Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 102/ШШ2021/02404

 

 

 

 

 

2021 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 102/ШШ2021/02404

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Д овогтой Б-ын Т-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  Ш овогтой Г-ийн Б-д холбогдох орон сууцны хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхийг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, хариуцагч Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Т нь иргэн Б.О-тэй 2016 оны 06-р сарын 21-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Баянгол дүүргийн 8-р хороо, 4 дүгээр хороолол 0 тоот 3 өрөө орон сууцыг худалдан авч өмчлөх эрхийн гэрчилгээ авсан. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 110.1 зүйлд заасны дагуу Б.Түвшинтөгс нь хууль ёсны өмчлөгч болсон. Орон сууцны өмчлөгч болсны дараа О-тэй харилцан тохиролцож тухайн байрыг үнэ тохирч түүнд хөлслүүлсэн. Хөлслөгч нь 2019 оны 01 сараас хойш байрны хөлсийг төлөхгүй үүргээ зөрчсөн учраас орон сууцыг хөлслүүлэх харилцааг дуусгавар болгосон. Тэгээд орон сууцаа чөлөөлүүлэх гэтэл тухайн байранд хариуцагч Г.Б гэр бүлийн хамтаар оршин сууж байсан. Нэхэмжлэгч нь Г.Б-той ямар нэг байдлаар гэрээ байгуулаагүй, харин О нь хууль ёсны өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр хариуцагчид байрыг шилжүүлж өмчлөгчийн эрхийг зөрчсөн байна. Иймд Г.Б-ыг Баянгол дүүргийн 8 дугаар хороо 4 дүгээр хороолол 0 тоот 3 өрөө орон сууцнаас албадан гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Г.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн байранд О-ийн хүү О.М амьдарч байсан. 2017 оны 4-р сард байраа зарна гэсэн тул миний бие байрыг 88 сая төгрөгөөр худалдаж авахаар тохирч урьдчилгаа 40 000 000 төгрөгийг төлж, жилийн дараа 24 000 000 төгрөг, нэмж 17 000 000 төгрөг нийт 79 000 000 төгрөгийг төлсөн. Тэгээд байрны гэрчилгээг авъя гэхэд ломбардад тавьчихсан, удахгүй авч өгнө гэсэн тул итгэсэн. Байрны мөнгийг төлж байтал сүүлийн 1 жил ковид өвчнөөс хамаарч орлого буурч төлж чадаагүй. Б.Т нь ломбардын эзэн. О.М-тэй танилын хувьд ярьж тохирсон байсан, түүнийг залилангийн хэргээр цагдаад өгсөн, шалгуулж байгаа. Иймд ломдардад тавьж давхар орон сууцыг зарсан залилангийн хэргийн хохирогч гэж үзэн цагдаагийн байгууллагад өгсөн гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг шинжлэн суудлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Т нь Г.Б-д холбогдох орон сууцны хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 

Б.Т нь 2016 оны 06-р сарын 21-ний өдөр Б.О-тэй Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж Баянгол дүүргийн 8-р хороо, 4-р хорооллын 0 тоот 3 өрөө сууцыг 30 000 000 төгрөгөөр худалдан авсан байх ба Б.Т-д өмчлөх эрхийн 000486884 дугаартай гэрчилгээ олгогдсон, өмчлөгч /хх 6-7/ байна.

 

Үүгээр үл хөдлөх эд хөрөнгө хэлцлийн үндсэн дээр Б.О-ээс Б.Т-ийн өмчлөлд шилжсэн, өмчлөх эрхийг улсын бүртгүүлд бүртгүүлсэн, бүртгэл үнэн зөв байна.

 

Өмчлөгч өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр эзэмших, ашиглах, захиран зарцуулах, бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй. Харин дээрх орон сууцанд хариуцагч Г.Б гэр бүлийн хамт амьдарч байгаа нь зохигчийн тайлбараар тогтоогдсон, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ ...О.М-ээс байрыг 88 сая төгрөгөөр худалдан авсан, төлбөрт 79 сая төгрөг төлсөн, намайг залилан мэхэлсэн учраас цагдаагийн байгууллагаар шалгуулж байгаа...гэж тайлбарлажээ.

 

Г.Б нь О.М-тэй 2017 оны 4-р сарын 12-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 40 сая төгрөгийг 12 сарын хугацаатай, хүүгүйгээр зээлүүлэхээр тохирсон /хх 14/ байх ба Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст 40 сая төгрөгийг залилуулсан талаар гомдол гаргасан, гомдлын дагуу 2021 оны 8-р сарын 14-ний өдөр 210501488 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа нь /хх 13/ орон сууцны хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх маргаантай хэргийг хэлэлцэхэд саад болохгүй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 106-р зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б-ын Т-ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-29 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 8-р хороо, 4-р хороолол, 0 тоот 40 м.кв талбай бүхий 3 өрөө сууцыг Г-ийн Б, түүний гэр бүлийн гишүүдийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлсүгэй.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, Г.Б-оос 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА