Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Нямдоогийн Баярмаа |
Хэргийн индекс | 183/2022/01761/И |
Дугаар | 001/ХТ2024/00157 |
Огноо | 2024-06-25 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2024 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 001/ХТ2024/00157
“К” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Н.Батчимэг, Н.Баярмаа, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 101/ШШ2024/00208 дугаар шийдвэр,
Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 210/МА2024/00770 дугаар магадлалтай,
Б.Гэд холбогдох
81,953,150 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгч “К” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Оы хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Баярмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, Д.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч “К” ХХК нь хариуцагч Б.Гэд холбогдуулан 81,953,150 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 101/ШШ2024/00208 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар хариуцагч Б.Гээс 74,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс 7,953,150 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 672,720 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 527,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 210/МА2024/00770 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 101/ШШ2024/00208 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1" гэснийг "492 дугаар зүйлийн 492.1.1” гэж, “74,000,000” гэснийг “14,000,000” гэж, “7,953,150” гэснийг "67,953,150” гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын “527,950" гэснийг “227,950" гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 530,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн.
4. Нэхэмжлэгч “К” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “К” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Гэд холбогдох 81,953,150 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий иргэний хэргийг Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 101/ШШ2024/00208 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийг хэсэгчлэн хангасан буюу 74,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн уг шийдвэрт хариуцагчийн зүгээс гаргасан давж заалдах гомдлын дагуу Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 210/МА2024/00770 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж 14,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн. Тус магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.3-т заасныг тус тус үндэслэн дараах гомдлыг гаргаж байна.
4.2. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 101/ШШ2024/00208 дугаартай шийдвэрийн үндэслэх хэсгийн 12-т “...Нэхэмжлэгч "К” ХХК, хариуцагч Б.Гийн хооронд 2014.06.01-ний өдрөөс хөдөлмөрийн гэрээний харилцаа үүсэж, хариуцагч нь улмаар тус компанийн ерөнхий захирал К Ю Ж-гоос олгосон эрх, үүргийн хүрээнд компанийг төлөөлөн бараа материалыг худалдан борлуулж, борлуулсан барааны төлбөрийн авлагыг барагдуулах ажлыг хийж гүйцэтгэж байсан байна. Энэ нь нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаатай байсан ба энэ харилцааны хүрээнд компанийн эрх бүхий этгээдээс олгосон бүрэн эрхийн хүрээнд Б.Г нь компанийг төлөөлж бусад этгээдтэй харилцаж, ийнхүү эрхээ хэрэгжүүлэхдээ "Х Т К” ХХК, “З З” ХХК-аас төлбөрт тооцон шилжүүлж өгсөн орон сууц, автомашин зэргийг худалдан борлуулсан үнээс “К” ХХК-д шилжүүлж өгөөгүй хувьдаа авч тус компанид эд хөрөнгийн хохирол учруулсныг тогтоогдсон хэмжээгээр хариуцах үндэслэлийг Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.3-т Төлөөлөгч нь бүрэн эрхээ шударгаар, төлөөлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцүүлэн хэрэгжүүлэх үүрэгтэй, 63.4-т Энэ хуулийн 63.3-т заасан үүргээ биелүүлээгүйгээс төлөөлүүлэгчид учирсан гэм хорыг төлөөлөгч хариуцан арилгах үүрэгтэй гэж зааснаас бүрдэж байна.
4.3. Нэхэмжлэгч болон өмгөөлөгчийн зүгээс 81,953,150 төгрөгийг гаргуулах шаардлагын үндэслэлийг тодорхойлохдоо “К” ХХК нь өр төлбөртөө “Х Т К” ХХК-иас шилжүүлэн авсан Хан-Уул дүүрэгт байрлалтай 107,8 м2 талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөө Б.Б гэх хүнд худалдсан бөгөөд худалдан авагч Б.Бэс 130,000,000 төгрөгийг хариуцагч Б.Гэд шилжүүлсэн боловч хариуцагч Б.Г нь нэхэмжлэгч “К” ХХК-д 60,000,000 төгрөгийг дутуу шилжүүлж, өөртөө авсан, “К” ХХК-ийн өр төлбөртөө “З З” ХХК-аас шилжүүлэн авсан **** УНН улсын дугаартай Jeep Wrangler маркын тээврийн хэрэгслийг хариуцагч Б.Г нь Г.Ч гэх хүнд 28,000,000 төгрөгөөр зарахаар болж улмаар Г.Ч нь 14,000,000 төгрөгийг нэхэмжлэгч “К” ХХК-ийн ерөнхий захирал К Ю Ж-д өгч, үлдэх 14,000,000 төгрөгийг хариуцагч Б.Гэд хоёр хуваан бэлнээр өгсөн төлбөрийг өөртөө авч гэм хорын хохирол учруулсан талаар тодорхой дурдсан бөгөөд анхан шатны шүүхээс ч дээрх үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн.
4.4. Мөн 2019.02.16-ны өдөр Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст Б.Бат-Эрдэнийн гэрчээр өгсөн мэдүүлэг хавтаст хэрэгт авагдсан. Тус мэдүүлэгт "...2017.04.20-ны өдрийн орчимд Б.Гийн захиалагчийн гэрээг би өөрийн нэр лүү шилжүүлэн авч худалдаж авсан. Би уг орон сууцыг 1 м.кв-ийг нь 1,800,000 төгрөгөөр бодож нийт 194,000,000 төгрөгөөр худалдаж авахаар Б.Гтэй тохиролцоод 134 сая төгрөгийг нь бэлнээр болон дансаар нь хэд хэдэн удаа хувааж өгсөн. Харин үлдэгдэл төлбөр болох 60 сая төгрөгийг нь гэрчилгээ гарсны дараа өгөхөөр тохиролцоод худалдаж авсан. Гэрчилгээ 2018.03.09-ний өдөр гарч уг орон сууц нь миний нэр лүү шилжсэн ба үлдэгдэл төлбөрийг нь Б.Г нь Хүрлээ гэдэг “К” ХХК-ийн хүнд өгөөрэй гэж хэлсний дагуу би Хүрлээ гэх хүнд 2018 оны 05 дугаар сардаа 45 сая төгрөгийг өгөөд үлдэгдэл 15 сая төгрөгийг зээлээр өгөхөөр тохиролцоод одоо 11,500,000 төгрөгийг төлөөгүй байгаа.” гэх мэдүүлэг авагдсан.
4.5. 2019.04.04-ний өдөр Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст “Х Т К” ХХК-ийн захирал ажилтай Б.Ундралын гэрчээр өгсөн мэдүүлэг хавтаст хэрэгт авагдсан. Тус мэдүүлэгт "... Б.Гийг 2013 оноос хойш таньж мэднэ. Яагаад гэвэл манай компанийн харилцагч байгууллага болох “К” ХХК-ийг төлөөлж ирж уулзаад манай компанитай гэрээ байгуулж байсан юм. 2016 оны тооцооны үлдэгдэл мөнгө болох 142,948,380 төгрөг мөн 2017 оны “К” ХХК-аас авсан нэмэлт бодисны төлбөрт буюу 239,602,000 төгрөгт бодож уг Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо 55 дугаар байрны 6 тоот орон сууцыг өгсөн.” Түүнчлэн “... Тус байрыг 2017 онд Б.Гтэй орон сууц захиалгын гэрээ байгуулж өгөөд түлхүүрийг нь Б.Гэд хүлээлгэж өгсөн.”, “... Би “К” ХХК-аас Б.Гээс өөр ямар нэгэн хүн танихгүй, мөн дээрээс нь Б.Гэд “НӨАТ-ын баримт авъя, танай захиралтай очиж уулзъя, нягтлантай чинь очиж тооцоо нийлье” гэж хэлэх болгонд “би өөрөө зохицуулчихъя” гэж хэлээд огт уулзуулдаггүй байсан. Нэг бол Солонгос захирлууд байхгүй байна, ирээгүй байна гээд байдаг байсан” гэх мэдүүлэг авагдсан.
4.6. 2018.03.14-ний өдөр Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст БНСУ-ын иргэн К Ю Жгийн гэрчээр өгсөн мэдүүлэг хавтаст хэрэгт авагдсан. Тус мэдүүлэгт “... 2017.04.18-ны өдөр байр худалдаж авсан хүн Б.Гийн дансанд 130,000,000 төгрөгийг шилжүүлсэн байрны гэрчилгээ гарсны дараа үлдэгдэл төлбөрийг шилжүүлж өгнө гэсэн. Тэгээд Б.Г нь “130,000,000 төгрөгийг байр худалдаж авсан хүнээс авсан боловч компанид 70,000,000 төгрөгийг тушаагаад 60,000,000 төгрөгийг өөртөө авч бид нарт болохоор 70,000,000 төгрөгийг авсан” гэж хэлсэн. Тэгээд Б.Гээс “яагаад 70,000,000 төгрөг орж байгаа юм үлдэгдэл мөнгийг нь хурдан ав” гэсэн чинь байр худалдаж авсан хүний утас гэж 94762626 гэсэн дугаар өгсөн эхлээд мөнгө байхгүй боломжгүй байна гээд байдаг байсан сүүлдээ утсаа авахгүй байхаар нь зарсан байран дээрээ очиж байр худалдаж авсан хүнтэй уулзаад “та эхлээд 130,000,000 төгрөгийг шилжүүлнэ гэсэн яагаад 70 сая төгрөг шилжүүлсэн юм, үлдэгдэл мөнгө шилжүүл” гэсэн чинь байр худалдаж авсан хүн анх 130,000,000 төгрөгийг Б.Гийн хаан банкны данс руу шилжүүлсэн гэж үзүүлсэн. Б.Гийн өгсөн байр худалдаж авсан хүний дугаар гэсэн 94762626 дугаар нь Б.Гийн найзынх нь дугаар болж таарсан.” гэх мэдүүлэг авагдсан.
4.7. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 12-т хариуцагч Б.Г нь ийнхүү төлөөлөл хэрэгжүүлэхдээ төлөөлүүлэгчид учруулсан хохирлыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510.1-т зааснаар гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Нэхэмжлэгч “К” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, уг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт заасан энэ дүгнэлтийн хууль зүйн үндэслэлийг дараах байдлаар дахин тодруулах нь зүйтэй байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-т Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хунд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.", Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-т “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.’’ гэж заажээ.
Хуулийн уг зохицуулалтаас үзвэл “К” ХХК-ийн эд хөрөнгөд хууль бусаар санаатайгаар гэм хор учруулсан буюу нийт 74,000,000 төгрөгийг өөртөө авсан байх бөгөөд дээрх заалтын дагуу нэхэмжлэгч “К” ХХК-ийн анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас үзэхэд үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны эзэмшигч болох нь тодорхой байх бөгөөд анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэтэл Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 210/МА2024/00770 дугаартай магадлалд дээрх нөхцөл байдлыг бүрэн тодруулаагүй буюу гэрчийн мэдүүлэг болон баримтаар авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн дүгнэх ажиллагаа огт явуулаагүй, дээрх хөрөнгүүдийн шударга эзэмшигч нь нэхэмжлэгч “К” ХХК мөн эсэх талаар шалгах ажиллагаа хийгээгүй, хуулийн заалтыг зөрүүтэй хэрэглэж тус магадлалын үндэслэх хэсгийн 4-т "... “К” ХХК, “Х Т К” ХХК-ийн хооронд барилгын материал нийлүүлж, материалын үнийн төлбөрт Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, 55 дугаар байрны 6 тоотод байрлах 107.8 м.кв талбайтай орон сууцыг тооцон авч, Б.Г нь тухай орон сууцыг Б.Бд 130,000,000 төгрөгөөр худалдан борлуулж, 70,000,000 төгрөгийг” К” ХХК-д өгсөн үйл баримтууд, ... баримтууд зэргээр тогтоогдож байна.” гэсэн боловч давж заалдах шатны магадлалын 4.2-д “Дээрх нотлох баримтуудаар орон сууцны үнийн үлдэгдэл 60,000,000 төгрөгийг хариуцагч Б.Г авсан гэж нөхцөл байдал үгүйсгэгдэж байх тул энэ талаар анхан шатны шүүхийн дүгнэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт нийцээгүй гэж үзнэ” гэж заасан нь нотлох баримтуудыг зөрүүтэй үнэлсэн, дээрх Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст өгсөн гэрч нарын мэдүүлгүүдийг нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй буюу Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны 210/МА2024/00770 дугаартай магадлалыг хүчингүй болгох шүүхийн эргэлзээгүй үндэслэл болж байна хэмээн үзэж байна.
4.8. Шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 12 дугаар зүйлийн 12.1 дэх заасан журмын дагуу аливаа иргэн, хуулийн зөрчигдсөн эрхээ хамгаалуулах шаардлага бүхий шүүхэд мэдүүлэх эрхийг Монгол Улсын Үндсэн хууль, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хамгаалах, шийдвэр гаргах үүргийг хүлээнэ. Гэтэл давж заалдах шатны шүүхийн үйл баримт, үр дагавар бүхий нэхэмжлэлд үндэслэлгүй дүгнэлт хийж, нотлох баримт болон хуулийг өөр өөрөөр хэрэглэж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн нь нэхэмжлэгч “К” ХХК-ийн хууль ёсны өмчлөх эрхээ хамгаалуулах эрхэнд ноцтой халдаж байна.
Давж заалдах шатны шүүхийн 210/МА2024/00770 дугаар магадлал хүчин төгөлдөр хэвээр үлдсэн тохиолдолд аливаа хуулийн этгээдийн хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж буй ажилтан нь тус байгууллагад их хэмжээний гэм хорын хохирол учруулсан нь нотлох баримтаар тогтоогдсон байдлыг буруу дүгнэж, нотлох баримт болон хуулийг анхан шатны шүүхээс өөрөөр шийдвэрлэсэн буюу үнэлэх журмыг зөрчсөн гэх хууль хэрэглээний буруу жишиг тогтох эрсдэлтэй тул Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчдээс уг гомдлыг хүлээн авч хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах зорилгын хүрээнд хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлж өгнө үү.
Дээр дурдсан үндэслэлүүдээр Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 210/МА2024/00770 дугаартай магадлал нь “хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” шаардлагыг хангаагүй, нэхэмжлэл, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, маргааны үйл баримтын талаар үндэслэлгүй дүгнэлт хийсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасны дагуу магадлалыг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 101/ШШ2024/00208 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
5. Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын Нийт шүүгчдийн хуралдааны 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 001/ШХТ2024/00768 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасан үндэслэлийг хангасан гэж дүгнэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Оы гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтжээ.
ХЯНАВАЛ:
6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Оы хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэл тогтоогдов.
7. Нэхэмжлэгч “К” ХХК нь хариуцагч Б.Гэд холбогдуулан 81,953,150 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “... “К” ХХК нь барилгын материалын худалдаа үйлчилгээ эрхэлдэг компани ба Б.Г нь менежерээр ажилладаг. Тэрээр компанийн үйл ажиллагааг аж ахуйн нэгж байгууллага, иргэнд танилцуулах, байгууллагын өр төлбөрийг барагдуулах ажлыг хариуцдаг, ... харилцагч байгууллагад бүтээгдэхүүн нийлүүлж, төлбөрийг бартераар болон мөнгөн хэлбэрээр авдаг байсан. Б.Г нь дараах төлбөрийг өөртөө авч ашиглан компанийг хохироосон. “К” ХХК нь “Х Т К” ХХК-аас 240,000,000 төгрөгийн авлагатайгаас орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 130,000,000 төгрөгөөр борлуулснаас компанид 70,000,000 төгрөгийг өгч, 60,000,000 төгрөгийг, ... “К” ХХК нь “З З” ХХК-д 40,000,000 төгрөгийн нэмэлт бодис бүтээгдэхүүн борлуулсны үнийн дүнд 28,000,000 төгрөгт тооцон авсан тээврийн хэрэгслийг борлуулснаас 14,000,000 төгрөгийг компанид өгч үлдэх 14,000,000 төгрөгийг тус тус өгөөгүй. Түүнчлэн ... “К” ХХК-ийн өмчлөлийн орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Ш.Лхагважав гэх хүнд 75,000,000 төгрөгөөр худалдсаны 25,830,000 төгрөгийг өөртөө завшсан хэргийг өмнө нь шүүхээр шийдвэрлүүлэхэд компани улсын тэмдэгтийн хураамжид 603,150 төгрөг төлсөн, эрүүгийн хэргийг шалгах явцад гарсан аудитын болон өмгөөллийн хөлстэй холбоотой 7,953,150 төгрөгийн зардлыг компани гаргасан. Иймд нийт 81,953,150 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй” гэж тодорхойлжээ.
8. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ “... Тус компани нь борлуулсан бараа материалын 20 хувиар тооцож бонус цалин өгдөг байсан. ... 74,000,000 төгрөгийг өөрөө дур мэдэн авсан зүйл байхгүй. ... 6 тоот хаягт байрлах орон сууцын хувьд “Х Т К” ХХК-д өглөг, авлагатай гэсэн гэрээ хэлцэл байдаггүй. ... энэ компаниас байрыг бартераар авсан гэх боловч “Х Т К” ХХК-ийн нэр дээр байдаггүй. Н.Т гэдэг хүний нэр дээр байж байгаад Б.Бийн нэр дээр шилжүүлсэн захиалга л байгаа ... орон сууц ямар байдлаар “К” ХХК руу ирсэн нь тодорхойгүй ... компанийн дансаар орсон баримтгүй. Компанийн өмч юм бол мөнгөө дансаар авдаггүй, татвараа төлдөггүй, орлогоо нуудаг ... гэсэн үйл баримт үүсэж байна ... “К” ХХК хэзээ ч орон сууцны өмчлөгч байгаагүй, анхнаасаа д өмчлөх эрх үүсэж байсан. ... нэхэмжлэгч энэ байртай холбоотой хохирсон зүйл үгүй. ... Өмгөөлөгчийн хөлс, аудитын дүгнэлтийн талаар хийсэн гэрээ, баримт байхгүй, аудитын мөнгө төлсөн баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй, аудитын дүгнэлт үндэслэлтэй эсэхэд шинжээч томилсон боловч шинжээч нь санхүүгийн анхан шатны баримтад үндэслээгүй дүгнэлт байна гэсэн тул Б.Г дээрх зардлыг төлөх үндэслэлгүй.” гэж тодорхойлсон.
9. Анхан шатны шүүх хариуцагч Б.Гэд холбогдох шаардлагаас 74,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хангаж, 7,953,150 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Шийдвэрт “... Хэрэгт авагдсан баримтаар Б.Г нь “К” ХХК-д менежерээр ажиллаж байхдаа бараа материалыг борлуулж, борлуулсан бараа материалын үнэд бартераар тооцогдож өгсөн орон сууц, автомашиныг бусдад борлуулсан мөнгөнөөс 74,000,000 төгрөгийг хувьдаа авсан байна. Б.Г нь “К” ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж, тус компанийг төлөөлж эрхээ хэрэгжүүлэхдээ компанид хохирол учруулсан тул Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.3, 63.4, 497 дугаар зүйлийн 497.1, 510.1-т зааснаар гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. “К” ХХК-аас “Х Т К” ХХК, “З З” ХХК-тай тооцоо нийлсэн баримт, хавсаргасан падаан зэргийг хариуцагч баримтаар няцааж чадаагүй, орон сууц, автомашины нэр шилжсэн үйл баримтууд тогтоогдсон. Хариуцагч нь нэхэмжлэлээр шаардсан төлбөрийг бонус цалиндаа авсан гэх тайлбар гаргасан боловч бонус цалинг хэрхэн тооцсон талаарх баримтгүй тул тооцох үндэслэлгүй. Нэхэмжлэгч гэрээний үүргээ биелүүлээгүйтэй холбоотой маргааныг шүүхээс шийдвэрлэхэд гаргасан зардал болох улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 603,150 төгрөг энэ хэрэгт хамааралгүй, өмгөөлөгчийн хөлс болон аудитын үйлчилгээний зардал болох 7,350,000 төгрөгийг бодитой гарсан зардал гэж үзэхгүй, холбоотой баримтгүй ...” гэж дүгнэсэн.
10. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 14,000,000 төгрөгийг хангаж, үлдэх 67,953,150 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулсан. ... “Хэрэгт авагдсан баримтаар орон сууцны үлдэгдэл 60,000,000 төгрөгийг Б.Г авсан гэх нөхцөл тогтоогдоогүй байх тул энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт нийцээгүй ... хариуцагч нь автомашины үнэ 14,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид өгсөн гэх тайлбараа нотлоогүй тул автомашины үнэ 14,000,000 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн...” гэж дүгнэсэн байна.
11. Нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ анхан шатны шүүх хариуцагч нь нэхэмжлэгч компанийн өмнө хүлээсэн төлөөллийн үүргээ зөрчсөний улмаас хохирол учруулсан гэж дүгнэн Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлийг тус тус баримтлан маргааныг шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч нь хариуцагч компанийн шаардах эрх бүхий хөрөнгийг үндэслэлгүй олж авсан гэж үзэн Иргэний хуулийн 492 дугаар зүйлийг үндэслэл болгожээ. Хоёр шатны шүүх хэргийн гол үйл баримтын тухайд адил дүгнэсэн боловч маргааныг шийдэхдээ хэрэглэсэн хуулийн зүйлчлэл, тайлбарласан байдал зөрүүтэй байх тул хяналтын шатны журмаар хэргийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.
12. Хариуцагч Б.Г нэхэмжлэгч “К” ХХК-д 2013 оноос барилгын материал болон бетон зуурмагийн уян налархайжуулагч бодисыг борлуулах, өр төлбөрийг барагдуулах менежерээр ажилладаг байсан үйл баримтын тухайд зохигч маргаагүй. Түүнчлэн хариуцагч “К” ХХК ба “Х Т К” ХХК, “К” ХХК ба “З З” ХХК нарын хооронд өр, авлагын харилцаа байсан нь тогтоогдоогүй гэх боловч хариуцагчийн гүйцэтгэсэн өр, авлага барагдуулах ажиллагааны явцад орон сууцны төлбөрөөс 70,000,000 төгрөг, автомашины төлбөрөөс 14,000,000 төгрөгийг “К” ХХК-д шилжүүлсэн үйл баримтыг хариуцагч үгүйсгээгүй. Энэ талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт зөрүүгүй.
Хариуцагч дээрх компаниудын хооронд өр, авлагыг санхүүгийн баримтад тусгаагүй нь татварын болон бусад байгууллагаас холбогдох мэдээллийг нуун дарагдуулсан явдал гэж тайлбарлаж байна. Гэвч энэ нь татварын болон нийтийн эрх зүйн холбогдох бусад хэм хэмжээгээр хүлээлгэсэн үүргээ зөрчсөн эсэх тухай тусдаа харилцаа бөгөөд нэхэмжлэгч ба хариуцагч нарын хооронд үүссэн үүргийн эрх зүйн хариуцлагаас хариуцагчийг чөлөөлөх үндэслэл болохгүй. Энэ талаарх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.
13. Дээр дурдсан маргаан бүхий хоёр харилцааны явцад “Х Т К” ХХК-аас “К” ХХК-д төлөх өглөгтөө тооцон шилжүүлсэн орон сууцыг бусдад худалдан борлуулсны урьчилгаа төлбөрт 70,000,000 төгрөг, “З З” ХХК-аас шилжүүлсэн автомашины урьдчилгаа төлбөрт 14,000,000 төгрөгийг “К” ХХК хүлээж авсныг үгүйсгээгүй атал эдгээр компаниудын хооронд өр, авлагын харилцаа байгаагүй гэсэн хариуцагчийн татгалзлыг үндэслэлтэй гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасантай нийцсэнгүй.
Өөрөөр хэлбэл, хариуцагчийн тайлбарлаж байгаачлан өглөгт тооцон шилжүүлж байгаа үл хөдлөх ба хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрх компани тус бүрийн нэрээр шилжин бүртгэгдээгүй, гуравдагч этгээдээс гуравдагч этгээдэд шууд шилжих замаар гүйлгээ хийгдэж байсан нь эдгээр компаниудын хооронд өр, авлагын харилцаа бодитой байгаагүйг нотлох үндэслэл болохгүй. Учир нь компани хооронд өр, авлага байсныг нотолсон гэрчийн мэдүүлгүүд хэрэгт авагдсаны зэрэгцээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгч байсан анхны тайлбарууддаа хариуцагч энэ үндэслэлийг зөвшөөрч байжээ. Иймд орон сууц ба автомашины өмчлөх эрхийг бодитой шилжүүлэлгүйгээр шаардах эрхийг дамжуулан шилжүүлж, өрийг тооцон дуусгавар болгох харилцаа явагдсан, эхний худалдагч ба эцсийн худалдан авагчийн хооронд өмчийн хэлцэл хийгдсэн нөхцөл байдал бүрджээ.
14. Түүнчлэн “Х Т К” ХХК нь орон сууцыг бусдаас шаардах эрхээ “К” ХХК-д төлөх өглөгтөө тооцон шилжүүлснийг “К” ХХК нь цааш Б.Бд ямар үнээр тооцон худалдсанаас үл хамааран Б.Бэс хүлээн авсан тэрхүү үнийн дүнг “К” ХХК-д өгөх үүргийг тус компанийг төлөөлөн хэлцэл хийсэн хэн ч болов хүлээх учиртай. Энэ талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэстэй бөгөөд энэ харилцаанд Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.3, 63.4 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Гэтэл давж заалдах шатны шүүх “Х Т К” ХХК-ийн хувьд “К” ХХК-тай өглөг, авлагын харилцаа байсан нь тогтоогдоогүй гэж үзэн хэрэгсэхгүй болгож, харин “З З” ХХК-ийн автомашиныг өглөгт тооцон худалдах харилцаанаас үүссэн 14,000,000 төгрөгт холбогдох хэсэгт Иргэний хуулийн 492 дугаар зүйлийг хэрэглэсэн нь алдаатай болжээ. Учир нь өглөгт тооцон шилжүүлсэн автомашиныг бусдад худалдах харилцаанд хариуцагч Б.Г нэхэмжлэгч “К” ХХК-ийг төлөөлөх харилцаа үүссэн, улмаар төлөөлөгчийн эрх мэдлээ урвуулан ашиглаж компанид гэм хор учруулсан нь Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.4-т “Энэ хуулийн 63.3-т заасан үүргээ биелүүлээгүйгээс төлөөлүүлэгчид учирсан гэм хорыг төлөөлөгч хариуцан арилгах үүрэгтэй.” гэж заасныг зөрчсөн үйлдэл мөн.
15. Хоёр шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас гэрээний үүргээ биелүүлээгүйтэй холбоотой маргааныг шүүхээс шийдвэрлэхэд гаргасан зардал болох улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 603,150 төгрөгт холбогдох шаардлага нь энэ хэрэгт хамааралгүй, өмгөөлөгчийн хөлс болон аудитын үйлчилгээний зардал болох 7,350,000 төгрөгийг бодитой гарсан зардал гэж үзэхгүй, холбоотой баримтгүй гэж дүгнэн хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй.
16. Эдгээр үндэслэлээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч Б.Гээс 84,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “К” ХХК-д олгон, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 210/МА2024/00770 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 101/ШШ2024/00208 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх заалтыг баримтлан хариуцагч “К” ХХК нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024.05.15-ны өдөр 458,000 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ
ШҮҮГЧИД Н.БАТЧИМЭГ
Н.БАЯРМАА
П.ЗОЛЗАЯА
Х.ЭРДЭНЭСУВД