Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 21

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Тунгалаг даргалж, тус шүүхийн танхимд явуулсан шүүх хуралдаанаар иргэн Д.ын нэхэмжлэлтэй , газрын захиргааны даргад холбогдох 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Б/29 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д., түүний өмгөөлөгч Э. хариуцагч , газрын захиргааны дарга Т., түүний өмгөөлөгч , нарийн бичгийн даргаар Д.Ганчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие овогтой нь 1984 онд төрсөн, нөхөр 3 хүүхдийн хамт амьдардаг. 2006 онд ШУТИС-н БИС-ийг Усны нөөц-экологи мэргэжлээр төгссөн. 2013 оны 03 дугаар сараас -Завхан голын сав газрын захиргаанд Үйлдвэр, хөдөө аж ахуйн ус ашиглалт-Усны барилга байгууламж, 2015 оны 6 дугаар сараас Газрын доорх ус-Ашиглалт, 2016 оны 05 дугаар сараас Гадаргын усны нөөц судалгаа шинжилгээний асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаад 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хууль бусаар үндэслэлгүй ажлаас халагдсан. Ажиллаж байх хугацаанд үр дүнгийн гэрээг тогтмол 80 хувиас дээш үнэлүүлж байсан. Халсан гол шалтгаан: -Завхан голын сав газрын захиргааны дарга болон мэргэжилтнүүд 2016 оны 05 дугаар сарын 25-28-ны хооронд УБ хотод зохион байгуулагдах сургалт, тэмцээнд 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр явж, нярав-бичиг хэрэг Р. бид 2 арын ажил дааж үлдсэн. Энэ хугацаанд байгууллагын гадна тохижолтын ажлын хүрээнд хийгдэж байсан усан оргилуурын өнгө шавар хийх гэсэн ажлын байрны тодорхойлолтод тусгагдаагүй ажлыг хийлгэхээр даалгасан. Нярав-бичиг хэрэг Р.тай хамтран тухайн ажлыг хийх талаар 2-3 хүнтэй уулзаж зөвлөгөө авч, хөлс мөнгийг тохирсон байсан. Энэ ажлыг хийж гүйцэтгэхэд 1 портер элс, 1-2 уут цемент, үйлчилгээний хөлс гээд наад зах нь 100-120 төгрөг шаардлагатай, энэ нь бидний хувиас 100 хувь гарах байсан учираас доорх хүмүүстэй ярьж тохирсон байсан. 1.ҮХААГ-ын уурын зуухны механикч н.тай 2016 оны 05 дугаар сарын 23-нд уулзсан. Энэ үед н.Эрдэнэбат эмнэлэгт хэвтсэн байсан учраас 7 хоногийн дараа гараад хийж өгье гэж тохирсон. Энэ яриа болох үед ОТУТХГХЗ-ны мэргэжилтэн хамт явж байсан хүнтэй нь уулзаад зогсож байсан. 2. төвийн үйлчлэгчийн хүүг ээжээр нь дамжуулж хийлгэхээр болсон. Энэ нь хүүхэд нь МСҮТ-ийг барилгын дотоод заслаар төгссөн, МУИС-ийн Завхан сургуулийг төгсөөд төгсөлтийн шалгалт нь давхцаж, шалгалтын маргааш буюу 2016 оны 05 дугаар сарын 28-нд хийж өгөхөөр ярилцсан боловч яаралтай ажил гарч хөдөө яваад хийж чадаагүй. 3. Нярав-бичиг хэрэг Р. гэдэг хүн дагуулж ирж үзүүлээд цалин буунгуут хийлгэхээр тохирсон. Ингээд 2016 оны 05 дугаар сарын 31-нд Улаанбаатар хотоос мэргэжилтнүүд ирж, Т. 2016 оны 06 дугаар сарын 08-ны орой ирэхэд дээрх шалтгаанаар хийж амжаагүй. Арын ажил дааж байх хугацаанд ажлын байрны тодорхойлолт, үр дүнгийн гэрээ, байгууллагын үйл ажиллагааны дагуу 1-11 ажлыг хийж гүйцэтгэсэн боловч Т. нь шавар хийлгээгүй, үүрэг даалгавар биелүүлээгүй гэсэн үндэслэлээр ажлаас халсан. Т. нь ажлын дадлага туршлагагүй мэргэжлийн бус, төрийн албаны анхан шатны мэдлэггүй, мэйл хаягаа ч шалгаж чаддаггүй, чадваргүй хүн юм. Мөн ажлын байранд байнга архидан согтуурч, төсвийн мөнгийг зориулалтын бусаар зарцуулдаг олон жишээ байна. Жишээ 1: БОНХАЖ-ын яамнаас батлагдсан бүтэц орон тоог дур мэдэн өөрчилж нярав-жолоочийг салган нярав-бичиг хэрэг, харин жолоочийг Ус ашиглалт-Усны барилга байгууламж хариуцсан мэргэжилтнээр давхар хавсран гүйцэтгүүлж байгаа. Жишээ 2: Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын захиргааныхан 5 хүний бүрэлдэхүүнтэй туршлага судлах нэртэйгээр ирж байгууллагаас 1.4-1.5 сая төгрөгний зориулалтын бус зардал гарсан. Үүнийг хуурамч баримт бүрдүүлж бусад зардлаас буудал, хүлээн авалт, гарын бэлэг болоод бусад зүйлсийн мөнгийг өгсөн. Энэ ажлыг 7 хоногийн яаманд явуулдаг тайланд оруулсан боловч яаманд мэдээлэхгүй ажил гээд устгуулсан. / би 7 хоногийн тайлан хянадаг байсан/ Жишээ 3: 2013 оны 12 дугаар сарын сүүлчээр автомашингүй байсан учраас бензин шатахууны мөнгө хуримтлагдан 5 сая төгрөг болсон байсныг ******* ШТС компаний данс руу Усны тоо бүртгэлд зарцуулах нэрээр хийж хувьдаа завшсан. Жишээ 4: Мөн 2014 онд өөрийн хувийн Үйлчилгээ хоршооны халаалтын мөнгийг байгууллагын шатахууны зардлаас 500 литр дизель түлш өгч дарж байсан. Жишээ 5: 2014 онд өөрийн төрсөн дүү Т.ийн эхнэр *******ийн нэр дээр хуурамч тушаал гарган цалинг хувьдаа авч ашигладаг байсан. Дээрх хууль бус бусармаг байдлыг нь би хэлдэг. Иймээс шахаж дарамтлан үндэслэлгүй ажлаас халсан тул хууль журмын дагуу шийдвэрлэн ажилдаа эргэж орж ажиллах бололцоо олгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Б/29 дүгээр тушаалыг хүчингүй болгож өгнө үү. Төрийн албаны салбар зөвлөлд өргөдөл өгсөн боловч өнөөдрийг хүртэл тодорхой хариу ирүүлээгүй тул дараагийн шатны байгууллагад хандаж байгаа болно гэжээ.

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Би үндэслэлгүй ажлаас халагдсан учраас шүүхэд хандсан. Намайг усан оргилуурын өнгө шавар хийгээгүй гэсэн шалтгаанаар анх ажлаас халсан байгаа. Тэгээд шүүхийн ажиллагааны явцад учир нь олдохгүй, толгой эргэсэн, гүтгэсэн зүйлүүд хэлж байгаад гайхаж байна. Мөн ёс зүйн алдаа гаргасан, ажил тасалсан гэх мэтээр тайлбар гаргасан байсан. Хариуцагчийн тайлбарт холбогдуулан тайлбаруудыг шүүхэд бичгээр гаргаж өгсөн. Үүн дээр нэмээд хэлэхэд намайг шинэ ажлын байранд очоод үр дүнгийн гэрээ байгуулаагүй гээд байгаа. Би үр дүнгийн гэрээ үнэхээр байгуулаагүй явсан. Учир нь шинэ бүтэц орон тоо яамнаас товлогдож ирээд түүнийг танилцуулж, тэр хүмүүс ийм ийм ажлын байран дээр томилогдсон тухай тайлбарлаж хэлээгүй. Энэ талаар ямар ч хурал болоогүй. Нэг мэдсэн чинь намайг Гадаргын усны нөөц судалгаа шинжилгээний мэргэжилтнээр томилсон байсан. Үүнийг маргааш нь хүний нөөц хариуцсан мэргэжилтнээсээ сонссон. Ингээд Ц.*******, ******* нарт бүх файл болон цаасан файлыг, тоног төхөөрөмжүүдийн хамт хүлээлгэн өгсөн. Үүний дараа ажлын байрны тодорхойлолтыг хүний нөөц хариуцсан мэргэжилтэн бид нарт өгөх ёстой байдаг. Энэ тодорхойлолтыг надад 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр өгсөн. Тэгээд өмнө нь хийж байсан газрын доорх ус ашиглалтын талаар үр дүнгийн гэрээний биелэлтийг бичээд хүний нөөц хариуцсан мэргэжилтэнд өгсөн байсан. Харин Гадаргын усны нөөц, судалгаа шинжилгээний мэргэжилтний үр дүнгийн гэрээг гаргаад батлуулахад бэлэн болсон мөртлөө яагаад батлуулаагүй юм бэ? гэхээр 2016 оны 05 дугаар сарын 25-28-ны өдрийн хооронд Улаанбаатар хотод сургалт, тэмцээн явагдсан байгаа, үүний бэлтгэл хангах гээд ажил дээрээ тогтож байгаагүй. Энэ хугацаанд ямар ч ажил хийгдээгүй гэдгийг баттай хэлэхийг хүсч байна. Үр дүнгийн гэрээг хянуулж батлуулахад бэлэн болгоод, 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор үр дүнгийн гэрээний биелэлтийг бичиж өгөх гээд бэлдчихсэн байсан болохоор энэ ажлууд хийгдээгүй. Яагаад батлуулаагүй юм бэ? гэхээр Сав газрын дарга нь 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хот яваад 06 дугаар сарын 08-ны орой хотоос ирлээ гэж байгууллага дээр ирж байсан. Тэгээд 06 дугаар сарын 09-ний өдөр хуралдсан байдаг. Мөн намайг ажил тасалдаг гэж Сав газрын дарга хэллээ. Энэ байгууллагын цагийн бүртгэлийг худлаа бичдэг. Яагаад би үүнийг сайн мэдэж байна вэ? гэхээр гэдэг хүн өөрөө ажлын цагаасаа хоцорч ирдэг. Үүнийг хэд хэдэн шалтгаанаар хэлнэ. Учир нь манай хоёрын гэр ойрхон болохоор цэцэрлэгт хүүхдээ хүргэж өгөх, энэ тэнд тааралдах шалтгаануудаар ажилдаа явах болон ажлаасаа ирэхдээ хамт явах тохиолдол зөндөө гардаг. Байгууллагын цагийн бүртгэлийг харж байгаагүйгээс гадна нэг удаа ын өрөөнд ороход өөрийнхөө таамгаар нөхөөд сууж байсныг хоёр нүдээрээ харсан.

Намайг төрийн албан хаагчийн тангараг өргөөгүй, ТЗ-5 зэрэглэл дээр ажиллаж байгаа мөртлөө ТЗ-3 зэрэглэлээр төрийн албаны шалгалт өгч тэнцсэн талаар ярилаа. 2016 оны 03 дугаар сарын 17-18-ны өдрийн үед Т. дарга өрөөндөө дуудсан юм. Ингэхдээ ТЗ-3 зэрэглэлийн ажлын байран дээр шалгалт өгч тэнцсэн мөртлөө ямар учраас ТЗ-5 зэрэглэлтэй ажлын байр дээр ажиллаад байгаа юм бэ? ТЗ-3 зэрэглэл дээр шалгалт өгч тэнцсэн хүн ТЗ-5 зэрэглэл дээр ажиллах үндэслэлээ олж ир гэж удаа дараа дарамталсан. Би үүнийг дарамталсан гэж хэлнэ. Яагаад гэвэл намайг садан төрлөө ашиглан хуурамч тушаал гаргуулж, төрийг луйвирдсан гэж доромжилсон. Би үүний дагуу Төрийн албаны салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга *******, Аудитын ахлах мэргэжилтнээс өөрийн биеэр ТЗ-3 зэрэглэл дээр төрийн албаны шалгалт өгөөд тэнцсэн хүн ТЗ-5 зэрэглэлийн ажлын байр дээр ажиллаж болохгүй гэсэн ямар үндэслэл байдаг талаар очиж асуусан. Тэгэхэд төрийн албаны сонгон шалгаруулалтад ороод шалгалтад тэнцсэн хүн Т3-3 зэрэглэл дээр Т3-5 зэрэглэл дээр тэнцсэн хүн ТЗ-5 зэрэглэл дээр ажиллана гэсэн үндэслэл байдаггүй. Тиймээс намайг энэ ажлын байр дээр ажиллаж болно гэсэн. Энэ талаар Т. даргад хэлэхэд итгээгүй, тэр үндэслэлээ олж ир гэж загнасаар байсан. Тэгэхээр нь байгууллагын нягтлан Тунгалаг эгч дээр ороод дарга намайг ажиллаж болно гэсэн үндэслэлээ олж ир гээд байна. Тиймээс та Аудит руу яриад албан бичиг аваад өгөөч гэж гуйсан. Үүний дагуу нягтлан бодогч Аудитаас албан бичиг авч өгсөн боловч дарга хүлээж аваагүй. Эсвэл намайг ТЗ-5 зэрэглэл дээр ажиллаж болно гэсэн албан бичгийг ойлгоогүй юм уу? би үүнийг хэлж мэдэхгүй байна. Сав газрын дарга нь намайг 3 жил ажиллаж байгаа мөртлөө нэг ч удаа томилолтоор явж байгаагүй талаар ярилаа. Би жирэмсэн байхдаа ч явж байсан, хүүхдээ аваад ч томилолтоор явж байсан. Энэ талаар Т. дарга мэдэх ёстой. Тухайлбал би 5-6 сартай жирэмсэн байхдаа Отгон сум руу томилолтоор яваад дутуу төрөх гэж өвдөөд бөөн асуудал болж байсан.

Намайг ажилдаа ур чадваргүй талаар ярилаа. Т. дарга надад хэлэхдээ усны мэргэжилтэй дараагийн ахлах мэргэжилтэн чи шүү, чамайг дараагийн ахлах мэргэжилтэн болгоно. Чамаас өөр ахлах мэргэжилтэн хийх хүн байхгүй, чи ажилдаа чадвартай сайн нь гэж удаа дараа хэлдэг байсан. Үүнийг архи уусан үедээ ч хэлдэг байсан, архи уугаагүй үедээ ч хэлсэн. Өмнө нь ингэж хэлдэг байсан мөртлөө гэнэт өөрчлөгдөөд чи хамгийн муу нь, чи юу ч хийж чаддаггүй гээд байгааг ойлгохгүй байна. Т. даргын хурал нээж хэлэх үг, сав газрын захиргаа гэдэг байгууллагын албан тоотууд, ус ашиглах гэрээ гэх зэрэг бүх зүйлийг би хийдэг байсан. Т. даргын нүүрийг тахлаад гарч байсан үе надад байгаа шүү гэдгийг нүүрэн дээр нь хэлэхийг хүсч байна. Намайг ёс зүйн зөрчил гаргасан талаар ярилаа. Энэ хүн өөрөө эхлээд ёс зүйн зөрчил гаргасан юм. Намайг 2016 оны 03 дугаар сард удаа дараа дарамталсан. Миний талаар даргад хэн юу гэж хэлсний би сайн мэдэхгүй. Өмнө нь болж бүтэж байсан зүйлээ гэнэт болохгүй, бүтэхгүй байгаа талаар яриад байгааг би ойлгохгүй байна. Т. дарга надад тайлбарлах боломж олгосон бол ойлголцоод явах байсан байх. Тэгэхээр Т. дарга нь өөрөө эхэлж ёс зүйн зөрчил гаргаад намайг өөрийн хүсэлтээр ажлаа өг. Хэрвээ ингэж чадахгүй бол ажлаас зайл гэж хэлсэн. Тэгэхээр нь би төрийн албан хаагч, төрийн захиргааны байгууллага дотор байна гэж хэлээд өөрийнх нь болж бүтэхгүй, хууль бус, бусармаг зүйлүүдийг Т. даргын нүүрэн дээр хэлсэн. Ингэж хэлснээрээ би Т. даргыг доромжилсон нэр авлаа. Гэхдээ Т. дарга өөрөө эхэлж ёс зүйн зөрчил гаргаж, эхэлж намайг доромжилсон шүү. Миний ёс зүйн зөрчил ажлаас халах тушаалын үндэслэл болдог мөртлөө таны удаа дараа гаргасан ёс зүйгүй үйлдэл яагаад зөв зүгээр байдаг юм бэ. Өмнө нь ажиллаж байсан Эрдэнэцэцэг эгчтэй удаа дараа муудалцаж, доромжилсон юм билээ. Таны энэ ёс зүйгүй үйлдэл залуу хүмүүст ёс зүйн зөрчил мэт харагддаг юм шүү гэдгийг албан ёсоор хэлэхийг хүсч байна. 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр тушаал гарсан байгаа. Үүний дараа ажлын байрны тодорхойлолтыг хүний нөөц хариуцсан мэргэжилтэн бид нарт өгдөг. Миний ажлын байрны тодорхойлолт 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр надад ирсэн. Гэвч би энэ байгууллагад ажиллаж байсан туршлагатай болсон болохоор үр дүнгийн гэрээгээ хянуулахад бэлэн болгоод, биелэлтийг нь биччихсэн байсан. Хүний нөөц хариуцсан мэргэжилтэн ажлын байрны тодорхойлолт өгснөөс хойш хэд хоногийн дотор үр дүнгийн гэрээгээ байгуулах талаар хэлж мэдэхгүй байна. Отгонтэнгэр тусгай хамгаалалтай газрын захиргаатай барилгыг хамтран ашиглах гэрээ гэдэг нь байгууллагын дарга нар өөрсдөө сууж байгаад хийж гүйцэтгэдэг байгаа. Энэ талаар Т. даргад Улаанбаатар хотод байхад нь хэлсэн. 2017 оны төсвийн төсөөлөлд хичээл үйлдвэрлэлийн дадлагын санхүүжилтийг ажил үйлчилгээнд тусгаж үзүүлэх ажлын тухайд манай нягтлан Улаанбаатар хотод байсан болохоор дараа ирэхээр нь хийсэн. Аймагт зам тавих компанийн нэрсийг хөгжлийн бодлогын хэлтсээс авч эдгээр компанийн үйл ажиллагаатай танилцаж замын ажил хэдийд хийх хугацааг нь тодруулах гэдэг нь миний ажил үүрэгт байхгүй. Ус ашиглалтын талаарх ажлыг Ц.******* 04 дүгээр сарын 13-ны өдөр хариуцаж авсан учраас миний ажил үүрэгт хамаарахгүй.

Иймд Б/29 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, ажилгүй байсан хугацааныхаа цалинг гаргуулж, ажилдаа эгүүлэн тогтоолгох шаардлага гаргасан. Би гар дээрээ 520 000 төгрөгийг сард авдаг байсан. Тэгэхээр 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс өнөөдрийг хүртэлх цалингаа нэхэмжилж байгаа гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д. нь 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Б/29 дүгээр тушаалаар ажлаас халагдсан. Ажлаас халагдсан үндэслэлүүд нь Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4, 26.1, 26.1.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсгүүдийг баримталсан байдаг. Д.ын шүүхэд гаргаж өгсөн тайлбар болон гэрч нарын мэдүүлгээс үзэхэд 2016 оны 05 дугаар сарын 25-28-ны өдрийн хооронд Улаанбаатар хотод болсон тэмцээний үеэр арын алба дааж үлдэхдээ усан оргилуурын гадаад талбайн засварыг хийгээгүй гэсэн үндэслэлээр ажлаас халсан байсан. Энэ нь гэрч нарын мэдүүлэгт авагдсан байгаа. 2016 оны 06 дугаар сарын 09, 13-ны өдрийн хурлууд дээр Д. нь өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй учраас ажлаас халлаа гэж ярьсан байдаг. 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хуралдчихаад 06 дугаар сарын 10-ны өдөр Д., хоёрыг өрөөндөө дуудаж өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй учраас Д.ыг ажлаас халлаа гэж хэлсэн байсан. Энэ нь гэрч нарын мэдүүлэг Д.ын тайлбараар нотлогддог байгаа. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч тал тайлбар гарсан. Энэ тайлбартаа энэ хүнийг үүрэг даалгавар биелүүлээгүй гэж ажлаас халаагүй, ийм ийм үндэслэлүүдээс болж ажлаас халсан гээд олон төрлийн үндэслэлүүд гаргаж ирсэн байдаг. Үүнд: Д. нь ажлын цаг баримтладаггүй, төрийн албан хаагчийн тангараг өргөөгүй, ажлын ур чадвар муу, ажлын бүтээмж муу, утсаар ярьдаг, нийгмийн идэвхгүй гэх мэт олон үндэслэлүүд байна. Д. нь төрийн жинхэнэ албан хаагч учраас Төрийн албаны тухай хууль тогтоомжоор эрх зүйн байдал нь зохицуулагдах ёстой. Нэгдүгээрт Д.той үр дүнгийн гэрээ байгуулаагүй, хоёрдугаарт ажлаас халах үндэслэл болгоод байгаа зүйлүүдийг огт тогтоогоогүй байдаг. Тухайлбал, бүх байгууллага дээр комисс байгуулаад ажилтны тухайн албан тушаал дээр ажиллах ур чадвартай эсэхийг тогтоодог байгаа. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь хоёр удаа тайлбар гаргасан. Энэ хоёр тайлбар нь хоёулаа өөр байдаг. Миний зүгээс юу гэж харж байна вэ? гэхээр гэрч нар Д.ыг үүрэг даалгавар биелүүлээгүй гэсэн үндэслэлээр ажлаас халсан гэж мэдүүлдэг. Хариуцагч нь Д.д хэлсэн ажлаас халах үндэслэл, хамт олны хурал дээр хэлсэн үндэслэл хоёроос өөр үндэслэлийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргажээ. Тэгэхээр хариуцагч нь Б/29 дүгээр тушаалынхаа үндэслэлийг ч өөрөө ойлгохгүй байгаа юм болов уу. Тийм учраас Б/29 дүгээр тушаал нь Төрийн албаны тухай хуульд нийцээгүй хэмээн үзэж байна. Нэхэмжлэгч Д.ыг 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Б/29 дүгээр тушаалаар ажлаас халсан байна. Уг тушаалын үндэслэл нь Төрийн албаны тухай хуулийн 13.1.4 дэх хэсэгт зааснаар дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх, 26.1 дэх хэсэгт зааснаар энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлүүдийг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал түүнийг анх буюу давтан үйлдсэн байдлыг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид дараах сахилгын шийтгэл ногдуулах, 26.1.3 дэх хэсэгт зааснаар төрийн албанд нэг жилийн хугацаагаар орох эрхгүйгээр ажлаас халах, Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 дэх хэсэгт зааснаар сахилгын шийтгэлийг давтан гаргах, дараа нь хөдөлмөрийн дотоод журмаа баримталсан байна. Ажлаас халсан хуулийн үндэслэлээ тайлбарлахдаа нэхэмжлэгч, хариуцагч хоёр маргалдаж байгаа. Нэхэмжлэгч нь 05 дугаар сарын 21-28-ны өдрийн хооронд Улаанбаатар хот явсны хойгуур үүрэг даалгавар биелүүлээгүй хэмээн ажлаас халсан гэж тайлбарлаж байна. Хариуцагчийн хувьд үүрэг даалгавар биелүүлээгүй гэсэн үндэслэлээр ажлаас халаагүй гээд хэд хэдэн үндэслэлүүдийн талаар тайлбарладаг.

Би эдгээр үндэслэлүүдийг нэг бүрчлэн тайлбарлая. Нэгдүгээрт хариуцагчийг Улаанбаатар хот явсны дараа үүрэг даалгавар биелүүлээгүй гэдэг үндэслэлийг тайлбарлавал. Хариуцагч нь нэхэмжлэгчтэй үр дүнгийн гэрээ байгуулаагүй байдаг. Мөн Д.ын ажлын байрны тодорхойлолтын бусад гэсэн хэсэг дээр хариуцагчийн өгсөн үүрэг даалгаврын ажил хамаарахгүй байна. Тэгэхээр төрийн албан хаагч ажлын байрны тодорхойлолтод зааснаас өөр ажил хийхгүй байх эрхтэй байдаг. Таны өгсөн үүрэг даалгавар нь Төрийн албаны тухай хуулийн 13.1.4 дэх хэсэгт зааснаар хуульд нийцсэн үүрэг даалгавар биш юм. Яагаад гэвэл ажлын байрны тодорхойлолтод заагдсан үүрэг даалгавар өгөөгүй байна. Тиймээс нэхэмжлэгч нь таны өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхгүй байх эрхтэй байсан. Тиймээс дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас халах үндэслэл болохгүй байна.

Хоёрдугаарт үр дүнгийн гэрээ байгуулаагүй талаар тайлбарлаад байгаа. Үүнд танай байгууллагын оролцоо байна. Би түрүүн хариуцагчаас асуулт асуусан Нэхэмжлэгч үр дүнгийн гэрээ байгуулахгүй байгаа зөрчлийг хэзээ мэдсэн бэ? гэхэд би 04 сараас эхлээд үр дүнгийн гэрээгээ байгуул гэсэн шаардлагыг Д.д тавьсан хэмээн хариулсан. Төрийн албаны тухай хуульд сахилгын шийтгэл илрүүлснээс хойш нэг сарын дотор арга хэмжээ авна, хэрвээ хугацаа нь өнгөрчихвөл арга хэмжээ авахааргүй зохицуулсан байгаа. Та 05 дугаар сард Д.д яагаад арга хэмжээ аваагүй юм бэ? үр дүнгийн гэрээ байгуулаагүй гэдэг зөрчил дээр сахилгын шийтгэл авах хугацаа нь өнгөрчихсөн байжээ.

Гуравдугаарт томилолтоор ажилладаггүй талаар ярьсан. Шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэл дээр Дэлхийн усны өдөр 03 дугаар сарын 22-нд тохиосон бөгөөд Говь-Алтай аймагт ажил зохион байгуулагдсан байна. Энэ өдөр нэхэмжлэгчид томилолт олгогдоогүй байгаа. Д.д албан ёсны томилолт бичигдээгүй учраас томилолтоор яваагүй байжээ. Дараа нь Дөрвөлжин, Шилүүстэй суманд томилолтоор явахаар байсан боловч Д. нь албан ёсны чөлөө авсан. Дараа нь 05 дугаар сарын 27,28-ны өдрүүдэд томилолтоор явах байсан боловч арын ажил дааж үлдэхээр даргатайгаа зөвшилцөж тохирилцсон. Албан ёсоор томилолт бичигдсэн байхад Д. яваагүй байгаа зөрчил ерөөсөө харагдахгүй байна. 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр томилолтоор яваагүй гээд Д.ыг буруутгаж байгаа бол нэг сарын дотор сахилгын арга хэмжээ авах эрх нээлттэй байсан. Тэгэхээр сахилгын арга хэмжээ авах хугацаа нь өнгөрчихсөн байжээ.

Дөрөвдүгээрт төрийн албаны мэргэшилгүй, ажил тасалдаг байсан тухай ярьсан. Танай байгууллага дээр албан ёсны цагийн бүртгэл ерөөсөө байхгүй байжээ. Энэ нь шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэлээс харагдаж байгаа. Тиймээс танай байгууллагын цагийн бүртгэлийг нотлох баримтын шаардлага хангахгүй гэж үзэж байна. Д.ыг төрийн албаны мэргэшилгүй гэж хариуцагч тайлбарладаг. Өөрөөр хэлбэл ТЗ-3 зэрэглэл дээр шалгалт өгөөд тэнцсэн хүн ТЗ-5 зэрэглэл дээр ажиллаж байгаа талаар. Түрүүн шүүгч хариуцагчаас асуусан Ажлын байран дээр сонгон шалгаруулалт зарлах захиалга өгсөн үү? гэхэд манайхаас ажлын байрны захиалга өгөөгүй байгаа. Сонгууль болж байгаа учраас захиалга авахгүй гэж Тамгын газрын дарга хэлсэн гэж хариулсан. Танай байгууллагаас ажлын байран дээр сонгон шалгаруулалт зарлах захиалга өгөөгүй байхад Д. яаж төрийн албаны шалгалт өгөх юм бэ? Төрийн албаны тухай хуулинд ур чадвар дутсан гээд тусдаа үндэслэл байдаг. Энэ хуулийн үндэслэл Б/29 дүгээр тушаалд авагдаагүй байгаа. Тиймээс Д.ыг ур чадвараар тэнцээгүй гэсэн үндэслэлээр ажлаас халаагүй байна. Иймд төрийн албаны мэргэшилгүй, ур чадваргүй гэсэн үндэслэл нь Б/29 дүгээр тушаалд ямар ч хамааралгүй.

Тавдугаарт ёс зүйгүй хэрэлддэг талаар хариуцагч ярьсан. Энэ талаар ёс зүйн хорооны дүгнэлт гаргажээ. Шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө ёс зүйн хорооны ажиллах журмыг хариуцагч талд танилцуулахаар гаргаж өгсөн. Үүн дээр ёс зүйн хорооны гишүүдийн олонх нь хуралдаад, олонхийн саналаар дүгнэлтээ боловсруулж гаргах ёстой. Гэтэл ёс зүйн хорооны дарга ганцаараа сууж байгаад, ирц хүрэхгүй хурал хийгээд, өөрөө боловсруулаад танилцуулчихсан. Дараа нь ёс зүйн хорооны нэг гишүүнээрээ нөхөөд гарын үсэг зуруулчихсан байдаг. Энэ талаар гэрч *******, ******* нар мэдүүлэг, тайлбартаа дурджээ. Тиймээс ёс зүйн хорооны дүгнэлт нь хүчин төгөлдөр бус юм. Яагаад гэвэл Төрийн албаны зөвлөлөөс баталсан ёс зүйн хорооны ажиллах журмыг зөрчиж гаргажээ. Тэгэхээр энэ ёс зүйн хорооны дүгнэлтийг үндэслэж гаргасан Б/29 дүгээр тушаал нь өөрөө хууль бус шийдвэр юм. Шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө төрийн захиргааны албан хаагч дээд шатны байгууллагад гомдол гаргах журмыг миний зүгээс гаргаж өгсөн. Энэ журмын 4 дүгээрт сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалгаж тогтоосон байх ёстой. Тэгэхээр хариуцагч нь үндэслэл болгоод байгаа зөрчлүүдээ шалгаад тогтоочихсон зүйл ерөөсөө харагдахгүй байгаа. Д.ын төрийн албаны мэргэшилгүй, ур чадваргүй, ажил тасалсан, ёс зүйгүй, үүрэг даалгавар биелүүлээгүй, үр дүнгийн гэрээ байгуулаагүй, томилолтоор явдаггүй гэх үндэслэлүүд болон сахилгын зөрчил огт тогтоогдоогүй байна. Төрийн албаны тухай хуулийн 26.4 дэх хэсэгт зааснаар сахилгын зөрчил илрүүлснээс хойш нэг сар, зөрчил гаргаснаас хойш 6 сар өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй гэсэн. Тэгэхээр хариуцагчийн яриад байгаа зүйлүүдийн хугацаа ерөөсөө тодорхойгүй байдаг. Мөн Д. нь төрийн жинхэнэ албан хаагч тул үр дүнгийн гэрээ байгуулдаг. Эрх зүйн байдал нь Төрийн албаны тухай хуулиар зохицуулагдана. Гэтэл төрийн үйлчилгээний албан хаагчтай хөдөлмөрийн гэрээ байгуулаад, ажлаас халахад нь баримталдаг Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 дэх заалтыг барьжээ. Энэ хуулийн зүйл заалтыг төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас халахад баримтлах ёсгүй. Нэхэмжлэл дээр нэхэмжлэлийн шаардлага тодорхой байгаа. Ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө өөрөө тооцоолох боломжгүй. Яагаад гэвэл нэхэмжлэл анх бичих үед хичнээн төгрөг нэхэмжлэх нь тодорхойгүй байсан. Учир нь ажлаас халсан тушаал гарсан өдрөөс хойш шүүхээр хэргийг хянан шийдвэрлэх өдөр хүртэлх хугацааны тэтгэмжийг тооцоолдог байгаа. Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлага тодорхой гэж бодож байна. Шүүгч нар ажилгүй байсан хугацааны цалинг боддог тусгай аргачлал байдаг. Яг нэхэмжлэл гаргаж байх үед үүнийг тооцоолох боломжгүй. Тиймээс Б/29 дүгээр тушаал хууль бус шийдвэр тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү

Хариуцагч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би -Завхан голын сав газрын захиргааны даргын ажилд 2013 оны 02 дугаар сарын 19-ны өдрөөс томилогдон ажиллаж байна. Д. нь 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн сав газрын захиргаанд Үйлдвэр хөдөө аж ахуйн ус ашиглалт, усны барилга байгууламж хариуцсан мэргэжилтэний албан үүргийг түр орлон гүйцэтгэчээр ажиллаж байгаад сав газрын захиргаанаас 2013 оны 11 сард 4 ажлын байран дээр сонгон шалгаруулалт зарлаж 4 ажиллаж байсан хүн орсноос ганцаараа шалгалтандаа тэнцээгүй. Тэгсэн ч би мэргэжлийн хүн болохоор нь үргэлжүүлэн ажиллуулж байсан. Тэгээд удалгүй 2014 оны 07 сард жирэмсэний болон амаржсаны амралтаа авч 2015 оны 06 сард ажилдаа орсон. Амаржсаны амралттай байх хугацаандаа Төрийн албаны салбар зөвлөлөөс зарласан Ургамал сумын байгаль хамгаалагчийн ТЗ-3 зэрэглэлийн сонгон шалгаруулалтанд орж тэнцсэн байсан. Сав газрын мэргэжилтнүүдэд тавигдах ажлын байрны шаардлага бол ТЗ-5 зэрэглэл байдаг. Мөн сав газрын захиргаанаас 2015 оны 11 дүгээр сард зарласан ажлын байрны сонгон шалгаруулалтанд ороогүй, ТЗ-5 зэрэглэлийн шалгалтанд орж тэнцэх, төрийн албанд тангараг өргөхийг удаа дараа шаардаж байсан ч биелүүлэхгүй урдаас тайлбар тавьдаг. нь өгсөн үүрэг даалгаварыг биелүүлэхдээ маш хойрго хандаж дандаа шалтаг шалтгаан, зовлон тоочиж чөлөө гуйдаг. Хөдөө томилолтоор явах, гадна дотны сургалтуудад суух ажлуудад байнга шалтаг хэлж чөлөө авч оронд нь өөр мэргэжилтнүүдийг томилон ажиллуулж байсан. Бусад мэргэжилтнүүд нь мөн адил бага насны хүүхэдтэй хүмүүс байдаг ч тэд нар нь хөдөө томилолтын ажилд тогтмол явдаг. Зарим үед шалтгаангүйгээр ажлаа тасалдаг, тогтмол 12 цаг өнгөрөөж байнга цайндаа яваад орой 17 цаг өнгөрөөж явдаг, ажлын цагийг үр бүтээлгүй өнгөрөөж байнга утсаар ярьж ойр хавийнхаа хүмүүст хүндрэл учруулдаг. Сар бүр 8-16 цаг тогтмол тасалсан байна. 03 дугаар сарын 22-ны өдөр буюу Дэлхийн усны өдрөөр төв талбайд нээлттэй хаалганы өдөрлөгийг манай байгууллагаас зохион байгуулж байсан. Энэ өдөр надаас чөлөө аваагүй дур мэдэн ажил тасалсан, төрийн албаны шалгалтанд орох шаардлагыг тавихад удирдах удирдуулах ёсыг мэдэхгүй урдаас хэрэлдэж, үг хэлээрээ доромжилж, элдвээр хэлэн хаалга хаян, ажлаас чи халчаач гээд гараад явсныг байгууллагын хамт олон бүгд мэдэж байгаа. Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйг зөрчиж захирах захирагдах ёсыг үл хүндэтгэж хувь хүнийг доромжилсон. Тиймээс захиргааны хөдөлмөрийн дотоод журамд заагдсаны дагуу сард 1ээс доошгүй удаа нэг өдөр буюу 8 цагаас дээш ажил тасалсан нь холбогдох баримт бичгээр нотлогдсон, удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг удаа дараа хугацаандаа нь биелүүлээгүй буюу хангалтгүй биелүүлсэн албан хаагчид холбогдох хууль тогтоомжид заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулна, төрийн захиргааны албан хаагч нь ёс зүйн дүрэм зөрчсөн бол тухайн албан хаагчдад холбогдох хууль тогтоомжийн дагуу сахилгын шийтгэл ногдуулна гэсний дагуу 2016 оны 03 дугаар сарын 25-наас эхлэн албан тушаалын цалинг 3 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байсан. 2016 оны 05 дугаар сарын 25-29-ны өдрүүдэд бүх сав газрын захиргаадын ус тогтвортой хөгжлийн түлхүүр чуулга уулзалт, спортын арга хэмжээнүүд Улаанбаатар хотод явагдахаар хөтөлбөр удирдамжууд ирсэн. Үүнд сав газрын бүх мэргэжилтэн, дарга нар оролцохоор нэрс ирсэн. Үүний дагуу бид бэлтгэл ажлыг хангаж сагс, волейбол, теннисний төрлүүдэд байгаа боломж дээрээ тулгуурлан хүмүүсээ сонгосон.  нь ямар ч нийгмийн идэвхигүй тул ямарч төрөлд нь орохгүй байсан. Хүн хүч хүрэхгүй байсан тул шатрын төрөлд ыг оруулахаар шийдвэрлэж бэлтгэлээ хангах талаар үүрэг даалгавар өгсөн. Гэвч нь 05 сарын 16-ны өдөр Улаанбаатар хот явах боломжгүй байгаа тул үлдэж гадна талбайн усан оргилуурын ажлыг нярав- бичиг хэрэг тай хамтран хийх саналыг өөрөө хэлж чөлөө гуйсан. 05 сарын 17-ны өдөр байгууллагын хурлыг хийж нийт албан хаагчдад энэ талаар хэлж үлдэх 2 хүндээ үүрэг даалгавар өгч үлдээсэн. Улаанбаатар хот руу 20-ны өдөр яваад 31-ний өдөр Улаанбаатар хотоос ирсэн. 06 дугаар сарын 09-ны өдөр байгууллагын хурлыг хийж үлдсэн хүмүүс хийсэн ажлаа танилцуулахад бүхэл бүтэн ажлын 13 өдөр хийсэн ажил нь 2 удаа хуралд суусан, Жи Энд Юу Голд ХХК-ийн материалыг Баянхонгор аймаг руу мэйлээр явуулсан гэх ажлуудыг л хийсэн байсан нь өгсөн 6 ажил үүргийг хангалтгүй биелүүлсэн байсан. Мөн 2017 оны төсвийн төсөлд хичээл үйлдвэрлэлийн дадлагаар санхүүжүүлэх ажил үйлчилгээг тусгаж хүргүүлэх ажлыг огт хийгээгүй байсан бөгөөд Улаанбаатараас ирээд мэргэжилтэн ******* нягтлан бодогчид өгсөн. Өөрийн хүсэлтээр усан оргилуурын ажлыг хийе гэж хэлж байсан боловч ажлын 13 өдөр өнгөрөхөд хийж гүйцэтгээгүй байсан. Удирдлагаас заавал хий гээгүй байхад өөрөө Улаанбаатар л явахгүй энэ усан оргилуурын ажлыг хийж байя гэж гуйн Улаанбаатар явах ажлаас чөлөөлөгдсөн байсан. Тиймээс яагаад өгсөн үүрэг даалгаварыг биелүүлээгүй талаар та хоёртой тусгайлан уулзана гэж хэлээд хурал өндөрлөсөн. Маргааш нь буюу 06 сарын 10-ны өдөр , хоёрыг дуудан өрөөндөө оруулж яагаад усан оргилуурынхаа хийнэ гэсэн ажлаа хийгээгүй байна вэ гэж асуухад , үхсэндээ чи намайг дарамтлаад байгаа юм бэ, чи бол ямар ч мэдлэггүй мэйл хаягаа шалгаж мэддэггүй, өөр аймаар аймаар үгээр доромжилж баахан элдвээр хэлж байгаад чи намайг халчих пизда минь гээд хаалга хаяад гарсан. Байхгүй байх хугацаандаа ажлын цагийг хангалтгүй ашиглаж, ажилдаа байсан хугацаа нь цөөхөн байна. Мөн чуулга уулзалтын үеэр манай сав газрын захиргаа нь урсац бүрэлдэх эх болон усны сан бүхий газрыг Улсын болон орон нутгийн тусгай хамгаалалтанд авч байгаа ажлын хэрэгжилтийн талаар мэдээлэл бэлтгэж тавих байсан. Энэ мэдээллийг мэргэжилтэн ыг бэлд гэсэн үүрэг даалгавар өгсөн байсан ч хангалттай сайн хийгээгүй дутуу дулимаг мэдээлэл бэлдсэн байсан. Энэ бүгдээс харахад нь ажил үйлчилгээг хүртээмжгүй чанаргүй хийдэг, хувийн зохион байгуулалт байхгүй, ажлын чадваргүй, төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйгүй, мэргэшсэн чадварлаг биш билээ. 2016 оны 04 сарын 13-нд байгууллагын бүтэц орон тоо өөрчлөгдөж нь Гадаргын усны нөөц, судалгаа шинжилгээний асуудал хариуцсан мэргэжилтний ажлыг түр орлон гүйцэтгэгчээр томилсон. Үүний дагуу ажлын байрны тодорхойлолтуудыг хүний нөөц хариуцсан ажилтан ******* шинэчлэн боловсруулж батлуулан мэргэжилтнүүдэд өгсөн. Ажлын байрны тодорхойлолтын дагуу үр дүнгийн гэрээ шинээр боловсруулж батлуулан ажиллах байсан боловч ажлаас халагдах хүртлээ хийгээгүй л байсан. Хагас жилийн үр дүнгийн гэрээний биелэлтийг 04 сарын 13-ныг хүртэл Газрын доорх усны нөөц, ашиглалт хариуцсан мэргэжилтнээр 04 сарын 13-наас 06 сарын 30-н хүртэл Гадаргын усны нөөц, судалгаа шинжилгээний асуудал хариуцсан мэргэжилтнээр гарган өгөх байсан боловч үр дүнгийн гэрээгээ байгуулаагүй учир газрын доорх усны нөөц, ашиглалт хариуцсан мэргэжилтнээр хагас жилийн тайлангаа гаргаж өгсөн нь 56,9 хувьтай дүгнэгдэж F буюу хангалтгүй байсан. Би яамнаас зарласан -Завхан голын сав газрын захиргааны даргын сонгон шалгаруулалтанд орж тэнцэн тангараг өргөсөн хүн. Намайг хамт олны өмнө ёс бус үгээр 2-3 удаа доромжилж нэр төрд халдсан тул шүүхэд гомдол гаргаж нэр төрөө сэргээлгэх болно. -Завхан голын сав газрын захиргааны даргын ажилд 2013 оны 02 дугаар сарын 19-ны өдөр томилогдон ажиллаж байгаад яамнаас зарласан -Завхан голын сав газрын захиргааны даргын сонгон шалгаруулалтанд орж тэнцэн, 2014 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс жинхлэн тангарагаа өргөж ажиллаж байгаа билээ. Д. нь 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн байгууламж хариуцсан мэргэжилтний албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажллаж байгаад сав газрын захиргаанаас 2013 оны 11 дүгээр сард зарласан сонгон шалгаруулалтанд орж шалгалтандаа тэнцээгүй. Уг ажлын байран дээр нь тэнцсэн хүн байхгүй байсан тул үргэлжлүүлэн ажиллаж байгаад 2014 оны 07 сард жирэмсний болон амаржсаны амралтаа авч 2015 оны 06 сард ажилдаа орсон. Би төсвийн захирагчийн хувьд хуулийн хүрээнд Д.д холбогдох урамшуулал нэмэгдлүүдийг цаг тухайд нь өгч байсан. 2016 оны 06-р сарын 13-ны өдрийн Б/29 тоот Ажлаас халах тухай тушаалын Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4-т харьяа дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх гэж заасныг бүтэц орон тооны өөрчлөлттэй холбоотой шинэ ажлын байран дээрээ үр дүнгийн гэрээг 04 сарын 13-аас байгуулж даргаар батлуулаагүй, хагас жилийн тайланг өгөөгүй 2.Удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг удаа дараа хангалтгүй биелүүлссэн 3.Ажлын байрны тодорхойлолтын 4.2-т шаардлагатай үед томилолтоор ажиллана гэсэн онцгой нөхцлийг байнга зөрчиж ажиллах хугацаандаа 2 удаа хөдөө явсан байдаг гэтэл манай байгууллага нь 6 аймгийн 51 сумын нутаг нутаг дэвсгэрийг хамран үйл ажиллагаа явуулдаг тул томилолтоор сумдад ажиллах болон сургалт хэлэлцүүлгүүдийг зохион байгуулах шаардлага байнга гардаг. Энэ бүгдэд чөлөө гуйж шалтгаан тоочиж явахгүй үлддэг нь албан үүргээ хангалтгүй биелүүлсэн байна. 26 дугаар зүйлийн 26.1-д Энэ хуулийн 13,15,40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна гэж заасныг 1.2016 оны 03 сарын 13-ны өдрийн А/28 тоот тушаалаар 3 сарын хугацаагаар 20 хүртлэх хувиар албан тушаалын цалинг бууруулсан сахилгын шийтгэлтэй байсан бөгөөд давтан үйлдсэн тул дараагийн арга хэмжээг авч 26.1.3 дахь заалтаар ажлаас халсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэсэн заалтыг 1.Гурван сарын хугацаатай сахилгын шийтгэлтэй байсан бөгөөд зөрчлийг давтан гаргасан ( ажлын цаг ашиглалт муу сард 8-17 зөрчсөн, Төрийн албанд баримталдаг захирах захирагдах зарчмыг удаа дараа зөрчиж удирдлагаа хэл амаар доромжилсон.) Захиргааны хөдөлмөрийн дотоод журмын 1.4-т Захиргаанд ажиллаж буй төрийн албан хаагчид дараах үндсэн зарчмыг баримтлан ажиллана. 1.4.1. захирах, захирагдах ёс, 1.4.2. ил тод нээлттэй байх, 1.4.3. мэргэшсэн чадварлаг байх, 1.4.4. шуурхай соёлч байдлыг хангах, 1.4.5. ажил үйлчилгээ нь хүртээмжтэй, чанартай байх, 1.4.6. бие биенийхээ дотоод хэрэгт үл оролцогч, харилцан бие биенээ хүндэтгэдэг байх, 1.4.7. багаар ажиллах чадвартай байх, 1.4.8. төрийн албан хаагчийн ёс зүйг эзэмшсэн байх гэсэн заалтуудыг удаа дараа зөрчиж ажлын байрны тодорхойлолтод тавигдсан шаардлага буюу ТЗ-5 зэрэглэлийн төрийн албаны шалгалтанд ороогүй, тангараг өргөөгүй, ажилдаа мэргэшсэн чадварлаг биш, ажлын хүртээмж муу захирах захирагдах ёсгүй байнга өгсөн үүрэг даалгаварт тайлбар тавьж чөлөө гуйдаг урдаас хэрэлддэг багаар ажиллах чадваргүй хамт олноор хийх ажилд тогтмол хойш сууж нийгмийн идэвхигүй байдаг, ажлын цагийг үр бүтээлгүй өнгөрөөж, гар утсаар нөхөр болон бусад хүмүүстэй байнга ярьж бусдын ажилд саад учруулдаг. Захиргааны хөдөлмөрийн дотоод журмын 2 дугаар зүйлийн 2.7-д Төрийн жинхэн албан хаагчийг захиргааны хөдөлмөрийн дотоод журам болон Төрийн албаны тухай хуульд заасан үндэслэлээр, Төрийн үйлчилгээний албан хаагчийг хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэлээр тус тус Захиргааны даргын тушаалаар ажлаас чөлөөлөх буюу хална гэсний дагуу холбогдох хуулиудад заасан үндэслэлээр ажлаас халсан.

Захиргааны хөдөлмөрийн дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.2.14-т ажилтан өөр ажилд шилжих, Ажлаас чөлөөлөгдөх, ээлжийн амралт авах, халагдах тушаал гармагц хамгийн сүүлд гаргасан тайлангийн хугацаанаас хойш хийж гүцэтгэсэн ажлын тайлан, хариуцан гүйцэтгэж байсан албан хэргийн холбогдох материал, баримт бичгийг ахлах мэргэжилтнийг байлцуулан ажилд авах ажилтанд, тавилга төхөөрөмж, техник хэрэгсэл, өрөөний түлхүүр зэрэг эд зүйлсийг санхүү (нярав)-д архивт өгөх материал, ажлын үнэмлэхээ ахлах мэргэжилтэнд хүлээлгэн өгнө. Тойрох хуудсаа бүрэн бөглүүлж санхүүгийн эцсийн тооцоо хийсний дараа түүнд нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр, ажлаас чөлөөлсөн халсан шийдвэрийг хүлээлгэн өгөх гэсэн заалтыг зөрчиж тушаал гараагүй байхад миний тушаалыг хурдан гаргаадах халчих гээд бүтэн 1 өдөр ажилдаа ирээгүй ажил тасалсан бөгөөд компьютер дээрх бүх мэдээллээ хуулан авч, ажлын компьютерийг форматлан албан хэргийн холбогдолтой бүх файлуудыг устгасан байсан. Энэ хүнийг усан оргилуурын шавар хийгээгүй гэсэн үндэслэлээр ажлаас халаагүй, тийм хуулийн заалт ч байхгүй, дээрх үндэслэлүүдээр ажлаас халсан билээ.

Төрийн албаны тухай хуулийн 13.1.4 дэх хэсэгт харьяа дээд шатны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх гэж заасан байдаг. 2016 оны 04 дүгээр сард сайдын тушаалаар бүтэц орон тоо өөрчлөгдсөн. Энэ үед хүмүүсийг буцаагаад томилсон юм. Тэгээд Д. нь хагас жил хүртэл үр дүнгийн гэрээ байгуулаагүй, намайг шаардаад байхад авч ирж өгөхгүй байсаар байгаад 06 сар болгосон. Цаашид ажилуулбал хамт олны дунд муу үлгэр дуурайлал үзүүлэх, ажилдаа мэргэшсэн чадварлаг биш, ямарч ажлыг чанаргүй хийдэг, алдаа дутагдлаа засдаггүй, төрийн албан хаагчийн ёс зүй, баримтлах зарчимгүй, хагас жилийн үр дүнгийн гэрээний биелэлт хангалтгүй байсан тул энэхүү шийдвэрийг гаргахад хүрэгсэн. Төрийн албан хаагч нь заавал үр дүнгийн гэрээнд заагдсан ажлыг хийдэггүй, өөр нийтийн, нийгмийн болон байгууллагын ажилд тогтмол оролцдог билээ. Өөрийнх нь ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу томилолтоор явуулах гэхээр надаас дандаа чөлөө гуйдаг. Тэгээд би яах ч аргагүй өөр хүн томилоод явуулдаг. Өмнөх Энхбаатар даргын үед хүүхэд хөхүүлэх цагтай тушаал гарсан байна лээ. 2016 он гаргаад Д.ын хүүхэд хөхүүлэх цаг дуусчихсан. Тиймээс 2016 онд ямар нэгэн завсарлага, хорогдуулсан цаггүй, ажлын 8 цагаар энэ хүн ажиллаж байсан. Гэтэл ажлын цаг ашиглалт хангалтгүй, хожигдож ирдэг, цагаасаа эрт гарч явдаг зөрчлийг байнга гаргадаг. Иймд Д.той холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өнөөдрийн шүүх хуралдаанд хариуцагчийг төлөөлж өмгөөлөгчөөр оролцож байна. Д.д 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/14 дүгээр тушаалаар 3 сарын цалинг 20%-иар хасах сахилгын шийтгэл ногдуулжээ. Энэ сахилгын шийтгэл хүчин төгөлдөр байхад дахин зөрчил гаргасан асуудал байгаа. Б/29 дүгээр тушаалд дээд шатны байгууллагын үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэсэн үндэслэлээр Төрийн албаны тухай хуулийн 26.1.3 дахь хэсгийг баримталсан байдаг. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс үр дүнгийн гэрээний талаар яриад байна. Уг тушаалд Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийг баримтлаагүй учраас энэ талаар ярих шаардлагагүй байх. Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар дээд шатны байгууллагын үүрэг даалгаврыг огт биелүүлээгүй, ёс зүйн зөрчил гаргасан учраас ажлаас нь халсан байгаа. Энэ нь тушаалын үндэслэл дээр хөдөлмөрийн дотоод журамд заасан дээд шатны байгууллагын үүрэг даалгавар биелүүлээгүй, захирах захирагдах ёс гэх мэт зарчмуудаа зөрчсөн заалтууд орсон. Нэгдүгээрт урьдчилсан шийдвэрлүүлэх ажиллагаа хийгдсэн нь тодорхойгүй болчихоод байна. Хоёрдугаарт нэхэмжлэгчийн ёс зүйн зөрчил гаргасан гэдгийг ёс зүйн хорооны дүгнэлт нотолж байгаа. Энэхүү дүгнэлтийг хөндлөнгийн этгээд гаргасан нь тодорхой харагдлаа. Гуравдугаарт Д.д сахилгын шийтгэл авагдаж байсан. Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт зааснаар зөрчлийн шинж байдал болон урьд нь сахилгын шийтгэл тогтмол гаргаж байсныг харгалзан үзнэ гэсэн заалт байгаа. Д. нь өмнө авагдсан сахилгын шийтгэл дээрээ гомдол гаргаагүй өөрөө хүлээн зөвшөөрсөн байдаг. Энэ сахилгын шийтгэл хүчин төгөлдөр байх хугацаанд үүрэг даалгавар биелүүлээгүй гэсэн зөрчил гаргасан учраас ажлаас халсан тушаал гаргасан. Тухайн үед ямар үүрэг даалгавар өгсөн нь тодорхой харагдаж байгаа. Энэ үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэдэг талаар заавал дүгнэлт бичсэний дараа тушаал гаргана гэсэн хуулийн заалт байхгүй. Ёс зүйн зөрчил гаргасан гэдэг байдлаар холбогдох журмаараа зохицуулагдаж байгаа. Хариуцагч нь үүрэг даалгавар биелүүлээгүй гэдэг үндэслэлээр тушаал гаргах бүрэн эрхтэй. Үүн дээр заавал дүгнэлт гаргаад байх шаардлагагүй Д.ыг 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр ажлаас нь халсан энэ тушаал нь өмнө авсан сахилгын шийтгэлтэй холбоотой. Хариуцагч үр дүнгийн гэрээ байгуулах талаар шаардлага тавьсан байдаг. Энэ шаардлагыг хэзээ биелүүлээгүй байна түүнээс хойш сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа тоологдоно. Нэгдүгээрт нэхэмжлэгч нь 07 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байдаг. Хоёрдугаарт урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа явуулсан эсэх нь тодорхойгүй. Гуравдугаарт хичнээн төгрөгний цалин хөлс нэхэмжилж байгаа нь тодорхой бус учраас нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байна. Ажилгүй байсан хугацааны цалинг тооцоолсон байдлаас хамаараад хариуцагч нэхэмжлэлийн шаардлага хүлээн зөвшөөрөх асуудал яригддаг. Дөрөвдүгээрт захиргааны акт дээр маргаж байгаа мөртлөө нэхэмжлэлийн шаардлага дээр захиргааны актын огноо, дугаар байхгүй байгаа. Сүүлд яриад байгаа зүйлүүд нь нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байгаа юм уу? нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж байгаа эсэхийг ойлгосонгүй. Хэрвээ нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байгаа бол үүнийг цааш үргэлжлүүлэх асуудал яригдах байх. Тухайн байгууллага нь үйл ажиллагаагаа хэвийн явуулахын тулд ажилтнууддаа үүрэг даалгавар өгдөг. Энэхүү үүрэг даалгаврыг ажлын байранд хамааралтай, хамааралгүй гэж ялгахгүйгээр хийгээд явах боломжтой байсан гэдгийг нэхэмжлэгчид хэлмээр байна. Мөн Төрийн албаны тухай хуулиар зохицуулагдаагүй зүйлийг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулж байгаа. Хэрвээ өөрөө удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хийхээр зөвшөөрсөн бол хийх боломжтой. Энэ талаар нэхэмжлэгчээс асууж тодруулахад өөрөө хүлээн зөвшөөрөөд ар дааж үлдсэн байдаг. Дээр дурдсанаар нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй, нэхэмжлэгч өөрөө үүрэг даалгавар биелүүлнэ гэдгээ хүлээн зөвшөөрсөн учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д. нь Завхан аймгийн -Завхан голын сав газрын даргын 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Ажлаас халах тухай Б/29 дүгээр тушаал /Хавтаст хэргийн 7 дугаар хуудсанд/-аар төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх, хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн хэмээн маргаан үүсгэж, уг маргаан бүхий Б/29 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, Гадаргын усны нөөц, судалгаа, шинжилгээний асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Д. нь Завхан аймгийн , газарт анх 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс үйлдвэр, хөдөө аж ахуйн ус ашиглалт, усны барилга байгууламж хариуцсан мэргэжилтнээр /хавтаст хэргийн 197 дугаар хуудсанд/, дараа нь 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс газрын доорх усны нөөц, ашиглалт хариуцсан мэргэжилтнээр /хавтаст хэргийн 198 дугаар хуудсанд/, 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс гадаргын усны нөөц, судалгаа, шинжилгээний асуудал хариуцсан мэргэжилтний ажлыг түр орлон гүйцэтгэгчээр /хавтаст хэргийн 199 дүгээр хуудсанд/ тус тус томилогдон ажиллаж байжээ.

Хариуцагч Завхан аймгийн -Завхан голын сав газрын захиргааны дарга нь Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4, 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Захиргааны хөдөлмөрийн дотоод журмын 1 дүгээр зүйлийн 1.4, 2 дугаар зүйлийн 2.7, 3 дугаар зүйлийн 3.2.14 дэх хэсгүүдэд заасныг үндэслэн Д.ыг төрийн албанаас халжээ.

Нэхэмжлэгч тал нь дээрх Б/29 дүгээр тушаалыг хуульд нийцээгүй, ёс зүйн зөрчил гаргасан эсэхийг зохих ёсоор шалгаж тогтоогоогүй, харьяа дээд шатны байгууллага, албан тушаалтны хуульд нийцсэн ямар шаардлагыг биелүүлээгүй болохыг тодорхой шалгаж, баримтаар тогтоогоогүй хэмээн маргаж байна.

Хариуцагч тал нь байгууллагын даргын хуульд нийцсэн шаардлагыг биелүүлээгүй, хэл амаар доромжлох, байгууллагын соёл дэг журмыг зөрчих, ажлын цаг таслах зэргээр ёс зүйн зөрчил гаргасны улмаас Д.д төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэстэй хэмээн хариуцагч тайлбарлаж байна.

Шүүх доорх хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлтээр маргаан бүхий Б/29 дүгээр тушаалыг хүчингүй болгох үндэслэлтэй байна гэж үзлээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасныг зөрчсөн гэх үндэслэлийн тухайд: Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1-д Хөдөлмөрийн гэрээг дараахь үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно., 40.1.4-д ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж заажээ.

Нэхэмжлэгч Д. нь төрийн захиргааны албан тушаалд ажиллаж байсан байх ба төрийн жинхэнэ албан хаагч түүний хувьд эрх зүйн байдал нь Төрийн албаны тухай хуулиар зохицуулагдах бөгөөд төрийн жинхэнэ албан хаагчийг уг албанаас халахдаа Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлээр тогтоосон журам, үндэслэлийг баримтлах ёстой.

Гэтэл хариуцагч хөдөлмөрийн гэрээгээр ажиллах төрийн үйлчилгээний ажилтны тухайд хөдөлмөрийн гэрээ цуцлах үндэслэлийг тодорхойлсон дээрх Хөдөлмөрийн тухай хуулийн заалтыг маргаан бүхий тушаалд баримталсан нь үндэслэлгүй байна.

Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-д заасан үндэслэлийг баримталсан тухайд: Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Энэ хуулийн 13, 15, 40 дугаар зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид ... сахилгын шийтгэлийг ногдуулах-аар, 26.1.3-д Төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах-аар тус тус заасан байна.

Хариуцагч нь маргаан бүхий тушаалаар Д.ыг төрийн албанаас халахдаа Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4-д харьяа дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх гэж заасныг гол үндэслэлээ болгож, Д. нь дээрх заалтыг болон төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчиж, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиагүй гэж үзжээ.

Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн зөрчил гэж холбогдох хууль тогтоомж болон төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмээр тогтоосон ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн үйлдэл, эс үйлдлийг хэлэх бөгөөд захиргааны байгууллага, албан тушаалтан нь төрийн захиргааны албан хаагчийг ёс зүйн зөрчил гаргасан гэж үзвэл ёс зүйн дүрмээр тогтоосон ямар зөрчил гаргасан, энэхүү зөрчил нь ямар нотлох баримтаар хэрхэн тогтоогдсоныг шийдвэртээ тусгах учиртай.

Гэтэл хариуцагч нь маргаан бүхий захиргааны актын үндэслэх хэсэгт Д.ын ёс зүйн дүрмээр тогтоосон ямар хэм хэмжээг зөрчсөнийг, түүнчлэн албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасны дагуу гүйцэтгэх ёстой бөгөөд удирдах албан тушаалтнаас тавьсан шаардлагыг биелүүлээгүй зөрчил гаргасан гэж үзсэн атлаа энэхүү зөрчлийнхөө үндэслэлийг маргаан бүхий захиргааны актад заагаагүй, уг зөрчлүүдийг хууль, дүрэмд заасны дагуу бүрэн шалгаж тогтоолгүйгээр гаргасан тус байгууллагын ёс зүйн хорооны дүгнэлтийг үндэслэсэн байх тул уг захиргааны актыг үндэслэл бүхий шийдвэр гэж үзэх боломжгүй байна.

, газрын захиргааны даргын 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн А/21 дүгээр тушаалаар тус байгууллагын ёс зүйн хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн баталсан байх ба ёс зүйн хорооны даргаар Т.*******, гишүүнээр *******, Ц.******* нарыг томилжээ. /Хавтаст хэргийн 186 дугаар хуудсанд/

Маргаан бүхий Б/29 дүгээр тушаалын гол үндэслэл болсон , газрын захиргааны дээрх ёс зүйн хорооны дүгнэлт /Хавтаст хэргийн 123-124 дүгээр хуудсанд/-ээр Д.ыг ажлын цаг таслан Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэм-ийн 5 дугаар зүйлийн 5.1.2 дахь заалтыг зөрчсөн, мөн дээрх заалтын 5.3.1-д заасныг зөрчиж үр дүнгийн гэрээ боловсруулан захиргааны даргаар батлуулаагүй, 5.4.2-д заасныг зөрчиж ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг биечлэн хангах гэсэн тэгш байдлын болон хариуцлага хүлээх зарчмын хүрээнд ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн, мөн дүрмийн 5.2.2 дахь заалтыг зөрчин байгууллагын даргын 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн хамт олны хурал дээр өгсөн үүрэг даалгаврыг бүрэн биелүүлээгүй, 5.4.4-д дэх заалтыг зөрчин байгууллагын удирдлагыг хэл амаар доромжлон төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээний зөрчил гаргасан гэж үзжээ.

Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9-д зааснаар төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах асуудлыг журмаар зохицуулахаар байна.

Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2010 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 129 дүгээр тогтоолоор батлагдсан Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журам-ын 2.1, 2.5.4, 4.3, 5.1-д заасны дагуу төрийн байгууллагын орон тооны бус ёс зүйн хороо нь төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тухай гомдол, мэдээллийг хүлээн авч, түүний үндэслэлийг шалган тогтоож, гомдол, мэдээллийг шалгасан тухай дүнг хуралдаанаараа хэлэлцэж, гишүүдийн олонхийн саналаар дүгнэлт гаргах-аар байна.

Гэтэл , газрын ёс зүйн хорооны дарга гэрч Т.******* нь Д.ын ажлын цаг хожимддог, байгууллагын даргыг хэл амаар доромжилсон, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэх зөрчлүүдийн талаар Б.аас тайлбар авах, цагийн бүртгэлтэй танилцаж, хожимдсон цагийг тооцож гаргах, үүрэг даалгавар өгөгдсөн талаарх хамт олны хурлын тэмдэглэлүүдтэй танилцах зэргээр нотлох баримтууд цуглуулан шалган тогтоосон гэж мэдүүлж /хавтаст хэргийн 134-137, 148-149 дүгээр хуудсанд/ байгаа хэдий ч уг дүгнэлтийг гаргахдаа дээрх Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журам-ыг зөрчсөн болох нь гэрч Т.*******ын ....Дүгнэлт гаргахад манай ёс зүйн хорооны 2 гишүүн байгаагүй, дүгнэлт дээр зөвхөн миний гарын үсэг зурагдсан, дараа нь Ц.*******ээр гарын үсгийг нь нөхөж зуруулсан.., гэрч Ц.*******ийн ...Т. даргын өргөдөл хэзээ ирснийг мэдэхгүй, манай ёс зүйн хорооны дарга Т.******* хүлээж авсан байх...Тухайн үед би байгаагүй, хот руу явсан байсан, 13-ны өдөр үдээс хойш би ажилдаа ирсэн. Тэр үед надад ёс зүйн хорооны дарга Т.******* нь Д.той холбоотой дүгнэлтийг надад танилцуулсан. Би танилцаад нэгэнт энэ хорооны гишүүн болохынхоо хувьд гарын үсэг зурсан...Яг шалгаад дүгнэлт гаргахад би оролцоогүй, сүүлд нь дүгнэлтэнд гарын үсэг зурсан... гэсэн мэдүүлгүүдээр /Хавтаст хэргийн 138-139, 146 дугаар хуудсанд/ нотлогдож байна.

Гэтэл хариуцагч нь дээрх журмыг зөрчин, нэхэмжлэгч Д.ын гаргасан гэх ёс зүйн зөрчлийг зохих журмын дагуу шалган тогтоогоогүй байхад Завхан аймгийн -Завхан голын сав газрын захиргааны хамт олны хурлаар тус байгууллагын ёс зүйн хорооны дүгнэлтийг хэлэлцэж, Д.ыг төрийн албанаас халахаар шийдвэрлэсэн нь хууль бус болжээ.

Өөрөөр хэлбэл захиргааны байгууллага, албан тушаалтан нь сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалгаж тогтоосон, зөрчил нь нотлох баримтуудаар тогтоогдсон байх хууль, журамд заасан шаардлагыг биелүүлээгүй байх тул хариуцагчийн ... тушаал хуульд нийцсэн, үндэслэл бүхий... гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй тул уг маргаан бүхий Б/29 дүгээр тушаалыг бүхэлд нь хүчингүй болгох нь зүйтэй байна.

Түүнчлэн Харъяа дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлээгүй гэх уг зөрчлийн тухайд хариуцагч нь Д.ыг томилолтоор хөдөө явж ажилладаггүй, гадаргын усны нөөц, судалгаа шинжилгээний асуудал хариуцсан мэргэжилтнээр томилогдсон мөртлөө үр дүнгийн гэрээ байгуулаагүй, уг албан тушаалд тавигдах шаардлагыг хангаагүй, төрийн жинхэнэ албанд томилогдох ажилтны сонгон шалгаруулалт ороогүй, төрийн албан хаагчийн тангараг өргөөгүй, ажил хүлээлцэхдээ ажлын чухал файл баримтыг хүлээлгэж өгөөгүй устгасан, 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн хамт олны хурал дээр өгөгдсөн усан оргилуурын дотор талыг цэвэрлэх, өнгөлөх, усан оргилуурын гадна талын тойргоор өрсөн чулууны цементийг арилгах, өрөөнүүдийн хэмжээг авах, Отгонтэнгэрийн тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаатай барилга хамтран ашиглах гэрээ байгуулах, 2017 оны төсвийн төсөлд хичээл үйлдвэрлэлийн дадлагаар санхүүжүүлэх ажил үйлчилгээг тусгаж хүргүүлэх, аймагт зам тавих хоёр компанийн нэрийг хөгжлийн бодлогын хэлтсээс авч эдгээр компанийн үйл ажиллагаатай танилцаж замын ажил хийгдэх хугацааг тодруулах зэрэг үүрэг даалгаврыг биелүүлээгүй хэмээн олон зөрчлүүдийг дурдан тайлбарлаж байна.

Гэвч дээрх үүрэг даалгавар гадаргын усны нөөц, судалгаа шинжилгээний асуудал хариуцсан мэргэжилтэн Д.ын ажлын байрны тодорхойлолт заасан ямар чиг үүрэгт хамаарч байгаа бөгөөд дээрх үүрэг даалгаврыг биелүүлээгүй шалтгаан нөхцөл болон ийнхүү биелүүлээгүйгээс ямар үр дагавар үүссэн зэргийг бүрэн дүүрэн шалгаж тогтоолгүйгээр түүнийг төрийн жинхэнэ албанаас халсан нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасан энэ хуулийн 25 дугаар зүйл, 26 дугаар зүйлийн 1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх гэсэн төрийн жинхэнэ албан хаагчийн баталгааг зөрчсөн байна.

Д. нь урьд нь газрын доорх усны нөөц, ашиглалт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан байх ба түүнийг гадаргын усны нөөц, судалгаа, шинжилгээний асуудал хариуцсан мэргэжилтний ажлыг түр орлон гүйцэтгэгчээр шилжүүлэн томилсон мөртлөө тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангаагүй, сонгон шалгаруулалтад ороогүй, төрийн албан хаагчийн тангараг өргөөгүй хэмээн түүнийг төрийн албанаас халах болсон нэг үндэслэлээ болгон тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Төрийн албаны тухай хуулинд дээрх үндэслэлээр ажлаас халах, чөлөөлөх зохицуулалт байхгүй бөгөөд дээрх албан тушаалд тавигдах шаардлагыг Д. хангасан эсэхийг хариуцагч анх түүнийг уг албан тушаалд томилохдоо харгалзан үзэхээр байсан байна.

Мөн уг албан тушаалд шилжүүлэн томилоод ажил хүлээлцүүлэхдээ албан ажлын хэрэгцээт, чухал файлуудыг устгасан, хөдөө томилолтоор явдаггүй, шинээр томилогдсон албан тушаалын үйл ажиллагааны үр дүнгийн гэрээ байгуулаагүй зэрэг зөрчлийн талаар ёс зүйн хороо шалган тогтоогоогүй, энэ талаар ёс зүйн хорооны дүгнэлтэнд тусгагдаагүй байхад хариуцагч тал уг үндэслэлүүдийг Д.ыг төрийн албанаас халах нэг үндэслэл болгон тайлбарлаж байгааг хүлээн авах боломжгүй юм.

Гадаргын усны нөөц, судалгаа, шинжилгээний асуудал хариуцсан мэргэжилтнээр томилогдмогц Д. нь үр дүнгийн гэрээ боловсруулан батлуулах байсан боловч өнөөдрийг хүртэл батлуулаагүй хэмээн хариуцагч тайлбарлаж байна. , газрын захиргааны дарга Т. нь байгууллагын менежерийн хувьд Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам-ын 1.4.1-д заасны дагуу төрийн жинхэнэ албан хаагчтай үр дүнгийн гэрээ байгуулахаар байх ба ийнхүү үр дүнгийн гэрээ байгуулаагүй үйлдэлд зөвхөн Д.ыг шууд буруутгаж, үр дүнгийн гэрээг боловсруулаагүй удаашруулсан нөхцөл байдлыг бодитоор тогтоогоогүй байхад уг байдлыг ёс зүйн зөрчил гаргасан нөхцөл байдалд тооцсон нь түүнийг төрийн албанаас халах үндэслэл болохгүй юм.

Түүнчлэн албан тушаалд шилжүүлэн томилсонтой холбогдуулан Д.д дээрх үр дүнгийн гэрээг ямар хугацаанд боловсруулан, хэдийд байгууллагын даргаар батлуулахаар шийдвэрлэсэн талаараа хариуцагч баримтаар нотлож чадахгүй байх ба Гадаргын усны нөөц, судалгаа, шинжилгээний асуудал хариуцсан мэргэжилтнээр томилохоор 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Б/17 дугаар тушаал /хавтаст хэргийн 199 дүгээр хуудсанд/ гармагц, ажлын байрны тодорхойлолтыг баталгаажуулсан байгаа, энэ үеэс үйл ажиллагааны үр дүнгийн гэрээг боловсруулж, 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн дотор байгууллагын даргаар баталгаажуулах ёстой гэж тэрээр тайлбарлаж байгаа ба Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д ...сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар... өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй. хэмээн заасан байгаа учир дээрх өдрөөс уг хөөн хэлэлцэх хугацааг тоолбол уг зөрчилд маргаан бүхий Б/29 дүгээр тушаалаар сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлгүй байгаа учраас энэ талаарх нэхэмжлэгч талын тайлбарыг хүлээн авах үндэстэй байна.

Хариуцагч нь Д.ыг хөдөө томилолтоор явж ажилладаггүй гэж тайлбарлах боловч тухай бүрд нь чөлөө олгох замаар шийдвэрлэдэг байснаа хүлээн тайлбарлаж байгаа учраас шүүх энэ талаар дүгнэлт хийх шаардлагагүй байна.

Дээрх нөхцөл байдлууд нэхэмжлэгч Д.д Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-т заасан сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болохгүй бөгөөд уг хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т Энэ хуулийн 13... дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд ...сахилгын шийтгэл ногдуулна гэж заасантай нийцээгүй байна.

Энэ нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 /хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим мөн/, 27 дугаар зүйлийн 27.2.1 /энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-д зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх/-д заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг алдагдуулсан гэх үндэслэл болно.

, газрын захиргааны даргын 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн А/19 дүгээр тушаалаар батлагдсан /Хавтаст хэргийн 153-161 дүгээр хуудсанд/ Хөдөлмөрийн дотоод журам-ын 6.8-д Шалтгаангүйгээр ажлаас хожимдсон буюу ажил тасалсан хугацааг цагийн бүртгэлийг үндэслэн сарын нийлбэр 8 цагийг ажлын нэг өдөрт тооцон ажилласан өдрийн цалингаас хасаж тооцно. хэмээн заасан байна. Уг журмын дагуу Д.ын цаг ашиглалтыг шалган тогтоохдоо байгууллагын цагийн бүртгэлийг үндэслэсэн хэдий ч уг ёс зүйн хорооны дүгнэлт нь хууль бус учраас уг зөрчлийг хуульд заасны дагуу шалган тогтоогдсон гэж үзэх үндэслэлгүйг дахин тэмдэглэж байна. 

Д.д 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/22 дугаар тушаал /хавтаст хэргийн 185 дугаар хуудсанд/-аар хүүхэд хөхүүлэх, асрах завсарлага олгогдож байсан ба харин 2016 онд хүүхэд 2 нас хүрснээр уг тушаалын хэрэгжилт зогссон болохыг талууд тайлбарлаж байгаа ба тодруулбал 2016 онд нэмэгдэл амралтын цаггүй, ажлын 8 цагаар ажиллаж ирсэн талаар нэхэмжлэгч маргахгүй байгааг мөн тэмдэглэж байна.

Харин нэхэмжлэгч Д. урьд нь 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл газрын доорх усны нөөц, ашиглалт хариуцсан мэргэжилтний албан тушаалыг үйл ажиллагааны үр дүнгийн гэрээ байгуулан эрхэлж ирсэн байх ба уг гэрээний биелэлт 56,9 оноогоор дүгнэгдсэн баримт /Хавтаст хэргийн 94-122 дугаар хуудсанд/ хэрэгт авагдсан байна.

Дээрх баримтууд нь Д.ын одоо маргаж буй гадаргын усны нөөц, судалгаа, шинжилгээний асуудал хариуцсанмэргэжилтний албан тушаалтай холбоогүй байх ба түүний урьд нь эрхэлж байсан газрын доорх усны нөөц ашиглалт хариуцсанмэргэжилтний албан тушаалын 2016 оны эхний хагас жилд гүйцэтгэсэн үйл ажиллагаатай холбоотой баримтууд байх тул уг баримтуудыг шүүх үнэлэх шаардлагагүй байна. Түүнчлэн албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго зорилтоо хангалтгүй биелүүлсэн, үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн төвшин нь төрийн тухайн албан тушаал эрхлэх шаардлага хангахгүй болсон гэх үндэслэлүүд нь Д.ыг төрийн жинхэнэ албанаас халах ёс зүйн зөрчилд хамаарахгүй, харин Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасан төрийн албанаас чөлөөлөх үндэслэл болохыг тэмдэглэж байна.

, газрын захиргаа нь хамт олны хурлын тэмдэглэлийг тухай бүрд нь цаасан хэлбэрээр гаргаж баталгаажуулдаггүй байх ба шүүхээс шаардсанаар цаасан хэлбэрээр хэвлэж гаргаж өгсөн болох нь гэрч Б.ын мэдүүлэг /хавтаст хэргийн 147 дугаар мэдүүлэг/, шүүхийн үзлэг хийсэн 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн тэмдэглэл /хавтаст хэргийн 163-165 дугаар хуудсанд/ зэргээр тогтоогдож байна.

Гэрч *******, ******* нар 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн хуралдаан дээр ёс зүйн хорооны дүгнэлтийг танилцуулсан эсэх талаар зөрүүтэй мэдүүлгүүд /Хавтаст хэргийн 140-141, 142-143 дугаар хуудсанд/ өгч байгаа, бөгөөд талууд энэ талаар маргаж байгаа тул дээрх гэрчийн мэдүүлгүүд болон 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн хамт олны хурлын тэмдэглэл /Хавтаст хэргийн 90-93 дугаар хуудсан дахь/ зэргийг шүүх эргэлзээгүй, үнэн зөв хэмээн үнэлэх боломжгүй байгааг тэмдэглэж байна.

Хоёр. Ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах шаардлагын тухайд:

Маргаан бүхий , газрын захиргааны даргын 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Б/29 дүгээр захирамж нь хуульд нийцээгүй, үндэслэлгүй болох нь тогтоогдож байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1д албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоно гэж заасны дагуу сарын хуанлид заасан ажлын өдрүүдийг үндэслэн нэхэмжлэгч Д.ын ажилгүй байсан хугацааг 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх 93 хоногоор тооцож олговрыг олгох нь зүйтэй байна.

Монгол Улсын Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 сарын 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ыг баримтлан Д.ын нийгмийн даатгалын дэвтэр дэх бичилт /хавтаст хэргийн 9 дүгээр хуудсанд/-ийг үндэслэн түүний авч байсан сүүлийн 3 сарын буюу 2016 оны 03, 04, 05 дугаар саруудын дундаж цалин хөлс /557 413 төгрөг/-нөөс нэг хоногийн хөлс /25 926 төгрөг/-ийг тооцон гаргасан болно.

Шүүх Д.ын ажилгүй байсан 93 хоногийг дээрх 1 хоногийн хөлсөөр үржүүлэн тооцоход түүнд 2 411 135 төгрөгийн олговор олгогдохоор байна гэж үзлээ.

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-д Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана гэж заасныг үндэслэн нэхэмжлэгчид олгох дээрх олговрыг , газрын захиргаанаас гаргуулах нь зүйтэй байна.

Гурав. Хариуцагч тал нь нэхэмжлэгч Д. гомдлоо зохих ёсоор урьдчилан шийдвэрлүүлээгүй, шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус гэж маргаж байна.

Д.ын нэхэмжлэлийг шүүх хүлээж аваад захиргааны хэрэг үүсгэх эсэх асуудлыг шийдвэрлэхийн өмнө нэхэмжлэгчээс урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийлгүүлэхээр Завхан аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөл /цаашид салбар зөвлөл гэх/-д хандсан эсэхийг тогтоохоор 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 3/121 дүгээр албан бичгийг дээрх салбар зөвлөлд хүргүүлсэн байна.

Уг албан бичгийн дагуу 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр ирүүлсэн Д.ын гомдлыг бүртгэсэн гэх баримт /Хавтаст хэргийн 12 дугаар хуудсан дахь/-аас харахад өргөдлийн он, сар, өдөр гэх багананд 07 дугаар сарын 01, бүртгэсэн гэх багананд 06 дугаар сарын 27 гэж 2 өөр огноо бичигдсэн байгаа хэдий ч шүүх Д.ын гомдлыг хэзээ бүртгэснийг тогтоох гэж байгаа тул өргөдөлд бичсэн огноог бус бүртгэсэн гэх баганан дахь сар өдрийг уг гомдлыг бүртгэсэн хугацаа гэж тооцох нь зүйтэй байна.

Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно. Хугацаа сунгасан тухай өргөдөл, гомдол гаргагчид мэдэгдэнэ. гэж заажээ.

Маргаан бүхий Б/29 дүгээр тушаалтай холбоотой Д.ын гомдлыг салбар зөвлөл 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хянан шийдвэрлэхээр байсан байх ба гомдлын бүртгэл болох баримтан дээр хугацаа сунгасан эсэх талаар ямар нэгэн тэмдэглэл байхгүй нь түүний гомдлыг хянан шийдвэрлэх хугацааг сунгасан гэж үзэх үндэслэлгүй бөгөөд шүүх Д.ын нэхэмжлэлээр 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр захиргааны хэрэг үүсгэх хүртэлх хугацаанд, цаашлаад хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх энэ өдрийг хүртэл нэхэмжлэгчид ямар нэгэн хариу өгөөгүй байна.

Иймд нэхэмжлэгчийг урьдчилан шийдвэрүүлэх шаардлагыг биелүүлээгүй гэж үзэж, түүний нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй бөгөөд уг шаардлагыг одоо биелүүлэх боломжгүй байна гэж дүгнэв.

Мөн нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй гэх хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбарыг хүлээн авах үндэсгүй байна.

Учир нь тус шүүхэд 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр бичгээр гаргасан Д.ын нэхэмжлэлд дурдсан агуулга, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, мөн шүүх хуралдаанд нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нараас нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн талаар гаргаж буй тайлбаруудаас харахад маргаан бүхий Б/29 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, гадаргын усны нөөц, судалгаа, шинжилгээ хариуцсан ажилтнаар эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг хуульд заасан журмаар гаргуулах зэрэг шаардлагыг гаргаж байгаа нь тодорхой байна.

Түүнчлэн захиргааны хэрэг үүсгэх тухай 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 86 дугаар захирамжаас харахад нэхэмжлэлийн шаардлага дээрх байдлаар тодорхойлогдсон байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.7, 106.3.12 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3, 27 дугаар зүйлийн 27.2.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, , газрын захиргааны даргын 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Ажлаас халах тухай Б/29 дүгээр тушаалыг бүхэлд нь хүчингүй болгож, Д.ыг , газрын захиргааны гадаргын усны нөөц, судалгаа, шинжилгээний асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.д 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацааны ажилгүй байсан 93 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 2 411 135 /хоёр сая дөрвөн зуун арван нэгэн мянга нэг зуун гучин тав/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч Д.д олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.д олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч , өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ Л.ТУНГАЛАГ

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС