурсан /хх-132-142/, 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Нирваан кинг ХХК, А.Э нарын хооронд байгуулагдсан Орон сууцны захиалгын "гэрээ-нд Н ХХК-ийн захирал А.Р гарын үсэг зурсан /хх-127-131/, Материал импекс ХХК-иас нэхэмжлэгчид ирүүлсэн албан бичигт маргаан бүхий орон сууц нь Н ХХК-ийн мэдлийн орон сууц тул Н ХХК-ийн захирал А.Р оос тодруул гэх утгатай албан бичиг нотлох баримтуудаар А.Р Н ХХК-ийн захирал гэдэг нь нотлогдож байхад мөн уг маргаан бүхий орон сууцыг Н ХХК-ийн захирал А.Р гуравдагч этгээд А.Э-д худалдсан, Ц.Т т А.Р 40 сая төгрөг төлж орон сууцыг буцаан авах хэлцэл хийсэн гэх үйл баримтын талаарх тайлбараа үнэн зөв өгсөн, энэ мэдүүлэг нь бусад нотлох баримтуудаар давхар нотлогдож байхад гэрчийн мэдүүлэг болон нотлох баримтуудыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь дүгнэлгүй хэт нэг талыг барьж шийдвэрээ гаргасан байна.

Иймд хэргийн бодит үйл баримтыг илтэд гуйвуулсан, хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн, худал мэдүүлж, хямд төсөр аргаар орон сууцтай болох гэсэн хууран мэхлэлтийг өөгшүүлж хаацайлсан, 40 сая төгрөгийн зээлийн хэлцэлтэй Ц.Т ийг уг орон сууцыг худалдаж авсан мэтээр дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Ц.Т нь хариуцагч Т.Б , С.О нарт холбогдуулан орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргасан бөгөөд шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр А.Э г татан оролцуулж, тэрээр үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, А.Э-д орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэхийг даалгах тухай бие даасан шаардлагыг гаргажээ.

 

Хэргийн 1 дүгээр хавтасны 19-22, 80-83, 127-131 дэх талд 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 01000109 тоот, 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 01000109 тоот захиалгаар зохиомжлогдсон байр барих, бариулах тухай гэрээ, 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн орон сууц захиалгын гэрээ зэрэг 3 гэрээ авагдсан байх бөгөөд дээрх 3 гэрээнээс үзэхэд маргааны зүйл болох орон сууцыг С блокын 9 давхарт 98 тоот, С блокын 8 давхарт 98 тоот, А блокын 98 тоот гэх мэтээр өөр өөрөөр тодорхойлсон байх тул зохигчид аль орон сууцны өмчлөх эрхийн талаар маргаж байгааг тодруулах шаардлагатай байна.

 

Түүнчлэн, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Үйлдвэрийн төвийн бүс Энхтайваны өргөн чөлөө гудамж, 304 дүгээр байр, 98 тоот хаягт байршилтай 44,51 м.кв, 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч нь Ц.Т болох хэргийн 1 дүгээр хавтасны 5 дах талд авагдсан Ү-2205058894 дугаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдсон боловч нэхэмжлэгч Ц.Т-ийн өмчлөлд бүртгэлтэй дээрх орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор А.Э нь 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШЗ2021/03338 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэжээ. /1хх-248/

 

Дээрх иргэний хэрэг шийдвэрлэгдсэн гэж хариуцагч болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаж байгаа боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй, уг хэргийг шийдвэрлэсэн эсэх нь тодорхой бус байхад шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ. Энэ талаарх хариуцагч нарын болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй байна.

 

Иймд хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй, хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй байх тул хариуцагч нарын болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг ханган, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2021/01449 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагч нарын болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А гаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дах хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ОТГОНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ