Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2021/01615

 

Б.Тнэхэмжлэлтэй

 

иргэний хэргийн тухай

 

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 102/ШШ2021/02404 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Тхариуцагч Г.Бд холбогдуулан гаргасан орон сууцны хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэрэнлхам, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Алтангадас, хариуцагчийн өмгөөлөгч Б.Энхтүвшин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Б.Т нь 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 8-р хороо, 4 дүгээр хороолол 11-р байрны 252 тоот 3 өрөө орон сууцыг худалдан авч, өмчлөгчөөр бүртгүүлсэн. Б.Т н.Од орон сууцаа хөлслүүлсэн боловч 2019 оны 1 сараас хойш байрны хөлсийг төлөхгүй үүргээ зөрчсөн тул гэрээнээс татгалзсан. н.О нь орон сууцыг хууль ёсны өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр Г.Бод шилжүүлж өмчлөгчийн эрхийг зөрчсөн. Иймд ...252 тоот 3 өрөө орон сууцныг Г.Бын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарт: Тус орон сууцанд н.Охүү О.Мамьдарч байсан. 2017 оны 4 дүгээр сард орон сууцыг 88 000 000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож урьдчилгаанд 40 000 000 төгрөг төлж, жилийн дараа 24 000 000 төгрөг, 17 000 000 төгрөг, нийт 79 000 000 төгрөг төлсөн. Орон сууцны гэрчилгээг ломбардад тавьсан, удахгүй авч өгнө гэж хэлэхэд нь итгэсэн. Байрны төлбөрийг төлж байгаад сүүлийн 1 жил ковидоос шалтгаалж төлж чадаагүй. Б.Т нь ломбардын эзэн, О.М танилын хувьд хоорондоо тохиролцсон. Хариуцагч нь орон сууцыг барьцаалан зээлдүүлэх газарт барьцаалж, давхар худалдсан залилангийн хэрэгт хохирсон гэж үзэж Цагдаагийн байгууллагад өргөдөл өгсөн гэжээ.

 

  Шүүх: Иргэний хуулийн 106-р зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан ............... өмчлөлийн, улсын бүртгэлийн .............. бүртгэгдсэн ................. 40 м.кв талбай бүхий 3 өрөө сууцыг ............., түүний гэр бүлийн гишүүдийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж, Г.Бс 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Г.Бгийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг эс зөвшөөрч байна. Хариуцагч нь ............. 3 өрөө орон сууцыг О.М 88 000 000 төгрөгөөр худалдаж авахаар харилцан тохиролцсон. О.М 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр зээлийн гэрээ байгуулж орон сууцны урьдчилгаа 79 000 000 төгрөгийг төлсөн. Гэтэл О.М төрсөн эцэг Б.О Б.Ттэй орон сууц худалдах, худалдан авах гэрээг байгуулж, Б.Төмчлөлд шилжүүлсэн. Энэ талаар О.Мхариуцагчид мэдэгдэхгүйгээр давхар худалдсан байсан. О.М Цагдаагийн байгууллагад уг асуудлаар шалгуулахаар өгсөн ба Баянгол дүүргийн Цагдаагийн 2-р хэлтсээс 2021 оны 8 дугаар сарын 14-ний өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгаж байна. Энэ талаарх нотлох баримтыг хэрэгт өгсөн боловч шүүх үнэлээгүй. Орон сууц худалдах, худалдан авах гэрээтэй холбоотойгоор Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд худалдагч Б.О, худалдан авагч Б.Т нарын хоорондын маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа. Энэ талаарх баримтыг гаргаж өгөхгүй боломжгүй байсан. Шүүх хариуцагчийг орон сууцнаас албадан гаргуулахаар шийдвэрлэж эрхийг нь ноцтой зөрчсөн. Б.Т, Б.О нарын иргэний хэргийн маргаан болон О.М эрүүгийн журмаар шалгаж байгаа үйл баримтыг тогтоосны эцэст энэхүү иргэний маргааныг эцэслэн шийдвэрлэх нь хууль ёсны гэж үзэж байна. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн, нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр О.М, Б.О нарыг оролцуулах нь хэргийн үйл баримтыг тогтооход чухал ач холбогдолтой байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

Нэхэмжлэгч Б.Т нь ... 3 өрөө орон сууцыг хариуцагч Г.Бгийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр нэхэмжилж, шаардлагын үндэслэлээ ... Б.Оэс тус орон сууцыг худалдан авч, хөлслүүлэхээр тохиролцсон боловч орон сууцыг өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр Г.Бд шилжүүлсэн. Хариуцагчтай ямар нэгэн гэрээ байгуулаагүй, бусдын өмчлөлийн орон сууцыг зөвшөөрөлгүйгээр эзэмшиж, ашиглаж байна гэж тайлбарлаж байна.

 

Шүүх маргааны үйл баримт бүрэн гүйцэд тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

 

Хэргийн 6 дугаар тал дах үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээгээр нэхэмжлэгч Б.Т нь .... хаягт байрлах 40 м.кв орон сууцны хууль ёсны өмчлөгч болох нь тогтоогдсон.

 

Харин Б.Т 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Б.Оэс орон сууцыг 30 000 000 төгрөгөөр худалдан авах тухай гэрээ, 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр О.Мхариуцагч Г.Бгоос 40 000 000 төгрөг зээлдэн авсан гэрээ, Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын 2-р хэлтсийн хариуцагч Г.Бгийн .... 40 м.кв орон сууцыг худалдан авахаар 40 000 000 төгрөгөө бусдад залилуулсан гэх гомдлоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа тухай тодорхойлолт, талуудын тайлбарыг харьцуулан үзэхэд маргаан бүхий орон сууц нь хариуцагч Г.Бгийн эзэмшилд хэрхэн шилжсэн, нэхэмжлэгч Б.Т, хариуцагч Г.Б, Б.О болон О.Мнарын хооронд эрх зүйн ямар харилцаа үүссэн болох нь тодорхой бус байна. /хх7, 13-14/

 

Хариуцагч нь ... орон сууцыг Б.Охүү О.Мэс 88 000 000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож, 79 000 000 төгрөг төлсөн .., гэж маргадаг. Г.Б болон Б.Охүү О.Мнарын хооронд байгуулагдсан гэрээний агуулгыг тодруулах нь хариуцагч хэний зөвшөөрлөөр, ямар эрх олгогдсоноор тус орон сууцыг эзэмшиж байгаа буюу хариуцагчийн эзэмшил хууль ёсны, гэрээнд үндэслэгдсэн, эрх нь дуусгавар болсон эсэх маргааны үйл баримтыг тогтооход ач холбогдолтой.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд О.М, Б.О нарыг гуравдагч этгээдээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дах хэсэгт зааснаар өөрийнх нь эсвэл зохигчийн хүсэлтээр оролцуулж болох бөгөөд шүүх уг ажиллагааг хийгээгүй байна.

 

Шүүхийн шийдвэрт хариуцагчийн нэрийг Г.Б гэж тодорхойлсон нь түүний иргэний үнэмлэх дэх Гунгаа овогтой Болдоо гэж бичсэнээс зөрүүтэй байх тул залруулах шаардлагатай.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

  1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 102/ШШ2021/02404 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

А.МӨНХЗУЛ