Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2024 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2024/00158

 

 

                                                                 Б.Дын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Н.Батчимэг, Н.Баярмаа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 101/ШШ2024/00519 дүгээр шийдвэр,

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 210/МА2024/00763 дугаар магадлалтай,

Б.Дын нэхэмжлэлтэй

“Х Х” СӨХ-д холбогдох

Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Х Х ....... байр, Б блокт тулгаж барьсан хогийн цэгийг үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөд тулгаж барьсан үйлдэл нь хууль бус болохыг тогтоолгох, нүүлгэн шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч “Х Х” СӨХ-ны хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Баярмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Сэлэнгэ, хариуцагчийн өмгөөлөгч Н.Болормаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэгч Б.Д нь “Х Х” СӨХ-д холбогдуулан Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Х Х ....... байр, Б блокт тулгаж барьсан хогийн цэгийг үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөд тулгаж барьсан үйлдэл нь хууль бус болохыг тогтоолгох, нүүлгэн шилжүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 101/ШШ2024/00519 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 106 дугаар зүйлийн 106.2-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч “Х Х” СӨХ-д холбогдох Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол /13374/, Х Х, Нарны зам гудамж 103/2 байр, Б блок хаягт байрлах 41.625 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөд хогийн сав тулган байршуулсан үйлдэл нь хууль бус болохыг тогтоож, нүүлгэн, шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэгч Б.Дын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 210/МА2024/00763 дугаар магадлалаар: Анхан шатны шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасныг баримтлан Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол /13374/, Х Х, Нарны зам гудамж 103/2 байр, Б блок хаягт байрлах 41.625 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөд хогийн сав тулган байршуулсан үйлдэл нь хууль бус болохыг тогтоож, нүүлгэн шилжүүлэхийг хариуцагч “Х Х” СӨХ-д даалгасугай. гэж, Тогтоох хэсгийн 2 дахь заалтын үлдээсүгэй. гэснийг үлдээж, хариуцагч "Х Х СӨХ-ноос 140,400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Дд олгосугай. гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн.

4. Хариуцагч “Х Х” СӨХ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Сэлэнгэ хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01.22-ны өдрийн 101ШШ202400519 дүгээр шүүхийн шийдвэртэй, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.04.12-ны өдрийн 210МА202400763 дугаарын магадлалтай Б.Дын нэхэмжлэлтэй, “Х Х” СӨХ-д холбогдох иргэний хэргийн хариуцагчийн зүгээс магадлалыг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр энэхүү гомдлыг гаргаж байна.

Нэхэмжлэгч Б.Д нь "Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Х Х 1032 байрны Б блокт хогийн цэгийг үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөд тулгаж барьсан үйлдэл нь хууль бус болохыг тогтоолгох, нүүлгэн шилжүүлэхийг даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 106 дугаар зүйлийн 106.2-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч “Х Х” СӨХ-д холбогдох Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Х Х, Нарны зам гудамж 103/2 байр, Б блок хаягт байрлах 41.625 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөнд хогийн сав тулгаж байршуулсан үйлдэл нь хууль бус болохыг тогтоож, нүүлгэн шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон үндэслэл бүхий шийдвэрлэсэн.

Гэтэл давж заалдах шатны шүүх нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр Б.Дын үл хөдлөх хөрөнгийн хаалганд тулган хогийн цэг байршуулсан нь түүний өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд буюу өмчлөлийн эд хөрөнгөө эзэмших, ашиглах үйл ажиллагаа явуулах нөхцөл боломжийг хязгаарлаж байна хэмээн дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.Үндэслэл нь:

  1. Шүүх шууд өөрийн үзэмжээр нотлох баримтуудыг хуульд заасны дагуу үнэлэлгүйгээр хэт нэг талыг барьж “Өмчлөгчийн яг ямар эрхийг хариуцагч нь хэрхэн зөрчсөн болох, нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгийн хана мөөгөнцөртсөн гэдгийг нотлох баримт байхгүй байхад хэрхэн эрүүл ахуй, өнгө үзэмж, аюулгүй байдлыг зөрчсөн” нь тогтоогдохгүй байхад хийсвэр дүгнэлт хийсэн.
  2. Хэрэгт хог хадгалах сав нь эрүүл ахуйн шаардлага хангасан эсэх тал дээр хийгдсэн ямар ч мэргэжлийн байгууллагын дүгнэлт байхгүй. Нэхэмжлэгч үүнийгээ нотолсон баримт гаргаж өгөөгүй, хэзээ авсан нь үл мэдэгдэх фото зургийг шүүх үнэлсэн нь үндэслэлгүй.
  3. Манай СӨХ нь 214 өрхтэй бөгөөд 2014.04.30-ны өдрийн ТУЗ-ийн ээлжит бус хурлаараа СӨХ-ны ажлын төлөвлөгөөг баталж,103/2 байрны Б блокийн урд байрлах нийтийн ззэмшлийн талбайдаа хог хадгалах сав байгуулсан.Б.Дын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийн хаалга нь хотхон руугаа харсан байсныг нэхэмжлэгч нь өөрчлөн хог хадгалах сав байрлах нийтийн эзэмшлийн хэсэг рүү СӨХ болон 25-р хорооны засаг даргаас зөвшөөрөл авалгүй дур мэдэн хаалга гаргаснаар маргаан эхэлсэн. Тухайн үл хөдлөх хөрөнгө нь зураг  төслийнхөө дагуу баригдсан болохыг нотлох баримтаар шүүхэд гарган өгсөн.
  4. Х Хы 214 айлын орон сууц нь 3 блок барилгатай бөгөөд барилгынхаа сууриар л газар эзэмшдэг, бусдын эзэмшил ашиглалтанд саад учрахааргүй газрыг сонгож хог хадгалах сав байршуулсан.
  5. Нэхэмжлэгч нь хог хадгалах сав байдгийг мэдсээр атлаа хаалгаа өөрчилж, үйл ажиллагаа эрхлэх стандартаа өөрөө зөрчиж, өөрийнхөө эрх ашгийг зөрчсөн.
  6. Б.Д нь Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо,13 дугаар хороолол, Х Х, Нарны зам гудамж, 103/2 байр, Б блок тоот хаягт байрлалтай 41,625 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай, Ү-2204046909 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгийн л өмчлөгч болохоос Х Хд ямар ч газар эзэмшдэггүй юм.
  7. Х Хы 103/2 байрны Б блокийн урд байрлах нийтийн эзэмшлийн талбайдаа хог хадгалах сав байрлуулсан нь Хог хаягдлын тухай хууль, Газрын тухай хуулийг зөрчөөгүй.
  8. Манайх Хог хаягдлын тухай хуульд иргэн, аж ахуйн нэгж байгууллагын эдлэх эрх, хүлээх үүргийг тусгайлан зохицуулсан ба 10 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 15 дугаар зүйлд заасан хог хаягдлыг ангилах, ачих цуглуулах, технологид нийцсэн, галд тэсвэртэй материалаар хийгдсэн, хог хаягдал салхиар тархах, хур тунадасны ус; хуримтлагдах, шүүрэл ялгарахаас сэргийлсэн хогийн савтай байх шаардлагыг хангасан хогийн савтай байх” гэсэн шаардлагын дагуу стандартад нийцсэн хог хадгалах савыг өөрийн эзэмшлийн газартаа байгуулсан.
  9. Мөн хуулийн 14 дүгээр зүйлд “Энгийн хог хаягдал цэвэрлэх, цуглуулах, хадгалах, тээвэрлэх, дахин боловсруулах, устгах, булшлах үйл ажиллагааг хэрхэн явуулах талаар зохицуулсан ба төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрөл авсан аж ахуйн нэгж эрхлэх бөгөөд энэхүү аж ахуйн нэгж байгууллага нь сум, дүүргийн Засаг даргатай гэрээ байгуулсан байхыг шаарддаг. Харин иргэн, аж ахуйн нэгж нь заавал сум дүүргийн засаг даргаас зөвшөөрөл авч, гэрээ байгуулах шаардлагагүй байгааг шүүх анхаарч үзсэнгүй.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 106.3-т заасан нэхэмжлэгчийн өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд нь ямар нэгэн байдлаар саад учруулаагүй хэмээн үзэж байх тул гомдлыг хэлэлцүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дэх хэсэгт заасны дагуу магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

5. Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын Нийт шүүгчдийн хуралдааны 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 001/ШХТ2024/00769 дүгээр тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасан үндэслэлийг хангасан гэж дүгнэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Сэлэнгийн гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтжээ.

ХЯНАВАЛ:

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Сэлэнгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэстэй гэж үзэв. 

7. Нэхэмжлэгч Б.Д нь хариуцагч “Х Х” СӨХ-д холбогдуулан Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Х Х ....... байр, Б блок хаягт байрлах үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөд хогийн цэгийг тулгаж барьсан үйлдэл нь хууль бус болохыг тогтоолгох, хогийн цэгийг нүүлгэн шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “...Энэ хаягт байрлалтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2020 онд худалдан авсан. Гэтэл “Х Х” СӨХ тус үл хөдлөх эд хөрөнгөд хогийн цэгийг тулган зохих этгээдийн зөвшөөрөлгүйгээр барьсан нь Хог хаягдлын тухай хуулийн 9.1.3-т заасны дагуу Иргэдийн төлөөлөгчдийн хурлын бүрэн эрхийн хүрээнд баталсан хог хаягдлын талаарх журмын хогийн бункер, саванд тавигдах шаардлага,  холбогдох бусад заалтуудыг зөрчсөн. ... Үндсэн хуулиар олгогдсон эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдлоос хамгаалуулах эрхийг зөрчсөн. ... хогийн цэгийг хаана байршуулах төлөвлөлтгүй.” гэж тодорхойлсон.

8. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ “... Б.Д нь ... үл хөдлөх эд хөрөнгийг 2020 онд худалдаж авсан. Өмнөх өмчлөгч нь хогийн цэг байгуулах үед болон дараа нь энэ асуудлаар гомдол гаргаж байгаагүй, манай хотхонд хогийн цэг байгуулах өөр газар байхгүй. ... нэг айлаас болоод 214 айлын эрх ашиг хөндөгдөх ёсгүй. Б.Д нь СӨХ-той гэрээ байгуулдаггүй, СӨХ-ны төлбөрийг төлдөггүй, ямар ч зөвшөөрөлгүй 2021 оны 10 дугаар сард дур мэдэн хотхоны хогийн цэг рүү хаалгаа гаргасны дараа эрх ашиг хөндөгдсөн талаар маргаан гаргаж байгаа нь үндэслэлгүй. Хотхон баригдсаны дараа 2014 онд ТУЗ-ын шийдвэрээр хогийн сав байрлуулахаар болсон. Хог хаягдлын тухай хуулийн дагуу хогийн цэгт зөвшөөрөл авах ёстой. ” гэж тодорхойлсон.

9. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба үндэслэлээ “... нэхэмжлэгч хогийн сав байгаа тал руу хаалгыг хожим гаргасан бөгөөд энэ нь нэхэмжлэгчийн өөрийн хүсэл зоригоос шалтгаалсан ... хариуцагч хогийн савыг анх байрлуулахдаа хаалга талыг сонгоогүй. ... хогийн сав байсан газрыг мэдэж үл хөдлөх эд хөрөнгийг худалдаж авсан ... хаалга гаргахдаа холбогдох этгээдийн зөвшөөрлийг авсан баримтгүй. ... анх маргаж байсан модон хогийн савыг 2023.08.28-ны өдрийн актаар төмөр хийцтэй саваар шинэчлэн хүлээж авсныг зохих этгээдийн зөвшөөрлөөр байршуулсан ...  байх тул хариуцагч нь хогийн сав байрлуулах замаар нэхэмжлэгчийн өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулсан гэж үзэх үндэслэлгүй. Хог хаягдлын тухай хуулийн 4.1.14-т зааснаар энэ нь хогийн цэг биш байна. Иймд зөвшөөрөл авах шаардлагагүй.” гэж дүгнэсэн.

10.  Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гомдлоор хэргийг хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байна. Магадлалд хэрэгт ач холбогдол бүхий баримтуудыг анхан шатны шүүхээс зөрүүгүй тогтоосон боловч “... хариуцагчийн байршуулсан хогийн сав нь Хог хаягдлын тухай хуулийн 15.1.1, 15.1.2, 15.1.3-т тус тус заасан “хог хаягдлыг ангилах, ачих, цуглуулах технологид нийцсэн, галд тэсвэртэй материалаар хийгдсэн, хог хаягдал салхиар тархах, хур тунадасны ус хуримтлагдах, шүүрэл ялгарахаас сэргийлсэн” байх шаардлагад нийцсэн гэж үзэх боломжгүй. ... нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн хаалганы урдуур хог хаягдал ил задгай асгарсан нөхцөл байдалтай байх тул үл хөдлөх эд хөрөнгөө үйлчилгээний зориулалтаар ашиглахад орчны бохирдолтой, эрүүл ахуйн шаардлагад нийцээгүй, өмчлөх эрх зөрчигдсөн гэх нэхэмжлэгчийн тайлбар хуулийн үндэслэлтэй. ...” гэж дүгнэсэн.

11. Хоёр шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд ач холбогдол бүхий үйл баримтыг зөрүүгүй тогтоосон байх боловч нийтийн зориулалттай орон сууцанд сууц өмчлөгчид нийтийн эдэлбэрийн газарт хогийн сав байршуулсан нь тухайн хотхонд үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгчийн эд хөрөнгөө эзэмшихээс бусад эрхийг зөрчиж байгаа эсэх, түүний эзэмшилд үл хамаарах талбайгаас эд хөрөнгийг нүүлгэн шилжүүлэх замаар зөрчигдсөн эрхийг сэргээлгэх нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шаардах эрхэд хамаарах эсэх асуудлаар зөрүүтэй дүгнэж хэргийг шийдвэрлэжээ.

12. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал буюу өмчлөгчийн үл хөдлөх эд хөрөнгийн хотхоны гадна тал руу хандсан хаалга байрлах хана дагуу хотхоны хогийн савыг байрлуулсан, хогийн савыг тус газарт байрлуулах үед нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн хаалга хогийн сав байрлаагүй хана буюу эсрэг талын хананд байрлаж байсан, хуучин ба шинэ хаалганы аль аль нь одоо ашиглагдах боломжтой байгаа, хогийн савыг 2014 онд байрлуулсан ба нэхэмжлэгч Б.Д нь үл хөдлөх эд хөрөнгийг 2020 онд худалдаж авсан үйл баримтуудыг нэгэн адил тогтоосон байна.

13. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан үндэслэл бүрдээгүй буюу хоёр дахь хаалгыг хожим гаргасан үндэслэлээр хөрөнгөө ашиглахтай холбоотой өмчлөгчийн эрх зөрчигдөөгүй гэж үзсэн бол давж заалдах шатны шүүх хогийн савнаас хог хальж, орчныг бохирдуулдаг нөхцөл байдал гэрэл зургаар тогтоогдсон тул өмчлөгчийн хөрөнгөө ашиглахтай холбоотой эрх зөрчигдсөн гэж үзэж хогийн савыг нүүлгэн шилжүүлэх үүргийг хариуцагчид даалган шийдвэрлэсэн байна.

14. Хотхоны хогийн сав нийтийн эзэмшлийн талбайд буюу нэхэмжлэгч ба хариуцагчийн хэн алины эзэмшилд үл хамаарах газарт, нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгийн хананаас 20 орчим см-ын зайтай баригдсан үйл баримтыг зохигч маргаагүй. Өөрөөр хэлбэл, хогийн савны байршлаас шалтгаалан өмчлөгчийн үл хөдлөх эд хөрөнгийн хана мөөгөнцөртсөн нөхцөл байдал тогтоогдоогүй. Түүнчлэн хогийн савыг байршуулах өөр боломжит газар үгүй талаар хариуцагч удаа дараа тайлбар гаргасан байх ба нэхэмжлэгч энэ тайлбарыг үгүйсгээгүй, хогийн сав байрлаж байсан хэсэгт орох гарах хоёр дахь хаалгыг нэмж гаргах нь нэхэмжлэгчийн хожим гаргасан шийдэл байна. Ийнхүү хаалганы байршлыг өөрчлөх, хоёр дахь хаалгыг хогийн сав бүхий ханан талд гаргах эсэх нь өмчлөгчийн бүрэн эрхэд хамаарах үндэстэй. 

15. Гэвч өмчлөгчийн дээрх шийдэл нь оршин суугчдын хогийн савны ашиглалттай зөрчилдөж маргаан үүсгэжээ. Улмаар нэхэмжлэгч Б.Д нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т өмчлөгчийн эд хөрөнгө эзэмших эрхтэй холбоогүй боловч эд хөрөнгөө зохих журмаар ашиглахтай холбоотой эрх зөрчигдсөнийг сэргээлгэх, эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоолгох шаардлагын хүрээнд хогийн савыг нүүлгэн шилжүүлэхийг хариуцагчид даалгах эрхтэй гэж үзсэн.

16. Шүүх Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсгийг хэрэглэхдээ шаардлага гаргаж байгаа утгууд үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч, эсхүл хууль ёсоор ашиглах эрхтэй этгээд мөн эсэхийг тодорхойлохоос гадна нөгөө талаас эрх зөрчсөн, таслан зогсоолгохуйц үйлдэл бий эсэхийг тогтоох ёстой. Учир нь тус зүйлд зааснаар эрх ашиг нь хөндөгдсөн гэж үзэж байгаа эзэмшигч “зөрчлийг арилгуулах”, “саад болж буй үйлдлийг зогсоохыг шаардах” эрхтэй. Гэвч энэ хэргийн тохиолдолд нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндсөн үйлдлийг оршин суугчид буюу СӨХ гаргаагүй гэж үзлээ.

Тодруулбал, хогийн савыг тухайн байршилд 2014 онд байрлуулсан нь Хог хаягдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасныг зөрчөөгүй. Өмчлөгч өөрийн хөрөнгөө дур зоргын дагуу ашиглах явдал нь бусад өмчлөгчдийн эрх ашигт нийцэх эсэх, өмчлөгчийн ашиглалтын цар хүрээ нь бусад өмчлөгчдийн эрхээ хэрэгжүүлэх хэр хэмжээтэй тэнцвэрт байдлыг хангах учиртай. Ийнхүү хаалганы байршлыг өөрчлөх нь үл хөдлөх эд хөрөнгийг зориулалтаар нь ашиглахад зайлшгүй шаардлагатай эсэх, хотхоны бусад оршин суугчдын эрх ашигт нийцэж байгаа эсэхийг дүгнэнэ.

Хаалга нэмж гаргаснаар өмчлөгчийн үл хөдлөх эд хөрөнгийн үнэ цэнэ нэмэгдэж, ашиглалтаас олох үр ашиг өсөж болох ч нөгөө талаас хотхоны хогийн савыг өөрчлөн байршуулах боломж бий эсэх, оршин суугчдын хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэхтэй холбоотой эрх ашиг нь хөндөгдөж байгаа эсэхийг анхаарна. Хэрэгт авагдсан баримтаас өмчлөгч нь хаалгыг сольж байршуулах гарцаагүй шаардлага үүссэн нөхцөл байдал тогтоогдоогүйн зэрэгцээ хотхоны оршин суугчдын хувьд хогийн саваа байршуулах илүү дээр байршил байгаа гэх үндэслэл мөн тогтоогдсонгүй.

17. Иймд нэхэмжлэгч Б.Дын эрх нь гагцхүү хогийн савыг нүүлгэн шилжүүлэх замаар буюу хогийн сав тухайн байршилд байгаа нөхцөл байдлыг өөрчлөх, таслан зогсоох замаар сэргэх боломжтой гэж үзэхгүй. Энэ үүднээс нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсгийг үндэслэж хогийн савыг нүүлгүүлэхийг шаардах боломжгүй.

18. Хэрэгт эрх бүхий этгээдээс гаргасан эрүүл ахуй, орчны бохирдлын талаарх дүгнэлт, бусад нотлох баримт үгүй хэдий ч хог хаягдал савнаас хальсныг илтгэх гэрэл зураг авагдсан байна. Хариуцагч эл нөхцөл байдлыг модон хогийн савыг төмөр саваар солих үед авсан гэрэл зураг бөгөөд үргэлж ийм байдалтай байдаггүй талаар тайлбарласан. Модон хогийн савыг төмөр саваар сольсон нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдож байна. Энгийн хог хаягдал савнаасаа хальж, орчин тойрныг бохирдуулах үйлдэл байнга давтагддаг тохиолдолд хогийн савыг шилжүүлэн байршуулах нь зохигчийн хэн алинд хангалттай шийдэл болохгүйн зэрэгцээ энэ нь маргаж байгаа өмчлөгчийн төдийгүй бусад өмчлөгчид, цаашилбал нийтийн эрх ашгийг давхар хөндөх үр дагавартай. Харин хогийн савыг зохих журмын дагуу хэрэглэх, орчин тойрноо бохирдуулахгүй байдлаар ашиглахыг даалгуулахаар зохих этгээд шаардлага гаргах боломжтой. 

Өмнө дурдсанчлан энгийн хог хаягдлын савыг хотхоны хэрэгцээнд зориулан байршуулсан СӨХ-ны үйлдлийг буруутгах боломжгүй, харин хогийн савыг эрүүл ахуйн холбогдох журмыг зөрчсөн байдлаар ашиглаж буй нь бусдын эрхийг хөндсөн байх боломжтой. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа хогийн савыг нүүлгэн шилжүүлэхийг даалгуулах байдлаар тодорхойлсныг дурдах нь зүйтэй.

19. Энэ үндэслэлээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасны дагуу хогийн савыг нүүлгэн шилжүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгон хариуцагчийн гомдлыг хангах нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 210/МА2024/00763 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 101/ШШ2024/00519 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх заалтыг баримтлан хариуцагч “Х Х” СӨХ нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024.05.23-ны өдөр 70,200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                        

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               П.ЗОЛЗАЯА

                                           ШҮҮГЧИД                               Н.БАТЧИМЭГ

                                                                                                                         Н.БАЯРМАА

                  Д.ЦОЛМОН

                                                                                                                         Х.ЭРДЭНЭСУВД