Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 102/шш2021/01527

 

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2021/01527

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэлийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: О банк бус санхүүгийн байгууллага ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: С ХХК,

 

Хариуцагч: С овогт Д-ийн П нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 473 649 161.13 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М, Б.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.У, хариуцагч Д.П, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь С ХХК, Д.П нартай 2019 оны 10-р сарын 29-ний өдөр ЗГ01/001910014 дугаартай зээлийн гэрээ байгуулж 300 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 3.3 хувийн хүүтэйгээр бизнесийн үйл ажиллагааны зориулалтаар зээлүүлж, Үл хөдлөх хөрөнгийн барьцааны БГ01/001910014 дугаар гэрээгээр Баянгол дүүргийн 20-р хороо, Үйлдвэрийн баруун бүс-2 /16101/ хаягт байрлах нэгж талбарын 1681900850 дугаар бүхий 8798 м.кв аж ахуй, үйлдвэрлэлийн зориулалттай газар, Эрчим хүчний гудамж 40 тоот 948 м.кв талбай бүхий үйлдвэрлэлийн зориулалт бүхий барилга барьцаалсан. Зээлийн гэрээг 2020 оны 02-р сарын 10-ны өдөр Нэмэлт ЗГ01/001910014-01 дугаартай гэрээгээр 12 сарын хугацаатай сунгасан. Талууд зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг харилцан тохиролцож баталгаажуулсан бөгөөд зээлдэгч нь зээл буцаан төлөх хуваарийг удаа дараа зөрчсөн байна. талууд зээлийн гэрээний 4.2.3, 1.5-д заасны дагуу гаргасан хугацаа болон зээл, зээлийн хүү зэрэг хуваарийн дагуу төлж барагдуулах, хугацаа хэтэрсэн тохиолдолд үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл төлөх, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй бол барьцаа хөрөнгийг барьцааны гэрээ болон холбогдох хууль тогтоомжид зааснаар зээлдүүлэгчийн өмчлөлд шилжүүлэхээр тохирсон. Ингээд үндсэн төлбөрөөс 11 сар чөлөөлсөн. Зээлийн эргэн төлөлт хийх талаар албан тоотыг шуудангаар илгээсэн. 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Т.Д хүсэлт гаргасан юм. Уг хүсэлтэд 300 000 000 төгрөгийн зээлийг Хөдөө аж ахуйн их сургуулийн барилгын ажлыг хийх боломжгүй болсон, гүйцэтгэлийн санхүүжилтийг авснаар танай зээлийг төлнө гэсэн. Гэвч зээлээ төлөөгүй. Иймд зээлдэгч нараас үндсэн зээл 299 989 993.42 төгрөг, зээлийн хүү 154 586 640.78 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 19 072 526.92 нийт 473 649 161.13 төгрөгийг С ХХК, Д.П нараас гаргуулж, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар нэхэмжилсэн. Цар тахалтай холбоотой нэмэгдүүлсэн хүү 19 072 526.92 төгрөгөөс татгалзаж, бусад зээл, хүүгээ нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч С ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлийг Хөдөө аж ахуйн их сургуулийн барилгын ажлыг гүйцэтгэхэд зориулж авсан. Ингээд үйл ажиллагаагаа явуулж байтал 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Улсын онцгой комиссын тогтоолуудаар гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлсэн. 2021 оны 1, 27, 104 тоот тогтоолуудаар хөл хориог 5 дугаар сар хүртэл сунгасан. Энэ хугацаанд үйл ажиллагаа явуулах боломж олдоогүй. Хөл хорионы үргэлжилсэн хугацаа 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл үргэлжилсэн. Дээрх нөхцөл байдал нь Иргэний хуулийн 221 .2-т заасан давагдашгүй хүчин зүйл гэж үзэж байгаа. Иймд хүү болон нэмэгдүүлсэн хүүгээс чөлөөлж өгнө үү гэв.

 

Хариуцагч Д.П шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч С ХХК-ний тайлбарыг дэмжиж байна. О ББСБ ХХК-иас 300 000 000 төгрөгийн зээлийг сарын 3,5 хувийн хүүтэй зээлсэн. Би С ХХК-ний хамтран үүрэг гүйцэтгэгчээр авсан боловч дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын улмаас улсын хэмжээнд тогтоосон бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдал, хөл хорионы дагуу үйл ажиллагаа явуулж чадаагүй тул өнөөг хүртэл зээлээ төлж чадаагүй гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч О банк бус санхүүгийн байгууллага ХХК нь С ХХК болон Д.П нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 473 649 161.13 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх хуралдааны шатанд нэхэмжлэгч нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж нэмэгдүүлсэн хүү 19 072 526.92 төгрөгөөс татгалзсан байх тул бусад нэхэжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 

О ББСБ ХХК нь С ХХК, Д.П нартай 2019 оны 10-р сарын 29-ний өдөр ЗГ01/001910014 дугаартай зээлийн гэрээ байгуулж 300 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 3.3 хувийн хүүтэйгээр бизнесийн үйл ажиллагааны зориулалтаар зээлүүлж, Үл хөдлөх хөрөнгийн барьцааны БГ01/001910014 дугаар гэрээгээр Баянгол дүүргийн 20-р хороо, Үйлдвэрийн баруун бүс-2 /16101/ хаягт байрлах нэгж талбарын 1681900850 дугаар бүхий 8798 м.кв аж ахуй, үйлдвэрлэлийн зориулалттай газар, Эрчим хүчний гудамж 40 тоот 948 м.кв талбай бүхий үйлдвэрлэлийн зориулалттай барилгыг тус тус барьцаанд бариулжээ. Талуудын хооронд Иргэний хуулийн 451-р зүйлд заасан зээлийн гэрээ байгуулагдсан, барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156-р зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт зааснаар бичгээр хийж, улсын бүртгэлд бүртгүүлсэн, зээлийн болон барьцааны гэрээ хүчин төгөлдөр /хх 11-21, 49-59/ байна.

 

Талууд зээлийн гэрээг 2020 оны 02-р сарын 10-ны өдрийн Нэмэлт ЗГ01/001910014-01 тоот гэрээгээр 12 сарын хугацаатай сунгаж, гэрээний хугацаа 2021 оны 2-р сарын 10-ны өдөр дуусчээ.

 

Зээлдүүлэгч гэрээгээр хүлээн үүргээ биелүүлж зээлийг зээлдэгчид шилжүүлсэн, харин зээлдэгч нар гэрээний хугацаанд буюу 2019 оны 11-р сарын 11-ний өдөр үндсэн зээлд 10 006.58 төгрөг, хүүгийн төлбөрт 3 905 753.42 төгрөг, 2019 оны 12-р сарын 30-ны өдөр зээлийн хүүгийн төлбөрт 9 775 000 төгрөг нийт 13 690 760 төгрөг төлж, бусад зээл, зээлийн хүүг төлөөгүйгээс талуудын хооронд маргаан гарчээ.

 

Зээлдэгч нар нь гэрээний 4-р зүйлийн 4.2.3-т зааснаар зээл, зээлийн хүүг төлөх хуваарийн дагуу хугацаанд нь төлөх үүрэгтэй бөгөөд гэрээний 6-р зүйлийн 6.1.1-т заасан зөрчлийг удаа дараа гаргасан, улмаар зээлдүүлэгч зээлээ төлөхийг 2021 оны 3-р сарын 10-ны өдрийн Зээл төлөх тухай шаардах хуудас, албан бичиг, талуудын тайлбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарь зэрэг баримтуудаар тогтоогдсон байна.

 

Монгол улсын засгийн газрын 2020 оны 2-р сарын 12-ны өдрийн 62 тоот тогтоолоор шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлсэн, хугацааг 2020 оны 64, 102. 147. 188, 234, 1, 31, 70. 103, 159. тоот тогтоолоор тус тус сунгасан, 2020 11-р сарын 11-ний өдрийн 178-р тогтоолоор Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн, 2020 оны 181 тоот тоот, 2021 оны 1, 27, 91, 104, 226 тоот тогтоолуудаар 2021 оны 5 дугаар сарын 10-ныг хүртэл сунгасан уг хугацааг тус тус сунгасан нь нийтэд илэрхий бөгөөд иргэн, аж ахуйн нэгжид дээрх нөхцөл байдалтай холбогдуулан зээл төлөх хугацааг хойшлуулах хүсэлтээ гаргаж шийдвэрлүүлэх боломжтой байсан.

Нөгөө талаас, энэ нөхцөл байдал нь талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээг цуцлах үндэслэл болохгүйгээс гадна талууд гэрээний 7-р зүйлд зөвхөн зээлдүүлэгчийн буюу нэг талын санаачилгаар гэрээ цуцлахаар тохирсон нь зээлдэгчийн эрхийг зөрчсөн, зээлдүүлэгч, зээлдэгчийн аль аль нь гэрээ цуцлахаар шаардаж байгаагүй байна.

 

О ББСБ ХХК нь Ковид 19 цар тахлын үеийн нөхцөл байдлыг харгалзан зээлдэгчийг 11 сарын хугацаанд үндсэн төлбөрөөс чөлөөлсөн гэх ба С ХХК-ний үйлдвэрлэлийн үйл ажиллагаа болон санхүүгийн хүндрэлтэй байдлыг харгалзан нэмэгдүүлсэн хүү 19 072 526.92 төгрөгийн шаардлагаас татгалзаж нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан, зээлдэгч нар үндсэн зээл, зээлийн хүүг төлөх үүрэгтэй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 175-р зүйлийн 175.1 дэх хэсэг, 451-р зүйлийн 451.1, 452-р зүйлийн 452.1 дэх хэсэгт заасныг баримтлан С ХХК, Д.П нараас 365 698 735.42 /гурван зуун жаран таван сая зургаан зуун ерэн найман мянга долоон зуун гучин таван төгрөг дөчин хоёр мөнгө/ төгрөг гаргуулж О ХХК-д олгож, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны хөрөнгө болох Баянгол дүүргийн 20-р хороо, Үйлдвэрийн баруун бүс-2 /16101/ хаягт байрлах нэгж талбарын 1681900850 дугаар бүхий 8798 м.кв аж ахуй, үйлдвэрлэлийн зориулалттай газар, улсын бүртгэлийн Ү-2205034774 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 20-р хороо, Эрчим хүчний гудамж 40 тоот 948 м.кв талбай бүхий үйлдвэрлэлийн зориулалттай барилгыг тус тус дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 526 195 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч С ХХК, Д.П нараас 1 986 443 төгрөг гаргуулж О ББСБ ХХК-д олгосугай.

 

Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА