Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2021/01203

 

 

2021 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2021/01203

 

О ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Байгалмаа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2021/01527 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч О ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч С ХХК, Д.П нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 473 649 161,13 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М , Б.Н , хариуцагч Д.П , хариуцагч С ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.У , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь С ХХК, Д.П нартай 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр ЗГ01/001910014 дугаартай зээлийн гэрээ байгуулж 300 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 3.3 хувийн хүүтэйгээр бизнесийн үйл ажиллагааны зориулалтаар зээлүүлж, үл хөдлөх хөрөнгийн барьцааны БГ01/001910014 дугаар гэрээгээр Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс-2 /16101/ хаягт байрлах нэгж талбарын 1681900850 дугаар бүхий 8798 м.кв аж ахуй, үйлдвэрлэлийн зориулалттай газар, Эрчим хүчний гудамж 40 тоот 948 м.кв талбай бүхий үйлдвэрлэлийн зориулалт бүхий барилга барьцаалсан. Зээлийн гэрээг 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр нэмэлт ЗГ01/001910014-01 дугаартай гэрээгээр 12 сарын хугацаатай сунгасан. Талууд зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг харилцан тохиролцож баталгаажуулсан бөгөөд зээлдэгч нь зээл буцаан төлөх хуваарийг удаа дараа зөрчсөн байна. Талууд зээлийн гэрээний 4.2.3, 1.5-д заасны дагуу гаргасан хугацаа болон зээл, зээлийн хүү зэрэг хуваарийн дагуу төлж барагдуулах, хугацаа хэтэрсэн тохиолдолд үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл төлөх, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй бол барьцаа хөрөнгийг барьцааны гэрээ болон холбогдох хууль тогтоомжид зааснаар зээлдүүлэгчийн өмчлөлд шилжүүлэхээр тохирсон. Ингээд үндсэн төлбөрөөс 11 сар чөлөөлсөн. Зээлийн эргэн төлөлт хийх талаар албан тоотыг шуудангаар илгээсэн. 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Т.Д хүсэлт гаргасан бөгөөд уг хүсэлтэд 300 000 000 төгрөгийн зээлийг Хөдөө аж ахуйн их сургуулийн барилгын ажлыг хийх боломжгүй болсон, гүйцэтгэлийн санхүүжилтийг авснаар танай зээлийг төлнө гэсэн. Гэвч зээлээ төлөөгүй. Иймд зээлдэгч нараас үндсэн зээл 299 989 993,42 төгрөг, зээлийн хүү 154 586 640,78 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 19 072 526,92 төгрөг, нийт 473 649 161,13 төгрөгийг С ХХК, Д.П нараас гаргуулж, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар нэхэмжилсэн. Цар тахалтай холбоотой нэмэгдүүлсэн хүү 19 072 526,92 төгрөгөөс татгалзаж, бусад зээл, хүүгээ нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч С ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлийг Хөдөө аж ахуйн их сургуулийн барилгын ажлыг гүйцэтгэхэд зориулж авсан. Ингээд үйл ажиллагаагаа явуулж байтал 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Улсын онцгой комиссын тогтоолуудаар гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлсэн. 2021 оны 1, 27, 104 тоот тогтоолуудаар хөл хориог 5 дугаар сар хүртэл сунгасан. Энэ хугацаанд үйл ажиллагаа явуулах боломж олдоогүй. Хөл хорионы үргэлжилсэн хугацаа 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл үргэлжилсэн. Дээрх нөхцөл байдал нь Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.2 дах хэсэгт заасан давагдашгүй хүчин зүйл гэж үзэж байгаа. Иймд хүү болон нэмэгдүүлсэн хүүгээс чөлөөлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.П шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч С ХХК-ийн тайлбарыг дэмжиж байна. О ББСБ ХХК-иас 300 000 000 төгрөгийн зээлийг сарын 3,5 хувийн хүүтэй зээлсэн. Би С ХХК-ийн хамтран үүрэг гүйцэтгэгчээр авсан боловч дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын улмаас улсын хэмжээнд тогтоосон бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдал, хөл хорионы дагуу үйл ажиллагаа явуулж чадаагүй тул өнөөг хүртэл зээлээ төлж чадаагүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэг, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт заасныг баримтлан С ХХК, Д.П нараас 365 698 735,42 /гурван зуун жаран таван сая зургаан зуун ерэн найман мянга долоон зуун гучин таван төгрөг дөчин хоёр мөнгө/ төгрөг гаргуулж О ББСБ ХХК-д олгож, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны хөрөнгө болох Баянгол дүүргийн 20-р хороо, Үйлдвэрийн баруун бүс-2 /16101/ хаягт байрлах нэгж талбарын 1681900850 дугаар бүхий 8798 м.кв аж ахуй, үйлдвэрлэлийн зориулалттай газар, улсын бүртгэлийн Ү-2205034774 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Эрчим хүчний гудамж 40 тоот 948 м.кв талбай бүхий үйлдвэрлэлийн зориулалттай барилгыг тус тус дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 526 195 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч С ХХК, Д.П нараас 1 986 443 төгрөг гаргуулж О ББСБ ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрт ...шүүх хуралдааны шатанд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж нэмэгдүүлсэн хүү 19 072 526,92 төгрөгөөс татгалзсан байх тул бусад нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэнэ, О ББСБ ХХК нь ковид 19 цар тахалын үеийн нөхцөл байдлыг харгалзан зээлдэгчийг 11 сарын хугацаанд үндсэн төлбөрөөс чөлөөлсөн гэх ба С ХХК-ийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа болон Санхүүгийн хүндрэлтэй байдлыг харгалзан нэмэгдүүлсэн хүү 19 072 526,92 төгрөгийн шаардлагаас татгалзаж нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан, зээлдэгч нар үндсэн зээл, зээлийн хүүг төлөх үүрэгтэй гэж дүгнэлээ гэсэн атлаа тогтоох нь хэсэгт ...С ХХК, Д.П нараас 365 698 735,42 төгрөгийг гаргуулж гэсэн нь ойлгомжгүй байна. Анхан шатны шүүх нь нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн хүү 19 072 526,92 төгрөгөөс бусад нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Иймд хариуцагч С ХХК, Д.П нараас нараас 454 576 634,21 төгрөгийг гаргуулах ёстой байсан гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн хариуцагч нараас 365 698 735,42 төгрөг гаргуулах гэсэн нь хариуцагч нараар төлүүлэх мөнгөн дүн зөрсөн, буруу бичигдсэн байна гэж үзэх үндэслэлтэй. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг 365 698 735,42 төгрөг гэснийг өөрчлүүлж 454 576 634,21 төгрөг болгож өөрчлөх, зарим хэсгийг хүчингүй болгож бусад хэсгийг нь хэвээр үлдээх буюу өөрчилж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт тооцооллын өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч О ББСБ ХХК нь хариуцагч С ХХК, Д.П нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 473 649 161,13 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч 19 072 526,92 төгрөгөөс татгалзаж нэхэмжлэлийн шаардлагаа багасгасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Талуудын хооронд 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр ЗГ01/001910014 тоот зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр О ББСБ ХХК нь 300 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 3.3 хувийн хүүтэйгээр бизнесийн үйл ажиллагааны зориулалтаар С ХХК, Д.П нарт зээлдүүлсэн үйл баримт тогтоогдсон, энэ талаар талууд маргахгүй байна. /хх-11-13/

 

Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар талууд 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр БГ01/001910014 тоот үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ байгуулсан бөгөөд уг барьцааны гэрээгээр Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс-2 /16101/ хаягт байрлах нэгж талбарын 1681900850 дугаар бүхий 8798 м.кв аж ахуй, үйлдвэрлэлийн зориулалттай газар, Үйлдвэрийн баруун бүс /16101/, Эрчим хүчний гудамж 40 тоот 948 м.кв талбай бүхий үйлдвэрлэлийн зориулалттай барилгыг тус тус барьцаанд бариулсан болох нь зохигчдын тайлбар, зээлийн болон үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ зэрэг бичгийн баримтуудаар тогтоогджээ. /хх-11-17 дах тал/

 

Мөн зохигчид 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр ЗГ01/001910014-01 тоот нэмэлт зээлийн гэрээ байгуулж, зээлийн гэрээний хугацааг 12 сарын хугацаатай сунгаж, 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр гэрээний хугацаа дууссан үйл баримт тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй. /хх-18 дах тал/

 

Дээрх зээл болон үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болж хэн аль нь гарын үсэг зурсан тул Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч О ББСБ ХХК нь зээлийн мөнгөн хөрөнгийг хариуцагч С ХХК, Д.П нарт шилжүүлсэн бөгөөд хариуцагч нар нь 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр үндсэн зээлд 10 006,58 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 3 905 753,42 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр зээлийн хүүгийн төлбөрт 9 775 000 төгрөг, нийт 13 690 760 төгрөг төлсөн талаар талуудын хэн аль нь маргаагүй, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон.

 

Анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн боловч шүүх зээлийн тооцооллыг буруу хийсэн байх тул шүүхийн шийдвэрт тооцооллын өөрчлөлт оруулав.

 

Талууд зээлийн гэрээний 6.1.1-д зээлдэгч энэхүү гэрээний хавсралт 1-д заасан зээл буцаан төлөх хуваарийг удаа дараа зөрчсөн бол гэрээний үүргийг зөрчсөнд тооцохоор тохиролцжээ.

 

Гэрээ хэрэгжих хугацаанд хариуцагч С ХХК, Д.П нар зээлийн эргэн төлөлтийн хуваарийг 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс хойш зөрчсөн, нэхэмжлэгч О ББСБ ХХК зээлээ төлөхийг 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр, 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдөр тус тус мэдэгдэл хүргүүлж шаардаж байсан үйл баримт хэргийн 39-43 дах талд авагдсан О ББСБ ХХК-ийн албан бичгүүдээр тогтоогдсон байна.

 

Иймээс нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээл, зээлийн хүү, хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч нь хариуцагчаас зээл, зээлийн хүү, хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 454 576 634,21 төгрөг нэхэмжилсэн байхад шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт зээлдэгч нар үндсэн зээл, зээлийн хүүг төлөх үүрэгтэй гэж дүгнэсэн атлаа 365 698 735.42 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэлийг хангасан нь зээл, зээлийн хүү, хэтэрсэн хугацааны хүү болон үлдэх хэсгийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхой бус байгааг залруулж тооцооллыг дараах байдлаар зөвтгөх боломжтой.

 

Талууд зээлийн гэрээг 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 3 сарын хугацаатай байгуулсан, 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр гэрээний хугацааг 12 сар сунгаснаас хойш тооцвол 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүртэл 15 сар байх бөгөөд 15 сарын хүүг сарын 3,3 хувиар тооцвол зээлийн хүү 148 500 000 төгрөг, үндсэн зээл 300 000 000 төгрөг, нийт 448 500 000 төгрөгөөс хариуцагч нарын төлсөн 13 690 760 төгрөг хасч тооцвол 434 809 240 төгрөгийг хариуцагч С ХХК, Д.П нар төлөх үүрэгтэй байх тул хариуцагч С ХХК, Д.П нараас 434 809 240 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О ББСБ ХХК-д олгох нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд зээл, түүний хүүг хугацаанд нь төлөх, 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно гэж заасантай нийцнэ. Энэ талаарх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй байна.

 

Талуудын байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр дууссан боловч зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн тул хэтэрсэн хугацааны хүүг шаардсан байна.

 

Улс орон даяар цар тахал дэгдсэнтэй холбоотойгоор Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлсэн, хөл хорионы улмаас үйл ажиллагаа явуулж чадаагүй, эдийн засаг хүндэрсэн нь нийтэд илэрхий үйл баримт гэж үзнэ.

 

Түүнчлэн Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дах хэсэгт хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн хэмжээг энэ хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дах хэсэгт заасан хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр зээлийн гэрээнд тусгана гэж заасан. Талууд гэрээний 2.1.7-д хугацаа хэтэрсэн зээлийн хүүг тохирсон боловч уг хүүгийн хэмжээг хэд байх талаар гэрээнд тохироогүй тул нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргасан 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хэтэрсэн хугацааны хүү нэхэмжилснийг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2021/01527 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С ХХК, Д.П нараас 434 809 240 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 19 767 394 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

тогтоох хэсгийн 2 дах заалтыг Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С ХХК, Д.П нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны хөрөнгө болох Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс-2 /16101/ хаягт байрлах нэгж талбарын 1681900850 дугаар бүхий 8798 м.кв аж ахуй, үйлдвэрлэлийн зориулалттай газар, улсын бүртгэлийн Ү-2205034774 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс /16101/, Эрчим хүчний гудамж 40 тоот 948 м.кв талбай бүхий үйлдвэрлэлийн зориулалттай барилгыг тус тус дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. гэж,

тогтоох хэсгийн 2 дах заалтын дугаарыг 3 гэж дугаарлан 3 дах заалтын 1 986 443 гэснийг 2 331 997 гэж,

тогтоох хэсгийн Шийдвэрийг... гэж эхэлсэн хэсгийг 4 гэж дугаарлан 4.Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд заалдах гомдол гаргах эрхтэй. гэж тус тус өөрчлөн найруулсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 430 833,17 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дах хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

 

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ