Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2017/0014

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй хийж, Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 21 дүгээр шийдвэртэй, Д.Мөнхсоёлын нэхэмжлэлтэй, Хяргас нуур, Завхан голын сав газрын захиргааны даргад холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлоор, шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

   Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 21 дүгээр шийдвэрээр Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3, 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Мөнхсоёлын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хяргас нуур, Завхан голын сав газрын захиргааны даргын 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн “Ажлаас халах тухай” Б/29 дүгээр тушаалыг бүхэлд нь хүчингүй болгож, Д.Мөнхсоёлыг Хяргас нуур, Завхан голын сав газрын захиргааны гадаргын усны нөөц, судалгаа, шинжилгээний асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны болон нотлох баримтад үндэслэж гараагүй. Нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байхад түүнийг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Д.Мөнхсоёлын цалинг 93 хоног гэж зөрүүтэй хоногоор тооцож гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Төрийн жинхэнэ албан хаагч ёс зүйн доголдол гаргаж удирдлагаа элдэв бусаар хэлж доромжилсон байхад шүүх нэг талыг барьж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Нэхэмжлэгч нь төрийн албаны шалгалтанд тэнцэж тангараг өргөөгүй ёс зүйн асуудалтай байсныг авч хэлэлцсэнгүй.

Иймд Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 21 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нотлох баримтыг бүрэн цуглуулж, хуулийг зөв хэрэглэж, Д.Мөнхсоёлын нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан нь хууль зүйн үндэслэлтэй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхив.

Завхан аймгийн Хяргас нуур, Завхан голын сав газрын дарга нь 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Б/29 дүгээр тушаалаар нэхэмжлэгч Д.Мөнхсоёлыг төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчиж, төрийн байгууллагын соёл дэг журмыг баримтлаагүй гэж үзэж Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4, 26 дугаар зүйийн 26.1.3-д заасныг үндэслэн төрийн албанаас халахдаа чухам ямар үйлдэл, үйл ажиллагааг нь ёс зүйн ноцтой зөрчил гэж үзсэн тодорхойгүй, тушаалдаа энэ талаар заагаагүй байна.

Тэрээр шүүхэд гаргасан тайлбартаа “өгсөн үүрэг даалгавар биелүүлдэггүй, хөдөө явж ажилладаггүй, үр дүнгийн гэрээ байгуулаагүй, төрийн албан хаагчийн тангараг өргөөгүй, ажлын чухал файл хүлээлгэж өгөөгүй, усан оргилуур цэвэрлэх өнгөлөх, цемент арилгах, өрөөний хэмжээ авах ажил хийгээгүй, албан тушаалд тавих шаардлага хангахгүй ... ” гэх боловч тухайн байгууллагын Ёс зүйн хороо нь ёс зүйн зөрчилд хамаарах асуудал тус бүрийг шалгаж нотлох баримтад үндэслээгүй, олонхийн саналаар хэлэлцэж, дүгнэлт гаргалгүй Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9-д заасны дагуу Төрийн албаны зөвлөлөөс 2010 оны 129 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журам”-ын 2.5.4-д “гомдол, мэдээллийг шалгасан тухай дүнг хуралдаанаараа хэлэлцэж, гишүүдийн олонхийн саналаар дүгнэлт гаргах бөгөөд энэхүү дүгнэлт нь аливаа албан тушаалтан, улс төрийн хүчний нөлөөлөлд автаагүй, нотлох баримтад үндэслэгдсэн байх” гэж заасныг зөрчсөн байна.

Хариуцагч нь дээрх журмыг зөрчсөн ёс зүйн хорооны дүгнэлтийг үндэслэсэн, мөн үр дүнгийн гэрээ байгуулаагүйд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй, “албан тушаалын ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго зорилтоо биелүүлээгүй, төрийн албан тушаал эрхлэх шаардлага хангахгүй болсон” гэх үндэслэлүүд нь ёс зүйн зөрчилд хамаарахгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, хууль бус захиргааны актыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо “... Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны болон нотлох баримтад үндэслэж гараагүй. Нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байхад түүнийг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. ... Нэхэмжлэгч нь төрийн албаны шалгалтанд тэнцэж тангараг өргөөгүй ёс зүйн асуудалтай байсныг авч хэлэлцсэнгүй” гэжээ.

Нэхэмжлэгч нь 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “Хяргас нуур-Завхан голын сав газрын захиргааны дарга Т.Болдбаяр нь хууль бусаар үндэслэлгүй ажлаас халсан тул ажилдаа эргэн орж, ажиллах бололцоо олгож, ажилгүй байсан хугацааны хохирлыг барагдуулж өгнө үү. 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Б/29 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, Гадаргын усны нөөц, судалгаа, шинжилгээ хариуцсан мэргэжилтнээр буцаан томилуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2-т “Нэхэмжлэлд дараах зүйлийг тусгана: ... 52.2.4.нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл;”, 52.5-д “Энэ хуулийн 52.2.4-т заасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд дараахь зүйл хамаарна: 52.5.1.захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, … 52.5.2.хохирол гаргуулах нэхэмжлэлийн хувьд захиргааны байгууллага ямар үүргээ биелүүлээгүйгээс, эсхүл захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид ямар хохирол учирсан, түүнийг хэрхэн шийдвэрлүүлэх” гэж тус тус заасантай нийцсэн байх бөгөөд уг нэхэмжлэлийн хүрээнд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэсэн байна. Мөн хариуцагч нь маргаан бүхий тушаалыг Д.Мөнхсоёлыг албан тушаалд тавигдах шаардлага хангахгүй болсон гэх үндэслэлээр Төрийн албаны хуулийн холбогдох заалтыг хэрэглэж гаргаагүй байх тул шүүх энэ талаар дүгнээгүйг буруутгах үндэслэлгүй.

Мөн хариуцагчийн “... Д.Мөнхсоёлын цалинг 93 хоног гэж зөрүүтэй хоногоор тооцож гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэсэн гомдол үндэслэлгүй байна. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарсан буюу 2016 оны 10 дугаар сарын 20-ны /шүүх шийдвэртээ 28 гэж буруу бичсэн/ өдрийг хүртэлх 93 хоногоор тооцож, олговрыг олгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “... ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно.” гэж заасантай нийцжээ.

Иймд хариуцагчийн давж заалдах гомдол нь үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 21 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай. 

                   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

                ШҮҮГЧ                                                          Э.ЗОРИГТБААТАР

                ШҮҮГЧ                                                           Г.БИЛГҮҮН

                ШҮҮГЧ                                                           С.МӨНХЖАРГАЛ