Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2021/01523

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 06 сарын 10 өдөр Дугаар 102/ШШ2021/01523 Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

гомдол гаргагч: 

 

хариуцагч: 

 

2021 оны 03 сарын 01-ний өдрийн 02 дугаар Тогтоолыг хүчингүй болгож, ажлаас үндэслэлгүй халагдсныг тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж, ажилд эгүүлэн авахыг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******, хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч Э.*******, түүний өмгөөлөгч Л.******* нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Өлзийсайхан хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ... Х.******* нь ******* БГБХН өрхийн эмнэлгийн ахлагчийн 2010 оны 02 дугаар сарын 01-ны өдрийн Ажилд авах тухай 02 тоот тушаалын дагуу хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилласан бөгөөд 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Х.*******г ажлаас нь чөлөөлсөн байна. Уг ажлаас халсан тогтоол нь Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т заасан хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох эрх нь ажил олгогчид олгогдсон эрх гэж заасан байдаг боловч уг эрхийг ******* БГБХН өрхийн эмнэлгийн ажилчдын хурлаар зөвлөлдөж ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан байна. Ажлаас халах тушаалын тогтоох хэсэгт Хөдөлмөрийн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-т заасны дагуу ажил олгогч санаачилсан гэж тусгасан боловч уг тушаалыг ажил олгогчид хамаарахгүй субъектүүд зөвлөлдөж уг шийдвэрийг гаргасан байна. Мөн уг тогтоолын 2 дахь хэсэгт ажлын гэрээ цуцлах гэж буруу нэр томьёо ашигласан нь хамтран ажиллах гэрээ юм уу, эсвэл хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа эсэх нь тодорхойгүй байна. Ажил хүлээлцэх актыг 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр ажлаас чөлөөлсөн боловч 2021 оны 03 дугаар сарын 15-ны дотор ажил хүлээлцэх акт үйлдэхийг Х.*******д үүрэг болгосон он сарын зөрүүтэй бичилт их байна. Мөн ******* БГБХН өрхийн эмнэлгийн ажилчдын хурлын тэмдэглэлд нягтлан бодогч Х.*******гийн хөдөлмөрийн гэрээг сунгах эсэх талаарх асуудлыг хэлэлцэнэ гэж эхэлсэн боловч уг хурлын тэмдэглэлийг судлаад үзэхэд ёс зүйн асуудлыг хэлэлцсэн байсан нь илт хууль бус эрх зүйн акт байна гэж үзэж байна. Мөн нягтлан бодогч Х.*******г ажлын байраар хангаагүй байгаа нь тухайн ажил олгогч ажилтан хоорондын байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.3-т ажлын байраар хангана гэх заалтыг ажил олгогч биелүүлээгүй байна гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү...гэв.

Хариуцагч ******* өрхийн эрүүл мэндийн төв БГБХН-ийн хууль ёсны төлөөлөгч Э.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... миний бие 2016 оноос ******* өрхийн эмнэлэгт их эмчээр ажилд орсон. 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс уг эмнэлгийн даргаар томилогдон ажиллаж байна. Х.*******тай би хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй бөгөөд миний өмнө ажиллаж байсан дарга нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан. 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс хойш Х.******* нь бүтэн жилийн санхүүгийн тайлангаа надад өгч байгаагүй. Ажлаас чөлөөлөх тушаал нь гарсан боловч манай ажилтай холбоотой баримт, мэдээллийг өгөхгүй, ажлаа хүлээлгэж өгөхгүй байгаа юм. 2021 оны 01 дүгээр сараас хойш Х.******* нь нэг ч удаа ажлын цагаа бүртгүүлж байгаагүй. Мөн ажилчдын цалин тооцоог бодох гэж ажил дээр нэг ч удаа ирж байгаагүй, гэрээсээ ажлаа хийдэг. Надтай банк нь дээр л ирж уулздаг. Мөн 2021 оны 01 дугаар сард Г.Азжаргал гэх хүн ажиллаж байгаад ажлаасаа гарсан бөгөөд дараа нь 2021 оны 02 дугаар сард Б.Азжаргал гэх хүн оронд ажиллаж эхэлсэн. Гэвч Б.Азжаргалын нийгмийн даатгалын шимтгэлийг тайландаа оруулах ёстой байтал ажлаас халагдсан Г.Азжаргалыг нийгмийн даатгалын тайланд оруулсан байсан. Мөн манай ажилчид Х.*******г ёс зүйн харилцаа муутай, өөрийн хариуцсан ажлаа цаг тухайд нь хийдэггүй, нийгмийн даатгалын баталгаажилт хийлгэх гэхэд гарын үсэг зурдаггүй гэх мэт гомдлууд маш их ирдэг. Х.******* нь гэрээт ажилтан боловч үндсэн ажилтны цалинг авдаг. Мөн Х.*******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ нь 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр дууссан. ******* БГБХН өрхийн эмнэлгийн хамт олны хурлын тогтоол гараад дараа нь ******* БГБХН өрхийн эмнэлгийн даргын Х.*******г ажлаас чөлөөлөх тухай тушаал гарсан юм. Уг тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлд үндэслэж гарсан юм. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь уг тушаалыг илт хууль бус акт гэж хэлж байна. Хэрэв энэ тушаал нь илт хууль бус акт байсан бол энэ тухай захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах ёстой байсан. Мөн нэхэмжлэгч нь хамт олны хурлаас гарсан тогтоолд л зөвхөн гомдол гаргасан байдаг бөгөөд ажлаас халсан тушаалд гомдол гаргаагүй байдаг. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Гомдол гаргагч Х.******* хариуцагч ******* өрхийн эрүүл мэндийн төв БГБХН-д холбогдуулж, 2021 оны 03 сарын 01-ний өдрийн 02 дугаар Тогтоолыг хүчингүй болгож, ажлаас үндэслэлгүй халагдсныг тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж, ажилд эгүүлэн авахыг даалгах тухай гомдлын шаардлага гаргажээ.

 

Шүүх гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

Хэрэгт авагдсан баримт зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

Х.******* 2010 оны 02 сарын 01-ний өдрөөс эхлэн хариуцагч ******* өрхийн эрүүл мэндийн төв Бүх гишүүд бүрэн хариуцлагатай нөхөрлөлд нягтлан бодогчийн ажилд томилогдон ажиллаж байсан нь талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын дэвтэр, ажлын байрны тодорхойлолт, ажилд авах тухай тушаал, цалингийн тодорхойлолт, зохигчдын тайлбар баримтуудаар тогтоогдож байна. /хэргийн 8-10, 13-21, 28-29 дүгээр тал/

 

Зохигчдын хооронд хөдөлмөрийн харилцаа үүсч, хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр эсэх талаар зохигчид маргаагүй.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт ажил олгогчийн санаачлагаар ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай ажилтны гомдол маргааныг шүүхээр хянан шийдвэрлүүлнэ гэж хуульд заасны дагуу шүүхээр хянан шийдвэрлэгдэх, шүүхэд харъяалах маргаан байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.1 дэхь хэсэгт ...хуулиар өөр харъяалал тогтоогоогүй бол шийдвэр гаргасан буюу үйл ажиллагаа явуулсан аж ахуйн нэгж, байгууллага, тэдгээрийн албан тушаалтны оршин байгаа газрын шүүхэд гаргана ... гэж заасны дагуу гомдлыг тус шүүх харъяалалын дагуу хүлээн авч, мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.2, 159, 160 дугаар зүйлд заасан журмын дагуу гомдлыг хянан хэлэлцлээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт зааснаар ажилтан ажлаас буруу халагдсан тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргах эрхтэй ба 2021 оны 03 сарын 01-ны өдрийн Дугаар 02 ******* ӨЭМТ БГБХН-ийн Бүх гишүүдийн хурлын Ажлаас чөлөөлөх тухай тогтоолд нэхэмжлэгч Х.******* 2021 оны 03 сарын 26-ны өдөр гомдол гаргажээ.

Х.******* гомдлын шаардлага үндэслэлээ ...хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох эрх нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан Ажил олгогчийн эрх байтал нөхөрлөлийн бүх гишүүд ажил олгогчийн эрх эдэлж, ажлаас чөлөөлөх шийдвэр гаргаж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д ажил олгогч гэж хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилтан авч ажиллуулж байгаа этгээдийг гэж заасантай нийцээгүй байна, ажил олгогч субьектэд хамаарахгүй этгээдүүд хамтын шийдвэрээр тухайн Тогтоолыг гаргасан, ажлаас чөлөөлөх тушаал гаргасны дараа хурал хийж ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан нь үндэслэлгүй, хурлаар хэлэлцэх асуудлыг хөдөлмөрийн гэрээний хугацаа сунгах талаар хэлэлцэх гэсэн атлаа ёс зүйн асуудлыг хольж хутгасан, 2021 оны 03 сарын 01-ны өдрийн Дугаар 02 ******* ӨЭМТ БГБХН-ийн Бүх гишүүдийн хурлын Тогтоол илт хууль бус байна... гэж тайлбарласныг,

 

хариуцагч эс зөвшөөрч ...Х.******* хамт олны хурлаас гарсан тогтоолд л зөвхөн гомдол гаргасан байдаг бөгөөд ажлаас халсан тушаалд гомдол гаргаагүй байдаг... гэж маргаж байна.

 

Шүүхээс хариуцагчийн тайлбар татгалзал үндэслэлтэй гэж үзлээ.

 

Учир нь гомдол гаргагч өөрийн шаардлага тайлбараа нотолж, нотлох баримтаар анх шүүхэд ирүүлсэн 2010 оны 02 сарын 01-ний өдрийн 02 дугаар Ажилд авах тухай тушаал, талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээнүүд, ажлын байрны тодорхойлолт, нэхэмжлэгчийн эзэмшлийн нийгмийн даатгалын дэвтэр баримтуудыг судлан үзэхэд нэг талаас ажил олгогч ******* ӨЭМТ БГБХН-ийг төлөөлж төвийн дарга, нөгөө талаас ажилтан буюу Х.******* нарын хооронд Хөдөлмөрийн гэрээ байгуулж хөдөлмөрийн харилцаа үүссэн, 2021 оны 03 сарын 01-ний өдрийн Б/12 дугаар Баянгол дүүргийн ******* ӨЭМТ даргын Ажлаас чөлөөлөх тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т зааснаар хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон гэх үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-т зааснаар ажил олгогч санаачилгаараа Х.*******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон нь тогтоогдож байна.

 

Х.******* ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан тухай гомдлоо шүүхэд 2021 оны 03 сарын 26-ны өдөр ирүүлсэн ба гомдолд 2021 оны 03 сарын 01-ний өдрийн дугаар 02 ******* ӨЭМТ БГБХН-ийн Бүх гишүүдийн хурлын Ажлаас чөлөөлөх тухай тогтоол, 2021 оны 03 сарын 01-ний өдрийн Дугаар Б/12 Баянгол дүүргийн ******* ӨЭМТ БГБХН-ийн даргын Х.*******г Ажлаас чөлөөлөх тухай тушаал баримтуудыг хавсарган ирүүлсэн.

 

Х.******* ажлаас буруу халсан гомдлын шаардлага үндэслэлээ ...2021 оны 03 сарын 01-ний өдрийн Дугаар 02 ******* ӨЭМТ БГБХН-ийн Бүх гишүүдийн хурлын Ажлаас чөлөөлөх тухай тогтоолыг хууль бус гэж үзэн хүчингүй болгуулах, ажил эргүүлэн тогтоолгох... гэж тодорхойлсон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т ажилтан ажлаас буруу халсан ... тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэсэн хуулийн зохицуулалтад нийцэхгүй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй гэж заасны дагуу ажил олгогч ******* ӨЭМТ БГБХН-ийг төлөөлж дарга Г.Думаа, С.Наранчимэг нар /тус бүрдээ/ ажилтан болох Х.*******тайтай хөдөлмөрийн гэрээ байгуулжээ. Харин ******* ӨЭМТ БГБХН-ийн Бүх гишүүд, Х.******* нарын хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй бөгөөд Х.******* шүүхэд ирүүлсэн гомдолдоо энэ талаар ... хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох эрх нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан Ажил олгогчийн эрх байтал нөхөрлөлийн бүх гишүүд ажил олгогчийн эрх эдэлж, ажлаас чөлөөлөх шийдвэр гаргаж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д ажил олгогч гэж хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилтан авч ажиллуулж байгаа этгээдийг ойлгоно гэж заасантай нийцээгүй байна... гэжээ.

 

Х.******* 2021 оны 03 сарын 01-ний өдрийн Дугаар Б/12 Баянгол дүүргийн ******* ӨЭМТ БГБХН-ийн даргын Х.*******г Ажлаас чөлөөлөх тухай ажил олгогч, хөдөлмөрийн гэрээний нэг талын гаргасан тушаалыг хүчингүй болгуулах хууль бус болохыг тогтоолгох тухай шаардлага гаргаагүй бөгөөд шүүх хуралдааны явцад шаардлагаа өөрчлөх, нэмэгдүүлэх талаар ямар нэг хүсэлт шаардлага гаргаагүйг дурьдах нь зүйтэй.

 

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 21 дүгээр зүйлийн 21.1, 24 дүгээр зүйлийн 24.1.1, 129 дүгээр зүйлийн 129.2, 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар ******* ӨЭМТ БГБН-д холбогдох 2021 оны 03 сарын 01-ний өдрийн 02 дугаар Тогтоолыг хүчингүй болгож, ажлаас үндэслэлгүй халагдсныг тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж, ажилд эгүүлэн авахыг даалгах тухай Х.*******гийн гомдлыг хэрэгсэхгүй болгох хуулийн үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2, 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар ******* ӨЭМТ БГБН-д холбогдох зааснаар 2021 оны 03 сарын 01-ний өдрийн 02 дугаар Тогтоолыг хүчингүй болгож, ажлаас үндэслэлгүй халагдсныг тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж, ажилд эгүүлэн авахыг даалгах тухай Х.*******гийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ