Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2021/01525

 

 

 

 

 

2021 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2021/01525

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэлийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Б овогт Д-ийн Д-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: У овогт Р-ын Г,

 

Хариуцагч: Р овогт Ц-ын Э,

 

Хариуцагч:Г овогт Л-ийн Э,

 

Хариуцагч: О овогт У-ын С,

 

Хариуцагч: Б овогт Ц-ын Э,

 

Хариуцагч: Р овогт Ц-ын Г,

 

Хариуцагч:  Б-ийн И,

 

Хариуцагч: М ХХК-д холбогдох М ХХК-ийн 19,98 хувийн хувьцаа эзэмшигч болохыг тогтоолгох, М ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн -1 тоот тогтоолыг хүчингүй болгуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц, хариуцагч Р.Г, У.С, Ц.Э, Л.Э болон М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э, хариуцагчийн өмгөөлөгч М.Б, хариуцагч Ц.Э, хариуцагчийн өмгөөлөгч Н.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М ХХК нь 1991 онд бүрэн бус хариуцлагатай компани хэлбэрээр үүсгэн байгуулагдаж, 1999 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн бүх гишүүдийн хурлаар дүрмээ шинэчлэн батлаж, улсын бүртгэлд бүртгүүлж 12 хувьцаа эзэмшигчтэй болсон. Д.Д нь М ХХК-ны 7.27 хувийн хувьцаа эзэмшигч байсан бөгөөд 2010 оны 11-р сарын 23-ны өдөр 19.98 хувийн хувьцааг 180 000 ам.доллараар худалдан авахаа компанид мэдэгдсэн. Улмаар 2013 оны 1-р сард 19.98 хувийн хувьцааны үнэ 180 000 ам.долларын ханшийн зөрүү 30 000 000 төгрөгийг төлж, 2013 оны 2-р сарын 14-ний өдөр Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэгдэж М ХХК-ийн 27.25 хувийн хувьцаа эзэмшигч болсон. Тухайн үед 19.98 хувийн хувьцааг тэргүүн ээлжинд худалдан авахад хувьцаа эзэмшигч нар ямар нэг маргаан гаргаагүй. Хэрэг авагдсан нотлох баримтаар энэ хэргийг шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр тогтоол магадлал байдаг боловч 19.98 хувийн хувьцааг Д.Д эзэмших эрхгүйтэй холбоотой биш. Өнөөдрийн байдлаар 19.98 хувийн хувьцаа Д.Д-ын нэр дээр хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэлтэй байгаа. М ХХК нь Компанийн тухай хуульд зааснаар Хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах талаар 7-8 жил маргасан, 19.98 хувийн хувьцаатай холбоотой хувьцаа эзэмшигч нарын хууль ёсны шийдвэр байдаггүй. Гэтэл М ХХК-ийн ТУЗ-ийн 2020 оны 4-р сарын 21-ний өдрийн 1/4-1 дугаартай тогтоол гаргаж, Д.Д-ын эзэмшдэг 19.98 хувийн хувьцааг хувьцаа эзэмшигч нарт хувь тэнцүүлэн хувааж, 180 000 ам.долларыг Д.Д-д олгохоор шийдвэрлэсэн байна. Компанийн төлөөлөн удирдах зөвлөлд Р.Г, У.С, Ц.Э нарын гишүүд байгаа гэх боловч компанийн дүрэмд тусгагдаж, улсын бүртгэлд бүртгэгдээгүй, энэ тогтоол нь мөн хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлээгүй, компанийн дүрэмд заагдаагүй юм. Тиймээс Д.Д-ыг 19,98 хувийн хувьцаа эзэмшигч мөн болохыг тогтоож, М ХХК-ийн Төлөөлөн Удирдах зөвлөлийн 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 01 дугаартай тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Ц.Г, Ц.Э нар шүүхэд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 06-р сарын 12-ны өдрийн 1261 тоот шийдвэрээр М ХХК-ийн 19.98 хувийн хувьцааг Д.Д-д шилжүүлсэн шүүхийн шийдвэр гүйцэтгүүлэх ажиллагааг хүчингүй болгосон, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 03-р сарын 09-ний өдрийн 655 тоот магадлал, Улсын дээд шүүхийн 2013 оны 10-р сарын 08-ны өдрийн 545 тоот тогтоолоор шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2-р шүүхийн 2015 оны 03-р сарын 02-ны өдрийн 102/ШШ2015/01387 дугаар шийдвэрээр М ХХК-ийн 19.98%-ийн хувьцааг Д.Д-ын өмчлөл болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 05-р сарын 15-ны өдрийн 594 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн 2015 оны 07-р сарын 03-ны өдрийн 555-р тогтоолоор шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 675 дугаар шийдвэрээр Э ХХК-иас М ХХК-ийн 19.98 хувийн хувьцааг гаргуулж Ц.Э-д, Ц.Э-аас 250 000 ам долларыг гаргуулж Э ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүхийн 2011 оны 09-р сарын 26-ны өдрийн 586 дугаар тогтоолоор Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2011 оны 07-р сарын 27-ны өдрийн 648 дугаар магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011 оны 05-р сарын 10-ны өдрийн 675 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж М ХХК-ийн 19.98 хувийн хувьцааг Ц.Э миний нэр дээр олгохоор шийдвэрлэсэн. Иймд 2020 оны 11-р сарын 30-ны өдрийн Д.Д-ын М ХХК-ийн 19.98 хувийн хувьцаа эзэмшигч мөн болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Н.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Д-ыг 19.98 хувийн хувьцаа эзэмшигчээр тогтоох үндэслэлгүй. Мөн хувьцаа худалдах, худалдан авах ямар нэг хэлцэл хийгээгүй. Энэ маргааныг 3 шатны шүүхээр шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шийдвэртэй. 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн шүүхийн шийдвэртэй нэхэмжлэлийн шаардлага адилхан байна. Д.Дэлгэрбал хувьцаатай холбоотой 10-аад жил маргаан үүсгэсэн, төрийн байгууллагын ажлаар тоглож байна. Хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулж дүүргийн Иргэний хэргийн 1 дүгээр шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалаар хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. М ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн тогтоолыг ямар үндэслэлээр хүчингүй болгох гэж байгаа нь тодорхойгүй байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Б.И шүүхэд гаргасан тайлбартаа: Д.Д-ын нэхэмжлэлтэй М ХХК-ний 19.98 хувийн хувьцааны талаар Ц.Э нь 19.98 хувийн хувьцааг хууль бусаар худалдсан маргааныг шүүх шийдсэн. Шийдвэр нь хүчин төгөлдөр байгаа. Хууль бусаар хувьцаа эзэмшигчдийн зөвшөөрөлгүй худалдсан 19.98 хувийн хувьцааг М ХХК-ийн 11 хувьцаа эзэмшигч ижил тэнцүү авах ёстой байхад Д.Д нь ганцаараа авна гэж байгаа нь буруу. Би шүүх хуралд биечлэн оролцохгүй. Иймд надгүй шүүх хурал хийхэд татгалзахгүй. Р.Г, Л.Э, Ц.Э, У.С нарын тайлбарыг дэмжинэ гэжээ.

 

Хариуцагч Р.Г, У.С, Ц.Э, Л.Э болон М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э шүүхэд гаргасан тайлбартаа: Д.Д нь хариуцагч нарт холбогдуулж М ХХК-ийн 19.98 хувийн хувьцаа эзэмшигч мөн болохыг тогтоолгох, М ХХК-ийн ТУЗ-ийн 2020 оны 04-р сарын 01-ний өдрийн 1 тоот тогтоолыг тус тус хүчингүй болгуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. М ХХК нь 1991 онд бүрэн бус хариуцлагатай компани хэлбэрээр үүсгэн байгуулагдаж 1999 онд Компанийн тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсаны дагуу 1999 оны 12-р сарын 24-ний өдрийн бүх гишүүдийн хурлаар дүрэм болон бичиг баримтаа шинэчилсэн бүртгэлд бүртгүүлсэн. Уг шинэчилсэн бүртгэл болон компанийн дүрэмд 12 хувьцаа эзэмшигч, үүнд Т ХХК 19.98%, Ц.Ц 7,27%, Б.М 7.27%, Б.И 7,27% Ш.С 7,27%, Л.Э 7,27%, Б.Н 7,27%, Р.Г 7,27 %, Х.Ц 7,27%, .Д.У 7,27%, Ч.Ч 7,27%, Д.Д 7,27% эзэмшдэг. Дээрх хувьцаа эзэмшигчдээс Ш.С нь 2002 онд, Х.Ц нь 2011 онд, Д.У нь 2003 онд, Ч.Ч нь 2004 онд, Ц.Ц 2007 онд, Б.М нь 2015 онд нас барсан бөгөөд Монгол Улсын Иргэний хуулийн 518 дугаар зүйлийн 518.1, 531 дүгээр зүйлд заасны дагуу Ш.Сү-ийн охин С.Б, Х.Ц хүү Ц.Ж, Ц.Э, Ц.М, Д.У-ын охин У.С, У.М, Б.М-ын хүү М.О, Ш.С-ийн хүү Б, Ч.Ч-ийн хүүхдүүд болох Ч.О, Ч.Б Ч.Г, Ч.Г, Ч.Г, Ч.О, Ч.Б, бэр Б.Э, зээ Ц.У нар нь өвлөх эрхийн гэрчилгээг авч хууль ёсны өв залгамжлагч болж дээрх хувьцааг өмчлөх эрхтэй болсон билээ. Харин Т ХХК нь өөрийн эзэмшлийн 19,98%-ийн хувьцааг Ц.Э-д, Ц.Э нь С ХХК-д хууль бусаар шилжүүлсэн. Уг хууль бус үйлдлийг Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 675 дугаар шийдвэр, Улсын дээд шүүхийн 2011 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 586 дугаар тогтоолоор тус тус хүчингүйболгож шийдвэрлэж Ц.Э-аас 250.000 долларыг гаргуулж С ХХК-д, уг компаниас М ХХК-ийн 19.98 кувийн хувьцааг гаргуулж Ц.Э-д олгохоор шийдвэрлэсэн. Ц.Э-аас 250.000 төгрөгийг гаргуулж С ХХК-д олгох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэрэгжүүлэхдээ Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас түүнд буцаан олгохоор шийдвэрлэсэн ХХК-ийн 19.98 хувийн хувьцаанаас төлбөр гаргуулахаар ажиллагааг эхлүүлсэн. Уг шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 19.98 хувийн хувьцааг удаа дараа хариуцагч Д.Д-д шилжүүлсэн бөгөөд шат шатны шийдвэр, магадлал болон Улсын дээд шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1501 дүгээр тогтоолоор "19.98 хувийн хувьцааг Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт заасны дагуу компанийн бусад хувьцаа эзэмшигч өөрсдийн эзэмшлийн хувьцааны тоонд хувь тэнцүүлэн худалдан авах давуу эрхтэй болохыг тогтоож, 19.98 хувийн хувьцааг Д.Д-д шилжүүлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Ийнхүү Улсын дээд шүүхийн 2017-11-30-ны өдрийн 001/ХТ2017/01501 дүгээр тогтоолоор М ХХК-ийн 19.98 хувийн хувьцааг Д.Д-д шилжүүлсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэсэн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж Д.Д нь 19.98 хувийн хувьцааг эзэмших эрхгүй болсон. Тиймээс Д.Д-ыг М ХХК-ийн 19.98 хувийн хувьцаа эзэмшигч мөн гэж үзэх үндэслэлгүй байна. Д.Д нь 2015 онд М ХХК-ийн 19.98 хувийн хувьцааг Д.Д-ын өмчлөл болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд гаргаж байсан. Уг нэхэмжлэлийн шаардлагыг М ХХК-ийн 19.98 хувийн хувьцааг Д.Д-д шилжүүлсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа нь Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйчийн 5.3 дахь хэсгийг зөрчсөн ба уг ажиллагааг хүчингүй болгосон хуулийн шүүхийн шийдвэр буюу Нийслэлийн шүүхийн 2013-08-09-ны өдрийн 655 дугаар магадлал хүчин төгөлдөр байгаа гэх үндэслэлээр Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015-03-02-ны өдрийн 102/ШШ2015/01387 дугаар шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015-05-15-ны өдрийн 594 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн 2015-07-03-ны өдрийн 555 дугаар тогтоолоор тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэр магадлал тогтоол мөн адил хуулийн хүчин төгөлдөр байгаа ба нэхэмжлэгч нь нэгэнт дүгнэгдсэн асуудлаар дахин шүүхэд хандаж байгаа нь үндэслэлгүй тул М ХХК-ийн 19,98 хувийн хувьцаа эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. М ХХК-ийн ТУЗ-ийн 2020 оны 04-р сарын 01-ний өдрийн 1 тоот тогтоолыг хүчингүй болгуулах шаардлагад холбогдох тайлбарыг шүүх хуралдаанд гаргах болно гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Б өмгөөлөгчтэй санал нэг байна. Д.Д нь өмнө нь энэ асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргаж 3 шатны шүүхээр шийдвэрлэж хэрэгсэхгүй болгосон. М ХХК-ниий 19.98 хувийн хувьцаатай холбоотой маргаан 2011 оноос хойш үргэлжилж байна. Уг маргаан нь Ц.Э-аас 250 000 ам.долларыг гаргуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой үүссэн. Энэ ажиллагааны хүрээнд 19.98 хувьцааг Д.Д-ын нэр дээр шилжүүлж, улсын бүртгэлд өөрчлөлт орсон. Гэвч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгосон. Монгол улсын Дээд шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн тогтоолоор 19.98 хувьцааг Д.Д-д шилжүүлэх нэхэмжлэлийг хүчингүй болгосон. Д.Д-ын хувьд улсын бүртгэлд бүртгэлтэй тул өмчлөгч гэж тайлбарладаг. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хүчингүй болсноор ажиллагааг зөвтгүүлж хийлгэх ёстой. Шийдвэр гүйцэтгэх газраас 19.98 хувийн хувьцааг Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т заасныг үндэслэж шилжүүлсэн. Гэтэл Дээд шүүхээс 19.98 хувийн хувьцааг Д.Д-д шилжүүлэхдээ Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т заасныг Шийдвэр гүйцэтгэх газар зөрчсөн гэж дүгнэсэн. Ингээд Шийдвэр гүйцэтгэх газраас 2019, 2020 онуудад М ХХК-д 19.98 хувьцаатай холбоотой асуудлыг хүчингүй болгох талаар хариу ирүүл гэх мэдэгдлүүдийг өгсөн. М ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн зүгээс албан шаардлага хүргүүлж 2020 оны 3 дугаар сард хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зохион байгуулсан. Энэ хурлаар дүрмээ шинэчлэн батлан дахин хувьцааг хувааж гаргасан шийдвэрээ шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн. Дээрх хурлаар 19,98 хувийн хувьцааны талаар шийдвэрлэсэн гэдгийг хэлмээр байна. Компанийн тухай хуульд зааснаар хувьцаа эзэмшигч нарын саналыг авч хувьцааг хуваах асуудлыг шийдвэрлэсэн. Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын хувь хариуцагч нар хариуцахгүй тул үндэслэлгүй гэж үзэж байна. М ХХК нь нэхэмжлэгчийг хувьцаа эзэмшигч мөн эсэхийг хариуцахгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Д нь Р.Г, Ц.Э, Л.Э, У.С, Ц.Э, Ц.Г, Б.И болон М ХХК-д холбогдох М ХХК-ийн 19.98 хувийн хувьцаа эзэмшигч болохыг тогтоолгох, М ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 1/4-1 тоот тогтоолыг хүчингүй болгохыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх М ХХК-ний 19.98 хувийн хувьцаа эзэмшигч болохыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэл, хувьцаа эзэмшигч нарт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

 

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2010 оны 11-р сарын 23-ны өдрийн 1731 дүгээр шийдвэрээр Б.Н, Д.Д нар нь М ХХК-ний 19.98 хувийн хувьцааг худалдан авах давуу эрхтэй болохыг тогтоосон байх ба шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр /хх 121-122/ байна.

 

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011 оны 05-р сарын 10-ны өдрийн 675 дугаар шийдвэрээр Ц.Э болон Э ХХК-ний хооронд хийгдсэн 2008 оны 1-р сарын 29-ний өдрийн 08/01 тоот гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэн, Э /С / ХХК-иас М ХХК-ний 19.98 хувьцааг гаргуулан Ц.Э, Ц.Э-аас 250 000 ам.доллар гаргуулан Э ХХК-д олгохоор шийдвэрлэжээ. /хх 21-23, 161-163/

 

Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2011 оны 07-р сарын 27-ны өдрийн 648 дугаар магадлалаар дээрх шийдвэрийг хүчингүй болгосон /хх 164-167/ боловч Улсын дээд шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны 2011 оны 9-р сарын 26-ны өдрийн 586 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн /хх 168-169/, шийдвэр, тогтоол хүчин төгөлдөр болж, Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчийн 2012 оны 1-р сарын 12-ны өдрийн Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай 310 тоот захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан /хх 170/ байна.

 

Эдгээр шийдвэрийг гүйцэтгэх шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гаргасан гомдлыг хянан хэлэлцэж Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 6-р сарын 12-ны өдрийн 1261 дугаар шийдвэр, Нийслэлийн шүүхийн 2013 оны 8-р сарын 9-ний өдрийн 655 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны 2013 оны 10-р сарын 08-ны өдрийн 545 дугаар тогтоолоор ...675 дугаартай шийдвэр, 1731 дугаартай шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа М ХХК-ний 19.98 хувийн хувьцааг Д.Д-д худалдсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгожээ. /хх 171-182/

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулаагүйгээс шүүхийн шийдвэр биелэгдээгүй, улмаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зөвтгөн явуулсан гэх ажиллагаанд дахин гомдол гаргасан байх ба Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5-р сарын 23-ны өдрийн 181/ШШ2017/01473 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7-р сарын 26-ний өдрийн 1701 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 11-р сарын 30-ны өдрийн 01501 дүгээр тогтоолоор ...2013 оны 10-р сарын 08-ны өдрөөс 2014 оны 04-р сарын 07-ны өдрийн хооронд явуулсан ахлах шийдвэр гүйцэтгэгч Д.Л-гийн М ХХК-ийн 19.98 хувийн хувьцааг Д.Д-д шилжүүлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгосон, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болоогүй байна. /хх 203-232/

 

Дээрх шийдвэрээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааны шатанд М ХХК-ний 19.98 хувийн хувьцааг Д.Д-д шилжүүлсэн ажиллагааг хүчингүй болгосон тул түүнийг энэ хувьцааны эзэмшигчээр тогтоох, түүнчлэн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн энэ шаардлагаа тус компаний хувьцаа эзэмшигч нарт холбогдуулан гаргасан нь үндэслэлгүй.

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар нь М ХХК-д 2020 оны 3-р сарын 4-ний өдөр хүргүүлсэн 2/6931 тоот мэдэгдэлдээ...Шүүхийн шийдвэрийг биелүүлж төлбөрийг бүрэн төлж барагдуулахыг төлбөр төлөгч Ц.Э-д удаа дараа мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл шүүхийн шийдвэрийг үл хүндэтгэн биелүүлэхгүй байна. Иймд Компаний тухай хуулийн 5-р зүйлийн 5.3-т заасны дагуу хувьцаа эзэмшигч нарын хурлыг зарлан хуралдуулж, шүүхийн шийдвэрт дурьдсан М ХХК-ийн 19.98 хувийн хувьцааг худалдан борлуулах асуудлыг шийдвэрлэж хариу ирүүлэхийг дахин мэдэгдье гэжээ.

 

М ХХК-ний Төлөөлөн удирдах зөвлөл нь энэхүү мэдэгдэл, Улсын дээд шүүхийн 2017 оны 11-р сарын 30-ны өдрийн 01501 дүгээр тогтоол, Хувьцаа эзэмшигчдийн хурлын 2020 оны 3-р сарын 21-ний өдрийн 1, 2 дугаар тогтоолыг үндэслэн 2020 оны 4-р сарын 1-ний өдөр -1 тоот тогтоол гаргаж М ХХК-ний 19.98 хувийн хувьцаанаас өөрийн хувьд ноогдох хэсгийг худалдан авах хүсэлт гаргасан 18 хувьцаа эзэмшигчид хувааж, хувьцааны үнийг төлөх хүртэл компаний данснаас 180 000 ам.долларыг гаргаж хувьцаа эзэмшигч Д.Д-ын дансанд шилжүүлэхийг гүйцэтгэх захирал Д.Д-д үүрэг болгосон, худалдан авах санал гаргасан хувьцаа эзэмшигчдэд авлагын тооцоо үүсгэн шилжүүлэхийг ерөнхий нягтлан бодогч Г.Б-д үүрэг болгосон /2-р хавтас 9-10/ байна.

 

Компаний тухай хуулийн 5-р зүйлийн 5.3-т Компаний дүрэмд өөрөөр заагаагүй бол хязгаарлагдмал хариуцлагатай компаний хувьцаа эзэмшигч нь компаний болон бусад хувьцаа эзэмшигчийн худалдах хувьцаа...гуравдагч этгээдэд санал болгох үнээр өөрийн эзэмшлийн хувьцааныхаа тоонд хувь тэнцүүлэн энэ хууль болон компаний дүрэмд заасны дагуу тэргүүн ээлжинд худалдан авах эрхтэй, 62-р зүйлийн 62.1, 62.1.6.хувьцаа хуваах буюу нэгтгэх асуудлыг зөвхөн хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийдвэрлэнэ, Компаний дүрмийн 3.3-т ...хувь нийлүүлэгчид эзэмшиж буй хувьцаагаа хоорондоо болон гуравдагч этгээдэд худалдах, аливаа хэлбэрээр шилжүүлэх зэрэг асуудлыг зөвхөн хувь нийлүүлэгчдийн хурлаар 100 хувийн саналын эрхээр шийдвэрлэнэ, 4.5, 4.5.4-т ...хувь нийлүүлэгчдийн эзэмшиж буй хувьцааг бусдад шилжүүлэх асуудлыг хувь нийлүүлэгчдийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэхээр тус тус заажээ.

 

Харин М ХХК-ний Төлөөлөн удирдах зөвлөл нь Компаний тухай хуулийн 76-р зүйлийн 76.1-д заасан энэ хууль болон компаний дүрмээр хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхэд хамааруулснаас бусад дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гэснийг зөрчиж компаний хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхэд хамаарах асуудлыг шийдвэрлэж Компаний хууль, компаний дүрмээ тус тус зөрчсөн гэж дүгнэлээ.

 

Нөгөө талаас, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгосон шүүхийн аль ч шийдвэрт Компаний тухай хуулийн 5-р зүйлийн 5.3-т зааснаар М ХХК-ний хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулах, түүнчлэн М ХХК-ийн 19.98 хувийн хувьцааг худалдан борлуулах тухай асуудлыг шийдвэрлэсэн талаар тусгагдаагүй бөгөөд гагцхүү Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Э /С / ХХК-иас М ХХК-ний 19.98 хувьцааг гаргуулж Ц.Э-д, Ц.Э-аас 250 000 ам.доллар гаргуулж Э ХХК-д олгохоор шийдвэрлэсэн Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011 оны 05-р сарын 10-ны өдрийн 675 дугаар шийдвэрийг албадан гүйцэтгэх шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулинд зааснаар гүйцэтгэх учиртай.

 

М ХХК-ний улсын бүртгэлийн лавлагаа, Улсын бүртгэлийн ерөнхий газрын opendata.burtgel.gov.mn сайтад М ХХК нь 12 хувьцаа эзэмшигчтэй, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээр Л.Э бүртгэгдсэн /хх 8, 70-71/, Төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны 09-р сарын 21-ний өдрийн 02 тоот тогтоолоор Д.Д-ыг гүйцэтгэх захирлаар томилсон боловч энэ ажлыг эрхэлдэггүй, ТУЗ нь тогтоолоо өөрийн тэмдэг дарж баталгаажуулдаг /2-р хавтас 5/ боловч М ХХК-ний тэмдэг дарсан зөрчилтэй зэргийг дурьдах нь зүйтэй.

 

М ХХК-ний хувьцаа эзэмшигчдийн хурлын 2020 оны 3-р сарын 21-ний өдрийн М ХХК-ний хувьцааг хуваах тухай 01 тоот тогтоол, М ХХК-ний дүрмийг шинэчлэн батлах тухай 02 тоот тогтоолыг хүчингүй болгох тухай маргаантай хэрэг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэгдэж байгаа, энэ нь М ХХК-ний 19.98 хувийн хувьцаатай хамааралгүй /хх 96-99/ байна.

 

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 3-р сарын 2-ны өдрийн 102/ШШ2015/01387 дугаартай шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 5-р сарын 15-ны өдрийн 594 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны 2015 оны 7-р сарын 03-ны өдрийн 555 дугаар тогтоолоор М ХХК-ний 19.98 хувийн хувьцааны өмчлөгчөөр тогтоолгох-ыг хүссэн Д.Д-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон /хх 114-120, 192-202/, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12-р сарын 05-ны өдрийн 183/ШШ2016/01287 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02-р сарын 15-ны өдрийн 491 дүгээр магадлалаар Д.Д-д холбогдох М ХХК-ний 19.98 хувийн хувьцааг бусад хувьцаа эзэмшигч нар өөрийн эзэмшлийн хувьцаанд хувь тэнцүүлэн өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох-ыг хүссэн Р.Г нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон /хх 151-160/ шийдвэрүүд хүчин төгөлдөр байна. Өөрөөр хэлбэл, М ХХК-ний 19.98 хувийн хувьцааг өмчлөх эрхтэй холбоотой маргааныг эцэслэн шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон гэж үзнэ.

 

Б.И нарын нэхэмжлэлтэй Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох ...2013 оны 2-р сарын 14-ний өдрийн МХХК-ний 19.98 хувийн хувьцааг Д.Д-ын нэр дээр бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах... нэхэмжлэлтэй хэргийг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн2016 оны 2-р сарын 29-ний өдрийн 145 тоот шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5-р сарын 11-ний өдрийн 0291 тоот магадлалаар шийдвэрлэж, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 8-р сарын 3-ны өдрийн 267 тоот тогтоолоор ...нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй /хх126-150/ байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 15.2.2, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 9-р зүйлийн 9.4.7 дахь хэсэг, Компаний тухай хуулийн 76-р зүйлийн 76.1 дэх хэсэгт заасныг баримтлан М ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны 04-р сарын 01-ний өдрийн 1/4-1 тоот тогтоолыг хүчингүй болгосугай.

 

2.Иргэний хуулийн 9-р зүйлийн 9.4.2 дахь хэсэг, Компаний тухай хуулийн 5-р зүйлийн 5.3, 34-р зүйлийн 34.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Монгол транс ХХК-ний 19.98 хувийн хувьцаа эзэмшигч болохыг тогтоолгохыг хүссэн Д.Д-ын нэхэмжлэл, хариуцагч Ц.Г, Р.Г Ц.Э, Б.И, Л.Э, Ц.Э, У.С нарт холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч М ХХК-иас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА